Thursday, 17 February 2011

15 ТЭРБУМЫН 10 ХУВИЙН ТАЛААР..

“Хоолондоо!” гэж дуудах цагийг ард түмэн тэсэн ядан хүлээнэ. “Хоол бэлэн болох” цаг ойртох тусам иргэдийн дунд хий хардалт, сэрдэлт хуримтлагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай мэдээ мэдээлэл цацагдаж буй ч олон хүн энэ талаар ойлголт муу байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг тарааж байна гэж андуурсан иргэд ч бас тааралдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани одоогоор иргэдэд хувьцааг тараагаагүй байгаа. Иргэн бүрд хэчнээн төгрөгийн хувьцаа ноогдох нь ч тодорхой биш байгаа. Учир нь Тавантолгойн нэгж хувьцааны үнийг тогтоогоогүй байна. “Тавантолгойн хувьцааны үнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан тогтооно” гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлжээ.
Хувьцааны үнийг тогтоохын тулд эхлээд Тавантолгойн ордын үнэлгээг гаргах ёстой гэнэ. Үүнийг өөрсдөө ч хийхгүй олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкаар үнэлүүлэх нь чухал аж. Тэгвэл дэлхийн зах зээл дээр итгэл үнэмшил бий болж, Тавантолгойн хувьцааг худалдаж авах ажээ.
Гэхдээ одоогоор Тавантолгой ордын үнэлгээг тогтоох гадаадын хөрөнгө оруулалтын банкаа сонгоогүй байна. Хэрэв улс төрийн өөр шийдвэр гаргачихгүй бол ирэх долоо хоногийн дундуур үнэлгээг гаргах банкаа сонгох магадлалтай гэж Д.Сугар ярьсан. Тэрбээр мөн “Дэлхийн зах зээл дээр 2-4 тэрбум ам.доллар босгох гэж байгаа хэлцэл маш их хүч шаардана. Мэдээж нэг банк байхгүй. 3-4 банкийг сонгох байх. Одоогоор хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил өрнөж байгаа учир [тодорхой] хэлж мэдэхгүй байна” гэж хэлснийг нь Нийгмийн толь сонин дээр бичжээ.
Энэ нь, өнгөрсөн онд Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа арилжиж 650 сая доллар босгосон “Энержи ресурс” корпораци дэлхийд алдартай “JP Morgan”, “Citi Bank” хоёроор үнэлүүлж шалгуулсантай төстэй бололтой.
Энэ оны нэгдүгээрт улиралд багтан Тавантолгойн ордыг үнэлсний дараа нийт 15 тэрбум хувьцааны үнэ тодорхой болно. “Эрдэнэс Тавантолгой” компани нь нийтдээ 15 тэрбум хувьцаа гаргах билээ. Нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшинэ. Нэг хүнд 550 ширхэг хувьцаа ноогдоно гэсэн тооцоо байна. Монгол Улсын иргэн бүрт тус компаний хувьцааг олгох учраас шинээр төрсөн хүүхэд ч хувьцаа эзэмшинэ гэж Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жил хэлж байсан.
Иргэдэд тараагдсан хувьцаа нь тогтмол нэг ханштай байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа чигд сайн, Хятад Улсын хэрэгцээ их байх тусам хувьцааны ханш өсч тэр болгонд хувьцаа эзэмшигч хүн бүр ногдол ашиг хүртэх болно. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани ашиггүй ажиллавал хувьцааны ханш өсөхгүй иргэд ногдол ашиг хүртэхгүй.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээг хөндлөнгийн хараат бус банк, санхүүгийн байгууллагуудаар хийлгэхээс гадна монголын хүн амын тоог маш тодорхой гаргах хэрэгтэй. Өнгөрсөн жил улс орон даяар болсон Хүн ам, орон сууцны тооллогын эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссынхон “Эцсийн дүнг 7 дугаар сард гаргана” гэж өнгөрсөн долоон хоногт хэлж байсан билээ.
Магадгүй үүнийг тооцоод Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Тавантолгойн хувьцааг “Нэгдүгээр улирлын сүүлээр, бүр амжихгүй гэвэл наадмаас өмнө иргэддээ тараана гэж баттай хэлье” гэсэн байх. Тэрбээр “Эхлээд иргэдийн тоог үнэн зөв гаргана. Төвлөрсөн хадгаламж тооцооны төв байгууллага гэж байдаг. Тэнд хүн амын тоо очно” гэсэн юм.
Гэхдээ иргэд урьдчилаад ҮЦТТТХТ буюу Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд данстай байх нь илүүдэхгүй. Яагаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа банкны дансаар биш үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансаар танд очих билээ. ҮЦТТТХТ Хөрөнгийн биржид байрладаг. (Зөвхөн иргэд ч биш аж ахуйн нэгжүүд тэнд данстай байх хэрэгтэй.)
Ямартаа ч иргэд өөрсдөөсөө хамаарах Иргэний шинэчилсэн бүртгэл, Хүн ам, орон сууцны тооллогодоо хамрагдсан бол 550 хувьцаагаа авахад асуудал бага байх бололтой.
Манай Засгийн газар иргэддээ тараах хувьцаагаа үнэ цэнэтэй болгохын тулд ихээхэн санаа зовж байна. Хориод жилийн өмнө тараагдсан цэнхэр тасалбарын туршлагыг дахин давтахгүй тулд тодорхой хугацаанд иргэд үнэгүй авсан хувьцаагаа зарахгүй байх талаар ч арга хэмжээ авах бололтой. “Бид их хувьчлалын түүхийг сайн санаж байгаа. Овсгоотой улс нь бөөгнүүлж аваад үлдсэн нь хохирсон явдлыг дахин гаргахгүйн тулд хувьцааны хэлбэрийн тухай ярьж байна. Манай иргэд тэр хувьцааг үнэтэй цэнэтэй эд гэдгийг ойлгоод, эргэлтэд оруулах чадвартай болсны дараа энгийн хувьцаанд хөрвөнө” гэж Д.Сугар хэлсэн байна.
“Иргэдэд тараах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай, зарж болохгүй. Харин хөрөнгийн биржээс худалдаж авах бололцоо нь бүрэн нээлттэй” гэж тэр бас ярьжээ. Товчхондоо, үнэгүй хувьцаагаа бид нэг хэсэгтээ зарж, үрэх эрхгүй юм байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Хүмүүс хувьцаагаа хавраас авч эхэлнэ. Харин ногдол ашгаа 2013 оноос хүртэж эхэлнэ гэж бодож байна” гэснээс харахад 2013 оноос хойш бид хувьцаанаасаа мөнгө авах бололтой.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 2010 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө бүртгэгдсэн, татвараа сайн төлсөн байх хэрэгтэй. Хэрэв тийм байх юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувиас бусад ААН-ийн адил нэрлэсэн үнээр авах боломжтой. Бүх үндэсний компаниудад ижил хэмжээтэй арилжах тул том компани их хувьцаа, жижиг компани бага хувьцаа авна гэсэн асуудал байхгүй. ААН-ийн дансны бүртгэх ажлыг УБЕГ, ТЕГ, ҮЦТТТХ хамтран хийж байгаа.
ЖИЧ: “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшүүлнэ. 10 хувийг дотоодын татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр ижил хэмжээгээр худалдан авна. 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжина. Үлдсэн 50 хувийг нь төр эзэмшинэ.

No comments: