Thursday, 24 March 2011

ЭРСДЭЛ ТООЦОХОД МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ

Хэвлэлийн хүрээлэн, АНУ-ын ОУХА-ийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл хамтран сэтгүүлчдэд зориулж “Гаалийн эрсдэлийн удирдлага, нийгэм эдийн засгийн үр нөлөө” сэдэвт сургалт өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан. Сургалтад Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадвар төслийн мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулцгаав.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гаалиар дамжих зорчигч, бараа эргэлтийн хэмжээ огцом өссөнөөс болж гаалийн байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. 2001 онд улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо 1 сая 200 мянга гаруй байсан бол 2010 онд 3 сая 300 мянга гаруй болж бараг 3 дахин нэмэгдсэн байна. 2005 онд нэг гаалийн байцаагчид ногдох ачаа эргэлтийн хэмжээ 6.3 хувь байсан бол 2010 онд 52.9 хувь болж 8 дахин нэмэгджээ. 2005 онд нэг гаалийн байцаагчид ногдох тээврийн хэрэгслийн тоо 627 байсан бол 2010 онд 1302 болсон байх юм. Гэтэл гаалийн байцаагчдын тоо 2005 оноос 2010 оны хооронд 192-гаар нэмэгдсэн байна. Одоо манай улсад 948 гаалийн байцаагчид ажиллаж байна.
Эдгээр болон бусад нөхцөл байдлаас үүдээд гаалийн байгууллага 100 хувийн биет шалгалт хийх хүн хүч, техник болон дэд бүтцийн боломж хомс болжээ. Иймээс олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын шинэ тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм байна.
Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр гаалийн хяналтын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх; гаалийн байгууллагын нөөцийг зөв хуваарилах; үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх үүргүүдийг тэнцвэртэй хэрэгжүүлэх; хувь хүнээс (байцаагчаас) хараат шийдвэрээс зайлсхийх; үндэслэлтэй, бодиттой, баримттай гаалийн хяналтыг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм байна.
Мөн эрсдэлийг тооцох системд үндэслэсэн гаалийн хяналт нь хилээр дамжих барааны урсгалд учрах хүндрэл бэрхшээлийг багасгана. Яагаад гэвэл эрсдэлий нудирдлагыг хэрэгжүүлснээр хил, гаалиар дамжиж байгаа барааны урсгалыг 100 хувь шалгах албагүй болохоор гаалийн үйлчилгээ хурдасч, хилийн боомтуудад бөөгнөрөл үүсэхгүй. ГЕГ-ын мэргэжилтний хэлснээр бол гадаад худалдаанд орж байгаа хүмүүсийн 10-20 хувь нь л зөрчил гаргадаг гэнэ. Тиймээс хэрэв эрсдэлийн удирдлагыг бүрэн хэрэгжүүлвэл эрсдэл ихтэй эдгээр хүмүүсээс болж барааны урсгал удааширдаг байдлаас ангижрах магадлалтай гэнэ. Учир нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр гаалийнхан мэдээллийг цуглуулж, боловсруулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр их эрсдэлтэй хэсгийг онилж үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.
Мэдээлэл бол эрсдэлийн удирдлагын системийн гол хөдөлгүүр, хоол тэжээл гэдгийг ГЕГ-ын мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байлаа. Мэдээллийг бүхий л шугамаар авч (Дэлхийн гаалийн байгууллага, аж ахуйн нэгж иргэд, төрийн болон ТББ, ОУ-ын байгууллагууд г.м) мэдээллийн сандаа хуримтлуулна. Хуримтлуулсан мэдээллээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулаад үнэн эсэхийг нь шалгах ажээ.
Ингэсний үр дүнд хил гаалиар дамжин бараа таваар зөөж байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эрсдэлийн түвшин тогтох юм байна. Хэрэв эрсдэлийн түвшин “улаан төлөв” буюу их байвал бичиг баримтын болон биет шалгалт хийнэ. Хэрэв “улбар шар төлөв” буюу дунд байвал бичиг баримтын шалгалт хийнэ. Хэрэв “ногоон төлөв” буюу бага байвал бараа таваар, тээврийн хэрэгслийг нь шалгалтад хамруулахгүй эзэнд нь шууд олгох ажээ. Онцолж хэлэхэд энэ эрсдэлийнтүвшин ямар нэг “цол гуншин” биш харин байнга хэлбэлзэлж байх дүн шинжилгээ юм. Дашрамд дурдахад манай улсад одоогийн байдлаар нийт барааны урсгалын 10 хувь нь л баталгаажиж эрсдэлийн түвшин тогтоогдсон байна. Эдгээр нь нийгэмд байр сууриа эзэлсэн, итгэл даасан аж ахуйн нэгжүүд гэж гаалийнхан хэллээ. (Тэд тодорхой нэр дурдахаас татгалзав.)
Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын нэг онцлог нь зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн талаар урьдчилсан мэдээллийг авахад их ач холбогдол өгч байна. Жишээлбэл, гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд гаалийнхан тухайн тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг гаалийн шалгалтад орохоос нь өмнө олж авахыг чармайх аж. Учир нь олон улс дамнасан гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаа ихэссэн өнөө үед манай улс ганцаараа дэлхий нийтийг хамарсан сөрөг үзэгдэлүүдтэй тэмцэж дийлэхгүй. Тиймээс гадаад улс орнуудтай мэдээллийг цахим сүлжээгээр солилцоход ихээхэн анхаарна гэдгийг ГЕГ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа.
Сургалтын үеэр тэд төрийн байгууллагуудын хооронд мэдээллийн солилцоо муу байгааг дахин дахин онцолж хэлсэн. Төрийн байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг олж авах хэцүү. Иймээс мэдээлэл дамжуулах тогтолцоог сайжруулж, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Мэдээллийг шуурхай, нээлттэй болгох нь нэн чухал байна гэж тэд ярьж байв. Сэтгүүлчид ч тэдэнтэй санал нэг байлаа.
Хэрэв төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог сайжруулвал хилийн боомт дээр төрийн байгууллагуудын олон ажилчдыг бөөгнөрүүлэх шаардлагагүй, төрийн байгууллагууд үүрэг хариуцлагаа гаалийн харилцаанд оролцогчдод чирэгдэл учруулалгүй биелүүлэх боломжтойг ч гаалийнхан бас дурссан.
Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих байдал улам дээшлэнэ, ямар нэг байцаагчаас хамааралгүй гаалийн харилцаанд оролцох боломж бүрдэнэ гэж гаалийнхан найдаж байна. Ингэснээр гаалийн улсын байцаагчдын ажлын хариуцлага ч дээшилж, хээл хахууль багасах магадлалтай. Ер нь дэлхийн хөгжингүй улс орнууд ч ийм байдаг.
“Шинжлэх ухааны үндэслэлтэй, магадлал, логикийн онолд тулгуурласан математик, эконометрикийн загварчлалыг эрсдлийг онилох үйл ажиллагаанд ашигласнаар гаалийн хяналтын технологи арга ажиллагаа цэгцтэй болж, хувь хүнээс хамаарах хамаарлыг багасгана” гэж ГЕГ-ын газрын дэд дарга Д.Оюунчимэг хэлсэн юм.

No comments: