Wednesday, 9 March 2011

САЯ ТӨГРӨГИЙН АЖИЛ

Ажилгүй хүмүүст сонордуулахад, үзээд алдахад алзахгүй нэг бизнес байна. 30-45 хоногийн хугацаатай сургалтанд суралцаад зөвхөн өөрийгөө биш өрөөлийг ч тэжээх боломжтой болно.

“Манай төвд гар утасны засварчин мэргэжлээр төгссөн хүн, байршлаасаа шалтгаалаад, өдөрт 50-60 мянгөн төгрөгнөөс буудаггүй. Татвар, түрээсийнхээ мөнгийг төлчихөөд цаана нь 50-60 мянган төгрөг олох чамлахааргүй байгаа биз?” гэж “Цахимхүү” ХХК-ийн “Солонго” сургалтын төвийн захирал Ш.Батжаргал хэлсэн юм. (Энэ нь сард дор хаяж сая төгрөг гэсэн үг.)

Гэр ахуйн электрон ба цахилгаан хэрэгсэл, гар утас, компьютер гэх мэтчилэн зүйлсийг засварлах засварчин бэлтгэдэг “Солонго” сургалтын төв нь 2004 оноос хойш Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажилласан ажээ.

“Солонго” сургалтын төвийг хуучин Нийтийн аж ахуйн үйлчилгээний өнгөт телевизорын засвар үйлчилгээ гэж нэрлэдэг байсан газар ажиллаж байсан засварчид байгуулжээ. Зах зээлд шилжиж байх эхний үед мэргэжлийн сургалтууд байхгүй болсон тул тэнд ажиллаж байсан засварчид хойч үеэ бэлтгэхэд санаа тавьж хажуудаа мэргэжилгүй залуучуудыг дагалдуулан сургадаг байсан нь өнөөдөр өргөжин сургалтын төв болжээ.

Эднийх зөвхөн Улаанбаатар хотод сургалт зохион байгуулдаггүй. Мөн хөдөө орон нутагт мэргэжлийн сургалт зохион байгуулдаг. Батжаргалын хэлснээр бол хөдөө орон нутгийг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утасны засварчингаар ерөнхийдөө хангасан аж. “Хэдэн жилийн өмнө хөдөөнийхөн телевизор, гар утсаа засварлуулахын тулд хот руу орж ирдэг байсан. Харин одоо хот руу ирэх шаардлагагүй болсон” гэж тэр хэлсэн юм.

Хөдөө орон нутгийн ХХҮХ, сургалтад орох хүмүүсийг бүртгэж аваад “Солонго” төвд захиалга өгдөг юм байна. Захиалга авсны дараа тус төвөөс багш очиж сургалт зохион байгуулна. Тэд зөвхөн сургалт зохион байгуулаад орхих биш мөн төгсөгчдөө ажлын байртай болоход нь тусалж тоног төхөөрөмж, сэлбэгээр хангадаг.

Ер нь “Солонго” төвийнхөн төгсөгчидтэйгээ байнга харилцаатай байж, Батжаргалын хэлснээр бол, гинжин холбоо үүсгэдэг бөгөөд тэднийг сургалтаа төгссөнийх нь дараа нийслэлд байдаг гурван засварын газрынхаа аль нэгэнд нь дадлагажуулах боломжтой гэнэ.

“Төгссөн залуусаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд сэлбэг материалаар хангах, мөн шинэ техник технологи нэвтрэхэд тэднийг дахиж шинээр дадлагажуулах, сургалтанд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг” гэж Батжаргал хэлсэн юм.
“Манай мэргэжил бол орчин үед хамгийн хэрэгцээтэй мэргэжил. Гар утасгүй, зурагтгүй, компьютергүй хүн гэж бараг алга. Энэ мэргэжлийг цаанаас нь зах зээл нь шаардаж байна. Тэгэхээр ажлын байр бэлэн гэсэн үг” гэж Батжаргал ярьж байлаа. Тэдний тооцоогоор бол нийт төгсөгчдийнх нь 70-80 хувь ажлын байртай болсон ажээ. 2004 оноос хойш тус сургалтын төвийг 1000 гаруй хүн төгсчээ.

Мөн “Солонго” сургалтын төвийг төгсөгчид ажлын байраа бий болгоход Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5 сая хүртлэх төгрөгийг зээлдэх боломжтой. 5 сая хүртлэх төгрөгний зээл авахын тулд тус төвийн төгсөгчид 3-7 хоногийн бизнес сургалтад суралцах ёстой. “Энэ сургалтад хамрагдсанаар зээл хэрхэн авах, зээлийн хүүг яаж төлөх, бизнесээ яаж явуулах, яаж өргөжүүлэх бизнес төлөвлөгөө хэрхэн бичих гэх мэт бүх зүйлсийг сурна. Бизнес сургалтад сурсан гэрчилгээ авна. Тэгээд гэрчилгээ, бизнес төлөвлөгөө бариад банканд очиход зээл авах боломжтой” гэж Батжаргал хэлсэн юм.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Мэдээж үнэгүй сургалт гэж юу байх вэ. “Солонго” сургалтын төв байраа түрээслэнэ, хэрэглэсэн тог цахилгаанаа төлнө, багшаа нараа цалинжуулна гэх мэт олон зарлага гаргана. Товчхондоо, “Солонго” сургалтын төвийн мэргэжлийн сургалт нь төрлөөсөө хамаараад 200-250 мянган төгрөгний төлбөртэй.

Гэхдээ төлбөрийг нь бууруулах бас боломж бий. Хөгжлийн бэрхшээлтэй, 9,11 дүгээр анги төгсөөд ажил мэргэжилгүй байгаа, цэргийн албанаас халагдсан, амьжиргааны түвшин доогуур хүмүүс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлттэй үнээр суралцаж болно.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар сурсан тохиолдолд 70 мянган төгрөгийг өгдөг. Үлдсэн мөнгийг нь хувь хүн өөрөө ч юм уу, ажил олгогч нь төлдөг” гэж Батжаргал хэлсэн. Энэ дашрамд дурдахад ажил олгогч нар ажилчдынхаа төлбөрийг төлөөд сургах нь ховор байдаг гэнэ.

Тэр мөн “Ажил олгогчоо олоогүй, хувиараа ирсэн зарим хүмүүс төлбөрөө төлж
чаддаггүй. Ийм нөхцөлд бид уян хатан ханддаг” гэж ярьсан билээ.

Батжаргал хэлэхдээ, заримдаа тэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан 70 мянган төгрөгөөр л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах тохиолдолд байдаг гэнэ. “Хэрэв олон хүн нэг ээлжинд сурвал бид зарим хүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан 70 мянган төгрөг дээр нь 20, 30 мянган төгрөг нэмж аваад л сургадаг даа” гэж тэр ярьсан.

Тэгэхээр ажил, мэргэжилгүй хүн үнэхээр ажил, мэргэжилтэй болоё гэвэл “Солонго” сургалтын төвийг зорьж очоод асууж лавлахад алдах юм байхгүй. Гэхдээ “Мөнгө дутаад байна, яах вэ ахаа” гээд толгойгоо маажаад зогсох хаашаа ч юм бэ дээ. Үнэхээр суралцах, ажиллах сонирхолтой бол сая төгрөгний орлоготой болсныхоо дараа төлбөрөө төлнө гэж амлаад суралцаж болох ч юм уу...

No comments: