Monday, 21 March 2011

ЗАСГИЙН ГАЗАР БА БИЗНЕСИЙНХЭН ҮЛ ОЙЛГОЛЦОВ

“Бизнесийн орчинг шинэчлэх жил” –ийн тавьсан зорилтууд санаснаар бүтсэнгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”–ийн талаарх санал оноог нь сонсохоор бизнес эрхлэгчидтэй уулзахдаа даваа гарагт хэлсэн. Товлосон цагаасаа нэг цаг хоцорч ирээд зарим бизнес эрхлэгчдийн зэмлэл хүртсэн Ерөнхий сайд тэдэнтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байлаа.

Ажлын байрыг нэмэгдүүлэх нь зөвхөн Засгийн газрын ажил биш бүгдээрээ хамтдаа хийх ажил. Засгийн газар энэ үйлсэд манлайлж, зөв зохион байгуулж, зохицуулах ёстойг Ерөнхий сайд ярианыхаа эхэнд хэлсэн. Тэрбээр бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа нь хэрэлдэж, маргах гэсэн биш харин тодорхой асуудлуудыг шийдсэн шийдлүүдийг сонсох зорилготой гэдгээ ч бас сануулсан. Түүнээс биш зовлон тоочвол бүгд тоочно гэж ярихдаа Ерөнхий сайд “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханг онцолж “Манай Жаргалсайхан захирал” ирчихсэн байна гэж байгаад хэлсэн юм. Ерөнхий сайд мөн миний үгийг сонсооч гэж МҮХАҮТ дарга С.Дэмбэрэлээс гуйж байгаад яриагаа үргэлжүүлсэн.

Ерөнхий сайдын ярьсан яриа товч бөгөөд тодорхой, ажил хэрэгч байлаа. Тэрбээр мэргэжлийн холбоодуудад илүү хариуцлага өгөх хүсэлтэйгээ илэрхийлээд тэднийг түргэн хугацаанд салбарын бодлогоо төлөөлөх чадвартай болоосой гэлээ. Мөн өнгөрсөн онд 100 гаруй зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлсэн гэдгийг дурдав.

Хууль хэлэлцэх үед мэргэжлийн холбоодын дуу хоолой бүдэг сонсогддог, тэд хуулийн хэлэлцүүлэгт муу оролцдог. Тэгсэн атлаа хууль батлагдаад, хэрэгжээд эхэлсэн хойно сэтгэлийн хөдөлгөөнөөрөө “цочмог” эсэргүүцдэгийг Ерөнхий сайд шүүмжилсэн. Уг нь бол мэргэжлийн холбоо, төр бус байгууллагууд хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох ёстой ажээ.

Ерөнхий сайд бас бичил бизнес буюу өрхийн бизнесийг том компаниудтай холбож, үйл ажиллагааг нь дэмжье гэсэн нэг шинэ санааг хэлсэн. Зарим улс оронд том компаниуд өрхийн жижиг үйлдвэрүүдэд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ захиалж хийлгэдэг юм байна. Жишээлбэл, хэрэв Ерөнхий сайдын хэлсэн санаа бүтлээ гэхэд, "Говь" компани ноолууран цамцаа өрхийн жижиг үйлдвэрүүдэд захиалж хийлгээд, өөрийнхөө нэрээр зах зээлд зарах ажээ.

Хэрэв энэ санаа “мөрөөдөл биш мөнгө” болвол Ерөнхий сайд Засгийн газраас өрхийн бизнес эрхлэгчдэд хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь аваад өгчихнө гэж амласан. Харин түүнийг бизнес эрхлэгчид хэр дэмжсэнийг хэлэхэд бэрх. Ямартаа ч алга ташаагүй.

Бизнес эрхлэгчид санаа оноогоо хэлэх цаг болоход Ерөнхий сайд тэднээс ажил хэрэгч, шийдвэрлэж болох санал хэлэхийг хүссэн боловч бизнес эрхлэгчид шийдвэрлэж болохгүй байгаа асуудлуудыг шүүмжиллээ. Тэд өөрсдийгөө маш “давшингуй байхаар бэлтгэж” ирцгээсэн нь анхны хүний хэлсэн үгнээс илт байлаа. Бизнесийн орчинг шинэтгэх жилийн ажил эхэндээ эрчтэй байсан ч сүүлдээ унтраад алга болсон гэж өндөр дуугаар ярьсан хүнд Ерөнхий сайд “Сонгууль арай болоогүй байгаа шүү дээ” гэж сануулж суудалд нь суулгасан юм.

Харин “Хьюндай моторс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах уул уурхай салбарт жолооч их хэрэгтэй байгааг дурдаад том оврын машин тэрэг барьдаг Е ангиллын жолооч нарыг цэргийн ангиудад 3-6 сарын хугацаанд хагас цэрэгжүүлсэн байдлаар бэлдвэл яасан юм бэ? гэсэн санал дэвшүүлж байна лээ. Түүний үзэж буйгаар цэргийн ангиудад жолооч нарыг хагас цэрэгжүүлсэн байдлаар бэлдэх нь хээрийн нөхцөлд жолооч нарыг ажиллахад сэтгэлзүйн сайн бэлтгэл болж, сахилга батыг нь дээшлүүлэх аж.

Төрийн үйлчилгээ удаан байна, хүндрэлтэй байна, хүнд суртал арилаагүй байна гэх мэт санаанууд хувиараа бизнес эрхлэгчдийн хэлсэн үгнээс цухуйж байлаа. Ерөнхий сайд "Нэг санаагаа нэг л хэл!", "Нэг хүн хамгийн удаан гэхэд гурваас илүү минут ярихгүй шүү!" гэж сануулж байхад Буянгийн Жаргалсайхан "их буу алдсан мэт" нүргэлж нэлээн удаан ярилаа. Түүнийг Ерөнхий сайд анхнаас ““Жаргалсайхан захирал толгойгоо хөдөлгөөд л, нэг юм ярих гээд сууж байна. Яагаад би Жаргалсайхан захирлыг яриад байна гэхээр яг миний өмнө сууж байна л даа” гэх мэт дурдаад байсан болохоор аргагүй ч юм уу.

Ер нь Засгийн газрын тэргүүн, бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцахыг нь хажуунаас харахад, хатуухан хэлэхэд дайсагнал, зөөлхөн хэлэхэд үл ойлголцол эдэнд байна уу даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Уг нь манай Ерөнхий сайдыг мундаг бизнесмэн гэдэг. Тэр утгаараа эд хоорондоо маш амархан ойлголцож болмоор гэтэл тийм биш нь илт харагдсан. Энэ нь гээндээ ч байх шиг, гоондоо ч байх шиг. Засгийн газар ажилгүй иргэдээ ажилтай болгоход хамтарч ажиллая гэж бизнес эрхлэгчдийг гуйж байхад нөгөөдүүл нь тэгье гэхийн оронд хувийн бэрхшээл зовлон, бухимдлаа яриад байгаа нь буруу ч юмшиг. Нөгөө бодлын бизнес эрхлэгчдийн зовлон бэрхшээлийг арилгаж байж л ард иргэдээ ажилтай болгох нь ойлгомжтой тул Засгийн газар өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийчихээд бизнесийнхэнтэй тохиролцмоор ч юмшиг. Гэхдээ 100 хувь төгс зүйл гэж хаа байхав, дээрх хоёр туйлшралын голоор явахад л хэл амаа ололцох болов уу гэж найднам.

Эцэст нь тэмдэглэхэд олон бизнес эрхлэгчид Засгийн газрыг бодит байдлыг анзаардаггүй, “хийсвэр, мөрөөдөмтгий” гэж дүгнэдэг бөгөөд тэд Засгийн газар уул уурхай руу хэт хошуураад жинхэнэ бүтээдэг, улс орноо бодиттойгоор хөгжүүлдэг салбарынхныг гадуурахаад байна “гомдолтой” явцгаадаг нь анзаарагдсан. Ерөнхий сайд уул уурхайг хөгжүүлэх нь гол биш харин монгол хүнээ хөгжүүлж, эдийн засгаа чадваржуулах нь гол зорилт, уул уурхайн салбараас олсон орлогоо бусад салбараа, тухайлбал жижиг, дунд үйлдвэрээ эрчимтэй дэмжихэд зарцуулна гэж хэлээд байхад ч бизнес эрхлэгчид үл итгэсэн байртай сууцгааж байлаа.

No comments: