Tuesday, 4 January 2011

Шинэ онд Засгийн газар гэр хороололд хуралдaя

Улаанбаатарын утаа улиг болтлоо бичигджээ. Сүүлийн хэдэн жилийн сонин хэвлэлд бичигдсэн утааны тухай бичлэгүүдийг уншвал “угаартахаар” болж. Хэрэв утаагаар улсын нийслэлээ дүүргэхийг хөгжил гэдэгсэн бол бид аль хэдийн “тасарсан”. Даанч тийм хөгжил байхгүй. Гэхдээ Улаанбаатар хэрээсээ хэтэрсэн утаатай, агаарын бохирдолтой болсон нь манай хөгжлийн сөрөг үр дагавар. Тиймээс ч үе үеийн Засгийн газар, улстөрчид, эдийн засагчид, эмч нар, эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын сайхан сэтгэлтэй иргэд, олон янзын байгууллага нийслэлийн агаарын бохирдолтыг бууруулах талаар төрөл бүрийн санал дэвшүүлж, төсөл хэрэгжүүлж чадах ядахаараа л зүтгэж. Гэвч тэсгэм хүйтэн өвлийн өглөө Дэнжийн мянгаас Богд уулын оройг харна гэдэг мөрөөдөл хэвээрээ л байна.
Хэдийгээр энэ жил урт намар болж өвөл хожуу эхэлсэн ч утаа ахиад л анхаарлын тэмдэг шиг анзаарагдаж хэвлэл мэдээллийн бай болов. Арга ч үгүй юм. Амьсгалах агаар амьдрах баталгаа болохоор энэ тухай бичлээ гээд илүүдэхгүй.
Зөвхөн монголчууд Улаанбаатарынхаа агаарыг бичсэн юм биш гадаадынхан ч мөн бичжээ. Тэд “дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс ийм агаараар амьсгалах ч гэж дээ” хэмээн гайхаж, халаглаж байх юм. Нийслэлийн маань агаарыг бохирдуулагч 3 хорт бодисын хэмжээг харьцуулж шалгараад л дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хотуудаас айргын тавд оруулжээ. Үүнд хүхэрлэг хий; азотын исэл; мөн тоос, хөө тортог, шивтэрийн хий, хар тугалга гэх мэт хорт бодисуудийн нийлбэр багтаж. Хүхэрлэг хий бол нүүрснээс ялгардаг, хүчиллэг бороо оруулдаг, нүд өрөвсүүлж, ханиалгуулж, амьсгалын замаар халдварлах өвчин, астмаг сэдрээдэг. Азотын исэл бол автомашин, цахилгаан станц, цахилгаан үүсгүүрээс ялгардаг бөгөөд бронхит ба уушигны бусад өвчний шалтгаан болдог. Харин тоос, хөө тортог, шивтэрийн хий, хар тугалга зэрэг хорт бодисуудын нийлбэр нь уушигны хорт хавдар тусгадаг бөгөөд эдгээр хорт бодисуудын хэмжээ нь Улаанбаатарт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баталсан хэмжээнээс 14 дахин их байдаг гээд бодохоор үнэхээр бид цэвэр агаар импортлохдоо тулчихсан бололтой.

Тун удахгүй бид хорт утааны баг углаад гудамжаар явж мэдэх нь. Хэрэв үнэхээр эрүүл мэндээ анхаардаг бол хорт утааны баг углах цаг аль хэдийн ирсэн бололтой. Дэлхийн банкны Улаанбаатар дахь салбарт ажилладаг австралын иргэн нэгэн эмэгтэй хорт утааны маск өмссөж гадуур явдаг байсан. Өнөөдөр мэдэгдэхгүй ч, хожим хойно эрүүл мэндэнд нөлөөлнө гэж тэр эмээгээд хүмүүсийн элэг доог болохыг үл хайхран хорт утааны маск өмсдөг байсан гэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө л харийнхан манайд л ирж цэвэр агаар амьсгалдаг бид гэж эх орноороо бахархдаг байсан биш билүү. Байдал ингэж орвонгоороо эргэх гэж... Шальтай ч хөгжиж чадаагүй байж агаараа бохирдуулж, уушгаа хордуулах нь нэг бодлын ичмээр ч юм шиг.
Бодоод үз л дээ, Бээжин, Нью Дели, Сантиаго, Мехико сити гэсэн хүн амынхаа тоогоор дэлхийд толгой цохих хотуудын дараа—зааны хажууд зогсох шоргоолж шиг—Улаанбаатар гозойж байна шүү дээ. Манай дараа Египтийн Кайро, Хятадын Чонквинг, Гуанжоу, Хонконг, Афганистаны Кабул орсон гээд бодохоор манай агаарын бохирдолд үнэхээр “аймшгийн” байгаа нь ойлгомжтой. Дайн тулаантай Кабул хот хүртэл манайхаас “доогуур” агаарын бохирдолтой байх даа ч яахав дээ. 5 сая гаруй оршин суугчидтай Кабул манай доор жагсана гэдэг сэтгэшгүй мэт... Гэвч “сэтгэшгүйг” бид хийжээ.
Мэдээж биднээр хийлгэсэн хүчин зүйлс ч бий. Монголын өвөл бол Улаанбаатарыг дэлхийн хамгийн хүйтэн хот болгосон “гавьяатан”. Энэ өвлийг л давж туулахын тулд нүүрс түлж, мод шатааж, бүр зарим маань машины дугуй, бас бусад зүйлсийг шатаан амь зогоодог билээ. Гэхдээ нийслэлд хүйтний есөн сард нийт 5.2 сая тонн нүүрс шатаадгын 3.5 тонн буюу хамгийн их хувийг нь гурван дулааны цахилгаан станц шатаадаг юм байна. Ингэхээр гэр хорооллынхон биш харин орон сууцанд суугчид илүү их нүүрс хэрэглэдэг болж таарна. Гэтэл ганцхан гэр хорооллын утаа агаар бохирдуулдаг гэх өрөөсгөл ойлголт нийтэд түгжээ. Тиймээс хамгийн их нүүрс хэрэглэдгийнхээ хувьд орон сууцанд суугчид Улаанбаатарын утааг багасгахад хувь нэмрээ оруулж, гар хумхин суумааргүй байна.
Засгийн газар 2010 онд баахан том оврын суудлын тэргүүдээр замтай, замгүй газраар тоос манаруулан давхиж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолой гэдэг газар хуралдсан нь оны онцлох 10 үйл явдлын нэг болсон. “Засгийн газар говьд хуралдсанаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд санаа зовж байгаа дэлхийн тэргүүлэх орнуудын нэг...том сэтгэдэг улс гэдгээ дахин баталсан юм” гэж оны шилдэг сонин бичжээ. Тэгвэл одоо хамтарсан Засгийн газар хөхөө өвлийн хүйтэнд гэр хороололд хуралдаж ард иргэдийнхээ амьсгалах агаар ба дэлхийн цаг уурын эрс өөрчлөлтөнд санаа зовдгоо дахин баталвал НҮБ-ын даргаар дахин магтуулах нь баараагүй. (Энүүхэндээ хэлэхэд нийслэлийнхээ агаарыг бохирдуулчихаад дэлхийн уур амьсгалд санаа зовох арай л “ахадсан асуудал” биш гэж үү?)
Зөвхөн Засгийн газар ч биш Улаанбаатарын бүх иргэд өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийцгээе. Тэр тусмаа гэр хороололд амьдардаггүй, гал түлдэггүй нийслэлийн оршин суугчид илүү их чармайн бүх боломжуудаа дайчлах учиртай. Ихэвчлэн гадаадын тусламжаар хэрэгждэг том том төслүүдэд найдаж суумааргүй. (Гэхдээ мэдээж сайн төслүүд хэрэгжиж, үр дүнгээ өгөж буйг үгүйсгээгүй.)
Наад зах нь гэр ахуйн хог, хаягдлаа хаяхдаа түлж болох цаас, мод зэргийг ангилж ялган гэр хорооллынхонд өгч байя. Гэрт нь хүргээд өгдөггүй юм аа гэхэд ангилаад тусгай газар хаячихад өөрсдөө ирээд авчихна. Уг нь дөхүүлээд өгдөг байгууллага, тусгай хүмүүс байдаг бол бүр ч сайн. Хүйтний улирлуудад гэр хорооллынхонд “түлээ түлшээ” бэлтгэхэд орон сууцны оршин суугчдын тусалцаа багадана уу гэхээс илүүдэхгүй. Үнэндээ хотын утаа гаарахад нэг нэгнээ хайхардаггүй хэнэггүй зан дэм болж. Хэрэв бид гэр хорооллынхныг дугуй битгий шатаа гэхийн хажуугаар үүнийг шатаа гээд хаягдал сонин, цаасаа цуглаад өгч заншвал утааг багасгахад, “арай ариусгахад” тустай. Гэр хорооллын зарим иргэд сонголтгүй болохоороо л хорт бодис ялгаруулдаг хуванцар, дугуй шатаадаг. Гэтэл нэг өдөр нэг албан байгууллага хичнээн кг сонин цаас хог дээр хаядаг билээ. Ядарсан нэгнээ заавал хог ухуулж байхаас хэрэг болох зүйлсийг (зөвхөн сонин цаас ч биш мөн архи ундааны шилэн ба хуванцар савыг) нь ялгаад хаявал илүү соёлтой, бас тус дэмтэй.
Хүйтний улиралд нэг нэгнээ гэсэн хүнлэг сэтгэл юу юунаас чухал. Хог хаягдлаа ялгаж хаяхаас гадна хэт хүйтэрсэн цагт эдгээр иргэдийг хонож, өнжүүлэх дулаан байр сав олж өгмөөр байна. Хүйтэнд орон гэргүй, эсвэл нүүрс түлээ түлэх мөнгөгүй иргэдийг зөвхөн траншей, орцонд хоног төөрүүл гэж зөнд нь орхилгүй дулаан байранд зохион байгуулалттай хонуулж, ундалж байх нь хэн хэндээ ашигтай. Наад зах нь есөн шидийн зүйлс шатааж биднийг хордуулахгүй, мөн иргэд эргээд нийгэмшихэд тус дэм болно. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, “Өөрчлөгдсөн амьдрал” ТББ хоёр хамтарч орон гэргүй иргэдэд халуун хоол өгч байгаа нь өвлийн өвгөн ааваас ч илүү тэднийг баярлуулж байгаа гэнэ. Тэр газар бүр ачааллаа даахаа байгаад гадаа нь хэдэн цагаар зогссон хүмүүсийн дугаарлал үүсдэг болжээ.

Шинэ жил хийхгүй айлд зочлов

10 дугаар хорооллын нэгэн байрны хог самран зогссон хоёр шуудайтай дөчөөд насны нэгэн эрээс чухам юу түүдгийг нь асуув. Архи, ундааны шилэн ба хуванцар сав хайхаас гадна “гэр дулаацуулчих галд түлэхээр зүйл” хайдаг гэж тэр хариулав. Тэр 10 дугаар хорооллоос 3 цаг орчим алхаж очдог “ууланд гэр барьж одоогоор толгой” хорогдож байгаа аж. Хөдөөнөөс бараг жилийн өмнө хотод орж ирсэн ч ажил олдохгүй, олдсон ч түр зуурынх байдаг учир хоногийн хоолоо арай ядан залгуулдаг гэнэ. Түүнээс галд машины дугуй шатаадаг уу гэж асуухад “Шатаадаггүй. Арай ч тэгж доошоо ороогүй байгаа. Гэхдээ манай тэр хавьд дугуй, хуванцар шатаадаг айлууд байдаг. Дандаа ажилгүй хүмүүс” гэж хариулсан юм. Би түүнээр гэрээ барьсан газрыг нь заалгаж аваад ес эхэлсэн хүйтэн өдөр тийшээ очив.
Гадаа хасах 27 хүрч, хүйтний эрч чангарсан өдөр автобусны эцсийн буудлаас цааш хориод минут алхаж байж намхан уулын энгэрт барьсан хашаагүй, хоорондоо нэлээн зайтай хэдэн гэр үзэв. Жаварт хайруулан цастай уулын өөд мазаж явахдаа өмнө харагдах яндангаар нь утаа сулхан суунаглах гэрийн эзэд намай оруулдаг болов уу гэж санаа зовж байв. Хашаагүй, хонхгүй айлд шууд орох эвгүй аж. Айлын том өрөө, унтлаганы өрөө, гал тогоо руу орж буй эсэх нь эс ялгагдах монгол гэрт орох бүр ч эвгүй юм. Гэвч зорьсон хэрэг юу билээ...
Санаснаас намайг гэрийн эзэд уриалагхан, бүр хүлцэнгүй ч гэмээр хүлээж авав. Тооноор орсон бүрхэг тэнгэрийн гэгээнээс өөр гэрэлгүй харанхуйвтар таван ханатай гэрт гуч, дөчөөд насны эр, эм хоёр байв. Тэд бараг гадуур хувцастайгаа сууцгааж байлаа. Үстэй дээл сугалдарлаж өмссөн туранхайвтар эр гэрийн баруун талд ширдгэн дээр сууж, шөнө дэвсэж унтдаг бололтой хуйлсан дэвсгэр гудас тохойлдон хойш налж dvd тоглуулагчтай жижгэвтэр зурагтаар, сүүлд хийсэн Чингис хаантай кино үзэж сууна. Хээр талд хөхөө өвлийн хүйтэнд байлдаж, алалцсан XIII зууны баатар эрчүүд энэ гэрт ахадсан гэмээр сүртэй ярьж, өнгө золбоотой харагдана. Энэ айлын хогшил цөөхөн. Зурагт, dvd тоглуулагч, нэг модон ор, зуух, хоёр жижиг модон сандал, нэг ширээ, мөн аяга таваг хийдэг эргэнэг шүүгээ гээд л бараг болно.
Эд цахилгаанаа сард 15 мянган төгрөгөөр айлаас татдаг гэнэ. Хөдөөнөөс гурван сарын өмнө “Охиноо их сургуульд орохоос нь өмнө хот бараадаж сууршъя гээд” иржээ. Охин нь одоо наймдугаар ангид сурдаг 16 настай, эмээтэйгээ хөдөө байдаг гэнэ. Хажуу айл нь нярай хүүхэдтэй залуухан хос. Тэд Налайх руу явж нүүрсэн дээр ажиллаж “түлэх, шатаах” юм олж ирэхээр гурвуулаа явсан аж. Дөнгөж төрсөн хоёр сартай хүүхэд энэ уулын энгэрт яаж амьдрахыг төсөөлөхөд бэрх. Цай, боорцгоор дайлуулж суухдаа гадуур хувцсаа би тайлсангүй. Хэдийгээр зуух галтай байсан ч гэрийг пүгхийтэл дулаацуулахгүй, хүйтэн өдөр автобусанд суусан аятай л бие халууцахгүй байлаа. Эд 20 шуудай нүүрс долоон хоногийн өмнө худалдаж аваад одоо бараг дуусч байгаа гэнэ. Тэвэрт багтах нэг жижигхэн мяндсан ногоон шуудай нүүрс 1000 төгрөг, мод 1200 төгрөг гэнэ. Гэрийн эзэгтэй хэлснээр бол “сүүлийн үеийн гэр нимгэн гэж чигтэйхэн болсон” аж. Эд таньдаг айлынхаа илүү шинэ гэрийг гуйж амьдарч байгаа гэнэ. Өөрсдийнхөө гэрийг буулгаад нутагтаа айлын хашаанд орхичихсон боловч 250 мянган төгрөг байхгүй тул очиж авч чадахгүй байгаа юм байна. Энэ хоёр байнгын ажилгүй, алдаг оног ажил хийдэг. Хотод хамаатан садангүй тул найзынхаа хажууд бууж. Эдний ярианаас ойлгоход хүйтэнд осгоод хөлдөөд үхчихгүйхэн шиг өвлийг давах нь гол зорилго бололтой. “Байрныхан галд түлэх цаас, модоо тусгай баглаад тавьчихдаг бол амар л байна” хэмээн “Хэрэв хотын байшинд суудаг хүмүүс галд түлэх цаас, мод тусгай газар тавьдаг бол ямар уу?” гэж асуухад хариулав. Энэ эхнэр, нөхөр хоёроос шинэ жилээ яаж тэмдэглэх гэж байна гэж асуусангүй. Өвлийн хүйтнийг яаж давья даа гэж байгаа хүмүүсээс тэгж асуух нэг л зохимжгүй санагдсан. Олон зүйлийг ч асууж шалгаасангүй. Эднийд суухад л бүх л ойлгомжтой. Засгийн газар гэр хороололд хуралдвал их үр дүнтэй юм байна даа. Харанхуй болохоос урьдаж тэднийхээс гарлаа.
Тэднийхээс гараад нусаа хацартаа наан доош алхаж явтал жалганд хөлдсөн мөсийг цоолон ундааны ус авах бүсгүйг хараад уусан цайныхаа амтыг мэдрэв. Тэнд хүмүүс муу усаа асгаж байх нь бас харагдсан. Чухам юуны ус хөлдөөд ийм болсныг тааж мэдэхэд бэрх. Ямартаа ч ус авч байгаа бүсгүй өөрөө мэдэж байгаа биз дээ. Буянаараа болог. Хэдэн алхмын цаана худаг байхад ингэж байгаа нь ус худалдаж авах мөнгөгүй болсных биз... Харин тэр айхтар хүйтэнд шилэн торкоотой өндөр өсгийтэй гутал өмссөн залуу бүсгүйг хараад гайхахын ихээр гайхав. Цасан охин бэлгээ тараахаар явж байгаа нь энэ юм болов уу? Түүний хойноос өвлийн өвгөн шиг том шуудай үүрсэн нэг эр алхаж явах нь таамгыг маань бүр батлах шиг. Гэвч сайтар ажиглавал тэр эр “ажлаа тараад” гэртээ ирж яваа нь хараажийн... “Хэрэв өвлийн өвгөн байдаг бол гацуур модгүй гэр хорооллын айлуудад л бэлэг тараагаасай даа” гэж бодон автобусны буудал руу би улам хурдан алхлав.

No comments: