Wednesday, 2 March 2011

ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ТА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛНО

“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд хувьцаагаа тараагаад эхэлвэл Монголын нийт хүн ам хувьцаа эзэмшигч болох билээ. Тавантолгойн нүүрсний ордод хайгуулын ба ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 15 тэрбум хувьцааныхаа 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгоно гэж Засгийн газар амласан. Тиймээс Монгол Улсын бүх иргэд хүссэн хүсээгүй хувьцаа эзэмшигч болно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та хувьцааны талаар мэдлэгтэй байх ёстой гэсэн үг.

Хувьцаа гэдэг бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм гэж Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудсан дээр тодорхойлсон байна.

Хэрэв та нийт 100 мянган ширхэг хувьцаа гаргасан компанийн 10 мянган ширхэгийг нь эзэмшвэл тус компанийн нийт хөрөнгийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг ажээ. Тэгэхээр монголын нийт иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгийн 10 хувийг эзэмшинэ гэж ойлгож болох нь ээ. Харин ямар үнэтэй хувьцаа эзэмших нь хараахан тодорхойгүй байгаа. Учир нь хувьцааны үнэ тодорхойгүй байгаа. Үүнийг хөндлөнгийн хараат бус банк, санхүүгийн байгууллага тодорхойлох ажээ.

Хувьцаа энгийн, давуу эрхийн гэсэн хоёр төрөл байдаг. Энгийн хувьцаа эзэмшигч хувьцааныхаа тоотой хувь тэнцэх саналыг хувь нийлүүлэгчдийн хуралд оролцохдоо өгөх эрхтэй. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсөний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй. Компанийг татан буулгах үед компанийн үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхтэй. Компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх гэх мэт нийт найман эрх эдлэх ажээ.

Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигч эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах эрхтэй. Компанийн хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох эрхтэй. Бас компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах эрхтэй юм байна.

No comments: