Friday, 31 December 2010

Цанхийн баруун...

2011.2-3 sariin medee

Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийн хоёрдугаар шатанд 6 компанийг өнгөрсөн долоон хоногт шалгаруулсан.

Төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч Бразилийн “Vale SA”, энгийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч Шведийн “Xstrata Plc” хоёр 6 шалгарсан компанийн тэргүүнд жагслаа хэмээн Блумберг мэдээлсэн байна.

Энэ хоёрын дараа дэлхийн хамгийн том төмөр үйлдвэрлэгч “ArcelorMittal”, “Peabody Energy Corp”, БНХАУ-ын нүүрс боловсруулагч “Shenhua Group”, Орос, Япон, Өмнөд Солонгосын Оросын “Төмөр зам” НХН-ээр ахлуулсан нэгдэл шалгарсан байна. Дөрвөн сарын дотор энэ шалгарсан зургаагаас нэгээс гурвыг нь сонгох ажээ. Ямартаа ч олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийхээс өмнө Цанхийн баруун хэсгийн бүх асуудлыг шийднэ гэж албаны хүмүүсийн хэлж байна.

Цанхийн баруун хэсгийн талбайд нийт нүүрсний 68 хувь нь төмөр үйлдвэрлэхэд зориулагдсан коксжих нүүрс бусад нь ДЦС-ууд ашиглах нүүрс гэж “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлснийг гадаадын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Тэрбээр мөн “Манай гол зах зээл бол Хятад Улс. Монголын Засгийн газар БНХАУ, ОХУ-аар дамжин гуравдах зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа” гэж хэлжээ.

Баруун Цанх Хятадын хилээс 270 километрийн зайтай оршдог. Хамгийн ойрхон Хятад Улсын боомт нь 1570 км зайтай орших Тянжинын боомт. Харин ОХУ-ын хамгийн ойрхон боомт Ванино хүрэхэд үүнээс гурав дахин урт зам туулах ажээ.

“Эрдэнэс МГЛ” компанийн зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах бас нэг өөр тендер нь Цанхийн зүүн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээт олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер юм. Цанхийн зүүн хэсгийг дангаараа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компани нь “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани билээ. Уг тендерт оролцох компани, консорциумын материалыг 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүлээж авсан. Одоогоор Энэтхэг, Австрали, Герман улсын гурван компани үлдээд байгаа. Энэ гурвын нэгийг нь энэ долоон хоногоос ялагчаар тодруулна гэсэн мэдээ байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшдэг Цанхийн зүүн хэсгээс барагцаагаар хоёр сарын дараа нүүрсний олборлолт хийнэ гэж холбогдох албаны хүмүүс хэлсэн. “Жилд 15 тонн нүүрс олборлоно. Үүний хоёрны гурав нь коксжих нүүрс байна” гэж Б.Энэбиш хэлжээ.

Дашрамд дурсахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшдэг Цанхийн зүүн хэсгээс нүүрсний олборлолт хийхэд Цанхийн баруун хэсгээс олборлолт хийхээс хямдхан ажээ. Цанхийн баруун хэсэгт 3.1 шоо метр ухаж нүүрс олборлох бол Цанхийн зүүн хэсэгт 2.7 шоо метр ухахад л хангалттай гэнэ. Цанхийн баруун хэсэгт нүүрс олборлоход нэг шоо метрт хоёр ам.доллар илүү зарлагадан гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, олсноо борлуулах эрхтэй компанийг шалгаруулах тендерийн хоёрдугаар шатанд шалгарсан 6 компанийн нэг болох Хятадын “Shenhua Group” нь 2009 онд нийт 320 сая тонн энгийн ба коксжих нүүрс боловсруулсан байна. Тэд 2014 онд гэхэд 560 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай болно гэж төлөвлөж байгаа ажээ.

Ази тивд нүүрс нийлүүлэгч гол тоглогчдын нэг болно гэж зорьж байгаа манай улсын хувьд 2010 онд нийт 20 сая тонн олборлосноос урд хөрш рүү 16.6 сая тонныг экспортолсон гэж Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлсэн. 2010 онд нүүрсний экспортоос манай улс 877.6 сая ам.доллар олсон бөгөөд өмнө оныхоосоо 571 сая ам.доллараар өссөн гэсэн Үндэсний статистикийн мэдээ бий.

Тавантолгойн нүүрсний орд нийтдээ 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийн хамгийн том ашиглагдаагүй орд билээ.

Wednesday, 22 December 2010

Оршиx хаяг - олддоггүй хаяг

Та Улаанбаатарт амьдардаг уу? Тэгвэл “олддоггүй хаягтай” юм байна. Та ойлгохгүй байна уу? Хаягаа хэл дээ. Тэр дүүргийн, тэр хорооллын, тэр хорооны, тэр байшингийн, тэр тоот уу? Яармаг, Хайлааст, Сансар, Долоон буудал, Дэнжийн мянга гээд л та хаягаа эхлэх байх л даа. Оршин суугаа газрынхаа энэ хаягийг анкет бөглөх, ажилд орох, эмнэлэгт үзүүлэх, цагдаад шалгагдахдаа хэлдэг үү?

Харин та гэрээ бусдад зааж өгөхөөр болвол арай л ондоо хаяг хэлэх шаардлага гарна. Яагаад гэвэл “албан ёсны хаягаа” хэлвэл зочноо будилуулаад төөрүүлчихнэ. Танай хороо чинь байшингийн чинь ханад байхгүй, танай гудамж чинь “нэргүй” байж таарна. Тиймээс та ойр орчмын содон байр, олны мэддэг газрыг нэрлээд тэр хавьцаа л гэх байх: Ялалтын ардах 50 сургууль ч гэдэг юм уу. Уг нь бол 370 жилийн түүхтэй Улаанбаатарт барилга байшинд хаяг дугаар олгох, гудамж талбайд нэр өгч хадмал хаяг хадах ажлыг хариуцдаг Нийслэлийн Барилга Хот байгуулалт Төлөвлөлтийн газар гэж байдаг гэнэ. Тэд 2010 оны төлөвлөгөө 90 хувь биелүүлж, 2600 орон сууцны, 680 гудамжны нэрийн хадмал хаяг хадаж ажлаа сайн хийжээ. Гэвч хэрэв танил чинь танай дүүргийн цагдаа, түргэний эмч л биш бол та “алба ёсны бус амны хаягаа” хэлэхээс өөр аргагүй. Цагдаа, түргэн тусламжийнхан ч гэсэн албан ёсны хаяг мэдсээр бай, гэр олохгүй будилдаг. Бүр заримдаа хайж мунгинасаар цаг алдаж, шатахуунаа барж зогсдог “гэмтэй”.

Гэхдээ хаяг хариуцсан албан газарт бүх бурууг тохмооргүй. Ерөөсөө бид “гудамжгүй” хотод амьдарч буй мэт сэтгэдэг тул гудамжныхаа нэрийг ч мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй “Хаана амьдарч байна вэ” гэж өөрсдөө асууж, шалгаадаггүй. Ийм л байх ёстой мэт амьдарцгаадаг. Баараагүй л урд зүгт Богд хан, хойд зүгт Чингэлтэй уул ханхайна. Урд хойдоо мэдчихэд баруун зүүнээ ялгахад амар. Өөр юу хэрэгтэй гэж. Ертөнцийн зүг буруу заахгүй. Оршин суугчид нь гудамжныхаа нэрийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй юм чинь байр байшингын хананд хадмал хаяг хадаад ч яах билээ. Тиймээс өдрийн од шиг хадмал хаяг хадчихаад 2010 оны төлөвлөгөөгөө 90 хувь тэд биелүүлжээ. Удахгүй он солигдоно, он солигдоход 100 хувь төлөвлөгөө биелүүлсэн гэх вий. Ганцхан гудамжны нэр гэлтгүй ерөөсөө манай хаягжилт, хотын зохион байгуулалт замбараагүй.

Жуулчид толгойгоо базаж үгээ хэлдэг. Улаанбаатарт тэд далайн мэлхий намагт зочилж буй мэт өөрсдийгөө сэтгэж, газрын зургийг нь авчихад л ганцаараа хангалзаж явна гэдэг итгэлтэй ирдэг ч далвайсан том УБ-ын газрын зурaг бариад хэд алхаад л хогын саванд чулуудаж, бөндгөр толгойдоо найдахаас өөр аргагүйг ойлгодог. Газрын зурган дээрээ бол бараг бүх хаяг нь англи, золтой л Самбуу гэдгийг Замбуу гэчхээгүй. Peace Avenue, Central post, Tourist Street, Suhebatоr square, Bayanzurkh food market, Peace brigde, Central cultural place гээд л. Гэвч гудамж, талбай нь дандаа монголоор (хэрэв хадмал хаяг байвал шүү), тэгээд ч зураг нь бүдүүлэг. Гудамжинд хүнээс асууя гэхээр хэл ам авалцахгүй. “National centre study of contagious diseases гэдэг газар хаа вэ?” гэхэд хэн мэдэх юм бэ?

Тэгэхээр хаягийг орчуулах утгагүй. Гадаадынханд зориулсан газрын зураг хийхээр бол кириллээр биш юмаа гэхэд дэлхий нийтээрээ уншиж чадах латинаар бичвэл жуулчдад амар. (Ингэхэд монголчуудад зориулсан хотын газрын зураг бий юу?) Англи хэлтэй улсуудын гудамж талбайн нэр усыг харахад зарим нэр үндсэн утгаа алдаад “зөвхөн нэр” л болж үлджээ. Иргэд нь эдгээр нэрэнд амь шигээ хайртай. Энэ нь түүх, соёлоо хүндэлснийх. Гэтэл бид гудамжны нэрийг хайхардаггүй. Магадгүй уул усныхаа нэрийг бол илүү мэддэг байх.

Бид хаягандаа гудамжныхаа нэр усыг бичдэггүй нь том алдаа. Албан газрууд алдаг, оног хааяа хаягандаа гудамжныхаа нэрийг бичдгийг эс тооцвол бараг бүгд бичдэггүй. Хэрэв зайлшгүй шаардлагаар гудамжны хаягаа бичдэг, хэрэглэдэгсэн бол нийслэлийн хаягжилт, зохион байгуулалт ч цэгцэрч, бүгд гудамжаар цээжилж хотын соёл дээшлэнэ. Саяхан болж өнгөрсөн “Иргэний шинэчилсэн бүртгэл”, “Хүн ам, орон сууцны тооллог”-оор хэн ч надаас гудамжны нэр асуугаагүй. Асуусан ч мэдэхгүй… Гэтэл хот гэдэг бол гудам, гудамжнаас эхэлж бүрэлдээд, дараа нь хороо, дүүрэг гэж томордог. Гудамжнаас хот эхэлдэг атал бид “ундаргаа” умартаад шууд л хороо, дүүрэг (баараагүй нэг байр, хаалганы тоо байгаа) гээд явчихдаг нь “гаднах орчин тойрноо хайхардаггүй хотын соёлыг” бий болгожээ.

Уул нь бүх гудамж талбай, булан тохой бүгдийг нэрлэвэл дэмий орон зайгүй болно. Дэлхийн том хотуудын газрын зургуудыг нь харахад нэг ч нэргүй булан тохой гэж алга. (Mонгол хэлэнд орчуулахад бэрх гудамж, талбайн нэр томъёо бас байна.) Гудамжны нэрнээс хотын соёл эхлэдэг. Нэртэй бол эзэнтэй. Эзэн нь гудамжиндаа ээлтэй, эмх замбараатай, уламжлал, соёл нь хойч үедээ уламжлагдаад өнөөгийн бидний хүсдэг хотын соёлыг бий болгох хүчин зүйлсийн нэг болдог… Бас гудамжны хаалга бүрийг тоотой болгомоор. Хэдийгээр нэртэй устай дэлгүүр байлаа ч гэсэн тэр дэлгүүр маань тэр гудамжны хэд дэхь хаалга вэ? гэдгийг тоогоор хөөгөөд мэддэг болчихвол хайсан хүнд амар байна. Дэлхийн нийтийн мөрддөг жишиг ч ийм.

Төрийн ордны хаягийг мэддэг хүн бий юу?

Янз бүрийн ажил төрөл эрхлэдэг 10 хүнээс ажил, гэрийнх нь гудамжны нэрийг асуулаа. Асуусан хүмүүсээс 5 нь л ажлынхаа гудамжны нэрийг хэллээ. Тэгээд л таг. Ажлын хаягаа мэддэг шалтгаан нь өдөр тутам шахам албан бичиг уншдаг учир мэддэг гэнэ. Түүнээс биш гудамжныхаа хадмал хаягийг харч цээжилсэн нь ховор ажээ. Мэддэг таваас 2 нь бүр тийм хаяг байдаг эсэхийг ч санаагүй. Асуусан 10 хүнээс нэгнийх нь амьдардаг байр бүр 2 өөр тоотой аж: тэр хороондоо очихоороо нэг өөр тоо хэлдэг, байрныхаа мөнгийг тушаахдаа бас нэг өөр тоо хэлдэг гэнэ.

Тэднээс мөн Төрийн ордны хаягийг асуув. Сүхбаатарын талбайн тэнд шүү дээ гэхээс өөр хариу сонссонгүй. Харин ч намайг ямар тэнэг юм асуудаг юм бэ? гэсэн янзтай харцгаасан. Гэтэл манайхаас өөр улсын Төрийн ордон нь бүгд л хаягтай. Төрийн ордонд ажиллах Ерөнхийлөгч, албан тушаалтанд захиа бичье гэвэл тэр хаягаар нь явуулдаг. Жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: Тhe White House, 1600 Pennsylvania Avenue NW Washington, DC 20500 гэдэг хаягтай. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн хаяг: 103132, г.Москва, Старая пл., д.4, Администрация Президента РФ. Харин Их Британий Ерөнхий сайд Дэвид Камерун: 10 Downing street, London, SW1A, 2AA гэдэг ажлын хаягтай. Англичууд заримдаа Засгийн газар гэхээсээ “Number 10” гэж хэвлэл, мэдээллээрээ бичиж, ярьдаг тул бараг бүгд Засгийн газрынхаа хаягийг мэддэг гэнэ. Харин монголчууд Засгийн газар, Төрийн ордныхоо хаягийг мэдэхгүй байна! Тиймээс Засгийн газар, Төрийн ордны гудамжны хаягийг тодруулахаар Сүхбаатарын талбай орлоо.

Очоод л Төв талбайн баруун, зүүн хоёр зам Сүхбаатарын гудамж гэдэг ижил нэртэйг “нээв”. Интернэтээр хайхад ийм ойрхон 2 зам манайхаас өөр газар ижил нэртэй байдаггүй бололтой. Вашигтонд гэхэд л Цагаан ордны баруун зүүнээр урсах 2 зам ижил нэртэй ч тэднийг будилах боломжгүй. Яагаад гэвэл баруун талыг нь West Executive Avenue NW, зүүн талыг нь East Executive Avenue NW гэдэг. Тэгээд Төрийн ордны харуул хамгаалтын цэргүүдээс хаягийг нь асуутал “Тийм юм байдаг байхаа, та жолооч нараас асуу” гэлээ. 7, 8 жолооч нарыг сууж байхад нь асуутал юу асуугаад байна гэсэн шиг намайг бүгд гайхан нягталж харчихаад “Бид яаж мэдэх юм бэ?” гэж нэг нь хариулав. Харин нэг нь “Хойшоо байдаг Иргэдийг хүлээн авах байранд очиж асуу” гэж зөвлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын иргэдийг хүлээн авах байранд очиж зарлал мэдээллийн самбар дээр нь Төрийн ордны хаягийг олоод харчих санаатай хэсэг эргэлдсэн ч олж харсангүй. Тэгэхээр нь иргэдийн санал хүсэлтийг эхэлж хүлээж авдаг цэргийн хүүхнээс Төрийн ордны хаягийг асуулаа. Гайхаж харснаа:
—Танд ямар хэрэгтэй юм бэ? гэв.
—Захиа бичих гэсэн юм гэтэл:
—Энд авчираад өгчих гэлээ.
—Үгүй миний дүү, гадаадаас захиа явуулах гээд намайг лавлаатах гэсэн юм гэж худлаа хэллээ. Гэтэл:
—Хэнд явуулах юм бэ? гэж байна.
—Ерөнхийлөгчөд
—Тэгвэл зүгээр л Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа гээд л явуулчих. Харин буцах хаягаа заавал бичээрэй гэлээ. “Улаанбаатарт байгаа миний аав” гэдэг шиг л юм санагдаад, арай ч үгүй байлгүй гэж бодон:
—Үгүй миний дүү, ямар ч хаяг байхгүй гэж үү? Гадаадаас, Америкаас зүгээр тэгээд биччих юм уу? гэж асуутал:
—Тэгэлгүй яах вэ? гэж байна. “Гадаадаас бичлээ гэхэд монгол хэл, бичиг мэдэхгүй хүн яаж бичих билээ” гэж бодогдсон тул:
—Зүгээр л Ерөнхийлөгч танаа гэхэд л болчих юм уу? гэж лавлаж асуув. Миний асуултанд нэлээн ундуйцсан тэрбээр их л нухацтай:
—Монгол Улсад ганцхан Ерөнхийлөгч байдаг гэв. Би түүнээс дахин дахин асууж залхаасан тул тэр:
—Төрийн ордны баруун талд төрийн шуудан хариуцдаг газар байдаг. Та тэндээс асуу гэж салахын түүс болж хариулсан. Тэгээд Төрийн ордны баруун талд очиж шуудан хариуцсан хүнээс очиж асуулаа. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа” гээд буцах хаягаа бичээд л явуул гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй. Гадаадаас явуулах гэж байгаа юм аа гэхэд:
—Аа тэгвэл Улаанбаатар 12 гэж дээр нь бичнэ гэлээ.
—Манай шуудангийнхан чинь зип коод хэрэгжүүлсэн гээд яриад байгаа, тэр зийп коод нь аль вэ гэтэл:
—12 гэдэг чинь л зип коод нь гэж хариулав.

Ямартаа ч явсан нохой яс зууна гэдэг шиг Төрийн ордны орших газрын хаягийг яс тогтоогоогүй ч Ерөнхийлөгчдөө яаж захиа бичихээ мэдээд авлаа. Хэрэв та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захиа бичих болвол:
Улаанбаатар 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа гэхэд л баараагүй очих юм байна. Харин емэйл бичье гэвэл www.president гэсэн вебсайтад орж бичиж болох юм байна. (Харин манай малчдын хэд нь интернэт ашиглах боломжтой билээ дээ.)

Уг нь “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ‘Цахим Монгол’ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн ‘Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх’, ‘Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх’, ‘Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох’ зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар ‘Шуудангийн нэгдсэн код’-ыг баталлаа” гэж Харилцаа, холбооны зохиуцуулах хорооны www.zipcode.mn вебсайт дээр бичсэн байх юм. Тэнд бичснээр бол бид хаягаа:
Б.Дорж
Өнөр хороолол, Энх тайвны өргөн чөлөө, 18
Улаанбаатар хот, 18050
Монгол Улс гэж бичих ёстой гэнэ. Эхний эгнээнд: Хүлээн авагч буюу явуулагчийн нэр, албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол). Хоёр дохь эгнээнд: Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, барилга байшингийн дугаар. Гурав дахь эгнээнд: Хотын нэр, бүсчлэлийн код. Дөрөв дэхь эгнээнд: Улсын нэр байх ёстой юм байна.

Төрийн ордны хойд талд Залуучуудын өргөн чөлөөнд байх Монгол шуудангын 46-р салбарт очиж:
—Хэзээнээс зип коод ашигладаг болсон вэ? гэж асуухад:
—Жилийн өмнөөс гэж нэг ажилтан нь хэлсэн. Харин Төрийн ордны зийп коодыг www.zipcode вебсайт дээр 14201 гэж бичжээ. Улаанбаатарт Сонгинохайрхан 18000, Хан-уул 17000, Баянгол 16000, Чингэлтэй 17000, Сүхбаатар 14000, Баянзүрх 13000, Налайх 12000 гэсэн зийп коодтой юм байна.

Манай Ерөнхийлөгч, Засгийн газрынхан одоо хүртэл энэ зийп коодоо ашигладаггүй бололтой. Мөн манай Ерөнхийлөгчөд шуудангийн “хаяггүй” захиа бичиж болно. Хойд Солонгосын мөнхийн Ерөнхийлөгч Ким ир сен, Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хуссейн нарт л нэрийг нь бичээд захиа илгээдэг байсан байх. Энэ жижигхэн, анзаарагдмааргүй зүйл гэлээ шуудан харилцаа хөгжсөн гадныханд сонин санагдана. Тэдэнд Антон Чеховын сонгодог өгүүллэгийн баатар 9 настай Ванька хүү бодогдог ч байж магадгүй: Гуталчинд шавь орсон Ванька хүү Христос мэндэлсэн баярын өмнөх шөнө лааны гэрэлд өвөөдөө намайг эндээс л авчихвал би таны хүссэн бүхнийг хийнэ. Тосгон руугаа гүймээр л байна, даанч гутал байхгүй гэж уйлагнан хулгайгаар захиа биччихээд “Тосгон байгаа миний өвөөд” гэж хаяглаад явуулдаг Ванькагын захиа өвөөд нь хэзээ ч очихгүй нь гэж бараг 200 жил дэлхийн сая сая уншигч өдгөө хүртэл сэтгэл шимширдэг. Хэрэв тэд Монголд одоо хүртэл тэгж захиа явуулдагыг мэдвэл Ванькагын захиа хүрсэн байж магадгүй гэж тайвшираад сонгодог өгүүллэг “шоовдорлогдоно доо”…

Tuesday, 14 December 2010

САЙН УУ, МУУ ЮУ АЛЬ НЬ ВЭ ХӨ?

Ямааны мах хууль бусаар худалдан авч хил давуулах зорилготой хятадууд баригдаж хэвлэл мэдээллээр шуугиан тарьцгаав. Цөс нь хөөрсөн зарим маань “ходоодны эрх чөлөөнд” халдсан урд зүгийнхэнд “дайн зарлав”. Хятадуудаас болж махны үнэ өслөө, мах хомсдлоо гэж тэд бухимдаж байна. Зарим нэг хэт хардагч нөхөд бүр нарийн зүйлсийг тааж мэджээ. Тэдний таамагласнаар ямааны мах ихээр авч буй нь ирэх жилүүдэд хятадын ноолуурын зах зээлийг өрсөлдөгчгүй болох зорилготой байж магадгүй гэнэ. Хэрэв энэ үнэн бол зуд турхан, шүлхийг урд зүгээс удирджээ. Ер нь тийм болж таараад байна. 12000 тонн мах бэлтгэхээр гүрийж буй 14 аж ахуйн нэгжэд тулгарсан хамгийн том бэрхшээл бол ноднин жилийн зуд, энэ жилийн халдварт өвчин, дээрээс нь “ямаанд хайр зарласан хятадууд” гэнэ. Зуд, шүлхий, хятад гурав бол жинхэнэ монголын “гамшиг”.

Хятадууд өвөр дүүрэн мөнгөтэй орж ирээд махны зах зээлд эзэн сууж, маниусынхаа ходоодыг захирна гэж “хужаагийн” бэлэн гоомойд аль хэдийн “нугасгүй орсон” монголчууд айж, тэдний гар хөл болсон гэх малчид, ченжүүдийг мөн сэжиглэж байна. Монголын махыг экспортын “баялаг” болгосон хятадууд маниусыг махны дутагдалд оруулж, үнийг ташуурдлаа гэж нэг нэр хүндтэй сонинд бичжээ. Нийт хүн амаасаа бараг 20 дахин илүү дөчөөд сая гаруй малын мах ангайсан ам руу нь гулсаад орох гэтэл луухаа нар алгаараа хаагаад гадагшаа урд зүг рүү гулууз болгоод чулуудаад байгаа аж. Хятадууд хилээр зөвшөөрөлгүй, олны нүднээс холуур бидэнд зориулагдах хэчнээн ч тонн мах Монголоос гаргачихсныг хэн мэдлээ гэж (ЗМ) сонин, мэдээллийн хэрэгсэлүүд харамсан халаглаж байна.

Нээрээ хэчнээн тонн буянт малын мах маань тэнгэрлэг заяат монгол хүний ам руу орохгүй баацайсан хужаагийн баас болсон бол доо. Малынхаа буяныг гүйцэт идэж барахгүй, юу болж байна даа, бид. Амны хишиг ар дээр гарах вий дээ. Гол асуудал үүнд л оршино. Бид малынхаа махийг хүссэнээрээ идэж чадахгүй, идье гэлээ ч санаснаараа худалдаж авч чадахгүй байхад муусайн “өмхий хужаа нар” бүр бөөн бөөнөөр худалдаж аваад хулгайгаар урд зүг рүү гаргана. Хэрэв тэд хулгайгаар хил давуулдаг шигээ, хулгайгаар авсан бол сенсааци дэгдээхэд бүр амар байхгүй юу. Даанч үнэтэй худалдаж аваад инфляци өсгөлөө гэхээс анги хэлэх үг алга. Тэгээд ч очиж очиж, голцуу ямааны мах шүү. Хонины мах их хэмжээгээр авсан бол жинхэнэ дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэнэ. Ингэхэд бид ямааны биш хонины мах голцуу иддэгийг муу санаатай хятадууд андуурчихсан юм биш биз.

Хэрэв тэд андуурсан бол битгий хэлээрэй! Ад үзсэн малыг маань алаад ачаад байгааг нь хэлчихвэл хонин сүрэг рүү маань хошуурцгаана. Тэгвэл ч ёстой Цагаан сарынхаа ууцыг цөөлөхгүй нь тулд ана мана үзсэн ч яадаг юм бэ. Үнэндээ хотын ихэнх иргэд ямааны мах ямар амтыг ч сайн ялгадаггүй нохойны махтай холилж будилдаг. Ямааны мах гээд нохойны мах зарч, гуанзанд хоол хийсэн тохиолдолд гарч байсан. Махны үнийг өдөр бүр зарладаг сонин хэвлэлүүдэд хонины, үхрийн, адууны кг махны үнийг зарлах боловч ямааны махыг зарлах нь ховор. Гэтэл ямаа манайд маш олон. Бараг л хонь, үхэр, адуу, тэмээ нийлүүлээд ч ямааг тоогоороо гүйцэхгүй. Яг л хятадууд шиг. Олон болохоороо ч өнгөрсөн зуднаар гороо амссандаа хөөрхийс. Зуднаар үхсэн нийт малын тавиас илүү хувь нь ямаа гэнэ лээ. Ямааг монголчууд хүйтэн хошуутай, зэвүүн амьтан гэж хэлж ярих нь энүүхэнд. (Би тэгээгүй шүү, тэгж бичсэн байна.)

Харин ямааны ноолуур бол ондоо манай улсын үнэтэй түүхий эд, ноолууран бүтээгдэхүүний эх үүсвэр. Түүнээс болоод ямаа нэг дээдлэгдэж, нэг адлуулсан. Бараг хоёр жилийн өмнө “С.Баярын Засгийн газрын үед хүн болж мэндэлснээс ямаа болж төрсөн нь дээр” гээд хөөрхий ямааг ад үзэж, Монголыг цөлжүүлж буй гол буруутан нь атал бүр “цалин өгөөд” хээлтүүлгийг нь дэмжсэн УИХ гишүүдийг “ямаатай явдаг” гэж хардацгаасан билээ. Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарч гуай хүртэл “Алтаар үнэлэгдэх ноолууртай, Аминд нь хүрэхгүйн цаазтай, Ардын их хурлаас цалинтай, Ямаа бол ямбатай амьтан юм” гэж уран цэцэн шүлэглэсэн. Хүүхдэд мөнгө өгөхийн оронд хүйтэн хошуутай амьтанд мөнгө өгсөн “76 ямааг” (тухайн үед ийм хэллэг моодонд орсныг санаж байгаа биз) дээш матаж “Улсынхаа төсвөөс 30 тэрбум төгрөг ямаанд алдмааргүй байна. Ямааны мөнгөний хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавина байгаа. Ерөнхийлөгч бол ямаа мамаа олонтой хэсэг бусгийн төлөөлөл биш. Монгол Улсын бүх иргэд сонгодог болохоор энэ ямааны 30 тэрбумд хориг тавиач” гэж гээд л манай сонин хэвлэлийнхэн бичицгээсэн. Харин одоо нөгөө ад үзэгдсэн ямаагаа гулууз болоод урд хөрш рүү гарлаа гэсэн чинь баярлалаа гэхийн оронд баахан эмгэнэж, халаглацгааж байна. Үнэхээр монгол хүний хайр нь дотроо хал нь гаднаа юм аа.

Хятад манайхаас мах авдаг цөөхөн улсын нэг. Бүр хятадууд зөндөө их мах аваасай гэж манай эдийн засагчид залбирдаг ч гэж болно. (Эдийн засаг залбирдаг гэвэл хэтрүүлэхгүй л байх.) Таван жилийн өмнө УИХ-ын нэг гишүүн манайд 100 мянгаар үнэлэгддэг бяруу Хятадад 500 доллар хүрдэг. Гэтэл монголчууд даварна гээд хятадын Засгийн газар бодлогоор манай махыг авдаггүй гэж хэлж байсан. Харин одоо “шүлхийтэй ямааны” махыг худалдаж авч байхад яагаад дургүйцээд байна. Уг нь бид зуданд дайруулж, шүлхий тусгаж, чононд бариулаад ч бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, бог малын уламжлалт бүтцийг эвдэхгүй түвшинд тоог нь тогтоож чадахгүй байгаа ямааг маань хятадууд хорхойсоод авах гэвэл өгөхөөс өөр аргагүй мэт. Бид ямааны ноолууранд шунадаг ч мах, сүүг нь тэр бүр хонь шиг өргөн хэрэглэдэггүй. 2009 оны 4 дүгээр сард Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само институт” “ямааны өсөлтийг төрийн бодлогоор хязгаарлах шаардлага буй болсон өнөө үед гадаад, дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ямааны мах, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх” зорилгоор “Ямааны мах, зах зээл, технологи” шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж байсан нь аргаа барсны л нэг илрэл.

Тэгэхээр асуудал зөвхөн ямааны мах зарахдаа биш харин хятадуудад бас байна. Хятадууд л ямааны мах авна гэсэн болохоор ямааны махаа бид өгмөөргүй байна. Бид хэдийгээр Хятадтай худалдаа наймаагаа өргөжүүлж, малын махаа зарна гэдэг ч сэтгэлзүйн болоод эдийн засгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлын хувьд ч бэлэн биш байна. Тийм ч болохоор статистикийн тооцоогоор идэж барахгүй ямааны махаа хүртэл харамлаж “ярдаглав”. (Хэрэв үнэхээр махаар хомсдоод бүгд үлбэрч үхэх гэж байсан бол ойлгохсон.)

Малчид ба махны наймаачдын бодол
Харин ямааны мах яг зардаг, ямаа өсгөдөг, энэ бизнесийг гардан хийдэг, хөгжүүлдэг өөрөөр хэлбэл баялаг бүтээдэг хүмүүс нь “Тэжээж байгаа хятадуудаа муу хэлэх эрх бидэнд байхгүй” гээд тэднийг өмөөрч байхад махны үнэ өссөний бурууг “махны ченжүүд дур мэдэн үнээ нэмээд байна” гээд хариуцлагыг бусад руу чихдэг эрх мэдэлтэй дарга нарын үгээр зэвсэглэсэн хүмүүс махны ченжүүд, малчдийг зүхэж байгаа нь өрөөсгөл юм.

“Хүчит шонхор” худалдааны төвд мах шулдаг хүмүүсийн нэг гулуузыг шулах ажлын хөлс 1500 төгрөг байсныг хятадууд 2500 төгрөг болгосон нь махны үнийг хөөрөгдөх шалтаг гэж буруутгаж болох ч мах шулсан монгол эрийн хувьд гэртээ арай илүү мөнгөтэй, арай илүү махтай очно гэсэн үг биз дээ. Гулууз шулна гэдэг тийм ч амар ажил биш. Хэрэв гадаа гарч, хүйтэнд хөрсөн тэд 1000 төгрөг илүү авсныхаа төлөө инфляци өсгөх шалтаг болсон бол олон улсын янз бүрийн байгууллагад ажилладаг 1000 ам.доллароор цалинждаг хүмүүс түүнээс ч илүү инфляци өсгөсөн. Тэгэхээр хэн нь цалингаасаа татгалзах хэрэгтэй вэ. 30 хувь цалингаа нэмсэн төрийн албаныхан цалингаа голсоор байхад улсаас ямар ч халамж тэтгэлэг авдаггүй бор зүрхээ мөнгө олж байгаа хүмүүсийг хятадын гар хөл боллоо гэж нүд үзүүлэх утгагүй. 1000 төгрөг илүү авсных нь төлөө тэднийг доромжлох нь муу нь муудаа дээрэлхдэгтэй адил. Тэгж яривал одоо бүгд л уул уурхайн эрдэс баялгийн түүхий эдээ Хятадад зараад сайхан амьдарна гэж горьдож суугаа биз дээ.

Ганцхан мах шулагчид ч биш малчид, махны наймаа хийгчид хятадууд их хэмжээгээр мах худалдаж авсанд хожсон ажээ. “Эмээлт” зах дээр махны наймаа хийдэг нэгэн ченжийн хэлснээр бол тэд малчдаас хэдэн төгрөг буулгаж авахдаа сайныг нь сайнаар, мууг нь муугаар ялгаж авдаг гэнэ. Тэгээд авсан махаа хятадуудад үнэ өсгөөд өгчихдөг ажээ. “Хятадууд өндөр үнээр том, жижиг, тарган, туранхай гэхгүйгээр авдаг” тэдэнд их ашигтай байжээ.

Малчид ч мөн ашиг унагажээ. Тэдний зарим нь Улаанбаатарт ирж замын зардал гаргахгүй хотныхоо хаяанаас махаа зарсан гэнэ. “Хүчит шонхор”-д Өвөрхангай аймгаас ирсэн малчин У.Наранбат “Өчигдөр аймгаасаа нэг үхрийн махтай ирсэн. Өрөөл нь ч борлогдоогүй байна. Замын зардлаа тооцоод зарахаар мэдээж орон нутгаас үнэтэй зарж байгаа. Сая манай найз утсаар ярьсан. Хятадууд манай тэнд очиж, махыг ханасан ханшаар авсан гэнэ. Мэдсэн бол тээвэрлэлтэд илүү мөнгө төлж наашаа ирэхгүй, тэндээ зарчихдаг байж. Кг махыг 2000 төгрөгөөс дээш үнээр авсан байна. Энд бараг 2000 төгрөгөөр бөөнддөг шүү дээ, бид” хэмээн халаглан ярьж. Тэгэхээр хятадууд малын махыг малчдаас хямдхан аваагүй бололтой.

Ер нь тэдний хэлснээс ойлгоход хятадууд хувиараа махны бизнес эрхлэгчдэд хэсэг хугацааны амин тариа хийж. Тэгэхээр махны үнийг хятадууд л санаатайгаар хөөргөдөөд байна гэдгийг сайн судалж үзэх шаардлагатай байна. Энэ үйл явцыг сайтар судлахгүйгээр хамаг бурууг шууд худалдан авагч хятадуудад тохвол алдаагаа олж чадахгүй. Хэдийгээр хятадууд зөвшөөрөлгүй мах худалдан авч, ариун цэврийн шаардлага хангахгүй газар хадгалж байсан буруутай ч тэдний бизнесийг хүчээр таслан зогсоовол ирээдүйдээ монголын хувиараа махны бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж магадгүй. “Эмээлт” зах дээр “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн ирж хятадууд махыг өндөр үнээр авахыг болиулсан гэнэ. Гэхдээ нэгэн махны ченжийн хэлснээр бол “ил, задгай худалдаж авахаа болиод нууцаар авдаг болсон” аж.

Мөн өөр бодолтой хүмүүс ч байна. “Хүчит шонхор” захаас сурвалжлага хийсэн “Зууны мэдээ” сонины мэдээлснээр бол малчид ченжүүдийн хот руу зөөж яваа махыг хятадууд Баянзүрх, 22-ын товчоон дээр тосож байгаад өндөр ханшаар авснаас болж нийслэлийн захуудад нийлүүлэх махны хэмжээ багасч байгаа гэж тус захын махны худалдаачид үзэж буй ажээ. “Би Сэлэнгэд байдаг дүүгээрээ аймгаас бөөний үнээр мах авахуулдаг. Гэтэл гурав хоногийн өмнө нутгийн зарим малчдын хотноос хятадууд их хэмжээний мах худалдаж авсан байна. Үүнээс болж аймгийн хүнсний захуудаар ч мах ховор байна гэсэн мэдээ өгсөн. Түүнийг дагаад энд ч гэсэн мах хомсдож байна” хэмээн махны худалдагч Ж.Жүгдэр хэлсэн байна. Гэхдээ түүний наймаа муу байгаа гэнэ. Өнгөрсөн жил өдийд өдөртөө нэг хонины мах зардаг байсан бол одоо өрөөл мах арай ядан борлуулж буй ажээ. Худалдан авагч иргэн М.Бааст адууны мах авахаар зах дээр иртэл үнэ нь өнгөрсөн жилээс 400 төгрөгөөр өссөнийг мэджээ. Түүнд худалдагч нар “Хөдөөнөөс адуу, ямааны мах ховор ирж байгаа. Ченжүүдээс авахдаа нэмэгдсэн үнээр авч байгаа” гэж адуу мах өссөнийг тайлбарласан байна. Харин “Хар хорин” зах дээр ямаа, адууны мах өнгөрөгч саруудтай харьцуулахад 400-800 төгрөгөөр нэмэгджээ.

Адууны мах үнэ өссөнийг манай улс ОХУ, Вьетнам хоёртой мах экспортлох болсонтой холбож мэргэжилтнүүд тайлбарласан. “Үүнтэй холбогдуулан Засгийн газарт санал оруулахаар төлөвлөж байгаа” гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдааны хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх ярьсан. Монгол Улс ОХУ-д жилд 10 гаруй мянган тонн мах нийлүүлэх квоттой. Үүнийгээ 20 гаруй мянгад хүргэхээр зорьж байсан ч шүлхий өвчнөөс болж зөвхөн адууны мах гаргаж байгаа билээ.
Мах бэлтгэгчдэд алдаа байна уу?
Эндээс, ямаа, адууны махыг хомсдож буй нь манай махны салбарынхан ажлынхаа “даацыг” дийлэхгүй байгаатай бас холбоотой юм болов уу гэсэн сэжиг төрнө. Бид гадаад зах зээлд мах экспортлоно гэж их ярьдаг ч яг үнэндээ—мал нь байгаад байхад—бэлэн биш ажээ. Үүнийг ч энэ хятадуудтай холбоотой асуудал ил гаргалаа. Нэгдүгээрт, манайд ариун цэврийн шаардлага хангасан байр сав хангалтгүй. Хоёрдугаарт, махны салбарынханд бизнест хойлог хөшүүн. Хэсэг бусаг хятадууд нэг жаахан хөдлөхөд л зах зээлийг доргиогоод хаяж байна шүү дээ. Худалдах зах зээлээ тэд биднээс түрүүлж мэдрээд, шуурхай ажиллаж, бүр малчдын хотноос махыг нь очиж авч байхад албан зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд яагаад тэднээс хоцроод байна. Гуравдугаарт, махны бизнест ямар ч хараа хяналт гэж алга. Гулууз гулуузаар нь зориултын бус байр саванд иргэд мах хадгалдаг нь илэрч байсан бол одоо бүр бог малын бөөр угааж, 2 кг-аар нь савлаж, цаасан хайрцганд хийж бэлтгэж байсан нь илэрлээ.

Ирэх хавар махны үнийг тэнгэрт хадаахгүйн тулд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын шийдвэрээр 12000 тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гаргасан. Саяхан тэрбээр махны нөөцийг бэлтгэж байгаа, махны үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж ярилцсан. Энэ үеэрээ ирэх хаврын нөөц 12000 тонн мах дээр дахиад 3100 тонн мах бэлтгэх болсныг мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар махны нөөц бэлтгэлийн ажил 73 хувьтай буюу 8778 тонныг бэлтгээд байгаа аж. Ирэх хавар нөөцийн махны үнэ ханшаар махаа борлуулна гэдгийг хотын дарга амласан билээ.

Мэдээж хятад иргэд хууль бусаар мах бэлдэж, хууль бусаар хил давуулах гэж байсан нь хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Мөн тэд ямар зориулттай хууль бусаар мах авч хадгалж байсан нь тодорхойгүй байна. Хэрэв тэд хадгалж байгаад хавар эргүүлээд манай зах зээл дээр гаргах гэж байсан бол ноцтой асуудал. Энэ нь манай малын зах зээл хараа хяналттгүй байгаагийн нэг илрэл. Ийм газраас гадаадын улс орнууд мах авахаас болгоомжлох нь ойлгомжтой. Аа хэрэв тэд Хятад руу мах гаргах гэсэн бол энэ зах зээлийн боломжийг олж хараагүй, эдгээр хятадуудын үйл ажиллагааг бүртгэж, зөвшөөрөл олгоогүй манай зохих байгууллагууд хөшүүн хойлог байгааг батлана. Мөн хятадууд манай махыг Вьетнам руу “шахдаг” гэсэн мэдээ байна. Гэтэл бид Вьетнамтай мах нийлүүлэх гэрээ байгуулчихаад өөрсдөө үүнийг гардан хийгээгүй нь тун хачирхалтай юм.

Хөгжингүй улсуудын тавьсан стандартыг хангаж чаддаггүй манай малын махыг хятадууд тоогоод хулгайгаар ч гэсэн хил давуулж байгаа нь, хэрэв малчдынхаа эдийн засгийг бодвол дуугай өнгөрч болмоор боловч, хараа хяналтгүйгийн улмаас чанаргүй, шүлхийтэй мах гадаад зах зээлд гаргавал монгол махны нэр хүнд ч унах магадлалтайг энд дурсахад илүүдэхгүй. Тиймээс махыг экспортлох бодлогыг дэмжээд хараа хяналтандаа байлгахын төлөө манай тал тууштай, бодлоготой ажиллах учиртай. Гадаадад мах экспортолсноос болж махны үнэ хөөргөдөн гэдэг бол манай махны салбарын үйл ажиллагааны уялдаа холбоогүй, муу байгаагын нэг илрэл байх.Түүнээс биш хятадууд өөрсдөө өмсөх хувцасгүй шахам байж байж биднийг хувцаслаад байдгыг юу гэж тайлбарлах билээ. Хэрэв тэд бидэн шиг сэтгэсэн бол хувцасны үнийг монголын наймаачид өсгөлөө гээд Эрээнийхэн наашаагаа бараа явуулахаа зогсооно шүү дээ.

Мөн хятадууд энэ жилээс л ямааны мах гаргах гэж оролдов уу? Эсвэл урьд нь гэсэн гаргасаар байв уу гэдэг нэг асуудал бий. Үүнийг түр орхие. Бас мах магнаг болох гээд байхад махны асуудал мандах нь гарцаагүй тул “Сайн уу, муу юу аль нь вэ, хө?” гэдэг асуултыг цэг тавилгүй орхие…

Monday, 13 December 2010

АРХАНГАЙН АВШИГТАЙ ХҮҮ

Ард олонд алдар цуу нь амаар тархаж домог болдог хүмүүс бий. Сонгуулийн сурталчилгаа хэрэггүй тийм хүмүүст улстөрчид атаархдаг байх. Ерээд онд “цавчдаг, жадалдаг” хүүг та дуулсан уу? Архангайн Чулуут сум руу эх орны өнцөг булан бүрээс өвчин, зовлонтой хүмүүс цувж Чулуут голын хөвөөнд өвөл зунгүй аянчдын гэр ярайгаад эгээтэй л шинэ аймгийн төв үүсгэчихээгүй гэдэг.

Саяхны нэг өдөр түүний сураг гарлаа.
—Заазуурддаг, сүхддэг, хутгалдаг хүүхэд байсан. Засал хийлгэсэн хүмүүс нь зөв зүгээр сорив моривгүй босоод ирнэ. Нэг удаа явдалтай эхнэрийг хүмүүсээр тэлж бариулж байгаад хэд хутгаар хэрччихсэн чинь явахаа байчихсан. Аймаар байгаа биз. Жинхэнэ хувилгаан! гээд л нэг нөхөр долоовор хуруугаа гозойлгон чанга дуугаар ярихыг санамсаргүй сонссов. Тэгээд түүнтэй уулзах хүсэл төрч билээ.

Өнгөрсөн долоо хоногт уулзах цаг болсон уу, санамсаргүй байтал сэтгүүлч, яруу найрагч Ж.Батсайхан ах:
—“Цавчдаг” залуутай би уулзана. Чи дагаж яваад ярилцлага авбал ав гэхэд уухайн тас зөвшөөрөв. Гэхдээ бас эмээлээ (нуугаад яахав). Гэв гэнэт учир зүггүй цавчаад, зүсээд унавал мань чинь яана.

Хүйтэн ч биш, дулаахан ч биш нэг тийм бүрхэгдүү гэвч гадуур алхвал алхаад байхаар таатай өдөр “нөгөө айхтар” Пүрэвдоржийг гэрийнх нь гадаа анх харлаа. Холоос бид хоёрыг чиглэн аажуухан ойртох түүнийг хараад урам хугарав. Жижгэвтэр, бор залуу даруухан мэндлэхэд “Энэ нөхөрт хутгалуулж, хэрчүүлдэг ямар дүүрсэн нөхөд байнаа. Би лав яасан ч хэрчүүлэхгүй” гэж дотроо бодов. Тэгэхдээ “Юмыг яаж мэдэх үү. Гэртээ орхоод яаж ч мэднэ. Болгоомжтой бай” гэж өөрийгөө сэрэмжлүүлэв. Харин түүний номын гэрт ороод бодлоосоо ичсэн. Намуухан ярьж:
—Энэ миний номын байр энд ирж бясалгал хийж, ном орчуулдаг гэж тэр байраа танилцуулаад бид хоёрыг суу гэхэд “шүтлэгтэй нь аргагүй” сууцгаав. Түүнийг багш нараа дурсаж, эрхэлж буй ажил төрлөө ярихад миний айдас ор мөргүй замхрав.

“Би анх 94 онд Улаанбаатарт ирсэн. Дараа нь дахиж 97 онд ирээд, 98 оноос Хатанбаатар багшийн дэргэд 3 жил байлаа. Хатанбаатар багш бясалгалын төв байгуулаад би эмнэлэг дотор нь хоёр өрөө байранд хоол ундаа зөөлгөж, хувцсаа угаалгачихаад бясалгал хийгээд л суудаг хүү байсан. Хатанбаатар багш их ач тусаа өгсөн дөө. Мундаг ухаантай хүн. Үүний дараа 2003 онд Цэдэв захиралтай Бурхан шашны дээд сургууль төгссөн юм.

Тэр хавар Гүрдаваа ринбүчи намайг сураглаад байна гэхээр очиж уулзтал ‘Чи урагшаа Балба руу явж ном үз’ гэсэн. Өмнө нь бага байхад бас уулзаж байсан юм. ‘Би нас өндөр болсон. Чи залуу, эрдэм номтой багшаар заалга’ гэлээ. Тэгээд Дагма ринбүчи рүү очиж, ном заалгаж, авшиг авч жил боллоо. Үүний дараа Монголд ирээд, 2006 онд Энэтхэг рүү явж олон улсын Випассана судлалын акедемийн Даммагири бясалгалын төвд очиж 3 жил суралцлаа. Дэлхийн зуу гаруй орны хүмүүс ирж суралцдаг төв л дөө. Бясалгал маань Бурхан багш гэгээрэхдээ нээж, илрүүлж, хэрэглэсэн арга техникүүд. Тэрийг л шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, олон хүний хүртээл болгох зориулттай төв. Тэнд би пали хэлний анхан шатны 8 сарын курс, гүнзгийрүүлсэн 8 сарын курс дүүргээд үлдсэн хугацаанд нь урт богино бясалгал хийж, далиманд нь англи хэл сурлаа.”

Эрхэлж буй ажил үйлс
Түүний яриаг сонсож суухдаа хорхойсож байсан “Үнэн үү?” гэдэг асуултаа нэг л асууж зүрхэлсэнгүй. Тэгсээр Шагдарын Пүрэвдоржийн одоо эрхэлж буй ажил үйлсийнх нь талаарх яриа хөөрөнд гулсан оров: “Одоогоор ‘Амгаланбатжих бясалгал, гэгээрлийн төв’ ТББ байгуулаад төвийнхөө барилгыг барих гэж байна. Би цогцсоор нь авч үзье гэж бодсон юм. Хүн гэдэг амьтан чинь бие, сэтгэл, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл гээд олон зүйлээс хамаардаг. Санаа зорилгыг нь ангид үзэж болохгүй. Тэгээд байгууллагаа шашны зан үйл үйлдэх хийдтэй; оюун санааг амгалан болгодог, хөгжүүлдэг бясалгалын төвтэй; биеийн өвчнөөс хамгаалах иогийн дасгал заах сургалттай; эмчилгээ, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн үр дүнг шинжилдэг, ном зохиол орчуулдаг судалгааны төвтэй байлгая гэж санасан. Мөн зүү төөнүүр, бариа засал, ардын ба дорно дахины уламжлалт аргуудыг ашигладаг оношилгоо эмчилгээний төвтэй болно гэж төлөвлөж байгаа.

Би бас эрдмийн зөвлөл байгуулсан. Санаа зорилгоо улам чамбайлахын тулд эрдэмтэй хүмүүсийн тусалцаа дэмжлэг авъя гэж бодлоо. Нэг хүний толгой бол нэг л толгой учир олуулаа ярьж шийдэж байгаад бодож санаснаа хийж бүтээе гэсэн юм... Мөн ном орчуулж хэвлүүллээ. Бясалгалын мастер Гоянкагын судар бичгүүдэд үндэслэж Виппасанагийн өнцгөөс харж бичсэн ‘Бурхан багшийн амьдралыг зэрвэс харахад’ гэдэг ном, бас ‘Хамгаалтын 11 судар’ гэдэг 2 ном хэвлүүлээ. Одоо харин ‘Абидарма’ гэдэг номыг орчуулж байна.”

Түүний орчуулж буй номын уламжлалт нэр нь “Илтэд үзэхүйн номлол” гэдэг монголчууд эртнээс дээдэлсэн ном аж. Пүрэвдоржийн үүнийг нь эгэл бидэнд ойлгоход хялбар, өдөр тутмын амьдралд гүн гүнзгий сургаалыг хэрэглэхэд баримжаа болгох зорилгоор орчуулж байгаа гэнэ.

Бага нас
Асууя гэснээ асууж зүрхлэхгүй байлаа. Даруухан намба төрхтэй залуугаас “Та хэдэн хүн хутгалж, цавчсан бэ?” гэж асуух нь нэг л зохицохгүй санагдсан. Ямартаа ч хүүхэд насных тухай асууя гэж бодтол миний бодлыг таасан мэт хүүхэд насныхаа тухай ингэж ярилаа: “Миний хүүхэд нас аз жаргалтай өнгөрсөөн. Хүүхэд насандаа хүүхэд шиг байж чадаагүй хүмүүс бол хэцүү, жаахан атлаа том хүн шиг аашилвал дэмий. Би хүүхэд насандаа хамгийн сахилгагүй хүүхэд байв. Одоо манай найзууд гайхдаг. Хөдөө хамт тоглодог байсан хүүхдүүд ‘Чи чинь яачихав. Нэг л өөр болчихож, юу болчихоов, ямар нэгэн юм хэрэглэчихсэн үү?’ гэдэг юм.”

“Манай суманд Хүрмийн гараашад насаараа галч хийсэн Малжига Гэлхай гэдэг өвөө байсан. Баруун аймгийн төв зам, Чулуутын голоор дайрж Эгийн даваагаар явдаг байхад Хүрмийн гараашад жолооч нар хонодог байсан. Бага насандаа тэр өвөө Балданлхамын дуганад ном үзсэн гэнэлээ. Тэр хүнээс миний нэрийг авсан гэдэг. Манай эмээ хэлэхдээ аав тэр хүнээс очиж нэр асуухад ‘Хүүдээ Пүрэвдорж гэдэг нэр өгчихөө. Долоо, наймтайгаас нь янз бүрийн авьяас тодорно. Энэ нь өөрөө бий болно. Тэр болтол нь бол ариг гамтай байлгаарай’ гэж хэлсэн гэнэ лээ.”

Пүрэвдорж 1980 онд төрсөн. Цагаан сарын өмнө төрсөн учраас бичин жилтэй биш хонин жилтэй гэнэ. Найман нас хүртлээ эмээтэйгээ амьдардаг байж. Ээж нь малын эмч тул хөдөө гадаа их явна. Аав нь худалдаа бэлтгэл ангийн нярав тул мөн завгүй шахам ажиллана. Эмээ нь түүнд бусад ач зээ нараасаа илүү халамжтай байж. “Манай эмээ толгойн дээрээ баахан судар мудар овоолчихсон, унтаж байдаг. Орой бүр судар бариад л гэрээ тойрдог хүн байсан” гэж тэр эмээгээ дурсав.

“Багадаа элдвийн юм хардаг байлаа. Гал дотор элдэв янзын юм үзнэ. Зарим хүүхэд, хүний болох, болохгүй юмыг урьдчилж мэднэ. Жаахан хүүхэд чинь айна шүү дээ. Хүнд хэлэхгүй. Элдвийг урьдчилж мэдэх өөрт зовлонтой. Таатай ч биш. Одоо ч би чадна. Хүсвэл яг мэдье л гэвэл мэднэ. Гэхдээ одоо би аль болох анхаарлаа гэрэл гэгээтэй, сайн сайхан бүтээлч, юм руу хандуулахыг хичээдэг.”

Тэр багадаа машин барих дуртай тул ирсэн хүмүүсийн машиныг бариад давхичихдаг дэггүй хүүхэд байж. Түүний анхны барьсан машин бол 69. “Манай сумын засаг даргын жолоочийн хүүхэд Толягийн Бямбасүрэн миний сайн найз. Тэр багаасаа аавыгаа дагаж кабинд нь явсаар байгаад машин барьдаг, дугуйгаа засаад уначихдаг байсан. Тэгээд л аав нь хаяадаа халамцуу байхад бид хоёр машиныг нь барина шүү дээ.” Өөрт байхгүй ч өргөн түмэнд байгаа гэдэг шиг Пүрэвдорж машингүй ч гэлээ трактороос авахуулаад сайд нарын унадаг машин хүртэл бүх л төрлийн машиныг барьж үзжээ. Өөрийнх нь хэлснээр “машин барих найгүй дуртай”. “Консоо гишгэж хүрдэггүй болохоор нурууныхаа ард тавын бидон эсвэл дэр тавьж байгаад л жолооныхоо завсараар харж давхидаг байлаа шүү дээ” гэж тэр ярьсан. Харин нэг удаа “жолоочгүй машин” давхиулж хүний нүд орой дээр нь гаргаж. “Найгүй олон найзуудаа” ачаан дээр нь ачаад гол гаталж айл хэсэхээр 53 жолоодон давхитал нь модон гүүрэнд дээр борооны цув өмссөн мотоциклтэй хүн хөндлөн зогсчихож гэнэ. “За энэ хүн явуулахгүй нь” гэж бодоод машинаа ухраан голоор гатлах гэтэл дахиад л нөгөө хүн давхиж ирээд явуулахгүй хөндөлсөөд байж. Тэгээд аргагүй эрхэнд уулзтал тэр хүн түүнийг олж хараагүй тул жолоочгүй машин явж байна гэж боджээ...

Анхны засал хийсэн тухай
Цавчдаг тухай нь асууя даа гэж санатал харин ашгүй Батсайхан ах:
—Үгүй чи чинь хөө, багадаа сүхддэг байсан гэл үү. Тэгэхэд ер нь хэдэн настай байв? гэж асуухад Пүрэвдорж хоолойгоо засаад хариулав: “Тиймэрхүү юм байсаан. 13-аас 16 насны хооронд юм уу даа. Олон хүн үүнийг асуудаг юм... Гэхдээ энүүхэндээ хэлэхэд одоо надад илүү хүч бий. Тэр үед олны итгэл үнэмшлээр болж байсан бол одоо системтэй, цэгцтэй болсон. Мөн хүн бүхнийг эдгээж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Зарим хүнийх цаг хугацааны хувьд холдоод, өвчин эсэргүүцэх чадваргүй болсон байдаг. Тэгээд ч ерөөл барилдлага гэж бий. Би Энэтхэгээс ирснээсээ хойш дөчөөд хүнийг 14-ийг нь сонгож бүрэн үр дүнтэй эмчилгээ хийсэн.”

“Өвчин, зовиуртай хүмүүс байнга цуваад бүр багтахаа байхаар жаахан хүүхэд чинь залхана, бүр ядарна шүү дээ. Тэгээд ‘Ерөөсөө эднийг нэг нэг цавчаад тараагаад явуулчихъя’ гэж бодоод Хөвсгөлөөс ирсэн хүмүүсийг гуйж сэлэм хийлгэлээ. Зургаан талтай лоомыг гал улайсгаж байгаад л нүдээд байсан. Мэргэжлийн хүмүүс биш болохоор бүдүүн баараг л юм байгаа юм чинь. Найгүй хүнд. Бариулыг нь тогны лентээр ороочихсон байж билээ. Тэгээд тэрийгээр тав зургаан мянган хүн цавчаад л хугалсан даа. Дараа нь авга ахаараа сэлэм хийлгэсэн. Гадна тал нь никелдсэн чигтэйхэн урлагын бүтээл хийж өгсөн. Уртаашаа 80 см, өргөөшөө 4.5 см, 3 кг орчим байсан байх.”

Пүрэвдорж хоёр сэлмээрээ 20 гаруй мянган хүн “цавчсан” гэнэ. Түүнийг 14-тэй байхад Бакула ринбүчи нутагт нь очиж уулзаад хадгаар сэлмийг нь ороож өгөөд явсан гэнэ. Тэр мөн ондоо арга заслууд ч хийдэг байж. Түргэний эмчээс дутахгүй хүмүүс очдог байсан бололтой. Сэлэмнээсээ салалгүй 23 нас хүрч. Балба явахаасаа өмнө Гүрдаваа ринбүчигийн бие муудахад ном уншиж, засал хийж өгсний дараа нь “Хүү минь наадах чинь миний дэрэн доор байж байг” гээд сэлмийг нь хураажээ.

“Сэлэм зааж өгсөн хүн бий юу?” гэж асуухад тэр “Байхгүй. Одоо бодоход үйлийн үртэй холбоотой юм болов уу. Үйлийн үр гэдэг маань өнгөрснөөс одоо, одоогоос ирээдүй рүү явж байгаа хүний хийсэн үйлдлийн үр дагавар. Хүний авьяас чадвар уламжлагддаг. Урьд олон төрөлдөө бясалгал хийж ном үзсэн хүмүүсийнх илүү хөгжсөн байдаг. Тэр нь хадгалагдаж байгаад шаардлагатай үед гарч ирдэг гэнэ лээ. Түүнтэй л холбоотой байх” гэж хариулсан. Тэгэхдээ Пүрэвдорж өөрийгөө хувилгаан биш гэлээ. Хувилгаан гэж хэлүүлэх ч дургүй янзтай юм. “Би чөлөөтэй баймаар байна” гэж тэр цухас дурдсан. Тиймээс ч олон хүүхэдтэй байх. Саяхан нутагтаа очсон чинь баахан хүүхдүүд нь тодорсон гэнэ. Нутгийн нэгэн гэдэг эгчмэд бүсгүй олон хүүхдүүд дагуулж ирээд “Энэ чиний хүүхдүүд шүү!” гэж хүмүүсийн өмнө шараа болгосон гэнэ. “Тэгсэн миний эмчилсэн хүүхдүүдийг тэгж хэлж байгаа байхгүй юу” гэж тэр биднийг инээлгэв.

Бурхан шашин ба мухар сүсгийн талаар

Ардчилсан хувьсгал ялахад естэй байсан жаалхүү суманд нь Сүсэгтний холбоо байгуулагдсаныг сайн санадаг аж. Аав, ээж, эмээ гурав нь гишүүн нь болоход тэр ч гэсэн лянхуан дээр дун байрлуулсан эмблемтэй үнэмлэх авах юмсан гэж хүссэн гэнэ. Тэр хүсэлдээ автсан уу, ямартаа ч Хүрээнд ном үзсэн, сүүлд нь багийн дарга, Ху намын гишүүн болсон Айдаа Дашлхүндэв гэдэг хүнээ анх ном заалгаж. “Өвлийн хүйтэнд малгай өмсдөггүй. Толгойноос нь уур савсаад л алхаж байдаг хүн байсан. Миний авьяасыг нээхэд энэ хүний нөлөө их байсан.”

“Хүмүүст засал хийхэд биенд чинь ямар нэг өөрчлөлт гарах уу?” гэж асуухад “Өөрчлөлт орно гэхэд хаашаа юм гэхдээ ядарна. Жаахан байхад Малжига Гэлхай гуай надад нэг тарни зааж өгсөн юм. Түүнийг нь засал хийхээс өмнө уншихад их хүчтэй болж байгаа нь мэдрэгддэг” гэж хариулав. Ер нь өөрөөс шалтгаалаагүй өвчин, алдаа оноо гэж байдаггүй гэнэ. Бурхан шашин бол шалга, нягтал, тэгээд итгэ гэдэг болохоор аливаа зүйлд сохроор итгэх буруу ажээ. Тэгээд мухар сүсгийн тухай ярив. “Аргаа барахаар л хүн мухар сүсэгтэй болдог байх. Үерт унасан хүн гар тааралдсан зүйлээ л атгаад авдаг шиг болов уу” гэж Пүрэвдорж хэлсэн... Нээрээ бодох нь ээ, манай нийгэм одоо үерийн ус шиг бужигнаж буй тул мухар сүсэг их дэлгэрсэн юм биш үү. Пүрэвдорж мухар сүсгээр олныг хуурч, хулхиддаг хүн биш санагдсан. Түүний тухай хүн итгэхэд бэрх олон яриа байдаг нь олон түмэнд амнаас аманд дамжин яригдсанаас бас болсон байх.

“Багадаа илэрсэн авьяас чадварыг өнгөрсөн ба одоо цагийн эрдэмтэн мэргэдийн номын шимээр бордоод, илүү хүчтэй, тэнхээтэй болгоод ард түмэндээ хүртээх юмсан” гэдэг зорилготой нэгэн залуу байдаг юм байна.

Чухам хэр хүчтэй “цавчдаг” байсныг нь тодруулсангүй. Та өөрөө уулзаад шалгаж мэдээрэй...

Sunday, 12 December 2010

Үнэт зүйлсийн хувьсал

Материаллаг хөгжил нүдэнд үзэгддэг, харин нүдэнд үзэгддэггүй хөгжил бол хүний хөгжил. Хүний хөгжил нийгмийн хөгжилд нэн чухал. Монгол Улс хүний хөгжлөө хурдасгах шаардлагатай.

Даяарчлал, дэлхийн хөгжлийн чиг хандлагаар бидний үзэл бодол, үнэт зүйлс хувьсаж байна. Нээлттэй нийгмийн ачаар бид хөгжингүй улсуудын соёл, хөгжилтэй танилцаж, мөн автаж байна. Олон янзын соёл, шашны нөлөөнд автаж буй нь өнөөгийн даяарчлагдсан дэлхий дахинд нийтлэг үзэгдэл агаад монголчуудын үнэт зүйлсийн хувьсал, өөрчлөлтийг судлах нь хүний хөгжлийг хурдасгахад дөхөмтэй. Үнэт зүйлсийн хувьсалыг судлахын тулд хамгаас түрүүнд өнөөгийн монголчуудын үнэт зүйлсийг үнэн бодитоор тодорхойлох ёстой. Тэгсэний дараа орчин цагтайгаа “хөл нийлүүлэн алхдаггүй” ухагдахуун, ойлголтуудаа ухамсартайгаар засаж сайжруулах мөн үндэстний онцлого, соёлын толбоо тодотгох боломж олдоно.

Монголчууд бид байгаль дэлхийгээ яаж арчлан хамгаалдаг; адуу малаа хэрхэн дээдэлдэг; төрийг юу гэж үздэг; шашин, сүсэг бишрэлийн тухай ямар ойлголттой байдаг; ямар хоол иддэг үү, юу гэж ойлгодог уу гэх мэтчилэн олон харилцааг шинжилснээр үнэт зүйлсээ тодорхойлж болмоор. Өөрөөр хэлбэл янз бүрийн харилцааны дэвсгэр дээр монгол хүний үнэт зүйлсийг зөв тодорхойлно.

Эхлээд монгол хүн байгаль дэлхийгээ хэрхэн дээдэлдэг вэ? Бусдаас ямар онцлоготой вэ? гэсэн асуултанд хариулъя. Нүүдэлчид байгаль орчноо байгаагаар нь байлгах л эрмэлзэлтэй. Тэд байгаль дэлхийгээ шүтэж, зохицон амьдрахыг эрхэмлэдэг болохоос өөрсдөө мод тарьж, цэцэг усалдаггүй байсан. Талхлагдсан газрыг орхин явах нь тэдний хувьд “экологийн тэнцвэрийг” хадгалж буй үйлдэл. Чухам энэ байгаль орчноо “байгаагаар нь байлгах”, “байснаар нь хадгалах” гэсэн эрмэлзлийг өнөөгийн бидний байгаль орчноо “арчлах арга” гэж болно. Ингэж бид орчин тойрноо “арчилдаг” учраас хот суурин газраа тохижуулж, мод зүлэг тарьж чаддаггүй. “Байгаагаараа байгаа” байгаль дэлхийгээ дээдэлдэг—хэрэв оролдох юм бол “оргинал” биш болчих учраас—монголчууд бид амьдарч буй орчноо гараараа бус сэтгэлээрээ л халамжилждаг тул хот суурин нь газар тохижилт муу, байгалийг нөхөн сэргээхдээ хойрго.

Одоо бид дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг дагаж буй тул цаашид ийм байж болохгүй. Байгаль орчноо “байгаагаар нь байлгах” гэж зөнд нь орхивол жинхэнэ байгалийн дайсан болно. Учир нь, байгаль дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн XXI зуунд “байгаагаар нь байлгаад” гараа хамхин суух биш, харин арчилж тордон, засаж янзлан, амьдрах орчноо нарийн тооцоотой бүрдүүлэх гарцаагүй шаардлагатай агаад хэрэв хүн ухамсартайгаар амьдрах орчноо тордохгүй бол хүссэн хүсээгүй байгалийг сүйтгэгч болно. Энэ утгаараа XXI зууны хөгжилд хөтлөгдсөн хүн гэдэг амьтныг “байгаль дэлхийг сүйтгэгч” гэж нэрлэж болно. Энэ өнцгөөс харвал хүн байгаль орчноо зөв арчилж сурна. Жишээ нь, байгальдаа ээлтэй амьдардаг гэж бидний үздэг хөдөөгийн малчныг аваад үзье л дээ. Өнгөц бодоход малчин байгальд хор хөнөөлгүй амьдарч буй мэт боловч түүний наад захын хэрэгцээ үүнийг үгүйсгэнэ. Архи, ундааны шилэн ба хуванцар сав суулга, гялгар уут, дамска, кондоом гээд л олон юмс дэлхий ээжийн хөрсөнд амархан шингэдэггүй. Ухамсартай нь газар булаад хаячихдаг бол залхуу нэг нь салхи дагуулаад чулуудсанаас болж уудаг усных нь гол горхиор эд бүгд ил задгай хөвөхөд хөдөөнийхөн “Урсгал ус 100 метртээ цэвэршдэг” гэж номолчихоод зөнд нь орхидог. Зарим нь машин тэргээр мал сүргээ бэлчээж газрын хөрсийг улам гэмтээдэг. Гэхдээ тэглээ гээд үндэсний баялаг болсон мал сүргийг өсгөж, маллаж байгаа малчныг шүүмжлэх утгагүй. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага Монголд нөлөөлж буйн нэг илрэл энэ юм.

Хэрэв бид байгаль орчноо зөнд нь орхиж шүтдэг бол харин малаа дээдэлсэн шиг дээдэлж, эдэлсэн шиг эдэлж, идсэн шиг иддэг ард түмэн. Учиргүй хайртай дуртай гээд үнсэж үнгэхгүй ч цаагуураа малтайгаа ижилсдэг, малаасаа суралцдаг улс. Монголчууд “малынхаа буяныг” санаж хот, суурин газар байгуулдаг гэж хэлж болно. Ганцхан жишээ татъя: Нэгэн амралтын газрын сараалжин төмөр хашааны үүд нээж, хаадаг хаалгагүй ч голоороо төмрөөр холбогдож мал орохоос сэргийлдэг. Тэр хаалгаар орж гарах гэсэн хүмүүс хаалганы голоор татсан ороомог төмөр дээгүүр давдаг. Нэг өдөр нэг настай хүн давах гэж байгаад хөлөө хугалсан. “Яагаад жирийн нээж, хаадаг хаалга хийж болоогүй юм бэ?” гэж асуухад “Хүмүүс тэсгээдэггүй юмаа” гэж нэг ажилтан нь хариулж байсан... Эндээс малаа дээдэлсэн улс малтайгаа ижилсүүлээд хүн шиг амьдрах нөхцлөө бүрдүүлж чаддаггүй юм байна гэж дүгнэж болохоор байгаа биз.

Мал дээдэлсэн соёл хүнийг малтай ижилсүүлээд хүн шиг амьдрах нөхцлийг бүрдүүлдэггүйгээс гадна хүмүүсийн зөв боловсон харилцааг хөгжүүлдэггүй ажээ. Олон монголчууд нэг дор цуглахаараа аав ээж, газар нутгаа үгүйлэн дуулдаг өрөвч зөөлөн сэтгэлтэй ард түмэн гэхээсээ ташуурын амтыг үгүйлсэн адгуус мал мэт санагддаг. Аав ээж, хамаатан садан, ахан дүүс, найз нөхөд биш л бол бид нэг нэгнээ мал шиг үздэг, бусдыгаа хайхарч, санаа зовдоггүй, хорон санаатайг Улаанбаатарын гудамж талбайд хаа сайгүй ангайж, онгойж байдаг олон нүх гэрчилнэ. Монголоос өөр газар бол “Энд чинь хүн унана шүү дээ?” гэж боддог бол манайд “Өөрөө л унаагүй бол боллоо” гээд тийм л байх ёстой мэт хажуугаар нь өнгөрөөд алхдаг.

Өөрөөсөө бусад хүнийг малаас ч дор үздэгийг зөвхөн эд хөрөнгө, гадаад үзэмжээ сайжруулснаар засаж янзлахгүй. Сэтгэлийн засал хийснээр хүн хүнээ дээдлэх чанарыг олно. Ер нь хүн хүнээ хүн ёсоор хайхарч, анзаардаггүй нь бидний сүсэг бишрэлтэй бас холбоотой. Шашныг хар тамхи гэдэг ойлголт нийгэмд хүчтэй түгсэнээс “заримдаг үнэт зүйлс” ч бий болсон. Хамгийн аюултай нь энэ “заримдаг үнэт зүйлсээ” монгол хүний төрөлхийн араншин гэж ойлгодог. Жишээ нь, дээрэнгүй, эзэрхэг занг монгол хүний цусанд шингэсэн гэж үздэг. Түүнийгээ “Чингисийн цустай учраас бид омголон, хүний доор ордоггүй эзэрхэг зантай” гэж бардамнан ярьцгаадаг. Хэрэв тийм бол төр барилцаж буй улстөрчид ард иргэдийнхээ үгийг тоохгүй, хувиа хичээдгийг буруутгах аргагүй. Хөгжил, дэвшлийг ч хүсэх утга учиргүй болно.

Үнэндээ бол дээрэнгүй, эзэрхэг монголчууд олширсон нь манай нийтийн соёлын нэг илрэл болохоос монгол хүний цусанд шингэсэн чанар гэж ойлгох буруу. Эрүүл сүсэг бишрэл дутагдснаас бид “би”-гээ хазааргүй томруулжээ. Социализмын бялдууч нийгэмд олон жил нухлагдаад, одоо 20 жил “аяганы амсар зуух гэж нүдээ зоос болтол” тэмцэхдээ нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж, хүн бүхэн эзэн болох гэж хувиа борлуулж, довоо шарлуулжээ. Уг нь хүн бүхэн хувиа борлуулж, довоо шарлуулаад байвал нийгэм хөгжинө гэдэг ч Монголд нийтийн ба хувийн эрх ашиг хоёр “зөв зохистой гагнагдаагүй” байна. Гэр орон нь сайхан байлаа ч, гадаад орчин, байшин, орц нь хүн аймаар байх нь нийтлэг. Үүнийг “гагнадаг” нь эрүүл сүсэг бишрэл ажээ. Жишээ нь бид ойр дотны хүн маань хорвоогийн мөнх бусыг үзвэл сайхан сэтгэлээрээ бусдыг дайлж цайлж, цагаалга хийдэг. Бусдад буян үйлддэг. Сүм хийдэд очиж ном уншуулахаас гадна талийгаачийн гэгээн зориулж хүрд барьдаг: Өмнөговь аймгийн Даланзадгадын хийдэд аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулж бариулсан олон хүрд байна лээ. Англи Улсад ч мөн ийм байдаг юм байна. Тэд талийгаач нэгнийхээ гэгээн дурсгалд зориулж гудамжиндаа модон сандал өөрсдөө санхүүжүүлж бариулдаг уламжлалтай ажээ. Түшлэгэндээ хэн нэгний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн төмөр пайзтай эдгээр сандал эрүүл сүсэг бишрэлийн нэг илрэл. Бид ч мөн эндээс суралцаж зөвхөн сүм хийдэд биш харин хот суурин газраа хүмүүст хэрэгтэй зүйлийг талийж өнгөрсөн нэгнийхээ дурсгалд зориулж бариулж занших нь жинхэнэ буян бөгөөд бусад ч үүнд хүндэтгэлтэй хандаж нийгэмд бүлээн дулаан уур амьсгал буй болно.

Хэрэв ийм маягаар л хувийн ба нийтийн эрх ашиг хоёрыг “зөв зохистой гагнахгүй” бол хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг адгуусны нийгэмд бид амьдарна. Ийм нийгэмд хүний итгэл үнэмшил хөсөрдөнө. Хөсөрдсөн итгэл үнэмшлээс энэ насандаа л идэж ууж, жаргая гэсэн хувиа хичээсэн шунаг сэтгэл үүснэ. Энэ шунаг сэтгэл л бусдын эрх ашгийг зажлахгүй залгина. Бусдын эрх ашгийг зажлахгүй залгисан шунаг сэтгэл “би”-г ялзартал нь хөөлгөнө. Монголчууд өөрсдийгөө тэнгэрт гартал магтасаар ханахгүй халуураад “хөөрхий муу” Чингисийг золиослож, сүүлдээ бүр дэлхийн хамгийн жижигхэн онгоцны буудлыг дэлхийн хамгийн аугаа жанжины нэрээр нэрлээд алдар цууг нь “дэлбэртэл үлээсэн шаар шиг шалзанд хаячихаж” байгаа нь үүний ганцхан жишээ. Гэтэл энэ нэрээр хамаагүй тоглож болмооргүйсэн! Чоныг хүртэл хийморьтой гэж дээдлээд нэрийг нь хэлэхийг цээрлэдэг атлаа Ардчиллаар далимдуулж эзний нэрээр өөрсдийг дэндүү “сурталчлав”.

Чингис хаан бол Монголын тулгар төрийг байгуулсан аргагүй гавьяатай хүн. Тухайн үед төр ба иргэний харилцаа өнөөгийнх шиг байсангүй. Төрийг хэт шүтэж, төрийн төлөө энгийн номхон ардыг золиосолдог байсан нь өнөөгийн бидний Үндсэн хуулиндаа тунхагласан шиг “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэснээс ондоо. Өдгөө төр ба иргэний харилцаа өөрчлөгдөн хувьсаж байна. “Хүн рүү чиглэсэн бодлого баримтлана” хэмээн төр засаг, улстөрийн намууд үзэл баримтлалаа тодорхойлж буй нь үүний нэг жишээ. Төр засгаас эгэл иргэдээ анзаарсан бодлого хэрэгжүүлэхэд иргэд ч өөрсдөө их үүрэг гүйцэтгэх учиртай. Хүний хөгжлийг хурдасгах нь төр ба иргэний харилцаа шинэ түвшинд хөгжихөд чухал хүчин зүйлс болно...

Үнэт зүйлсээ зөв тодорхойлж хоцрогдсон ухагдахуун, ойлголтоо засаж залуурах нь хөгжлийг хурдасгана. Жишээлбэл, xатуу хүтүүг давах тэсвэр хатуужилтай нүүдэлчдийн “Хоёр чихнээс хойш хоол”, “Хоолой давбал хоол” гэдэг хоол ундны тухай ойлголтыг өөрчлөлж, орчин цагийнхаа жишгээр монголчууд эрүүл хоол хүнс хэрэглэж байхгүй бол бусад улсын шиг эрүүл энх урт удаан наслаж чадахгүй. Гэхдээ ардчилсан нээлттэй нийгэмд үнэт зүйлсийн өөрчлөлт, хувьслыг “дарангуйлалын аргаар” засаж залруулж болдоггүй байх. Ямартаа ч анзаарах нь чухал. Тэгсэн цагт олон хүчирхэг соёлын нөлөөнд автан буй үнэт зүйлсийн далд тэмцэлд ухамсартайгаар оролцох боломж олдоно. Учир нь тусгаар улсын хувьд бидэнд хамгаалах ёстой үнэт зүйлс ч бий.

Saturday, 11 December 2010

ТАЧААДСАН ЖУУЛЧДЫГ ЯАХ УУ, ТАМИНЬ?

Зүүн Хойд Ази, Солонгосод хамааралтай мэдээ мэдээллийг голчлон цацдаг нэг вэбсайтад Монгол, Узбекстан хоёрт секс туризм хийдэг солонгосчууд эх орныхоо нэр хүндийг унагаж байна гэжээ. Тэнд мэдээлснээр өмнөд солонгос эрчүүд “сэрлийн үйлчилгээ” амсахаар эх орон руу маань цувах нь ихсэж. Улаанбаатарт 2002 онд анхны солонгос эзэнтэй караоке баар байгуулагдсан бол одоо 50 гаруй болсон гэнэ. Монголд амьдардаг 35 настай солонгос бизнесмений хэлснээр бол “Монголд ирсэн эрэгтэй жуулчдын зорилго тодорхой учраас баарнууд мэдэгдэхүйц нэмэгдсэн” аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй жуулчдын хөтөч монгол бүсгүй “Бүхий л насны эрчүүдийн 70 хувь нь янхан худалдаж авдаг” гэжээ.
70 настай өвгөн 20 настай охиныг дагуулаад хангалзаж явдаг гэж Монголд амьдардаг зарим солонгосчууд бусдыгаа матснаас гадна өөрийгөө Паак гэж танилцуулсан бүсгүй “Манай эрчүүд энд маш муухай ааш авир гаргадаг. Жишээ нь 70 гаруй настай нэг эр явалддаг монгол хүүхнээ жирэмсэн болохоор нь хаяад зугтчихсан” гэж ховолжээ.
Монгол дахь Өмнөд Солонгосын ЭСЯ солонгосын секс туризм дэлгэрсэнд санаа зовж “Секс туризм Өмнөд Солонгосын нэр хүндийг унагаж байна” гэж. Сэрлийн үйлчилгээгээр үйлчлүүлдэг солонгосчууд монголчуудын дургүйцлийг хүргэдэгт тэд мөн санаа зовж буй аж. Сүүлийн жилүүдэд солонгос жуулчдын эсрэг гэмт хэргүүд ихэссэн гэж 3 жил энд амьдарсан нэг солонгос хэлсэн байна.
Бидний сайн мэдэх Узбекстан ч мөн ийм байдалтай байна. Тэнд солонгосчуудыг дагаад япончууд ч секс туризм хийх нь ихэссэн гэнэ. Сүүлийн 5 жилд хорь гаруй олон ангит солонгос кино телевизийн сувгуудаар гарсныг бодоход манай Дунд Азийн андууд маниусаас ч дутахгүй тэдний соёлоос суралцаж байгаа аж. 21 настай оюутан охин “Хоёр жилийн өмнө намайг их сургуульд солонгос хэл сурахад оюутнууд цөөхөн байсан. Гэтэл одоо хоёр ангид 60 гаруй оюутан суралцаж байна. Сүүлийн жилүүдэд солонгосын олон ангит кинонууд нийгэм, соёлыг нь бидэнд нээсэн” гэж хэлжээ. Энэ узбек охиныг найзууд нь “солонгос охин” гэж дууддагт тэрбээр бахархдаг гэнэ.
Харин ирээдүйд “солонгос охин” гэж дуудуулах Узбекстанд давхар утгатай болох янзтай. Арван жилийн өмнө солонгос маягийн ганцхан янхны салон байсан бол харин одоо борооны дараах мөөг шиг олширжээ. “Асе”, "CNN," "The White House” гэх мэт нэртэй салонуудад өдөр нь гольф, шөнө нь сексээр үйлчилдэг багц үйлчилгээ 300 гаруй ам.долларын үнэтэй ажээ.
“2003 онд сардаа 10-15 солонгос Узбекстанд ирдэг байсан бол одоо 300 гаруй жуулчин ирдэг болсон” гэж нэг жуулчдын хөтөч ярьсан байна. Түүний хэлснээр бол солонгосчууд онгоцноос буугаад л “салонд очъё”, “салонд очъё” гэдэг гэнэ. Гэтэл Узбекстанд янхандах хууль бус бөгөөд нийт хүний амынх нь 88 хувь Лалын шашинтай билээ.
Нэг солонгос бизнесмен “Солонгосийн имиж дээсэн дөрөөн дээр тогтож байна. Узбект ирсэн солонгос эрчүүдээс секс сонирхоогүй хүн олдохгүй” хэмээн халаглан хэлж. Харин Ташкент дахь хувийн солонгос сургуулийн захирал Хео Сёон-хаеинг эх орон нэгтнээсээ болж эвгүй байдалд оржээ. Тавин хэдэн настай солонгос бизнесмен сургууль дээр нь ирээд түүнтэй уулзахдаа хоёр оюунтан охинтой танилцуулахыг хүсээд танилцжээ. Гэтэл тэр этгээд сүүлд нь охидыг татаж, чангаан захирлыг нүүрээ хийх газаргүй болгосон гэнэ.

Ямартаа ч солонгосын секс жуулчид эх орныхоо нэр хүндийг унагаж, Солонгосын эсрэг үзэл бодлыг хөөргөдөх вий гэж эх орон нэгтнүүд нь эмээхээс гадна эдийн засгийн өсрөнгүй хөгжлийн ачаар хүчирхэгжсэн солонгосын соёлын давалгааны “муухай царай” илэрч буйд сэтгэл зовнидог бололтой. (Солонгосын соёлын давалгаа буюу “hallyu” гэж тэд өөрсдөө нэрлэдэг.) Чунганг их сургуулийн социологийн профессор Ли На-яанг “Эмэгтэй хүнийг зугаацах хэрэгсэл гэж үздэг солонгос эрчүүдийн үзэл бодол, соёлыг үндсээр нь өөрчлөх ёстой” гэж хэлжээ. Хэрэв түүний үгийг ухаж тунгаавал Солонгос, Монгол хоёрын үнэт зүйлсийн ялгааг харна. Бид өнгөц харахад адилхан боловч соёл, үнэт зүйлсийн хувьд ихээхэн ялгаатай хоёр ард түмэн.

Интеграцийн үр дагавар
Монголд аль эртнээс л янхны ард урд зүгийн хүмүүс байдаг учир нь ерөөсөө эд манайхаас заваан, балиартаа биш харин тэд эмэгтэй хүнийг—Күнзийн сургаал ёсоор—эрэгтэй хүний “хэрэгсэл” мэт үздэгт бий. (Хятадын Күнзийн сургаал бол солонгосын нийгэм, соёлын амин сүнс.) Тэр утгаараа солонгосчууд Монголд янхны бизнесийг хөгжүүлэхэд “их хувь нэмэр оруулсан” байх. Монгол эрчүүдийн хувьд бол эмэгтэй хүнийг эх хүн талаас нь илүү харч, хүндэлдэг. Заримдаа ч бүр хэтэрчихээрээ “аав, ээжийгээ л хүсэж, мөрөөдөн” дуулж хуурдан, архидаж наргиад хань ижлээ мартчихдаг гэмтэй. Тэгэхээр монгол эрчүүд эмэгтэйчүүдийг эр эмийн явдлын зэмсэг гэж арай “бага дозоор” боддог бололтой: энэ ялгаа секс туризм хийдэг солонгосчуудыг манайхан хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад нөлөөлсөн нь гарцаагүй.

Гэхдээ солонгосын секс туризм Монголд хөгжсөн хүчин зүйлсийг хэрэв сайтар эргэцүүлвэл бид өөрсдөө “ачийг ачаар хариулах” гэж байгаад эсвэл мөнгийг нь “саах” гэж байгаад тэднийг “амтшуулчихсан” байх магадлалтай. Бараг хориод жилийн өмнөөс л бид бүгдээрээ шахам Солонгос руу хошуурч “өвөрт нь орчихсон” биз дээ. Тэгснийхээ хүчинд ч олон хүн амьдрал ахуйгаа сайжруулж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулсан. Зөвхөн Солонгост ч биш мөн Японд хараар ажилладаг монголчуудын сайн эзнээ баярлуулдаг хамгийн том бэлэг нь нутагтаа амраах. Эх орондоо эзнээ авчирч өдөржин, шөнөжин шоудуулсан олон залуучууд бий. Энэ бол түгээмэл үзэгдэл. Ерөөсөө энэ Зүүн Хойд Азийн улсууд монгол ажилчидтай дотно харилцаа үүсгэдэг бололтой. Мэдээж энэ бол манайд секс туризм хөгжсөн цорын ганц шалтгаан биш л дээ. Манай хүүхнүүд харьцангуй хямд, эрээ цээргүй задгай, үйлчилгээ сайтай гээд л өөр олон шалтгаантай. Үүнд манай улс Зүүн Хойд Азийн интеграцид хамрагдах гэж зүтгэсэн маань ч нөлөөлсөн.

Эдийн засгийн интеграцид хамрагдана гэдэг бол зөвхөн эд материал, мөнгө төгрөгний солилцоо биш бас амьд хүний “солилцоог” бас хэлдэг. Ажилчид бүс нутгийнхаа хаана ч чөлөөтэй ажилладаг, хүссэн хүн дуртай газраараа аялж, амьдрах эрх чөлөөтэй бас ижил үнэт зүйлс, соёлтой байхыг ч хэлнэ. Тэр утгаараа солонгос, японы секс туризм Монголд дэлгэрсэн нь бүс нутгийн интеграцид сайн хамрагдаж байгаагийн илрэл. 2008 онд Ерөнхий сайд С.Баяр Солонгост очоод “Монгол Улс өдгөө эдийн засаг, улс төрийн хувьд эргэлт буцалтгүйгээр Зүүн Хойд Азийн орон болжээ” гэсэн. Харин 2006 онд Өмнөд Солонгос, Монгол хоёр хөрш орнууд болсон! Солонгосын БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён Монголд төрийн айлчлал хийсний дараа Монгол Улсын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргахдаа “Хоёр орон Зүүн Хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа ‘Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл’-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров” гэсэн билээ. (Өмнөд Солонгос манай хөрш болсоныг та мэдсэн үү?)

Тэгэхээр бүс нутгийн интеграцид орж бүхий л салбарт хамтран ажиллана гэчихсэн “гурав дахь хөршийн” “болдоггүй” эрчүүдийг бүсгүйчүүдээ харамлаад хөөж туугаад байх нь хаашаа ч юм бэ. Тэгэхгүй гэхээр биеэ үнэлэгч худалдан авч хууль зөрчиж байгааг нь чимээгүй өнгөрөөх ч хаашаа юм... Гэхдээ одоо чимээгүй өнгөрөөхөөс өөр арга бий юу? Баахан монголчууд Өмнөд Солонгост хууль дүрмийг зөрчиж хараар ажиллаж байхад бидэнд өөр ямар арга байна.

Хэрэв сайн анзаарвал гадаадын жуулчдын мөнгийг хамгийн их “сэгсэрдэг” хүмүүс бол бүсгүйчүүд. Тэд байхгүй бол манай онгон дагшин байгалийг үзэх гэж бартаатай замаар сэгсчүүлэн давхих жуулчдын тоо ч багасаж мэднэ. Бид чинь аялал жуулчлалыг тэргүүлэх салбарын нэг болгоно гэж олон жил ярьсан. Тэр утгаараа секс туризм хийдэг гадаадынхан манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний гадаад валютыг авчирдаг. Наад зах онгоцны билет, зочид буудал, хэлмэрч, таксины жолооч гээд л... Зөвхөн жуулчид ч биш хөрөнгө оруулагчид ч гэсэн Монголд ирэх нь багасах магадлалтай. Хэдхэн жилийн өмнө японы парламентийн гишүүн, нөлөө бүхий 3 компаний захирлууд манай түүхий эдийг сонирхож, хөрөнгө оруулах боломжийг судлан Монголд ирэхдээ шөнө оройн цагаар зөвхөн хүүхэн хайж, баар сав хэсдэг байсан гэж тэдэнд хэлмэрчилсэн нэг монгол залуу ярьсан. Түүний хэлснээр бол монголын ямар ч том сайд, дарга оройн зоогонд тэднийг урихад “Завгүй уучлаарай” гэж тэд эелдэг хариулдаг байжээ. Мөн ерээд онд хориод эрүү өвдөг нь нийлчихсэн шахам японы жуулчдыг авчирсан манай нэг зочид буудлын захирал тэдний хүсэлт шахалтаар гурван хүүхэн олж өгч амыг нь тагласан гэж ярьсан. “Хэрэв чи хүүхэн олж өгөхгүй бол бид танайхаар дахиж үйлчлүүлэхгүй, танай үйлчилгээ муу гэж бусдад хэлнэ” гэсэн утгатай “тулган шаардах бичиг” түүнд барьсан гэсэн. Тэр бичигтээ бүгдээрээ гарын үсгээ зурчихсан гэж байгаа... Ингээд яриад байвал солонгос, японы жуулчдын сексийн зуршлын талаар олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ бусад ямар байх нь хамаагүй, харин бид тэдэнтэй яаж харилцах вэ? гэдэг л юунаас ч илүү чухал. Бүгдийг нь хөөгөөд явуулах бүтэхгүй. Бүх хүүхнүүддээ төмөр дотоож углах утгагүй. Эсвэл ирснийг нь засаад буцаах үлгэр. Тэднийг хүмүүжүүлнэ гэдэг мөрөөдөл. Тэгээд яах вэ? Бид “интеграци-лагдах” гээд байгаа эрчүүд гаж гэмээр сексийн зуршилтай юм байна. Японд одоо нийтийн тээврийн унаа тэргэнд охид бүсгүйчүүдийг “баздаг” эрчүүдийн өвчин тахал мэт тархаж тэнд толгойны өвчин болсон гэнэ. Хориод жил өвөр түрүүндээ орсных одоо л бид тэднийг хагас хугас гадарлаж эхэллээ. (Энэ дашрамд, эрчүүддээ сонордуулахад секс туризм хийхээр гадаадын хүүхнүүд мэр сэр ирдэг болжээ. Тэд эзэн Чингисийн имижид “хорхойсон” хотын цэмцгэр эрчүүдийг бус хөдөөний малчдыг ихэнхдээ сонирхдог гэнэ.)

Эмсийн хүрээлэнг зөвшөөрье
Үнэндээ, зөвхөн гадаадынхан гэлтгүй монгол эрчүүд ч гэсэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг. Монголд одоо хуультай хуульгүй, хориотой хориогүй цэцэглэж буй бизнес бол янхны бизнес. Энэ бизнесийн эрэлт, нийлүүлэлт нь “гадаадын тусламжгүйгээр” ч таарч зохицоно. Бид хүссэн хүсээгүй Монголд янхан байсан, байгаа, байх ч болно. Хэчнээн бид хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч янхандалтыг зогсоож чадахгүй. Тийм болохоор энэ эмзэг асуудлыг илэн далангүй хэлэлцэж шийдэх учиртай. Аливаа сөрөг үзэгдлийг үл хайхран эсвэл нухчин дарвал улам л хараа хяналтаасаа алдан, хаана юу болж буйг мэдэхээ байж, угжруулан халиулна. Тэгэхээр биеэ үнэлэгчдийг хуультай, ёс суртахууны хэмжүүртэй, үүрэг хариуцлагатай болговол ажлын байр ч албан ёсоор нэмэгдэнэ, төсөвт ч орлого орно.

Шударга хэлэхэд одоо хуульчилвал яасан юм бэ? Биеэ үнэлэгчдийг өсгөж, ихэсгэхийн тулд биш хараа хяналтандаа байлгаж, зөв зохион байгуулалтанд оруулж, цэгцлэхийн тулд хуульчилж яагаад болохгүй гэж. Танд эвгүй санагдаж магадгүй, гэхдээ өөр арга байна уу? Хүчээр нухчин дарах гэж оролдвол нийгэмдээ хүчирхийллийг гааруулах юм биш үү? Зарим залуус биеэ үнэлсэн гэх охид бүсгүйчүүдийн үсийг нь хусаж, айлгаж дарамталсан байдаг нь хүний эрхийг бүдүүлэг зөрчсөн явдал биш гэж үү. Өндөр хөгжилтэй орнуудад доромжлуулж, дээрэлхүүлсэн монгол хүүхнүүд очоод цагаачлахад тэдэнд хамгийн түрүүнд амьдрах эрхийг нь олгодог нь нэгийг хэлээд байна. Хэрэв төр засаг нь биеэ үнэлэхийн хуульчилвал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүний эрх зөрчигдөх нь багасана. Бид чинь Үндсэн хуулиндаа “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж тунхагласан шүү дээ. Хэрэв хуульчилвал хүний эрх хангагдана бас залуучууд хэрцгий садист ааш авир гаргалгүй эр эмийн явдлын тухай боловсрол мэдлэгтэй болно. Сүүлийн үед манайд бага насны охидыг хүчирхийлэх хэрэг их гарах болжээ. Нийслэлийн ЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагчын ярьснаар бол энэ онд хүчингийн гэмт хэргийн 129 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь бага насны хүүхэд хохирсон аж.

Биеэ үнэлэхийг хуульчилвал энэ явдлыг хумхих боломж олдоно. Хаа хамаагүй охид бүсгүйчүүд энэ бизнест хамрагдаж чадахгүй шахагдаж, зөвхөн мэргэжлийн хүмүүс үйл ажиллагааг явуулахаас гадна нуугдаж, бултдаг хүүхнүүдийг бүртгэх, хянах хялбар болно. Тэгснээр бага насны охидыг биеэ үнэлэхээс сэргийлж, насанд хүрсэн биеэ үнэлэгчдийн эрүүл мэндийг байнга шалгаснаар бэлгийн замын халдварт өвчнийг бууруулж чадах байх. Одоо бидэнд чинь юмханаар юм хийчихдэг, юугаар ч хамаагүй ажил болгочихдог авьяас л хэрэгтэй байна. Энэ хамтарсан Засгийн газрын тэргүүн зорилго бол хүн бүрийг ажилтай болгох билээ.

Бид хүн төрөлхтний хамгийн анхны мэргэжлийг хуульчилвал биеэ үнэлэх явдлыг хавтгайруулахгүй, бусад салбаруудад ч орлого орно, эрүүл орчин бүрдэхийг дахин эс дурдаад нэгэн зүйлийг хэлэхэд: Ядуу буурай Монгол Улс Зүүн Хойд Азийн соёлын довтолгоонд бултах гарцгүй өртлөө. Манайд дэлгэрч буй секс туризм бол энэ соёлын довтолгооны хар бараан сүүдэртэй тал. Манай жижиг улс энэ соёлын давалгаанд нүдээ аниад биш, нүдээ том нээгээд автаж чадвал л дээдийн заяа. Тэгсэн цагт л бид зарим амин чухал үнэт зүйлсээ туугаад тавьчихгүйхэн шиг гэгээн ирээдүйтэй золгоно. “Амташсан хэрээ долоо дахина” гэдэг шиг одоо гадаадын секс жуулчдыг “атомын бөмбөгөөр” л айлгахгүй бол хориглож барахгүй. Харин энэ асуудлыг ил тод, илэн далангүй хэлэлцсэнээр бага насны хүүхдүүдийг биеэ үнэлүүлэх, хар тамхи хэрэглэх, гэмт хэргийн зохион байгуулалтанд орох зэрэг сөрөг үр дагаврыг нь устгах боломж илүү олдоно.

Wednesday, 1 December 2010

“ГҮРГЭР” ТӨСӨВ ДАЛД САНАА АГУУЛААГҮЙ БИЗ?

2011 оны улсын төсөв шүүмжлэл, эсэргүүцлийг үл тоон “гүрийсээр” өнгөрсөн долоон хоногт батлагдлаа. Дэлхийн банк “голланд өвчнөөр” айлгаад, инфляциар эмээлгээд ч засал аваагүй энэ төсвөөрөө Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид, ажиглагчдын өмнө ёстой л нөгөө “магтсан хүүхэн хуриман дээрээ унгана” гэгч боллоо. Хамтарсан Засгийн газрыг чухам л хэлэх үгээ олж ядан магтаж байсан тэд харин өнөөдөр “Юу болчихов оо?” гэсэн аятай тээнэгэлзэж байна.

Энэ сарын эхээр Монголд ирээд буцсан Ситигруппийн (Citigroup) Лондон дахь салбарын дэд захирал Филип Беннетт Монголбанканд сэтгүүлчидтэй уулзахдаа “Өнгөрсөн 18 сарын хугацаанд энэ Засгийн газар маш итгэл найдвар төрүүлэхээр ажилласан. Шударга хэлэхэд урьд нь ийм байгаагүй юм шүү. Миний уулзсан бүх хүмүүс монголчууд хэрхэн эдийн засгаа авч явсныг магтаж, танай ирээдүйг их өөдрөг харж байна... Танай Засгийн газар Олон улсын Валютын Сантай маш сайн хамтран ажилласан... Дахин хэлэхэд хамтарсан Засгийн газар сахилга баттайгаар амалснаа биелүүлж, бүх зорилтууддаа хүрсэн нь дэлхийн зах зээлд ойшоогдох үнэхээр том үзүүлт юм шүү!” гэж ирээд л баахан магтсансан. Сонсож суусан миний “монгол омогшил” бадарсныг нуугаад яах вэ. Ноён Беннеттод бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” баталсан нь хөрөнгө оруулагчдад манай улс сонгосон замаасаа хазайхгүй, сангийн сахилга батыг чанд сахина гэдэг итгэл төрүүлсэн гэнэ. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган ч гэсэн “Энэ Засгийн газрын гол амжилт бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” гэж хэлсэн билээ.

Гол амжилтыг "үгүйсгэсэн" төсвийн талаар ноён Пармешвар Рамлоганы сэтгэгдлийн сонсохоор албан өрөөнд нь би уулзсан юм. Түүнийг болгоомжтой үгээ зөөн, намуухан ярьж байхад өөрсдөө гаргасан хуулиа зөрчдөг улсаас ихэд ичсэнээ нуугаад яах вэ. Үгүй нээрээ, баталсан хуулиа өөрсдөө зөрчдөг ямар улс байна аа. Дэлхийн банкны 2011 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээгээр бол манай төсөв “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-нд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг тогтоон барих зэрэг төсвийн удирдлагын зарчмуудтай зөрчилдсөнөөс гадна хуулиараа нийцэх ёстой гэж баталсан “Төсвийн Дунд Хугацааны Мэдэгдэлтэй” (ТДХМ) нийцээгүй ажээ.

Пармешвар Рамлоган ч мөн үүнтэй санал нэг байна. Бид 2011 оны төсөв “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль зөрчсөнд санаа зовж байна. Яагаад гэвэл төсөв ТДХМ-тэй нийцэхгүй байна. Уг нь нийцсэн байх учиртай. Засгийн газар гаргасан хуулиа сахих хэрэгтэй гэж тэр хэлсэн.

Өнгөрсөн жилийн 6 дугаар сард батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн гол зорилго бол санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Харин Засгийн газар энэ хуулиа зөрчсөн нь урьдах он жилүүд шигээ төсвийн орлого нэмэгдэхэд замбараагүй үрж инфляцийн дарамтыг ихэсгэдэг байдалд эргээд орчих магадлалтай ажээ. Дээш доош, унаж боссон хэлбэлзэлтэй эдийн засгийн байдлаас гарахын тулд Засгийн газар төсвийн орлого ихтэй үед тодорхой хэмжээг нь цааш нь хадгалах хэрэгтэй. Тэгээд зэсийн үнэ буурлаа гэхэд Засгийн газрын зардлаа эрс багасгалгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байх ажээ. Үүнийг л санхүү, мөнгөний бодлогын тогтвортой байдал гэдэг бололтой. Гэтэл ирэх жилийн төсөв Пармешвар Рамлоганы хэлснээр бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн амин сүнсийг зөрчсөн” ажээ. Тэрээр манай Засгийн газар дээрх хуулийг хэрэгжүүлэхэд маш их анхаарах ёстойг олон хэлж байв. Хэрэв бид “Төсвийн тогтвортой байдлыг тухай хууль”-ийг хэрэгжүүлэхгүй бол урьдах жилүүдийнх шигээ сангийн бодлого замбараагүй болох ажээ.

“Ирэх жилийн төсөв 2010 оныхоос дордож байна уу?” гэж асуухад “2011 оны төсвийн байдал энэ жилийнхээс ч дордох төлөвтэй. Яагаад гэвэл сая Парламент баталсан төсөвт дефицит их хэмжээгээр өсөж, зардал их нэмэгдсэн нь инфляцийг огцом хөөрөгдөхөөр байна. Яг одоо монголын эдийн засагт инфляци тодорхой хэмжээнд их байгаа. 10 дугаар сарын сүүлээр инфляци 11 хувь болсон нь инфляци хөөрөгдөж эхэлснийх... Тэгээд бид инфляцийн дарамт ирэх жилийн төсвөөс болж улам ихсэнэ гэж тооцоолж байна” гэж тэр хариуллаа.

“Үнэхээр хамтарсан Засгийн газар сайн ажиллаж байсан уу?” гэж асуухад “ОУВС-гийн ‘Stand by’ хөтөлбөр бараг хоёр сарын өмнө дууссан нэг шалтгаан бол хамтарсан Засгийн газар сайн ажиллаж байсных… Энэ хугацаанд Засгийн газар сангийн маш сайн сахилга батыг харуулсан. Тиймээс ч манай хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Дахин хэлэхэд хөтөлбөр амжилттай хэрэгжсэний гол шалтгаан нь Засгийн газар сангийн сахилга батыг сахисанд байгаа юм. Бид цаашдаа ч ийм байна гэж найдаж байгаа” гэж тэр хэлсэн.

Тэрээр мөн өмнөх жилүүдэд манай улс эдийн засгийн хямралд орсныг сахилга баттай холбож үзэж байна лээ. Төсвийн орлого ихсэхэд шууд зарцуулах хорхой их хүрдэг аж. “Монгол Улс эдийн засгийн хямралд орсон нь сангийн сахилга батыг сахиагүйгээс болсон. 2004-2008 онд зэсийн үнэ өсөж, орлого нэмэгдэхэд Засгийн газар зарлагаа нэмэгдүүлсэн. Гэвч зэсийн үнэ унаж орлого буурахад Засгийн газрын санхүүжилд тасалдсан. Энэ шалтгаанаас болж төсвийн хямралд хүрсэн” гэж Пармешвар Рамлоган дүгнэж байна.

Сонгууль ба бэлэн мөнгө
Ийм төсвийг баталсан учир шалтгаануудыг мэдэхийг хүсэж түүнээс бас асуусан юм. Тэрээр ингэж ярилаа. “Монгол Улсад яг одоо зардлын маш хүчтэй дарамт байгааг бид ойлгоно. Нийгмийн болон дэд бүтцийн олон хэрэгцээ бий. Бид үүнийг үгүйсгэхгүй. Харин хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дэс дараатай, алгуур арга хэмжээ авах ёстой. Монголын эдийн засаг маш жижиг учраас гэнэт их хэмжээгээр зардлаа нэмэгдүүлэх нь эдийн засгийг сүйрүүлэх үр дагавартай. Тийм болохоор зардлаа их хэмжээгээр нэмэгдүүлэхдээ үр дагаврыг нь сайтар тооцож, дэс дараатай зарлагаа зарцуулах учиртай.”

“Мөн 2012 оны Парламентийн сонгууль яах аргагүй бодолцох зүйлийн нэг. Сонгууль дөхөх үлдсэн хугацаанд Засгийн газар, УИХ хоёр сангийн сахилга батыг сахихад маш анхаарах хэрэгтэй. Тэд сонгууль дөхөхөд зардлаа нэмэгдүүлэх хүслээ хазаарлах учиртай. Яагаад гэвэл сонгуулийн ойртоход зардлаа нэмэгдүүлдэг хандлага ажиглагдаг. Мөн тэд олон янзын амлалт өгөхөөсөө зайлсхийх чухал. Энэ бол өнгөрсөн он жилүүдэд гаргасан алдаа. Одоо Засгийн газар энэ алдаагаа давтахаас болгоомжилмоор байна.”

“Засгийн газар бэлэн мөнгө тараах эдийн засгийн бодит боломж бий юу? Та юу гэж үзэж байна?” гэж асуухад Пармешвар Рамлоган ингэж хариуллаа. “Их сайн асуулт тавилаа. Яг одоо Засгийн газар Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх орлогоос иргэддээ өгөх бэлэн мөнгөө санхүүжүүлнэ гэж найдаж байх шиг байна. Гэхдээ энд тодорхой бус зүйл олон бий. Уул уурхайн орлогоосоо бэлэн мөнгө тараана гэдэг бол найдлага юм. Тэгвэл энэ найдлага хэрэгжихгүй байвал яана. Засгийн газар иргэддээ өгөх бэлэн мөнгөний нөөцөө хуримтлуулж чадахгүй байвал яах уу? Үндсэндээ бол Засгийн газар уул уурхайгаас төсөвт орж ирэх орлогоор иргэддээ бэлэн мөнгө тараана гэдэг бол төсөөлөл юм. Гэтэл зарим гэрээг байгуулаагүй байгааг та мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор Засгийн газар амлалтаа хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд орж болно.

Мөн бидний үзэж байгаагаар бол уул уурхайгаас орж ирэх орлогыг улс орны урт удаан тогтвортой хөгжлийг бодолцож байж хэрэглэх ёстой. Засгийн газар бэлэн мөнгө тараахаас аль болох зайлсхийвэл зүгээр. Үндсэндээ бол бэлэн мөнгө тараавал хэрэглээ ихсэнэ. Хэрэглээ ихсэхээр импорт өсгөж инфляци хөөргөдөнө. Засгийн газар уул уурхайн их орлогыг ирээдүйн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бүтээлч хөрөнгө оруултыг хиймээр байна. Зам, замын нөхцөл байдлыг сайжруулах, төмөр зам, цахилгаан гээд дэд бүтцэд хөрөнгө оруулах хэрэг бий. Үүнээс гадна нийгмийн халамж, эрүүл мэндийн систем, боловсрол гээд Монголд хөгжүүлэх ёстой тэргүүн зорилтууд байгаа. Нуулгүй хэлэхэд хүн амдаа бэлэн мөнгө тараах гэдэг бол түгээмэл арга шүү дээ. Танай Засгийн газар бэлэн мөнгийг хүн бүхэнд хавтгайруулж өгөхөөс илүү хэрэгцээтэй хэсэгт нь онилж байгаад өгөх чухал юм. УИХ-д “Нийгмийн халамжийн хууль”-ийг өргөн барьсан байгаа. Энэ хуулинд нийгмийн халамжийг хэрэгцээ их хэсэгт хүргэх талаар орсон. Энэ их чухал хууль. Үүнийг л баталмаар байгаа юм.”

Монголбанкыг дэмжив
Монголын эдийн засагчид, бизнес эрхлэгчидтэй уулзахад Монголбанкны бодлогыг их шүүмжилдэг. Харин олон улсын эдийн засагчид мөнгөний бодлогыг дэмжээд байх юм. Дээр дурдсан Филип Беннетт “Монголбанкны мөнгөний бодлогод итгэж байна” гэж хэлсэн бол Пармешвар Рамлоган “Бид Монголбанкны бодлогыг дэмжиж байна” гэж бас ярилаа.

Түүний хэлснээр бол Засгийн газар зардлаа ихээр нэмэгдүүлсэн энэ үед Монголбанк мөнгөний бодлогоо чанга байлгахаас өөр аргагүй гэнэ. “Монголбанкны гол зорилго бол инфляцийг бууруулах, одоогийн төсвийн байдлаас үзээд инфляци хөөрөгдөнө гэж бодоход Монголбанк мөнгөний бодлогоо чангалж, цаашид хэсэг хугацаанд энэ чигээрээ байхаас өөр аргагүй.”

Монголбанк Засгийн газрын санхүүгийн бодлогоос салангид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй тул мөнгөний бодлогоо Засгийн газрын төсөв, санхүүгийн бодлоготой уялдуулж зохицуулах ёстой учраас ОУВС-гийнхан инфляцийн дарамт ихсэхэд бууруулах мөнгөний бодлого чанга байх ёстой гэж үзэцгээж байна. Пармешвар Рамлоганы ярианаас Монголбанканд учирч буй зовлон бэрхшээлийг ойлгож байгаа нь мэдрэгдсэн.

Дүгнэлт
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рамлогантай уулзсаны дараа сонгуулийн сургаар эрх баригч нам эдийн засгийн бодит байдлыг үл харгалзан дараагийн сонгуульд ялахын тулд төсвийн зардлыг нэмэгдүүлсэн юм биш үү гэж бодогдлоо. Энэ зөвхөн миний таамаг шүү! Гэхдээ иргэдэд бэлэн мөнгө тараана гээд нэгэнт амалчихсан болохоор бас яалтай ч билээ. Ямартаа ч гүрийсээр байгаад батлагдсан 2011 оны төсөв сэжиг төрүүлнэм. Төсвийн зардал нэмэгдэхэд улстөрчид хувьдаа “мөнгө босгох” бололцоо нээгддэг байж мэднэ. Хэрэв тэд гадаадын ажиглагчид, эдийн засагчдын магтаад байсан сангийн сахилга батаа яс баримталсан бол халаас хоосон дараагийн сонгуультай золгох ч байсан байж магадгүй. Тиймээс ч баталсан хуулиа зөрчиж, олон улсын хөрөнгө оруулагчдыг гайхшруулж, тэдний тоог цөөрүүлнэ гэдгийг ч мэдсээр байж улайн цайм ирэх жилийн төсвийг зүтгэсээр байгаад баталжээ. Хэрэв тийм бол энэ “голланд өвчин” биш “монгол өвчин” байж таарна!

Улстөрийн популист амлалтууд эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг анзаарч ирээдүйдээ засаж залуурах болов уу гэж найдаад Пармешвар Рамлоган гуай үгээр энэ бичлэгээ дуусгая. Тэрээр “Магадгүй энэ бол ганцхан удаагийнх байж болох юм. Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлээд эргээд сангийн сахилга батаа сахих байх” гэж арга ядсан байртай хэлсэн юмаа. Гэхдээ нэгэнт л зарлагадаад ард иргэдээ бэлэн мөнгөнд амтшуулаад эхэлвэл зогсох бас хэцүү байдаг бололтой... Сахилга баттай байхаа бусдаар заалгадаг цэцэрлэгийн хүүхдүүд шиг төрийн өндөрлөгүүдээ яалтай ч билээ. “Томоотой байгаач таминь ээ” гэлтэй ч биш дээ. Өмнөөс нь ичих юм...

“БОНДЫН ТОХИРОО” БҮРДЖЭЭ...

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд гаргах ийм таатай нөхцөл урьд нь бүрдэж байсныг би хувьдаа мэдэхгүй юм байна гэж Ситигруппийн (Citigroup) Лондон дахь салбарын дэд захирал Филип Беннетт Монголбанканд сэтгүүлчидтэй уулзахдаа ярилаа. “Яг одоо дэлхийн зах зээлд бэлэн мөнгө элбэгшиж, хүү маш бага байна. Танай улсын зээлийн түүх өндөр рейтингтэй байгаа тул хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Мөн Засгийн газар, Парламент чинь сонгосон бодлогодоо тууштай, төсвийн сахилга баттай байгаа нь том сурталчилгаа болж байна. Тиймээс ойрын 6 сард танайх Засгийн газрын бондоо гаргавал хөрөнгө босгох бүрэн боломжтой” гэж тэр мөн хэлэв.

Филип Беннетт манай улсад тав дахь удаагаа ирж байгаа гэнэ. “Хоёр жилийн өмнө ирснээ өнөөдөртөө харьцуулахад үнэхээр онцлон тэмдэглэхээр дэвшил гарч. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна... Өнгөрсөн хоёр жил дэлхийн эдийн засаг хямарсан. Монголын эдийн засаг ч хямарсан. Гэтэл танай эдийн засаг энэ хямралаас урьд нь байснаас ч илүү хүчирхэгжээд гарч ирсэн нь олон хөрөнгө оруулагчдын сайшаал магтаалыг хүртэж байна... Миний уулзсан бүх хүмүүс өнгөрсөн 18 сарын турш монголчууд хэрхэн эдийн засгаа авч явсныг магтаж, танай ирээдүйг их өөдрөг харж байна. Айвенхоу Майнз, Рио Тинто хоёртой уул уурхайн гэрээг баталсан нь чухал ахиц гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах сайн хэрэг болсон.” Түүний хэлснээр бол дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас Монголоос ондоо улс орон ингэж хүчирхэгжиж гарч ирээгүй бөгөөд манай эдийн засаг олон үзүүлтээрээ сайжирсан нь ирээдүйд тохиолдож болох цочролд илүү бэлтгэлтэй байх боломжийг олгож буй аж.

Манай улсын хувьд их хариуцлагатай он жилүүд ирж буйг Филип Беннетт сануулахдаа “Ирэх хоёр жил танай улсын хувьд маш чухал жилүүд гэдгийг олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд үзэж байгаа. Дараагийн сонгууль хүртэл хамтарсан Засгийн газар энэ янзаараа ажиллаж чадах уу, үгүй юу? Оюутолгой, Тавантолгойгоос олох орлогыг ихэсгэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруултуудын талаарх гол шийдвэрүүдийг гаргах уу, үгүй юу? гэдгийг бүгд ажиж байна” гэж хэлэв.

“Танай эдийн засгийн өнөөгийн байдлыг олон улсын эдийн засагчид, хөрөнгө оруулагчид Лондонгоос юу гэж дүгнэж буйг би та нарт дамжуулмаар байна. Монголын Засгийн газар Олон улсын Валютын Сантай маш сайн хамтран ажиллаж байна. Ер нь аль ч улс орон ОУВС-гийн дэмжлэгийг хэтрүүлж авахыг хүсдэггүйг би мэднэ. Гэхдээ танай Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллахдаа маш дэг журамтайгаа харууллаа. ОУВС-гийн хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд танай эдийн засаг олон үзүүлтээрээ хүчирхэг болжээ. Гадаад валютын нөөц нэмэгдсэн, төгрөгний ханшийг уналтаас хамгаалсан, эдийн засгийн хөгжлийн тулгуур болох олон хүчин зүйлсүүд дахин сэргэгдсэнийг бид ирээд харлаа. Энэ бүхнээс хамгийн чухал нь төсвийн хариуцлагатай тогтолцоог ухамсарлаж бүрдүүлсэнд оршино... Дахин хэлэхэд хамтарсан Засгийн газар сахилга баттай байж амалснаа биелүүлж, бүх зорилтууддаа хүрсэн нь дэлхийн зах зээлд ойшоогдох үнэхээр том үзүүлт юм шүү!... Мэдээж бид тулгарах саад бэрхшээлийг мэднэ. Танай улстөрийн системийн тогтворгүй байдал бүгдийг болгоомжлоход хүргэж байсан. Харин одоо шинэ санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, бүр тодруулбал, ‘Төсвийн тогтвортой байдлын тухай хууль’ хөрөнгө оруулагчдад Монгол сонгосон замаасаа хазайхгүй, сангийн сахилга батыг чанд сахина гэдэг итгэл төрүүлж байна.”

Сайн сахилга баттай хамтарсан Засгийн газрыг тэр байн байн магтаад хэрэв энэ янзаараа цаашид ажиллавал хөрөнгө оруулагчид ихсэнэ. Ийм сахилга баттай Засгийн газар танайд урьд нь байгаагүй гэв. “Өнгөрсөн 18-20 сарын хугацаанд энэ хамтарсан Засгийн газар маш итгэл найдвар төрүүлэхээр ажилласныг ажиглагчид хэлж байна. Шударга хэлэхэд урьд нь ийм байгаагүй юм шүү. Үнэхээр итгэл төрүүлж, магтууштай ажиллаж байна.”

Монгол Улсын эдийн засаг хөгжиж, уул уурхайгаас их мөнгө орж ирэхийн хэрээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк гэх мэт газруудаас хөнгөлттэй зээл авах боломж хумигдана. Тиймээс манай улс дэлхийн санхүүгийн зах зээлд орж, хөрөнгө босгох сууриа одооноос тавьж эхлэх хэрэгтэй. Тэр тусмаа Монголд хөрөнгө оруулах, мөнгө зээлдүүлэх этгээдүүд ихсэж буй энэ үе бол тун тохиромжтой гэнэ. Өөрөөр хэлбэл хүссэн хүсээгүй бид Засгийн газрын бонд гаргах маягаар хөрөнгө босгодог хөгжингүй улсуудын замналаар явах цаг ирсэн бололтой.

“Монгол хэзээ ч хөрөнгийн зах зээлд бонд гаргаж үзээгүй. Гэхдээ танайх өөрийн рейтингтэй. Энэ рейтинг танайхыг хөрөнгийн зах зээлд гарах боломжийг бүрэн олгоно. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлээ өргөжүүлж, сонирхолтой боломжуудыг нээх хүсэлтэй байдаг. Жил бүр хөрөнгийн зах зээлд олон улс орны Засгийн газрын бондууд шинээр мэндэлдэг. Бараг хоёр жилийн өмнө бид Гана, Сенегал, энэ жил Нигерийн Засгийн газрын бондуудыг хөрөнгийн зах зээлд гаргасан. Эд дундаас танай улс үнэхээр сонирхол татахуйц байж чадна.”

Ер нь ямар ч улс эрт орой хэзээ нэгэн цагт Засгийн газрын бондоо олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлд гаргах шаардлага байдаг. Засгийн газрын бонд гаргах нь манай улсын хувьд өөрийгөө таниулж буй нэр төрийн хэрэг ажээ. “Монголчууд Засгийн газрын бондоо олон улсын зах зээлд арилжаалахад итгэж, дэмжих ёстой. Засгийн газраа бондоо зах зээлд гаргаснаар танай улс хөгжсөн эдийн засагтай улс орнуудтай хамт нэг клубт орж, өөрийгөө таниулна. Тайланд 1989, Өмнөд Солонгос 1988, Филиппин 1990-д оны дунд үед, Индонез 1996 онд Засгийн газрын бондоо хөрөнгийн зах зээл дээр гаргасан. Бүгдэнд нь бид тусласан.”

Харин хичнээн хэмжээний бонд гаргахыг тэр ингэж ярилаа. “Танайд дэд бүтэцдээ хөрөнгө оруулах маш их хэрэгцээ байгааг бид мэднэ. Бүр хязгааргүй хөрөнгө оруулах хэрэгцээ ч гэж болно. Гэхдээ хөрөнгийн зах зээлд анх удаа гарахдаа жижгээр эхлэх хэрэгтэй. 500-750 сая ам.долларын Засгийн газрын бонд гаргах тохиромжтой. Ер нь хэрэгцээнээс хэтрүүлж их зээлэхээс болгоомжлох нь зүйтэй. Хэр хэмжээтэй мөнгийг, хэр хурдан эдийн засаг чинь шингээж чадах вэ? гэдэг их чухал асуудал.”

Филип Беннетт Засгийн газрыг ганцхан магтсангүй, Монголбанкыг ч магтав. “Монголбанкны мөнгөний бодлогод би итгэж байна” гэж тэр яриан дундаа хэлсэн. “Монголбанкны Ерөнхийлөгч Пүрэвдоржтой уулзаад би их сэтгэл хангалуун байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд дотоодын инфляци өсөх магадлалтайг, эдийн засаг халж, дотоодын мөнгөн тэмдэгт хэт чангарах эрсдлүүдийг Монголбанк олж харсан нь олон улсын хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлнэ... Мэдээж гадаадын их хөрөнгийг оруулж буруу зарцуулаад инфляцийг өсгөж, эдийн засгийг хэт халууруулах гэх мэт эрсдэл бол бий... Монголбанк үүнийг мэдэрч буй нь сайшаалтай. Гадаад хөрөнгө оруултыг оруулах хүсэлтэй ч нөгөө талаасаа хэт их мөнгө босгохоос Монголбанк эмээж буй нь ч олон улсын хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлнэ. Тэд Монголбанкыг ямар дэг журамтай газар вэ гэж бодох болно. Энэ дашрамд сануулахад хөрөнгө оруулагчтай уулзахдаа бодлогоо тууштай хэрэгжүүлдэг гэдгийг харуулах их чухал байдаг. Өнөө өглөө Пүрэвдоржтой уулзахад энэ сэтгэлийг тэрээр надад төрүүлсэн.”

Хүү багатай их мөнгө орж ирээд монголын жижиг арилжааны банкуудыг дампууралчих юм биш үү? гэсэн нэгэн асуултанд Филип Беннетт “Арилжааны жижиг банкууд Засгийн газрын бондоос орж ирэх мөнгөнөөс айх хэрэггүй. Үүнийг би Монголбанкны мөнгөний бодлогод итгэж байгаа тул хэлж байгаа юм шүү... Гэхдээ гадаадаас орж ирэх мөнгө арилжааны банкуудын зээлийн хүүг багасгах нь муу биш сайн талтай” гэж хариулав. Тэрээр бас Засгийн газрын бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах ашиг тусыг ингэж тайлбарлалаа. “Засгийн газрын бонд бусад төрлийн хөрөнгө оруултыг нэмэх болно. Тэгээд хил дамнасан хөрөнгийн урсгал өргөжих боломж нээгдэж урьд байгаагүй түвшинд хүрч чадна... Засгийн газрын бонд гаргасны бас нэг ашиг бол гадаад валютынхаа нөөцийг хадгалаад гадаанаас хөрөнгө оруулагчдын хөрөнгийг эх орондоо оруулж байгаад юм шүү.”

Их мөнгө орж ирэх эерэг ба сөрөг үр дагавартай нь ойлгомжтой. Манай Монголбанк үүний сөрөг талыг нь олж харсанд Филип Беннеттэд их сэтгэл хангалуун байгаа бололтой. Тэрээр их мөнгө зээлэхийг хоёр иртэй сэлэм шиг гэж зүйрлэсэн. Их мөнгө зээлээд төлөөд явах тусам хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил өсөж, мөнгө босгох улам л амархан болно. Хэрэв ирээдүйд Монгол Улс дахиад үрэлгэн болж, мөнгөний бодлогыг чанд хянах одоогийн сахилга батаа алдвал гадаадын хөрөнгө оруулагчид биднийг шийтгээд эхлэнэ гэнэ. Тиймээс биднийг одоо өдөр шөнөгүй гаднаас ажиглаж буйг олон улсын хөрөнгийн зах зээлд гарахаас өмнө сайн ойлгох ёстой гэнэ. Мөнгө босгоод бүх юм бүтэмжтэй болвол бидний үнэлгээ өснө. Хэрэв бүтэлгүйтвэл буурна. Энэ нь хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хэрхэн үнэлж байгааг хэлээд өгөх хамгийн үнэн хэмжүүр болно. (Энэ онцлогоор олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах нь болохоо байхаараа л дотоодоо бонд гардгаас ялгаатай юм байна. Монголын зарим эдийн засагчид жижиг дунд бизнест оруулах хөрөнгө оруултыг Монголбанк бонд гаргаж арилжааны жижиг банкууд зарч боогоод байна гэж шүүмжилж байсан билээ.)

Мөн хэзээ, хэрхэн ашиглахаа сайн мэдчихээд мөнгө зээлэх нь хамгийн чухал гэнэ. “Хэрэв төсөлд чинь 12 сарын дараа хөрөнгө оруулалт хэрэгтэй бол өнөөдөр зээлэх хэрэггүй. Яагаад гэвэл та нар өдөр бүр мөнгө алдах болно... Хэрэв ойрын 2 жил яаж зарцуулахаа мэдэхгүй бол өнөөдөр мөнгө зээлэх шаардлагагүй. Тиймээс хөрөнгө оруулах төслүүдээ бэлдээд тавьчих хэрэгтэй. Монголд дэд бүтцийг хөгжүүлэх их шаардлагатай бий. Дэд бүтэцдээ л та нар хөрөнгө оруулах хэрэгтэй” гэж Филип Беннетт хэлсэн юм.

“Монгол улс хөгжих их нөөц бололцоотой. Энэ нөөц бололцоогоо зөв дайчилвал танай улс эдийн засгийн хурдан хөгжилтэй улсуудын нэг болж чадна. Хамгийн гол нь танай Засгийн газар нийт улс орныхоо эрх ашгийг бодолцоод энэ хөгжлийг зөв хянах арга замаа олж чадна гэдэгт бид найдаж байна” гэж манай ирээдүйн тухай тэр бас ярьсан юм...

Олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд гаргах, монголчууд бидний олон жил ярьсан мөрөөдөл биелэхэд “гадаад хүчин зүйлсийн тохироо” бүрэлдсэн бололтой. Хэрэв бид одоо өөрсдөө бэлэн бол үзээд алдахад бүтмээр мэт. Тэртэй тэргүй л хэзээ нэгэн цагт гаргах л ёстой юм гэнэ шүү дээ. Их мөнгө орж ирээд эдийн засгийн хөгжлийг хурдан өсгөж олон эрсдлийг дагуулж мэднэ гэдэг бодууштай ч эрсдэлээс айгаад хөгжихгүй байх нь бас л “эрсдэл” билээ.
2010.11.18 Mонцамэ