Tuesday, 4 January 2011

2011 ОНЫ ХАРШ ОЙН БАЯРУУД

Түүхт ой олон тохиох жил гарлаа. Хүннүчүүд монголын тулгар төрийг байгуулсны 2220, Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, сансарт монгол хүн анх ниссэний 30 жилийн ой гээд олон ой болно.

Архи уух шалтаг “агаараас бий болгочихдог”, 7 хоног болгонд Баасан ахын төрсөн өдрөөр наргидаг гэж өөрсдийгөө шоолдог бидний хувьд аль ч ойн баярыг тэмдэглэхэд татгалзах зүйл алга. Гэхдээ 1911 онд хувьсгал хийсэн лам нарыг 1921 оны улаан хувьсгалчтай хамт одоо дахин амилуулвал тэд яах бол? Хамтдаа наргиж цэнгэх болов уу? Тун эргэлзээтэй.

Энэ жилийн олон ойнуудаас Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн хоёр ойг онцолмоор байна. Тэр тусмаа Тусгаар тогтнолын ой буюу Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ой (Ерөнхий сайд С.Батболд шинэ жилийн мэндчилгээндээ ингэж нэрлэсэн) гээд байгаа VIII Богд Жавзандамба хутагтын удирдсан Үндэсний хувьсгалыг бүр онцолмоор.

Учир нь, хэрэв манай түүхчдийн бичсэн нь үнэн болвоос, Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо бид хайхрамжгүй тэмдэглэж хэрхэвч болохгүй. Бид бараг 90 жил тусгаар тогтносноо тэмдэглээгүй явсан ард түмэн юм байна! Хэдийгээр 2007 онд УИХ “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулинд “Үндэсний эрх чөлөөний өдөр. 12 дугаар сарын 29” гэсэн заалт нэмж баталж, мөн Ерөнхийлөгч энэ ойг тэмдэглэх зарлига гаргасан ч гэлээ тусгаар тогтносон 100 жилийн ойгоо төгс төгөлдөр хүндэтгэл, бахархал, бэлгэ дэмбэрэлтэй болгоход өнөөгийн бид өнгөрсөн түүхээ дүгнэх дүгнэлт, үзэл бодлоо эрүүл ухаанаар орвонгоор нь эргүүлэх шаардлагатай тулгарлаа. Бүр оюун санааны хувьсал (хувьсгал гэвэл хэтэрчих байх) хийх учиртай. (Үүнийг уул нь Ардчилсан мандсанаас хойших 20 жилийн дотор хийчих байсан ч өдий, хүрсэн нь харамсалтай.)

Ямар юмны оюун санааны хувьсал бичээд унав аа гэж та бодож магадгүй л дээ. Тэгвэл ганцхан жишээ татъя, та харин үнэнээсээ хариул: Манжууд маниусыг дургүй байхад мангартуулж шарын шашинд оруулан номхон хүлцэнгүй болгосон уу? Хэрэв та үүнд итгээд амьдарч байгаа хүмүүсийн нэг бол Тусгаар тогтнолын баяраа тэртээх билгийн тооллын арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр сэтгэл нь ер бусын хөдлөж, баярласандаа самсаа нь шархирч, аньсага норж зогссон өвөг дээдэс шигээ хүндэлж чадахгүй.

Яагаад гэвэл Өмнөд Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 275 жил, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жил, Ойрад Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 156 жилийн дараа Бурхан шашны лам, сүсэгтэнгүүд л хувьсгал хийж Манж Чин гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж, дэлхий дахинд албан ёсоор зарласан билээ. Ерөнхий сайд асан М.Энхсайханы бичсэнээр бол “Монголын тусгаар тогтнолын төлөө Буддын шашны олон лам нар амиа золиосолсон болохоос Христын юм уу, Исламын санваартан амиа алдаагүй”. Бүр сонирхолтой нь Чингисийн алтан ургийн хан нараас Монгол Улсын эзэн хааныг өргөмжлөлгүй харин харь гаралтай Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсансамбуу хэмээх ер бусын урт нэртэй 41 настай төвд эрийг шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаанаар өргөмжилжээ.

Үүнийг дурсаж байгаа нь Буддын шашинтнаас өөр хүн Монголын тусгаар тогтнолыг тэмдэглэх ёсгүй гээгүй харин одоо хүртэл социализмын үзэл суртлаар тархиа угаалгаж, Буддын шашин гэхээр бөөс бодоод явчихдаг хүмүүст алдааг нь харуулах гэсэн юм. Үнэхээр энэ жил тусгаар улс болсныхоо ойг ёслол төгөлдөр болгоё гэвэл Буддын шашныг мухар сүсэггүй зөв ухаарч…үгүй ядаж хүндлэх учиртай. Тэгж байж л бид Тусгаар тогтнолын баяраа жинхэнэ үндэсний уламжлал, түүх, зан заншил, соёлоо сурталчилсан баяр болгож чадна.

Монгол үндэсний эрх чөлөө, сэргэн мандалтын гараа гэж одоо үзэж буй энэ хувьсгалыг Бурхан шашинтангууд хийсэн гэдгийг бид ой ухаандаа бат тогтоомоор байна. Түүнээс биш гадаадын сургагч нарыг урьж авчирч хувьсгал заалгаад тусгаар тогтнолоо зарлаагүй шүү дээ. Чухам иймээс ч Богд хаанаар удирдуулсан монголчуудын нэгдсэн Монгол Улсыг байгуулах үзэл баримтлалыг дэмжсэн хөдөлгөөн, Баабарын бичсэнээр, Хянганаас Алтай, Цагаан хэрмээс Байгаль далайн хоорон дахь өргөн уудам нутагт өрнөсөн билээ. Богд хааны зарлигаар дотоод, гадаад олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад Өвөр Монголын 49 хошууны 38 нь Монгол Улсад дагаар орохоо илэрхийлж байжээ. Эндээс л 1911 оны хувьсгалын цар хүрээ, ач холбогдол тод харагдана.

Хэдийгээр тусгаар тогтнол монгол овогтны мөнхийн хүсэл гэлээ ч Бурхан шашин ХХ зууны эхэнд хамаг монгол овогтны сэтгэл зүрхийг булааж, тэднийг нэгтгэж чадсан нэгэн чухал хүчин зүйл. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Өндөр гэгээн Занабазарын наймдахь дүр Богд Жавзандамба хутагтыг эзэн хаанаар өргөмжилсөн нь ч Бурхан шашинтай холбоотой. Хүрээний улстөрчид Чингисийн алтан ургийнхнаас эзэн хаанд сонгох боломжтой байсан ч сонгоогүй. Сонгосон ч Богд хаан шиг нөлөөтэй, “өндөр рейтингтэй” байж чадах байсан гэж үү?

Тэгэхээр манжууд маниусыг мангартуулж шарын шашинд оруулж, түүнээс нь болж бид доройтсон гэдэг “онолыг” энэ жил таягдан хаях цаг. Доройтсон нь үнэн гэхдээ зөвхөн шашнаас болсон уу? гэдгийг сайн тунгаа. Хэрэв монгол туургатангууд Бурхан шашинд ороогүй байсан бол тархай бутархай сэтгэж 1911 оны Үндэсний хувьсгалыг өргөн цар хүрээтэй хийж чадах байсан уу?

Тэгээд ч бидний өвөг дээдэс тухай үедээ ямар шашин шүтэхээ өөрсдөө сонгож чадахааргүй бүдүүлэг, хоцрогдсон улс байгаагүй шүү дээ. Их гүрэн байгуулж, дэлхийн түүхийг залж, олон шашинтай улсуудыг захирч байсан улс өөрсдөө шүтэх шашнаа сонгож чадахгүй байсан гэдэг бол өвөг дээдсээ ч, бид өөрсдийгөө ч доромжилсон хэрэг. Мэдээж манжууд монголчуудыг Буддын шашинтай байхыг дэмжсэн. Өөрсдөө Буддын шашинтай учраас... Гэхдээ бидний өвөг дээдсийг мангар хүн хуурч байгаа мэт молигодон Буддын шашинд оруулсан гэж бид өөрсдөө ярьж, бичдэг нь утгагүй. Манайхаас өөр нэг ч улс ингэж сэтгэж, ярьж, бичдэггүй. Оросууд ч гэсэн Үнэн алдартны шашинд орсноо мангартуулсан гэдэггүй.

Ер нь шашныг улс төрд ашигладаг байсан нь ганцхан манжууд биш гэдгийг бүгд мэдэх байх. Монголчууд ч гэсэн захирч буй улсаа өөрийн таалсан шашиндаа оруулахыг эрмэлздэг байсан нь Хятадын нийслэл Бээжин хотод одоо хүртэл бий Бурхан шашны сүм хийдүүд батлана. Академич Ж.Болдбаатарын бичсэнээр бол “1911 оны Үндэсний хувьсгалын үр дүнд Хубилай хааны ‘Арван буянт номын цагаан түүх’-ндээ томъёолж, Монголын Юан Улсад хэрэгжүүлж байсан төрийн хоёр ёсыг сэргээж, ном, төрийг ихэрлүүлэн, шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт засгийг тогтоожээ.”

Энэ бүхнээс дүгнэхэд Бурхан шашин ХХ зуунд Монголыг тусгаар улс болгосон гэхэд хэтрүүлэхгүй. Тэр үед монголчуудын үндэсний ухамсар сэргэсэн нь ч энэ шашинтай холбоотой. “Монголын үндэсний үзлийн тухай ярихдаа бид Монгол Буддизмыг үргэлж анхааралдаа байлгах ёстой юм” гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Үндэсний үзэл—хөгжлийн тулгуур” илтгэлдээ хэлжээ. Тиймээс ч ХХ зууны монголын эх орончдын үзэл сурталынх нь суурь болсон Бурхан шашныг хүндлэхээс гадна бас судалвал монголчуудын үндэсний үзлийг зөв тодорхойлно. Энэ талын дорвитой судалгаа хараахан гараагүй бололтой. Ямартаа ч Монголын үндэсний үзэл бол сохор үндсэрхэг үзэл биш байсан гэдгийг баттай хэлж болнo.

М.Энхсайхан мөн “Үндэсний үзлээр өөрсдийгөө зэвсэглэцгээе… Үндэсний үзэл гэдгийг яруу тод томъёолох хэрэгтэй, улс төрийн үзэл суртал болгох хэрэгтэй гэсэн”. Түүний хэлсэн “үндэсний үзэл бол Монголын төрийн тулгуур үзэл байх ёстой” гэсэн санаан дээр нэмэхэд ХХ зууны эхэнд Бурхан шашинд шинэчлэл (реформ) хийгдэж байсан бололтой. Монголын сэхээтнүүд хэмжээгүй эрхт хаант засгийг аажмаар хаант Бүгд Найрамдах Улс болгох чиг баримжаатай байснаас харахад хэчнээн алсын хараатай хөгжлийн цогц бодлоготой байсныг нь нотолно. Харамсалтай нь Үндэсний хувьсгалын зорилт хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадалгүй тасалдсан билээ…

Ийнхүү тасалдсаны нэг шалтгаан нь хүн бүхний мэдэх Ардын хувьсгал. Хэдийгээр Ардын хувьсгалыг эхэндээ Богд хаан дэмжиж, гоминданы цэргүүдээс салахын тулд улаан Орос руу Ардын намынхнаар захиа илгээж байсан ч 1921 онд Улаан цэрэг Монголд ирснээсээ хойш “улаан аллага, хядлага” үйлдэж 1924 он гэхэд тухайн үеийн монголын төрийн том зүтгэлтнүүдийг хядаж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэн Ардын хувьсгалыг дэглэсэн нь сүүлийн үед илэрч буй бичиг баримтуудаас ойлгомжтой болж байна. Гэтэл энэ хувьсгалыг манай түүхчид Үндэсний ардчилсан хувьсгал гэж томъёолох болсон нь ойлгомжгүй байна. Хэрэв 1921 оны хувьсгал Үндэсний ардчилсан хувьсгал юм бол 1990 онд Ардчилсан хувьсгалыг яах гэж хийсэн юм бэ? Тэгэхээр энд нэр томъёоны будилаан байх шиг байна. 1921 оны Ардын хувьсгалд хэрэв өөр нэр томъёо өгөх ёстой юм бол зүгээр л Социалист хувьсгал гэж нэрлэж болдоггүй юм уу?

Мөн энэ дашрамд жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Бүгд Найрамдах улс тунхагласны баярыг хөндмөөр байна. Тагнуулын Ерөнхий Газрын цахим хуудас дээр мэдээлснээс үзэхэд коминтерний дэлхийн хувьсгалын стратегчид, зөвлөлт оросын тагнуулчид Монголд Бүгд Найрамдах Улсыг байгуулах зохиомол нөхцлийг хүчээр бүрдүүлэхдээ “Богд хааныг устгаж БНМАУ-ыг тунхаглах” гэж томъёолсон нэг нууц ажиллагааг хэрэгжүүлсэн ажээ. Улаан оросууд Богд хааныг 1924 оны 5 дугаар сарын 20-нд хорлосон гэдэгт ТЕГ-ын итгэлтэй байна.

МАН-ын Төв хороо Богд хааныг нас бараад 49 хоног ч болоогүй байхад нь 6 дугаар сарын 7-нд болсон III Бүгд хурлаараа “Бүгд Найрамдах Улс тогтоон явуулах тухай” шийдвэр гаргаж, уг шийдвэрийг Ардын Засгийн газар 6 дугаар сарын 13-нд хурлаараа сайшаан баталжээ. Ийнхүү 1924 оны 11 дүгээр сарын 26-нд монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Монгол Улсыг Бүрэн эрхт Бүгд Найрамдах Ард Улс гэж нэрлэжээ.

Харин одоо Бүгд Найрамдах Улс тунхагласан ой, Тусгаар тогтнолын ой хоёрыг хооронд нь нарийн ухаанаар зохицолдуулах шаардлага гарлаа. Шуудхан хэлэхэд нэгийг нь заавал бүдгэрүүлэх хэрэгтэй. Бүгд Найрамдах Улс болсны ойн баярыг дэлхийн улс орнууд тэмдэглэдэг—гэхдээ бүгд биш. Харин Тусгаар тогтнолынхоо ойн баярыг бүгд тэмдэглэдэг. Тэгэхээр ядахнаа энэ жил 11 дүгээр сарын 26-нд бөх барилдуулалгүй харин 12 дугаар сарын 29-нд бөх барилдуулвал илүү ухаалаг шийдвэр бус уу.

Тэгээд ч 12 дугаар сарын 29-ний өдрийг 1912-1922 оны хооронд Богд хааны зарлигаар Улсын баяр болгон тэмдэглэж байжээ. Харин 1922 оноос Ардын Намын Төв Хорооноос Улсын баяр ёслолыг шинэчлэх санал гаргасны дагуу Ардын Засгийн газар “Урьдах автономит Засгийн үед Улсын баярыг жил бүрийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулсаар ирсэн ажгуу. Үүнд бидний Монгол Ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11 оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг Засгийг устгаж Богд Жавзандамба хутагт ламыг Монголын хэмжээтэй эзэрхэг хаанд өргөмжилж, ардын эрхтэй Засгийг байгуулсан тулд одоо зүй нь Улсын баяр ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” гэсэн утгатай шийдвэр гаргасан байна. Тиймээс, түүхч О.Батсайханы хэлснээр бол, 1922 оноос эхлэн 7 дугаар сард Улсын баярыг тэмдэглэх болжээ.

Энэ утгаараа жил бүрийн 7 дугаар сард болдог наадам бол манай Улсын баяр. Бас 1921 оны Ардын хувьсгалын баяр. Өөрөөр хэлбэл Тусгаар тогтнолын баяр маань Улсын баяр биш гэсэн үг. Ингэхэд Тусгаар тогтнолын баяраасаа илүү найр наадам хийдэг хувьсгалын баяр байж болох уу?

Гэхдээ эрийн гурван наадмаа бид одоо өвөл хийж чадахгүй. Угаасаа ч эртнээс өвөл хийдэггүй. Аялал жуулчлал ч багасаж эдийн засагт муугаар нөлөөлнө. Тэгэхээр Тусгаар тогтнолоо “гомдоохгүй” тулд хоёр харш ойг зохицолдуулж энэ оны наадмаас эхлэн Ардын хувьсгалын ойг гэж тодотгохоо больвол яасан юм бэ? Оросууд аль хэдийн Октябрийн хувьсгалын ойг нийтээр тэмдэглэх баярын тооноосоо хасчихсан шүү дээ! 1996 онд Орос Улсын Ерөнхийлөгч Борис Ельцин нэрийг нь сольж, харин 2004 онд Ерөнхийлөгч Владимир Путин нэгмөсөн энэ ойг цуцалсан. Ер нь Ардын хувьсгалтай, хувьсгалгүй монголчууд эрийн гурван наадмаа хийсээр ирсэн уламжлалтай. Чингис хааны үеэс л айраг цагаа дэлгэрсэн намар цагт нааддаг байсан. Тэгээд ч Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалд халаагаа өгсөн. Манайхаас өөр гурван янзын хувьсгал тэмдэглэдэг улс орон байдаг юм уу?

Гадаад ертөнцөд 7 дугаарын сар 11-нд болдог наадмыг монгол наадам л гэж ойлгодог. Түүнээс биш улаан хувьсгалчдын хийсэн хувьсгалыг тэмдэглэж байна гэж ерөөсөө боддоггүй. Бид ч гэсэн наадмаараа улаан хувьсгалчдыг дурсахаа байгаад удлаа. Санаанд ч ордоггүй. Монголынхоо уламжлалт соёлоороо л бахархдаг шүү дээ. МАН 90 жилийнхээ босгон дээр Хувьсгалтаа аваад хаясан нь цагаа олсон зөв үйлдэл болсон. Тэгвэл одоо наадмаа “Ардын хувьсгалгүй болгох” нь (угаасаа ч хувьсгалт хусагдсан) ард түмнээсээ уучлал гуйсантай л адилхан. Монголын олон сайхан сэхээтнүүдийг аймаглан устгасан хувьсгалын ойг 90 нас хүргэнэ гэдэг гутамшиг. Ардын хувьсгалын эцэг алдарт Октябрийн хувьсгалыг 90 жилийн ойгоо тэмдэглэхээс нь гуравхан жилийн өмнө оросууд “ичсэндээ” цуцалсан нь нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Үүнийг Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор цэгцлэхгүй бол хэзээ цэгцлэх билээ. Тусгаар тогтнолын төлөө бас золиослох зүйл байдгыг энэ 100 жилийн ой сануулж буй нь аугаа шинжийнх нь илрэл бөлгөө. Энэ л жинхэнэ тусгаар тогтнолын үнэ цэнэ юм даа.


Жич: Д.Мөнх-Очир гэдэг хүн 12 дугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнолын өдөр (The Independence Day) хэмээн нэг мөр нэрлэж, улсынхаа албан ёсны тэргүүн баяр болгох, 7 дугаар сарын 11-ний баярыг одоо хэвшиж байгаагаараа Үндэсний их баяр наадам (The National Day), 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улсын өдөр (The Republic Day) гэж нэрлэх саналыг дэвшүүлжээ.

1 comment:

Элжигэн Б.Дашравдан said...

Хүндэт ах минь таны саналыг дэмжиж байна. Анхны номыг тань уншсан, авсан 2 дахь номыг тань авч уншина. Ном, бичлэгээрээ эх оронч хөвгүүд дүү нартаа хүндлэгдсэн ах таньд аз хийморь, уран бүтээлийн амжиль хүсье.