Wednesday, 2 March 2011

НҮҮРСЭНД ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАХ ЭРТ БАЙНА

“Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 24, 25-нд боллоо. Энэ чуулга уулзалтын үеэр Монголын эдийн засгийн тулгуур салбар болно гэж олон хүний үзэж буй нүүрсний салбар зөв голдиргод орох арай л болоогүй санагдлаа.

Мэдээж жил бүр манай олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад экспортын орлого ч өснө. Тавантолгойгоос иргэд хишиг хүртэнэ. Гэвч нүүрсний салбарыг бүхэлд нь харахад маш их зүйл хийх хэрэгтэй байна. Хэдийгээр олон тэрбум төгрөгөөр зарцуулах бүтээн байгуулалтыг хурдан хийнэ гэж амлацгааж буй ч тийм амархан хийхгүй нь ойлгомжтой.

Олборлосон нүүрсээ тээвэрлэх дэд бүтэц барих, гадаад зах зээлд гаргах хямд төсөр тээвэрлэлтийг (logistics) олох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх, монголчуудад ажлын байр бий болгох, гадаад зах зээлийг сайтар тандаж мэдэх, маркетингээ зөв боловсруулах, нүүрсээ ханасан үнэд нь зарах, ард иргэддээ илүү өгөөжтэй, байгаль орчинд хоргүй байлгах, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэх мэт олон асуудлуудыг богинохон хугацаанд шийдсэн туршлага манайд бий гэж үү.

Энэ мэтчилэн асуудлуудыг бүрэн шийдсэний дараа л Монгол дэлхийн дэвжээнд нүүрсний том тоглогч боллоо гэх учиртай. Эс тэгвээс хоосон тоогоор сэтгэлээ хуурна. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 300 ам.доллар хүрэх нь тонн нүүрсээ 50 орчим ам.доллараар зардаг монголчуудад огт хамаагүй.

Хэрэв одоогийн янзаараа шуурвал Хятадын коксжих нүүрсний 50 хувийг манай улс дангаараа хангана, 2025 он гэхэд экспорт 75-100 сая тонн хүрнэ гэж сэтгэлээ зогоох дэмий. Байгаль орчныг сүйтгэж гаргасан нүүрсээ доод ханшаар нь зараад байвал Монгол дэлхийн эрчим хүчний том тоглогчидтой эн зэрэгцэхгүй. Өнгөрсөн онд урд хөрш 130 сая тонн нүүрс импортолсны 30 хувийг манай улс, 39 хувийг Австрали Улс импортолжээ. (Өнөөдөр сонин) Хэрэв бид ухсан нүүрсээ Австралитай ижил үнээр зарсан бол энэ бахармаар тоо, гэвч тийм биш нь харамсалтай. Тэгэхээр олборлосон нүүрсээ үнэд оруулах хамгаас чухал.

Нүүрсээ зарах гадаад зах зээлийн боломжууд улам нэмэгдэж байгаа тул нүүрсний салбарынхан чадлынхаа хэрээр нүүрс ухаад урагшаа гаргаад байх хүсэлтэй. Гэхдээ байгаль орчин ба нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, эерэг нөлөөг ихэсгэхийн тулд нүүрсний салбарынхан бүхий л үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулах шаардлагатай байна. Болж л өгвөл цаг алдалгүй нүүрсээ экспортлоод байх хүсэл эрмэлзэл төрд ч, хувийн хэвшлийнхэнд ч бий. Тэгэхээс ч анги замгүй. Хэчнээн бага үнээр өгдөг ч ашигтай нь мэдээж.

Хятадад нүүрсний хомсдол бий болж, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахаа байгаад сүүлийн хоёр гурван жил коксжих нүүрсний дэлхийн хамгийн том импорлогч болсон гэж чуулга уулзалтын үеэр гадаад дотоодын мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ хэрэгцээг нь дагаад манай улсын нүүрсний экспорт ч эрс нэмэгдсэн. “Монгол маш хурдацтай хөгжиж байгаа нүүрс экспортлогч орон” гэж чуулга уулзалтад илтгэл тавьсан “Shanxi Fenwei Energy” компанийн Ерөнхий захирал Чан Июжин ярьсан билээ.

Гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчид ч манай улс руу шуурсан гол шалтгаан нь урд хөрш. Тэд Монголд дэд бүтэц байгуулж, түргэн шуурхай нүүрсийг гадаад зах зээл рүү яаж экспортлох вэ? гэдгийг илүү сонирхож байсан. Ингэх нь ч ойлгомжтой. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдснээр Монголын эдийн засаг ч бяр суусан билээ.

Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт эрс нэмэгдсэн. Нийт 20 сая тонн нүүрс олборлосноос Хятад руу 16.6 сая тонныг нь экспортолсон гэж Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр бол 2010 оны эцэст манай улсын экспорт 1.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2009 онтой харьцуулвал 65.7 хувиар өссөн байна. Нийт экспортын 80 шахам хувийг эрдэс баялаг эзэлсэн бөгөөд зэс, нүүрс, түүхий нефтийг 100 хувийг БНХАУ-д экспортолсон ажээ. Тэгэхээр 16.6 сая тонн экспортоо дэлхийн зах зээлийн дээд ханшад хүргэж чадаагүй гэсэн үг.

Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Нүүрснээс олсон мөнгө чамлахааргүй. Монголын нүүрс ирэх жилүүдийн төсвийн өнгийг тодорхойлох цаг ирлээ гэцгээж байна. 2010 онд нүүрснээс 877.6 сая ам.доллар, зэсээс 770.6 сая долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давжээ. Хэрэв энэ тоо үнэн бол өнгөрсөн жилд бид нэг тонн нүүрсээ дунджаар 52.8 ам.доллараар зарчээ.

“Хэрэв энэ тоо үнэн бол” гэдэг сэтгүүлзүйд байж болошгүй хэллэг ч нүүрсний хувьд ингэж хэлэхээс ч өөр аргагүй байна. Чуулга уулзалт оролцсон гадаад, дотоодын хүмүүс ба хэвлэл мэдээллээр тархаж буй баримт тоонууд тонн, тонноор, сая саяар зөрөөтэй.

Жишээлбэл нүүрсний нөөцийн тухай тодорхой тоо алга. 120, 160, 150, 200 тэрбум тонн орчим нөөц бий мэргэжилтнүүд маргаж байна. Үүнийг нэг мөрийг болгохыг чуулга уулзалтын үеэр ярилцсан. Нүүрсний нөөцийг таамаглахыг ойлгож болох юм. Гэтэл өнгөрсөн жил олборлосон ба экспортолсон нүүрсний хэмжээ олон янз байна. Өнгөрсөн жил 18 сая тонн, 16.6 сая тонн, 14 сая тонн нүүрс экспортолсон гээд л холбогдох албаны эрх мэдэл бүхийн дарга нарын хэлсэн тоонууд зөрч байна. Бас батлагдсан нөөц ч зөрөөтэй. 15 тэрбум, 30 тэрбум гээд л... Энэ байдлаас дүгнэхэд нүүрсний салбарт нарийн тооцоо, хяналт гэж байдаггүй бололтой. Нарийн тооцоо, хяналтгүй нүүрсний олборлолтоо эрс нэмэх эрсдэлтэй. Наад зах нь байгаль орчинд их хохиролтой.

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

Монголд оролцоогоор 200 гаруй орд илэрснээс 50 гаруй ордыг ашигладаг гэнэ. Нүүрсний салбарт 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 28 нь нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагааны тайлангаа холбогдох албаныханд өгдөггүй гэж УИХ гишүүн Д.Оюунхорол хэлснийг Өнөөдөр сонин бичжээ.

Энэ тухай Хариуцлагатай уул уурхай ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Долгормаа ч гэсэн чуулга уулзалтын индэр дээрээс ярьсан. Олон уул уурхайн орд нөхөн сэргээлтийг хийхгүйгээс мал бэлчээргүй, хүн усгүй болж байна. Хөрсөнд ургамал ургахгүй, цөлжиж байна. Үүнээс болоод төрсөн нутагтаа амьдарч чадахгүй. Улаанбаатарт ирж байна. Уул уурхайгаас болж эрүүл мэнд хохирч, аюулгүй байдал нь хангагдахгүй байна гэсэн билээ. Ер нь бол Монгол орны хөрс бол маш эмзэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Нөхөн сэргээлт хийлээ ч гэсэн хөрс нь унаган төрхөндөө ортлоо уддаг ажээ.

Мөн усыг хэрхэн ашиглах нэгдсэн бодлого бий болоогүй байна. Үнэ цэнийг нь нэмэхийн тулд нүүрсийг угааж, баяжуулаа гэхэд усны хангамжийн асуудал хурцаар тавигдах ажээ. Монгол бол ус ховор улс орны тоонд ордог. Хэдийгээр усны эрхзүйн орчинг бүрдүүлж, хяналтыг чангалж, усыг дахин ашиглах технологи бүх компаниудад хэрэглүүлэхийг БОАЖЯ чармайж байгаа ч усны асуудал тодорхой биш байна.

“Усны хангамж амин чухал. Удахгүй том том компаниуд хоорондоо усны төлөө өрсөлдөх үү?” гэж “Эрдэнэс МГЛ” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Энэбишээс асуухад “Ус бол чандмань эрдэнэ. Ус бол хүний амьдралд ч, уул уурхайн олборлолт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ч адилхан чандмань эрдэнэ байдаг юм байна... [Хэрэв] өрсөлдөх хандлага бий болох юм бол төр засгийн бодлогоор зохицуулах ёстой. Ялангуяа ач холбогдол их өгч байгаа төслүүд дээрээ илүү анхаарах учиртай” гэж хэлсэн. Бас “Усны хайгуулыг судлалыг хийх хэрэгтэй. Хувийн компаниуд бол өөрсдийнхөө ордын хажууд бүгдээрээ хайгуул хийчихсэн байгаа байх. Тэгэхээр нэгдсэн бодлоготой байх шаардлагатай” гэж тэр хэлсэн.

Гэхдээ одоо байгаль орчин сүйрнэ, усгүй болно гэсэн ч одоо нэгэнт сонгосон замаасаа ухрах боломжгүй. Үүнийг ч “Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт харууллаа. Нүүрсний салбарынхан сүүлийн арваад жил эрч хүчийг авч, баян чинээлэг болж, дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсанаа чуулга уулзалтаараа гайхуулсан. Арга ч үгүй юм. Монголд нөөц нь байна. Хажуухан талд нь бурхны авралаар дэлхийн хамгийн том нүүрсний импортлогч байна... Тэгэхээр хамгийн дэвшилт техник технологийг ашиглаж байгаль орчноо багахан сүйтгээсэй.

НҮҮРСЭЭ ДУТУУ ДУЛИМАГ СУДАЛДАГ УУ? ЭСВЭЛ...

Нүүрсний салбарынхан дэлхийн зах зээлийн дээд үнээр Хятад Улсад нүүрсээ зарж чадахгүй байгаа нь хятадуудын биш монголчуудаас болдог бололтой.

“Wood Wackenzie”-ийн Хойд Азийг хариуцсан ахлах шинжээч Жон Фу монголын нүүрс хямд байгаагийн шалтгааныг (угаагүйгээс гадна) “Коксжих нүүрсээ хятадын зах зээлд зарах маркетингаа та нар боловсруулаагүй. Ихэнх нүүрсийг борлуулагчаар дамжуулж арилжаалдаг. Та нар Хятадад гаргаж байгаа бүтээгдэхүүнээ дутуу дулимаг судалдаг юм болов уу” гэсэн.

Энэ нь зарим монголын сэтгүүлч, ажиглагчдын бичсэнтэй таарч байна Тэд улстөрийн бүлэглэл уул уурхай руу орж, хоорондоо уралдан үнийг буулгаад байна. Мэргэжлийн наймаачид байдаггүй гэсэн. Бас доктор Ч.Хурц “Төрийн ямар ч зохицуулалтгүй дуртай хүн нь гадны зах зээлд гарч бие биетэйгээ өрсөлдөөд нүүрсний үнийг унагаж эцэст нь ашиггүй хоцорч байна” гэж хэлсэн билээ.

Эндээс чанар сайтай нүүрсээ өндөр үнээр зарч чаддаггүй нь гадаад зах зээлээ тандаж мэдээгүй бас мэргэжлийн биш хүмүүс улстөрийн нөлөө чадлаараа нүүрсний бизнест орсноос болжээ гэж дүгнэж болмоор байна.

1 comment:

M.Ariuntsengel said...

hi, unshuushtai niitleluudiig chin bainga unshdag shuu. Asuuh yum baina. MGL-d 54 aj akhuin negj nuursnii uul uurhain uil ajillagaa yavuuldag gej baina. ternees 28 huvi ni nukhun sergeelt hiideggui gesen ni her boditoi too ve? nukhun sergeelt hiideg company er ni baigaa yumuu? Baidag bol bas duridmaar baina.