Thursday, 7 April 2011

ҮНДЭСНИЙ АРДЧИЛЛЫГ ТОДОРХОЙЛОХОД...

Монгол ардчилсан орон мөн үү? Мөн. Хориод жил бид ардчилсан нийгэмд амьдарлаа. Гэхдээ Монгол ардчилсан улс гээд сэтгэлээ зогоох бас болоогүй. Бид ардчиллыг төлөвшүүлж, хөгжүүлэх явцдаа нэг зүйл гээжээ. Энэ гээсэн зүйл маань СОЁЛ. Ардчилал, эдийн засгийн хөгжил хоёрыг гагнах гол хүчин зүйлийг гээсэн тул манай нийгэм эмх замбараагүй болжээ.

Чухам яагаад соёл гээгдэв гэдэг сонирхолтой. Мэдээж капитализмыг алгасч, социализм байгуулсан маань нөлөөлсөн. Гэхдээ шалтгааныг холоос эрэлгүй ойроос хайхад… Өнгөрсөн зуунд социалист нийгэмд дутагдаж байсан бүх зүйлийг монголчууд ямар нэг хэмжээгээр гадаадын донор улс орнуудын тусламжаар авсан. Харин ардчиллыг тордох хөрс болдог үндэсний соёлыг хандиваар авч чадаагүй. Соёлыг бид бусдын гарыг харалгүй өөрсдийн гараар төлжүүлж…зөвхөн өөрсдөө хийх ёстой аж! Яагаад гэвэл үндэсний ардчилалд үндэсний соёл шаардагдана.

(Дээрх бодол надад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Мянганы хөгжлийн 9 дэх зорилт хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шат—II” төслийн судлаачдын хэвлэл мэдээллийнхэнд зориулж хийсэн “Засаглалын тухай ойлголт, засаглалын үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтад суух үед төрж байлаа.)

Төслийн судлаачид үндэсний ардчиллыг хэмжижээ. Тэдний хийсэн судалгаанд хамрагдсан монголчуудын ихэнх нь ардчилал хорин жилийн дараа хүсэн хүлээсэн түвшинд нь хүрээгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь үндэсний соёл, сэтгэхүйг тооцоогүй. Зөвхөн эдийн засгийн хөгжил, шинэтгэлд анхаарч, зах зээлийн нийгэмд амжилттай шилжиж чадвал л бүх юм сайхан болно гэсэн үзлээс болсон гэдгийг тус төслийн үндэсний менежер Ц.Цэцэнбилэг хэлж байлаа. “Либериал эдийн засгийн зарчмуудыг Монголд шууд хэрэгжүүлвэл аяндаа бүх юм сайхан болно гэсэн технократ үзэл ийм байдал хүргэсэн. Яагаад гэвэл бид соёлоо огт бодолцолгүй шууд эдийн засгийн эргэлт хийсэн” гэж тэр бас хэлсэн.

Эдийн засаг л хөгжвөл ардчилал хөгжинө гэдэг манай улстөрчдийн үздэг үзэл баримтлалыг олон жил хийсэн судалгаагаар судлаачид няцааж байна. Соёлыг хайхраагүй учраас Монголд ардчилал сайн хөгжихгүй байгаа гэж тэд дүгнэжээ.

Эдийн засаг хөгжихөөр л ардчилал дагаад хөгжинө үздэг ойлголт өрөөсгөл гэдэг нь тэдний хийсэн хэд хэдэн судалгаа батлаж. Жишээлбэл, ардчиллыг монголчууд юу гэж ойлгодог вэ? гэдэг судалгааны хариуг бусад Азийн улсуудтай харьцуулахад тун онцлогтой гэнэ. Азийн зарим улсуудын иргэд ардчиллыг шударга ёс, ил тод байдал, хуулийн захиргаанд амьдрах гэж ойлгодог бол монголчуудын ихэнх нь ардчиллыг эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх гэж хариулсан байна. Гэтэл эв нэгдэлтэй байх, нийтээр зөвшилцөн олонхоор шийдэх, нээлттэй нийгэм, ил тод байдал, хуулийн хүрээнд айж эмээхгүй амьдрах зэрэг ухагдахуунууд тун бага хувьтай гарчээ. Тэр бүү хэл бусдын эрх ашгийг хамгийн их бодолцох ёстой УИХ гишүүдийн дийлэнх нь ардчиллыг эрх дураараа үзэл бодлоо илэрхийлэх гэж үзсэн байх юм.

Эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, хуулиа дээдлэх гэсэн үзэлтэй хүмүүс 2010 онд эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх гэсэн үзэлтэй хүмүүсээс хоёр дахин бага байна. “Үүргээ биелүүлэх гэсэн ухагдахуун дөнгөж, жаахан жаахнаар соёолж эхлэж байна” гэж Цэцэнбилэг хэлсэн. Тэгэхээр монголчуудын дийлэнх нь ардчиллыг зөвхөн эрх чөлөөгөө эдэлж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн, дураа хүрвэл хэнийг ч үл ойшоож болно гэж ойлгодог ажээ.

Энэ судалгаанаас дүгнэхэд Монголын ардчиллыг “Амь амиа бодоорой” гэж тодорхойлж болмоор. Хэрэв энэ янзаараа ардчилал хөгжвөл манай улс хэчнээн баян чинээлэг боллоо ч нийтээрээ аз жаргалтай сайн сайхан амьдарч чадахгүй. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүс баян чинээлэг, бусад нь “мөнхийн гачлантай” амьдрах болно. Тун удахгүй нийгэмд кастын систем тогтож, шинэ феодлууд олширно.

Мөн Монголын ардчиллыг хаалгаар орж, гарахдаа урдаас нь хүн ирж явааг үл хайхран мөргөх шахаад зөрдөг, эсвэл машин жолоодохдоо бусдыг үл хайхран зай л гарвал улангассан бух шиг дайрдаг монгол хүнтэй зүйрлэж болно. Тэр хүмүүст эрх чөлөө, эрх нь байна. Эрхээ эрх чөлөөтэй эдэлж байна. Харин танихгүй хүнийг анзаарах, хүндлэх соёл алга. Танихгүй хүнийг буюу ихэнх хүмүүсийг (ямар ч хүнд таньдгаас таньдаггүй нь их шүү дээ) анзаардаггүй, хүндэлдэггүй тул монголчууд нийгмийн хариуцлагыг үл ойшоодог.

Чухам яагаад ийм байдал хүрэв ээ? Яагаад Монголд амиа хичээсэн үзэл тархаж, нийгмийн уур амьсгал “хүнлэг” биш болов оо. Бид барууны соёл иргэншлээс либериал ардчиллыг хуулж авчрахдаа соёлыг нь буюу шашныг нь “хуулж авчирч” чадаагүй. Тиймээс иргэн баян бол улс баян гэсэн үзэл “захиргаагүй” тархахдаа (яагаад гэвэл энэ үзлийг зангидаж, нийтийн эрх ашигт нийцүүлдэг шашныг “импортолж” чадаагүй болохоор, өөрөөр хэлбэл нэг чухал “элементийг” нь гээсэн болохоор) хэн хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг араатны ёсыг дэлгэрүүлж, нийгмийг эмх замбараагүй болгосон. Жишээлбэл хүн бүхэн өөрийнхөө төлөө зүтгэвэл нийтийн эрх ашиг хамгаалагдана гэж гэсэн ойлголттой америкчуудыг шашны сүмүүд нь нэгтгэдэг байсныг Цэцэнбилэг ярьж байсан. “Сүм бол хяналтын үүрэг гүйцэтгэж байсан” гэж тэрбээр тодорхойлсон юм.

Тэгэхээр хүссэн хүсээгүй бид уламжлалт шашнаа “хөндөх” цаг аль хэдийн болоод (бүр цаг нь өнгөрч) байна. Монгол шиг уламжлалт соёл, зан заншил нь Буддын шашинтай салшгүй холбоотой улс шашнаа эрүүлжүүлэх, XXI зууны хөгжлийн түвшинд ухамсарлаж ойлгох тухай ярих болохоос бусад соёл иргэншилтэй улс орны шашныг шинээр нэвтрүүлэх бүтэхгүй.

Хэрэв Буддын шашны үнэт зүйлс, ардчиллын үнэт зүйлсийг хооронд нь уусгаж чадвал Монголын үндэсний ардчилал нийгэмд ээлтэй, анархист үзэл өргөн тархахгүй байх болно, наад зах нь. Мөн Буддын шашны ухагдахуунд суурилсан үнэт зүйлсийг өнөөгийн нийгэмдээ ухамсартайгаа “иргэншүүлж, нийгэмшүүлж” чадвал үндэсний ардчиллын зэрлэг чанар алга болно. Ингэж л бид “хандиваар авч чадаагүй элементээ” өөрсдөө нөхөх бололцоотой болно. Жишээлбэл, монголчууд үүргээ хариуцлагаа огт ухамсарлахгүй байна гэж байна. Уул уурхайн салбарынхан нөхөн сэргээлт хийхгүй бултаад, алт ухсан нэг нь амиа бодож байгаль орчноо сүйтгээд… Тэгвэл Буддын шашин хамгийн хариуцлагатай шашин билээ. Хүний хийсэн үйлдэл бүхэн үр дагавартай. Сайн зүйл хийвэл сайн үр дагавар гарна. Муу зүйл хийвэл муу үр дагавар гарна. Тиймээс үйлийн үрээс эмээсэн хүн хамгийн хариуцлагатай хүн болж төлөвшинө… Энэ мэтчилэн олон ухагдахуун бий. Эдгээр ухагдахуунуудыг заавал шашинд хамааруулалгүй нийгэмдээ бид ухамсартайгаар “иргэншүүлж” чадвал гадаадын “импортоор” орж ирдэг ухагдахуунуудаас ч илүү ардчиллыг Монголд хөгжүүлнэ.

Эцэст нь онцолж хэлэхэд, өнөөгийн мухар сүсэг дэлгэрсэн манай нийгэмд уламжлалт шашнаа зөв ойлгох (шашинд заавал орох албагүй) хамгаас чухал байна. Үүнд лам нар үлгэр дууриалал үзүүлж чадахгүй байгааг бас дурдах ёстой.

1 comment:

Anonymous said...

http://badaa.mngl.net/convert/con2uni.htm