Thursday, 24 March 2011

ЦАЦРАГИЙН НӨЛӨӨГ МОНГОЛД "ИЛЧЛЭНЭ"

Бурхны авралаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн дэлбэрэлт болж байсангүй. Гэхдээ нэг ч монгол хүн цөмийн цацраг идэвхт бодисод хордоогүй гэж бас хэлж болохгүй. Хордсон ч гэж бас хэлж болохгүй. ( Яагаад гэвэл батлагдаагүй. Учир нь үүнийг өмнө нь судлаагүй!)

Монгол Улсын иргэн цөмийн бөмбөгөнд нэрвэгдэж, эсвэл туршилтад өртөөгүй л дээ. Харин зүгээр малаа хариулж яваад цөмийн цацрагт хордож, өөрөө ч мэдэхгүй хорт хавдар тусч, хорвоогийн мөнх бусыг үзсэн байх магадлалтай. Үүнийг зөвхөн өнгөрсөн цагт ч биш одоо цагт ч хэлж болно. Мөн одоо амьдарч буй монгол хүн ч биш харин ирээдүй хойч үе маань ч цөмийн цацрагийн нөлөөгөөр эрүүл мэнд нь муудаж мэднэ... Гэхдээ, та бүү буруу ойлгоорой. Энд би цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэх гээгүй. Харин нэгэнт болоод өнгөрсөн (одоо биднээс огт хамаарахгүй) үйл явдлын үр дагавар нь өдий хүртэл бидэнд нөлөөлөх магадлалтайг дуулгах гэсэн юм.

Манай улсын хилийн ойролцоо хоёр хөрш маань цөмийн туршилт хийдэг байсныг хүн бүхэн мэднэ. Тухайн үеийн ЗХУ буюу одоогийн Казакстан Улсын нутаг дэвсгэр дээр орших Семипалатинскийн цөмийн туршилтын газар 1942 оноос 1991 он хүртэл 42 жилийн турш 456 удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн. Хүйтэн дайнд ялахын тулд ЗХУ-ын хийсэн эдгээр цөмийн туршилтууд нь 2500 Хирошимагийн цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй тэнцэнэ гэсэн нэгэн судалгаа байна. Харин БНХАУ, Шинжаан Уйгарын нутагт орших Лоб нуурын цөмийн туршилтын баазад 1964 оноос 1996 он хүртэл 45 цөмийн туршилт хийсэн билээ.

Чухам энэ хоёр улсын цөмийн туршилт хил залгаа манай улсын хүн амд хэрхэн нөлөөлснийг монголын эрдэмтэдтэй хамтран судлах боломж хайн Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада Монголд иржээ.
Тэрбээр энэ сарын 22-25 өдрүүдэд манай улсад ажиллах хугацаандаа Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран “Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй” сэдэвт Монгол, Японы эрдэмтэн, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хуралд оролцож “Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” илтгэл, “Уйгар болон Казакстанд цөмийн туршилтын үр дагавар”, “Цөмийн эрчим хүчийг ашиглахад хүний ач холбогдол болон Японы аюулгүй байдлын технологи” гэдэг хоёр сэдвээр лекц уншив.

“Монголын хилийн ойролцоо цөмийн туршилт хийж байсан болохоор Монголд үзүүлсэн нөлөөг нь судлана. Энэ бол миний нэг зорилго. Монголд энэ судалгааг эхлүүлэхийн тулд монголын эрдэмтэн судлаачидтай уулзаж, тохиролцож байгаа. Нарийн судалгааг монголын эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч хийх хүсэлтэй” гэж профессор Жун Такада хэлсэн юм.
Түүний үзэж буйгаар бол Хятад, Орос хоёрын хийж байсан цөмийн туршилтын хор нөлөө манай улсад гарцаагүй байгаа аж. Бид л энэ талаар нарийн судалгаа хийгээгүй болохоос цацраг идэвхт бодисын нөлөө тусгаар улсуудын хил хязгаараар тогтож, хязгаарлагдаггүй бололтой.

Хятадын Шинжаан Уйгарын Лоб нуурын цөмийн туршилтын баазаас 4000 орчим км хол орших Японы арал дээр цөмийн цацрагийн нөлөө мэдрэгдсэн байхад 1000 гаруйхан км зайтай орших Монголд Улс “яавч зүгээргүй” гэсэн дүгнэлтийг тэр хийж. Хятадын хийсэн цөмийн зэвсгийн туршилт Японд нөлөөлсөн гэдэг судалгаа байдаг аж. Эхээс гажигтай төрөөд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрчээ. Энэ нь Хятадад цөмийн туршилт хийсэн цаг үе, мөчлөгүүдтэй таарч ихсэж, буурч байсан болохоор япончууд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрч байсныг Шинжаан Уйгарын Лоб нуурын туршилттай холбосон байна. Япончуудын судалгаагаар бол цацраг идэвхт бодис салхинд туугдсан шар элстэй хамт Японы арал дээр нь очсон байна. Дашрамд сонирхуулахад Лоб нуурын туршилтын баазад хамгийн хүчтэй нь 4 мегатон цөмийн дэлбэрэлт болсон. Гэтэл Семипалатинскэд хамгийн хүчтэй нь 0.4 мегатон буюу 10 дахин бага цөмийн дэлбэрэлт хийжээ.

Хэрэв дээрх судалгаа үнэн бол бид үнэхээр яаруу түргэн цөмийн цацрагийн нөлөөг судлаж гаргах хэрэгтэй байх. Профессор Ж.Такада цөмийн дэлбэрэлтээс болж хөрс шороо бохирддогийг хэлсэн. Энэ бохирдсон хөрс шороо салхинд туугдан Монголд аль хэдийн “айлчилсан” байх өндөр магадлалтай аж. Жишээлбэл, Казакстаны Семипалатинскэд цөмийн туршилт хийж байх үеийн цаг агаарын ерөнхий байдлыг харахад салхи ихэвчлэн Монгол руу чиглэсэн байна. Гэхдээ Семипалатинск харьцангуй манай хилээс хол, цацраг идэвхт бодис шууд нөлөөлөх хүрээнд нь манай улсын нутаг дэвсгэр багтаагүй.

Харин Хятадын Шинжаан Уйгарын Лоб нуурт хийсэн цөмийн туршилтын цацрагын нөлөөлөх хүрээнд манай улсын баруун хэсэг орсон байна. Профессор Ж.Такадагийн хэлснээр бол цөмийн бөмбөг дэлбэрэхэд 200 км хүртэлх зайд байгаа бүх хүн шууд нас бардаг. Харин 200-500 км зайд байгаа хүмүүс цацраг идэвхт бодисоос хордсон шорооноос болж шууд үхэхгүй ч үс унах, арьс цайрах, цусны бөөмний өвчин, уушигны хавдар тусах зэрэг өвчинд нэрвэгдэг байна. “Иймэрхүү хүмүүс Уйгарт их” гэж тэрбээр хэлсэн юм. Харин 500-1000 км зайд байгаа хүмүүст ямар нэг гэнэтийн өвчин эмгэг мэдрэгдэхгүй ч ирээдүйд хорт хавдар үүсэх, бас урагт нөлөөлөх магадлалтай гэнэ. Манай улсын баруун хязгаарын хэсэг газар энэ сүүлчийн нөлөөллийн бүсэд нь хамрагдсан ажээ. “Мэдээж энэ хүрээнээс цацраг идэвхт бодисоор бохирдсон шороо хийсч ирсэн. Энэ нь монголчуудын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг судлая гэж бодоод би ирлээ” гэж профессор Ж.Такада хэлэв.

ТА НАР ТАЙВАН БАЙЦГАА. ЯПОН ТАЙВАН БАЙНА.
Японд газар хөдлөж, цунами болсноос болж цөмийн цахилгаан станцууд нь зогссон. Харин профессор Ж.Такада дэлхийн нийтийн анхаарлыг татсан энэ асуудлаар ярихдаа итгэлтэйгээр “Япон хүний чанар бол хэзээ ч худлаа хэлдэггүй. Тиймээс цөмийн цахилгаан станцуудын талаарх бодит мэдээллүүд удахгүй нээлттэй болох байх” гэсэн юм. Тэрбээр мөн “Би япон хүн болохоороо ч ингэж хэлж байгаа юм биш. Гэхдээ Япон бол дэлхийн хамгийн дэвшилттэй, аюулгүй технологийг хэрэглэдэг. Үүнийг ч саяны газар хөдлөлт батлаж харууллаа” гээд монголын ард түмэнд туслаж, дэмжсэнд баярлалаа гэв.
Түүний хэлснээр бол Монголд ураны нөөц бий учир цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах боломж бололцоо их. Ер нь хорин нэгдүгээр зуунд цөмийн эрчим хүчийг ашиглаж байж л улс орон хөгжинө. Тиймээс манай улс цөмийн эрчим хүчийг ашиглахдаа олон улсын туршлагад тулгуурлаж байгаль орчинд ээлтэй цөмийн станцийг байгуулах боломжтой гэнэ.
Манай улсыг цөмийн станцад болоход япончууд туслаж дэмжихэд дуртай байгаа аж. “Монгол цөмийн цахилгаан станц баривал боловсон хүчнийг нь Японд суралцуулах боломжтой. Манай улс цөмийн энергийн ашиглах тал дээр дэвшингүй хөгжсөн орон” гэж Ж.Такада хэлсэн билээ.

No comments: