Saturday, 8 January 2011

Бүтээлчээр сэтгэж дээд амжилт тогтооё

Бид “Ядуу байна, амьдрал барзгар байна, томчууд идэж уугаад жаргаад байна, Улаанбаатар утаанбаатар боллоо” гээд л үглээд байдаг гэтэл бүх юм бахь байдгаараа, дээшилсэн ч юмгүй, доошилсон ч юмгүй (угаасаа доошилчихсон болохоор доошлохгүй юм болов уу). Гэтэл ядуу амьдралыг амьжиргааны эх үүсвэр болгох боломж зөндөө л байна.

Бид хүссэн хүсээгүй Улаанбаатар дэлхийн хамгийн утаатай хот боллоо. Энэ бол дээд амжилт, рекорд шүү дээ. Юмханаар юм хийчихдэг бол энэ дээд амжилтынхаа шагналыг бас хөөцөлдөх л хэрэгтэй. Харин хэн маань энэ шагналын бэлгийг авах уу? Мэдээж гэр хорооллынхон...үгүй ээ...ажлаа хийхгүй байна гэж дандаа муулуулдаг дарга нар аваг. Тэд ганц удаа “хийсэн ажлынхаа” шагналыг аваг л дээ.

Сая шинэ он гарлаа. Зурагтаар “Ийм нэгэн дурлал” гэдэг орос кино дахин дахин гарлаа. Дуу нь аягүй гоё: “У природы нет плохое погоды...” гээд л “муухай өдөр гэж байдаггүй, бороотой, цастай хамаагүй бүх өдрийг хүндэл, залбир” гэсэн санаатай юм уу даа. Харин надад “Утаатай өдөр бол яах уу” гэсэн шүү юм бодогдоод ерөөсөө болсонгүй. Утаатай өдөр ч гэсэн дотроо залбираад л, гаднаа ханиалгаад л алхаад байх уу? Мэдээж тэнэг асуулт л даа. Дууны зохиолч үүнийг ямар Улаанбаатарт бичсэн биш... За энэ ч яахав.

Утаанаас гадна бидэнд дэлхийн дээд амжилт тогтоох зөндөө боломжууд байгаа. Юун төлөө бид чинь эрс тэс уур амьсгалтай эх оронтой билээ дээ. Ерөөсөө эрс тэс гэдэг чинь л дээд амжилт гэсэн үг байхгүй юу. Түүнээс биш эрс ч биш, тэрс ч биш байвал ердийн л нэг энгийн үзэгдэл болно.

Одоо чинь дэлхийн бөмбөрцөг арай хурдан эргээд амьдарч буй хүмүүсийнх нь тархи жаахан эргэчихсэн юм шиг байна. Жаахан л эрс тэс сэтгээд, жаахан л тогтсон хэмжээ, хэмжүүрийг хэтрүүлээд дэлхийн дээд амжилт тогтоож, алдаршиж, баяжих болжээ. 7 цаг инээж суугаад л дэлхийн дээд амжилт тогтоочихсон хүн байх юм. За энэ ч арай монголчууд бидэнд “барж идэхгүй” амжилт. 7 цаг байтугай 7 минут ч инээмсэглэж чаддаггүй хүмүүс шүү дээ бид чинь. Хүн чулуу шиг нүсэр царайлчихаад намба заадаг монголчууд тэгж тэнэгтэхээс тэмээнд гишгүүлсэн нь дээр байлгүй. Нээрээ тэмээ гэснээс тэмээгээр дэлхийн олон дээд амжилтыг тогтоож болох юм байна шүү. Тэмээ чинь өөрөө ховор амьтан тул бүр ч ховор дээд амжилтуудыг тогтооно. Тэмээ унаж уралдахаас гадна хамгийн олон хүн унасан тэмээг хүртэл дэлхийн дээд амжилтыг тэмдэглэдэг Гиннесийн номонд бичүүлж болно. Гиннесийн номонд орохын тулд хийсэн зүйлсээ дүрсжүүлж, баталгаажуулах нь их чухал бөгөөд бас хэчнээн хачин сонин зүйл хийлээ ч хүнлэг байх нь чухал бололтой. Жишээ нь тэмээнд олон хүн мордлоо гэхэд тэмээг гэмтээж, бэртээхгүй байх учиртай.

7 цаг худлаа инээмсэглэсэн хүнээс гадна нэг минутанд толгойгоороо 40 шийгуа хага мөргөсөн эр Гиннесийн номонд орсон байна. Энийг ч харин бид нэг өлхөн хийчих байх шүү. Духаараа мөргөх гэж байгаа мэт хүн рүү муухай хардаг бадриун залуус манай захын хорооллоос л олдоно. Зарим нь ч бүр янз бүрийн бүлгэм байгуулаад, цагдаагийн оронд цагдаа болж та бидний энх амгаланг сахиж, хааяа бас айлгадаг. Тэдний нэгийг эх орныхоо төлөө 41 шийгуа нэг минутанд мөргөөтөх гэвэл ядаад байх юмгүй мөргөчих байлгүй. Ямар хайран толгой байх биш. Харин хайран шийгуа л юм даа. За тэр ч яах вэ. Үзэн ядаад байдаг хүмүүсээс нь хураагаад авчихна.

Мөн усан доор 114 шумбагч хүн зурагт үзсэн нэг дээд амжилт байна. За үүнийг ч бид барахгүй байлгүй дээ. Усгүй элсэн цөлд амьдардаг байж усанд живэх вий гэж эмээдэг хүмүүстэй чинь юу ярих билээ. Тэгээд ч зориултын хувцас олдохгүй. Харин 1.82 метр урт хиймэл үс угласан хүүхний дээд амжилтыг бол эвдэж болмоор санагдаж байна. Дээр үед монгол гэрийн эзэгтэй нар чигтэйхэн хүнд эвэр шиг том зүйл толгой дээрээ тавьчихдаг байсантай л адилхан... Гэх мэтчилэн санаанд оромгүй ч тийм чиг хүнд биш олон дээд амжилтууд байна. Хамар руугаа сүү цутгаж байгаад нүдээрээ 2.79 метр цацсан, 1.48 метр урт хумс ургуулсан гээд л олон хачин дээд амжилтууд...

Энэ бүгдийг дурссан нь та бүгдийг санаа аваг гэсэн дээ. Бид бараг зүгээр байж байгаад л утаагаар нийслэл хотоо дүүргэж дээд амжилт тогтоочихсон юм чинь хэрэв жаахан чармайвал олон дээд амжилт тогтоох нь баараагүй. Гагцхүү бүтээлч байх хэрэгтэй. Наад зах нь энэ хүйтнийг ашиглаж болно шүү дээ. Хоёр гурванхан хоногийн өмнө төв Хятадын нутагт амьдардаг хоёр хятад хүн мөсөнд булуулж 2 цаг зогсоод дэлхийн дээд амжилтыг тогтоочихлоо. Ийм жаахан зүйлээр л тэд дэлхийн нийтийн анхаарлыг татаж, хэсэг хугацаанд ч гэсэн алдаршиж, эх орноо сурталчлаад авав. Цахим сүлжээгээр энэ мэдээ тархсан тул олон сая хүн үзсэн байна. Тэр хоёр шилэн торхонд орж зогсоод мөсөөр булуулжээ. Гэтэл манайд тэгэх ч шаардлага байхгүй, гүнзгий цастай газар очиж байгаад л “шумбачихаж” болно шүү дээ. (Гэхдээ мэдээж бэлтгэл сургууль хийсэн хүмүүс байх ёстойг бүгд хэлүүлтгүй мэдэж байгаа байх.) Мөн хальтаргаатай замын машины уралдаан, хэн хасах 30 хэмийн хүйтэнд гадаа удаан сууж чадах вэ? гээд л олон дэлхийн дээд амжилтуудыг бид тогтоох боломжтой.

Энэ бүгдээс хамгийн найдвартай Гиннесийн номонд орох манай нэг дээд амжилт бол энэ жил 90 жилийнхээ ойг тэмдэглэх Ардын хувьсгалын баяраа. Уг нь бид энэ жил хоёр ч дээд амжилтыг тогтоох ёстой байсан гэтэл өнгөрсөн жил болсон ХХVI Их хурлаараа МАН маань хувьсгалт тодотголоо аваад хаячихсан юм. Тэгээгүйсэн бол бид энэ жил дэлхийд хамгийн урт хугацаанд хувьсгал хийсэн дээд амжилтыг тэмдэглэх байсан. Ганцхан жилийн өмнө л манай Хувьсгалт Намыг (хуучин нэрээр) гүйцэх урт настай хувьсгалт нам байгаагүй юм шүү дээ. Хэрэв жаахан тэссэн бол “Дэлхийн хамгийн удаан хувьсгал хийсэн нам бол 90 жилийн настай Монгол Ардын Хувьсгалт Нам” гэж Гиннесийн номонд бичигдэх байсан юм шүү дээ.

Италийн Социалист Хувьсгалт нам (1881-1892), Францын Социалист Хувьсгалт нам (1889-1901), Италийн Социалист Хувьсгалчдийн Анархист Нам (1891-1895), Оросын Социалист Хувьсгалчдын Нам (1901 онд үүссэж, 1917 оноос хойш идэвхгүй болсон) гээд л хувьсгалт намууд байсан. Гэхдээ эд бүгд богинохон хугацаанд “хувьсгал хийсэн”.
Манайхтай өрсөлдөх хоёрхон нам л байлаа. Нэг нь 1924 онд үүсэн Перугийн Хувьсгалт нам, нөгөөх нь 1929 онд байгуулагдсан Мексикийн Хувьсгалт нам...

Гэвч одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмөрлөө гэдэг шиг харамсаад яах билээ. Хувьсгалчидгүй л Хувьсгалын баяраа тэмдэглэхээс... Энэ жил 90 насны ой зооглож байгаа манай Ардын хувьсгал бол үнэхээр бидний бахархал. Ах болсон Октябрийн хувьсгал нь аль хэдийн “талийгаач” болчихсон байхад Ардын хувьсгал л ард түмнийхээ хайрыг булааж “амьд явж” байна шүү дээ. Тэгэхээр аль нь аугаа хувьсгал вэ? Аль 1996 онд Борис Ельциний зарлигаар нэрээ өөрчлүүлж, 2004 онд Владимир Путины тушаалаар—90 хүрэхэд гуравхан жил дутуу байхад—бүх нийтээр тэмдэглэдэг амралтын өдөртэй баяр байхаа болин “хусагдсан” хөөрхий муу Октябрийн хувьсгал yy, Ардын хувьсгал yy... Хэн нь хэндээ шүлэг зориулж бичих вэ? Их Нацагдорж амьдсан бол юу гэж бичих бол?

За энэ ч яах вэ? Суусан газраасаа шороо атгана гэдэг шиг ядуу буурай байгаа ч гэсэн бүтээлчээр сэтгэж, болохгүйг болгоод байвал улс орон маань хөгжих нь даамжиггүй. Бүтээлчээр сэтгэж дээд амжилт тогтооцгооё.

2 comments:

Anonymous said...

dajgui nitlel bichej baigaarai

Б.Соронзонболд said...

Тийм шүү... бүтээлчээр сэтгэж амьдарцгаая.... хамгийн сайхан орон юм байж .. утаандаа баригдаад тэрнээсээ гарж чадахгүй байна гэдэг арчаагүйн шинж.