Wednesday, 1 December 2010

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНӨӨ ЗААХ УУ, ЗААЛГАХ УУ?

Энэ сарын 11-нд Замын цагдаагийн газрын дарга, Нийслэлийн боловсролын газрын дарга хоёрын хамтарсан тушаал гарчээ. Уг тушаалд замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Замын хөдөлгөөний соёл” сургалтын хөтөлбөрийг “Иргэний боловсрол”-ын хүрээнд оруулахаас гадна хичээл эхлэх, тарах цагаар сургууль орчмын явган гарц бүхий газар гэрэл цацруулагч өмсгөлтэй анхааруулах тэмдэг барьсан хүмүүсийг зогсоохыг дунд сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.

Дээрх тушаалыг сонсоод би ноён Жонсоныг гэнэт саналаа. Ноён Жонсон өнгөрсөн жил Монголд ирээд машинд мөргүүлөөд буцсан юм, хөөрхий. 2 сар гаруй Улаанбаатарт байхад нь түүнийг хамгийн их шооконд оруулсан зүйл бол замын хөдөлгөөн. Уг нь тэрбээр манайхаас илүү машинтай, манайхаас ч илүү замтай Лондон хотоос ирсэн. Бодвол хар багаасаа л машин зам гаталж явсан биз. Олон замтай газар төрж, өссөн хүн биднээс илүү туршлагатай баймаар. Гэтэл Улаанбаатарт буусан өдрөөсөө л зам гатлах гэж үйлээ үзсэнсэн. Сургуулийн хүүхдүүд байтугай цэцэрлэгийнхэн хажуугаар нь түвэггүй алхаж байхад манай хашир замын гэрэл рүү нэг, урдуур хойгуур өнгөрөх машин тэрэг рүү нэг зангаад л амаа ангайгаад, толгойгоо сэгсэрээд зогсчихно. Зориглож, зориглож хэд алхахаараа замын голд очоод гацчихна. Үнэн бойтог. Гадаадынхан ийм эргүү малууд билүү гэж бодогдож билээ.

Дөнгөж ирчихээд манай замын хөдөлгөөнийг муулж, үглээд байхаар нь нэг удаа ноён Жонсонд:
—Манайхан ногоон гэрлээр зам гаталдаг. Улаан гэрлээр машин явдаг гэж аргаа бараад хэлтэл тэр ууртайгаар:
—Үгүй тэгэхгүй байна! Чи сохор юм уу гэрлээ хар! Манайх ч гэсэн ногоон гэрлээр зам гаталдаг. Гэтэл танай машинууд ногоон гэрлээр ч давхих юм. Улаан гэрлээр ч давхих юм гэлээ. Би мөчөөгөө өгөлгүй:
—Танайх манайхаас эсрэг урсгалтай болохоор та будилж байгаа юм болов уу? гэтэл:
—Тэр хамаагүй. Би Оросод зөндөө очиж байсан. Танайх шиг л лав биш гэлээ.
—Манайх гэхдээ замын хөдөлгөөнөө зохицуулах олон цагдаатай байгаа биз дээ. Танайд лав ийм олон замын цагдаа харагдаггүй шүү дээ гэтэл:
—Замын гэрэл байхад цагдаагаар яах юм гэв. Бодож бодож:
—Танай замын түгжрэл аймаар биз дээ гэтэл:
—Манай замын түгжрэл танай энэ замбараагүй байдлын хажууд юу ч биш! гээд миний амыг таглав. Амаа таглуулчихаад “Танд зам гатлахыг зааснаас нохойнд нь заасан нь дээр юм байна” гэж бодож зогслоо. Одоо харин Монголд дахиж тэр ирвэл “Манайх дунд сургуулийн хүүхдүүдээ замын хөдөлгөөний дүрмийг заадаг болсон. Та хичээлд нь сууж заалгахгүй юм уу?” гэж цаашлуулъя гэж бодоод байгаа юм. Харин тэр юу заадаг юм бол гэж гайхах байхдаа...

Нээрээ бодсон чинь дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй хотын тоонд манай нийслэл орохгүй юм байна. Орно гэж зүтгээд ч сажий нь хүрэхгүй. Монголын нийт хүн амын тоо нэг томоохон хотын машины ч тоог гүйцэхгүй байхад бид яаж ч “үглээд” тэдний зиндаанд очихгүй. Бразилийн Сан Пауло хотод 266 км урт машины түгжрэл үүссэн гээд боддоо. Үүний хажууд манай түгжрэл юу ч биш байгаа биз. Дэлхийн хамгийн замын түгжрэлтэй хотуудын жагсаалтанд бидний сайн мэдэх Москва, Бээжин хотууд сүүлийн үед дээгүүр тавигдах боллоо. Нэгэн судалгаараар энэ хоёр хотын жолоочид дэлхийн хамгийн уур уцаартай жолоочид гэгджээ. Оросууд өдөрт дунджаар 2-3 цаг замын түгжрэлд гацдаг гэсэн байх юм. Оросын Зам тээврийн яамны мэдэгснээр бол жилд замын ослоос болж 12.8 тэрбум ам.доллар алддаг гэжээ. Мөн Аэрофлот замын түгжрэлээс болж зорчигчид ба ажилчид нь нислэгээсээ хоцордог тухай мэдэгдэл гаргахдаа замын түгжрэлээс болж өдөрт 495,440 ам.доллар алдаж байна хэмээн гомдолжээ.

Тэгэхээр дэлхийн хамгийн олон машинтай, замын түгжрэлтэй хотын тоонд Улаанбаатар орохгүй. Гэвч замын хөдөлгөөнд шийдэх олон асуудал бий. Бид нийт тоо, дүнгээрээ бусдаас бага аваар осол гаргадаг ч нэгж хүн, машинд тохиолдох аваар ослоороо нэх дутаад байхгүй байж болох юм. Хэрэв нарийн судалвал дэлхийн хамгийн уур уцаартай, бүдүүлэг жолоочдын тоонд монголчууд бид тэргүүлэх байх. Бээжин, Москвад олон монголчууд очиж байсан, тэнд арай ч манайхан шиг жолоодож, аашилдаггүйг мэдэх хүн олон бий.

Дэлхийд хамгийн их машин түгжирдэг хотуудын тоонд ордог Токио, Сөүл, Лондон гэх мэт хотуудад очсон үзсэн монголчууд тэдгээр улсын замын хөдөлгөөний соёлыг магтдаг нь манай замын хөдөлгөөнийг ондоо өнцгөөс харах шаардлагатайг хэлээд байна. Токиод очсон нэг монгол эмэгтэй, ногоон гэрэл асчихаад байхад машин явахыг хүлээгээд зогсчихсон гэсэн. “Та яагаад зогсчихов” гэсэн чинь “Энэ машинууд эхэлж явахгүй юм уу?” гэж хариулсан нь бид хэчнээн “хашир болсныг” хэлээд байгаа биз... Сүүлд нь тэр нутагтаа буцаж ирээд замын цагдаагаас “Хүн хэзээ явах юм бэ?” гэж асуусан гэж байгаа.

С1 телевизийн сувгаар мэдээлснээр бол зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. 2008 онд Гэмтэл согогийн төвд тусламж авахаар ирсэн 0-4 насны хүүхдүүдийн 83.3 хувь нь зам тээврийн осолд орсон байжээ. Таван жилийн дунджаар жилд 341 хүн нас барж, 1000 хүн гэмтсэн байна. Энэ нь явган зорчигч, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох мэдлэг тааруу, хэнэггүй зангаас нь болсон гэж судалгаар нотлогдсон гэнэ. Энэ нь үнэн байх. Гэхдээ 0-4 настай хүүхдүүдэд бурууг тохох хаашаа ч юм бэ? Гээндээ ч байна, гоондоо ч байна.

Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн өртөж, гэмтдэг байна. Энэ оны эхний хоёр сарын хугацаанд гэхэд л 67 хүүхэд осолд өртжээ. Ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүд хичээлд явах, гэртээ харих цагт зам тээврийн осолд өртдөг аж. Тийм ч болохоор сурагчдыг хичээлд ирэх, тарах үед дунд сургуулийн ойр орчмын замын явган гарцын хажууд харгалзагч том хүнийг (сайн дурын эцэг эхчүүдийг) байлгахыг ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлуудад даалгасан байна. Энэ бол муу шийдэл биш. Дэлхийн зарим улс орнуудад ч ингэдэг. Харин эдгээр зам гатлуулагч хүмүүсийг жаахан ч атугай урамшуулах цалин өгвөл энэ асуудлыг бүр ч нааштай шийдэж болох юм.

Хотын төвийн нэгэн сургуулийн ойролцоо хүүхдүүдийг зам гатлахад нь тусалж зогссон нэгэн бүсгүйгээс “Замын гэрэлд найдаж болдоггүй юм уу” гэж асуухад “Замын гэрэлд найдах ямар ч боломжгүй. Гэрэл нь замбараагүй асаж унтардагаас гадна жолооч нар дүрмээ огт баримталдаггүй” гэж хариулж байсан. Тэгэхээр хүүхдүүдийг замын хөдөлгөөний соёлд сургахдаа зөвхөн ногоон гэрлээр зам гаталж, улаан гэрлээр зогс гэж заах бодит байдалд нийцэхгүй. Тэдэнд бодит байдлыг ухуулж, томчууд ч гэсэн дүрэм журмаа баримталдаггүйг ойлгуулах нь чухал. Замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд зөвхөн хүүхдүүд ч биш насан хүрсэн томчууд ч гэсэн тэдэнтэй хамт нэг ширээний ард сууж суралцах цаг болжээ. Хэрэв бид өөрсдийгөө шударга дүгнэж чадах бол бидэнд замын хөдөлгөөнд оролцох соёл огт байдаггүйг хүлээн зөвшөөрөх байх. Жишээ нь миний бие Төв шуудангийн ардах (ертөнцийн зүгээр) замаар байнга зам гаталдаг. Тэгэхдээ ногоон гэрлээр чөлөөтэй амар тайван зам гаталснаа огт санахгүй байна. Ногоон гэрэл асаж байхад машин явж л байдаг учир өөрийнхөө овсгоо самбаанд найдаж л “галын шугамаар” гардаг. Хааяа нэг замын цагдаа ногоон, улаан гэрлийг үл харгалзан зохицуулж байхад л амар тайван алхснаа санах юм.

Цахим сүлжээгээр дэлхийн хотуудын замын хөдөлгөөний соёлыг харч суухад манайх шиг зай л гарвал халуурсан бух шиг дайрдаг нэг ч газар алга. Энэтхэгийн Нью Дели хотыг дэлхийн хамгийн галзуу замын хөдөлгөөнтэй гэж нэрэлдэг ч манай хажууд хамаагүй соёлтой юм байна. Тэнд нэг чиглэл урсгалаар давхиж буй машин тэрэгнүүд яг л нэг амьтай могой шиг урсах юм. Дөрвөн замын огтолцол дээр зөрөлдөж байгаа нь үнэхээр биширмээр. Өндөр хөгжилтэй улс орны жолооч нар шиг нэг урсгалын машиныг өнгөрөөгөөд жаахан зай гаргаад ондоо урсгалын машин явахгүй ч гэлээ, ямар нэг увдисаар, зургаа дахь мэдрэхгүйгээр хоорондоо мөргөлдөхгүй олон могой гулсаад зөрөлдөөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь гайхалтай. Магадгүй тийм ч учраас “Энэтхэгт машин барьж сурвал дэлхийн хаана ч машин барьж чадна” гэдэг хэллэг гарч. Тэдний замаар зөвхөн машин ч биш дугуй, тэрэгнүүд давхиж байдаг гээд боддоо. Тэгээд ч манайхаас хамаагүй олон хүн амтай газар. Харин манайд дугуйтай хүн машин замаар зорчих үнэн аймшиг. Манайд машин барьж сурсан хүн дэлхий хаана ч очоод машин барьж чадахгүй байхаа. “Youtube”-ээр Улаанбаатарын зүүн дөрвөн замын түгжрэлийг харахад үнэхээр монголчууд чинь ийм тэнэг билүү гэсэн сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Бидэнд ямар ч зохион байгуулалт, мэдрэмж алга. Бодвол замын гэрлэн дохио асдаг л байх л даа. Гэхдээ одоо замын гэрлэн дохио асдагийг нь биш харин хэр хоорондоо зохицож асаж унтардагийг сайтар анзаарч шалгамаар байна. Замын гэрлэн дохиогоо хооронд нь уялдаа холбоотойгоор асаж унтраадаг ухаан бидэнд баймаар л юм даа. Замын цагдаагийн даргаа!

Нийслэлийнхээ замын хөдөлгөөнг дэлхийн бусад хотын замын хөдөлгөөнтэй харьцуулан сонирхож суутал нэгэн гадаадын хүний бичсэн дүгнэлтийг уншлаа. Тэрбээр “Монгол хүн бүхэн өөрийгөө мундаг дарга гэж үздэг тул монголын замын хөдөлгөөн үнэхээр өвөрмөц гэж” бичсэн байх юм. Үнэхээр манайд жолооч бүхэн өөрийгөө Ерөнхийлөгч гэж үзээд болж л өгвөл урагш зүтгэдэг нь биднийг гадаадын жуулчдын нүдэнд өвөрмөц харагдуулдаг бололтой. Харин сайнаар уу, муугаар уу? Та хариул.

Дэлхийн эдийн засгийн формоос гаргасан 2010-2011 оны Өрсөлдөх чадварын илтгэлд Монгол Улс замынхаа чанараар дэлхийн 139 орноос 138-д багтсан байна. Харин дэд бүтцийнхээ чанараар бахархууштай нь Ангол, Босни Херцеговина хоёрын өмнө 137 оржээ. Хэрэв зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн соёлыг чансаагаар нь гаргасан бол бид бас л энэ хавьцаа бичигдэх байх... Мэдээж манайд замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд олон бэрхшээл, хүчин зүйлс бий. Манай зам муу, зохион байгуулалт муу, гэрлэн дохио “солир”, өвөл их хальтаргаатай гээд олон зүйлийг тоочиж болно. Гэхдээ жолооч бүхэн өөрсдөөсөө хамаарах зүйлийг хийхгүй байх нь бас буруу...

Эцэст нь, ноён Жонсон Монголоос явахдаа Чингис хаан онгоцны буудал дээр чамд нэг зүйлийг хэлий гэж байгаад ингэж хэллээ.
—Танай замын хөдөлгөөн, улс төр хоёр чинь яг адилхан юм байна гэв.
—Яагаад?
—Яагаад гэвэл замын хөдөлгөөн чинь ямар ч зохицуулалт байхгүй болохоор замын цагдаа заавал хэрэг болдог. Улстөр чинь учир нь олдохгүй болохоороо заавал нэг дарангуйлагчийг хүсдэг гэв. (Энд ноён Жонсоныг машинд мөргүүлснийг тайлбарлахгүй бол болохгүй байх. Тэрээр Энхтайваны өргөн чөлөөний 4 замаар ногоон гэрлээр зам гатлах гэж байгаад машин мөргүүлсэн юм. Нөгөө машиныг нь буруу дохиогоор давхисан гэж буруушаах гэтэл бас болоогүй. Учир нь цаад талаасаа машин явж болно гэсэн гэрэл асчихсан байсан юм.)

Тэгээд ноён Жонсон юу хэлчихэв гэж бодож явтал нөгөө системийн гажуудал гэдгийг л хэлчихсэн юм болов уу. Хэрэв тийм бол эхлээд замын хөдөлгөөнийхөө дохио зангааг зохицуулчихаад хүүхэд шуухдад ном ёсоор нь заагаачээ. Эцсийн эцэст тэдний маань амь настай холбоотой асуудал шүү дээ. Зөвхөн цаасан дээр бичсэнээр заах биш бодит байдлыг өсвөр үеийнхэндээ зөвөөр ухуулж, замын хөдөлгөөнийг зохицуулах ухаан бидний үеийнхэнд байхгүй гэдгээ ил тод шударгаар хэлж, та нар харин ирээдүйд зохицуулаарай гэж урамшуулаад, тэдэнд машинаас бултах, зайлах арга техникийг хүртэл зааж сургах дахиад тушаал гаргаачээ, хоёр даргаа

No comments: