Thursday, 27 January 2011

Сурдаг ч, ажилладаг ч оюутан

Нийгмийн хөгжил, өөрчлөлтөө дагаад оюутан ахуй нас бас өөрчлөгдөж байна. Их дээд сургуульд суралцахын хажуугаар цагийн ажил хийх оюутны тоо нэмэгдэх янзтай. Гэвч манай эдийн засгийн байдал, ажил олгогчдын хандлагаас болж цагийн ажил хийе гэсэн оюутнуудын хүсэл тийм ч амархан биелдэггүй. Тиймээс хэрэв сурахын хажуугаар ажил хийдэг оюутнуудыг олшруулъя гэвэл хувиараа ажил олгогчдод зөв мэдээллийг өгч, тэднийг боловсруулах, ажлын цагийг уян хатан болгох, цагийн ажлын тогтолцоог боловсруулах, бүх нийтийн ажлын ёс зүй, соёлыг дээшлүүлэх гээд олон асуудлыг шийдвэрлэх учиртай. Мөн хөдөлмөрийн хууль эрхзүйн орчин, их дээд сургуулийн багш, удирдлагуудын хандлагыг ч өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Мэдээж оюутан хүн бол суралцах л ёстой. Тэд зөвхөн ажил хийгээд эрдэм номоо хөсөрдүүлээд байвал хэн ч зөв гэхгүй. Тиймээс оюутны хөдөлмөрийг дэмжихийн тулд хөдөлмөрийн зах зээл дээр шинэчлэл хийх шаардлагатай байгаа билээ. Зах зээлийн нийгэмд ямар ч тэтгэлэггүй суралцаж, ар гэрийнхнээрээ тэжээлгэж байгаа олон оюутнууд тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй байхыг эрмэлзэх нь мэдээж. Зах зээл хөгжсөн бусад орнуудын туршлагаас харахад оюутны хөдөлмөр эрхлэлтийг хуулиараа зохицуулж өгсөн байдаг. Оюутан хүн долоон хоногт 10-20 цаг ажиллахыг дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй улс орнууд зөвшөөрдөг. Жишээлбэл, Австрали Улсад гадаадын оюутан долоон хоногт 20 цагаас илүү ажиллах ёсгүй. Гэхдээ хэрэв хичээл амарсан бол 20-оос дээш цаг ажиллах эрхтэй байдаг юм байна.

Харин манай улсад ихэнх албан байгууллагууд хөдөлмөрийн хөлсийг цагаар бус сараар тооцдог нь бэрхшээлтэй. Гэвч өнгөрсөн жил Нийгмийн хамгаалалт, хөдөлмөрийн яамнаас оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. “Оюутны хөдөлмөрийн бирж” байгуулж, оюутныг цагийн ажилд зуучлах, мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийсэн байна.

“Оюутны хөдөлмөрийн бирж”-ээс нийт 21305 оюутан ажилд зуулчлагдснаас 6140 нь нийтийг хамарсан ажилд, харин 15165 нь цагийн ажилд оржээ. Тус биржэд 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд бүртгүүлж 22658 ажлын байрны захиалга өгсөн байна.

2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг 15 мянга гаруй суралцагч, их, дээд сургууль, коллежийг 34 мянга гаруй оюутан төгссөн гээд бодохоор (зөвхөн төгссөн тоо ийм байхад!) 21мянга гаруй оюутан ажилд зуучлагдсан гэдэг чамлахаар үзүүлэлт боловч энэ зөвхөн эхлэл гэдгийг мөн мартаж болохгүй. НХХЯ 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосон.

Оюутанд цагийн ажил олгосон аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж оюутанд олгосон цалингийн 50 хүртэлх хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлбөрөөр олгохоос гадна тэдэнд байгууллагынхаа ойр орчмыг тохижуулахад иргэд, оюутнуудыг үнэгүй ажиллуулах эрхийг өгсөн ажээ. Тиймээс оюутны хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр улам эрчийг авах байх. Одоогоор ШУТИС, МУИС, ХААИС, СЭЗДС, ХИС зэрэг их, дээд сургуулиуд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулаад байна.

Ер нь бол оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжснээр тэднийг ажилд сургаж, бие даан амьдрах чадварыг нь хөгжүүлнэ. Манай улсад олон их, дээд сургуулиуд бий. Эдгээр их, дээд сургуулиудыг төгссөн төгсөгчдийн олонх нь ажил олж чаддаггүй нь тэднийг хорин хэдэн нас хүртэл нь ажил хийлгэж дадлагажуулаагүй системийн буруу. Статистикийн мэдээгээр бол манай улсад бүх шатны сургуульд суралцагчдын тоо 2010-2011 оны хичээлийн жилийн эхэнд 850.5 мянга болсон нь өмнөх оныхоос 9.4 мянгаар буюу 1.1 хувиар нэмэгдсэн билээ.

Мөн оюутнууд ажил хийж, тодорхой хэмжээний орлоготой болсноор гэмт хэргээс хол байж, нийгмийн сөрөг муу үзэгдлүүдэд автахгүй байж чадна. Зарим оюутан охид хүүхнүүд биеэ үнэлж мөнгө олдог нь энэ ажил олдохгүй байгаатай бас холбоотой билээ. Гэхдээ оюутны хөдөлмөрийг дэмжинэ гээд цагийн хязгаар, үнэ хөлсний доод хэмжээг зохицуулахгүй байвал тэдний хичээл номонд муугаар нөлөөлж мэднэ.

Зах зээлд өндөр хөгжсөн улс орнууд хэрэв оюутан хүн тодорхой заасан цагаас илүү ажиллавал ажил олгогчыг нь торгодог, хэрэв гадаадын оюутнууд бол визийг хүчингүй болгож эх орноосоо хөөх зэрэг арга хэмжээ авдаг билээ.

Чухам оюутан хүн хэдэн цаг ажиллаж болох вэ, цагийн ямар хөлс авдаг юм гэх хоёр асуултад хариулт авахын тулд өчигдөр зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” руу очив. Тус яармагт 35 хувийн байгууллагууд аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургууль оролцсон юм. Нийт 2466 ажлын захиалга байгаагаас 12 цагийн байдлаар 100 хүн ажилд зуучлуулж 3099 хүн мэдээлэл, зөвлөгөө авчээ. Цагийн ажилд 121 оюутан зуучлуулсан байна.

Хичээлийн бус чөлөөт цагаараа өглөөний 9-ээс оройн 22 цаг хүртэл өдөрт нийт 6 цагаас илүүгүйгээр ажиллах, гэхдээ зугаа цэнгэл, хонжворт тоглоом, албадан хөдөлмөр эрхлэлтээс бусад аливаа ажил үйлчилгээг хийж болох ажлын байрыг хэлнэ гэж оюутны цагийн ажлыг одоогоор тодорхойлж байгаа юм байна.

“Сурахын хажуугаар оюутнууд өөрсдөө хичээлийн цагаа зохицуулаад, хичээлээ таслахгүйгээр ажиллах боломжтой байх юм бол 6 цагаас их гаралгүйгээр ажиллаж болно” гэж Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн эрхлэгч С.Эрдэнэтуул ярив.

“Ажил хийж байгаа оюутнууд хичээлдээ хэр сайн байна. Тасалж байна уу?” гэж асуухад тэрбээр “Тиймэрхүү зүйлс ажиглагдахгүй байгаа. Харин давуу тал нь юу вэ гэхээр ажилд зуучлагдаж байгаа оюутнууд маань ихэвчлэн 3,4 дүгээр ангийн оюутнууд байдаг. Тэд харьцангуй биеэ даах чадвартай болчихсон тул олон янзын ажлын байртай танилцаж, сургуулиа төгсөөд ажиллах ажлынхаа чиг баримжааг авдаг” гэж хариулав.

Оюутны нэг цагийн ажлын хөлс мэргэжил ур чадвар шаардагдахгүй бол 1000 төгрөг, мэргэжил ур чадвар шаардагдавал 1500 төгрөг, мэргэжлийн дагалдан сургалт бүхий ажил бол 2000 төгрөг байдаг юм байна.

“Манай улсад цагаар тооцож цалин олгох тогтолцоо бүрэн бүрэлдээгүй болохоор оюутнуудыг ажиллуулахад аж ахуйн нэгж байгууллагууд хэр дуртай хүлээн авч байна” хэмээн С.Эрдэнэтуулаас асуулаа. Түүний хэлснээр бол тэд аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогчдын сонирхолыг татахын тулд олон арга хэмжээ, хөдөлмөрийн яармаг зохион байгуулжээ. Үүний үр дүнд тэдний идэвх сонирхол эрс дээшилсэн байна. Голцуу томоохон бизнесийн байгууллагууд, олон салбар, сүлжээтэй компаниуд оюутнуудыг ажиллуулдаг аж.

Мөн жижиг аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд ч зардлаа хэмнэх үүднээс оюутнуудыг ажиллуулах сонирхолтой болжээ. “Гэрээт ажилтан, цагийн ажилтныг зардлаа хэмнэх үүднээс ажиллуулах сонирхолтой болж байгаа нь бусад зах зээл хөгжсөн улс орны жишигт хүрэх зам руугаа орж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрч байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр оюунтан хүнийг цагийн ажилтангаар авч ажиллуулсан бизнесийн байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй зөвхөн Хүн амын орлогын албан татварыг мэдээж төлнө. Энэ бүхнээс үүдээд зардлаа хэмнэх гэсэн жижиг аж ахуйн байгууллагуудад гэрээт болон цаг ажилтан авах ашигтай” гэж С.Эрдэнэтуул хэлсэн.

Гэхдээ оюутныг цагийн ажилтнаар авч ажиллуулахад сул тал бас бий ажээ. Ажилд зуучлагдсан оюутан алдаа гаргаж, хариуцлагагүй ажилдаа хандах тохиолдол мэр сэр гарсан бололтой. Иймэрхүү явдлыг багасгахын тулд оюутнуудаа ажилд дадлагажуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх хэрэгтэй гэж Эрдэнэтуул ярьж байлаа.

Нийтээрээ ажилд гаршиж, ажлын ёс зүйгээ дээшлүүлээгүй тохиолдолд энэ байдлыг бүрэн засаж чадахгүй. Ямартаа ч гэрээт болон цагийн ажилтанг олшруулах нь эдийн засаг хөгжихөд нөлөөлөх нэг үзүүлт байж чадна. Цаашдаа зөвхөн оюутнууд ч биш иргэд цагийн ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.

2 comments:

Ганзо said...

Тийм шүү, манай оюутнууд голдуу баар, зоогийн газруудаар орой их олон цагаар ажиллаад байх шиг харагддаг. Цагийн лимит тогтоочихвол сайн байх. Зүгээр таны энэ нийтлэлтэй холбогдуулаад нэг жишээ дэлгэхэд найз охин маань хааяа МАКС-ын дэлгүүрүүдэд сурталчилгааны ажил хийдэг юм, өдөрт 4-5 цаг, цагийн 1500 орчим төгрөг байдаг байх аа.

Ганзо said...

Тийм шүү, манай оюутнууд голдуу оройн цагаар баар, зоогийн газруудад нэлээн ажиллаад байх шиг харагддаг, цагийн лимит тогтоочихвол нь зүгээрсэн. Таны нийтлэлтэй холбогдуулаад зүгээр нэг жишээ дэлгэхэд найз охин маань МАКС-ын дэлгүүрүүдэд сурталчилгааны ажил хааяа хийдэг юм. Өдөрт 4-5 цаг, цагийн 1500 орчмоор байх аа