Tuesday, 4 January 2011

ТОДРОН ТОДОРСООР БУСДЫГ БҮДГЭРҮҮЛЭХ ОЙ

Өнөөдөр үндэсний эрх чөлөөний өдөр, тусгаар тогтнолын өдөр, Монголын үндэсний хувьсгалын 99 жилийн ойн өдөр... Хэдийгээр нэр томъёоны хувьд нэг мөр болоогүй ч энэ өдөр хорьдугаар зууны Монголын түүхэнд 1921 оны Ардын хувьсгалаас ч дутахааргүй чухал болох нь.
99 жилийн тэртээ 200 гаруй жил Манж Чин гүрний эрхшээлд байсан монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон барьсан хаан эзнээр өргөмжилж, хааны зарлигаар төрийн 5 яамыг байгуулан тусгаар тогносноо зарлажээ.
Энэ үйл явдал Ардын хувьсгалын сүрэнд дарагдаж өнгөрсөн зууны ерээд он хүрээд, Ардчилсан хувьсгалын сэмхийгээр мэр сэр яригдаж, монголын түүхчдийн няхуур, нямбай судалгаагаар баталгаажин ач холбогдол нь улам тодрон томорсоор байна. Хэрэв хазгай хэлэхээс айхгүй гэвэл хорьдугаар зуунд гарсан Монголын хувьсгалуудаас хамгийн агуу нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал гэж хэлж болох нь. Тэр утгаараа түүхч О.Батсайханы хэлсэн “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч Богд Жавзандамба хутагт” Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатараас дутахааргүй, бараг илүү гэж хэлэхэд болмоор түүхэн үүрэг гүйцэтгэжээ.
Хэрэв урьд нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж түүхийн номонд бичдэг байсан дээрх үйл явдлыг үндэсний хувьсгал гэж үзвэл бид хорьдугаар зуунд гурван хувьсгал хийжээ: 1911 оны Үндэсний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгал.
Хэдийгээр энэ өдрийг 2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгож нийтээр тэмдэглэхээр болсон ч ач холбогдлыг нь олон нийт төдийлөн ойшоохгүй байна. Бүр будилаантай байдал ч бий болоод байх шиг. Жишээ нь, зөвлөлтийн түүхчид Хаант засгийг халж, Бүгд найрамдах улсыг тунхагласан хэмээн 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг манай түүх бичигт томъёолж өгсөн нь нэг будилаан болжээ. Өдий хүртэл бид энэ өдрийг Улс тунхагласны баяр хэмээн тэмдэглэж байна. Мөн манай олон иргэд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг Тусгаар тогтнолын өдөр хэмээн будилж байна. Тиймээс энэ баярыг хийхээ болиод харин өнөөдөр буюу 12 дугаар сарын 29 өдрийг Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэвэл илүү зохимжтой мэт санагдана. Угаасаа ч бид улсаа БНМАУ гэхээ байгаад Монгол Улс гэж нэрлэх болсон тул энэ асуудлыг нэг мөр болгон цэгцлэж болмоор мэт…
Ер нь сүүлийн үед манай түүхчдийн бичиж байгаагаас харахад 1911 оны Үндэсний хувьсгалын ач холбогдол улам тодрон томрох янзтай. Энэ үйл явдлын түүхэн бодит байдлыг, урьд нь бичигдэж байгаагүй, ил гаргаснаар бид бусад түүхэн үйл явдлуудыг ч арай өөрөөр харах шаардлагатай боллоо. Жишээ нь Ардын хувьсгалыг юу гэж үзэх вэ гэдэг ч тодорхой бус боллоо. Хэдийгээр манай түүхчид 1921 оны хувьсгалыг үндэсний ардчилсан хувьсгал гэж үзэж байгаа ч 1911, 1921 оны хувьсгал хоёрыг хоёуланг нь тэмдэглэх нь хэр таарамж, зохимжтой вэ? гэдэг асуулт урган гарах нь гарцаагүй. 1921 оны хувьсгалыг—эхэндээ Богд хаан дэмждэг байсан ч гэсэн—хар шар феодлуудын эсрэг хийсэн тэмцэл гэж бид ойлгосоор ирсэн. Гэтэл одоо 1911 оны ноёд, түшмэл, том лам нар хийсэн хувьсгалыг Үндэсний хувьсгал хэмээн нэрлэн өргөмжлөх нь болсон нь “нэлээн том зөрчлийг” бий болгосон мэт. Угаасаа 1911, 1921 оны 2 хувьсгал “үзэл суртлын хувьд зөрчилдөж” байсан биздээ. 1921 оны хувьсгалыг тодотгохын тулд социализмын үеийн түүх бичигт 1911 оны хувьсгалыг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж ач холбогдлыг нь бүдгэрүүлж байсан нь ч нэгийг өгүүлнэ. Тэгээд ч Ардын хувьсгал хэр ардчилсан байсан билээ… 1921 оны үйл явдлыг үндэсний ардчилсан хувьсгал гэж нэрлэх нь нэг л эргэлзээтэй.
Ямартаа ч Монгол Улсыг хорьдугаар зууны бие даасан анхны улсуудын нэг болгож, тусгаар тогтнолоо зарласан 1911 оны Үндэсний хувьсгал манай түүхэнд том гавьяа байгуулжээ. Өнөөдөр Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтаар удирдуулсан Үндэсний хувьсгалын 99 жилийн ой тохиож байна. Монгол хүн бүхэн энэ өдрийг хүндэтгэж, тэмдэглэж заншъя.

No comments: