Wednesday, 1 December 2010

ХАДАГТАЙ МОД

Өглөө ажилдаа явахаар орцноосоо гартал явган хүний зам дээр мөс тогтсоныг үзэв. Үүлгүй тэнгэрийн илчгүй нарыг басамжлан гялтганах энэ мөс намар өнгөрч, өвөл ирж буйн дохио. Хүрэмнийхээ захыг босгож, малгайгаа янзлаад хүйтэн агаараар “шавхуурдуулан” хурдан хурдан алхсаар олны урсгалд би нийллээ.

Автобусны буудал дээр бээцэгнэн зогсох хүмүүс өөр өөрсдийнхөө чиглэлийн автобусанд гүйлдэн сууцгаана. Нэг автобус түр зогсож цааш давхихад нөгөө автобус араас нь ирнэ. Хүмүүс нэг нэгээ нөхөх автобусны буудал хөл ихтэй. Замын төмөр хашлаган дээр сууж урдаа тавьсан бор цаасан хайрцаг дээр тамхи, бохь, чихэр, ундаа, печень зэргийг зарах амны хаалттай, нөхөөстэй хүрэн дээл өмссөн эмээгээс бусад нь хүлээсэн автобусандаа сууж талийн одно.

Эмээгийн ард энэ намар Ерөнхийлөгчийн зарлигаар тарьсан дэрс шиг нарийхан, хараа муутай нэгний нүдэнд өртөхөөргүй зулзган мод торойх нь эмээг бараадаж хань татсан мэт. Ерөнхийлөгчийн зарлиг, ивээлээр хотын гудамжинд “заларсныг” эс тооцвол хөөрхий маань ойр хавьдаа гадуурхагдсан аятай нэг муу юм гозойно. Халзан газар гурван алхамын зайтай нүх ухаж эгнүүлэн тарьсан арваад зулзган мод амь амиа бодоорой гэх шиг “айдас хүйдэстэй” бэмбэгнэнэ. Аргагүй. Эмзэгхэн насандаа эвгүй газар “хувиарлагдсан” юм чинь.

Ирэх өвлийн хахир хатууг хэд нь давж, хэд нь “чадхийх” бол. Өвдөгнөөс өндөргүй хөөрхий энэ модод хэзээ манийгаа сүүдэртээ халхавчилж, халуун нарнаас хамгаалах юм болдоо. Бараг л хэзээ ч үгүй байх. Өвлийн хүйтнийг тэсдэг юмаа гэхэд хүний хөлнөөс бултаж чадахгүй. Дараа жил биш юмаа гэхэд дараагийн дараа жил дахиад л хүмүүс энд нүх ухна, мод тарина... Үүнийг би таньтай барьсан ч алзахгүй. Барих уу?

Миний мэдэхийн жилийн жилд бид мод тарьдаг. Би хар багадаа л мод тарьсан. Анх цэцэрлэгийн хүүхэд байхдаа хуучнаар Ажилчны районы цагаан байшингынхаа гадна хаврын хавсрагатай нэг өдөр аав ээжтэйгээ мод тарьж, гарын сайр хагарч цус шүүртэл амьхандаа хар шороо зөөж, хүрзээр газар ухсан. Тэгэхэд би зургаатай байлаа. Субботникоор тарьсан тэр олон модноос дараа жил нь нэг нь ч үлдээгүй. Харин илүү ухаад бөглөөгүй орхисон нүхэнд дөнгөж нүдээ нээсэн гөлөг унаж осгоод үхчихсэнийг би найзуудтайгаа цасаар булж оршуулснаа санадаг юм.

Бас хоёрдугаар ангид байхдаа, 26 жилийн өмнө, оросуудын барьсан, будаг ханхалсан шинэ байшинд ороод (бас нэг Субботникоор) байраараа мод тарьцгаасан. Балчир тархиндаа би “Манай хороолол зөндөө модтой, бүр жимсний модтой болно. Би найзуудтайгаа модон дээр авирч тоглоно” гэж мөрөөдөн томчуултай хамт нүх ухаж, хар шороогоор булж, модоо суулган, хувингаар ус зөөн усалсан. Тэгэхэд манай байрны хүүхэд бүхэн нэг модтой, түүнийгээ өдөр бүр шахам жинхэнэ пионер ёсоор усалдаг байв. Тэр хавар дөнгөж нахиалсан туяхан улиангар модоороо хүүхэд бүхэн бахархаж “Миний мод эхэлж нахиалсан”, “Чиний мод намхан, миний мод өндөр”, “Минийх олон навчтай” гээд л хоорондоо маргацгаадагсан.

Гэвч удалгүй манай байрны моднууд нэг нэгээрээ “үхэж” цөөрсөөр бид минийх, чинийх ч гэхээ больсон. Нэг модыг булдозероор дайрсан, нэг модыг хажуугын байрны манай дайснууд бидэнтэй чулуугаар байлдаж байхдаа албаар хугалж сүр хүчээ үзүүлсэн. Санадаг нь энэ хоёр бусад нь яасныг мэдэхгүй байна.

Анх тэгж мод суулгаснаас хойш манай байрны гадаа олон хавар, олон мод тарьсан байх. Харин миний үеийнхэн дахиж мод тариагүй. Мод тарьсан нэгнээ сэнтэг, тэнэг мангар гэдэгсэн: бидний ч зөв байлаа. Одоо манай байрны гадаа далий өнчин улиангараас анги нэг ширхэг ч ургаа мод үгүй. Бидний тарьсан олон модноос манай байрны ард ургасан далий улиангар л ганцаараа амьд үлдэж өдий хүржээ. Ертөнцийн зүгээр бол урд талд ургасан зүүн тийшээгээ далийсан, гурван давхар өндөр, өнчин улиангар: уг нь далий суулгаагүй, элс ачсан камаз ухрахдаа мөргөөд далийлгачихсан юм.

Энэ жил Ерөнхийлөгч жил бүрийн 5, 10-р сарын эхний хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болго гэж зарлигдлаа. Тэгээд ч тэр үү, худалч хүнд хөгшин хүний шүднээс цөөхөн модтой Улаанбаатарт энэ хавар, намар хаа сайгүй л мод тарив. Нэгэнт л модгүй газар мод тарих нь ойлгомжтой бөгөөд Ерөнхийлөгч буянтай зарлиг буулгасан нь ч гарцаагүй.

Гэхдээ мод тарихаас асарч халамжлах амин чухал. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар тарьсан модоо зөнд нь орхивол хэзээ ч бид олон модтой болохгүй. Модтой болсон ч одоогийнх шигээ дутуу арчилаад байвал өнгө жавхаагүй байна. Улаанбаатарын гудамжинд мотоцикл мөргөдөхөд хугарахаагүй, арайхийж том болсон зарим модыг харахад өрөвдмөөр болдог. Хорхойдсон шүд шиг эвгүй харагдах эдгээр модыг асарч тойлоогүй нь илт... Одоо ийм байж болохгүй. Ялангуяа ганц нийслэлдээ.

Бидний өвөг дээдсийн ганц сураагүй юм нь мод тарих. Нүүдэлчид байгаль дэлхийдээ ээлтэй амьдардаг ч мод тарьж, цэцэг усалж яваагүй. Нүүдэлчид мал сүрэгтээ шим тэжээлтэй бэлчээрийг хайн газар сэлгэн нүүдэлдэг байсан. Талхлагдсан бэлчээрийг орхин явах нь тэдний хувьд газар дэлхийгээ асрамжлан тойлж байгаа нь. Түүнээс биш ганц газартаа “гадас шиг шаагдсан” суурин амьдралтай хүмүүсийн адил орчин тойрноо өөрсдийнхөө үзэмжээр янзалж сураагүй.

Эндээс л бидний модтой харилцах харилцааны онцлого харагдана. Өөрөөр хэлбэл байгаль дэлхийгээ оролдохгүй л орхивол боллоо гэж үздэг нүүдэлчдийн сэтгэхүй бидэнд өвлөгдөн иржээ. Гэтэл XXI зуунд байгаль орчноо байгаагаар нь байлгах гэж зөнд орхиж гараа хумхин суух биш харин ухамсартайгаар амьдрах орчноо тохижуулах булташгүй шаардлагатай болжээ. Эс тэгвээс орчин цагийн хүн гэдэг амьтан хүссэн хүсээгүй байгаль дэлхийгээ сүйтгэн сөнөөгч билээ. Тиймээс ч бид байгаль орчиндоо хандах хандлагаа үндсээр нь өөрчлөх цаг болжээ.

Одоо модны үнэ цэнийг бид бүгд ухаарч. Ялангуяа нийслэл хотод мод тарьж ургуулах асуудал их хөндөгдөж байна. Гэвч, модтой орчинд амьдрахыг хүн бүхэн хүсэвч харин хэрхэн гудамжандаа ургуулах вэ гэдгээ өдий хүртэл нэг л сайн мэдэхгүй байх шиг. Энэ бол монголчууд бидний байгаль орчноо зөв зохистой засаж янзлахгүй зөнд нь орхидог хандлагаас мөн шалтгаалсан.

Мод ургуулах том соёл. Суурин соёл иргэншлийн урт удаан түүхтэй улс орнуудад мод амьдралын бэлэг тэмдэг болдог. Сүсэг бишрэлтэй гэхээр модтой тэд харилцдаг. Талийгаач болсон нэгнээ дурсан мод тарихийг Европын орнуудын зан заншил гэж хэлж болно.

Англид модтой хэрхэн харилцдагыг би тэнд амьдарч байхдаа анзаарч явлаа. Тэндэхийн мод эрүүл, жавхаатай сайхан харагддаг. Лондонд хэдэн зуун жилийн настай сүрлэг мод хаа сайгүй тааралдана. Мод сайхан ургасан орчинтой газрын байр байшингийнх нь үнэ ч гэсэн харьцангуй өндөр. Шинэ барилга байгууламж баригдаж бараг дуусаагүй байхдаа л орчин тойрноо модоор хүрээлүүлэн чимдэг нь үнэхээр бахархалтай.

Зулзган модыг биш “нас бие” гүйцсэн модыг шилжүүлэн суулгадаг арга нь надад их зүгээр санагдсан. Ер нь тэнд эрүүл модыг тайрч устгадаггүй. Хэрэв мод ургасан газар байр байшин эсвэл зам тавихаар бол үндсийг нь гэмтээлгүй аваад ондоо газар суулгадаг юм байна лээ. Америкад ч мөн тэгдэг аж. Ганцхан жишээ татья, 2001 оны 9 дүгээр сарын 11-ний алан хядагчийн халдлагад өртсөн Нью Иоркийн худалдааны төвийн орчинд саяхан дурсгалын моднууд суулгахдаа зургаагаас есөн метр ургасан өндөр моднуудыг ондоо газруудаас авчирч шилжүүлэн суулгаж байна лээ. Тэр модод хожим нь ойролцоогоор 24 метр ургах бололцоотой гэнэ.

Энэ практикийг манай Улаанбаатар ч мөн хэрэглэж эхэлж байна. Хэрэв үнэхээр зохих текнологийнх нь дагуу энэ аргыг хэрэглэвэл ойгоос “бие хаа бадриун” моднуудыг зөөж, харин зулзган мододыг хүн амьтны хөл гараас холдуу газар үржүүлвэл нийслэлээ арай хурдан моджуулах болов уу.

Дээр цухас дурдсан Европын орнуудад модонд сүсэг бишрэлтэй ханддаг гэж. Монголчууд бидэнд ч мөн ийм уламжлал бий. Монгол газар “Хүслийн мод”, “Ээж мод” г.м бидний дээдлэн хүндэлдэг хадагтай мод хаа сайгүй. Улаанбаатарт ч гэсэн хадагтай мод энд тэнд үзэгдэх болсон. Харин одоо бүх модыг “хадагтай” гэж хүндэлж (гэхдээ өнгө зүсийг нь байнга тордож), сүсэг бишрэлтэй хандвал эх орны маань хот суурин газруудад ургаа мод олширч, байгаль дэлхий маань баясана. Бид ч буян үйлдэнэ. Яагаад гэвэл мод бол ирээдүй хойчдоо бидний өвлүүлж буй амьд баялаг билээ.

No comments: