Monday, 21 March 2011

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БОХИР УСНААС УЧРАХ ХОХИРОЛ 324 ТЭРБУМ ТӨГРӨГ

Монголын хөгжил байгаль орчноо бохирдуулж байна. Агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол...үнэндээ бохирдоогүй зүйл алга. Улаанбаатар гэж нэг гамшгийн хот байна. Хүн байтугай тарьсан модод нь өнгө зүсгүй, бүгд шахам угаартаад “муужирчихсан” харагдана. Өвөл нь утаа угаартуулж, хальтаргаа гулгаа “тэнцвэр шалгаж”, хавар нь шивтэр ханхалж, хог хийссэн, зун, намартаа тоос шороо боссон, жилийн дөрвөн улиралдаа осол аваар элбэг, хэд алхаад бүдэрч унамаар, машинд дайруулмаар, траншейнд ойчмоор...хэдэн жил байлдвал ийм болох бол гэж бодогддог, Ерөнхийлөгчийн хэлсэн шиг “синдромтой” хот.

Улаанбаатар “синдромтой” болоход бид байлдсангүй, дайтсангүй харин хөгжлөө. Хорин жилийн өмнө ийм байхыг мэдсэн бол олон хүн хөгжихгүй гэнэ. Энэ замбараагүй хөгжлөөс болж олон ч хүн “хохирч, бохирдож” байна. Гэвч одоо буцах замгүй засаж залруулах л зам бий.

Санаагаар болдог бол манайх шиг сийрэг хүн амтай улсын ард түмэн хамгийн цэвэр агаар амьсгалж, хамгийн цэвэр ус ууж, хоол идмээр. Гэтэл тийм биш. Та зөвхөн улаанбаатарчууд л хорддог, хөдөө орон нутгийнхан эв эрүүл гэж маргаж магадгүй. Гэтэл бас тийм биш. Наад зах нь уул уурхай, малын баас шээснээс болоод цаана чинь “ус уухад бэрх” болжээ. Энэ миний гаргасан дүгнэлт биш мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлт шүү.

Үнэндээ манайд хөгжсөн улс орнууд шиг усны чанарыг нарийн судалж шинжилдэг аргачлал хараахан хөгжөөгүй байгаа ч одоогийн түвшиндээ судлахад сүүлийн жилүүдэд усны бохирдолд эрс нэмэгджээ. Усны чанарыг судалдаг олон аргачлал байдгаас манай мэргэжилтнүүд ОХУ-д хэрэглэдэг аргачлалыг хэрэглэж энэ дүгнэлтийг хийжээ. Тиймээс ч усыг хамгаалъя гэж хоосон ярих биш харин хайрлаж байж л усыг жинхэнэ утгаар нь хамгаалах ёстой гэж усны мэргэжилтнүүд хэлж байна. Тэд усыг хамгаалахын тулд Усны сантай болж, бохирдуулагч нь төлөгч гэсэн зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэцгээж байна.

Усны газрын дэргэд “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн эдийн засагч Ж.Гэрэлчулуун Туул голыг жишээ болгож усны бохирдлоос учрах хохирлын эдийн засгийн үнэлгээг хийжээ. Түүний хийсэн судалгаагаар бол, Туул голын гуравхан цэгт (Уубулан, Сонгино, Алтанбулаг) 2008 онд химийн бохирдлоос учирсан хохирлыг төгрөгөөр хэмжихэд нийт 46 тэрбум 169 сая төгрөгийн хохирол гарсан байна. “Энэ зөвхөн манай оронд элбэг тохиолдох амоны азот, нитрат, фосфат,манганийн нэгдлүүд, биологийн идэвхт хүчилтөрөгч зэрэг 5 төрлийн бодисыг сонгож аваад тооцоолсон судалгаа!” гэж Гэрэлчулуун сануулсан юм. Хэрэв энэ усны бохирдлыг бүр нарийвчлан судалвал эдийн засагт учрах хохирол улам их гарна гэдгийг тэр хэлсэн.

Зарим гадаад улс оронд байгаль орчны бохирдлоос учрах нийгэм, эдийн засгийн хохирлыг тооцохдоо хүн амын эрүүл мэндэд учрах хохирол, хохирлыг арилгахад гарах зардал, бохирдож сүйрсэн, устаж үгүй болсон байгалийн баялаг төрөл зүйлийн өртөг, үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийн алдагдал, бохирдлоос болж хэдийн хэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо алдаад байгаа гэх мэт үзүүлэлтүүдийг судалж байж цогц судалгааг гаргадаг юм байна.

Харин манайд Туул голын усны чанараас болж хэдэн хүн өвдсөн, нас барсныг судалсан судалгаа байхгүй гэж Гэрэлчулуун хэлсэн. Гэтэл амоны нэгдлүүд, фосфат зэрэг нь давсаг, шулуун гэдэс, ходоод, өндгөвч, зарим төрлийн цусны хорт хавдар үүсгэх магадлалтай ажээ. Түүний судалгаанд татсан нэг жишээнд Монголд орчны доройтол, баталгаагүй хүнс, бүх нийтийг хамарсан ядуурал зэргээс болсон хавдрын өвчлөл улам бүр нэмэгдсэнийг харуулсан байна.

Дээр дурдсан “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Туулын голын гурван цэгт хийсэн судалгааг тус тусад нь авч үзвэл: 30 жилийн өмнө огт бохирдолгүй байсан Уубуланд (Улиастайн дээд талд байрладаг станц) 2008 онд нэг тэрбум орчим төгрөг, Сонгинод 24 тэрбум орчим төгрөг, Алтанбулагт 20 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байх юм. (Энэ зөвхөн таван химийн бодисыг судлахад л шүү дээ. Цаана нь хэчнээн, ямар ч бодис хэр хэмжээнээсээ хэтрээд биднийг бохирдуулж байгааг хэн мэдлээ.) Химийн бодисын бохирдлоос үүсэх эдийн засгийн үнэлгээг нэг тонн бодисыг цэвэрлэхэд орох зардлыг гаргаж тооцдог юм байна. “Гэхдээ аль ч улсад ус бохирдуулсны нөхөн төлбөрийг бүрэн дүүрэн төлүүлж чаддаггүй. Аливаа нэг бодис усанд уусчихвал тэр бодисын хэмжээг стандарт хэмжээнд нь хүргэх л төлбөрийг л наад зах нь авдаг. Гэтэл манайд бүр энэ ч хэрэгждэггүй” гэж Гэрэлчулуун хэлсэн.

Уубулан бол Улиастайн дээд талд буюу Улаанбаатар хотоор урсаагүй Туул голын хэсэг юм байна. Гэтэл тэнд усны бохирдлын хохирол 1 тэрбум орчим төгрөг болсон гэдэг бол манай усны бохирдол зөвхөн хотын оршин суугчид, уул уурхайгаас болоогүй бас хөдөө орон нутгийн иргэдийн модон жорлон, малаас бохирдсоныг харуулж байгаа ажээ. Энд дашрамд дурдахад, модон жорлон гүний усанд муугаар нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэд Улаанбаатар хотын гэр хорооллуудад байх жорлонгийн асуудлыг цэгцэлж шийдэх хэрэгтэй гэж сануулцгааж байгаа.

Харин Сонгино бол Улаанбаатарын хотын төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлдэг хэсгийн доох нь байдаг юм байна. Энэ “нийлүүлж байгаа цэвэрлэсэн” уснаас болж Төв аймгийн Алтанбулаг сумын 3 мянга гаруй иргэд, 182 мянга гаруй мал, Өндөрширээт сумын 2 мянга гаруй иргэд, 133 гаруй мал Туул голоос ундлах боломжгүй болжээ.

“Ус маш олон хүчин зүйлээс бохирддог. Ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас химийн, биологийн гэх мэтээр бохирддог. Ер нь бол бүх бодис стандартаасаа давбал бохирдсон гэж үздэг. Туул голын хувьд бол Төв аймгийн Заамар хүртэл биологи, химийн гаралтай бохирдол зонхилж, Заамараас доошоогоо бол уул уурхайн бохирдол их байдаг” гэж Гэрэлчулуун яриад Туул гол Орхон гол руу цутгаж байгаа өнгөт зургийг үзүүлсэн юм. Тэр зурган дээр Орхон гол, Туул гол хоёрын ус цэнхэр, бор өнгөөр эрс ялгарч байна лээ.

Ер нь манай улс ус хомс улсын тоонд ордог. Тэгээд ч манай газар нутаг, хөрс маш эмзэг тул яаралтай Цэвэр агаарын сан байгуулсан шигээ Цэвэр усны сан байгуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Бид Цэвэр агаарын сан гэж байгуулаад агаарын бохирдлоо төлдөг болсон. Бусад орнууд ч бас ингэж төлбөр хийдэг. Харин одоо Цэвэр усны сантай болох хэрэгтэй байна. Жишээлбэл одоо Улаанбаатар хотын ус цэвэрлэх байгууламжийг засаж шинэчлэхэд хөрөнгийн эх үүсвэр байх гээд байдаг. Гэтэл хэрэв Цэвэр усны сантай байсан бол энэ хөрөнгийг босгох боломжтой байсан” гэж Гэрэлчулуун ярьсан.

Тэрбээр мөн “Одоо Цэвэр усны сан байгуулаад бохирдуулагч нь нөхөн төлбөр хийдэг зарчмыг түргэн хэрэгжүүлэхгүй хэрэгтэй” гээд “Сан байгуулаад заавал мөнгө хуримтлагдахыг хүлээх шаардлагагүй. Засгийн газар бонд гаргаж цэвэрлэх байгууламжаа засаж болно” гэсэн юм. Хэрэв тэгж чадвал бид бусдын гар харалгүй цэвэр орчинд амьдрах, цэвэр ус уух боломжоо өөрсдөө бүрдүүлэх боломжтой болох ажээ.

“Манай улсад усны бохирдлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал зохих хэмжээгээр боловсруулагдсан. 2010 онд “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” батлагдсан. Энэ аргачлалд ус бохирдсоноос болж учрах хохирлыг тооцох ерөнхий үнэлгээг гаргасан. Тэр ерөнхий үнэлгээгээр зөвхөн цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг тооцоод үзэхэд 324 тэрбумын хохирол учирсан гэсэн тооцоо гарчихсан. Мөн “Ус бохирдуулсанд нөхөн төлбөр ноогдуулах журам”-аар тооцоход Сонгино орчимд 4.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гарч байна. Үүнийг хэн төлөх юм бэ? Энэ асуудал тодорхой биш байгаа. Ер нь энэ асуудлыг их анхаарч бохирдуулагч нь төлөх зарчмыг богино хугацаанд хэрэгжүүлэх ёстой” гэж Гэрэлчулуун хэлсэн.

Түүний хэлснээр бол учирсан хохирлыг барагдуулах механизм манай улсад бүрэн боловсрогдож чадаагүй юм байна. 1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны “Ус бохирдуулсанд нөхөн төлбөр ноогдуулах журам” батлагдсан боловч тэр нь эрхзүйн хувьд чадамж муутай. Журмын дагаа нөхөн төлбөр хийсэн газрууд цөөхөн байдаг гэнэ. Зөвхөн Улаанбаатар хотод л зарим аж ахуйн нэгжээс нөхөн төлбөр авсан. Харин хөдөө аймгуудад бараг мэддэг ч үгүй. Хэрэгжүүлдэг ч үгүй юм байна.

Эцэст нь хэлэхэд “урсгал ус 100 метртээ цэвэршдэг” гэж бидний ярьдаг онол худлаа болж таарах нь. Яагаад гэвэл, Туул гол гэхэд л, бохирдлоосоо ангижрах байгалийн хүчин чадлаас нь бохирдлын хэмжээ нь хэтэрчихсэн тул ёроолдоо хуримтлагдаж аажмаар шилжин урсаж байгаа гэнэ.

No comments: