Monday, 21 March 2011

ЗӨРЧИЛ БАГАССАН Ч ТОРГУУЛЬ БУУРААГҮЙ

Манай улсын гадаад худалдаа улам тэлж өргөжиж байгаа. Зөвхөн өнгөрсөн сард дэлхийн 96 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1031.5 сая ам.доллар болж, экспорт 415.9 сая ам.доллар, импорт 615.7 сая долларт хүрсэн. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 423.9 сая ам.доллар буюу 69.8 хувиар өссөн гэсэн статистикийн тоо баримт бий.
Эндээс дүгнэхэд л гаалийн байгууллагын ажлын ачаалал улам хүндэрч буй нь тодорхой. Гадаад худалдааг дэмжихийн зэрэгцээ хэрхэн зөрчлийг илрүүлэх вэ гэдэг гаалийнхны хувьд чухал болоод байгаа. Иймээс үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан, мөн гадаад улс орнуудын гаалийн байгууллагуудын чиг хандлагыг дагаж ГЕГ эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын шинэ тогтолцоог нэвтрүүлж эхлээд удаагүй.
Эрсдэл тооцож үйл ажиллагаагаа явуулах нь гадаад худалдааны бараа эргэлтэд саад бага учруулахын зэрэгцээ зөрчлийг илрүүлэхэд их үр дүнтэй гэж гаалийн мэргэжилтнүүд үзэж буй. Чухам хэрхэн эрсдэл тооцож зөрчлийг илрүүлдэг талаар УБГГ-ын Гаалийн улсын байцаагч Ч.Тамир ярьсан юм.
Түүний хэлснээр бол эрсдэл тооцож ажилласан нь үр дүнгээ өгч эхэлж байгаа гэнэ. Зөвхөн Улаанбаатар хотыг хэмжээнд 2008 онд гаалийн бүрдүүлэлтийн тоо 45 мянга, 2009 онд 46 мянга, 2010 онд 72 мянга орчим болж хэдийгээр нэмэгдсэн ч зөрчлийн тоо буурчээ. Энэ нь эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлж зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэл барьж ажилласантай холбоотой ажээ.
Урьд нь, зөрчил их үйлдэгдээд, гаалийнхан их зөрчил илрүүлээд байвал сайн гэж үздэг хандлагатай байсан бол одоо гаалийн байгууллагынхан мэдээллийг цуглуулж боловсруулсны ачаар зөрчлийг урьдчилан сэргийлэх боломжтой болж буй бололтой.
Мэдээлэл цуглуулах бол эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл. Ерөөсөө эрсдэлийн удирлагын хоол тэжээл нь мэдээлэл гэж гаалийн мэргэжилтнүүд томъёолсон байна. Мэдээллийг бүхий л боломжтой эх сурвалжуудаас цуглуулж, боловсруулаад гаалийн хяналтанд ашиглана. Үүний хүчинд ч УБГГ-ын хэмжээнд хоёр жилийн дотор зөрчил хоёр дахин буурсан. Гэхдээ зөрчилд ноогдуулсан торгууль, нөхөн төлүүлсэн татварын нийт хэмжээ буураагүй аж.
Ч.Тамирын ярьснаар бол хамгийн их гарч байгаа зөрчил бол татвараас төлөхөөс зайлсхийх явдал гэнэ. Зөрчлийг болгоомжгүй, санаандгүй хийхээс гадна санаатайгаар, зохион байгуулалттайгаар үйлддэг аж.
Анх удаа гаалийн гаалийн харилцаанд оролцож гадаад худалдаа хийж байгаа, хууль тогтоомжийн мэдлэг дутмаг, өөрсдийн хууль тогтоомжоор хүлээлгэсэн эрх үүргээ мэддэггүй, эсвэл гаалиар нэвтрүүлж байгаа барааны талаар муу мэдлэг дутмаг байдгаас болоод зөрчил гардаг байна. Үүнийг гаалийнхан тодорхой хэмжээнд ойлгодог. Харин зохион байгуулалттай, санаатайгаар үйлдэж байгаа зөрчлүүдийг тэд онилж, улам нарийн шалгаж чиглэлтэй ажиллаж байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл хууль тогтоомж зөрчих магадлалтай гэж гаалийнхны хараанд нэг өртсөн бол тийм ч амархан мултарахгүй гэсэн үг. Эрсдэл их гэж үзсэн байгууллага, хувь хүнийг гаалийнхан бүхий л талаар нягтлан шалгана. Наад зах нь хилээр нэвтрэхэд нь барааны бичиг баримтыг нь үзэж, биет шалгалт хийнэ. Гэтэл эрсдэлийн түвшин бага гэж тодорхойлогдсон байгууллага, хувь хүн бол ямар ч түвэггүй оруулж ирсэн бараагаа авах боломжтой.
Дашрамд хэлэхэд удахгүй гаалийнхан цуглуулсан мэдээллээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсны үр дүнд хил гаалиар дамжин бараа таваар зөөж байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эрсдэлийн түвшинг тогтооно. Хэрэв эрсдэлийн түвшин “улаан төлөв” буюу их байвал бичиг баримтын болон биет шалгалт хийнэ. Хэрэв “улбар шар төлөв” буюу дунд байвал бичиг баримтын шалгалт хийнэ. Хэрэв “ногоон төлөв” буюу бага байвал бараа таваар, тээврийн хэрэгслийг нь шалгалтад хамруулахгүй эзэнд нь шууд олгох ажээ.
Тиймээс мэдээ мэдээллийн урсгал чөлөөтэй болсон энэ үед гадаад худалдаан оролцож байгаа аливаа этгээд зөрчил гаргаж гаалийн байцаагчдын хардлагыг төрүүлж эрсдэлийн түвшингээ өндөр болгох нь тун ашиггүй болж байгаа юм. Яагаад гэвэл эрсдэлийн түвшин ч нэгэнт л “улаан төлөв” болчихвол гаалийн байцаагчдыг яаж ч гуйгаад шалгалтаас мултарч чадахгүй. Учир нь шалгалтыг гаалийн байцаагчид үзэмжээрээ хийхгүй. Эрсдэлийн удирдлагын ерөнхий системдээ захирагдаж хийх болно. Тэр бүү хэл “ногоон төлөв”-тэй бараа таваарыг шалгасан тохиолдолд чухам ямар үндэслэлээр шалгав гэдгээ ч гаалийн байцаагчид бичиж байх ёстой болно. (Гэхдээ эрсдэлийн түвшин бол байнга хэлбэлзэлж байх дүн шинжилгээ гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй болов уу.)
Энэ нь гаалийн байцаагчдаас хамаарах хамаарлыг багасгаж, улмаар хээл хахуулийг ч байхгүй болгох үр дүнд хүрнэ. Мөн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гаалиар хурдан үйлчлүүлэх нь хэн нэгнээс шалтгаалахгүй харин өөрөөсөө нь ихээхэн хамааралтай байх болохоор гаалийн харилцаанд оролцогчдын соёл, хариуцлага, хууль сахих сахилга бат дээшилнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

ХАМГИЙН ИХ ГАРДАГ ЗӨРЧЛҮҮД
УБГГ-ын гаалийн улсын байцаагч Ч.Тамирын хэлснээр бол бичиг баримт хуурамчаар үйлдэх, барааныхаа жин, тоо хэмжээ, үнийг бууруулж мэдүүлэх, эсвэл машин тэрэгнийхээ маркийг худлаа мэдүүлэх зэрэг бол хамгийн их гардаг зөрчлүүд гэнэ. Жишээлбэл онцгой албан татварын зөрүү гардаг учраас зарим иргэд суудлын автомашиныг ачааных гэж худлаа мэдүүлдэг аж.
Ер нь татвараас зайлсхийх гэсэн зөрчил их байдаг учир энэ үйлдлүүдийг эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн илрүүлж байгаа Ч.Тамир жишээгээр тайлбарлаж ярьсан.
Жишээ нь, нэгэн аж ахуйн нэгж шоо шинэ өрмийн машин, хийн компрессор гадаадаас оруулж ирээд үүнийгээ 20 жил хэрэглэгдсэн хуучин гэж мэдүүлсэн байна. Үүнийг нь гадаад худалдаанд түвэг учруулахгүй гэж түргэн шуурхай үйлчилэхийг хичээж байгаа нөхцөлд Замын Үүдийн рентгенээр хараад шинэ хуучинг тогтоох боломжгүй гэнэ. Тиймээс үүнд эрсдэлийн судалгаа хийж, мэдээлэл цуглуулсан байна. Хилийн чанадаас нийлүүлдэг нийлүүлэгчийг нь судлахад тэд хэзээ ч хуучин машин зардаггүй газар болох нь тодорхой болжээ. Энэ мэдээллээ үндэс болгож цааш нь нягтлан шалгатал тухайн аж ахуйн худлаа мэдүүлсэн болох нь тогтоогджээ. Тэгээд худлаа мэдүүлсний торгууль болон хуучин шинийн зөрөөг гаргаад нэмж 13.6 сая төгрөг тус газраар төлүүлжээ.
Мөн нэг газар Хятад улсаас контейрнар комиссын хуучин хувцас оруулж иржээ. Байцаагчид үүнд дүн шинжилгээ хийн, Хятад Улсаас хуучин хувцас оруулж ирэх үү? гэсэн асуултыг тавьж. Тэгээд эрсдэлийн судалгаа хийтэл Хятад Улс хуучин хувцас гадагшаа гаргадаггүй болох нь тогтоогдсон байна. Авсан мэдээллүүдээ боловсруулаад шалгатал зөвхөн эхний хоёр эгнээнд хуучин хувцас хийгээд цаад талд нь дандаа Швейцарь Улсаас оруулж ирсэн шинэ хувцаснууд байсан байна. Тэд мөн бичиг баримт хуурамжаар үйлдсэн нь тогтоогдож анх өгсөн 8 сая төгрөг дээрээ ахиад 9.9 сая төлсөн байна.
Мөн хошуу нь дөрөв дахин сунадаг өргөх краныг 5 тонны даацтай, 20500 мянган ам.долларын үнэтэй гэж мэдүүлснийг гаалийн улсын байцаагчид гадаад дотоодын зах зээл, үйлдвэрлэгчийг нь судалсны үндсэн дээр 7 тоннын 22700 ам.долларын үнэтэй өргөх кран байсныг тогтоосон байна.
Бас нэг аж ахуйн нэгж вакум цонх оруулж ирэхдээ 23 ам.долларын үнэтэй мэдэгдсэн боловч эрсдэлийн судалгаа хийхэд 88 ам.долларын үнэтэй болох нь батлагдажээ. 23 ам.доллар бол зөвхөн шилнийх нь үнэ байсан байж. Энэ мэт олон зөрчлүүдийг УБГГ эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр илрүүлсэн байна.
Чухам яг ямар сувгуудаар мэдээллээ авдагаа гаалийн байгууллагынхан нарийвчлан хэлэхгүй байгаа. Учир нь хууль зөрчих этгээдүүд сөрөг үйл ажиллагаа хийхээс тэд болгоомжилж байгаа юм. Гэхдээ өнөөгийн мэдээллийн эринд гадаадын улсын үйлдвэрлэгчдийн мэдээллүүдийг олоход тийм ч хэцүү биш юм. Харин дотооддоо төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах, солилцох тогтолцоо муу байгааг гаалийн байгууллагынхан хэлцгээж байсан. Тэд төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах тогтолцоо, эрхзүйн орчныг яаралтай бий болгох шаардлагатайг сүүлийн үед нэлээн шургуу ярьцгааж байгаа билээ.
Хэрэв төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо сайжирвал гаалийн байгууллага гадаад худалдааг дэмжихийн зэрэгцээ хууль зөрчих эрсдэл ихтэй хэсгийг онилж үйл ажиллагаа явуулахад улам дөхөм болно гэдэгт гаальчид итгэлтэй байна.

No comments: