Wednesday, 1 December 2010

“ГҮРГЭР” ТӨСӨВ ДАЛД САНАА АГУУЛААГҮЙ БИЗ?

2011 оны улсын төсөв шүүмжлэл, эсэргүүцлийг үл тоон “гүрийсээр” өнгөрсөн долоон хоногт батлагдлаа. Дэлхийн банк “голланд өвчнөөр” айлгаад, инфляциар эмээлгээд ч засал аваагүй энэ төсвөөрөө Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид, ажиглагчдын өмнө ёстой л нөгөө “магтсан хүүхэн хуриман дээрээ унгана” гэгч боллоо. Хамтарсан Засгийн газрыг чухам л хэлэх үгээ олж ядан магтаж байсан тэд харин өнөөдөр “Юу болчихов оо?” гэсэн аятай тээнэгэлзэж байна.

Энэ сарын эхээр Монголд ирээд буцсан Ситигруппийн (Citigroup) Лондон дахь салбарын дэд захирал Филип Беннетт Монголбанканд сэтгүүлчидтэй уулзахдаа “Өнгөрсөн 18 сарын хугацаанд энэ Засгийн газар маш итгэл найдвар төрүүлэхээр ажилласан. Шударга хэлэхэд урьд нь ийм байгаагүй юм шүү. Миний уулзсан бүх хүмүүс монголчууд хэрхэн эдийн засгаа авч явсныг магтаж, танай ирээдүйг их өөдрөг харж байна... Танай Засгийн газар Олон улсын Валютын Сантай маш сайн хамтран ажилласан... Дахин хэлэхэд хамтарсан Засгийн газар сахилга баттайгаар амалснаа биелүүлж, бүх зорилтууддаа хүрсэн нь дэлхийн зах зээлд ойшоогдох үнэхээр том үзүүлт юм шүү!” гэж ирээд л баахан магтсансан. Сонсож суусан миний “монгол омогшил” бадарсныг нуугаад яах вэ. Ноён Беннеттод бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” баталсан нь хөрөнгө оруулагчдад манай улс сонгосон замаасаа хазайхгүй, сангийн сахилга батыг чанд сахина гэдэг итгэл төрүүлсэн гэнэ. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган ч гэсэн “Энэ Засгийн газрын гол амжилт бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” гэж хэлсэн билээ.

Гол амжилтыг "үгүйсгэсэн" төсвийн талаар ноён Пармешвар Рамлоганы сэтгэгдлийн сонсохоор албан өрөөнд нь би уулзсан юм. Түүнийг болгоомжтой үгээ зөөн, намуухан ярьж байхад өөрсдөө гаргасан хуулиа зөрчдөг улсаас ихэд ичсэнээ нуугаад яах вэ. Үгүй нээрээ, баталсан хуулиа өөрсдөө зөрчдөг ямар улс байна аа. Дэлхийн банкны 2011 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээгээр бол манай төсөв “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-нд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг тогтоон барих зэрэг төсвийн удирдлагын зарчмуудтай зөрчилдсөнөөс гадна хуулиараа нийцэх ёстой гэж баталсан “Төсвийн Дунд Хугацааны Мэдэгдэлтэй” (ТДХМ) нийцээгүй ажээ.

Пармешвар Рамлоган ч мөн үүнтэй санал нэг байна. Бид 2011 оны төсөв “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль зөрчсөнд санаа зовж байна. Яагаад гэвэл төсөв ТДХМ-тэй нийцэхгүй байна. Уг нь нийцсэн байх учиртай. Засгийн газар гаргасан хуулиа сахих хэрэгтэй гэж тэр хэлсэн.

Өнгөрсөн жилийн 6 дугаар сард батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн гол зорилго бол санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Харин Засгийн газар энэ хуулиа зөрчсөн нь урьдах он жилүүд шигээ төсвийн орлого нэмэгдэхэд замбараагүй үрж инфляцийн дарамтыг ихэсгэдэг байдалд эргээд орчих магадлалтай ажээ. Дээш доош, унаж боссон хэлбэлзэлтэй эдийн засгийн байдлаас гарахын тулд Засгийн газар төсвийн орлого ихтэй үед тодорхой хэмжээг нь цааш нь хадгалах хэрэгтэй. Тэгээд зэсийн үнэ буурлаа гэхэд Засгийн газрын зардлаа эрс багасгалгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байх ажээ. Үүнийг л санхүү, мөнгөний бодлогын тогтвортой байдал гэдэг бололтой. Гэтэл ирэх жилийн төсөв Пармешвар Рамлоганы хэлснээр бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн амин сүнсийг зөрчсөн” ажээ. Тэрээр манай Засгийн газар дээрх хуулийг хэрэгжүүлэхэд маш их анхаарах ёстойг олон хэлж байв. Хэрэв бид “Төсвийн тогтвортой байдлыг тухай хууль”-ийг хэрэгжүүлэхгүй бол урьдах жилүүдийнх шигээ сангийн бодлого замбараагүй болох ажээ.

“Ирэх жилийн төсөв 2010 оныхоос дордож байна уу?” гэж асуухад “2011 оны төсвийн байдал энэ жилийнхээс ч дордох төлөвтэй. Яагаад гэвэл сая Парламент баталсан төсөвт дефицит их хэмжээгээр өсөж, зардал их нэмэгдсэн нь инфляцийг огцом хөөрөгдөхөөр байна. Яг одоо монголын эдийн засагт инфляци тодорхой хэмжээнд их байгаа. 10 дугаар сарын сүүлээр инфляци 11 хувь болсон нь инфляци хөөрөгдөж эхэлснийх... Тэгээд бид инфляцийн дарамт ирэх жилийн төсвөөс болж улам ихсэнэ гэж тооцоолж байна” гэж тэр хариуллаа.

“Үнэхээр хамтарсан Засгийн газар сайн ажиллаж байсан уу?” гэж асуухад “ОУВС-гийн ‘Stand by’ хөтөлбөр бараг хоёр сарын өмнө дууссан нэг шалтгаан бол хамтарсан Засгийн газар сайн ажиллаж байсных… Энэ хугацаанд Засгийн газар сангийн маш сайн сахилга батыг харуулсан. Тиймээс ч манай хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Дахин хэлэхэд хөтөлбөр амжилттай хэрэгжсэний гол шалтгаан нь Засгийн газар сангийн сахилга батыг сахисанд байгаа юм. Бид цаашдаа ч ийм байна гэж найдаж байгаа” гэж тэр хэлсэн.

Тэрээр мөн өмнөх жилүүдэд манай улс эдийн засгийн хямралд орсныг сахилга баттай холбож үзэж байна лээ. Төсвийн орлого ихсэхэд шууд зарцуулах хорхой их хүрдэг аж. “Монгол Улс эдийн засгийн хямралд орсон нь сангийн сахилга батыг сахиагүйгээс болсон. 2004-2008 онд зэсийн үнэ өсөж, орлого нэмэгдэхэд Засгийн газар зарлагаа нэмэгдүүлсэн. Гэвч зэсийн үнэ унаж орлого буурахад Засгийн газрын санхүүжилд тасалдсан. Энэ шалтгаанаас болж төсвийн хямралд хүрсэн” гэж Пармешвар Рамлоган дүгнэж байна.

Сонгууль ба бэлэн мөнгө
Ийм төсвийг баталсан учир шалтгаануудыг мэдэхийг хүсэж түүнээс бас асуусан юм. Тэрээр ингэж ярилаа. “Монгол Улсад яг одоо зардлын маш хүчтэй дарамт байгааг бид ойлгоно. Нийгмийн болон дэд бүтцийн олон хэрэгцээ бий. Бид үүнийг үгүйсгэхгүй. Харин хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дэс дараатай, алгуур арга хэмжээ авах ёстой. Монголын эдийн засаг маш жижиг учраас гэнэт их хэмжээгээр зардлаа нэмэгдүүлэх нь эдийн засгийг сүйрүүлэх үр дагавартай. Тийм болохоор зардлаа их хэмжээгээр нэмэгдүүлэхдээ үр дагаврыг нь сайтар тооцож, дэс дараатай зарлагаа зарцуулах учиртай.”

“Мөн 2012 оны Парламентийн сонгууль яах аргагүй бодолцох зүйлийн нэг. Сонгууль дөхөх үлдсэн хугацаанд Засгийн газар, УИХ хоёр сангийн сахилга батыг сахихад маш анхаарах хэрэгтэй. Тэд сонгууль дөхөхөд зардлаа нэмэгдүүлэх хүслээ хазаарлах учиртай. Яагаад гэвэл сонгуулийн ойртоход зардлаа нэмэгдүүлдэг хандлага ажиглагдаг. Мөн тэд олон янзын амлалт өгөхөөсөө зайлсхийх чухал. Энэ бол өнгөрсөн он жилүүдэд гаргасан алдаа. Одоо Засгийн газар энэ алдаагаа давтахаас болгоомжилмоор байна.”

“Засгийн газар бэлэн мөнгө тараах эдийн засгийн бодит боломж бий юу? Та юу гэж үзэж байна?” гэж асуухад Пармешвар Рамлоган ингэж хариуллаа. “Их сайн асуулт тавилаа. Яг одоо Засгийн газар Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх орлогоос иргэддээ өгөх бэлэн мөнгөө санхүүжүүлнэ гэж найдаж байх шиг байна. Гэхдээ энд тодорхой бус зүйл олон бий. Уул уурхайн орлогоосоо бэлэн мөнгө тараана гэдэг бол найдлага юм. Тэгвэл энэ найдлага хэрэгжихгүй байвал яана. Засгийн газар иргэддээ өгөх бэлэн мөнгөний нөөцөө хуримтлуулж чадахгүй байвал яах уу? Үндсэндээ бол Засгийн газар уул уурхайгаас төсөвт орж ирэх орлогоор иргэддээ бэлэн мөнгө тараана гэдэг бол төсөөлөл юм. Гэтэл зарим гэрээг байгуулаагүй байгааг та мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор Засгийн газар амлалтаа хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд орж болно.

Мөн бидний үзэж байгаагаар бол уул уурхайгаас орж ирэх орлогыг улс орны урт удаан тогтвортой хөгжлийг бодолцож байж хэрэглэх ёстой. Засгийн газар бэлэн мөнгө тараахаас аль болох зайлсхийвэл зүгээр. Үндсэндээ бол бэлэн мөнгө тараавал хэрэглээ ихсэнэ. Хэрэглээ ихсэхээр импорт өсгөж инфляци хөөргөдөнө. Засгийн газар уул уурхайн их орлогыг ирээдүйн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бүтээлч хөрөнгө оруултыг хиймээр байна. Зам, замын нөхцөл байдлыг сайжруулах, төмөр зам, цахилгаан гээд дэд бүтцэд хөрөнгө оруулах хэрэг бий. Үүнээс гадна нийгмийн халамж, эрүүл мэндийн систем, боловсрол гээд Монголд хөгжүүлэх ёстой тэргүүн зорилтууд байгаа. Нуулгүй хэлэхэд хүн амдаа бэлэн мөнгө тараах гэдэг бол түгээмэл арга шүү дээ. Танай Засгийн газар бэлэн мөнгийг хүн бүхэнд хавтгайруулж өгөхөөс илүү хэрэгцээтэй хэсэгт нь онилж байгаад өгөх чухал юм. УИХ-д “Нийгмийн халамжийн хууль”-ийг өргөн барьсан байгаа. Энэ хуулинд нийгмийн халамжийг хэрэгцээ их хэсэгт хүргэх талаар орсон. Энэ их чухал хууль. Үүнийг л баталмаар байгаа юм.”

Монголбанкыг дэмжив
Монголын эдийн засагчид, бизнес эрхлэгчидтэй уулзахад Монголбанкны бодлогыг их шүүмжилдэг. Харин олон улсын эдийн засагчид мөнгөний бодлогыг дэмжээд байх юм. Дээр дурдсан Филип Беннетт “Монголбанкны мөнгөний бодлогод итгэж байна” гэж хэлсэн бол Пармешвар Рамлоган “Бид Монголбанкны бодлогыг дэмжиж байна” гэж бас ярилаа.

Түүний хэлснээр бол Засгийн газар зардлаа ихээр нэмэгдүүлсэн энэ үед Монголбанк мөнгөний бодлогоо чанга байлгахаас өөр аргагүй гэнэ. “Монголбанкны гол зорилго бол инфляцийг бууруулах, одоогийн төсвийн байдлаас үзээд инфляци хөөрөгдөнө гэж бодоход Монголбанк мөнгөний бодлогоо чангалж, цаашид хэсэг хугацаанд энэ чигээрээ байхаас өөр аргагүй.”

Монголбанк Засгийн газрын санхүүгийн бодлогоос салангид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй тул мөнгөний бодлогоо Засгийн газрын төсөв, санхүүгийн бодлоготой уялдуулж зохицуулах ёстой учраас ОУВС-гийнхан инфляцийн дарамт ихсэхэд бууруулах мөнгөний бодлого чанга байх ёстой гэж үзэцгээж байна. Пармешвар Рамлоганы ярианаас Монголбанканд учирч буй зовлон бэрхшээлийг ойлгож байгаа нь мэдрэгдсэн.

Дүгнэлт
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рамлогантай уулзсаны дараа сонгуулийн сургаар эрх баригч нам эдийн засгийн бодит байдлыг үл харгалзан дараагийн сонгуульд ялахын тулд төсвийн зардлыг нэмэгдүүлсэн юм биш үү гэж бодогдлоо. Энэ зөвхөн миний таамаг шүү! Гэхдээ иргэдэд бэлэн мөнгө тараана гээд нэгэнт амалчихсан болохоор бас яалтай ч билээ. Ямартаа ч гүрийсээр байгаад батлагдсан 2011 оны төсөв сэжиг төрүүлнэм. Төсвийн зардал нэмэгдэхэд улстөрчид хувьдаа “мөнгө босгох” бололцоо нээгддэг байж мэднэ. Хэрэв тэд гадаадын ажиглагчид, эдийн засагчдын магтаад байсан сангийн сахилга батаа яс баримталсан бол халаас хоосон дараагийн сонгуультай золгох ч байсан байж магадгүй. Тиймээс ч баталсан хуулиа зөрчиж, олон улсын хөрөнгө оруулагчдыг гайхшруулж, тэдний тоог цөөрүүлнэ гэдгийг ч мэдсээр байж улайн цайм ирэх жилийн төсвийг зүтгэсээр байгаад баталжээ. Хэрэв тийм бол энэ “голланд өвчин” биш “монгол өвчин” байж таарна!

Улстөрийн популист амлалтууд эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг анзаарч ирээдүйдээ засаж залуурах болов уу гэж найдаад Пармешвар Рамлоган гуай үгээр энэ бичлэгээ дуусгая. Тэрээр “Магадгүй энэ бол ганцхан удаагийнх байж болох юм. Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлээд эргээд сангийн сахилга батаа сахих байх” гэж арга ядсан байртай хэлсэн юмаа. Гэхдээ нэгэнт л зарлагадаад ард иргэдээ бэлэн мөнгөнд амтшуулаад эхэлвэл зогсох бас хэцүү байдаг бололтой... Сахилга баттай байхаа бусдаар заалгадаг цэцэрлэгийн хүүхдүүд шиг төрийн өндөрлөгүүдээ яалтай ч билээ. “Томоотой байгаач таминь ээ” гэлтэй ч биш дээ. Өмнөөс нь ичих юм...

No comments: