Monday, 28 March 2011

ЗОРИЛТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ...

2015 онд Монголд ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэхийн тулд 4 жилийн дотор гадаадын жуулчдын тоог 2 дахин нэмэх шаардлагатай. Өчигдөр болсон “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар-2011” сэдэвт үндэсний зөвлөгөөний үеэр энэ талаар дурсав.

Аялал жуулчлалын салбарыг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, салбар байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлуулах зорилгоор дээрх үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Байгаль орчин, аялал жуучлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоёр уг зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчид бөгөөд Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Аялал жуулчлалын холбоо, Үндэсний аялал жуулчлалын байгууллага гэх зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчид нь болсон аж.

“Энэ зөвлөгөөний онцлог нь, урьд голдуу дээрээс зохион байгуулдаг байсан бол харин энэ удаа доороосоо хувийн хэвшлийнхэн ба төрийн бус байгууллагынхан өөрсдийнхөө санаачлагаар хийж байгаад оршино” гэж МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөл дарга Ш.Нэргүй тодорхойлсон энэ зөвлөгөөнд 300 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. Мөн Ш.Нэргүй “Үндэсний зөвлөгөөнийг хийхдээ бид тогтвортой аялал жуулчлал, дэд бүтэц, хүний нөөц, маркетинг гэсэн 4 чиглэлийн гол асуудлыг төрдөө хүргэе гэсэн бодолтой байгаа” гэв.
БОАЖ-ын сайд Л.Гансүх “Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн чиглэл” гэсэн илтгэлдээ: Аялал жуулчлал бол Монгол Улсын ДНБ-нд томоохон байр суурь эзэлдэг манай тэргүүлэх салбар. Засгийн газрын 2008 оны 83-р тогтоолоор аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон тодорхойлсноос гадна 2009 онд баталсан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт”-д аялал жуулчлалын төслийг багтаасан зэрэг тодорхой алхмуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Их Хурлаас 2008 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуучлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолсон. Энэ бодлогын хүрээнд, аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх замаар 2015 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэхээр заасан билээ. Улмаар 2016-2021 оны хооронд аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэн сайжруулах замаар Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох зорилтыг дэвшүүлсэн гэв.

Үүнээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газар 2015 онд 1 сая жуулчин, 2021 онд 3 сая гаруй жуулчин хүлээн авах зорилттой байгаа юм байна.

2010 онд манай улсад 456,303 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 600 орчим аж ахуйн нэгж байгаа гэнэ. (Энэ тоонд зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийг оруулаагүй.) Энэ нь 2000 оноос хойш 10 жилийн дотор аялал жуулчлалын компаниуд 4 дахин өссөн үзүүлэлт ажээ. 2010 онд аялал жуулчлалын салбарын орлого 222 сая ам. долларт хүрсэн байна.

Гэхдээ жилд 10 хувиар жуулчдын тоо дунджаар нэмэгдлээ гэхэд 2015 он хүртэлх 4 жилийн дотор жуулчдын тоог 1 сая хүнд хүргэх зорилт хэрэгжих боломжгүй болоод байгааг БОАЖ-ын сайд анхааруулж хэллээ. Тэрбээр “Аялал жуулчлалын салбарын өсөлтийн цаашдын хандлагыг тооцоод үзэхэд...жуулчдын тоог 1 сая хүнд хүргэх зорилт хэрэгжих боломжгүй болоод байна” гэсэн юм. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх шат дараатай арга хэмжээг авахаар ажиллаж байгаа ажээ.

Мөн дэлхийд нэр хүндтэй Берлиний ITB, Лондонгийн WTM, Японы JATA зэрэг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж БОАЖ-ын сайд үзэж байна. “Берлиний ITB 2011 үзэсгэлэнд Монгол Улс Соёлын түнш орноор амжилттай оролцсон нь үүний нэг тод жишээ” гэж тэрбээр хэллээ.

Түүний хэлснээс үзэхэд Монголд ирсэн жуулчдад худалдаж авах зүйл хомс, идэж уух хоол унд муу, үйлчилгээ тааруу гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Учир нь нэг жуулчнаас олсон орлого маань бусад улс оронтой харьцуулахад бага байдаг. Жишээлбэл, 2002-2004 оны хооронд Монголд ирсэн нэг жуулчнаас олсон орлого дөнгөж 8 хувь нэмэгдсэн байхад, Тайландад 18 хувь, Балбад 58 хувь тус тус нэмэгджээ. Энэ тоо баримт нь Монгол Улсад ирж буй нэг жуулчнаас олох орлогыг дээшлүүлэх буюу аялал жуулчлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа аж.

Мөн БОАЖ-ын сайд “Манай аялал жуулчлалын салбар нь өрсөлдөх чадвар сул, үр өгөөж муу” гэж шударгаар салбараа дүгнэв. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлан мэдээнд 2009 онд манай аялал жуулчлалын өрсөлдөх чадвар 133 орноос 105-д орж базаахгүй үзүүлэлт үзүүлжээ.

Статистикийн тоо баримтаас харахад БНХАУ, ОХУ, БНСУ-ын жуулчид манай улсад хамгийн их ирдэг ажээ. “Гэтэл Хятад, Орост болдог аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд монголын цөөхөн компани л оролцдог. Мэдээж зөвхөн үзэсгэлэнд орсноор тухайн зах зээл дээр ажиллаж буй чадамж, далайцыг хэмжиж хэрхэвч боломгүй” гэж Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн тэргүүн Д.Гантөмөр хэлэв. Манай хоёр хөрш улсаас хилийн бүсийн аялагчид, найз нөхөд хамаатан садандаа зорчигчид, ажил албан хэрэг, эмнэлэг хийгээд хувийн олон шалтгаанаар ирж байна. Харин аяллын хөтөлбөр худалдаж аваад, мөнгийг нь төлөөд, тодорхой цаг хугацаа зарцуулдаг амралтын жуулчид харьцангуй цөөхөн гэж тэрбээр бас хэлсэн.

Харин солонгосын жуулчдын талаар Д.Гантөмөр “Солонгосын компаниуд манай аялал жуулчлалын дотоод нийлүүлэлтийн сүлжээнд шууд нэвтэрч, өөрсдөдөө хамгийн ашигтай өртөгийн сүлжээний үйлчилгээг үүсгэх бодлогыг явуулж байна. Энэ нь Монгол улсыг ашигла, харин ач тус, орлогыг нь өөрсдөө аваад гар гэсэнтэй адил. Бүс нутаг доторх аялал жуулчлал бол дандаа тухайн орон нутгийн аялал жуулчлал, зохион байгуулагч, тур операторуудыг алгасч хамаарлаа шууд тогтоохыг эрмэлзэж байдаг. Харин Европ, Америкийн аялал жуулчлалын компаниуд бол ихэвчлэн Монголын компаниудтай тогтвортой хамтарч ажилладаг” гээд ихэнх солонгосын компаниуд шууд манай зах зээл рүү довтолж орохыг оролддог бөгөөд солонгос эзэнтэй зочид буудал, жуулчны бааз гэх зэргээр өөрийн үр үндсүүдийг дотоод өртөгийн сүлжээнд ургуулж нийгэм-эдийн засгийн “өрөм”-ийг нь аваад хусмыг нь үлдээж байна гэсэн.

Бас “Ийм байдлаар тухайн зах зээлийг эдийн засгийн аргаар өөр рүүгээ татаж тодорхой хувийг өөрийн эзэмшлийн болгож, улмаар өөрийн соёл-эдийн засгийн хараат хэрэглэгч хийгээд тэднийг шүтэгч орон болгосон жишээ дэлхий дээр олон” гэж тэр хэлээд аялал жуулчлалын салбарын тодорхойгүй байдал нь ийм байдал хүргэсэн гэж дүгнэв. Хэдийгээр түүний хэлсэн бодууштай, зөв зүйтэй ч гэлээ. Үнэндээ бид гадаадын хөрөнгө оруулттай компаниудыг шахаад, өөрсдөө дангаараа бид өндөр хөгжилтэй улс орны жуулчдыг эх орондоо хүссэн тоогоорoo авчирч чадах болов уу гэж надад бодогдож байлаа...
www.mongolchamber.mn/tour/

No comments: