Saturday, 26 November 2011

Улаанбаатарын алдарт утаа

Америкийн Ерөнхийлөгч баруун гараа өргөлөө, буулгалаа... Монгол алдаршлаа. Хоромхон зуур болоод өнгөрсөн үйл явдал, америкийн баахан чалчаа нэвтрүүлгүүдийн (talk show) амны зугааг гаргаж, Монголын Улсын Ерөнхийлөгчийг “алган нүүртэй” болгов.

Харин манай Ерөнхийлөгч Монголд ирсэн хойноо, Барак Обама миний нүүрийг тагласан ч Монголын нүүрийг таглаагүй гэж жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгчийн байр сууринаас өнгөрсөн үйл явдлыг тайлбарлав. Үнэхээр Обамагийн баруун гар эх орныг маань бас Ерөнхийлөгчийг маань алдаршуулав. Сохорсон биш завшив гэдэг шиг л юм болов.

Олны танил болох нь маш чухал болсон өнөө үед ямар нэг аргаар алдаршина гэдэг хүлээн зөвшөөрөгдөхийн нэг хэлбэр. Хэрэв Обама баруун гараа өргөөгүйсэн бол, хэрэв ард нь манай Ерөнхийлөгч зогсоогүйсэн бол манай улс болон Ерөнхийлөгчийг маань америкийн зурагт, сонин хэвлэлээр онцгойрч гарахгүй л байх байсан. Тэгэхээр Обамагийн баруун алганд талархая.

Улаанбаатарын бохир агаар бол бидэндээ “Обамагийн баруун савар” юм. Учир нь...тайлбарлаад байх шаардлага бий юу? Бүгд л мэдэж байгаа шүү дээ. Байсхийгээд л олон улсын нэр хүндтэй байгууллагууд Улаанбаатар хотыг дэлхийд хамгийн их агаар нь бохирдсон хотоор цоллож алдаршуулах боллоо. Хамгийн сүүлд, өнгөрсөн сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийслэлийг маань бас “алдаршуулав”. Иран, Энэтхэг, Пакистан гэх зэрэг нэг хотынх нь оршин суугчид Монголын нийт хүн амаас хэд дахин илүү эдгээр улсын хотуудтай манай нийслэл эн зэрэгцэн агаараа бохирдуулсан гэнэ.

Бид ч үүнд бүр дөжирчээ. Бохир агаараас болж хэдэн ч хүн өвдөж, хэдэн ч хүүхэд дутуу төрж байгаа юм, тооцоолоход бэрх. Олон жил агаарын бохирдлыг ярилаа, бичлээ, тэмцлээ. Агаарын бохирдлыг бууруулах гэж их ажиллав. Гэвч хэдхэн жилийн дараа агаарын бохирдол буурна гэдэгт итгэх хүн цөөхөн л байна.

Гэхдээ энэ гол нь биш. “Азийн цагаан дагина” маань алдаршсан нь чухал. Түүнээс биш дөрвөн уулын дунд “халтартаж” харагдах нийслэлд маань өөр цоллуулчих шаанс байна уу. Байхгүй. “Ангайсан” траншей, угаартсан хэдэн модоо л гайхуулах гээгүй юм бол манай нийслэлийг Азийн цагаан дагина гэх хүн бараг олдохгүй шүү. Үүнийг бид заавал гадаадынхнаар хэлүүлэлтгүй мэдэхийн дээдээр бүгд мэднэ. Гадаадад явж ирсэн хүмүүс бүр ч сайн мэднэ. Эрээн очоод ирэхэд л илд анзаарагдана. Дарга нар бол хэнээс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ил хэлэхгүй л болохоос... Сонгууль дөхөхөөр дарга нар их гадаад явна. Зөв шүү дээ. Сонгуулийн дараа юу ч болох юм билээ. Төсвийн мөнгөөр газар үзэж хамгийн тансаг зочид буудалд тухлаж жаахан ч атугай уушиг нь дахь угаараа цэвэр агаараар сэлгэвэл урт насална л гэсэн үг. Боломжтой бол нэг ч гэсэн монгол хүн эрүүл энх байг л дээ.

Зөвхөн эд ч биш. Хөдөөнөөс ирсэн бор царайтай малчин бүсгүй Улаанбаатарыг бас голж байнаа. “Нийслэл гээд нэх гоё юм бодоод ирсэн чинь гаднаа гяланцаг, дотроо пяланцаг газар байна” гэнээ. Үнэн шүү дээ. Үнэн гэдгийг нийслэлийнхэн бүгд мэднэ. Дарга нар баахан мөнгө ярьж хотын үзэмж сайжирлаа гэдэг ч хот маань эмх замбараагүй, согтуу хүн барьсан аятай л байдаг. Үүнийг бүгд зөвшөөрнө. Ил хэлдэггүй л болохоос... Дуулж хуурдаж, наргиж цэнгэхдээ л бид үзэсгэлэнт Улаанбаатар гэдэг. Харин гадаадын жуулчдыг эх орондоо урихдаа Улаанбаатараа дурсдаггүй. Онгон байгаль, Чингис хаанаараа л “далалдаг”. Улаанбаатараасаа харин ичдэг. Гэхдээ яах ч аргагүй Улаанбаатарын онгоцны буудалд буулгаж, мордуулдаг болохоор яалтай билээ.

Албан ажлаар ирсэн нэгэн шар толгойт уушийн газар толгой сэгсэрч “Улаанбаатарт ямар ч зохион байгуулалт алга. Цэгцтэй гудамж алга. Хэлд ороогүй жаахан хүүхэд лего тоглоомоор хот барьсантай адилхан” гэж байна. Үнэн. Жаахан хүүхэд эвлүүлдэг тоглоомоороо хот барьвал юу болох уу? Төсөөлөлж байна уу. Төсөөлөхгүй бол Улаанбаатарыг төсөөл...
Улаанбаатарт нэр устай гудамж ховор. Нэргүй гудамжууд нийслэлийг гутааж байна. Нэргүй болохоор нь хэн ч гудамж, гудамжны соёлыг хүндлэхгүй юм. Бид хотын соёл гэж их ярьдаг. Гэтэл хотын соёл гудамжнаас л эхэлнэ. Гудамж нь хоёр дахь гэр шиг бол хотын соёл бий болно. Хаа ч гэж харин гэр хорооллуудад жирийтэл эгнэсэн гудамнууд байх юм. Хотын байшинтай хэсэгт бол мөнгөтэй, хор найруулах чадалтай хүмүүс байшин барилга бариад нийслэлийг төөрдөг байшин шиг болгоод хаячихлаа. За барих нь дүүрч, харин хүн хаагуур явах вэ? гэдгийг л бодолцоосой...

Уул уурхай, онгон байгаль, Улаанбаатарын утаа гурав Монголыг алдаршууллаа. Уул уурхайн гэдэг бол мөнгө гэсэн үг. Тэгэхээр мөнгөөр далалвал хэн ч гэсэн хаана ч гэсэн зориод очно. Үүнийг энэ жил зохион байгуулсан олон уул уурхайн чуулга уулзалт баталлаа. Бас манайд ирсэн дэлхийн олон орны дарга нар давхар батлав. Харин тэд Чингис хаан онгоцны буудлаас төрийн ордон хүртэл машинаар давхихдаа юу боддог бол “Ийм аймаар хоттой улс. Ингэж томрох” гэж гайхдаг болов уу.

Яармагаар өнгөрөхөд л гэр хороолол үзэгдэнэ. Мөн машины угаар, гэрийн утаа, үйлдвэрийн хаягдлаас болж цонхийж сүр жавхаагүй болсон модод харагдана. Улаанбаатарын жавхаагүй, үзэмжгүй, мухар гартай хүн шиг болгоод тайрчихсан модыг хараад, модыг хүн шиг хүндэлдэг гадаад хүмүүсийн сэтгэл нь эмзэглэж байгаа. Үнэн шүү. Японы “Жайка” байгууллагад ажилладаг нэгэн япон “Мод зун ч, өвөл ч үзэмжтэй сайхан харагдах ёстой. Модыг тайрахдаа үүнийг бодолцох ёстой. Гэтэл танайхан хэтэрхий тайрчихдаг тул навчгүй үед нь харахаар өрөвдмөөр байдаг” гэж байна лээ. Тэгэхэд нь би бодож байлаа. Ингэж хэтэрхий тайрснаас болж бас модод үхэж байна уу гэж. Хэрэв Улаанбаатарын автозамын дагуу ургах моддыг сайн харвал өвчтэй, бүр “босоогоороо” үхчихсэн мод олныг харна. Нэгдүгээр хорооллоос баруун дөрвөн замд хүрэх замд бол ийм “талийгаачууд” олон. Хавар, намар, зун, өвөл өнгөрөөд л байдаг. Гэтэл тэднийг аваад “амраачих” сэтгэлтэй хүн ховор л байна. Харангатсан уу, угаартсан уу шалтгааныг нь ч олоосой. Үхсэн модод хүний сэтгэл ч дутсан байх. Бид модоо асарч, хайрлаж, хамгаалахгүй юм бол тариад ч яах билээ... Мод бол агаарын бохирдлын эсрэг бидний урдаа барьдаг нэг зэвсэг шүү дээ. Улаанбаатарчууд агаарын бохирдлоо хэмжих ч шаардлагагүй. Гудамжинд ургасан моддоо харахад л хангалттай. Заримын маань уушиг ч хорчийсон халтар навч шиг болсон байгаа.

Уушгийг маань хорчийсон навч шиг болгосон гол буруутан нь утаа гэж байгаа. Утаагаар нийслэлчүүдийг утдаг гол буруутан нь гэр хорооллынхон гэж байгаа. Бүр тодруулвал монгол гэр. Хорин нэгдүгээр зуун гараад монгол гэр “чимээгүй ад үзэгдэв”. Бүгд л монгол гэрийг ад үзэж, гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй гэж ярих боллоо. Тэгэх тусам нь үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг өвөг дээдсийн маань өвлүүлж өгсөн эсгий гэр Улаанбаатарыг утаагаар утаж (хүйтний улиралд) бас дэлхийд алдаршуулав. Эсгий туургатныг нэгтгэж, Чингис хаан Монголыг нэг алдаршуулсан. Харин одоо Чингис хаан үгүй ч эсгий гэр Улаанбаатарыг алдаршууллаа. Алдаршуулахдаа жаахан буруу талаас нь алдаршуулчих шиг боллоо. Олигтой том үйлдвэр ч байхгүй, цөөхөн хүн амтай атлаа дэлхийн хамгийн бохир агаартай хот гэж Улаанбаатарыг “хаданд гаргав”.

Гэхдээ монгол гэр буруутай гэж үү? Монгол гэрт буруугаа тохвол алдас болно. Эзэн болсон бидний л арчаагүйнх. Байгальд хамгийн ээлтэй монгол гэрийг агаарт хамгийн аюултай болголоо. Шавар байшинд шавааралдан суудаг гэж ад үзэгдэж байсан улсууд хамгийн цэвэр агаарыг амьсгалж байна. Гэтэл бид ганц зуух ч сольж чадахгүй. Хэрэв тэгвэл ядахнаа монгол гэр утаа үйлдвэрлэдэг гэж ад үзэгдэхгүйсэн. Монголын Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төсөл утаагүй зуухыг, америкийн ард түмний татварын мөнгөөр хямдруулж зуу хүрэхгүй мянган төгрөгөөр нийслэлийн зарим гэр хорооллын хороодод борлуулсан. Дараа нь манай Цэвэр агаарын сан дэмжлэг үзүүлж утаагүй зуухыг Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөөр бараг авах боломжтой болгосон. Гэтэл ажил нэг л урагшлахгүй байна. Дарга нар их бүтээн байгуулалт гэсээр энэ сайхан санаагаа бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Олон санаа оргож бусгадаг шүү.

Цэвэр агаар төслийнхөн утаагүй зуух хямдарсан үнээр зарахдаа хуучин зуухыг сольж өгч байгаа нь утаагүй зуух борлогдохгүй байгаагийн нэг шалтгаан болж байгаа билээ. Иргэд гал голомтоо өгөхгүй гээд утаатай зуухаа утаагүй зуухаар солих дурамжхан байгаа аж. Үүнийг гэр хорооллын иргэдэд зөвөөр ойлгуулж ухуулах хэрэгтэй байна. Гал голомт бол өсөн дэвшиж байх учиртай. Орон сууцанд амьдардаг зуухгүй айл ч гал голомттой. Тиймээс зуун жилийн өмнө тулгатай байсан эсгий гэр, зуухтай болсон, харин одоо утаагүй зуухтай болвол дэвшил биз дээ.

Мөн бас нэг чухал зүйл бол өвөг дээдсийн өв соёл болсон монгол гэрийн “имижийг” аврах нь монгол хүн бүхний үүрэг. Нэгэнт л нийслэлийн утааны жар далан хувийг үйлдвэрлэдэг гэр хорооллын (монголын нийт хүн амын 45 хувь нь зөвхөн эсгий гэрт амьдардаг) айлуудыг хоёр, гурван жилийн дотор орон сууцанд оруулж чадахгүйгээс хойш монгол гэрийн зуухыг утаагүй болгох нь хамгийн эхэлж хийх арга хэмжээ мөн. Ер нь зөвхөн Улаанбаатарын гэлтгүй, цаашдаа, монгол гэрт утаагүй зуух тавих ёстой гэсэн стандарттай болмоор юм. Мэдээж утаагүй зуухыг илүү монгол ахуйд тохируулах хэрэгтэй. Мөн муу амьдрахаас сайн үх гэдэг. Ингэж бүгд монгол гэрээ чимээгүй ад үзэж байхаас ойрын ирээдүйд хот суурин газар эсгий гэрт амьдрахыг зохицуулсан хуультай ч болмоор байгаа юм. Эс тэгвээс “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан” гэдэг алдартай мөр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л чамайг хордуулна даа” гэж ойлгогдох гээд байна шүү дээ... Монгол гэрийнхээ нэр төрийг аврах нь бидний үүрэг гэдгийг дахин сануулъя... Эсгий гэрээс гарах утааг багасгаж чадвал Улаанбаатарын нэг алдар хасагдах ч монгол гэр нүд үзүүрлэгдэхгүй, нэр хүндтэй байх болноо.

ЧИНГИСИЙН НЭРИЙГ БАРЬЖ ИНДОНЕЗИД БИЗНЕС ХИЙГЭЭРЭЙ

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай Индонези Улс манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, худалдаа наймаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг өнгөрсөн долоон хоногт болсон анхны Монгол-Индонезийн бизнес форумын үеэр Индонезийн Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Имрон Котан хэлж байлаа.

Индонези Улсын Элчин сайдын яам Монголд байдаггүй тул БНХАУ-ын Бээжин хотоос Монголын хэргийг хавсран ажилладаг Элчин сайд Имрон Котан өнгөрсөн долоон хоногт албаны болон бизнесийн салбарын төлөөлөгчдийг дагуулан Улаанбаатар хотод ирж ажилласан юм.

Индонези бол Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай, хурдан хөгжиж байгаа улсуудын нэг. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 6 хувь байсан бол энэ жил 7 хувь болж байна. ДНБ-ний 700 тэрбум ам.долларт хүрсэн. Нийт 250 сая хүн амтай асар том зах зээл гэж Элчин сайд Имрон Котан эх орноо танилцуулсан.

Тэрбээр мөн Монгол Улсыг индонезичүүд сайн мэднэ. Бид Хувилай хааны үеэс нэг нэгнээ сайн мэдэх болсон. Чингис хаан, Хубилай хаан гэдэг нэрийг манай улсад андахгүй. Хэрэв та Индонезид очихийг хүсвэл гадаад паспортоо авч ирээд л Монголоос ирсэн гэдгээ хэлээрэй тэгвэл таниас юу ч асуухгүй шууд л виз дараад өгнө гэж ярьж байлаа.

Монгол, Индонезийн худалдаа өнгөрсөн жил 3 сая ам.долларт хүрчээ. Харин жил 8 сая ам.долларт хүртлээ өссөн байна. Үүнд Элчин сайд Имрон Котан их бахархаж буйгаа хэлсэн. Түүний хэлснээр бол манай хоёр улсад худалдаа наймаа хийх асар их боломж байгаа гэнэ.
Индонезид үйлдвэрлэдэг олон бараа бүтээгдэхүүний Монголын зах зээлд шингээх боломжтой. Жишээлбэл, хүнсний бүтээгдэхүүн, эм зэргийг импортлох бүрэн боломж бий гэж Элчин сайд Имрон Котан ярьж байв.

Манай хоёр улсад аялал жуулчлалын салбарт ч хамтран ажиллах боломж бийг тэрбээр бас дурдсан. Чингис хаан, Хубилай хаан гэхийг сонсоод л индонезичүүд Монголд ирэхийг хүснэ. Тиймээс та нар Чингис хаан, Хубилай хааныг нэрийг барьж манай улсад бизнес хий. Манай зах зээл маш том. Аялал жуулчлал хөгжсөн. Мөн монголчууд ч гэсэн Индонези рүү чөлөөтэй аялаж болно. Дөнгөж гэрлэж байгаа монгол залуус Индонезид очиж Бали арал дээр бал сараа тэмдэглээрэй. Хэрэв та баян бол бүхэл бүтэн арал түрээслээд бал сараа ч тэмдэглэж болно. Яагаад гэвэл манай улсад ойролцоогоор 18 мянган арал бий гэж тэрбээр бас ярьсан.
Элчин сайд Имрон Котан мөн өөрийгөө монголтой төстэй гэж хошигнон хэлж байлаа. “Манай улсад 500 гаруй үндэстэн угсаатан бий. Зарим нь та нартай төстэй. Би ч гэсэн тэндээс гаралтай. Хэрэв миний нэрийг Эрдэнэ болгочихвол та нар намайг монгол гэж андуурна” гэж тэр алиалж байлаа.

Уул уурхайн салбарт хамтран ажиллах их боломж байгааг ч Элчин сайд Имрон Котан мэдээж бас дурдсан. Индонезид уул уурхайн салбарыг хөгжүүлсэн туршлага, туршлагатай мэргэжилтнүүд бий гэдгийг тэр онцолж байсан. “Өнгөрсөн жил танай Ерөнхий сайд Индонезид айлчлахад би дагалдаж явсан. Тэгэхэд би манай хоёр улс уул уурхайн салбарт хамтарч ажиллахад их ашигтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ерөнхий сайд С.Батболдтой мөн биечлэн уулзахад тэрбээр бас надтай санал нэг байсан” гэж Элчин сайд Имрон Котан хэлээд Индонезийн гурван том хөрөнгө оруулагч Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгааг Монгол-Индонезийн бизнес форумын үеэр монголын бизнес, улстөрийнхөнд хэлэв. Тэрбээр “Би жижиг жараахайнуудыг яриагүй шүү. Харин том загаснуудыг ярьж байна. Энэ гурван хөрөнгө оруулагч бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд ордог. Хэрэв үүнийг сонирхож байгаа хүн байвал надтай биечлэн уулзаарай. Та нар сэтгэл хангалуун байна гэдгийг би амлаж байна” гэсэн. Элчин сайд мөн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, бизнес хийх санаа оноотой хүн байвал хувийн утасны дугаараар өгнө гэж хэлж байлаа.


МОНЦАМЭ 2011.9 сар

Металлурги, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг сүүлийн жилүүдэд Монголд олон зохион байгуулах болсон. Шил дараалан болж буй эдгээр чуулга уулзалтад гадаад, дотоодын оролцогчдын тоо цөөрөхгүй, нэмэгдсээр буйг харахад уул уурхайн сэдвээр олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах нь ашигтай бизнес болжээ. Ганцхан энэ жишээ л манай уул уурхай дэлхийн анхаарлын төвд байгааг батална. Арваадхан жилийн өмнө хойноос нь гүйгээд ч биднийг тоохооргүй дэлхийн том компани, үйлдвэрүүд өөрсдөө манайх руу хошуурах боллоо. Энэ бол сайн мэдээ.

Өнгөрсөн долоон хоногт хоёр өдөр Төрийн ордонд болсон “Metals Mongolia-2011” уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалт бол манайд зохион байгуулагдсан олон чуулга уулзалтын нэг юм. Чухам яагаад анхдугаар гэж нэрлэснийг, зохион байгуулагчид нь тайлбарлахдаа, ашигт малтмалын асар их нөөцөө зөвхөн түүхийгээр нь гадагшаагаа гаргах биш, харин нэмүү өртөг шингээж боловсруулахыг илүү анхаарч буй тул энэ чуулга уулзалт бол анхных. Өмнө нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл хөгжөөгүй байхад боловсруулах үйлдвэрлэлийг ярих боломжгүй байсан. Гэтэл одоо уул уурхайн олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж дэлхийн анхаарлыг татаж байна. Ийм цаг үед олборлох үйлдвэрлэлийг түшиглэсэн металлургийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай чуулга уулзалт бол уул уурхайг дараагийн хөгжлийн шатанд гаргаж, Монголын эдийн засгийн хөгжилд шинэ эргэлт хийх зорилготой гэцгээж байсан.

Уул уурхайн хөгжлийг шинэ шатанд гаргах энэ чуулга уулзалтанд Монголд металлургийн үйлдвэр байгуулахад техник технологиос нь авахуулаад бүгдийг нь шийдээд өгчих дэлхийн бүх л том компани, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцжээ. Хоёр зуу гаруй гадаадын боловсруулах үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид ирсэн гэж зохион байгуулагчид нь хэлсэн. Жишээ нь, Казакстанаас “Тау-Кен Самрук”, Японоос “Кобе стийл”, Өмнөд Солонгосоос “Поско”, Австралиас “Экстрато технологи”, Финляндаас “Оутотек” гээд л дэлхийн металлургийн салбарт нэр хүндтэй том компаниуд Улаанбаатарт цуглажээ.

Чуулга уулзалтад нийт 800 гаруй төлөөлөгчид оролцсоноос 60 гаруй хувь нь дотоодын хөрөнгө оруулагчид байлаа. Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, ЗТБХБ-ын Х.Баттулга нар илтгэл тавьж Монголын эдийн засаг, нийгмийн байдал, хар төмөрлөгийн болон зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломж гээд л хамаг бүхнээ хөрөнгө оруулагчдад тайлагналаа.

ЭБЭХ-ний сайд, “Монголын геологичид судалгаа хийж төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц бий гэж тодорхойлсон. Үүнээс нөөц нь тогтоогдсон 33 ордын 660.8 сая тонн баталгаат төмрийн хүдрийн нөөц байгаа” гэж илтгээд Дарханд жилд 1 сая хүртэлх тоннын хүчин чадалтай ган бэлдэц, төмөр хийцийн үйлдвэр, Сайшандад жилд 4.5 сая хүртэлх тонн хүчин чадалтай хорголжин төмрийн үйлдвэр байгуулах төлөвлөгөө, хувилбар бий гэдгийг ч танилцуулсан.

Харин ЗТБХБ-ын Х.Баттулга, монголчуудын өвөг дээдэс хүрэл болон төмөр зэвсгийн үеэс хүрэл, төмөр зэр зэвсэг, эд эдлэлийг ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэн, ган төмөр хайлж, төмрийг эзэмшиж ирснийг археологийн олдворууд нотолсон гэдгийг сануулаад Монголд металлурги, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж хэллээ. Мөн тэрбээр, хэдийгээр бид дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч Хятад улстай хаяа нийлэн оршин буй нь эерэг талтай ч нөгөө талаас хоёрхон улстай хиллэлдэг далайд гарцгүй газар зүйн байршил нь сул тал болдог. Бид хоёрхон улстай бус харин бүс нутаг дахь бусад аж үйлдвэржсэн улсуудад уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдах бодлого баримталж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс манай Засгийн газар эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийг цогц байдлаар харж, эдийн засгийн болоод геополитикийн ашиг сонирхолоо хангахад чиглэгдсэн тээврийн дэд бүтцийн бодлогыг боловсруулаад хэрэгжүүлж эхлээд байна гэв.

Манай улс 2010 онд төмөр замаар БНХАУ руу 3.3 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон бөгөөд “Болдтөмөр Ерөө гол” ХХК дангаараа 2.3 сая тонныг гаргажээ. Цаашид 2011-2015 онуудад, Төмөртэйн ордыг ашиглахад 6 сая гаруй тонн төмрийн хүдэр экспортлох магадлалтай байгааг ч Х.Баттулга дурдсан.

Харин ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун “Улаан, Цавын холимог металлын баяжмалыг боловсруулах үйлдвэрийг 2015 оноос барьж эхэлнэ... Сайншандад коксын, хар төмөрлөгийн, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж хүнд аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна... Цагаан суваргын зэс, молибдений ордын олборлолтыг 2012 оноос эхлүүлж, катодын зэсийн үйлдвэрийг 2013 оноос ашиглалтанд оруулна” гэх зэрэг олон бүтээн байгуулалтыг дурдав.

Гэхдээ боловсруулах үйлдвэрлэл, олборлох үйлдвэрлэлээс ялгаатай нэг онцлог нь хүссэн хэмжээгээрээ экспортлох боломжгүйд оршиж байгаа. Учир нь манайх одоохондоо баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ хямд үнээр урд хөрш рүүгээ гаргаж байгаа болохоор Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай байгаа. Гэтэл, жишээ нь, боловсруулсан төмрийг их хэмжээгээр үйлдвэрлээд Хятад руу гаргахад бэрхшээл учирч болох юм гэж зарим мэргэжилтнүүд хэлж байсан.

Тухайлбал, манай улс боловсруулсан төмөр экспортолж ашиг олж чадахгүй гэж Өмнөд Солонгосын “Поско” компани Монголд судалгаа хийхдээ дүгнэсэн байна. Нэгэнт л боловсруулсан төмөр экспортлохгүйгээс хойш танай улс дотоодын хэрэгцээндээ зориулж уламжлалт технологиор биш шинэ технологиор бага оврын төмрийн үйлдвэр байгуулах л ашигтай. Бид багаар бодоход 5 сая тонн хүртэлх төмөр боловсруулдаг үйлдвэр байгуулж өгнө. Түүнээс доош үйлдвэр манай технологиор байгуулвал ашиггүй гэж "Поско" компанийнхан зөвлөжээ.

Манай дотоодын төмрийн хэрэгцээ 200 зуу гаруй тонн. Ойрын ирээдүйд 1 сая тонн хүрэх төлөвтэй байгаа. Ер нь бол 1 сая хэтрэхгүй. Тиймээс төмрийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн гаргахдаа зөвхөн дотоодын хэрэгцээндээ л зориулж үйлдвэрлэх хэрэгтэй. Харин завсарын бүтээгдэхүүнийг (аргалж, хорголжийг) экспортонд гаргах боломжтой гэж зарим мэргэжилтнүүд тооцоолж байна.

Цайр боловсруулах үйлдвэр байгуулсан ч гэсэн хүчин чадлын хувьд том биш бага оврын байвал манай зах зээлд илүү тохиромжтой гэнэ. Зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны цайрын уулын баяжуулах үйлдвэр “Цайрт Минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүүгээс ямар хэмжээний хүчин чадалтай цайр боловсруулах үйлдвэр байгуулвал тохиромжтой вэ? гэж асуухад “Бага хүчин чадалтай үйлдвэр байгуулах тохиромжтой болов уу. Жилдээ 20 мянга ч юм уу, 100 орчим мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байвал зүгээр байх. Зүүн бүсэд бол 100 орчим мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулах тохиромжтой” гэж хариулсан.

Чуулга уулзалтанд мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барих талаар илтгэл тавьсан. "Гложекс" группын ерөнхий захирал Л.Наранбаатар тавьсан илтгэлдээ, Монгол алтны арвин нөөцтэй улс. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад эхний ээлжинд 2012-2015 оны хооронд жилд 15 тонн, дараа нь үүнийгээ өргөжүүлж 2016 оноос 40 тонн цэвэршүүлсэн алт гаргах хүчин чадалтай үйлдвэр байвал тохиромжтой гэсэн судалгааг бид хийсэн. Мөн байршилын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэрийг, хэдийгээр одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барина гэж байгаа ч, олон улсын туршлагаас харахад олон улсын онгоцны буудалтай ойрхон байлгах нь зүйтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламж нь том биш авсаархан, эрчим хүч, ус маш бага шаардана. Олон улсын онгоцны буудалд ойрхон байснаар аюулгүй байдлыг хангаж, тээвэрлэлтийн зардлыг багасгахад тустай гэлээ. Гэхдээ тэрбээр “урт нэртэй” хууль байгаа нөхцөлд алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай ярих утгагүй зүйл гэж бас хэллээ.

Мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад тулгарах эрсдэлийн талаар "Монгол-999" үндэсний нэгдэл ХК-ийн зөвлөх С.Дамбадаржаа илтгэл тавьсан. Тэрбээр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 300 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад анхаарах зүйл бол хүхрийн хүчил юм. 1 тонн зэс үйлдвэрлэхэд 3-4 тонн хүхрийн хүчил гардаг. Хүхрийн хүчлийг яах вэ? гэдгийг шийдэж байж л зэс хайлуулах үйлдвэрийг ашигтай ажиллуулна. Хэрэв Монголд 300 мянган тонн зэс гаргах үйлдвэр барьвал сая гаруй тонн хүхрийн хүчил гарна. Тиймээс хүхрийн хүчлийг ашиглаж бордоо хийж зарвал зэс хайлуулах үйлдвэр зэснээсээ биш харин дагалдах хүхрийн хүчлийг ашиглаж бий болгосон бүтээгдэхүүнээсээ илүү ашиг олно гэлээ.

300 мянган тонн зэсийг нэг тонныг 350 ам.доллароор зарахад сая орчим ам.долларын ашиг олох аж. Харин 1 сая гаруй тонн хүхрийн хүчлийг нэг тонныг нь 60 ам.доллароор бодоход 60 сая гаруй ам.доллар олох боломжтой. Гэтэл энэ хүхрийн хүчлээ ашиглаад бордоо хийвэл 150 сая орчим ам.доллар олох боломжтой ажээ. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн паркад химийн үйлдвэрийг байгуулвал илүү ашигтай гэж С.Дамбадаржаа санал болгов.

Иймэрхүү сонирхолтой саналууд “Metals Mongolia-2011” чуулга уулзалтын үеэр гарч байлаа. Ер нь Монголд металлургийн салбар олигтой хөгжөөгүй, бараг бараг үүсэх шатандаа л хөгжиж байгаа гэж олон хүмүүс дүгнэж байсан. Тэдний нэг нь ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү. Түүнтэй уулзаж чуулга уулзалтын ач холбогдлыг асуухад “Монголд одоо төрийн өмчит Дархан төмөрлөгийн үйлдвэр л хаягдал төмрийг хайлуулж, цувиад барилгын салбарт ашиглах төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн гадны хөрөнгө оруулалттай жижиг оврын хар төмөрлөгийн хэдэн үйлдвэр энэ аргаар бас төмөр үйлдвэрлэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хажууд хүдрийн хаягдлаар маш бага хүчин чадалтай бас нэг үйлдвэр бий. Харин хувийн өмчит “Хөх ган” үйлдвэр Архангай аймагт олборлосон төмрийн хүдрээ хагас боловсруулж гаргадаг. Зэсийн хувьд бол Эрдэнэт үйлдвэр л ганцхан зэсийг хагас боловсруулж, баяжуулаад гадагш гаргаж байгаа. Тиймээс үндсэндээ Монголд металлургийн салбар хөгжиж чадаагүй. Үүнийг хөгжүүлэхийн тулд л энэ чуулга уулзалтыг хийж байгаа” гэж хариулав.

Чуулга уулзалтын сүүлд Засгийн газар, хувийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид чөлөөтэй санал бодлоо солилцоход өнгөрсөн жил болсон “Goal Mongolia” чуулга уулзалт шиг халуун маргаан үүссэнгүй. Ямартаа ч Засгийн газар металлургийн салбарыг хөгжүүлэхэд тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зангилаа бодлого дутагдаж байгааг ЭБЭХ-ний сайд хэлэв.
2011.11.4-5

Хөвсгөл нуур төрсөн нутгийн минь санагдуулсан

Вашингтоны гудамжаар бороотой өдөр алхаж явах үедээ Монголд хоёр жил ажилласан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Пармершвар Рамлоган эрс тэс уур амьсгалтай манай орны нартай өдрүүдийг үгүйлэх нь гарцаагүй.

Өнгөрсөн бямба гарагт тэр гэр бүлийн хамт нутаг буцсан билээ. Нутаг буцахаас нь нэг өдрийн өмнө намрын шаргал наран цонхоор нь туссан ажлынх өрөөнд түүнтэй уулзахад тэрбээр Монголын нартай өдрүүдэд дуртай гэж байсан.

“Монголын зун сайхан. Би Карибын тэнгисийн Тринидад, Тобагогийн арлууд дээр төрсөн болохоор зуны улиралд дуртай. Миний төрсөн нутагт борооны, хуурай гэж хоёр л улирал байдаг. Ер нь Монголд нартай өдрүүд их болох юм. Өвөл ч гэсэн нартай сайхан өдрүүд олон. Гэтэл Вашингтонд өвөл жиндүү хүйтэн, бороотой өдрүүд их болдог. Хэдийгээр Монголд богинохон хугацаанд ажиллаж, амьдарсан ч би өөрийн гэр бүлийнхэнтэй хамт дурсамжтай сайхан олон мөчийг өнгөрөөлөө. Монголд ирж ажиллаж, амьдарсан энэ хугацаандаа Монголын ард түмний соёл, аж амьдралтай танилцлаа. Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Би дэлхийн олон орноор явахдаа ийм үзэсгэлэнтэй байгальтай газар үзээгүй” гэж тэр ярьсан юм.

Түүнээс Монголд хийсэн ажлынх нь талаар болон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг асуув.

СТАНД-БАЙ ХӨТӨЛБӨР БҮТЭЛГҮЙТЭХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙСАН ҮЕ БИЙ

Засгийн газартай хамтран Станд-бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэндээ Пармершвар Рамлоган сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэхдээ “ОУВС-гийн Монголд амжилттай хэрэгжсэн анхны хөтөлбөр миний ажиллах хугацаанд таарсанд би их баяртай байдаг. Монголын Засгийн газар, ОУВС хоёр үнэхээр сайн хамтран ажилласан. Бидний харилцаа нэг нэгнээ хүндэтгэсэн, халуун дотно уур амьсгалтай байсан” гэж хэлэв.

Гэхдээ санал зөрөх асуудал байсныг тэр нуусангүй. Хөтөлбөр бүтэлгүйтэх вий гэж заримдаа санаа зовдог байж. Хөтөлбөр хэрэгжих үед суурин төлөөлөгч нойргүй хонох ч тохиолдол гардаг байсан байна. Вашингтон, Улаанбаатарын цагийн зөрөөнөөс болж, өдөр нь ажлаа хийсний дараа шөнө дөл болтол төвтэйгээ харилцаж гэртээ ажилладаг байж.

Чухам ямар асуудлаар санал зөрөлддөг байсныг түүнээс асуухад “Төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд их санал зөрсөн. Бид Засгийн газрыг илүү чанга төсвийн бодлого хэрэгжүүлж, зарлагыг багасгахыг шаардсан. Одоо ч гэсэн бид энэ оны төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь төсвийн зарлага ихэссэн нь инфляци өсөхөд нөлөөлсөн” гэж хариулав.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙВЭЛ БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Хэрэв Засгийн газар 2011 оны төсөвт тодотгол хийн, зарлагаа нэмбэл Монголбанк бодлогын хүүгээ одоо байгаагаасаа улам нэмэх шаардлагатай болно гэж Пармершвар Рамлоган үзэж байна.

“Засгийн газрын зарлага дахин нэмэгдвэл инфляцийн дарамтыг улам ихэсгэнэ. Одоо ч гэсэн инфляцийн дарамт их байна. Эдийн засаг хурдан тэлж, хэт халж байна. Энэ үед Засгийн газрын зарлага нэмэгдвэл дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэгцээг хангаж чадахгүй инфляцийг өсгөнө. Энэ нь ядуу, эмзэг бүлгийнхэнд л илүү хүндээр тусна. Тиймээс л бид төсвийн тодотгол хийхийг дэмжихгүй байгаа. Хэрэв Засгийн газар инфляцийг үл хайхран зарлагаа нэмэгдүүлвэл Монголбанк мөнгөний бодлогын байр сууриа хатууруулж, бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай болно. Засгийн газрын зарлага нэмэгдэхэд хувийн салбарынхан агших шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Энэ бол төсвийн тодотгол хийсний нэг үр дагавар... Мэдээж мөнгөний бодлогыг чангалвал зээлийн хүү өсөх нь ойлгомжтой. Зээлийн хүүг нэмвэл бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлнө. Харамсалтай нь үүнээс өөр арга байхгүй. Хэрэв инфляцийн эсрэг арга хэмжээ авахгүй бол байдал улам дордож мэднэ. Гэхдээ төсвийн тодотгол хийгээгүй байлаа ч инфляцийн дарамт их байгаа болохоор Монголбанк мөнгөний бодлогоо сулруулж болохгүй.”

“Инфляци бууруулахад мөнгөний бодлогыг чангалахаас өөр арга байхгүй юу?” гэж түүнээс асуухад “Инфляци өсч, буурах гол шалтгаан нь Засгийн газрын зарлага. Тиймээс инфляцитэй тэмцэнэ гэвэл төсвийн зарлагыг л хянах ёстой. Монголын эдийн засагт төсвийн бодлогоос л бүх юм хамаарч байна. Мөнгөний бодлого ч мөн төсвийн бодлогод хариу арга хэмжээ авсан байдалтай байгаа тул инфляцийг бууруулахад төсвийн бодлогыг л хумих ёстой. Монголд мөнгөний бодлого олон зүйлийг хийж чадах боловч ганцаараа инфляцийг бууруулж чадахгүй. Инфляцийн эсрэг хамгийн түрүүнд төсвийг бодлогыг хумиж тэмцэх ёстой” гэж хариулав.

Тэрбээр мөн, эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнээс шууд хамаарч төсвийн бодлого тодорхойлогдож байсныг болиулахын тулд УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол санаа бол дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байхад Засгийн газар зарлагаа нэмэлгүй, хуримтлал үүсгэнэ. Харин эрдэс баялгийн үнэ унаж, улсын төсвийн орлого багасахад, хуримтлуулсан хөрөнгөө ашиглаж, төсвөө танах шаардлагагүй байхад оршино гээд “Гэтэл энэ жил Засгийн газар тэртэй тэргүй алдагдалтай баталсан төсөвтөө тодотгол хийх гээд байгаа нь 2008 хямралын өмнөх үеийг санагдуулж байна” гэв.

ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ЗААГ БҮДЭГ
Пармершвар Рамлоган Монголын улс төр, эдийн засаг хоёр салшгүй холбоотой байдгийг сайтар ойлгосон байна. Түүний ажиллаж байсан олон улсад улс төр, эдийн засаг хоёр нь манайх шиг нягт холбоотой байгаагүй гэнэ.

“Монголд улс төр, эдийн засгийг ялгаж салгах боломжгүй. Яагаад гэвэл Монгол хүчтэй парламенттай орон. Монголын парламент бусад орныхтой харьцуулахад эдийн засагт их нөлөөтэй. Тиймээс бид Монголын парламентийн гишүүдтэй их ойр ажиллах шаардлага гарсан. Зөвхөн Засгийн газар, мэргэжилтнүүдтэй ярилцаад асуудлыг шийдэх боломжгүй. Заавал ч үгүй, УИХ-ын гишүүдтэй уулзаж, бодлогын зөвлөмжөө тайлбарлах шаардлагатай байсан. Өмнө нь миний ажиллаж байсан улс орнуудад ингэх шаардлага гарч байгаагүй. Харин Монголд л би улс төрчидтэй уулзаж ажлаа танилцуулж, итгүүлэхэд их цаг зарцуулсан. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёрын зааг ялгаа их бүдэг байна” гэж тэр хэлж байлаа. Дашрамд дурдахад, Пармершвар Рамлоган Латин Америк, Өмнөд Африк, Карибын тэнгисийн улс орнууд гээд олон улсад ажиллаж байжээ.

ХӨГЖЛИЙН БАНК ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ НУУХ ХЭРЭГСЭЛ БОЛОХ ВИЙ
Хөгжлийн банкыг улсын төсвөөс гадуур зарлага нэмэгдүүлэх нэг хэрэгсэл болох вий гэж ОУВС сэрэмжүүлэх болсон. Үүнийг Пармершвар Рамлоганаас тодруулж асуухад тэрбээр ингэж хариуллаа.

“Хөгжлийн банк бол арилжааны банк байх ёстой. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвартай арилжааны банк байхын тулд зарлагаа нөхөх боломжтой, ашиг олох төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны төлөвлөгөөнд одоогоор ийм зүйл байхгүй байна. Хөгжлийн банк дэд бүтэц, барилга, төмөр зам гэх мэт шууд орлого олох боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхээр яригдаж байна. Хэрэв Хөгжлийн банк зээл авч эдгээр төслүүдийг санхүүжүүлсний дараа ямар ч ашиггүй байвал зээлийн эргэн төлөлтийг төсөвт л найдахаас өөр аргагүй болно. Эндээс харахад эцсийн эцэст улсын төсөв л дээрх төслүүдийг хэрэгжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэр гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төслүүд эцсийн эцэст төсвөөс санхүүжих атлаа төсөвт тусгагдаагүй Хөгжлийн банканд харьяалагдаж байдаг. Тиймээс л бид Хөгжлийн банк, Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагын хэрэгсэл болж байна гэж үзэж байгаа юм. Засгийн газар зарим зарлагаа Хөгжлийн банк руу шилжүүлснээр цаасан дээр харьцангуй зарлага багатай мэт харагдах болно. Гэвч яг бодит байдал дээрээ бол энэ бол Засгийн газрын зарлага.”

СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СҮҮНД ОРООД БУЦЖЭЭ
Хэдийгээр нүүдэл суудал хийгээд завгүй байсан ч тэрбээр цааргалж түдгэлзсэнгүй ийнхүү ярилцлага өгсөн. Ер нь их энгийн хүн. Тэрбээр зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айлын дөрөв дэх хүүхэд. Гурван ахтай, эмэгтэй, эрэгтэй нэг дүүтэй. Харин өөрөө дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү, гурван охинтой. Том хүү нь 30-тай бол том охин нь 28 настай. Түүний дараах нь 20 настай одоо их сургуульд сурдаг. Бага охин маань Монголд эцэг эхтэйгээ хамт амьдарч энэ хавар дунд сургууль төгссөн. Одоо Канадад суралцаж байгаа гэнэ. Тэрбээр Монголын байгаль, зуны улиралд дуртай. Ноднин зун Хөвсгөл нуурыг очиж үзээд төрсөн нутгаа санасан гэнэ. Цэвэр тунгалаг Хөвсгөл нуурын ус түүнд төрсөн нутаг дахь Карибын тэнгисийг нь санагдуулжээ.

Хоёр жил гаруй Монголд ажиллахад нэг бэрхшээл нь Вашингтон, Улаанбаатарын цагийн ялгаа. Нөгөө бэрхшээл нь мах байсан гэнэ. Монгол дахь ажил нь дуусахад Вашингтонд ажлын цаг эхэлж байдаг болохоор зарим үед гэртээ очоод үүр цайтал төвтэйгээ холбогдож ажилладаг байж. Харин махны хувьд гэвэл тэрбээр угаасаа мах иддэггүй ногоон хоолтон учир монгол найз нөхдийнхөөрөө зочилохоос авахуулаад ажлаар хөдөө гадаа явахад нь хоол ундны асуудал байнга тулгардаг байсан байна.

Анх Монголд ирэхдээ тэр мах байтугай сүү, сүүн бүтээгдэхүүн ч хэрэглэдэггүй, ер нь малын гаралтай ямар хоол хүнс хэрэглэдэггүй жинхэнэ ногоон хүнстэн байжээ. Харин Монголоос буцахдаа сүү, айраг уудаг болж цагаан хоолтон болсон байна.

Мэдээж зунд дуртай хүн, өвөлд дургүй байх нь ойлгомжтой. Өвөл түүний хамгийн дургүй зүйл нь олон хувцас давхарлаж өмсөх. “Олон хувцас давхарлаж өмсөхөөр биед эвгүй байдаг юм. Гэртээ очоод бараг арван минут хувцсаа тайлах гэж зүдэрдэг” гэж хошигнон хэлж байсан. Гэхдээ Монголын өвөл санасныг нь бодоход харин ч гайгүй байсан гэнэ. Монголд ирэхээс нь өмнө хүмүүс Монголын өвлийн тухай ярихыг сонсоод тэр эмээж байжээ. Харин ирээд хуурай уур амьсгалтай Монголд өвлийн нартай өдрүүд олон болдгийг тэр мэджээ.

Вашингтонд очоод ОУВС-ийн удирдах дээд байгууллагын ажлын албанд ажиллах юм байна. Энэ удирдах дээд байгууллага нь ОУВС-ын үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, шийдвэр гаргадаг байгууллага тул Монголд хийж байсан ажлаас нь арай ондоо гэнэ.

Ийнхүү хоёр жилийн өмнө Монголын эдийн засаг хямарч байхад ирсэн ОУВС-гийн суурин төлөөлөгч Монголын эдийн засаг сэргэж байх үед нутаг буцлаа.

2011.10

Tuesday, 15 November 2011

БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам, орчин үед Буддын шашны ном сургаалыг энгийн иргэдэд тайлбарладаг төвүүд их хэрэгтэй. Монголын залуучууд та нар өөрсдөө жижиг жижиг бүлгэмүүд байгуулаад Буддын шашны сургаал, онол зэргийг хоорондоо ярилцаж, санаа оноогоо солилцож бай. Ийм төвүүдийг энэтхэг, төвд залуучууд Энэтхэгийн Дарамсалад олноор байгуулж байгаа. Их үр дүнтэй, ач тустай юм байна лээ. Буддын шашны нотлохуй ухаан бол бүх ажил мэргэжилтэй хүмүүст ач тусаа өгнө. Та бүхэн Буддын шашны нотлохуй ухааныг эзэмшээд ажил төрөлдөө ашиглаа гэж айлдсан билээ.

Монголын Бурханы шашинтны нийгэмлэг бол Далай ламын сургаалыг бодитойгоор биелүүлж буй байгууллага юм. Тус нийгэмлэг энгийн хүмүүст Бурханы шашны сургаал, номлолыг тайлбарлаж, орчин үеийн Бурханы шашинтныг бэлтгэхийг зорин нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.

Уг сургалт сүсэгт суурилсан бус харин мэдлэгт суурилсан Бурханы шашныг иргэдэд түгээх зорилготой. Хэрэв мэдлэгт суурилсан Бурханы шашныг энгийн иргэдэд түгээвэл орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтныг олноор төрүүлнэ гэж МБШН-ийн багш, гавж Д.Нямсамбуу хэлж байна.

Орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтан гэж хэнийг хэлэх вэ? гэвэл шашныхаа ертөнцийг үзэх үзлийг мэддэг, сайн үйл хэргээрээ үүнийгээ илэрхийлдэг, өөрөө өөртэйгээ тэмцэж, муу сэтгэлээ дийлж, өөрийгөө засаж байж л амар амгаланг олохыг ухаарсан хүнийг хэлэх аж. Түүнээс биш Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй байж, зовж ядрахдаа л “Намайг авраачээ, би мөнгө өгсөн шүү!” гээд Ганданд очиж хүрд эргүүлдэг, ламд өргөл барьц, “хээл хахуул” өгч ном уншуулдаг хүний хэлэхгүй гэнэ.

ХХI зуунд Монголд мэдлэгт суурилсан Бурханы шашин маш чухал. Угаасаа л мэдлэгт суурилсан бүхэн чухал болсон зуун бол ХХI зуун. ХХI зууны хувь хүн бол аливааг “Энэ юу вэ?” гэж эргэцүүлэн бодох ёстой. Мухар сүсэг бол хүний эргэцүүлэн тунгаах чадварыг сохолдог. ХБуддын шашны нотлохуй ухаан асар гүнзгий. Энэ давуу талаа ашиглаж хүмүүст хүрэх хэрэгтэй гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тэрбээр мөн: Монголчуудын дийлэнх нь Бурханы шашинд даатгалын компани шиг хандаж хар амиа хаацайлан лам хуврагуудад мөнгө өгч байна. Энэ бол таатай хэрэг биш. Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна. Энэ чинь зүй тогтол юмаа гэж л номлодог. Орчлон хорвоод та нар бие биенээсээ хамааралтай, бие биендээ хэрэгтэй. Тийм болохоор та нар бие биенээ хүндэлвэл жаргана шүү гэдэг аргыг л Бурхан багш зааж өгсөн. Түүнээс биш надад л итгэвэл, юунд ч бүү санаа зов. Би бүгдийг шийднэ гэж хэлээгүй. Бусад зарим шашинд Ертөнцийн эзэн гэж байдаг бол Бурханы шашинд Бурхан багш гэж бий. Бурхан багш сохроор дагаж мөрдөхийг шаардаагүй. Харин аливааг эргэцүүлж, тунгааж байж мөрдөхийг зөвлөдөг. Тиймээс Бурханы шашинд зөв амьдрах аргыг нь зааж өгдөг. Бурханы шашны аврах, аврагдах зарчим бусад зарим шашнаас ялгаатай. Хэрэв бусад зарим шашинд хүн хүсээд, итгэх л юм бол аврагдана гэж сургадаг бол харин Бурханы шашинд хүн хэчнээн аврагдая гэж бодсон ч үйлийн үр байвал аврагдах боломжгүй. Тиймээс л өнөөгийн монголчууд бид сайн юм хийвэл сайн үр дагавартай, муу юм хийвэл муу үр дагавартай, бид нэгнээсээ хамааралтай гэдгээ ухаарвал манай нийгэм сайн сайхан болох учиртай. Нэг нэгнээ хүндэлдэг, бусдын эрх ашгийг эрхэмлэдэг үзэл Бурханы шашны сургаалыг зөв ухаарсан цагт бий болно гэж сургаж байлаа.

Үнэхээр нийслэлийнхэн бид нэг нэгнээсээ хамааралтай гэдгээ мартсан мэт амьдардаг. Бүгд л “би, би”, “надад, надад” гэсээр ээлж ээлжээрээ таггүй траншейнд унаж үхэцгээх нь. Ер нь зөвхөн онгорхой траншей ч биш ер бүх юманд монголчуудын хувиа хичээсэн, мунхаг чанар харагддаг билээ. Нэг нэгэндээ зам тавьж өгдөггүй. Оочерлож чаддаггүй. Баярлалаа гэж хэлдэггүй. Энэ бүхэн “би бусдаас хамааралгүй тусгай хүн” гэдэг бодлоос бий болсон. Хэрэв монголчууд хамаг юмс харилцан хамааралтай гэдэг Буддын шашны сургаалыг зөв ухаарч, мэддэг бол ядахнаа ухсан нүхээ тойруулаад хашлага бариад, хүн амьтан унаж гэмтэхээс сэргийлэх л байсан. Гэтэл тэгдэггүй нь даанч харамсалтай… Энэ бүхнээс харахад Бурханы шашныг ард иргэддээ зөв ойлгуулж, нийгмээ хүнлэг, соёлтой болгоход ашиглах нь их чухал гэдэг нь тодорхой.

“Бидний амьдрал аль нэг далдын ид шидээс хамаарах биш харин өөрсдөөс маань хамаарна. Тиймээс зовлонгын шалтгааныг өөрөө өөрөөсөө л хайх чухал. Ерөөсөө л харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс жаахан ухаж үзэхэд л бусдыг хүндлэх надад ашигтай юм байна гэдгийг ойлгоно. Машин жолоодоод эам дээр явахад дүрэм журмаа мөрдөөд, нэг нэгэндээ зам тавиад сурчихвал эргээд энэ үйлдэл нь өөрт нь ашигтай болно гэдгийг харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс ч батлагдана” гэж Д.Нямсамбуу нотолж байна.

Түүний хэлсэн маргашгүй үнэн билээ. Монголчууд буян хийнэ гэдгийг өдөр тутмын амьдралаасаа тустай, хааяа нэг дотны хүн нас барахад хийдэг зүйл гэж ойлгоно. Гэтэл тийм биш. Хүн унаад гэмтэж бэртчих вий гээд траншейны тагыг таглахад ч гэсэн буян болно. Мөн ядарсан хүнд автобусанд суудал тавьж өгвөл ч буян болно. Тиймээс ч Бурхан багш “Буян хийвэл амар амгаланг олно” гэж айлджээ. Харин өнөөгийн монголчууд бидэнд хийсэн үйлдэл маань хамаагүй. Харин том мундаг ламд очоод л “бүх юмаа аргалуулах” хангалттай байдаг. Энэ бол буруу гэдгийг гавж Д.Нямсамбуу бас хэллээ.

“Буддын шашинд ид шид гэмээр зүйл бий. Гэхдээ энэ бол голлох хүчин зүйл болдоггүй. Ном уншуулж байгаа хүмүүсийг Бурхан багшийн айлдаагүйг хийлээ гэвэл туйлшрал. Мөн Бурхан багшийн хий гэснийг хийж байна гэвэл бас туйлшрал. Миний бодлоор бол бид голлох хүчин зүйлээ, гишүүн хүчин зүйлээр л солиод байна даа” гэж Д.Нямсамбуу хэлээд Бурханы шашны цөм бол хүн өөрөө өөртөө аврал гэдэг сургаалд л оршино. Аливаа ид шид бол хэзээ ч Бурханы сургаалын гол цөм нь байгаагүй гэв.

Далай лам мөн ч үүн лүүгээ агаар нэг сургаал айлдаж байсан. Тэрбээр Бурханы шашны талаар мэдлэгтэй байх нь хоосон сүсэгтэй байхаас чухал шүү. Бурханы шашны талаар ч ямар ч мэдлэггүй байж, өвдөж шаналахаараа л сүм хийдэд очих нь XXI зууны Буддын шашинтанд тохирохгүй. Ганжуур, Данжуур бол Бурханы шашны сургаал. Ганжуур, Данжуурыг хүн бүр уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх ёстой. Ганжуур, Данжуур зөвхөн сүм хийдэд л байх ёстой ном судар биш гэж айлдсан билээ.

Д.Нямсамбуу, “Хүн төрөлхтний мэдлэг, хувь хүний мэдлэг хоёр адилхан шахам байсан үе бий. Хүй нэгдлийн үед нэг гэрийн эзэн арслан заан, барыг яаж агнах уу, арьсыг нь яаж элдэх үү гэдгийг л мэддэг байхад хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарт хүрлээ гэсэн үг. Харин одоо шинжлэх ухаан асар хөгжлөө. Ганцхан жишээ татахад л Бурханы шашин судлал асар гүнзгийрсэн. Одоо түүхийн шинжлэх ухаан ч мөн адил. Дэлхийн бүх цаг үеийг мэддэг хүн гэж байхгүй” гээд хэрэв эрт дээр үед Бурханы шашин сүсэгт суурилан түгдэг байсан бол одоо мэдлэгт суурилсан Бурханы шашныг түгээх цаг хугацаа болсныг онцолж байлаа.

Манай ард түмэн харьцангуй боловсорч бүгд шахам бичиг үсэгтэй болж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох чадвартай хүмүүс олширсон өнөө үед Бурханы шашныг онолын түвшинд ч энгийн хүмүүст тайлбарлаж, сургах ёстой гэж Д.Нямсамбуу үзэж байна.

Бурханы шашны агуулга гүн гүнзгий болохоор ард иргэддээ бүрэн ойлгуулж чадаагүйгээс тухайн нэг улсад Бурханы шашин мөхөж, буурч байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд байдаг байна. Жишээ нь, эртний Энэтхэгт хаа ч байгаагүй, Бурханы шашны алдартай Наланда гэдэг том сургууль байжээ. Наланда сургуулийн эрдэмтэн багш нар Бурханы шашны оргилд хүрч, янз бүрийн ид шидийг эзэмшин, сургууль дотроо нисч явдаг байсан гэж домогт гаргадаг гэнэ. Гэтэл муслим шашны эзлэгчид Энэтхэгийг эзлэн Наланда сургуулийг устгахад Бурханы шашин Энэтхэгт бараг үлдээгүй ажээ. “Зөвхөн оройг нь тайрчихад л Бурханы шашин ард түмний дунд үлдээгүй. Бурханы шашин хэтэрхий онолын түвшинд хөгжиж, энгийн ард түмэнд ойлгомжгүй, байснаас болж энэ явдал болсон” гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тиймээс ч нэгэнт л монголын ард түмний соёл, ахуйд бүрэн шингэж, салгахын аргагүй болсон энэ шашнаа улс орныхоо хөгжилд тустайгаар зөв дэлгэрүүлж, хөгжүүлэх нь өнөөгийн шашны зүтгэлтнүүдийн өмнө тулгарсан том сорилт гэж тэрбээр үзэж байна.

Сүсэгт тулгуурлаж түгээсэн Бурханы шашны өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэжээ. Шашин шүтэхийг хориглосон ХХ зуунд ард түмэн “элгээрээ” Бурханы шашнаа үгүйлсээр, бүрмөсөн марталгүй өнөө үед ирсэн байна. Харин одоо Бурханы шашныхаа талаар мэдлэгтэй, зөв ойлголттой энгийн иргэдийг хүмүүжүүлэх нь нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тэгээд ч Бурханы шашин бол орчин үеийн хүн төрөлхтний оюуны нэгэн их өв. Үүний талаар орчин үеийн хүн заавал мэддэг байх ёстой. Өнөөгийн хэт материалист, хэрэглээний нийгэмд Бурханы шашин “материализмын хэт халалтыг хөргөж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь туслана” гэж Д.Нямсамбуу салахынхаа өмнө хэллээ.

Үнэхээр сүүлийн үед уул уурхайн хөгжлийн сөрөг үр нөлөөг нь багасгахын тулд манай улстөрчид төдийгүй ард иргэд ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэж их ярих болсон. Байгаль дэлхийгээ баяжихийн тулд сөнөөчихвөл ирээдүйд яаж хөгжих билээ. Тэр утгаараа тогтвортой хөгжлийн үндэс бол ногоон хөгжил юм. Үүнтэй нэгэн адил материализмын “хэт халалтын” үед ард түмний сэтгэлийг тайтгаруулж тогтвортой хөгжлийн үндсийг хангах бас нэг чухал хүчин зүйл бол Бурханы шашин. Бурханы шашин материализмын хэт халалтыг баланслуулж, монголчуудын сэтгэлийг чиг, зорилготой болгоход тусална. Тийм учир бид Бурханы шашныг зөв ашиглаж, нийгмээ хувь хүнээрээ, “өөрөө өөрсдөөрөө” дамжуулан хөгжүүлэх нь зөвхөн шашны зүтгэлтэн бус мөн бүх л хүн ардын үүрэг билээ.

Thursday, 27 October 2011

АМЕРИКЧУУД ДҮҮРЭН БОЛОМЖИЙГ МОНГОЛД ХАРЖ БАЙНА

Үнэхээр монголчууд сэтгэл хөдөлгөсөн, боломж дүүрэн үед амьдарч байгаа бололтой. Хэзээ л манай улсад дэлхийн том улс гүрнүүдийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нэг жилд ийм олноороо ирдэг байлаа даа. Богинохон ч гэлээ тэдний айчлалууд олон бичигт баримтанд гарын үсэг зурсан ажил хэрэгч айчлалууд байсан.

“Дэлхийн газрын зурган дээр Монгол тодорч харагдаж байна” гэж Бээжингээс Монголын хэргийг давхар хамаардаг Индонезийн элчин сайд Улаанбаатарт саяхан ирэхдээ хэлсэн нь тун оносон зүйрлэл юм.

Бүр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн, гэхдээ Монголоос далайн чанадад оршдог АНУ ч хүртэл жижиг Монголыг анзаарахгүй байхын аргагүй, дэлхийн газрын зурган дээр Монгол тодорчээ. Үүний нэг баталгаа нь өнгөрсөн долоон хоногт ирээд буцсан АНУ-ын компани, бизнесийнхнийг дэлхийд тэргүүлэхэд нь дэмжлэг тусалцаа үзүүлдэг газрын захирал Сүреш Кумер өөрийн биеэр америкийн арваад компанийн төлөөлөгчдийг дагуулж ирсэн явдал юм.

Ноён Сүреш Кумер бол Америктай бизнес хийхийг хүссэн улс орон, компаниудын хамгийн түрүүнд уулзах ёстой хүний нэг. Гэхдээ тэр бүр баригдаад байдаггүй л байх. АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын худалдаа дэмжих асуудал хариуцсан дэд сайд бөгөөд АНУ болон Олон улс дахь Худалдааны төлөөлөгчийн газруудын ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг хүн шүү дээ. Харин тэрбээр Монголд өөрийн биеэр ирээд, монголын хэвлэл мэдээллийнхнийг Элчин сайдынхаа өргөөнд цуглуулаад илэн далангүй ярилцлаа.

Монгол ирээд хоёр хонохдоо үзсэн харсандаа их сэтгэл хангалуун байсан гэнэ. Монголын сайд дарга нартай уулзаж, бизнесийн салбарынхантай ярилцаад эрсдэл биш боломжуудыг л тэрбээр олж хараад явжээ. Монгол Улс бол одоо жинхэнэ сэтгэл хөдөлгөсөн хөгжлийнхөө үе шатанд явж байна. Бидний уулзсан бүх хүмүүс уул уурхайн салбарт цаашид хийх ажилд маш өөдрөг хандаж байна. Уул уурхайн салбарт бид хамтдаа улам ихийг хийж бүтээж болох юм гэсэн сэтгэгдлийг бидэнд төрүүлсэн гэж америкийн элчингийн зочны нарлаг өрөөнд түшлэгтэй сандал дээр хөлөө ачиж суусан эрхэмсэг ноён Сүреш Кумер ярилаа. Ноён Сүреш Кумер тэр бүр хэлэгдэхээ больж, моодноос гарсан найрамдал гэдэг үгийг бас хэлээд авна лээ.

Монгол, Америк хоёр бат бөх найрамдалтай хоёр улс. Үүний нэг баталгаа бол манай дэд ерөнхийлөгч Жон Байден саяхан Монголд айчилсан. Миний ирсэн явдал бол түүний айлчлалын үргэлжлэл гэж Сүреш Кумер өөрийнхөө Монголд ирсэн ач холбогдлыг тодорхойлов.

Найрамдал гэдэг үгийг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газруудын ерөнхий захирал ганц л хэлсэн бол “Америкийн компаниудад Монголд хэрэгтэй техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, чадвар бий” гэж уулзалтынхаа турш олон дахин давтсан. Тэрбээр, бид Монголд сайн харилцаагаа бэхжүүлэхээр ирлээ. Хоёр Засгийн газар сайн харилцааны үндсийг тавьсан. Харин одоо хоёр Засгийн газар биш харин ард түмэн, хувийн хэвшлийн компаниуд ойртож, хамтран ажиллаж байж сайн харилцаагаа цэцэглүүлнэ. Ингэж л жинхэнэ дотно харилцаа холбоо бий болно. Надтай хамт америкийн уул уурхайн салбарын олон компанийн төлөөлөгчид Монголд ирсэн. Зарим нь Монголд аль хэдийн үйл ажиллагаа эхлүүлсэн, та бүхний сайн мэдэх "Женерал Электрик", "Пийбоди энержи", "Рио тинто" зэрэг компаниуд байгаа. Зарим нь хараахан та бүхэн сонсож амжаагүй боловч дэлхийн уул уурхайн салбарынхан сайн мэдэх “Канавха Скэйлс энд Системс”, “Кресс Корпораци” гэх зэрэг компани бий. Тэд өөрсдөө ирж бодит байдлыг биеэрээ мэдрэх гэж ирсэн. Бас бүсийн эдийн засгийн хөгжлийн агентлагийнхан надтай хамт ирсэн гэв.

Ноён Сүреш Кумер америкийн компаниудыг сурталчлахын хажуугаа Монголын ардчиллыг ч магтахаа мартсангүй. Монголын ардчиллын ололт амжилтыг дэлхий дахинд маш сайн мэднэ. Монгол ардчиллыг шинээр бий болгож буй жишиг улс орон болж чадсан. Саяхан Киргистан Улс танай ардчиллыг магтаж, илэн далангүй ярьж байсан гэлээ. Итгэхээс өөр аргагүй өнгөрсөн хавар ирсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Маделейн Олбрайт ч мөн ингэж л хэлж байсан.

ДНБ нь 15 жилийн дотор 1 тэрбумаас 6 тэрбум ам.доллар болсон улс. Энэ бол үнэхээр том үзүүлэлт. Ойрын ирээдүйд уул уурхайн салбарын Оюутолгой, Тавантолгой хоёр төсөл хэрэгжсэнээр Монголын ДНБ богинохон хугацаанд хоёр дахин өсч 12 тэрбум болох бүрэн нөөц бололцоо бий. Энэ бол эдийн засгийг тоогоор үзүүлсэн үзүүлэлт. Үүнээс гадна Монголын хөгжих нөөц потенциал үнэхээр гайхалтай. Манай “Пийбоди” Тавантолгойн ордыг ашиглахад гол тоглогч болж, хэн хэндээ үр ашигтайгаар энэ их нөөцийг бодитойгоор хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний Монголд ирсэн нэг зорилго бол энэ гэж Сүреш Кумер ярьж байна.

Ер нь америкийн уул уурхайн компанийн төлөөлөгчид Монголд ирээд манай холбогдох албаны хүмүүстэй Тавантолгой төслийн талаар их ярилцжээ. “Бидний ярианы дийлэнх нь Тавантолгойн асуудлыг хөндсөн. Тавантолгойн ордыг ашиглах нөхцөл байдал хараахан тодорхой биш байнаа. Тиймээс бид Тавантолгойг тойрсон асуудлууд тодорхой байхыг хүсэж байгаа юм. Яагаад гэвэл олон америкийн компаниуд тендерт оролцож байгаа. Зарим нь оператор, зарим нь хангагч, зарим нь монголын компаниудтай хамтарч Тавантолгойн төсөлд хамрагдахыг хүсэж байна. Тиймээс л Тавантолгойн орд бидний ярианы гол сэдэв болсон. Хамгийн гол нь одоо яриа хэлэлцээр, үгээр биш үйлдлээр хоёр улсын арилжаа, худалдаа, бизнесийг хөгжүүлэх цаг болсныг тэрбээр бас сануулж байлаа.

“Компаниуд бодитоор хөрөнгө оруулж, машин техникээ авчирсан цагт ажил хэрэг биелж эхэлнэ. Энэ бол хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх суурь” гэж тэрбээр бас хэлсэн. Ингэхийн тулд Монгол ямар дүрмээр тоглох нь маш тодорхой байх ёстой гэнэ. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Засгийн газрыг тэр бас магтсан. Оюутолгойн ордыг яаж ашиглах нь тодорхой биш болсон үед Засгийн газраа хоёр нам хамтран байгуулаад нэг мөр шийдсэн улстөрийн удирдагч нарыг бид маш их үнэлж байгаа. Энэ бол олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох маш чухал үйл явдал болсон. Гэрээг байгуулах чадвартай, байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх чадвартай гэдгээ олон улсын хөрөнгө оруулагчдад харуулах маш их чухал. Бэрхшээл хүндрэлүүдийг давж Оюутолгойн гэрээг байгуулсан нь үүний нэг тод жишээ гэж Сүреш Кумер ярилаа.

Монгол-Америкийн худалдаа арилжаа амжилттай хөгжиж байгаад ноён Сүреш Кумер сэтгэл хангалуун байна. Бидний харилцааны эхлэл маш амжилттай тавигдсан. 2009 онд Монголд оруулсан америкийн экспорт 40 сая ам.доллар байсан. 2010 онд 15 сая ам.доллар болсон. Энэ жил, МИАТ-д зарсан дөрвөн Бойнг онгоцыг оруулалгүй тооцоход манай экспорт 300 сая гаруй ам.доллар болсон гэж тэрбээр дурдсан.

Энэ бол бусад улс оронтой харьцуулахад харьцангуй бага тоо. Гэхдээ бид эхлэлээ сайн тавилаа. Бид ирээд маш олон боломж, нөөцүүдийг олж харлаа. Тиймээс бид монголын ард түмэнтэй хамтран ажиллаж, та нарт төмөр зам, авто зам, бас агаарын тээвэрлэлтийг сайжруулах хэрэгцээ байгаа. Үүнээс гадна боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Бид энэ бүхнийг яаж их арга туршлага, “ноу-хоу” байна. Хамтраад монголын ард түмний орлогыг дээшлүүлэе гэж Сүреш Кумер бас уриалж байна.

Түүний хэлснээр бол хэрэв Пийбоди Тавантолгойн ордыг оролцвол дэд бүтцийг бас хөгжүүлнэ гэнэ. Мөн хэрэв бид дэд бүтцээ хөгжүүлвэл эрдэс баялгаа зөвхөн Хятад Улс руу экспортлох биш мөн гуравдагч зах зээл рүү гаргах боломжтой гэнэ. Дэд бүтцийг хөгжүүлэхэд америкийн мэргэжилтнүүдийг манай Засгийн газар ажиллуулж байгаад тэр бас баяртай байна. Уул уурхайн салбарт байгаа асар их боломж нөөцийг суурь болгоод бусад салбарт Монгол-Америк хоёр хамтран ажиллах боломж байгааг тэр хэлж байлаа.

“Бид уул уурхайн салбарыг энэ боломжуудын суурь гэж үзэж байна. Бидэнд дэлхийн хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг компани, хамгийн сайн эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компани, дэлхийн хамгийн том даатгалын компани бий, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн сайн компаниуд байна. Эрчим хүч, байгаль орчин ээлтэй технологи ашигладаг, үйлдвэрлэдэг компаниуд ч бий гэж ноён Сүреш Кумер өөрийн улсын компаниудыг магтлаа.

Гол нь, зөвхөн Монголд ч гэлгүй мөн дэлхий аль улс оронд уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд “тоглоомын дүрэм” нь ил тод байх ёстойг тэр сургамжилж байна. “Бүх явц нь монголын ард түмэн, бизнес эрхлэгчид, олон улсын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой ил тод байдлыг бий болгох. Мөн төслийг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй. Хэзээ тендер дуусах уу, хэрэгжих үү тодорхой байх хэрэгтэй. Бас байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэрэгжих, хэрэгжүүлэхэд аюулгүй, монголчуудыг ажиллуулах төслийг зарлах нь чухал” гэж тэр хэллээ.

Америкийн компани Тавантолгойн төсөлд шалгарч чадах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Сүреш Кумер “Америкийн компаниуд Монголд хэрэгтэй техник технологи, бүтээгдэхүүн, үйчилгээ байгаа. Үнэндээ бол хамгийн шилдэг технологи бий. Хэрэв шударга, ил тод тендер болох юм бол америкийн компаниуд ялна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэж итгэл төгс хариулав.

Бөөн боломжийг олж харсан ноён Сүреш Кумерын яриаг сонсож байхад монголын бүх ард түмэн ч гэсэн түүнтэй адил боломж нөөцүүдийг олж хараад, ирээдүйдээ итгэл дүүрэн байгаасай гэж бодогдож байлаа. Энэ нь мэдээж америкчуудаас хамаарахгүй харин биднээс л хамаарах зүйл билээ...

ДЭЛХИЙД ТУСГААР ТОГТНОЛОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛСЭН ОЙ

НҮБ-д элссэний 50 жилийн ойг өчигдөр Монгол Улс тэмдэглэлээ. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон 50 жилийн ойн тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илгээсэн мэндчилгээндээ, Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун баярыг хүргээд “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Монгол олон улсын 140 гэрээ конвенцид нэгдэн орсон. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоон хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна” гэж манай улсын НҮБ-д гүйцэтгэсэн үүргийг онцолсон байна. Тэрбээр мөн Монголын дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг дурджээ. Монголын ардчилсан нийгэмд энх тайван замаар амжилттай дэвшин орсонд бид бахархдаг гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бичсэн байна.

50 жилийн ойг тэмдэглэж Гадаад харилцааны яам “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар эрдэм шинжилгээний хуралд хэлсэн итгэлдээ Монгол Улс НҮБ-д элссэн нь өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг гэдгийг дурдаад “Энэ нь манай улсын хувьд тусгаар тогтнолоо бататгах улс төр, дипломатын том амжилт, чухал алхам болсон төдийгүй олон улсын хэмжээнд эзлэх байр суурийг бэхжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээж өгсөн” гэж дүгнэв. Эдүгээ манай улс 155 улстай дипломат харилцаа тогтоосон байна. Мөн НҮБ-д элссэнээсээ хойш олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 60 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 240 орчим гэрээ, конвенцид нэгдэн оржээ.

“Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны ач холбогдол, түүхийн талаар илтгэл тавьсан Шинжлэх ухааны академийн олон судлалын хүрээлэнгийн захирал, НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн Л.Хайсандайтай бага хурлын үеэр уулзаж ярилцлага авлаа.


-Тухайн үед Монгол Улс НҮБ-д элсэх зайлшгүй шаардлагатай байсан уу?

-НҮБ-д элсэх зайлшгүй шаардлагатай байлгүй яах вэ. Яагаад гэвэл БНМАУ-ыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх асуудал их чухал. НҮБ-д элссэнээр Монгол Улсын гадаад орчин их тааламжтай болно. Монгол Улсын хөгжил, дэвшилд их түлхэц өгнө. Монголын гадаад харилцааны нэр хүнд дээшилнэ. Монгол бүрэн эрхт тусгаар улс гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхөд маш их ач холбогдолтой байгаа юм л даа. Тийм учраас 1946 оны 6 дугаар сард Монгол Улс НҮБ-д гишүүн болох өргөдлөө гаргасан байдаг. Учир нь 1945 онд НҮБ байгууллага 51 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан. Тэгээд нэг жилийн дараа л бид элсэх өргөдлөө өгсөн. Орох нэг шалтгаан гэвэл 1945 онд Ялтын хэлэлцээр байгуулагдсан. Ялтын хэлэлцээрээр гадаад Монголын статус квот хэвээр нь байлгах заалт гарсан. Хоёрдугаарт, тэр үеийн ЗХУ, БНХУ буюу Чан Кайшигийн тэргүүлж байсан гоминданы Хятад хоёрын хооронд хэлэлцээр хийгдэхэд Монголыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг зөвлөлтийн тал их шаргуу хятадын талд тавьсан. Ингэхэд хятадын тал БНМАУ, Хятадын салшгүй хэсэг гэдгийг их баримталж байсан. Харин сүүлд нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулахын тулд Монголын тусгаар байдлыг Хятад хүлээн зөвшөөрсөн. Германы фашизмыг ялсны дараахан, фашист орнуудын нэг гэж тооцогдож байсан Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулахгүй бол болохгүй байсан. Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татаж оролцуулах явдал нь бол БНХАУ-ыг Японы эзэрхийллээс чөлөөлөхөд ач холбогдолтой. Тиймээс Зөвлөлтийн талд Хятадад дарамт шахалт үзүүлсэн. Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэж. Олон удаа бүтэлгүй болж байсан уулзалтуудын дараа, эцсийн эцэст гоминданы Засгийн газар, хэрэв гадаад Монголын тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрөгдөх юм бол бид БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтооно гэж тохиролцсон. Ингээд 1945 оны 10 дугаар сарын 20-нд Бүх нийтийн санал асуулга болсон. Энэ санал асуулгын дүнг Чан Кайшигийн Засгийн газарт албан ёсоор хүн очиж мэдээлсэн. Мөн энэ санал асуулгыг ажиглахаар гоминданы Засгийн газрын төлөөлөгчид ирж байсан. Монгол Улс Бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо баталсан. Үүний үндсэн дээр гоминданы Засгийн газар 1946 оны 1 дүгээр сарын 5-нд албан ёсоор манай улстай дипломат харилцаа тогтоохоор болсон.

-1946 оноос хойш манай улс НҮБ-д элсэх өргөдлөө өгч, 15 жилийн дараа НҮБ-д элссэн. Манай улс НҮБ-ын гишүүн болох гэж хамгийн удаан хүлээсэн орон мөн үү. Манайхаас өөр ингэж удаан хүлээсэн улс байгаа юу?

-Яг одоо ийм олон жил хүлээсэн улс орныг би сайн мэдэхгүй байна. Ер нь Монгол бол НҮБ-д элссэн орнуудын дотроос гишүүн болох гэж хамгийн олон жил хүлээсэн. 15 жилийн турш Монголыг элсэн ороход саад болсон ямар асуудал саад болж байсан гэхээр тэр үеийн үзэл суртлаар талцсан хоёр системийн зөрчил, тэмцэл байлаа. Хэрвээ Монголыг НҮБ-д оруулчихвал хүчний харилцаа өөрчлөгдөх, мөн Аюулгүйн Зөвлөлд байсан Чан Кайшигийн төлөөлөгчид үргэлж хориг тавьдаг байсан. НҮБ-ын дүрмээр бол Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн байгаа юм.

-Ямар улсууд уу?

Англи, Америк, Франц, Хятад, Орос гэсэн таван их гүрэн байсан. Эдгээрийн нэг нь л хориг тавьж, татгалзсан тохиолдолд асуудал шийдэгддэггүй. 15 жилийн турш гэж бараг хэлж болно. Хятадын Чан Кайшигийн НҮБ-д байсан төлөөлөгч Монголыг биеэ даасан улс биш, Хятадын салшгүй хэсэг гэдэг нэрийдлээр арван хэдэн жил Монголд хориг тавьж байсан.

-Англи, Америк, Франц гурав ямар байр суурьтай байсан юм бэ?

-Тэд тухайн үеийн цаг үеийн байдлаас болоод янз янз байсан. Анх 1946 онд Англи, Америк бол Монголын талаар мэдээлэл их хомс байна гээд манай улсыг татгалзаж байсан. Харин Хятад бол зөвшөөрсөн. 47 оноос эхлээд л хятадууд Монголыг гишүүнээр элсэхэд дандаа хориг тавьдаг байсан. Англи, Америк, Франц гурав бол эхний үедээ голдуу Хятадын төлөөлөгчийн саналыг их харгалзаж үзэж саналаа өгдөг байсан. Яагаад гэвэл Монголын талаар хамгийн их мэдээлэл сайтан нь Хятад гэж тэд үздэг учраас... Гэхдээ янз янз л даа. Зарим үед Англи, Америк, Франц зөвшөөрдөг байсан, зарим үед түдгэлздэг байсан.
-Нийт хэдэн удаа манай улсыг гишүүн болгох асуудлыг хэлэлцсэн бэ?
-Нийтдээ...Монголыг гишүүн болгох асуудлыг бараг жил болгон хэлэлцсэн гэж хэлж болно. Харин бид өргөдлөө нийт 8 удаа жинхэнэ албан ёсоор өгсөн. Жил болгон л шинэ гишүүн авах болоход Монголын асуудлыг ярьдаг. Чан Кайшигийн төлөөлөгч хориг тавьдаг. Нэг ийм л дүр зураг харагдаад байдаг.

-Анх 1946 онд манай улстай хамт ямар ямар улс гишүүн болох өргөдлөө өгч байсан бэ?

-Монголтой долоон улс хамт өргөдлөө өгсөн байдаг. Афганистан, Албани, Ирланд, Испани, Швейд, Португали, Транс Иордан гэх зэрэг долоон орон. Үүнд АНУ-ын төлөөлөгч Жонсон гэдэг хүн НҮБ-д бүх орон тэгш эрхтэй НҮБ-д орох ёстой гэсэн байр суурийнхаа дагуу энэ наймыг наймууланг нь зэрэг элсүүлье гэдэг санал тавьсан. Үүнийг бол бусад орнууд дэмжсэн. Ер нь бүгдийг нь гишүүн болгоё. НҮБ бол нээлттэй байгууллага тийм учраас элсэж оръё гэсэн орнуудад хориг тавиад байх шаардлага байхгүй. Бүгдийг нь элсүүлье гэсэн. Үүнийг ЗХУ төлөөлөгч эсэргүүцсэн. Яагаад гэхээр Португали, Испани гэх мэт фашист дэглэмтэй орнууд энэ дотор байна гээд эсэргүүцсэн. Тиймээс өргөдөл өгсөн он сараар нь эдгээр улсуудыг хэлэлцэе гэдэг саналыг дэвшүүлсэн. Тэгээд нэг бүрчлэн хэлэлцэхэд Монгол гишүүн болж чадаагүй.

-Бусад улсууд нь гишүүн болсон уу?

-Бүгд бас ороогүй. Албани, Ирланд гэх мэт улсууд бас ороогүй.

-Хэрэв ЗХУ бүгдийг нь нэг нэгээр нь хэлэлцэе гэдэг санал гаргаагүй байсан бол манай улс НҮБ-д 1946 онд гишүүнээр элсэх боломжтой байжээ

-Манай зарим судлаачид, дипломатууд хэлдэг юм байна лээ. Хэрэв ЗХУ энэ наймыг зэрэг элсүүлье гэдэг саналыг дэмжсэн бол наймуулаа НҮБ орох боломжтой байсан юмаа гэдэг. Үнэхээр ч байдал тийм байсан болов уу гэж би бодоод байгаа юм. Харин нэг бүрчлэн хэлэлцсэн тул Албани, Монгол гэх мэтийн улсууд хасагдсан. Тэгээд 15 жилийн турш асуудал шийдэгдэхгүй бид хүлээсэн. Үүний гол шалгаан нь хүйтэн дайны л нөхцөл байдлаас болсон доо.

-НҮБ элсэх саналыг анх монголчууд бид өөрсдөө гаргасан уу? Эсвэл Монголыг дэмжиж байсан ЗХУ биднийг НҮБ элс гэсэн үү?

-ЗХУ-д бидэнд санал тавьсан юм байхгүй. Манай улс анх өөрсдөө НҮБ-д элсэе гэдэг саналыг тавьсан. Яагаад гэхээр хоёр их гүрэн маань манайхыг хүлээн зөвшөөрчихсөн. Мөн 1945 онд Бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулчихсан байсан тул Монгол Улс НҮБ орох бүрэн боломжтой боллоо гэж монголчууд үзэж өргөгдлөө өгсөн. Гэхдээ мэдээж өргөдлөө өгөхөд, НҮБ элсэх таван асуултад хариулахад ЗХУ-ын гадаад харилцааны яам, ГХ-ын сайд нь байсан Молотов гэх зэрэг хүмүүстэй зөвлөлдсөн юм бий. Зөвлөгөө авч байсан. Тэнд зөвхөн Монгол л ЗХУ-аас зөвлөгөө авдаг байсан юм биш. Бүх л жижиг орнууд бүгд л тус тусынхаа хамаатай их гүрнүүдээс зөвлөгөө авдаг байлаа.

-Манайх удаан хүлээж гишүүн болсон нь тухайн үеийн Аюулгүйн Зөвлөлд ЗХУ ганцаардсан учраас болсон юм болов уу?

-Тийм. Энэ бол мэдээж. Гэхдээ ЗХУ ч гэсэн олон асуудалд хориг тавьдаг байсан. Жишээ нь 1955 онд Японыг НҮБ-д элсүүлэхийг ЗХУ хойшлуулж л байсан. Монголыг НҮБ-д оруулахгүй болохоор нь Японд хориг тавьж байсан юм. Ингэж л Аюулгүйн Зөвлөлийн гишүүд хориг тавих эрхээ ашигладаг л байсан л даа. Тэгсэн чинь Монгол, Япон хоёрыг зэрэгцүүлэх үндэс байхгүй. Япон бол Монголын хажууд хамаагүй чухал улс. НҮБ-д оролцох бүрэн эрхтэй улс гэж баахан шуугьсан шүү дээ. Гэхдээ ЗХУ-ын гол шалтгаан нь Дэлхийн хоёрдугаар дайнд Япон, Германы фашистуудын талд орсон гэж байсан л даа.

-1960-аад онд НҮБ Ази, Африкийн улсууд НҮБ-д олноор элсжээ. Энэ НҮБ-ын үйл ажиллагаанд яаж нөлөөлсөн бэ?

-Нааштайгаар өөрчлөгдсөн. 1950-иад оны эцэст 1960-аад эхээр колоний систем нуран унасан. Ихэнх Ази, Африкийн орнууд тусгаар тогтнолоо тунхагласан. Тэр орнуудыг Монгол хүлээн зөвшөөрч, дипломат болон найрамдалд харилцаа тогтоох тохиролцоонд хүрч байсан. Ингэхээр Монголын гадаад харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт, Ази, Африкийн шинээр тусгаар тогтносон улсууд чинь Тайваныг НҮБ-аас хөөе, БНХАУ-ыг Аюулгүйн Зөвлөлд байрыг эзлүүлье гэдэг дуу хоолой их гарсан. Ийм, ийм хүчин зүйлүүд л Монголыг НҮБ-д ороход их дөхөм болсон.

-Манай улс НҮБ-ын хэд дэх гишүүн болсон вэ?

-101 дэх

-1961 онд НҮБ-д элсэхэд хэн хэн очсон бэ?

-Гадаад хэргийн орлогч сайд, профессор Д.Цэвэгмид тэргүүтэй төлөөлөгчид явсан. Бүрэлдэхүүнд нь Б.Жаргалсайхан, Н.Лувсанцүлтэм, Ж.Банзар, Д.Оросоо, Б.Ванчиндорж нарын хүмүүс энэ тэмдэглэлт үйл явдалд оролцсон. НҮБ-ын хүндэт индэрээс профессор Цэгмид монгол хэлээр үг хэлсэн. Одоо тэрийн тэмдэглэлт үйл явдалд оролцсон хүмүүсээс ганцхан Оросоо гуай л амьд сэрүүн байна даа.

-Анх манай улс НҮБ-ын гишүүн болоод анхныхаа саналыг өгөхдөө нэг өдөр элсэн орсон Мавританийг НҮБ-д элсүүлэхгүй гэж саналаа өгсөн гэдэг. Энэ талаар та яриач?

-Мавританитай манай улсыг барьцаалсан л даа. Яагаад гэхээр Франц болоод өрнөдийн гүрнүүд Мавританийг НҮБ-д элсүүлэх сонирхолтой байсан. Уг нь Францын колони байсан орон л доо. Мөн Мавританийг африкийн улсууд дэмжиж байсан л даа. Тэгэхээр нь ЗХУ-ын төлөөлөгч, хэрвээ Монголд та нар хориг тавихгүй бол бид Мавританид хориг тавихгүй. Эхлээд Монголын асуудлыг хэлэлцэнэ гэж байж Монголын асуудлыг хэлэлцүүлээд, дараа нь Мавританийн асуудлыг хэлэлцүүлсэн. Мавританийг хэлэлцэхэд ЗХУ хориг тавиагүй, харин түдгэлзсэн. Монголчууд яагаад түдгэлзсэн гэдэг нь ойлгомжтой. Бид бол дөнгөж НҮБ-д элссэн орныхоо хувьд бол ЗХУ-ын л байр суурийг л дагах учиртай байлаа шүү дээ.

-Хориг тавина гэдэг түдгэлзэхээс ялгаатай юу?

-Хориг тавих бол татгалзана гэсэн үг. Түдгэлзэх бол дэмжих ч үгүй, хориглох ч үгүй л гэсэн үг. Ер нь бол тухайн үед бүх л жижиг орнууд өөрийн талын их гүрнүүдийн байр суурийг дагадаг байлаа. Францын колони байсан улсууд Францыг, Английн колони байсан улсууд Англиасаа л зөвлөгөө авдаг, аяыг нь дагадаг байсан. Ийм л цаг үе байсан ганцхан Монгол Зөвлөлтийг дагаагүй.

-Тавин жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улс хэрхэн оролцсон бэ?

-Сая Зандаршатар сайдын илтгэлд ч гарлаа. Монголын санаачилгаар нийт 20 гаруй асуудлаар 70 гаруй тогтоолыг санаачилан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан байна. Энд янз бүрийн сэдвүүдийг хамруулсан. Зэвсэг хураах долоон хоног гэж явууллаа, улс түмний энх тайвнаар орших эрхийн тунхаг батлууллаа. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох хөдөлгөөнийг Монгол санаачиллаа. Үүний дагуу манайх буурай, жижиг хөгжилтэй улс орнуудаас манайх хамгийн түрүүн нийтээрээ бичиг үсэгтэн боллоо гэж ЮНЕСКО-гийн өргөмжлөл, шагнал авлаа. Мөн бидний тооцоогоор манайх 14 удаа НҮБ-ын салбар хуралдааны дарга хийж байсан байдаг юм байна лээ. Мөн 8,9 удаа бүс нутгаа төлөөлж гол илтгэгч нь болж байсан байна. Бас манай олон хүн НҮБ-ын нарийн бичгийн даргын ажлын албанд орж ажиллаж байсан. Тэр бол зөвхөн Монголыг биш НҮБ-ыг төлөөлнө гэсэн үг. Гэх мэт дурдвал олон жишээ байнаа.

Wednesday, 26 October 2011

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ МОНГОЛ УЛС

Тавин жилийн өмнө, 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ.

15 жил уйгагүй тэмцэлдэж байж манай улс НҮБ-ын 101 дэхь бүрэн эрхт гишүүн болжээ. Манай улстай хамт нэг өдөр Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.

Анх 1946 онд манай улс НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш бараг жил бүр элсэх өргөдлөө шинэчилжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийт 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байна.

Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болон хувирсан. Хэрэв дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцох гэвэл НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон. Энэ шаардлагыг монголчууд мэдэрч тус байгууллагад элсэхийг зорьсон боловч тухай үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас хүсэл нь биелэхгүй удаан хүлээжээ.

Тавин жилийн өмнөх энэ өдрийг орчин үеийн Монголын түүхийн эргэлтийн үе гэж түүхчид үздэг. Манай улс тухайн үеийн зөвхөн социалист улс орнууд биш мөн капиталист улс орнуудыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орсон нь дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, “цөлөгдмөл” байдлаасаа гарах түүхэн боломжтой болсон юм.

Хамгийн гол нь тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй үр өгөөжийг өгсөн. 1961 оноос өмнө манай улс нийт 19 социалист болон хөгжиж буй улс орнуудад дипломат харилцаатай байсан байна. Харин НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болсон бөгөөд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.
Мөн НҮБ-д элссэн нэг чухал үр өгөөж бол, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд НҮБ-ын тусламж дэмжлэгийг авах эрхтэй болсон юм. 1963 оноос хойш манай улс НҮБ-аас 200 сая гаруй ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн тусалцаа авсан гэж Монгол дахь НҮБ-ын вебсайт дээр мэдээлсэн байна.

Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг Монгол Улсын ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн ингэж дүгнэсэн байна: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан. Гэтэл 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон… НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан гэжээ.

НҮБ-ЫН ТОВЧ ТҮҮХ
“Нэгдсэн үндэстнүүд” (United Nations) гэдэг үгийг анх АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт 1941 онд хэрэглэжээ. Дэлхийн II дайны үед, 1942 онд, дэлхийн 26 үндэстний Засгийн газар фашизмтай хамтран тэмцэхээ амлаж “Нэгдсэн Үндэстний тунхаглал”-ыг гаргажээ.

НҮБ-аас өмнө, Дэлхийн I дайны үед байгуулагдсан, олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, энх тайвныг хөхиүлэн дэмжих Үндэсний Лиг гэж байсан байна. Гэвч тус байгууллага үүргээ гүйцэтгэж чадалгүй Дэлхийн II дайныг гаргасан тул 1945 онд дайнд ялагч холбоотнууд голлон НҮБ-ыг байгуулжээ.

1945 онд холбоотны 50 орны төлөөлөгчид АНУ-ын Сан-Франциско хотод чуулж НҮБ-ын дүрмийн төслийг боловсруулсан байна. Эдгээр 50 орны төлөөлөгчид ЗХУ, Хятад, Их Британи, АНУ-ын гаргасан саналуудад тулгуурлан дүрмийн төслийг боловсруулжээ. Энэхүү дүрмийн төсөлд, хожим нэгдсэн Польш улстай нийлээд 51 улс 1945 оны 6 дугаар сарын 26-наас гарын үсэг зуржээ.

1945 оны 10 дугаар сарын 24-нд Хятад, Франц, ЗХУ, Их Британи, АНУ зэрэг их гүрнүүд 51 улсын гарын үсэг зурсан дүрмийн төслийг баталгаажуулснаар НҮБ албан ёсоор мэндэлсэн гэж үздэг. Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 24-нийг НҮБ-ын өдөр гэж дэлхий нийтэд тэмдэглэдэг билээ.

МАВРИТАНИД ТАВИН ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ
Тавин жилийн өмнө энэ өдөр америкийн дипломатч Алберт Хенсинг албаны машинтайгаа Баруун, Зүүн Германыг тусгаарласан Берлиний хананд дөхөж очсоноос болж Зөвлөлт, Америкийн танкууд өөдөө өөдөөсөө хошуугаа чиглүүлэн, тусгаарлах зурвасын наана цаана 16 цаг зогсчээ. Энэ үйл явдлыг түүхэнд Берлиний хямрал гэж нэрлэжээ.

Мөн америкчууд саранд хүрэхэд чухал бэлтгэл ажил болсон Сатурн пуужинг огторгуйд хөөргөсөн бол ЗХУ Новая Земля, Сары-Шаганд цөмийн бөмбөгийн туршилтыг хийсэн байна.

Дээрх гурван үйл явдал тухайн үеийн уур амьсгалыг юунаас ч илүү тод харуулна. Социалист, капиталист нийгэм сөргөлдөж, цөмийн зэвсгээр өрсөлдөж байсан үе. 1961 оны 4 дүгээр сарын 12-нд ЗХУ сансарт анхны хүнийг нисгэсэн тул АНУ түрүүлж саран дээр хүн буулгахаар зорьж байжээ.

Мөн онд болсон нэгэн эмгэнэлт явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Ха́ммаршельд 9 дүгээр сарын 18-нд Конго руу энхийг сахиулах үйлсээр очиж байгаад онгоцны осолд орж зуурдаар нас барсан явдал юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1953 оноос хойш хашжээ. 1961 онд Ха́ммаршельд социалист улс орнуудын зүгээс нэлээн зэмлэлийг хүртсэн бөгөөд тэр жил НҮБ-ын эдийн засгийн байдал хүндхэн байсан байна.

1961 онд НҮБ-д Монгол, Мавритани, Сьерра Леон, Танганьи́ка гэсэн дөрвөн улс элссэн байна. Өмнөд Африкт оршдог Танганьика тусгаар тогтноод тавхан хоноод л НҮБ-ын гишүүн болсон байх юм. Тус улс 1961 оны 12 дугаар сарын 9-нд тусгаар улс болсон бөгөөд 12 дугаар сарын 14-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна. Гэтэл бид 15 жил хүлээж байж бүрэн эрхт гишүүн болсон билээ. Энэ нь манай тусгаар тогтнол, том гүрнүүдийн сөргөлдөөнөөс болж ямар эгзэгтэй байдалд орсон байсныг батална.

Танганьика Улс сүүлд нь мөн НҮБ-ын гишүүн Занзибар улстай 1964 онд нэгдэж Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсыг байгуулж, НҮБ-д шинэ нэрээр бүртгэгдсэн байна. Занзибар Улс 1963 оны 12 дугаар сард Их Британийн колончлолоос суларч, тусгаар тогтноод л тэр сардаа багтан, тодруулбал 12 дугаар сарын 16-нд НҮБ-ын гишүүн болсон ажээ.

Дээрх хоёр улс Монголтой харьцуулахад гэрлийн хурдаар НҮБ-ын гишүүн болжээ. Ер нь, хэрэв түүхийг нь жаахан үзвэл, Африкийн улсуудыг НҮБ-д оруулахын тулд тусгаар тогтносон улс болгож байгаад л бөөндөөд байсан мэт сэтгэгдэл төрнө. Манай улс бол НҮБ-ын гишүүн болох гэж хамгийн удаан хүлээсэн улс биш юмаа гэхэд удаан хүлээсэн улсуудын нэг мөн. Энэ бүгдээс бас нэг дүгнэлтийг хийж болно. Тухайн үед их гүрнүүд жижиг улс орнуудын хувь заяаг бүрэн атгаж байжээ... Мөн өөрийн талын улс орнуудыг НҮБ-д гишүүнээр оруулах нь Аюулгүйн Зөвлөлд багтсан их гүрнүүдэд ашигтай ч байж. Үүнээс гадна манай улсыг НҮБ элсүүлэх асуудалд Аюулгүйн Зөвлөлд багтсан хоёр том гүрэн Орос, Хятад эсрэг тэсрэг байр суурьтай байсан нь нөлөөлсөн нь мэдээж. Мөн ЗХУ бол хэдийгээр дайнд ялсан хүчирхэг гүрэн байсан ч тухайн үеийн капиталист их гүрнүүдэд “гадуурхагдаж” байсан байж болох юм. Ямар сайндаа 1960 онд уурлаж бухимдсан ЗХУ-ын удирдагч Никита Хрушев НҮБ-ын индрийг гутлаараа нүдэх билээ дээ.

1961 онд НҮБ-ын гишүүдийн тоо 100 гарсан байна. Гэхдээ 1961 он биш 1960 онд НҮБ нэг жилд хамгийн орон гишүүнтэй болжээ. Шинээр тусгаар тогтносон Африкийн 16 улс 1960 онд бөөнөөрөө НҮБ гишүүн болсон байна.

Өнөөдөр харахад хэтэрхий гэнэн, хийсвэр ч гэмээр асуултууд 1961 онд НҮБ-д гарч байсан байна. Шинээр элсэн орсон Ази, Африкийн улс орнууд нэгдээд их гүрнүүдийн эсрэг санал өгөх болов уу? Барууны ертөнцийг сөрөх болов уу? Урьд нь дипломат харилцааны туршлагагүй улс орнууд дэлхийн энх тайвныг бэхжүүлэх НҮБ-ын гол үүргийг гүйцэтгэж чадах уу гэх мэт...

Манай улсын хувьд бол 50 жилийн хугацаанд дайн дэгдээхээр нэг ч үйлдэл, үг хэлээгүй. Харин ч энхийн үйлсэд их чармайж, энх тайвны төлөө үргэлж “За” гэдэг байсан. Сүүлийн үед бид байгаль дэлхийгээ илүү анхаарч, цөлжилттэй тэмцэхэд бүгдийг уриалдаг болсон. Мөн энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж ардчиллын боловсролыг дэмжих, авилгыг үл тэвчих, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, бүс нутгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа... Ямартаа ч одоо 193 гишүүн улс оронтой болсон НҮБ-д Ази, Африкийн жижиг улс орнууд гай тариагүй нь ойлгомжтой.

Эцэст нь, хамт нэг өдөр НҮБ-ын гишүүн болсон Мавритани Улсдаа мэнд хүргэе. Монгол дөнгөж НҮБ-ын гишүүн болоод анхныхаа саналыг өгөхдөө Мавританийг НҮБ-ын гишүүн болоход татгалзсан товчлуурыг дарж тэднийг гомдоосон гэдэг. Гэхдээ тусгаар тогтноод 50 жил болсон (1911 оноос тооцвол), 15 жил НҮБ-ын гишүүн болох гэж зүтгэсэн монголын төлөөлөгч, ганцхан жил тусгаар тогтноод НҮБ-ын гишүүн болох гэсэн Мавритани улсыг (Францаас 1960 оны 11 дүгээр сард тусгаар тогтносон) “Бидэн шиг жаахан зовлон амс” гэж бодсон ч юм билүү. Гэхдээ ингэж бодоогүй нь мэдээж. Тухайн үед Монголыг ЗХУ л дэмжиж НҮБ-ын гишүүн болгосон. Тиймээс гишүүн болонгуутаа л тэднийг зөрөх хэцүү байсан байх... Үүнийг мавританичууд ч сайн ойлгож байгаа. Цаг тийм байсан юм шүү дээ... Баярын мэнд хүргэе.

Monday, 24 October 2011

ШАГНУУЛААД ШАРАА БОЛЖЭЭ

Хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр МУБИС-ын хэдэн таньдаг оюутнуудтай тааралдлаа. Хичээл нь тэр өдөр ороогүй гэнэ. Хичээл нь яагаад ороогүйн учрыг нь лавлатал сургууль нь 60 жилийн ойн баяраа тэмдэглэж баярын концерт тавьсныгаа оюутнууддаа үзүүлнэ гэсэн юм байх. Үүнийг нь сонсоод “Болж дээ” гэсэн чинь болоогүй юм байна. Оюутнууд гомдолж байна.

“Сарын өмнө ойн баярт зориулсан хандив гэж хүн бүрээс нэг мянган төгрөг хурааж авсан. Тэгээд одоо концертийн тасалбар гэж бас дахин 3000 төгрөг хурааж авлаа. Сургуулийн захиргаа бүх туслах ажилтнуудад бүх оюутны тоогоор билет тарааж өгөөд, оюутнууд үзсэн ч, үзээгүй ч мөнгийг нь олж ир гэж лүндэн буулгасан” гэлээ.

Цоо шинэ үзэгдэл биш л дээ. Саяхан хүртэл бас нэг дээд сургуулийн оюутнууд иймэрхүү гомдол хэлж зурагтаар гарч байсан. Ер нь жилийн жилд л багш, оюутнууддаа энэ маягаар “шахааны” бизнес хийдэг мэдээ цацагддаг. Үүнд бид бүр дөжиржээ. Харин би жаахан тооцоо хийж үзлээ. МУБИС нь энэ хичээлийн жилд 10 мянга гаруй оюутан сурагчидтай гэж сургуулийнхаа вебсайтанд бичсэн байгааг тооцвол ойн баярын хандив гэж 10 сая, концертын тасалбар гэж 30 сая, нийт 40 сая төгрөг цуглуулсан бололтой.

“60 жилийн ойн баяр гэсэн хүндэтгэлийн концертонд том том “одууд” орох юм байх гэсэн чинь СУИС, Хөгжим Бүжгийн Коллежийн хэсэг багш, оюутнууд дуулж хөгжимдөн дээрээс нь хайрт оюутнуудаа дайчилж нүсэр тоглолт хийсэн. Нийт гурван удаа тоглоход үзэгчдийн заалны тал нь л дүүрсэн” гэж нэг оюутан ховлож байна. Гэхдээ тэр хамаагүй. Нэгэнт л мөнгийг авчихсан юм чинь ирсэн ирээгүй нь хэнд хамаатай билээ гэж бас нэг оюутан хэлж байна.

Харин би 40 сая төгрөгөөр тус сургуулийн боссууд юу хийснийг таньдаг хэдэн МУБИС-ын багш, ажилтнуудаас тандаж асуулаа. Тэдний хэлж буйгаар бол бөх барилдуулж, багш ажилчдын хүндэтгэлийн зоог зохион байгуулжээ. Тус сургуулийн нэгэн багш эмэгтэй “Манай хамт олны 70 хувь нь эмэгтэйчүүд байхад бөх барилдуулж хэдэн нүцгэн эрчүүдийн ноцолдооныг үзүүлж, мөнгө үрэх шаардлага байгаагүй. Бид ямар эрчүүд хараагүй удсан хүмүүс байгаа биш. Тэгж Бөхийн өргөөг түрээслэж, бөхчүүдэд мөнгө тарааж байхаар хотын ойролцоох аль нэг уулын аманд сургуулийн өдөрлөг зохион байгуулвал хэдэн багш, ажилчид маань баярлах байсан. Үгүй ядахнаа хагас сайн, бүтэн сайнаар тохиолдуулж өдрийн амралтанд явуулахгүй. Өдрийн амралтын газрын зардлыг даадаггүй юмаа гэхэд ядаж замын зардлыг нь гаргачихаж болох л байсан юм” гэж гомдолж байсан.

Харин ойн баярын хүндэтгэлийн зоогондоо тус сургуулийн захиргаа нэлээн нухацтай бэлджээ. Гадна, дотны гийчид ирсэн гэнэ. Гэвч харамсалтай нь сургуулийнхаа үйлчилгээний албаны зарим хүмүүсийг мартаад цайлгандаа уриагүй байна. Тун тоогүй хэрэг болж. Уригдаагүй нэг нөхөр маш гомдолтой байна лээ. “60 жилийн турш өөрсдийн суудаг тансаг өрөө, хичээл ордог анги тасалгаануудаа цэвэрлүүлж, эвдэрч хэмхэлснээ засуулж хамаг хар бор ажлуудыг хийлгэдэг маниусыгаа яаж сургуулийн захиргаа мартаж чадав аа. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг юм боллоо” гэж байна.

Харин нэг багш “Биднээс цайллаганы хагас зардал гэж 22 мянган төгрөг хурааж авсан. Тэгээд нэг хүний 44 мянган төгрөгөөр яаж тансаглах бол гэсэн чинь ёстой юу ч шалиагүй. Нэг ширээнд 12 хүн суухад 528 мянган төгрөгөөр ямар тансаг ширээ босох билээ. Гэтэл цөөн хэдэн чихэр, алим нь нэг тойроод алга болсон” гэж хошуугаа унжуулан гомдолж байна. За энэ ч яахав. Муу хүн идсэнээ сайн хүн явснаа гэдэг юм. Багшийн дээдийн хэдэн багш нар арай бага хундага дарс уугаа л биз. Харин ч бага ууж сайн үлгэр дууриалал үзүүлж.

"Гэхдээ цаадах эдийн засгийн тооцоо нь сонирхолтой. Нэг хүний 44 мянга төгрөг гэж багш нараа хуураад... Бид ямар хэмжээний юм идэж ууснаа мэдэхтэйгээ шүү дээ" гэж багш нар нь нэг нэгнээсээ өрсөн хариулцгааж байлаа.

Гэхдээ энэ идэж уусан ч яах вэ. Дээр хэлсэн. Хаа сайгүй байдаг үзэгдэл. Харин тус сургуулийн ойн баяраар олон багш нар нь есөн шидийн мэргэжилтэй болж медалиар шагнуулсан гэнэ. “Эгээтэй л гавьшгай слесарь, гарамгай хууль ч болсонгүй. Бүр огт спорт хөөцөлдөж байгаагүй хүн тамирчны медалиар шагнуулсан. Шагнаж урамшуулалгүй яах вэ. Гэхдээ юугаар? Шагнал гардуулах ёслол дээр захиргааны томчууд орж ирэн бие биенээ шагначихаад гараад явцгаасан. Харин үлдсэн хүмүүс нь хоорондоо төрөл бүрийн төрийн бус байгууллагуудын тэмдэг, медалиуд солилцсон. Ямар нэгэн баяр болохоор сургуулийн захирал нь янз бүрийн байгууллага руу утасдаж манай хэдэн багш нарт өгчих тэмдэг, медаль байна уу гэж гэдэг гуйдаг. Үгүй мөн их санаа тавьж байна аа?” гэж танил багш маань гомдоллоо.

Харин шагнуулсан бас нэг багш “Надад өгсөн тэмдэг нь Спортын төв ордны урдах дэлгүүрт 1500 төгрөг гэж байна лээ. Би нөхрөөсөө маш их ичсэн. Ёстой шараа болсон. Түүний оронд мөнгийг нь өгчихгүй дээ” гээд “Улсдаа багшлах боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц сургууль болох МУБИС нь захиргаадалтын үеийн хуучинсаг сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна. Захирал болон захиргааны албан тушаалуудыг ч гэсэн хуучин үеийн адил томилгоогоор буюу “үе залгамжлан” авдаг нь хэвээр юм чинь аргагүй ч юм уу” гэж халаглаж байлаа.

Эцэст нь, МУБИС-ийн захиргаа ойн арга хэмжээгээ хамт олон, оюутнууддаа өгөөж хүртээлтэйгээр зохион байгуулсансан бол дээрх гомдлууд гарах байсан гэж үү. Хамгийн гол нь өчнөөн сая төгрөгийг үргүй зарцуулсан нь ажилчдынх нь дургүйг хүргэжээ. Үүнээс хойш ойн арга хэмжээний мөнгө санхүүг юунд хэрхэн яаж захиран зарцуулснаа тодорхой тайлагнадаг байх нь чухал юм байна. Хэрэгтэй, хэрэггүй 1500 төгрөгний медалиар шагнаж багш нараа шараа байдалд оруулж байснаас мөнгөн шагнал нэмж өгч хүндэтгэлийн тоглолтондоо олны танил хамтлаг дуучдыг урьсан бол багш, ажилчид, оюутнууд сэтгэл хангалуун байх байж дээ.

Sunday, 23 October 2011

НҮҮРСНИЙ ЭРИН БОГИНОХОН

Монголыг зорьсон хоёр америк онгоцонд зэрэгцэж суугаад нисч явжээ. Нэг америк нь Монголд уул уурхайн томоохон компанид ажилладаг. Нөгөөх нь америкийн нэгэн төрийн бус байгууллагын тэргүүн. Тэр хоёр Монголын уул уурхайн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцож байтал уул уурхайн компанид ажилладаг америк нь:
-Монгол, Хятадыг нүүрсээр 300 жил хангах нөөцтэй гэж хэлэхэд нөгөөх нь:
-Монгол, Хятадыг өөр эрчим хүчний хямд үүсвэр бий болтол нүүрсээр хангах нөөц бий гэж хариулсан гэнэ.

Монгол, Хятадыг өөр эрчим хүчний хямд үүсвэр бий болтол хангах нөөцтэй гэж учир битүүлэг хариулсан эрийг Стив Фриш гэнэ. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн “Сьерра Бизнес Зөвлөл” ТББ-ын тэргүүн. Түүний Монголд ирсэн нэг зорилгыг нь товчоор хэлбэл, Америкийн уул уурхайн туршлага, алдаа оноог монголчуудад танилцуулах, мөн Монголын уул уурхайн зөв зүйтэй бодлогоос суралцаж Америкт нэвтрүүлэх...

Тэрбээр хоёр орон уул уурхайн салбарт харилцан бие биенээсээ суралцах зүйл их байна гэж үздэг. Гэхдээ хэрэв уул уурхайн салбар хөгжсөн хугацаа, хоёр улсын хөгжлийн түвшинг харьцуулвал хэн нь багш, хэн нь шавь байх нь ойлгомжтой. Стив Фриш “Өнөөдөр уул уурхайн салбарт гаргасан шийдвэр ирээдүйн Монголын олон зүйлд нөлөөлөх болно” гэж хэлэхэд үнэмшихгүй гээд ч яахав. Америкчууд, биднийг газартаа гадас шаахаас ч цээрлэдэг үед “нинжатай” байсан улс шүү дээ.

Бидний нинжа гэж нэрлэдэг хувиараа алт олборлогчдыг Америкт зэрлэг муур (wild cat) гэж нэрлэдэг байсан байна. Тэдний хийсэн зуун тавин жилийн өмнөх “үйлийн үрийг” одоо хүртэл америкийн татвар төлөгч нар төлсөөр л байдаг гэнэ.

Зэрлэг муурнуудын орхиод явсан олон уурхайн байгаль орчныг АНУ-ын Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сэргээсээр байгаа гэнэ. “Бүр 150 жилийн дараа сая сая долларыг жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулж байна. Гэтэл энэ нь бас хангалтгүй. Бид сая сая долларыг жил бүр зарцуулсаар атал миний амьдардаг Калифорни мужийн Сьерра Невадад гэхэд л 47 мянган нөхөн сэргээлгүй орхисон уурхай бий. Тиймээс танай Засгийн газар уул уурхайг одоо л зөв зохицуулж зуун жил, хоёр зуун жилийн дараа байгаль орчны нөхөн сэргээлтэд ямар их хэмжээний зардал гарч болохыг бодолцох хэрэгтэй” гэж Стив Фриш хэлсэн юм.

150 жилийн дараа зөвхөн төсөв хохироогүй харин хүний эрүүл мэнд ч хохирсоор байгаа гэнэ. “Манай гол мөрөнд мөнгөн ус байсаар л байна. Мөнгөн усыг бид 150 жилийн дараа ч бүрмөсөн цэвэрлэж чадаагүй. Манай мужийн оршин суугчдын биед мөнгөн ус байсаар байна” гэж тэр ярьсан.

Америкийн Калифорни муж бол газар доорх болон газар дээрх байгалийн баялаг ихтэй муж ажээ. Мод, ус, алт гэх мэт байгалийн баялагтаа тулгуурлаж уг муж хөгжсөн байна. 1850-1900 оны хооронд дэлхийд хамгийн их алтыг Калифорни мужид олборлож байжээ.

“Тэр үед одоогийн Монгол шиг нинжа нар ч их байсан. Эхлээд ямар ч хууль дүрэм, зохицуулалт байгаагүй. Байгаагүй учраас хэдэн сая тонн мөнгөн ус манай мужийн гол мөрөнд орсон. Маш ч их хор хөнөөл учруулсан. Гол мөрөн мөнгөн ус, хүнцэл гэх мэт химийн хорт бодисуудаар хордсон. Тухайн үед алт олборлох хамгийн зохимжтой аргыг хайж ус ашиглаж олборлох болсон. Үүнээс болж Калифорнийн тал нутаг голоор урсан ирэх сая сая тонн шорооны улмаас 6 см өндөрссөн. Мөн мөнгөн усыг зохицуулах гэж үзсэн. Ер нь өнөөгийн хууль дүрэм зохицуулалттай болтол 50-75 жилийн хугацаа шаардагдсан.”

“Тиймээс бид байгаль орчны бодлогыг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудалтай бодиттойгоор тулгарч байлаа. Байгалийн баялгийг хэрхэн зөв зохистой ашиглаж орон нутгийн оршин суугчдад болон улс орны хөгжилд хэрхэн үр өгөөжтэй болгох вэ гэдгийг олон жил хэлэлцсэн” гэж Стив Фриш мөн ярьж байсан.

“Сьерра Бизнес Зөвлөл” ТББ нь орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг гэнэ. Орон нутгийнхаа оршин суугчдад болон америкийн нийт ард иргэдэд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд тэд бас анхаардаг байна. Мөн төр, хувийн бизнес, төр бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүргийг ч гүйцэтгэдэг ажээ.

Стив Фриш Монголд ирж холбогдох албаны хүмүүс болон МУИС-ын оюутнуудтай уулзаж ярилцжээ. Тэрээр тэдэнтэй олон зүйлийн талаар санал бодлоо солилцсоны нэг нь Монголыг хүлэмжийн хийг бууруулахын тулд хөгжилтэй улс орнуудад бий болсон “нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээнд орохыг санал болгосон явдал юм.

“Нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээг энгийнээр тайлбарлавал хүлэмжийн хийгээ бууруулж чадахгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ялгаруулж байгаа үйлдвэр, компаниуд хүлэмжийн хийг бага ялгаруулдаг үйлдвэр, компани, улс оронд тодорхой хэмжээний төлбөр төлж “оноо авах” боломжтой байдаг юм байна. Тэд мөн хүлэмжийн хийг бууруулах төслийг санхүүжүүлж “гэмээ цайруулж” болох ажээ. “Сьерра Бизнес Зөвлөл” ч хүлэмжийн хийг бууруулах олон төслийг хэрэгжүүлдэг ажээ.

Хэрэв манай улс нүүрсхүчил, хүлэмжийн хийг бууруулж цэвэр агаартай улс болж чадвал “нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээнд орох ашигтай мэт надад санагдаж байлаа. Жишээлбэл, гэр хороололд амьдардаг иргэн Бат утаагүй зуух ашигласныхаа төлөө тодорхой хэмжээний мөнгийг Америкийн нэгэн компаниас авах боломжтой болно.

Түүнээс мөн би Калифорни мужид уурхайн нөхөн сэргээлтийг яаж зохицуулдгыг лавлаж асуусан юм. Түүний хэлснээр бол Калифорнид уурхайн олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээлт хийх нийт хөрөнгийг тогтоогоод, төлөвлөгөө хийсэн байхыг шаарддаг гэнэ. Түүний дараа олборлолт эхлэхэд тодорхой хэмжээний мөнгийг орлогоосоо нөхөн сэргээлтийн санд тогтмол хуримтлуулж байхыг бас шаарддаг ажээ.

Калифорнид харин нүүрсний уурхай байдаггүй гэнэ. Гэхдээ энэ нь Стив Фришийг Монголын нүүрсний талаар өвөрмөц санал дэвшүүлэхэд садаа болсонгүй. Түүний хэлсэн санаа бол шинэлэг бөгөөд бодууштай. Тэрбээр хэдийгээр Монголд маш их нүүрсний нөөц байгаа ч энэ нөөцөө бид дуусгаж амжаагүй байтал дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг нүүрснээс ч хямд болж нүүрс олборлож ашиг олох боломжгүй болно гэж үзэж байна.

“Монголын нүүрсийг би их сонирхсон. Одоохондоо нүүрс олборлож, Хятадад зарах их ашигтай байна. Учир нь хямд. Харин нар, салхиар ажилладаг сэргээгдэх эрчим хүч үнэтэй байгаа. Гэхдээ ирээдүйд шинэ технологи, санаачилга сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулна. Харин нүүрсний хувьд бол зах зээлийн өрсөлдөөний улмаас үнэ нь улам өснө. Тодорхой хугацааны дараа нүүрс, сэргээгдэх эрчим хүчний үнэ солигдож, нүүрс үнэтэй, сэргээгдэх эрчим хүч хямдрах нь гарцаагүй. Тэгсэн цагт Монголд гурван зуун жил ашиглах нүүрсний нөөц байлаа ч ашиггүй болно. Тиймээс монголчуудын нүүрсэнд тулгуурлаж улс орноо хөгжүүлэх хугацаа богинохон байж мэдэх юм. 300 жил биш 30 жил ч байж мэднэ” гэж тэрбээр сануулаад уул уурхайгаас олж байгаа ашиг орлогоороо ирээдүйд хэрэгтэй сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж байлаа.

Гэхдээ нүүрсний эрин богино гээд дэвшилт техник технологи ашиглалгүй, нөхөн сэргээлт хийлгүй хамаа замбараагүй ухаад байхгүй байлгүй гэж тэр бас найдаж байгаагаа илэрхийлсэн.

“Ирээдүй бол сэргээгдэх эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчинд маш их хөрөнгө оруулалт хийгдэж хурдан хөгжиж байгаа. Монголын нүүрсний орлого сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөс шалтгаалж татарч мэднэ. Сэргээгдэх эрчим хүч хямдрахад Монголын нүүрсээ зарах зах зээл хумигдана” гэж Стив Фриш дахин дахин хэлж байлаа. Америк сэргээгдэх эрчим хүчинд тэрбум тэрбумаар доллар зарцуулж байгаа гэнэ.

Тэрбээр мөн уул уурхайгаас олсон орлого тухайн орон нутгийнхаа хөгжилд үр шимээ өгч байх чухал. Хэрэв уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд тус дэм болохгүй байгаа бол оршин суугчид нь асуулт асуух нь мэдээжийн хэрэг. Бид орон нутгийнхаа томоохон үйлдвэрүүдэд нутгийн иргэдийг ажиллуулахад их цаг зарцуулдаг. Ур чадвар шаардсан, өндөр цалинтай ажилд орон нутгийн иргэдийг сургаж, бэлдэж авахыг бид том компаниудаас шаарддаг. Тэгж байж л цалин, ур чадвар тухайн газартаа шингэнэ гэж ярьж байсан.

Мөн түүнээс Америкт олон нийтийн хяналт уул уурхайн салбарт хэр байдаг вэ? гэж асуухад, харин өөдөөс “Би нэг зүйлийг асуумаар байна. Хэрэв Засгийн газар хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа бол иргэд хуулийн хэрэгжилтийг хянах хууль эрхзүйн тогтолцоо Монголд бүрдсэн үү?” гэж асуусан юм. Байдаг л байх. Гэхдээ байнга л орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, жагсдаг гэж би түүнд хариулсан...