Wednesday, 2 March 2011

ХУВЬЦААНЫ ДАНС ГЭЖ ЮУ ВЭ?

Сүүлийн үед Хөрөнгийн бирж рүү цувах иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Иргэд Хөрөнгийн биржэд байрлах Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны хаалганы өмнө урт дараалал үүсгэн зогсох боллоо. Хальт харахад картын бараатай ерээд оны үе шиг дур зураг үзэгдэнэ. “Өдөрт 60-120 хүн ирж хувьцаа ба үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд дансны талаар мэдээлэл авдаг, үйлчлүүлдэг байсан бол ойрын хэдэн өдөр иргэд ирэх нь ихслээ. Нэг өдөрт бараг 400 иргэд ирсэн” гэж ҮЦТТТХТ-ийн ажилтан ярьсан юм.

Урт дараалалд зогсох иргэдээс ямар зорилготой тэнд очсоныг нь асуухад ихэнх нь “Тавантолгойн хувьцааг асуухаар ирлээ” гэж байсан. Тэдний дунд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд дансгүй иргэд олон байлаа.

Тиймээс бид энэ удаагийн дугаартаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данс хэрхэн нээлгэх талаар ҮЦТТТХТ-ийн ажилтнаас лавлаж асууснаа нийтлэж байна. Иргэн бүр энэ талаар зөв ойлголттой байх шаардлагатай. Яагаад гэвэл хэрэв та Тавантолгойгоос хишиг хүртэе гэвэл үнэт цаасны данстай ёстой. Учир нь энэ дансаар дамжин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа танд очно.

Гэхдээ урьдчилан сануулахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахын тулд заавал өнөө маргаашгүй данс нээлгэх албагүй. Учир нь хэрэв та иргэний шинэчилсэн бүртгэл, хүн ам, орон сууцны тооллого хоёрт хамрагдсан бол ямар ч асуудалгүй та үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай болно. 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүн бүхэн данстай болж, хувьцаа эзэмшигч болно гэдгийг холбогдох албаны хүмүүс сануулж байна.


ХЭРХЭН ХУВЬЦААНЫ ДАНСТАЙ БОЛОХ ВЭ?

Хэрэв та өмнө нь аливаа нэг байгууллагын хувьцааг эзэмшиж байгаагүй, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд дансгүй бол үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан, Хөрөнгийн биржэд арилжаа хийдэг брокер дилерийн компаниудаас нэгийг сонгож түүгээр зуучлуулан данс нээлгэнэ. Энэ дашрамд хэлэхэд зарим иргэд их хувьчлалын цэнхэр тасалбараараа аливаа нэг байгууллагын хувьцаа авчихаад түүнийгээ мартсан байдаг. Хэрэв тийм бол тэдэнд шинээр данс нээлгэх хэрэггүй. ҮЦТТТХТ-д иргэний үнэмлэхний регистрийн дугаараараа шүүлгэж болно. Мөн удахгүй ҮЦТТТХТ www.schcd.mn гэдэг өөрийн вебсайттай болно. Ингэснээр та цахим сүлжээгээр данстай эсэхээ шалгах боломжтой болно.

Манай улсад одоогийн байдлаар 46 брокер дилерийн компани бий. Тэдний орших хаяг, холбогдох утасны дугаарыг ҮЦТТТХТ-д очиж мэдэхээс гадна www.mse.mn гэдэг вебсайтаас авч болно.

Зарим хүмүүс зөвхөн оршин суугаа газрынхаа ойролцоох брокер дилерийн компанид данс нээлгэх ёстой гэж боддог. Энэ бол заавал тийм байх албагүй. Та өөрийнхөө үзэмж, шалгуураараа шүүсэн аль ч брокер дилерийн компанид данс нээлгэх, үйлчлүүлэх боломжтой. Энэ боломж хөдөө орон нутагт хомс байж болох юм. Учир нь 46 брокер дилерийн компаниудын зарим нь хөдөө орон нутагт салбаргүй.

Брокер дилерийн компаниа сонгохдоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн харилцаа, зөвлөгөө хэр сайн өгдөг, ажлын цагаар байнга ажилладаг, байршил нь танд тохиромжтой эсэх гэх мэт зүйлсийг анхаарахаас гадна арилжааны гүйлгээний шимэтгэлийн хувийг нь бас анзаарах хэрэгтэй. Зарим нь өндөр, зарим нь бага шимэтгэлтэй байдаг ажээ. Брокер дилерийн компаниуд таны өмнөөс арилжаанд оролцсоныхоо төлөө шимтгэл авдаг.

Хувь хүн данс анх нээлгэхэд 5 мянган төгрөг төлдөг. Хэрэв та данс нээлгэхээр очих гэж байгаа бол бас иргэний үнэмлэхээ бүү мартаарай.

Брокер дилерийн компанид бүртгүүлж данс нээлгэснээр та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй болно. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гэлтгүй бусад компаниудын хувьцааг ч худалдан авч, эргүүлэн зарч ашиг олж болно. Гэхдээ өөрөө биеэрээ арилжаанд орохгүй. Брокер дилерийн компаниар зуучлуулах ёстой.

Брокер дилерийн компанийн үүрэг бол үнэт цаасны арилжаанд зуучлахад оршино. Үнэт цаас худалдах, худалдан авах, харилцагчдын дансаар дамжуулан мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх зэрэг үйл ажиллагаа брокер дилерийн компаниар дамжин хийгдэх ёстой. Тэд мөн харилцагч та бидэнд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг өгч байх ёстой юм байна.

Заавал брокер дилерийн компаниар дамжих шаардлага байгаа юу? гэж та асууж магадгүй. Заавал шаардлагатай. Учир нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үйлчлүүлэх шаардлагатай гэнэ. Энэ нь аливаа эрсдлийг бууруулахад зориулагдсан аж.

ДАНС НЭЭЛГЭСНИЙ ДАРАА

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай болсны дараа та “Эрдэнэс Тавантолгой” компанийн 550 ширхэг хувьцаагаа хэзээ орохыг хүлээгээд тайван амьдарч болно. Хувьцаа таны дансанд орсны дараа ногдол ашиг өгтлөө мөн жаахан удах байх. Гэхдээ ногдол ашиг өгөхгүй байна гээд 550 ширхэг хувьцаагаа зарах эрх эхэндээ танд байхгүй. Ийм эрхтэй болтлоо мөн жаахан удаж мэднэ. Чухам хэр удахыг одоогоор тодорхой хэлэх албаны хүн алга. Ямартаа ч Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэддээ өгөх хувьцаагаа “дахиад нэг цэнхэр тасалбар” болгохгүйн тулд “тодорхой хугацаанд” заруулахгүй байлгах арга хэмжээ авч байгаа. “Ягаан, цэнхэр хувьцааны түүхийг санаж байгаа байх, та бүхэн. Овсгоотой хүмүүс нь тэр хувьцааг цуглуулж аваад юм болгож чадсан бол бусад нь хоосон хоцорсон. Тийм алдааг дахиж гаргуулахгүй” гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн билээ.

Тэр мөн “Монголын иргэд эзэмшсэн хувьцаагаа үнэтэй цэнэтэй эд юм гэдгийг ойлгож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах чадварт суралцана. Ингээд тодорхой хугацааны дараа хувьцаагаа ашиглах боломжтой болох юм” гэсэн. Бас “Иргэдэд хуваарилах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай байна, тиймээс зарж болохгүй гэсэн үг” гэж Сугар дарга ярьсан.

Тэгэхээр энэ “тодорхой хугацаа” тодорхой болох нь та биднээс хамаарах нь ээ. Өөрөөр хэлбэл та бид хувьцааны тухай мэдлэгтэй, түүгээр мөнгө хийх чадвартай болсон цагт 550 ширхэг хувьцаагаа зарж, бэлэглэж болох юм байна.

Хэдийгээр иргэд 550 ширхэг хувьцаагаа хэсэг хугацаанд зарах эрхгүй ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн бусад хувьцаанаас худалдан авах бүрэн эрхтэй. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн нийт 15 тэрбум хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр зарна гэж Засгийн газар мэдэгдсэн.

Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” гэлтгүй (нэгэнт л данс нээлгэчихсэн юм чинь) бусад хувьцаат компаниудын хувьцааг хямд байхад нь худалдаж аваад, үнэ өсөхөд нь зарж, ханшийн зөрөөгөөр мөнгө хийх боломж танд бий.

Өөрийн дансаа та үйлчлүүлдэг брокер дилерийн компаниараа шалгуулахаас гадна ҮЦТТТХТ дээр биеэр ирж шалгуулж болно. Мөн тус төвийн 70-12-0460 гэсэн гэсэн утсаар лавлаж болох ажээ.

ХЭРХЭН ХУВЬЦАА ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Хувьцаа худалдаж авахын тулд мэдээж дансандаа мөнгөтэй байх хэрэгтэй. Дансандаа мөнгө байршуулснаар та брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд орох эрхтэй болно. Үнэт цаасны арилжаанд орохдоо дансандаа 100 төгрөгтэй байсан ч болно. Таны сонирхсон хувьцааны нэг ширхэг нь 100 төгрөг байвал та дансандаа 100 төгрөг, дээрээс нь брокер дилерийн компанидаа төлөх шимэтгэлээ байршуулаад захиалгаа өгөхөд л хангалттай. Дашрамд хэлэхэд шимэтгэлийн дээд хэмжээ нь 6 хувь байдаг гэнэ.

Хөрөнгийн биржийн вебсайт дээр ийм зөвлөмж өгсөн байна. Хувьцаа худалдаж авахад үнэт цаасны ханшийн талаарх мэдээллийг авах, хувьцааг нь худалдаж авах гэж байгаа компанийнхаа үйл ажиллагааг судлах, санхүүгийн тайланг үзэх, ногдол ашиг тарааж байсан эсэхийг шалгах, удирдлагын менежментийг тандах, тухайн салбартаа эзлэх зах зээлийн байр суурийг нь харилцагч брокер дилерийн компаниасаа заавал лавлах ёстой гэнэ.

Мөн та хувьцаа худалдан авахдаа брокер дилерийн компанитайгаа худалдах, худалдан авах захиалгын гэрээг 2 хувь үйлдэх ёстой. Нэг хувь нь танд хадгалагдах ёстой. Энэ нь ямар нэг маргаан гарахад чухал баримт болдог ажээ.

Эцэст нь сануулахад хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох нь өгөөж, эрсдэл хоёрыг зэрэг дагуулдгыг мартаж болохгүй. Сонголтоо зөв хийхэд зах зээлийн мэдрэмж хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

1 comment:

Anonymous said...

Bayarlaj baigaa shuu chamd, Erdembileg ee. Mongoldoo ochood medeelliig idevhtei sain gargaj gadaadad baigaa bidend tus bolj baigaad tani. Amjilt husie. BM.