Saturday, 26 March 2011

НОГООН ГЭР ХОРООЛОЛТОЙ БОЛГОХ СУРГАЛТ

Утаа “үйлдвэрлэдэг” гэж ад үзэгддэг гэр хорооллынхон ирээдүйд хүчилтөрөгч “үйлдвэрлэдэг” гэж магтагдаасай. Ингэж магтагдахын тулд мэдээж эсгий гэрээсээ бүгд салж халуун хүйтэн усаар хангагдсан амины орон сууцанд амьдрах хэрэгтэй. Бас хашаандаа зүлэг ногоо тарьж, мод ургуулах шаардлагатай.

Ийм “ногоон” ирээдүй рүү нэг алхам дөхүүлэх байгууллага бол “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ юм. Гэхдээ “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” амины орон сууц барьж өгч чадахгүй харин ногоо тарихыг зааж, мод ургуулж чадна.

1999 онд байгуулагдсан тус байгууллага нь 2000 оноос хойш дэргэдээ мэргэжил олгох сургалтын төв байгуулж амьжиргаа ядуу, орлого багатай хот, хөдөөгийн иргэдэд төрөл бүрийн цэцэг, зүлэг ногоо, гоёлын мод, жимсны мод, жимс, хүнсний ногоо тарих, арчлах, тарьсан ногоогоо хадгалах, нөөшлөх зэрэг хэрэгцээтэй чадваруудыг эзэмшүүлэх сургалт хийдэг юм. “Бид бага орлоготой иргэдийг өрхийн тариалан эрхлэхэд нь сургаж байгаа. Энэ оны хаврын сургалтаар ногоочин, цэцэрлэгчин, ойжуулагч гэсэн 3 мэргэжил олгох сургалтандаа элсэлт авч байна” гэж “Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх мэргэжлийн сургалтын төвийн сургалтын менежер Ч.Баярсайхан хэлсэн юм.

Эдний сургалт 25 хоног үргэлжилдэг бөгөөд төгсөгчид нь мэргэжлийн үнэмлэх авдаг юм байна. Ер нь сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийг Засгийн газраас тууштай дэмжиж байгаагийн нэг илрэл бол мэргэжлийн сургалтын төвүүдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан ажилгүй иргэдийг мэргэжилтэй болоход нь туслан үнэгүй сургаж байгаа явдал билээ.

“Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх мэргэжлийн сургалтад ч гэсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр олон хүн суралцсан аж. Өнгөрсөн жил энэ сургалтын төвд нийт 364 хүн сургалтад хамрагдснаас 210 нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн эрхийн бичгээр сурсан байна. “Манайх Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр суралцах 100 хүний квоттой. Хөдөө аймгуудад мөн ойролцоогоор 100 хүний квот байдаг” гэж Баярсайхан ярьсан.

Эднийх Сонгинохайрхан дүүрэгт төвтэй бөгөөд Баянзүрх дүүрэгт нэг салбартай юм байна. Мөн Баянхонгор, Ховд, Налайхад нэг нэг салбартай ажээ. “Бид улсын хэмжээнд сургалт явуулах эрхтэй. Төр засгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг” гэж тэр бас хэлсэн юм.

Ер нь сүүлийн үед гэр хороололд оршин суугчид орчин тойрноо тохижуулъя, цэвэр агаар амьсгалж, мод зүлэг тарья гэсэн хүсэл эрмэлзэлтэй болж хашаандаа хүнсний ногоо тарих ч ихэсч байгаа ажээ. Гэхдээ тэр бүр хүссэн хүн “Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны мэргэжлийн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа. Учир тус сургалтын төвд суралцах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг хүмүүсийн тоо хязгаартай байдаг болохоор амьжиргааны түвшин доогуур иргэд 120 мянган төгрөг төлөөд 25 хоногийн сургалтад хамрагдаж бараг чаддаггүй гэнэ. Баярсайхан “Хэдийгээр 120 мянган төгрөг харьцангуй бага ч гэлээ. Үүнийг төлөх чадвартай хүн маш цөөхөн байдаг. Жишээлбэл манай төв байрладаг Сонгино хайрхан дүүрэгт гэхэд л хөдөө орон нутгаас шилжиж ирсэн ажилгүй олон иргэд манай сургалтад хамрагдахыг хүсэвч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх квотын хэмжээ бага байдаг тул хүссэн бүхэн хамрагдаж чаддаггүй” гэсэн юм.

Түүний хэлснээр бол өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр суралцаагүй 150 гаруй иргэдийн ихэнх нь өндөр настай, тэтгэвэрт гарсан ахмадууд байсан гэнэ. “Тэд цэцэг, мод тарихыг хүссэн, гэртээ голцуу байдаг хүмүүс байсан. Ахмад настай, тэтгэвэрт гарсан болохоороо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжих боломжгүй. Бас тэр бүр 120 мянган төгрөг төлөх чадваргүй тул бид ихэвчлэн 10 мянган төгрөг аваад л тэднийг үнэ төлбөргүй сургадаг” гэж тэр ярьсан юм.

“Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны сургалтын төвийг төгссөн олон хүн өрхийн тариалан эрхэлж амьжиргаа нь дээшилсэн бөгөөд улс, аймгийн аварга ногоочин болсон хүмүүс ч их байдаг ажээ. Ч.Баярсайхан “Хүн бүхэн мод тарьвал бид цэвэр агаараар амьсгална. Агаарын бохирдол багасана. Тиймээс бүгдээрээ мод тарьцгаая гэж уриалмаар байна” гэж бас нь хэлсэн.

Түүнтэй уулзсаны дараа гэр хорооллын бүх айлд хашаандаа мод тарь гэж хууль гаргавал зүгээр санагдсан. Хэрэв тэгвэл эзэнтэй, анхаарал халамжид ургасан модод арай өнгөтэй жавхаатай байх нь гарцаагүй. Мөн модод нь сайхан ургасан газрын үнэ өртөг ч өсдөг зах зээлийн хандлага бий болвол Улаанбаатар хурдан “Ногоонбаатар” болно. Тиймээс ч “Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх мэргэжлийн сургалтын төв шиг сургалтууд тун хэрэгтэй.

1 comment:

Engiin negen said...

Ногоон үйл бүтээгчид байна, энэ байгууллагын холбогдох утас байвал uniteasia@yahoo.com ruu yavuulna uu.