Monday, 13 December 2010

АРХАНГАЙН АВШИГТАЙ ХҮҮ

Ард олонд алдар цуу нь амаар тархаж домог болдог хүмүүс бий. Сонгуулийн сурталчилгаа хэрэггүй тийм хүмүүст улстөрчид атаархдаг байх. Ерээд онд “цавчдаг, жадалдаг” хүүг та дуулсан уу? Архангайн Чулуут сум руу эх орны өнцөг булан бүрээс өвчин, зовлонтой хүмүүс цувж Чулуут голын хөвөөнд өвөл зунгүй аянчдын гэр ярайгаад эгээтэй л шинэ аймгийн төв үүсгэчихээгүй гэдэг.

Саяхны нэг өдөр түүний сураг гарлаа.
—Заазуурддаг, сүхддэг, хутгалдаг хүүхэд байсан. Засал хийлгэсэн хүмүүс нь зөв зүгээр сорив моривгүй босоод ирнэ. Нэг удаа явдалтай эхнэрийг хүмүүсээр тэлж бариулж байгаад хэд хутгаар хэрччихсэн чинь явахаа байчихсан. Аймаар байгаа биз. Жинхэнэ хувилгаан! гээд л нэг нөхөр долоовор хуруугаа гозойлгон чанга дуугаар ярихыг санамсаргүй сонссов. Тэгээд түүнтэй уулзах хүсэл төрч билээ.

Өнгөрсөн долоо хоногт уулзах цаг болсон уу, санамсаргүй байтал сэтгүүлч, яруу найрагч Ж.Батсайхан ах:
—“Цавчдаг” залуутай би уулзана. Чи дагаж яваад ярилцлага авбал ав гэхэд уухайн тас зөвшөөрөв. Гэхдээ бас эмээлээ (нуугаад яахав). Гэв гэнэт учир зүггүй цавчаад, зүсээд унавал мань чинь яана.

Хүйтэн ч биш, дулаахан ч биш нэг тийм бүрхэгдүү гэвч гадуур алхвал алхаад байхаар таатай өдөр “нөгөө айхтар” Пүрэвдоржийг гэрийнх нь гадаа анх харлаа. Холоос бид хоёрыг чиглэн аажуухан ойртох түүнийг хараад урам хугарав. Жижгэвтэр, бор залуу даруухан мэндлэхэд “Энэ нөхөрт хутгалуулж, хэрчүүлдэг ямар дүүрсэн нөхөд байнаа. Би лав яасан ч хэрчүүлэхгүй” гэж дотроо бодов. Тэгэхдээ “Юмыг яаж мэдэх үү. Гэртээ орхоод яаж ч мэднэ. Болгоомжтой бай” гэж өөрийгөө сэрэмжлүүлэв. Харин түүний номын гэрт ороод бодлоосоо ичсэн. Намуухан ярьж:
—Энэ миний номын байр энд ирж бясалгал хийж, ном орчуулдаг гэж тэр байраа танилцуулаад бид хоёрыг суу гэхэд “шүтлэгтэй нь аргагүй” сууцгаав. Түүнийг багш нараа дурсаж, эрхэлж буй ажил төрлөө ярихад миний айдас ор мөргүй замхрав.

“Би анх 94 онд Улаанбаатарт ирсэн. Дараа нь дахиж 97 онд ирээд, 98 оноос Хатанбаатар багшийн дэргэд 3 жил байлаа. Хатанбаатар багш бясалгалын төв байгуулаад би эмнэлэг дотор нь хоёр өрөө байранд хоол ундаа зөөлгөж, хувцсаа угаалгачихаад бясалгал хийгээд л суудаг хүү байсан. Хатанбаатар багш их ач тусаа өгсөн дөө. Мундаг ухаантай хүн. Үүний дараа 2003 онд Цэдэв захиралтай Бурхан шашны дээд сургууль төгссөн юм.

Тэр хавар Гүрдаваа ринбүчи намайг сураглаад байна гэхээр очиж уулзтал ‘Чи урагшаа Балба руу явж ном үз’ гэсэн. Өмнө нь бага байхад бас уулзаж байсан юм. ‘Би нас өндөр болсон. Чи залуу, эрдэм номтой багшаар заалга’ гэлээ. Тэгээд Дагма ринбүчи рүү очиж, ном заалгаж, авшиг авч жил боллоо. Үүний дараа Монголд ирээд, 2006 онд Энэтхэг рүү явж олон улсын Випассана судлалын акедемийн Даммагири бясалгалын төвд очиж 3 жил суралцлаа. Дэлхийн зуу гаруй орны хүмүүс ирж суралцдаг төв л дөө. Бясалгал маань Бурхан багш гэгээрэхдээ нээж, илрүүлж, хэрэглэсэн арга техникүүд. Тэрийг л шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, олон хүний хүртээл болгох зориулттай төв. Тэнд би пали хэлний анхан шатны 8 сарын курс, гүнзгийрүүлсэн 8 сарын курс дүүргээд үлдсэн хугацаанд нь урт богино бясалгал хийж, далиманд нь англи хэл сурлаа.”

Эрхэлж буй ажил үйлс
Түүний яриаг сонсож суухдаа хорхойсож байсан “Үнэн үү?” гэдэг асуултаа нэг л асууж зүрхэлсэнгүй. Тэгсээр Шагдарын Пүрэвдоржийн одоо эрхэлж буй ажил үйлсийнх нь талаарх яриа хөөрөнд гулсан оров: “Одоогоор ‘Амгаланбатжих бясалгал, гэгээрлийн төв’ ТББ байгуулаад төвийнхөө барилгыг барих гэж байна. Би цогцсоор нь авч үзье гэж бодсон юм. Хүн гэдэг амьтан чинь бие, сэтгэл, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл гээд олон зүйлээс хамаардаг. Санаа зорилгыг нь ангид үзэж болохгүй. Тэгээд байгууллагаа шашны зан үйл үйлдэх хийдтэй; оюун санааг амгалан болгодог, хөгжүүлдэг бясалгалын төвтэй; биеийн өвчнөөс хамгаалах иогийн дасгал заах сургалттай; эмчилгээ, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн үр дүнг шинжилдэг, ном зохиол орчуулдаг судалгааны төвтэй байлгая гэж санасан. Мөн зүү төөнүүр, бариа засал, ардын ба дорно дахины уламжлалт аргуудыг ашигладаг оношилгоо эмчилгээний төвтэй болно гэж төлөвлөж байгаа.

Би бас эрдмийн зөвлөл байгуулсан. Санаа зорилгоо улам чамбайлахын тулд эрдэмтэй хүмүүсийн тусалцаа дэмжлэг авъя гэж бодлоо. Нэг хүний толгой бол нэг л толгой учир олуулаа ярьж шийдэж байгаад бодож санаснаа хийж бүтээе гэсэн юм... Мөн ном орчуулж хэвлүүллээ. Бясалгалын мастер Гоянкагын судар бичгүүдэд үндэслэж Виппасанагийн өнцгөөс харж бичсэн ‘Бурхан багшийн амьдралыг зэрвэс харахад’ гэдэг ном, бас ‘Хамгаалтын 11 судар’ гэдэг 2 ном хэвлүүлээ. Одоо харин ‘Абидарма’ гэдэг номыг орчуулж байна.”

Түүний орчуулж буй номын уламжлалт нэр нь “Илтэд үзэхүйн номлол” гэдэг монголчууд эртнээс дээдэлсэн ном аж. Пүрэвдоржийн үүнийг нь эгэл бидэнд ойлгоход хялбар, өдөр тутмын амьдралд гүн гүнзгий сургаалыг хэрэглэхэд баримжаа болгох зорилгоор орчуулж байгаа гэнэ.

Бага нас
Асууя гэснээ асууж зүрхлэхгүй байлаа. Даруухан намба төрхтэй залуугаас “Та хэдэн хүн хутгалж, цавчсан бэ?” гэж асуух нь нэг л зохицохгүй санагдсан. Ямартаа ч хүүхэд насных тухай асууя гэж бодтол миний бодлыг таасан мэт хүүхэд насныхаа тухай ингэж ярилаа: “Миний хүүхэд нас аз жаргалтай өнгөрсөөн. Хүүхэд насандаа хүүхэд шиг байж чадаагүй хүмүүс бол хэцүү, жаахан атлаа том хүн шиг аашилвал дэмий. Би хүүхэд насандаа хамгийн сахилгагүй хүүхэд байв. Одоо манай найзууд гайхдаг. Хөдөө хамт тоглодог байсан хүүхдүүд ‘Чи чинь яачихав. Нэг л өөр болчихож, юу болчихоов, ямар нэгэн юм хэрэглэчихсэн үү?’ гэдэг юм.”

“Манай суманд Хүрмийн гараашад насаараа галч хийсэн Малжига Гэлхай гэдэг өвөө байсан. Баруун аймгийн төв зам, Чулуутын голоор дайрж Эгийн даваагаар явдаг байхад Хүрмийн гараашад жолооч нар хонодог байсан. Бага насандаа тэр өвөө Балданлхамын дуганад ном үзсэн гэнэлээ. Тэр хүнээс миний нэрийг авсан гэдэг. Манай эмээ хэлэхдээ аав тэр хүнээс очиж нэр асуухад ‘Хүүдээ Пүрэвдорж гэдэг нэр өгчихөө. Долоо, наймтайгаас нь янз бүрийн авьяас тодорно. Энэ нь өөрөө бий болно. Тэр болтол нь бол ариг гамтай байлгаарай’ гэж хэлсэн гэнэ лээ.”

Пүрэвдорж 1980 онд төрсөн. Цагаан сарын өмнө төрсөн учраас бичин жилтэй биш хонин жилтэй гэнэ. Найман нас хүртлээ эмээтэйгээ амьдардаг байж. Ээж нь малын эмч тул хөдөө гадаа их явна. Аав нь худалдаа бэлтгэл ангийн нярав тул мөн завгүй шахам ажиллана. Эмээ нь түүнд бусад ач зээ нараасаа илүү халамжтай байж. “Манай эмээ толгойн дээрээ баахан судар мудар овоолчихсон, унтаж байдаг. Орой бүр судар бариад л гэрээ тойрдог хүн байсан” гэж тэр эмээгээ дурсав.

“Багадаа элдвийн юм хардаг байлаа. Гал дотор элдэв янзын юм үзнэ. Зарим хүүхэд, хүний болох, болохгүй юмыг урьдчилж мэднэ. Жаахан хүүхэд чинь айна шүү дээ. Хүнд хэлэхгүй. Элдвийг урьдчилж мэдэх өөрт зовлонтой. Таатай ч биш. Одоо ч би чадна. Хүсвэл яг мэдье л гэвэл мэднэ. Гэхдээ одоо би аль болох анхаарлаа гэрэл гэгээтэй, сайн сайхан бүтээлч, юм руу хандуулахыг хичээдэг.”

Тэр багадаа машин барих дуртай тул ирсэн хүмүүсийн машиныг бариад давхичихдаг дэггүй хүүхэд байж. Түүний анхны барьсан машин бол 69. “Манай сумын засаг даргын жолоочийн хүүхэд Толягийн Бямбасүрэн миний сайн найз. Тэр багаасаа аавыгаа дагаж кабинд нь явсаар байгаад машин барьдаг, дугуйгаа засаад уначихдаг байсан. Тэгээд л аав нь хаяадаа халамцуу байхад бид хоёр машиныг нь барина шүү дээ.” Өөрт байхгүй ч өргөн түмэнд байгаа гэдэг шиг Пүрэвдорж машингүй ч гэлээ трактороос авахуулаад сайд нарын унадаг машин хүртэл бүх л төрлийн машиныг барьж үзжээ. Өөрийнх нь хэлснээр “машин барих найгүй дуртай”. “Консоо гишгэж хүрдэггүй болохоор нурууныхаа ард тавын бидон эсвэл дэр тавьж байгаад л жолооныхоо завсараар харж давхидаг байлаа шүү дээ” гэж тэр ярьсан. Харин нэг удаа “жолоочгүй машин” давхиулж хүний нүд орой дээр нь гаргаж. “Найгүй олон найзуудаа” ачаан дээр нь ачаад гол гаталж айл хэсэхээр 53 жолоодон давхитал нь модон гүүрэнд дээр борооны цув өмссөн мотоциклтэй хүн хөндлөн зогсчихож гэнэ. “За энэ хүн явуулахгүй нь” гэж бодоод машинаа ухраан голоор гатлах гэтэл дахиад л нөгөө хүн давхиж ирээд явуулахгүй хөндөлсөөд байж. Тэгээд аргагүй эрхэнд уулзтал тэр хүн түүнийг олж хараагүй тул жолоочгүй машин явж байна гэж боджээ...

Анхны засал хийсэн тухай
Цавчдаг тухай нь асууя даа гэж санатал харин ашгүй Батсайхан ах:
—Үгүй чи чинь хөө, багадаа сүхддэг байсан гэл үү. Тэгэхэд ер нь хэдэн настай байв? гэж асуухад Пүрэвдорж хоолойгоо засаад хариулав: “Тиймэрхүү юм байсаан. 13-аас 16 насны хооронд юм уу даа. Олон хүн үүнийг асуудаг юм... Гэхдээ энүүхэндээ хэлэхэд одоо надад илүү хүч бий. Тэр үед олны итгэл үнэмшлээр болж байсан бол одоо системтэй, цэгцтэй болсон. Мөн хүн бүхнийг эдгээж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Зарим хүнийх цаг хугацааны хувьд холдоод, өвчин эсэргүүцэх чадваргүй болсон байдаг. Тэгээд ч ерөөл барилдлага гэж бий. Би Энэтхэгээс ирснээсээ хойш дөчөөд хүнийг 14-ийг нь сонгож бүрэн үр дүнтэй эмчилгээ хийсэн.”

“Өвчин, зовиуртай хүмүүс байнга цуваад бүр багтахаа байхаар жаахан хүүхэд чинь залхана, бүр ядарна шүү дээ. Тэгээд ‘Ерөөсөө эднийг нэг нэг цавчаад тараагаад явуулчихъя’ гэж бодоод Хөвсгөлөөс ирсэн хүмүүсийг гуйж сэлэм хийлгэлээ. Зургаан талтай лоомыг гал улайсгаж байгаад л нүдээд байсан. Мэргэжлийн хүмүүс биш болохоор бүдүүн баараг л юм байгаа юм чинь. Найгүй хүнд. Бариулыг нь тогны лентээр ороочихсон байж билээ. Тэгээд тэрийгээр тав зургаан мянган хүн цавчаад л хугалсан даа. Дараа нь авга ахаараа сэлэм хийлгэсэн. Гадна тал нь никелдсэн чигтэйхэн урлагын бүтээл хийж өгсөн. Уртаашаа 80 см, өргөөшөө 4.5 см, 3 кг орчим байсан байх.”

Пүрэвдорж хоёр сэлмээрээ 20 гаруй мянган хүн “цавчсан” гэнэ. Түүнийг 14-тэй байхад Бакула ринбүчи нутагт нь очиж уулзаад хадгаар сэлмийг нь ороож өгөөд явсан гэнэ. Тэр мөн ондоо арга заслууд ч хийдэг байж. Түргэний эмчээс дутахгүй хүмүүс очдог байсан бололтой. Сэлэмнээсээ салалгүй 23 нас хүрч. Балба явахаасаа өмнө Гүрдаваа ринбүчигийн бие муудахад ном уншиж, засал хийж өгсний дараа нь “Хүү минь наадах чинь миний дэрэн доор байж байг” гээд сэлмийг нь хураажээ.

“Сэлэм зааж өгсөн хүн бий юу?” гэж асуухад тэр “Байхгүй. Одоо бодоход үйлийн үртэй холбоотой юм болов уу. Үйлийн үр гэдэг маань өнгөрснөөс одоо, одоогоос ирээдүй рүү явж байгаа хүний хийсэн үйлдлийн үр дагавар. Хүний авьяас чадвар уламжлагддаг. Урьд олон төрөлдөө бясалгал хийж ном үзсэн хүмүүсийнх илүү хөгжсөн байдаг. Тэр нь хадгалагдаж байгаад шаардлагатай үед гарч ирдэг гэнэ лээ. Түүнтэй л холбоотой байх” гэж хариулсан. Тэгэхдээ Пүрэвдорж өөрийгөө хувилгаан биш гэлээ. Хувилгаан гэж хэлүүлэх ч дургүй янзтай юм. “Би чөлөөтэй баймаар байна” гэж тэр цухас дурдсан. Тиймээс ч олон хүүхэдтэй байх. Саяхан нутагтаа очсон чинь баахан хүүхдүүд нь тодорсон гэнэ. Нутгийн нэгэн гэдэг эгчмэд бүсгүй олон хүүхдүүд дагуулж ирээд “Энэ чиний хүүхдүүд шүү!” гэж хүмүүсийн өмнө шараа болгосон гэнэ. “Тэгсэн миний эмчилсэн хүүхдүүдийг тэгж хэлж байгаа байхгүй юу” гэж тэр биднийг инээлгэв.

Бурхан шашин ба мухар сүсгийн талаар

Ардчилсан хувьсгал ялахад естэй байсан жаалхүү суманд нь Сүсэгтний холбоо байгуулагдсаныг сайн санадаг аж. Аав, ээж, эмээ гурав нь гишүүн нь болоход тэр ч гэсэн лянхуан дээр дун байрлуулсан эмблемтэй үнэмлэх авах юмсан гэж хүссэн гэнэ. Тэр хүсэлдээ автсан уу, ямартаа ч Хүрээнд ном үзсэн, сүүлд нь багийн дарга, Ху намын гишүүн болсон Айдаа Дашлхүндэв гэдэг хүнээ анх ном заалгаж. “Өвлийн хүйтэнд малгай өмсдөггүй. Толгойноос нь уур савсаад л алхаж байдаг хүн байсан. Миний авьяасыг нээхэд энэ хүний нөлөө их байсан.”

“Хүмүүст засал хийхэд биенд чинь ямар нэг өөрчлөлт гарах уу?” гэж асуухад “Өөрчлөлт орно гэхэд хаашаа юм гэхдээ ядарна. Жаахан байхад Малжига Гэлхай гуай надад нэг тарни зааж өгсөн юм. Түүнийг нь засал хийхээс өмнө уншихад их хүчтэй болж байгаа нь мэдрэгддэг” гэж хариулав. Ер нь өөрөөс шалтгаалаагүй өвчин, алдаа оноо гэж байдаггүй гэнэ. Бурхан шашин бол шалга, нягтал, тэгээд итгэ гэдэг болохоор аливаа зүйлд сохроор итгэх буруу ажээ. Тэгээд мухар сүсгийн тухай ярив. “Аргаа барахаар л хүн мухар сүсэгтэй болдог байх. Үерт унасан хүн гар тааралдсан зүйлээ л атгаад авдаг шиг болов уу” гэж Пүрэвдорж хэлсэн... Нээрээ бодох нь ээ, манай нийгэм одоо үерийн ус шиг бужигнаж буй тул мухар сүсэг их дэлгэрсэн юм биш үү. Пүрэвдорж мухар сүсгээр олныг хуурч, хулхиддаг хүн биш санагдсан. Түүний тухай хүн итгэхэд бэрх олон яриа байдаг нь олон түмэнд амнаас аманд дамжин яригдсанаас бас болсон байх.

“Багадаа илэрсэн авьяас чадварыг өнгөрсөн ба одоо цагийн эрдэмтэн мэргэдийн номын шимээр бордоод, илүү хүчтэй, тэнхээтэй болгоод ард түмэндээ хүртээх юмсан” гэдэг зорилготой нэгэн залуу байдаг юм байна.

Чухам хэр хүчтэй “цавчдаг” байсныг нь тодруулсангүй. Та өөрөө уулзаад шалгаж мэдээрэй...

2 comments:

Amy said...

Yunii umnu sonirholtoi bichleg hiij tavisand bayarlalaa. Tsavchdag baisan gej yahiig heleed baigaad neg l sain oilgosongui. Neg bolohoor "tsavchina" gej "" heregleed, neg bolohoor shuud l tsavchina geed bichsen bolohoor bur tolgoi ergechihlee. Arai jinhneesee tsavchchihdaggui bsn blgui de. Yamar uil yum bol?

jagaa said...

sain bnuu ene huntei yaj uulzahuu haana bairaldag um bol?