Thursday, 11 November 2010

ЗАВГҮЙ Л ЯВНА...

90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан ч 10 хувиараа завгүй хөдөлмөрлөж явна хэмээн алиалж суух хүнийг О.Наранчимэг гэдэг. Тэр “Тэргэнцэртэй фермерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн. Хувиараа газар тариалан эрхэлдэг, 40 настай, өрх толгойлсон бүсгүй. “Толгой эрүүл. Хоёр гар эрүүл. Амьхандаа л чадлынхаа хэрээр хүний доор орчихгүй юмсан гээд зүтгэж явна. Яаж группын 120 мянган төгрөгөөр хүүхдүүдээ тэжээх вэ. Одоо эдний хэрэглээг гүйцэхээ болилоо. Ном дэвтэр, хувцас хунар...эрэгтэй хүүхдүүд чинь пүүз, пүүз л гэх юм. Пүүз нь дийлдэхгүй. Хямдханыг авахаар өдөртөө л ханзарчихна. Жинхэнэ оригийг нь авч өгч чадахгүй ч, эдэлгээг нь бодоод гайгүйг нь авах юм” гэсээр тэр надад гэр орныхоо байдлыг танилцууллаа.

Энэ бүсгүй дунд сургуулийн 8, 11 дүгээр ангид суралцдаг хоёр хүүтэй. Одоо дүүгийндээ есүүлээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд хашаа байшинд түр амьдардаг. Сүүний технологч мэргэжил эзэмшээд, Сүүний үйлдвэрт ажиллаж байхдаа ажлаа хийж яваад 21 насандаа автомашины аваарт орж суумгай болжээ. “Аваарт ороод нуруу нугасаа гэмтээгээд бараг нялх хүүхэд шиг болсон. Памперс мамперс л хэрэглэнэ. Хүүхдүүдийнхээ талхны мөнгөөс хумслаад памперс авах хэцүү, байх ч хэцүү. Тиймээс гараа хумхиад зүгээр суух арга алга.” Наранчимэг үнэхээр зүгээр суугаагүй аж.

“Аваарт орсны дараахан аймаар хэцүү байлаа. Гэр орныхон маань хамаг юмаа хаяад намайг асарсан. Байнга нэг хүн хажууд байна. Тэгсээр ар гэрийн эдийн засаг уналтанд орсон. Сэтгэл санаа ч хүнд. Аав, ээж хоёр хагас галзуу явцгаасан. Гурван сар намайг эмнэлэгт сахиад л...тэрнээс хойш хот руу орж ирсэн. Яаж бас хэдэн малтай байсан юм. Малаа зарахыг нь зараад л, идэхийг нь идээд л дуусгасан. Хотод намайг эмчлүүлэх гээд нааш цаашаа эмнэлэг домлогоор явахаар хоол унд, эм тариа, унаа тэрэг гээд л мөнгө төгрөг урсана. Тэр үе чинь дөнгөж зах зээлд шилжиж байсан 91 он. Манайхнаас ажилтай хүн ч байгаагүй. Нэг хэсэг хэцүүдсээн... Тэгээд л ‘Ямар үхсэн биш. Босъё!’ гээд л сэтгэлээ чангалсан даа.” Тийнхүү шүд зуун “боссоноосоо” хойш тэр зөвхөн гэр бүлдээ биш нийгэмдээ тус дэмтэй олон зүйл хийжээ.

“Миний охин чинь юм хумханаар юм хийчихдэг. Эхлээд гар урлал, түлхүүрийн оосор хийдэг байлаа. Дараа нь надтай хамжиж дээл оёсон. Одоо бидэнд заагаад ногоо ургуулж байна” гэж 64 настай ээж нь магтсан юм.

Анх бэлэг дурсгалын зүйлс, түлхүүрийн оосор хийж эхэлснээсээ хойш эд жижиг сүүний цех ажиллуулжээ. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслөөр 2001-2005 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн арван өрхийн эмчид сульдаатай хүүхдүүдийг чийрэгжүүлэх зориулттай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэхэд Наранчимэг удирдаж, гэр бүлийнхэн нь тараадаг байж.

Үүний дараа хөдөө аж ахуйн салбарт “хүч үзмээр” санагдсан аж. Тэгээд тэр 250 тахиа худалдан авч, Ар Гүнтэд битүү галалдаг байр бариулаад, аав ээжээрээ тэжээлгэн, өндгөө борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлжээ. Гэвч туршлагагүйгээс хөгшин тахианууд худалдаж авснаас тахианы өндөг цөөрч. Тэгээд Наранчимэг газар тариалан руу орохоор эрс шийдсэн аж. Гэхдээ дараа жилээс дахиад тахиа үржүүлэх бодолтой гэнэ. “Тахиа ашигтай, зүгээр юм байна лээ. Ногоо тариа маань жигдрэхээр дахиад тахиа үржүүлнэ” гэж хэлсэн.

Мөн тэр хөдөлмөрлөхийн хажуугаар суралцсан: 2005-2008 оны хооронд Монгол Фермер дээд сургуульд суралцжээ. “Фермерийн чиглэлээр юм хийе гэхээр мэдлэг дутаад... Тэгээд л сургуульд сурсан. Урьд нь бас сургууль төгссөн тул дундаас нь орж, гурван жил сурсан. Энэ сургуулиа төгсөөд л ногоо тарья гэж зориг шулуудаад бусдыг ч мөн уриалж явна.”

Нуруу нугасны гэмтэлтэй 6 эмэгтэйг нэгтгээд, тэдэнд сурсан мэдсэнээ заан, “Тэргэнцэртэй фермерүүдийн холбоо” ТББ байгуулсан аж. “Ийм улсууд яаж ногоо тарих юм гэж хүмүүс гайхацгааж байсан. Гэвч болдог л юм байна. Манай хүүхнүүд аягүй чадварлаг, дайчин, хөдөлмөрч. Бүгд л эрүүл явж байгаад гэмтсэн улс. Би ганцхан өөрийгөө биш бусдыг бодох нь амьдралын утга учир гэж ойлгосон... Бид хийж чадахгүй юмаа хүүхдүүдээрээ хийлгэдэг. Хүүхдүүд ч багаасаа ажил төрөлд суралцаж байна.”

“Манай 6 хүүхэн ‘Монголын эмэгтэйчүүдийн сан’ санхүүжүүлсэн ‘Монголын фермер эрхлэгчдийн холбоо’-ны 6 сарын сургалтанд сурсан. Энэ жил хоёрдох жилдээ ногоо тариад бүгд л сэтгэл хангалуун, боломжийн юм байна гээд л урамшиж байгаа.” Наранчимэг ТББ-ынхаа үйл ажиллагааг өргөтгөөд олон хүнийг хамруулах хүсэлтэй байгаа аж. “Хүмүүс хашаандаа мод тариад, зүлэгжүүлээд, жаахан буландаа ч гэсэн хүнсний ногоо тарьдаг болоосой” гэж тэр хүсдэг.

Энэ жил Наранчимэг аав ээж, ах дүү нарынхаа хамт 1 га газар манжин, лууван, байцаа, төмс, сонгино, бас хүлэмжинд өргөст хэмх тарьжээ. 1 га газраасаа 4-5 тонн ногоо хураасан гэнэ. “Одоо ямартаа ч өөрсдөө эрүүл хүнсээ идээд, илүү гарсныг нь шинэ жилээр, хавраас зарна гээд хадгалчихсан байгаа. Овойж оцойтлоо ашиг олоогүй ч бусдад дарамтгүй амьдрахыг зорих юм. Хүүхдүүдийнхээ хоол унд, өмсөж зүүхээс илүү гарахгүй ч цаашдаа гайгүй болох болов уу гэсэн найдлагатай явна.”

Эднийх дараа жил талбайгаа томсгоод ногоо ахиухан тарья, мөн хадгалах зоорь ч барья гэсэн төлөвлөгөөтэй аж. Нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэхээр хэрэгжүүлсэн төслүүдээс зоорины төсөл аваад зоорио барьж эхэлсэн ч намрын ажил давхцан энэ жил хараахан дуусгаж чадаагүй гэнэ. Гэхдээ бүх материалуудаа авчихсан тул ирэх хавар дуусгахаар тооцоолж байна.

“Техник, тоног төхөөрөмжтэй болох хэрэгтэй юм байна. Бид дараа жил техник, тоног төхөөрөмжтэй болох зорилттой. Манайх нийт 5 га газартай ч одоо дөнгөж 1 га газартаа ногоо, 2 га газартаа малын тэжээл тарьсан. Техник тоног төхөөрөмжгүй болохоор юм болгон дээр хүний гар харж, энэ тэндээс гуйх юм. Машин техникүүдийн хэрэгцээ их болсон учраас оочер дараалал үүсэж, заримдаа цаг хугацаанд нь ажлаа амжуулж чадахгүй байна. Дараа жилээс хэрэв тоног төхөөрөмжтэй болчихвол талбайгаа өргөсгөнө.”

Наранчимэг аваарт орсныхоо дараа юу хийх үү гэж их боджээ. Тэгээд арваад жилийн өмнө зээл аваад жижиг үйлдвэрлэл эрхэлье гэж санатал банкууд түүнийг “Чи хуулийн хариуцлага хүлээх этгээд биш” гээд халгаагаагүй аж. “Харин сүүлийн үед Нийгмийн хамгааллын яам, халамж үйлчилгээний газруудаас янз бүрийн төсөл хэрэгжээд сайхан болжээ. Юм хийж байгаа хүнд буцалтгүй тусламж хүртэл өгдөг. Манай газар тариалангийн ажил ч гэсэн төсөлд хамрагдаж, тусалцаа авсан. Одоо барьцаалах хөрөнгөтэй л бол банкнаас зээл авах боломжтой болсон. Цаашдаа улам сайхан болох байх” гэж ирээдүйн сайн сайхныг зөгнөн хэллээ.

Ирээдүйн сайхныг тэр зөгнөсөн ч түүнд бас айдас бий. Хоёр хөгшнөө өнхөрөөд өгөхөөр би яана даа гэж зовнин явдаг нь түүний ярианаас мэдрэгдсэн. “Хоёр хөгшин өнхөрөөд өгвөл би ганцаараа хэцүүдэх л байх. Хүүхэд шуухад өсөөд ажил төрөл, сургууль соёлд яваад өгнө. Ах дүү амраг садан ч ажил төрлөө хөөцөлдөөд намайг гэхгүй байх. Тус тусын амьдралтай хүмүүсийг энэ тэндээс нь чангаагаад байх боломжгүй юм байна лээ. Надад хөөрхийс бүгд чадах ядахаараа тусалдаг л даа. Гэхдээ бусдад дарамттай амьдармааргүй байна. Чадалтай дээрээ ганц байрны мөнгө хийчихье гэж санавч мөдгүй янзтай. Уг нь би аль 92 оноос ус нь бэлэн, дулаахан байранд орчих юмсан гээд өргөдлөө бариад л Хотын захиргаагаар явлаа. Олон ч жил явж байна.”

“Нүд анихаас өмнө энэ гурав маань ганц өрөө байртай болчихоосой гэж эмээ нь залбирдаг. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөөд, төрийнхөө сүлдэнд залбирах юм байна шүү дээ. Ээж, аав хоёр нь өнхөрөөд өгвөл энэ хүн хэцүүднэ. Олон жил ингээд явчихаар чинь сүүлдээ бүр ах дүү нартайгаа ч таарахаа больдог юм байна. Нэг гэрт олуулаа шавааралдахаар аргагүй ч юм уу” гэж намайг сүүтэй цайгаар дайлангаа ээж нь хэлэв.

Зарим хөгжингүй улсад тахир дутуу хүнийг асарсан хүн ч тэтгэмж авдаг. Тэгэхээр суумгай охиноо орхиод мөнх бусыг үзэх вий гэж эмээн боддог монгол эхийн сэтгэлийг ойлгоход амархан. Мөн тэднийг энэ сэдвээр ярихад нэг зүйлийг сайн ухамсарлав. Сонгуулиар ард иргэдийн итгэлээр тоглож, худлаа амладгаа улстөрчид болих хэрэгтэй гэж. “Сонгууль болохоор л бүгд л ‘Өө тэр асуудлыг шийдээд өгье’, ‘Сонгуульд гардаг л юм бол тусална’, ‘Та дараа нь ирээд уулз, заавал тусална’ гэж долигонон гүйцгээж байгаад сонгуулийн дараа бол уулздаг ч үгүй юм байна лээ. Би уулзах гээд л амьхандаа зарлага гаргаад л явж байгаа ш дээ. Гэтэл жижүүр, туслахууд нь халгаадаг ч үгүй. Туслахуудаас нь цаг авах гээд баахан утасдана. Утасны мөнгө ч гүйнэ. Гэтэл бүгд тийм ч Засгийн газрын хуралтай, ийм ч дотоод хуралтай гээд л… Ерөөсөө хуралгүй өдөр байдаггүй юм уу, хаашаа юм… Гэхдээ л горьдлого тасрахгүй юм даа” гэж Наранчимэг гомдолсон.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг магтсан. “Ерөнхийлөгч их гоё үг хэлсэн. ‘Энэ төрийн албаны байр чинь иргэдэд үйлчилдэг байр шүү! Та нарын суудаг байр биш! Иргэдэд үйлчилдэг байр гэдгийг ойлгоорой!’ гэсэн. Хүн ойлгохоор бол ойлголгохоор гоё хэлсэн. Тэгэхэд энэ засаг захиргааныхан ‘Оруулахгүй, байхгүй’ гээд л... Энэ төрийн албаныхан чинь Ерөнхийлөгчийнхөө үгийг ойлгодоггүй юм уу, хаашаа юм.” Түүний хэлсэн Ерөнхийлөгчийн үг, Ерөнхийлөгчөөс сонсноос ч илүү надад сэтгэгдэл төрүүлсэн. Улстөрчдийн хэлсэн ухаалаг үг иргэдийнх нь амнаас гарахдаа л илүү их үнэ цэнэтэй болдог ажээ.

Наранчимэгтэй хэдэн хоногийн өмнө Төв талбайн ойролцоо нэг албан газрын өмнө анх тааралдсан юм. Тэр өргөөд довжоо давуулаад өгөхийг гуйсан. Нэг залуутай хамжиж довжоо давуулахад “Би гэсэн бас амьдармаар байна. Би чинь бас хүн ш дээ. Алийн болгон хүний гар харах вэ. Өөрөө наашаа, цаашаа явмаар байна. Гэтэл энэ зам харгуйд дандаа довжоо, саад. Үгүй ядаж нэг театрт орж үзэхсэн. За тэрийг байг гэхэд хоол хүнсээ өөрөө цуглуулахсан. Жаахан яваад л довжоо, хашлаганд тулж ирчихээд хүн амьтан хараад зогсчихно... Сая Барилгын яам орлоо. Лифтгүй, налуу шат ч алга. Би бүр гурван давхар луу хоёр залууг гуйж өргүүллээ. Эрх бүхий нэг албан тушаалтанд нь ‘Танай барилгын яам чинь налуу шатаа шийдээгүй байгаа юм уу? Танайх ийм байхад бусад газар нь арга ч үгүй байж уу’ гэсэн чинь марсайтал инээгээд зогссон” гэж тэр ярьж билээ.

Тэгээд түүнийг Хотын захиргаанд бас хүргэж өгсөн. Хажуу талдаа амаа ангайсан хоёр арслантай таван гишгүүртэй чулуун шатанд тулж зогсчихоод, илтгэл тавьдаг индэр гэмээр жижүүрийн постны араас цухуйх цагдаатай тээр холоос ярилцчихаад Наранчимэг эргээд гарсан. Харахад элэг эмтэрмээр...

Ер нь тэргэнцэртэй хүн бүү хэл, эрүүл хүн ч алхаж явахад бэрх явган хүний замыг тэнгэрлэг заяатай монголчууд хэрэв анзаардаг бол ноцтой асуудал. Хаа сайгүй онгорхой нүх, “дэгээ тавьсан” хашлага, довжоог харсан хөндлөнгийн хэнд ч монголчууд нэг нэгнээ хайхардаггүй, хорлон санаатай юм байна гэж шууд бодогдоно… 3, 4 дүгээр хорооллын хоёр чиглэлийн машин замын дундах явган гарцны яг голоор зүлэг услах зориулттай нарийхан хоолой байдгийг та анзаардаг уу. Хориод жилийн өмнө татсан энэ төмөр хоолой хэдэн хөл хугалсан бол.

Наранчимэг өөрийн хөл болсон, унаж буй тэргэнцэрээ 70 мянгаар хүнээс авчээ. Уг нь халамжаар таван жилд нэг удаа тэргэнцэр өгдөг ч түүн шиг “нааш цааш” явдаг хүнд юу ч болдоггүй аж. Тэр нэг жилд хоёр тэргэнцэр эдэлдэг гэнэ. Америкаас уг нь нэг ТББ тэргэнцэр оруулж ирж үнэгүй тараадаг байсан чинь энэ жил гааль дээр гацчихсан аж: манай гаалийнхан татвар нэхээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихжээ.

“Надад үнэхээр тэрэг тэсдэггүй. Манай нөхцөл байдал ямар билээ. Явган хүний зам ямар билээ. Үнэхээр гэртээ хэвтээд л, гэртээ л тэргэнцэрээ унавал ганцханаар таван жилийг барах байх. Монголд нэг эрүүл хүн таван жилд ганцхан гуталтай явна гэж байх уу. Байхгүй ш дээ. Ядахнаа нэг өвлийн, нэг зуны гуталтай байж л таван жилийг барна. Гэтэл биднийг гэрийн хорионд оруулах гэж байгаа мэт таван жилд ганцханыг өгдөг нь үнэхээр доромжлол байгаа биз” хэмээн Наранчимэг учир байдлыг ухуулав.

Түүний хэлснээр Монголд 6000 гаруй тэргэнцэртэй хүмүүс бий гэнэ. Харин Улаанбаатарт цөөхөн л газар налуу шаттай ажээ. Наранчимэгийн хувьд хамгийн сайхан нь Хүүхдийн ордны налуу шат гэнэ. “Бусдад нь бол хүний нүд хуурсан үзэмжийн төдий юмнууд. Дандаа стандарт бус шатнууд. Түүгээр нь явах юм бол бараг гэмтэж бэртэж мэднэ. Хэрэв сэтгэл байвал стандартны шат хийчих байх. Налуу шатанд их мөнгө шаардагдахгүй. Гэтэл манайханд сэтгэл байхгүй…Хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ!”

Эцэст нь газрын татварын тухай тэр ярилаа: Яг ингээд юм хийх гэхээр дэмжих ёстой улсууд нь дэмжихгүй юм аа. Би 5 га газраа 2008 онд авсан. Газар аваад л тэр жилдээ ашиг олно гэж байхгүй шүү дээ. 2008 онд газраа аваад бид уринш хийгээд орхисон. Мөн газраа тойруулаад хашаа барих гээд л бөөн зардал гарч байгаа юм чинь. Гэтэл Газрын албаныхан “Газрын тушаал гарсан л бол, маргаашнаас нь татвараа төл” гээд зүтгэчих юм. “Татвараа өг, өгөхгүй бол газрыг чинь хураана, авах хүн зөндөө байна” гээд дарамтлаад байх юм. Одоо надад хоёр жилийн татварын нэхэмжлэг байна. Газрын албанаас намайг шүүхэд өгнө гэнээ. Өчнөөн жил зэлүүд, ямар ч ашиг орлогогүй байсан газрыг нь аваад ашиглах гэж байхад арай ондоо байж болдоггүй юм уу, энэ чинь. Бодит нөхцөл байдлаасаа харгалзаад эхний гурван жил татвараас чөлөөлж болдоггүй юм уу?...

Эднийхээс гараад пад харанхуй гэр хорооллын гудмаар автобусны буудал руу дөхүүлж өгөх хүүгийн тохойноос атган нүхэнд уначих вий гэж эмээн алхахдаа Наранчимэгийн сэтгэлийн тэнхээг бишрэв. Хоёр хүүгийнхээ пүүзний үнийг дийлэхгүй нь гэж тэр ярьсан ч түүнд амьдралын хатуу хүтүү бартааг давах сөхөршгүй эр зориг бий… Ийм л хийе, бүтээе гэсэн хүмүүсийн бүтээлч, дайчин, дэврүүн сэтгэлийг газрын гаваар унагачихгүй л юмсан даа, бид…

Thursday, 4 November 2010

АНГЛИАС ИРЭЭД АЙЛАА

Ил асгасан хог шиг эрээн мяраан, байшин барилгууд тэрсэлдсэн хорооллын шороо тоостой гудамжинд намрын шаргал өдөр 16 цагийн орчим явган хүний гарцаар гарах гэж яваад “дэгээ тавьсан довжоонд” гутлынхаа хоншоорыг зад татан бүдрээд аварга том хаммерийн доогуур арай л орчихолгүй босож ирэхдээ айх, ичихийг зэрэг мэдрэв. Замын цаанаас хуруу шиг нарийхан өсгийн дээр гунхалзан наашлах дэрс шиг охин над руу доогтой хяламхийлж харснаа, “Амьд босдог сонирхолгүй гар вэ” гэсэн аятай тэнгэр ширтсээр сэвэлзэн өнгөрөхөд хар хаммерийн хажуугийн цонхоор цухуйсан бүдүүн жолооч:
—Замаа хараа ч малаа! гээд цаашаа шургалаа. Түүнд хариулах гэтэл ар араасаа сигнаалдах машин тэрэгнүүд намайг болиулав. Гутлаа чирэн маажигнасаар замын цаана гараад:
—Замаа харах нь харсан л даа гэж хэнд гомдсоноо мэдэхгүй би бувтнаж, өмднийхөө шуумгыг сөхөөд шалбарсан өвдгөө шалгав. Төрсөн нутгийн газар ээлтэй гэдэг ч өвдөг хорсоод чигтэйхэн. Хуруугаа шүлсдэж, шалбархайгаа норгоод, сэнгэнэтэл үлээж өвчнөө намдаав. Өвдөг хорсохоо болиход ээжийн бууз санагдаад биеэ цэхлэн би цааш гишгэллээ. “Жинс өмссөн маань яамай даа. Өвдөг цоорсонгүй. Аав ээжийндээ цоорхой өмдтэй яаж орох бэ. Гутал ч яамай” гэж бодсоор дахиж бүдрэхгүйг хичээн овон довон, хашлага машлага, шат мат, нүх сүв харсаар гэлдрэв. Эх орондоо арван жилийн дараа буцаж ирээд 3 дугаар хорооллын төрөлх гудамжаараа алхаж яваа маань энэ. Эндэхийн баар савнаас найзууд маань намайг алс тэртээ рүү согтуу үдсэн нь өчигдөрхөн мэт.

Хоёр хоногийн өмнө би ирээд ондоо хороололд авсан шинэ байрандаа өнжсөн бөгөөд харин өнөөдөр хүүхэд насаа өнгөрөөсөн “дошингоо” эргэмээр санагдаад аав ээжээ гэнэдүүлэхээр очиж явна. Өнөө өглөө тэднийг утасдахад цагийн ялгаа гарахгүй байна, нойр ханахгүй байна, маргаашнаас очно гэж би хэлсэн ч өдөр гурван цагийн алдад хэн ч чангаагүй байхад босож таксидан ганцаараа энд ирсэн. 61-ийн Парадоксоос Од кино театр руу алхахдаа “Хөгжсөн үү, хөгжөөгүй юу?” гэдэг ганц асуултанд хариулж чадахгүй алмайрч явав. Магадгүй шөнө унтаагүйгээс тархи ажиллахгүй байж мэднэ. Найман цагийн зөрөө амархан арилдаггүй бололтой. Хэрэв би Англид байсан бол одоо өглөөний ажлаа хийж яваа. Гуравхан хоногийн өмнө Оксфорт гудамжины паабанд пийбдаж суусан маань зүүд ч юм шиг, эсвэл ингээд алхаж яваа маань зүүд ч юм шиг... Харин аль нь аятайхан зүүд бэ? Би өөрөө хэлж мэдэхгүй байна.

Хуучин байрандаа дөхөх гишгэлт бүр сэтгэл догдлуулаад жигтэйхэн. Өвдөг ч хорсохоо байж, хүүхэд болсон мэт мэдрэгдэнэ. Тэгээд хөөрсөн сэтгэлтэй байрныхаа урдах намхан, урт дэлгүүрийн хажуу талаас залгаж барьсан шавар амбаарыг тойроод: Ээ хайрхаан, би үзсэн гээч! Есөн давхар халтар балгас! Би нүдэндээ итгэсэнгүй. Нүдний шилээ авч давуун цамцныхаа урд хормойгоор арчаад дахиад зүүв. Халтайсан л харагдана даа, муу байр минь... Арван жилийн өмнө манай байр арай ийм байгаагүй дээ. Цэнхэр даашинзтай эрхэмсэг, ганган хатагтай шиг тэнгэр ширтсэн аятай зогсдогсон. Тэр мөчид би төсөөлөл, бодит байдал хоёр эсрэг тэсрэг болохоороо л жинхэнэ эмгэнэл болдгийг ойлгов. Хүний дурсамж сонин: он удаан жил хадгалагдах тусмаа элэгдэж хуучирдаггүй харин ч өнгөлөг болдог аж.

“Арай ийм байгаагүй дээ? Ийм байр байсан гэж үү?” би өөрөөсөө асуусаар “дурсамжаа нэгжин” таг гөлрөв. Гэгээтэй хүүхэд нас минь үзэгдэнэ: энэ орцны үүдэнд найзуудтайгаа “буу алж” тамхи татаж, гитар тоглож байсан минь; охин панаалдаж, зодолдож явсан минь нүдэнд үзэгдэх шиг болов. Гэгээн нас минь ийм халтар байрны хажууд өнгөрсөн гэж үү?

Эсвэл ийм байсныг би анзаардаггүй байж уу? Арван жил Англид байхдаа би тансаглаж маягласангүй. Хямдхан байр саванд амьдарч, хямдхан хоол унд идэж, олсон хэдэн зоосоо гэр орон луугаа явуулж байлаа. Гэхдээ л орцонд нь гитар балбаж, хайртай охиноо анх үнссэн унаган байраа ийм аймаар болчихоод намайг “нам цохино” гэж яаж төсөөлөх билээ…

Шатны доорх зайд оромж барьсан үүдний жижүүртэй орцондоо ороод “бүр нам цохиулав”. “Хаана ороод ирчихэв ээ? Манай орц мөн гэж үү? Андуурчихсан биш биз?” ингэж өөрөөсөө асуусаар лифт хүлээн зогслоо. Хэрэв надад “Чи зүүдэлж байна. Сэрээрэй” гэж хажуунаас хүн хэлвэл би ямар амархан итгэх бол. Орцоо сайтар ажиглаж ганц хоёр таних тэмдэг олж хараад (тэнд нэг улаан будаг, энд нэг халцархай) аргагүй манай байр гэдэгт итгэв. Гэхдээ л сэтгэл сэргэсэнгүй.

Гэтэл лифтэнд ганц зүйл сэтгэл сэргээлээ: БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж тэртээх он жилүүдэд анхны хайраа илчилж лифтний шар ханан дээр сийлж бичсэн маань яг л хэвэндээ торойж байдаг юм даа. Чамайгаа харсан мэт...чинийхээ ичимхий харцанд хөөрч, догдолж, онгирч зоссох мэт...БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хадаасаар зурсан хайрынхаа “зурвасыг” хараад би зүрхний мухарт “цоожилсон” хайрын үгээ өөрийн эрхгүй шивнэлээ...
—Би чамд хайртай. Ганцхан чамд хайртай...

Миний амьдралдаа бичсэн хайрын ганцхан “зурвас” хайртай охиныг минь биш харин намайг л догдлуулах гэсээр өдий олон жил торойсоор байж дээ, хөөрхий... “Чи минь хаа байгаа бол. Арай зургаан давхараас ороод ирэх юм биз дээ” гэж би бодсноо:
—Үгүй яалаа гэж. Намайг орхиод айлын эхнэр болоод аль эрт эндээс нүүсэн шүү гэж өөрийгөө зоригжуулж 7 давхарт лифтнээс буулаа. “Гэсэн ч би чамд хайртай.”

120 тоот бүргэд хаалганы хонхыг дарахаар зэхэхдээ намайг хараад аав, ээж хоёр яах бол гэж бодов. Дэггүй банди нар шатаагаад налчийлгачихсан, хар хөө болсон хонхоо долоовор хуруугаараа дарчихаад:
—Хэн бэ? гэх ээжийнхээ дуутай зэрэгцэн “Арван жилийн дараа арай ондоо ирэх ёстой юм болов уу?” гэж бодсон ч хариулт олж чадалгүй:
—Би байнаа гэж хэлэхэд, дуугаар маань таньсан ээж минь:
—Ээ миний хүү гэсээр хаалгаа онгойлгов...

Би байнаа. Хүү чинь ирлээ... Хиймэл шүдээ хийгээгүй шаймийсан, сэгсгэр цагаан үстэй эмгэн хаалга нээж; унжсан том гүзээ, туранхай цээжтэй, өвдөг хүрсэн том бандаашигтай согтуу бор өвгөн дайвалзаар том өрөөнөөсөө гарч ирлээ.
—Аавын архи одоо хүртэл гараагүй байгаа юм уу? гэж намайг гайхан шууд асуухад ээж:
—Ээ, энэ зөнөг яахав. Алив хүүгээ үнсье гэж намайг үнсчихээд, аав үнсэхээр сарвайх хооронд:
—Энэ согтуу толгойд хэчнээн хэлээд ямар үг авах биш. Хүүгийнхээ авчирсан вискиг гамнаж уу гээд байхад л өнөө өглөө сүү авчирах гэж гараад л хажуу орцны бас нэг архичин юмтай тааралдаад, дагуулж орж ирээд уучхаж байгаа юм даа...
—За чи хүүхдийн хажууд битгий дэмий юм яриад бай! Аав зандрав.

Хэхэхэ...яг л хэвэндээ. Сэгсгэр ч гэлээ ээж минь, сиймхий ч гэлээ гэр минь... Ямар үнэн үг вэ? Аав, ээждээ дахин дахин үнсүүлж, эрхлээд би нялхрав. Тэр хоёр түргэн авч хоол хийх зуур би толинд өөрийгөө харж хэсэг зогслоо. Арван жилийн хонхны баярт явах гэж буй мэт санагдаад ард хоцорсон он жилүүд урд гарчихсан мэт. Би гэр орныхоо байдлыг ажиж, цонхоор ширтэн зогсохдоо цаг хугацааны тухай бодлоо. Багынхаа тоглоомыг барьчихаад цаг хугацааг яг яаж хэмжихийг би сайн мэдэхээ байв. Цаг хугацаа зарим газар урсдаг, зарим газар гацдаг юм болов уу?

Манай гэр надад арай л жижигхэн, арай л умгар, арай л новштой, арай л...арай л... санагдав. Гэхдээ л сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь шүү дээ. Аав, ээжтэйгээ амьд сэрүүнд нь уулзсан би ямар азтай хүн бэ... Ээжийнхээ гарын цайг ууж, буузыг идэж, ааваараа архи хундагалуулж шимсэн шиг сайхан суулаа. Харин өөхтэй бууз санасан шигээ их идэж чадаагүй ч сэтгэл нялхраад үнэхээр сайхнаас сайхан байлаа. Сэгсгэр ч гэлээ ээж минь, сиймхий ч гэлээ гэр минь...

Харанхуй болсон хойно таксинд суугаад шинэ гэр лүүгээ харихдаа өдрийн явдлыг тархиндаа хуурцаг шиг эргүүлж, эргэцүүллээ. Бүүдийх харанхуйд өнгө өнгийн гэрлэн хаяг, бичиг тодорч, хот шар гэрэлд гоё харагдана.

Хэрэв Англид би машин зам дээр бүдэрч унасан бол зөрч явсан гунхалзсан хүүхэн доошоо тонгойгоод, худлаа үнэн ч гэсэн:
—Та зүгээр үү? Танд яаж туслах уу? Эмч дуудах уу? гэж царай муутай, миа хувцастай надаас асуух л байсан. Хаммертай жолооч малаа гэж хашгирахгүй:
—Найз минь болгоомжтой бай! Чи зүгээр үү? Окей юу? гэж ууралсан ч гэлээ асууна даа. Хэрэв би бүр даварвал шалбарсан өвдөгөө үзүүлж байгаад “дэгээддэг” замын хашлага хийсэн компаниас бөөн мөнгө салгаж дөнгөнө. Гэтэл би эх орондоо тэгж чадахгүй дээ. Иргэн нь атлаа тэгж чадахгүй. Баахан инээдэм доог болж тэрнээс ч ийсэн юм болно... Надад бас өнөөдөр машин замаар тахир дутуу хүний тэргэнцэртэй жирийлгэх арван дөрөв, тавтай хөлгүй банди бодогдов. Янжуур хайнгадуу зуучхаад, хараал урсгаж буй мэт сигнаалдах машин тэргийг тоох ч үгүй пээдгэр суугаад, хоёр гараа царцааны тийрдэг хөл шиг хөдөлгөн дугуйгаа эргүүлэх тэр банди, холын нэгэн улсад явган хүний замаар тэргэнцэртэйгээ саадгүй явж болно гэдэгт (бүр тусгай зам байдагт) итгэх болов уу.

Ийнхүү дэржигнүүртэй замаар жир, жирхийн давхих машины бүхээгт бүүвэйлэгдэн бодлогоширч замын хажуугаар өнгөрөх шөнийн хотыг харж суутал такси барихаар гараа дохин зогсох туранхай гоолиг, хөөрхөн охин гунигт бодлоос гэнэт салгалаа. Богинохон цагаан даашинз нь ямар эгдүүтэй, хөөрхөн зохио вэ. Хаанаасаа ийм хөөрхөн, цэвэрхэн охид гараад ирдэг байнаа. Баргар харанхуйг эсэргүүцэж бослого гаргаж буй мэт, тэгэхээс тэгэх гэсэн мэт ямар цэвэрхэн төрөө вэ. Залуу нас ямар эрчтэй, өөдрөг юм бэ. Залуу нас л Монголыг чимэж байна. Үнэндээ хүнд төрж, өссөн эх орноос нандин эх орон гэж үгүй. Эх оронтой хүн аз жаргал, эрх чөлөөг эдэлнэ. Өвгөнтийн архичны хөнжилд шургачихсан мэт хир даг, тамхи, бензин ханхалсан ямбий сонатагийн бүхээгт харьд мэдрээгүй эрч хүч, эрх чөлөөг би мэдрэв. Залуу халуун насдаа эх орондоо эргэж ирэх ямар сайхан юм бэ? Залуу насны эрч хүчээ —

Гэнэт ард пид...пид...пид гэх чимээтэй зэрэгцэн жолооч банди:
—Яая! Азтай байна шүү, хоёулаа! гэлээ. Годхийн өндийж арын цонх руу эргэж харангаа би:
—Яасан бэ, ахын дүү? гэж асуухад:
—Хажуугаас жийп орж ирээд яг хойдох машиныг мөргөчихлөө гэв. Туслах замаар орж ирсэн хар ланд круйзер яг манай араас явж байсан жижиг цагаан тэргийг хажуу хоншоороос нь мөргөөд, жижиг тэрэг хажуудахаа мөргөөд, жижиг тэрэгний ард давхиж байсан бас нэг жижиг хар тэрэг мөргүүлсэн жижиг цагаан тэрэгний бөгсийг хусаад...бүгд хараал урсгасаар машинаасаа гар гартаа “зэвсэг” барьсаар бууцгаана... Азаар хүн хүнд бэртээгүй бололтой. Дүү хүү бид хоёр холхоноос хэсэг харч зогссоноо цааш давхилаа.

Цааш давхихдаа бид хоёр ам нийлж байгаад л монголчуудаа баахан мангар тэнэг, малаар нь дуудав. Үгүй нээрээ, гудамжаараа хүнтэй аятайхан зөрөөд алхаж чадахгүй хүмүүстэй юу ярих юм бэ? Хүнгүй шахам гудамжинд хүний мөр шүргэсэн хүн яаж машин барих вэ? Дээрээс нь хүлээж, оочерлож чадахгүй. Ганцхан хүн зогсож байхад урдуур нь ороод л үйлчлүүлнэ. Өнөөдөр нэг таягтай эмээ дэлгүүрийн босгыг давах гэж үйлээ үзэж байхад бүдүүн шар авгай дайраад л гарна лээ. Бас миний урд зогсож байсан нэг жаахан хүүг мөнгөө тоолох гээд мунгинаж байхад нэг ярвайсан, туранхай хүүхэн тоох ч үгүй урдуур нь ороод кассанд бичүүлсэн. Намайг:
—Та яаж байна, наана чинь хүүхэд байна шүү дээ гэхэд:
—Яасан илүү дутуу юм ярьсан залуу вэ? гэчхээд тонтогоноод алхана лээ. Дэлгүүрээс ганц ус авах гэж ороход л ингэж байгаа юм чинь, яана даа...

Тодорхой хаяг, машины зам байхгүй болохоор гэрийнхээ хавьцаа ирчихээд “24 дүгээр байр...ягаан байшин” гэж заан дүү хүүгийн үйлийг үзэж, гэрэлгүй харанхуйд мунгинаж мунгинаж арайхийн би шинэ гэрээ оллоо. Үнэндээ Англид ч ингэж мунгинаж үзээгүй...

Гадаа утаа ханхалж, сэрүү оржээ. Шинэ байрныхаа орцны өмнө машины хаалгыг онгойлгон мөнгө тоолж өгч байхдаа:
—Утаатай байна шүү гэж намайг хэлэхэд:
—Өө энэ юу ч биш, өвөл ёстой аймаар. Яг л манан мэт утаанд бүрхүүлнэ шүү дээ гэж дүү хүү хариулав.

Намайг машинаас буух үед:
—Ах хүү бид хоёр азтай байсан шүү гэж миний өгсөн дөрвөн мянган төгрөгийг өмднийхөө хармаанд хийхдээ дүү хүү надад хэлэв.
—Үнэхээр азтай. Ахыг нь бас нутгийн тэнгэр ивээж байна гэж би түүнд хариулав.

Харин түүнийг явсны дараа орцны хаалган дээр ёлтойсон шар, нүцгэн, бөөрөнхий гэрлийн доор тамхи татахдаа “Би өнөөдөр азтай байсан. Зарим хүн азгүй байсан. Маргааш би дахиад азтай байх болов уу” гэж бодсон. Зүүн урдаас бөөрөнхий чийдэнгээс ч тод бөв бөөрөнхий саран миний бодлыг таах гэсэн мэт урдуур нь хөвөх үүлсийг холдуулан мэлтийнэ. Мэлтийсэн саранд би “Залуу насандаа эх орондоо буцаж ирэх сайхан юм аа. Яг л цагаа олж иржээ. Удахгүй нүд дасаж бүгдийг чам шиг мэлтийтэл би харч чаддаг болноо” гэж хэлмээр болов.

Мөн сүржин нэртэй “давжаа” онгоцны буудлаас ахынхаа машинаар дайн байлдааны талбар, хүн яаж амьдардаг юм бэ гэмээр, эвдлүүлсэн шоргоолжны үүр шиг Улаанбаатарын дундуур давхиад шинэ гэртээ ойртож байхад манай байшингийн ханан дээр “FUTURE IS OURS” гэж цэнхэр будгаар хүүхдийн гараар бичсэн дэггүй бичиг надад бодогдов. Энэ бичгийг машин дотроос анх хараад л би чиг баримжаа, эрч хүчийг олсон. Одоо ч гэсэн надад эрч хүч мэдрэгдэж:
—Ирээдүйг чинь гэрэл гэгээтэй байлгахад би чадах бүхнээ хийнэ гэж мэлтийсэн сарны дор би шивнэлээ. Тиймээ гэгээн ирээдүй та нарынх...
2010.10.12-21

ИЛҮҮДСЭН МӨНГӨ ХАА БАЙНА?

Илүүдсэн мөнгө байхгүй ээ! Монголын эдийн засаг 400 мянган хүн ажиллаж буй албан бус сектор, 62 мянган компанийхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа... Валютын нөөц ихэслээ, одоо бараг хоёр их наяад төгрөг болох гэж байна гэж яриад байх юм. Тэр хаана байдаг юм, хаана хадгалдаг юм, хаана байршуулчихсан байгаа юм. Яагаад эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа юм. Яагаад Монгол улс мөнгө эрж даян дэлхийгээр гүйгээд байгаа юм. Яагаад ийм уялдаа замбараагүй байна. Яагаад баялаг бүтээдэг сектортээ өгөхгүй байгаа юм. Мөнгө гэдэг чинь эдийн засгийн эргэлтэнд орж байж л амилдаг. Түүгээр баялаг бүтээдэг. Хоёр гурван жилийн өмнө, эдийн засгийн хямралын үед, хувийн хэвшлийг зөнд нь орхие, золиосонд гаргая, яаж ийж байгаад эдийн засгаа авч үлдэе гэж худлаа үнэн ярьж байгаад, одоо бүр архагшсан өвчтэй болсон байна. Ханиад тусаад эмчлэхгүй удахаар цэр гардаг шиг өвчнөө архагшуулчихлаа. Төрийн мөнгөний бодлого ийм л эдийн засагтай болгоод хаячихлаа хэмээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл надад ярьж сууна. Би түүнээс 2011 оны төсөв, мөнгөний бодлогын талаар асуухаар уулзаж байгаа минь энэ.

2011 онд хэрэгжих төрийн мөнгөний бодлогод МҮХАҮТ-аас санал дэвшүүлжээ. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах гол зорилтыг УИХ-аас Төв банкинд өгөх; Төв банк инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг утга учиргүй зорилгоо болих; Арилжааны банкуудын өрсөлдөөнийг өөгшүүлэх бодлого барих; Валютын нөөцийг бодит эдийн засгийг дэмжихэд ашиглах; Төв банкыг институцын хувьд УИХ, Засгийн газрын давхар харьяалалд өгч “бие даасан байдал” гэсэн шалтгаанаар бодит эдийн засгийг дэмждэггүйг нь таслан зогсоож, хөгжиж буй орнуудын санхүү, мөнгөний бодлогын сайн жишээнүүдийг дагах гэсэн 5 санал.

“Сүүлийн хорин жилийн монголын эдийн засгийн бодлого тэр тусмаа төсөв, мөнгөний бодлогыг ерөнхийд нь аваад үзэхэд хоорондоо уялдаа муутай байсан. Монгол улсын төсөв хэрэгцээн дээр үндэслэж байлаа. Өөрөөр хэлбэл ядуу. Ядуу учраас төсвийн алдагдлаа олон улсын байгууллагуудын тусламжаар хаах байдлаар л явж ирсэн. Нөгөө талаас төсвийн орлогыг бүрдүүлэх, зардлыг хувиарлахдаа оновчгүй байсан. Гэхдээ ахиц дэвшил гараагүй гэсэн үг биш. Орлого бүрдүүлэх талаасаа ч, зардлыг хувиарлах талаасаа ч дэвшил гарсныг үгүйсгэж болохгүй. Татварын тодорхой реформуудыг хийлээ... Гэвч бүхэлд нь аваад үзвэл Монгол улсын төсөв бол монголын эдийн засгийн өрөөсгөл бүтцийн тодорхой илэрхийлэл, нөлөөт толь мөн” гэж С.Дэмбэрэл Монгол улсын төсвийн байдлыг ерөнхийд нь товч тодорхойлов.

Мөнгө их үзээгүй эдийн засагт уул уурхайн гэнэтийн орлогууд ороод ирэхэд зөв зохистой байрлуулах механизм бүрдээгүй ажээ. Тийм учраас 2011 оноос эхлээд төсвийн зохицуулалтын тухай хууль, төсвийн хариуцлагын тухай хууль гэх мэт шинэ хуулиудыг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа юм байна. Мөн орон нутагт эрх мэдлийг илүү олгох тухай их яригдаж байгаа гэнэ.

Тэрээр улс төрийн намуудын хэт харалган популист амлалтуудаас болж төсөвт гажиг үүссэнийг “Улс төрийн хэтэрхий их популист амлалтаас болоод төсөв сангийн бодлого хэрэгжүүлэхээс гажаад Сангийн яам бондын нярав, Монгол банк мөнгөний нярвын үүрэг гүйцэтгээд байна” гэж цухуйлгаад “Одоо харин улсын төсөв, засгийн газрын төсвийг баталдаг УИХ нь, төсвөө оруулж ирж байгаа Засгийн газар нь ч, энэ асуудлыг анхаарч эхэлсэн нь дэвшил” гэж хэлэв.

Төр эдийн засагт хэтэрхий их оролцож, төсвийн хувиарлалтанд нөлөө үзүүлээд байгаа тул төсвийн хөрөнгө оруултын үр ашигт муугаар нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс улбаалаад хээл хахууль, муу тендер мэтийн төвлөрсөн хувиарлалтын сөрөг үзэгдэлүүд сүүлийн үед их гарч буй ч төсөв эдийн засагт сайн оролцсон зүйл ч бий гэнэ. Тухайлбал зөв шударга тендерүүд, жижиг дунд бизнесийг дэмжих зориултаар олгосон төсвийн хөрөнгө оруулалтуудыг дурдаж болно.

2011 оны төсөвт бүтээгч секторт оруулах хөрөнгийг нэмэгдүүлсэн дэвшил бий боловч урьдах он жилүүдийн улсын төсөвт манай засаглалын ба хөрөнгө оруултын бүтэц, эдийн засгийн өрөөсгөл гажуудал гэх мэт илэрсэн шиг 2011 оны төсөвт ч энэ бүгд илэрчээ. Гэхдээ энэ доголдолуудыг өргөс авахын дайтай бушуухан хийдэг зүйл биш аж.

Засгийн газрын тавьж байгаа хувийн хэвшил, дунд ангийг эрчимтэй хөгжүүлэх, ядуурлыг арилгах, ажлын байрыг бий болгох гэсэн зорилтуудтай мөнгөний бодлого таарч тохирдоггүй гэнэ. С.Дэмбэрэл төсөв, мөнгөний бодлогыг шүүмжлэхдээ “Аль ч улсад төсөв, мөнгөний бодлого уялдаатай явж ирсэн... Гэтэл өнгөрсөн хорин жилд Монголд хэрэгжиж ирсэн мөнгөний бодлогын монитарист хандлага бодит секторыг урамшуулах, эдийн засгийн нөхцлийг хангах, бүтээлч капиталд хөрөнгө оруулах, өрсөлдөөнийг өрнүүлэх, хувийн хэвшлийг хөл дээр нь баттай зогсооход тохирохгүй байсан. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөний бодлого Монголын эдийн засгийн бодит байдалд уялдалгүйгээр мөнгийг их бага болгох, эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг гол төлөв татаж авах замаар, эдийн засгийг хөдөлгөдөг цусыг сорч, архаг цус багадалтай болгож эдийн засгийг саажуулжсан” гэв.

Түүний хэлснээр бол төрийн мөнгөний бодлогоор инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг огт үндэслэлгүй. Төв банкнаас өөрөөс нь хамаарахгүй, нийт эдийн засгийн хөгжлийн үр дагавар, маш олон хүчин зүйлээс хамаардаг үзэгдлийг Төв банканд хариуцуулах нь утгагүй, салхин тээрэмтэй байлдах Дон Кихоттой адилхан: ийм байдлаар мөнгөний бодлого хэрэгжигдсэн учраас төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялддаггүй ажээ.

“Инфляцийг онилж, нэг оронтой тоонд барина гэж утгагүй зүйл ярихынхаа оронд зээлийн хүүг л нэг оронтой тоонд болгочих. Ингэхийн тулд банкуудын дунд өрсөлдөөн явуул. Яагаад гэвэл аливаа, бодит секторт, өрсөлдөөн явж байгаа цагт л, бүтээгдэхүүний үнэ буурах, зах зээлд оролцогчдод илүү хандсан үйлчилгээ хүргэж эхэлдэг. Банк бол өөрөө үйлчилгээний байгууллага. Тэр талаас нь бодож Төв банкны мөнгөний бодлогыг өөрчлөх ёстой. Зарим хүн хөрөнгийн бирж хөгжөөгүй болохоор өрсөлдөөнийг өрнүүлж болохгүй байна, хүмүүст сонголт алга гэж яриад байна. Үнэндээ бол хөрөнгийн бирж байхгүй, дөнгөж хөгжиж байгаа ч гэсэн банк санхүүгийн байгууллагынхаа дунд өрсөлдөөн өрнүүлэх боломж бий. Төв банкны мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд зориулж болноо... Үүнийг хийсэн үлгэр жишээ болох олон орнууд бий.”

Харин валютын нөөцийг бодит эдийн засгийг дэмжихэд ашиглах гэсэн саналаа тэр ингэж тайлбарлалаа. “Өнөөдөр монголын эдийн засагт мөнгө хэрэгтэй. Өнөөдөр монголын бодит сектор буюу жижиг, дунд секторт; энэ эдийн засгийг авч явдаг, ажлын байр бий болгодог хүмүүст банкны зээлийн зохистой орчин хэрэгтэй... Үйлдвэр байгуулах гэж байгаа, үйлчилгээ эрхлэн явуулах гэж буй хүмүүст мөнгөний бодлого таардаггүй учраас шоргоолжны үүр шиг бужигнаж байх процессыг мөнгөний бодлогоор саармагжуулаад, зогсоогоод байна.”

“Шоргоолжны үүр шиг бужигнаж байдаг, бүтээлч, бодит секторыг хөл дээр нь бат босгохын тулд валютын нөөцийг эргэлтэнд оруулж ашигла гэж бид хэлж байгаа... Тэгэхийн оронд ашигт малтмалын орлого орж ирэхэд инфляци үүснэ гэж зарим хүн ярьж байгаа нь утгагүй. Орж ирсэн мөнгийг шингээдэг, баялаг бүтээдэг бүтээлч секторыг түргэн босгох хэрэгтэй. Эцсийн эцэст мөнгө орж ирээд хаашаа яаж хувиарлах нь чухал шүү дээ. Ажлын байр олноор байгуулах, ядуурлыг багасгах, экспортонд бүтээгдэхүүн гаргах, импортыг орлох энэ бүхэнд зориулагдаж байна уу? Эсхүл хүн болгонд 1.5 сая төгрөг өгөөд аманд ч үгүй, хамарт ч үгүй болгоод хаяж байна уу гэдгээс их юм шалтгаална. Тиймээс манай эдийн засагт их мөнгө цутгаад ороод ирлээ гэхэд үүнийг эргүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг, бүтээлчээр ашигладаг төрийн мөнгөний бодлого хэрэгтэй байна.” Гэтэл Төв банк бусад банкуудаар өөрийнхөө үнэт цаасыг худалдаж авахуулаад бодит секторт оруулах мөнгийг бодлогоороо хаагаад байгаа аж.

Үүнийгээ Төв банкныхан “Эдийн засагт хэтэрхий их мөнгө бий болчихно”, “Эрэлтээр өдөөгдсөн инфляци үүсчихнэ” гэх мэт яриад өөрсдийгөө зөвтгөөд байгаа аж. “Энэ бүхэн бол үндсэндээ буруу... Амьдралд ойрхон биш. Энэ худлаа практикийг өөрчлөх ёстой” гэж С.Дэмбэрэл хэлээд “Засгийн газар хэтэрхий их мөнгө зараад байна гэдэг төрийн мөнгөний бодлого бол явцгүй. Өөрөөр хэлбэл амиа бодсон хэрэг. Монголын эдийн засагт улирлын шинж чанартайгаар инфляци буурангуут ‘Бидний гавьяа’, инфляци өсөнгүүт ‘Засгийн газрын буруу’ гэж хэлдэг Төв банкны системтэй байж болохгүй” гэж Төв банкны системийг шүүмжлэв.

“Иймээс Төв банкыг зохион байгуулалт, институцийн хувьд УИХ-д харьяалуулдгыг болиулж, УИХ, Засгийн газрын давхар харьяалалд оруулах асуудлыг албан ёсоор энэ жил бид тавьж байгаа” гэж тэр бас хэлэв. Урьд нь энэ асуудлыг хөндөж байгаагүй гэнэ. Энэ мэтчилэн мөнгөний бодлогонд эрс өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж С.Дэмбэрэл дахин дахин хэлж байлаа.

Тэрээр бас хөгжлийн талаарх монголчуудын алдаатай ойлголтыг ярив. Одоо монголчууд уул уурхайн томоохон ордуудаас орж ирэх орлогоор томоохон бүтээн байгуулалт хийхийг үсрэнгүй хөгжил гэж ойлгоод байгаа нь буруу. Харин хүмүүсийн амьдрал сайжраад, хүмүүс маргаашдаа итгэлтэй болохыг л үсрэнгүй хөгжил гэнэ. Хүн болгон ажилтай, хүн болгон ажил хийхийг эрмэлздэг, гундуу, ядруу биш байхыг л үсрэнгүй хөгжил гэх ажээ. Түүнээс биш энд нэг том нүүрсний уурхай байгуулаад, тэнд нэг том бүтээн байгуулалт хийхийг үсрэнгүй хөгжил гэдэггүй харин хөгжилд хүрэх нэг арга зам л гэж үзэх ёстой гэнэ. Товчхондоо, хүмүүсийн амьжиргаа дээшилж, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлвэл л зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг эдийн засгийн өсөлт заавал 10 хувь байх шаардлагагүй. Хүн рүү чиглэсэн 5 хувийн өсөлт байхад л хангалттай ажээ.

Эцэст нь тэрээр, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд бэлэн мөнгө өгч, хоосон амлалтаар тэдний сэтгэлийг хуурч байгаа төр засгийн бодлогыг “янаглан хорлох” гэж тодорхойлохдоо “Засаглалаа сайжруулах ёстой. Эдийн засаг, зах зээлийн хүчийг дээд зэргээр ашиглаж зах зээлд итгэх хэрэгтэй. Хүний нөөцийн боломжийг дээд зэргээр ашиглах учиртай. Түүнээс биш хүмүүст байдаг асар их эрч хүчийг дайчилж тэднийг ажиллуулахын оронд ‘Та зүгээр сууж бай. Та бол хувьцаа эзэмшигч болно. Бэлэн мөнгө авна. Удахгүй жаргана’ гээд байвал жинхэнэ янаглан хорлох гээч болно” гэв.