Thursday, 24 March 2011

НОГООН ЭДИЙН ЗАСАГ ИРЭЭДҮЙД ЭЭЛТЭЙ

Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлтээр хэмжих хандлага сүүлийн үед хоцрогдож байна. Өнгөрсөн 100 жил дэлхийн улс орнууд зөвхөн эдийн засгийн өсөлтөөр аливаа хөгжлийг төсөөлж, эдийн засгаа хурдасгахыг эрмэлзэж байсан бол одоо ногоон эдийн засаг буюу байгаль орчны асуудал нэн чухал болжээ. Дэлхий нийтэд шинэ эдийн засгийн хандлага хэрэгтэй болсноос үүдэн ногоон эдийн засаг гэсэн ойлголт бий болсон байна.

Энэ ойлголтын талаар хэлэлцсэн “Байгалийн баялгийн үр ашигтай зарцуулалт бүхий ногоон эдийн засагт хүрэх шилжилтийн үеийн үндэсний стратеги” чадавхи бэхжүүлэх семинар энэ сарын 7 онд Улаанбаатар хотод болсон. Тус семинарыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), БОАЖЯ хамтран зохион байгууллаа. “Семинарын гол зорилго нь ногоон эдийн засгийг Монголд хэрхэн нутагшуулах, иргэдийн оролцоо, чадавхийг бэхжүүлэх, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгоход ямар арга зам байна вэ? гэх мэт олон асуудлаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхэд оршино” гэж зохион байгуулагчид нь хэллээ.

Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн үйл явцтай холбоотой байгалийн нөөцийн хэрэглээ эрс нэмэгдсэнээс болж хаягдал, бохирдлын хэмжээ экологийн даац, чадавхиас давсан. Үүнээс улбаалж дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил алдагдахад хүрээд байгаа ажээ.

Тогтвортой хөгжил гэдгийг НҮБ-ээс гаргасан Байгаль орчин, хөгжлийн талаарх тунхаглалд “Ирээдүй хойч үеийнхний өөрсдийн хэрэгцээгээ хангахуйц чадварыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхний шаардлагад нийцсэн хөгжлийг хэлнэ” гэж тодорхойлсон байна. 1992 онд Бразилийн Рио де жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурал болсноос хойш тогтвортой хөгжил гэдэг ойлголт дэлхийд өргөн дэлгэрсэн аж.

Байгаль орчинтойгоо зохицсон эдийн засгийг хөгжлүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах нэг хүчин зүйл. Ногоон эдийн засгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжих хамгийн зөв хөгжлийн арга хэлбэр гэж семинарт оролцогчид дурдаж байв.

Тогтвортой хөгжлийг ногоон эдийн засгийн бодлогоор дамжуулан хангахад тухайн улс орны зах зээл, макро эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн орчин хамгийн чухал гэнэ. Иймээс Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, тусгай төлөвлөгөөний дагуу олон талын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан БОАЖЯ, МҮХАҮТ-аас ногоон эдийн засгийг дэмжих дэд хөтөлбөрийг санаачлан боловсруулж Засгийн газарт өргөн барьсан ажээ.

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн байдал бол тогтвортой хөгжлийн тулгын гурван чулуу. Энэ гурвыг адилхан анхаарвал улс орон тогтвортой хөгжинө. Харин адилхан анхааралгүй зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр л улс орны хөгжлийг тодорхойлох нь өрөөсгөл бөгөөд эрсдэлтэй гэж семинарт оролцогчид санал нэгтэй зөвшөөрч байлаа. Жишээлбэл, сүүлийн үед дэлхийд байгалийн нөөц, эрчим хүч, хүнсний гэх мэт хомсдол үүсч байгаа нь үүнтэй холбоотой ажээ.

Өнөө үеийнхэнд хойч үеийнхээ хэрэгцээнд зориулан байгалийн нөөц баялаг, байгаль орчноо хамгаалж, өвлүүлэх нэн чухал үүрэг бий. Ялангуяа байгалийн нөөц баялагтаа тулгуурлаж хөгжих хэтийн төлөвтэй байгаа манай улсын хувьд энэ үүргээ бусдаас илүү биелүүлэх шаардлага бий гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч дэлхийн улс орнуулын ирээдүйн хөгжил нь байгалийн нөөцийн үр ашигтай зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгоход чиглэгдэж байна.

Энэхүү хөгжлийн загварыг дэмжиж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Ногоон эдийн засаг”, НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагаас “Ногоон үйлдвэрлэл”, НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос “Ногоон өсөлт”-ийн үзэл баримтлалуудыг дэвшүүлж нийгэм, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахыг уриалсан байна.

Ногоон өсөлт гэдэг ойлголтыг хөгжлийн гол чиг хандлага болгох зайлшгүй шаардлагатай. Иймээс эдийн засгийн хөгжлийн тухай ойлголтыг найман үндсэн зарчим дээр тулгуурлан үзэх ёстой гэж семинар зохион байгуулагчид хэлж байна. Үүнд: хүлэмжийн хийн ялгарал бага; эрчим хүчний зарцуулалт бага; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох; ногоон технологийг ашиглах; ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх; ногоон амьдралын хэрэглээг бий болгох, орчинг бүрдүүлэх, хэвшүүлэх; ногоон ажлын байр бий болгох зэрэг найман зарчим багтах ажээ.

“Ногоон эдийн засгийн гол зорилго нь тухайн орны байгалийн нөөцийг ашиглаж, эдийн засгийг нь хөгжүүлэн, ногоон ажлын байр нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчны муу нөлөөг багасгахад оршино” гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн бүс нутгийн зохицуулагч доктор Ванхуа Янг хатагтай семинарын үеэр хэлсэн.

No comments: