Wednesday, 16 February 2011

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД

Арван минутад 170 мянган төгрөг олох амархан уу? 108 мянган төгрөг бол манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Cар ажиллаад 108 мянган төгрөг авна. Тэгэхээр аравхан минутанд 170 мянган төгрөгтэй болох чамлахааргүй байгаа биз.

Өчигдөр иргэн Самбуу гэгээн цагаан өдөр, худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй мөртлөө зүв зүгээр төв талбайгаар алхаж яваад санаанд нь Тавантолгой эргэлдэнгүүт Хөрөнгийн бирж рүү орсон чинь аравхан хормын дараа 170 мянган төгрөгтэй болоод гараад ирсэн. Цаг яг 3.45 болж байлаа.

Яасан гэхээр 50 настай иргэн Самбуу үнэт цаасны данстай байсан юм байна. Үүнийгээ тэр 20 жилийн дараа мэдлээ. Тэгэхээр арванхан минутад 170 мянган төгрөгтэй болсон гэдэг харьцангуй бага байгаа биз. 20 жил дарсан хувьцаанаасаа 170 мянган төгрөгний ашиг олжээ. Гэхдээ иргэн Самбуу баярлаж байлаа. Яагаад гэвэл тэр 20 жилийн өмнө авсан ягаан, цэнхэр тасалбараа хаашаа хийснээ санах нь бүү хэл, өнгийг нь ч мартсан байсан юм. Түүний хувьд 170 мянган төгрөг бол 20 жилийн дараа гэнэт гараад ирсэн төрсөн хүүхэд шиг нь гэнэтийн бэлэг байв. Хорин настай эрүүл чийрэг, өөртэй нь адилхан, бас өөрөөс нь мөнгө гуйхааргүй хүү “Ааваа” гээд гэнэт гараад ирвэл баярлахгүй эр хүн байх уу?

Тэгэхээр иргэн Самбуу 170 мянгатай болсон юм чинь та ч гэсэн хэрэв Монгол Улсын иргэн мөн бол түүн шиг гэнэтийн бэлэг авч болно. Яаж?... Гэж асуусан уу? Асуултанд чинь хариулахын тулд эхлэл рүүгээ жаахан буцъя.

Иргэн Самбууд Тавантолгойн хувьцааны тухай ойлголт байхгүй. Тавантолгойн хишгийг өгөөд байгаа юм уу? Өгөх гээд байгаа юм уу? Хөрөнгийн биржээр зараад байгаа юм уу? Зараад дуусчихсан юм уу? Ямар намынхан нь эхлэж авч байгаа юм бэ? Тэрбээр ихэнх энгийн иргэдийн адил нэг л учрыг нь олохгүй явсан тул Хөрөнгийн биржээр дайраад гаръя гэж бодож л дээ.

Яагаад гэвэл иргэн Самбуу хэвлэл мэдээлэл, зурагт радиогоор тархиа угаалгаж халширсан хүн. МАХН МАН болчихсон юм уу? МАН МАХН болчихсон юм уу? АН МАН хоёр ана мана үзээд байгаа юм уу? Эсвэл МАН АН хоёр МАНАН болоод МАХН-ыг дээрэлхээд байгаа юм уу? Эсвэл АН МАХН хоёр хувьсаад МАН-ыг унагах гээд байгаа юм уу?

“Хэн мэдэж байнаа! Зурагт асаахаар л нэг бүдүүн улстөрч, сувгаа солихоор л дахиад нэг улстөрч, дахиад солихоор дахиад л нэг улстөрч, арайхийн хоол хийдэг суваг оллоо гэсэн чинь заазуур барьсан улстөрч...бүр залхмаар. Бүгд ондоо юм ондоо юм ярина.Тэгснээс солонгос кино үзсэн нь дээр. Хэрүүлтэй ч гэлээ харийн улс болохоор сэтгэл өвдөхгүй. Монголоос арай гайгүй нь хошин шог боловч даанч бөөн хэрүүл. Хэрүүл багадсан биш Боёо, Ундармаа хоёрын хэрүүлийг сонсоод байх даа яах вэ дээ” гэж иргэн Самбуу боддог байжээ.

Тэгээд тэр Тавантолгойн хувьцааг яаж авах вэ? гэдгийг асуухаар Хөрөнгийн бирж орсон юм. Тэрбээр “Хувьцаа юм чинь Хөрөнгийн биржээр зарна” гэж гадарлаж л дээ. Хаалгаар нь ороод гурав дөрвөн хүн зарлалын самбар харан зогсож байхаар нь очоод харж зогстол сэгсгэр саарал малгайтай нүдний шилтэй залуу:
—Тавантолгойн хувьцааг хаана зарч байна? гэсээр ороод ирж (тэр нь би). Тэгээд л иргэн Самбуу түүнтэй ханьсан нэг давхарт зүүн гар талд байдаг Олон нийттэй харилцах алба гэдэг хаягтай хаалга руу ороод учир начраа хэлтэл:
—Та манайд данстай юу? гэж нэгэн бүсгүй асуув.
—Байхгүй гэж иргэн Самбуу хариулав.
—Юмыг яаж мэдэх вэ? бид шалгаад өгье. Таны иргэний үнэмлэх чинь байгаа юу? гэж бүсгүй асуув.
—Байгаа гэж иргэн Самбуу хариулав. Тэгээд иргэний үнэмлэхээ гаргаад өгтөл дор нь шалгаад:
—Таны дансанд 169.245 төгрөг байна гэж бүсгүй хариулав.
—Аан гэж иргэн Самбуу хэлэв.
—Та их хувьчлалаар хоёр компанийн хувьцаа худалдаж авсан юм байна. НИК, Алмааз ХХК-ын. НИК одоо татан буугдсан. Харин Алмааз ХХК байгаа... гэх мэт бүсгүй ярьж байлаа. Харин иргэн Самбуу яаж мөнгөө авах уу гэж бодож байв.
—Та одоо дээшээ гараад гарын үсгийн баталгааны маягт бөглөөд дансаа баталгаажуул гэж залуу бүсгүй хэлэхдээ түүнд дансны хуулгыг хэвлэж өгөв.

Иргэн Самбуу дээшээ гараад оршин суугаа хаяг, төвлөрсөн хадгаламж дахь дансны дугаар (энэ дугаар түүнд өгсөн хуулга нь дээр байна), банкны дансны дугаар (хэрэв байгаа бол), регистрийн дугаар гэсэн дөрөвхөн юм бөглөөд гарын үсгээ зураад, гарын үсгээ баталгаажуулав.

Ингээд л иргэн Самбуу үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансандаа (банкны данс биш шүү) 170 мянган төгрөгтэй гэдгээ мэдсэн юм. Тэрбээр энэ мөнгөө авна уу? Эсвэл дахиад хувьцаа худалдаж авна уу? Ёстой өөрийнх нь дур. Хамгийн гол нь энэ данс руу нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа орно. Тиймээс тэр 170 мянгаа авсан ч дансаа хадгалж байх ёстой.

Сэтгэл нь догдолчихсон байх үед түүний сэтгэгдлийг асуулаа. “Ямар ч байсан энэ улсын иргэн тул данстай юм байна!” гэж тэр бардам хэлэв.

Бусад хүмүүс

Тавантолгойн хувьцааг авах, данс нээлгэх, дансаа шалгуулах гэсэн иргэд Хөрөнгийн биржид тасралтгүй орж ирж байлаа. Тэдний ихэнх нь Тавантолгойн хишиг, хувьцаа л гэдэг үгийг мэдэхээс цаашгүй. Зарим нь ямар данс нээлгэх гээд байгаагаа ч мэдэхгүй, гэхдээ энд ирж лавлах хэрэгтэй гэсэн бодолтой байв. Тэд зарлалын самбар дээрх 46 брокер дилерийн компаниудын хаягийг харж зарим нэг нь хуулна.

Нэг өндөр залуу, эхнэртэйгээ ирээд дансаа шалгуултал хоёуланд нь данс байхгүй байжээ. Чухам яагаад дансгүй байгаагаа тэр залуу гайхан:
—Яагаад байхгүй байна. Уул нь манайд ягаан, цэнхэр тасалбар байсан даа гэв.
—Цэнхэр тасалбараар тараагдсан хувьцааг бид шүүж байгаа. Тухайн үед та насанд хүрээгүй байсан учраас ээж аавынхаа нэр дээр авсан байна. Тэгэхээр ээж аавынхаа иргэний үнэмлэхийг авч ирээд мэдээлэл авна гэж нэг давхарт байдаг Олон нийттэй харилцах алба гэсэн хаягтай өрөөнд суух залуу хэлэв.
—Хоёулаа талийгаач болсон. Тэгэхээр яах уу? гэж өндөр залуу хариулав.
—Нас барсны лавлагааг нь Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс аваад ирж болно. Ээж аавын чинь нэр дээр шүүгээд хувьцаа гараад ирвэл та өөрийнхөө нэр шилжүүлж болно гэв. Тэрбээр мөн, 2006 оноос хойш л нас барсан хүмүүс нас барсны гэрчилгээг өгч байгаа. Үүнээс өмнө нас барсан хүнийг Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр очиж лавлагаа авна гэдгийг тодруулж хэллээ.

Нэг залуу аж ахуйн нэгжтэй түүнийхээ хувьцааг яаж авах вэ? гэсээр орж ирэв. Харамсалтай нь Олон нийттэй харилцах албаны өрөөнд иргэдийн дансыг л шалгаж байгаа юм байна. Харин ААН-үүдийг бүртгээгүй ажээ. Тэрбээр нэлээн бухимдангуй “Би хувиараа эрхлэх аж ахуйн нэгжтэй, 8 нэрийн хүнсний бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулдаг. Хувьцаа, мувьцаа тараагаад байна гэхээр ирлээ. Аж ахуйн нэгжээ хаана бүртгэж байгаа юм. Тодорхой мэдээлэл алга. Цацагдахгүй байна. Эсвэл түрүүлж авсан нь хожоод, нөгөө мэдээлэлгүй хоцорсон нь хохирох гээд байна уу гэсэн хардлага надад төрөөд байна” гэж хэлсэн юм.

Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө бүртгэгдсэн, татвар төлөгч үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрхээр, ямар ч нөхцөлгүйгээр, маш тодорхой мэдээллийн дагуу, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үнэлгээг тогтоосны дараа хувьцааг арилжана гэж хэлж байсан.

Дахин хэлэхэд Хөрөнгийн биржэд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь хувьцааны талаар ямар ч ойлголт алга. Нэг залуу “Хувьцаа надад ямар ашигтай юм бэ? Надад Улсын Их Дэлгүүрийн хувьцаа байна” гэж асууж байсан. Энэ мэтчилэн маш бол олон хүн юу ч мэдэхгүй бухимдацгааж байна. Засгийн газар энэ талаар их анхаарахгүй бол нийгэмд хэрээс хэтэрсэн хүлээлт, хоосон хардлага бий болж байна шүү.

ҮЦТТТХТ гэж мэдэх үү?

Мэдэхгүй юу? Тэгвэл Хөрөнгийн бирж гэхээсээ өмнө бид ҮЦТТТХТ гэж мэдэх ёстой юм байна. Яагаад гэвэл та “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшлээ гэхэд энэ газраар дамжина. Энд та үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь данстай байж хишгээ хүртэнэ.

ҮЦТТТХТ гэдэг маань Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн үг. Хэдийгээр нэг байранд байрладаг ч энэ газар Хөрөнгийн биржээс тустай, бие даасан, 100 хувь төрийн өмчит ХХК. ҮЦТТТХТ компани биржийн арилжаагаар хийгдсэн бүх үнэт цаасны төлбөр тооцоог хийхээс гадна Монгол Улсын иргэдийн үнэт цаасны бүртгэлийг хөтлөн хадгалдаг байгууллага юм. Мөн МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын ногдол ашгийг тус компаниар тараадаг аж.

Энэ газрыг Хөрөнгийн биржийн салбар гэж ерөөсөө үзэж болохгүй. Энүүхэндээ хэлэхэд ажилчид нь ч тэгж хэлүүлэх дургүй. Эдний Олон нийттэй харилцах алба гэсэн жижигхэн өрөөнд жинхэнэ амьдрал буцалж байна. Энэ жижигхэн өрөө бол хувьцааны талаарх мэдээллийг иргэдэд түгээх “гал тогооны өрөө” ажээ.

Тун удахгүй монголчууд Х үсэг харахаараа хувьсгалт гэж уншилгүй хувьцаа гэж унших болно. Яагаад гэвэл Тавантолгойн нийт хувьцааны 10 хувь Монгол Улсын иргэн бүрийн гар дээр ирэхээр хүссэн хүсээгүй бид брокер дилерийн компаниар дамжин хувьцааны ханшийг хянадаг “өвчтэй болно”.

Монгол Улсын хэмжээнд үнэт цаасыг бүртгэдэг, хадгалдаг ганцхан байгууллага нь манай байгууллага. Тиймээс төвлөрсөн гэж нэрлэж байгаа гэж тус газрын Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгальмаа ярьж байлаа. Түүнээс би:
—Энд хувьцааны талаар ойлгодог хүн нэг ч алга. Тэдэнтэй би адил. Та маш энгийн ойлгуулахаар ярьж өгөөрэй гэж гуйсаар дөхтөл тэрбээр инээгээд:
—МОНЦАМЭ байтугай Монгол телевизийнхэн ч юу ч ойлгохгүй байна лээ гэж хэлсэн юм.


Тодруулга

—Зарим иргэд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансгүй байна. Яаж нээлгэх вэ?
—Данс нээлгэхэд эхлээд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хөрөнгийн зах зээл дээр ажиллах зөвшөөрөл авсан 46 брокер дилерийн компаниас сонгоно. Энэ 46 брокер дилерийн компанийн хаяг, утас, байршил манай үүдэнд болон www.mse.mn гэдэг вебсайт дээр бий. Харилцагч өөрөө шийдэж сонгоно. Магадгүй гэртээ ойрхоныг нь, зөвлөгөө сайн өгдгийг нь харах байх. Тэд таныг зуучилж өгснийхөө хөлсөнд шимтгэл хураамж авдаг. Тиймээс шимтгэл хураамжынх нь хэмжээг бас харах хэрэгтэй. Хоёр хувь уу, гурван хувь уу. Болж өгвөл хямдхан газарт нь үйлчлүүлэхийг хүн бодно шүү дээ. Мөн Хөрөнгийн биржийн арилжаанд байнга оролцож байна уу, ажлын цагийн хувиар барьж байна уу гэх мэт үзүүлтүүдийг харах хэрэгтэй.
—Брокер дилерийн компанид очоод яах уу?
—Сонгосон брокер дилерийн компани дээрээ очоод дансаа нээлгэнэ. Данс нээх гэрээ байгуулна. Иргэний үнэмлэхтэй очих ёстой. Данс нээлгэсэн тохиолдолд брокер дилерийн компанийн ажилтан манай Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр ирээд данс нээсэн бүх гэрээнүүдээ өгдөг. Манайх нэгдсэн журмаар дансыг нь нээдэг учраас төвлөрсөн хадгаламж гэж нэрлэдэг.
—Нэг л данстай байх уу?
—Хэрвээ тухайн брокер дилерийн компанийн үйл ажиллагаа таалагдахгүй байвал өөр брокер дилерийн компанид холболтын данс нээлгэж болно. Үүнд мянган төгрөгний хураамж төлдөг. Ер нь бол үндсэн ба холболтын данс гэж хоёр данс бий. Хуулиараа хүн дөрвөөс таван холболтын данстай байж болно. Өөрөөр хэлбэл дөрвөөс таван брокер дилерийн компанитай зэрэг харилцаж зөвлөгөө авч болно. Заавал ганц брокер дилерийн компанид хадагдах албагүй.
—Энд ирсэн зарим хүмүүс яагаад дансгүй байна вэ?
—1991-1994 оны хооронд явагдсан их хувьчлалаар цэнхэр тасалбараа аван амжиж бүртгүүлсэн, харьяа пүүс (тухайн үеийн брокер дилерийн компанийг ингэж нэрлэж байсан) дээрээ очиж хувьцаа худалдаж авсан хүний данс бол одоо хүртэл манайд байгаа. Тэр хүн бол ажлын цагаар иргэний үнэмлэх, анхан шатны гэрээний даалгавар, эсвэл цэнхэр тасалбарын аль нэгэнтэй ирвэл бид бүртгэлийг нь шүүгээд л дансыг гаргаад ирнэ. Харин их хувьчлалаар цэнхэр тасалбараа бүртгүүлээгүй бол данс байхгүй.
—Цэнхэр тасалбартай бол данстай гэсэн үг үү?
—Чингисийн зурагтай цэнхэр тасалбар байсан ч дансгүй байх тохиолдол бий. Цэнхэр тасалбарыг эргүүлээд ар талыг нь харвал гарын үсэг зурчихсан, пүүсийн тамга тэмдэгтэй байвал тэр хүн данстай гэсэн үг. Цэнхэр тасалбарын бүх мэдээлэл манайд бий. Энэ хүн тухайн үед нь цэнхэр тасалбараа харьяат пүүс дээрээ очоод өмч хувьчлалаар ямар нэг компанийн хувьцаа авсан гэсэн үг. Харин ямар ч тамга тэмдэггүй цэнхэр тасалбар байвал тэр нь хүчингүй гэж Ж.Байгальмаа ярив.

Сэрэмжлүүлэг

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд ярьдаг. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компаниас хүртэх хишгийнхээ “савыг” одоо бэлдэх цаг иржээ. Энэ нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь данстай болно гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшүүлнэ гэж Засгийн газар амласан. Гэхдээ одоо тараагаагүй байгаа.

Харин ҮЦТТТХТ рүү очиж үнэт цаасны данстай эсэхээ шалгуулахад илүүдэхгүй. Юмыг яаж мэдэх вэ? Сая төгрөг дансанд чинь хүлээж байгаа ч юм билүү. Хэрэв үгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Тавантолгойгоос авах хувьцааг “чулуу болгож” өмнөх сургамжаа давтахгүйг хичээгээрэй!

Жич: Сүүлийн үед иргэд үйлчлүүлэх нь эрс нэмэгдэж байна.

3 comments:

Cаарал said...

Эссэ сэтгэгдэл
Иргэн Самдан данс нээлгэхээр эхнэр, хүүхдээ дагуулаад брокерийн пүүс дээр очлоо. Шалгаж үзтэл өмнө нь нээгдсэн данс байсангүй учир шинээр нээлгэхэд 1 хүний хураамж 50 мянган төгрөг нэхэгдэж, гэр бүлээрээ нийлээд 10 минутын дотор 150 мянган төгрөгөө алдлаа. Баянхошууны задгайд амьдардаг иргэн Довдон гэр бүл 5 хүүхдийн данс нээлгэх гэтэл нийт 350 мянган төгрөг төлөх хэрэгтэй болов. Эрхэлсэн ажилгүй, тогтсон орлогогүй, группт байдаг түүний хувьд энэ мөнгө гэр бүлийнх нь бараг хагас жилийн хоолны мөнгө учир данс нээлгэж хувьцаа авна гэдэг зүүд мөрөөдөл болж хувирав. Ингэхэд хамгийн хямд хураамжтай брокерийн пүүс хаана байна вэ. Интернет дээр гарсан 1 бр.пүүсийн зараар бол хураамж нь иймэрхүү байна лээ.

eebee said...

Иргэд 5 мянган төгрөгөөp данс нээслагэж байгаа. Аж ахуйн нэгж 50 мянган төгрөг

eebee said...

Иргэд 5 мянган төгрөгөөp данс нээлгэж байгаа. Аж ахуйн нэгж 50 мянган төгрөг gesen shuu dee