Wednesday, 1 December 2010

“БОНДЫН ТОХИРОО” БҮРДЖЭЭ...

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд гаргах ийм таатай нөхцөл урьд нь бүрдэж байсныг би хувьдаа мэдэхгүй юм байна гэж Ситигруппийн (Citigroup) Лондон дахь салбарын дэд захирал Филип Беннетт Монголбанканд сэтгүүлчидтэй уулзахдаа ярилаа. “Яг одоо дэлхийн зах зээлд бэлэн мөнгө элбэгшиж, хүү маш бага байна. Танай улсын зээлийн түүх өндөр рейтингтэй байгаа тул хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Мөн Засгийн газар, Парламент чинь сонгосон бодлогодоо тууштай, төсвийн сахилга баттай байгаа нь том сурталчилгаа болж байна. Тиймээс ойрын 6 сард танайх Засгийн газрын бондоо гаргавал хөрөнгө босгох бүрэн боломжтой” гэж тэр мөн хэлэв.

Филип Беннетт манай улсад тав дахь удаагаа ирж байгаа гэнэ. “Хоёр жилийн өмнө ирснээ өнөөдөртөө харьцуулахад үнэхээр онцлон тэмдэглэхээр дэвшил гарч. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна... Өнгөрсөн хоёр жил дэлхийн эдийн засаг хямарсан. Монголын эдийн засаг ч хямарсан. Гэтэл танай эдийн засаг энэ хямралаас урьд нь байснаас ч илүү хүчирхэгжээд гарч ирсэн нь олон хөрөнгө оруулагчдын сайшаал магтаалыг хүртэж байна... Миний уулзсан бүх хүмүүс өнгөрсөн 18 сарын турш монголчууд хэрхэн эдийн засгаа авч явсныг магтаж, танай ирээдүйг их өөдрөг харж байна. Айвенхоу Майнз, Рио Тинто хоёртой уул уурхайн гэрээг баталсан нь чухал ахиц гаргаж, хөрөнгө оруулагчдыг татах сайн хэрэг болсон.” Түүний хэлснээр бол дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас Монголоос ондоо улс орон ингэж хүчирхэгжиж гарч ирээгүй бөгөөд манай эдийн засаг олон үзүүлтээрээ сайжирсан нь ирээдүйд тохиолдож болох цочролд илүү бэлтгэлтэй байх боломжийг олгож буй аж.

Манай улсын хувьд их хариуцлагатай он жилүүд ирж буйг Филип Беннетт сануулахдаа “Ирэх хоёр жил танай улсын хувьд маш чухал жилүүд гэдгийг олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд үзэж байгаа. Дараагийн сонгууль хүртэл хамтарсан Засгийн газар энэ янзаараа ажиллаж чадах уу, үгүй юу? Оюутолгой, Тавантолгойгоос олох орлогыг ихэсгэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруултуудын талаарх гол шийдвэрүүдийг гаргах уу, үгүй юу? гэдгийг бүгд ажиж байна” гэж хэлэв.

“Танай эдийн засгийн өнөөгийн байдлыг олон улсын эдийн засагчид, хөрөнгө оруулагчид Лондонгоос юу гэж дүгнэж буйг би та нарт дамжуулмаар байна. Монголын Засгийн газар Олон улсын Валютын Сантай маш сайн хамтран ажиллаж байна. Ер нь аль ч улс орон ОУВС-гийн дэмжлэгийг хэтрүүлж авахыг хүсдэггүйг би мэднэ. Гэхдээ танай Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллахдаа маш дэг журамтайгаа харууллаа. ОУВС-гийн хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд танай эдийн засаг олон үзүүлтээрээ хүчирхэг болжээ. Гадаад валютын нөөц нэмэгдсэн, төгрөгний ханшийг уналтаас хамгаалсан, эдийн засгийн хөгжлийн тулгуур болох олон хүчин зүйлсүүд дахин сэргэгдсэнийг бид ирээд харлаа. Энэ бүхнээс хамгийн чухал нь төсвийн хариуцлагатай тогтолцоог ухамсарлаж бүрдүүлсэнд оршино... Дахин хэлэхэд хамтарсан Засгийн газар сахилга баттай байж амалснаа биелүүлж, бүх зорилтууддаа хүрсэн нь дэлхийн зах зээлд ойшоогдох үнэхээр том үзүүлт юм шүү!... Мэдээж бид тулгарах саад бэрхшээлийг мэднэ. Танай улстөрийн системийн тогтворгүй байдал бүгдийг болгоомжлоход хүргэж байсан. Харин одоо шинэ санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, бүр тодруулбал, ‘Төсвийн тогтвортой байдлын тухай хууль’ хөрөнгө оруулагчдад Монгол сонгосон замаасаа хазайхгүй, сангийн сахилга батыг чанд сахина гэдэг итгэл төрүүлж байна.”

Сайн сахилга баттай хамтарсан Засгийн газрыг тэр байн байн магтаад хэрэв энэ янзаараа цаашид ажиллавал хөрөнгө оруулагчид ихсэнэ. Ийм сахилга баттай Засгийн газар танайд урьд нь байгаагүй гэв. “Өнгөрсөн 18-20 сарын хугацаанд энэ хамтарсан Засгийн газар маш итгэл найдвар төрүүлэхээр ажилласныг ажиглагчид хэлж байна. Шударга хэлэхэд урьд нь ийм байгаагүй юм шүү. Үнэхээр итгэл төрүүлж, магтууштай ажиллаж байна.”

Монгол Улсын эдийн засаг хөгжиж, уул уурхайгаас их мөнгө орж ирэхийн хэрээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк гэх мэт газруудаас хөнгөлттэй зээл авах боломж хумигдана. Тиймээс манай улс дэлхийн санхүүгийн зах зээлд орж, хөрөнгө босгох сууриа одооноос тавьж эхлэх хэрэгтэй. Тэр тусмаа Монголд хөрөнгө оруулах, мөнгө зээлдүүлэх этгээдүүд ихсэж буй энэ үе бол тун тохиромжтой гэнэ. Өөрөөр хэлбэл хүссэн хүсээгүй бид Засгийн газрын бонд гаргах маягаар хөрөнгө босгодог хөгжингүй улсуудын замналаар явах цаг ирсэн бололтой.

“Монгол хэзээ ч хөрөнгийн зах зээлд бонд гаргаж үзээгүй. Гэхдээ танайх өөрийн рейтингтэй. Энэ рейтинг танайхыг хөрөнгийн зах зээлд гарах боломжийг бүрэн олгоно. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлээ өргөжүүлж, сонирхолтой боломжуудыг нээх хүсэлтэй байдаг. Жил бүр хөрөнгийн зах зээлд олон улс орны Засгийн газрын бондууд шинээр мэндэлдэг. Бараг хоёр жилийн өмнө бид Гана, Сенегал, энэ жил Нигерийн Засгийн газрын бондуудыг хөрөнгийн зах зээлд гаргасан. Эд дундаас танай улс үнэхээр сонирхол татахуйц байж чадна.”

Ер нь ямар ч улс эрт орой хэзээ нэгэн цагт Засгийн газрын бондоо олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлд гаргах шаардлага байдаг. Засгийн газрын бонд гаргах нь манай улсын хувьд өөрийгөө таниулж буй нэр төрийн хэрэг ажээ. “Монголчууд Засгийн газрын бондоо олон улсын зах зээлд арилжаалахад итгэж, дэмжих ёстой. Засгийн газраа бондоо зах зээлд гаргаснаар танай улс хөгжсөн эдийн засагтай улс орнуудтай хамт нэг клубт орж, өөрийгөө таниулна. Тайланд 1989, Өмнөд Солонгос 1988, Филиппин 1990-д оны дунд үед, Индонез 1996 онд Засгийн газрын бондоо хөрөнгийн зах зээл дээр гаргасан. Бүгдэнд нь бид тусласан.”

Харин хичнээн хэмжээний бонд гаргахыг тэр ингэж ярилаа. “Танайд дэд бүтэцдээ хөрөнгө оруулах маш их хэрэгцээ байгааг бид мэднэ. Бүр хязгааргүй хөрөнгө оруулах хэрэгцээ ч гэж болно. Гэхдээ хөрөнгийн зах зээлд анх удаа гарахдаа жижгээр эхлэх хэрэгтэй. 500-750 сая ам.долларын Засгийн газрын бонд гаргах тохиромжтой. Ер нь хэрэгцээнээс хэтрүүлж их зээлэхээс болгоомжлох нь зүйтэй. Хэр хэмжээтэй мөнгийг, хэр хурдан эдийн засаг чинь шингээж чадах вэ? гэдэг их чухал асуудал.”

Филип Беннетт Засгийн газрыг ганцхан магтсангүй, Монголбанкыг ч магтав. “Монголбанкны мөнгөний бодлогод би итгэж байна” гэж тэр яриан дундаа хэлсэн. “Монголбанкны Ерөнхийлөгч Пүрэвдоржтой уулзаад би их сэтгэл хангалуун байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд дотоодын инфляци өсөх магадлалтайг, эдийн засаг халж, дотоодын мөнгөн тэмдэгт хэт чангарах эрсдлүүдийг Монголбанк олж харсан нь олон улсын хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлнэ... Мэдээж гадаадын их хөрөнгийг оруулж буруу зарцуулаад инфляцийг өсгөж, эдийн засгийг хэт халууруулах гэх мэт эрсдэл бол бий... Монголбанк үүнийг мэдэрч буй нь сайшаалтай. Гадаад хөрөнгө оруултыг оруулах хүсэлтэй ч нөгөө талаасаа хэт их мөнгө босгохоос Монголбанк эмээж буй нь ч олон улсын хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлнэ. Тэд Монголбанкыг ямар дэг журамтай газар вэ гэж бодох болно. Энэ дашрамд сануулахад хөрөнгө оруулагчтай уулзахдаа бодлогоо тууштай хэрэгжүүлдэг гэдгийг харуулах их чухал байдаг. Өнөө өглөө Пүрэвдоржтой уулзахад энэ сэтгэлийг тэрээр надад төрүүлсэн.”

Хүү багатай их мөнгө орж ирээд монголын жижиг арилжааны банкуудыг дампууралчих юм биш үү? гэсэн нэгэн асуултанд Филип Беннетт “Арилжааны жижиг банкууд Засгийн газрын бондоос орж ирэх мөнгөнөөс айх хэрэггүй. Үүнийг би Монголбанкны мөнгөний бодлогод итгэж байгаа тул хэлж байгаа юм шүү... Гэхдээ гадаадаас орж ирэх мөнгө арилжааны банкуудын зээлийн хүүг багасгах нь муу биш сайн талтай” гэж хариулав. Тэрээр бас Засгийн газрын бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах ашиг тусыг ингэж тайлбарлалаа. “Засгийн газрын бонд бусад төрлийн хөрөнгө оруултыг нэмэх болно. Тэгээд хил дамнасан хөрөнгийн урсгал өргөжих боломж нээгдэж урьд байгаагүй түвшинд хүрч чадна... Засгийн газрын бонд гаргасны бас нэг ашиг бол гадаад валютынхаа нөөцийг хадгалаад гадаанаас хөрөнгө оруулагчдын хөрөнгийг эх орондоо оруулж байгаад юм шүү.”

Их мөнгө орж ирэх эерэг ба сөрөг үр дагавартай нь ойлгомжтой. Манай Монголбанк үүний сөрөг талыг нь олж харсанд Филип Беннеттэд их сэтгэл хангалуун байгаа бололтой. Тэрээр их мөнгө зээлэхийг хоёр иртэй сэлэм шиг гэж зүйрлэсэн. Их мөнгө зээлээд төлөөд явах тусам хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил өсөж, мөнгө босгох улам л амархан болно. Хэрэв ирээдүйд Монгол Улс дахиад үрэлгэн болж, мөнгөний бодлогыг чанд хянах одоогийн сахилга батаа алдвал гадаадын хөрөнгө оруулагчид биднийг шийтгээд эхлэнэ гэнэ. Тиймээс биднийг одоо өдөр шөнөгүй гаднаас ажиглаж буйг олон улсын хөрөнгийн зах зээлд гарахаас өмнө сайн ойлгох ёстой гэнэ. Мөнгө босгоод бүх юм бүтэмжтэй болвол бидний үнэлгээ өснө. Хэрэв бүтэлгүйтвэл буурна. Энэ нь хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хэрхэн үнэлж байгааг хэлээд өгөх хамгийн үнэн хэмжүүр болно. (Энэ онцлогоор олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах нь болохоо байхаараа л дотоодоо бонд гардгаас ялгаатай юм байна. Монголын зарим эдийн засагчид жижиг дунд бизнест оруулах хөрөнгө оруултыг Монголбанк бонд гаргаж арилжааны жижиг банкууд зарч боогоод байна гэж шүүмжилж байсан билээ.)

Мөн хэзээ, хэрхэн ашиглахаа сайн мэдчихээд мөнгө зээлэх нь хамгийн чухал гэнэ. “Хэрэв төсөлд чинь 12 сарын дараа хөрөнгө оруулалт хэрэгтэй бол өнөөдөр зээлэх хэрэггүй. Яагаад гэвэл та нар өдөр бүр мөнгө алдах болно... Хэрэв ойрын 2 жил яаж зарцуулахаа мэдэхгүй бол өнөөдөр мөнгө зээлэх шаардлагагүй. Тиймээс хөрөнгө оруулах төслүүдээ бэлдээд тавьчих хэрэгтэй. Монголд дэд бүтцийг хөгжүүлэх их шаардлагатай бий. Дэд бүтэцдээ л та нар хөрөнгө оруулах хэрэгтэй” гэж Филип Беннетт хэлсэн юм.

“Монгол улс хөгжих их нөөц бололцоотой. Энэ нөөц бололцоогоо зөв дайчилвал танай улс эдийн засгийн хурдан хөгжилтэй улсуудын нэг болж чадна. Хамгийн гол нь танай Засгийн газар нийт улс орныхоо эрх ашгийг бодолцоод энэ хөгжлийг зөв хянах арга замаа олж чадна гэдэгт бид найдаж байна” гэж манай ирээдүйн тухай тэр бас ярьсан юм...

Олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд гаргах, монголчууд бидний олон жил ярьсан мөрөөдөл биелэхэд “гадаад хүчин зүйлсийн тохироо” бүрэлдсэн бололтой. Хэрэв бид одоо өөрсдөө бэлэн бол үзээд алдахад бүтмээр мэт. Тэртэй тэргүй л хэзээ нэгэн цагт гаргах л ёстой юм гэнэ шүү дээ. Их мөнгө орж ирээд эдийн засгийн хөгжлийг хурдан өсгөж олон эрсдлийг дагуулж мэднэ гэдэг бодууштай ч эрсдэлээс айгаад хөгжихгүй байх нь бас л “эрсдэл” билээ.
2010.11.18 Mонцамэ

No comments: