Thursday, 11 November 2010

ЗАВГҮЙ Л ЯВНА...

90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан ч 10 хувиараа завгүй хөдөлмөрлөж явна хэмээн алиалж суух хүнийг О.Наранчимэг гэдэг. Тэр “Тэргэнцэртэй фермерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн. Хувиараа газар тариалан эрхэлдэг, 40 настай, өрх толгойлсон бүсгүй. “Толгой эрүүл. Хоёр гар эрүүл. Амьхандаа л чадлынхаа хэрээр хүний доор орчихгүй юмсан гээд зүтгэж явна. Яаж группын 120 мянган төгрөгөөр хүүхдүүдээ тэжээх вэ. Одоо эдний хэрэглээг гүйцэхээ болилоо. Ном дэвтэр, хувцас хунар...эрэгтэй хүүхдүүд чинь пүүз, пүүз л гэх юм. Пүүз нь дийлдэхгүй. Хямдханыг авахаар өдөртөө л ханзарчихна. Жинхэнэ оригийг нь авч өгч чадахгүй ч, эдэлгээг нь бодоод гайгүйг нь авах юм” гэсээр тэр надад гэр орныхоо байдлыг танилцууллаа.

Энэ бүсгүй дунд сургуулийн 8, 11 дүгээр ангид суралцдаг хоёр хүүтэй. Одоо дүүгийндээ есүүлээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд хашаа байшинд түр амьдардаг. Сүүний технологч мэргэжил эзэмшээд, Сүүний үйлдвэрт ажиллаж байхдаа ажлаа хийж яваад 21 насандаа автомашины аваарт орж суумгай болжээ. “Аваарт ороод нуруу нугасаа гэмтээгээд бараг нялх хүүхэд шиг болсон. Памперс мамперс л хэрэглэнэ. Хүүхдүүдийнхээ талхны мөнгөөс хумслаад памперс авах хэцүү, байх ч хэцүү. Тиймээс гараа хумхиад зүгээр суух арга алга.” Наранчимэг үнэхээр зүгээр суугаагүй аж.

“Аваарт орсны дараахан аймаар хэцүү байлаа. Гэр орныхон маань хамаг юмаа хаяад намайг асарсан. Байнга нэг хүн хажууд байна. Тэгсээр ар гэрийн эдийн засаг уналтанд орсон. Сэтгэл санаа ч хүнд. Аав, ээж хоёр хагас галзуу явцгаасан. Гурван сар намайг эмнэлэгт сахиад л...тэрнээс хойш хот руу орж ирсэн. Яаж бас хэдэн малтай байсан юм. Малаа зарахыг нь зараад л, идэхийг нь идээд л дуусгасан. Хотод намайг эмчлүүлэх гээд нааш цаашаа эмнэлэг домлогоор явахаар хоол унд, эм тариа, унаа тэрэг гээд л мөнгө төгрөг урсана. Тэр үе чинь дөнгөж зах зээлд шилжиж байсан 91 он. Манайхнаас ажилтай хүн ч байгаагүй. Нэг хэсэг хэцүүдсээн... Тэгээд л ‘Ямар үхсэн биш. Босъё!’ гээд л сэтгэлээ чангалсан даа.” Тийнхүү шүд зуун “боссоноосоо” хойш тэр зөвхөн гэр бүлдээ биш нийгэмдээ тус дэмтэй олон зүйл хийжээ.

“Миний охин чинь юм хумханаар юм хийчихдэг. Эхлээд гар урлал, түлхүүрийн оосор хийдэг байлаа. Дараа нь надтай хамжиж дээл оёсон. Одоо бидэнд заагаад ногоо ургуулж байна” гэж 64 настай ээж нь магтсан юм.

Анх бэлэг дурсгалын зүйлс, түлхүүрийн оосор хийж эхэлснээсээ хойш эд жижиг сүүний цех ажиллуулжээ. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслөөр 2001-2005 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн арван өрхийн эмчид сульдаатай хүүхдүүдийг чийрэгжүүлэх зориулттай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэхэд Наранчимэг удирдаж, гэр бүлийнхэн нь тараадаг байж.

Үүний дараа хөдөө аж ахуйн салбарт “хүч үзмээр” санагдсан аж. Тэгээд тэр 250 тахиа худалдан авч, Ар Гүнтэд битүү галалдаг байр бариулаад, аав ээжээрээ тэжээлгэн, өндгөө борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлжээ. Гэвч туршлагагүйгээс хөгшин тахианууд худалдаж авснаас тахианы өндөг цөөрч. Тэгээд Наранчимэг газар тариалан руу орохоор эрс шийдсэн аж. Гэхдээ дараа жилээс дахиад тахиа үржүүлэх бодолтой гэнэ. “Тахиа ашигтай, зүгээр юм байна лээ. Ногоо тариа маань жигдрэхээр дахиад тахиа үржүүлнэ” гэж хэлсэн.

Мөн тэр хөдөлмөрлөхийн хажуугаар суралцсан: 2005-2008 оны хооронд Монгол Фермер дээд сургуульд суралцжээ. “Фермерийн чиглэлээр юм хийе гэхээр мэдлэг дутаад... Тэгээд л сургуульд сурсан. Урьд нь бас сургууль төгссөн тул дундаас нь орж, гурван жил сурсан. Энэ сургуулиа төгсөөд л ногоо тарья гэж зориг шулуудаад бусдыг ч мөн уриалж явна.”

Нуруу нугасны гэмтэлтэй 6 эмэгтэйг нэгтгээд, тэдэнд сурсан мэдсэнээ заан, “Тэргэнцэртэй фермерүүдийн холбоо” ТББ байгуулсан аж. “Ийм улсууд яаж ногоо тарих юм гэж хүмүүс гайхацгааж байсан. Гэвч болдог л юм байна. Манай хүүхнүүд аягүй чадварлаг, дайчин, хөдөлмөрч. Бүгд л эрүүл явж байгаад гэмтсэн улс. Би ганцхан өөрийгөө биш бусдыг бодох нь амьдралын утга учир гэж ойлгосон... Бид хийж чадахгүй юмаа хүүхдүүдээрээ хийлгэдэг. Хүүхдүүд ч багаасаа ажил төрөлд суралцаж байна.”

“Манай 6 хүүхэн ‘Монголын эмэгтэйчүүдийн сан’ санхүүжүүлсэн ‘Монголын фермер эрхлэгчдийн холбоо’-ны 6 сарын сургалтанд сурсан. Энэ жил хоёрдох жилдээ ногоо тариад бүгд л сэтгэл хангалуун, боломжийн юм байна гээд л урамшиж байгаа.” Наранчимэг ТББ-ынхаа үйл ажиллагааг өргөтгөөд олон хүнийг хамруулах хүсэлтэй байгаа аж. “Хүмүүс хашаандаа мод тариад, зүлэгжүүлээд, жаахан буландаа ч гэсэн хүнсний ногоо тарьдаг болоосой” гэж тэр хүсдэг.

Энэ жил Наранчимэг аав ээж, ах дүү нарынхаа хамт 1 га газар манжин, лууван, байцаа, төмс, сонгино, бас хүлэмжинд өргөст хэмх тарьжээ. 1 га газраасаа 4-5 тонн ногоо хураасан гэнэ. “Одоо ямартаа ч өөрсдөө эрүүл хүнсээ идээд, илүү гарсныг нь шинэ жилээр, хавраас зарна гээд хадгалчихсан байгаа. Овойж оцойтлоо ашиг олоогүй ч бусдад дарамтгүй амьдрахыг зорих юм. Хүүхдүүдийнхээ хоол унд, өмсөж зүүхээс илүү гарахгүй ч цаашдаа гайгүй болох болов уу гэсэн найдлагатай явна.”

Эднийх дараа жил талбайгаа томсгоод ногоо ахиухан тарья, мөн хадгалах зоорь ч барья гэсэн төлөвлөгөөтэй аж. Нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэхээр хэрэгжүүлсэн төслүүдээс зоорины төсөл аваад зоорио барьж эхэлсэн ч намрын ажил давхцан энэ жил хараахан дуусгаж чадаагүй гэнэ. Гэхдээ бүх материалуудаа авчихсан тул ирэх хавар дуусгахаар тооцоолж байна.

“Техник, тоног төхөөрөмжтэй болох хэрэгтэй юм байна. Бид дараа жил техник, тоног төхөөрөмжтэй болох зорилттой. Манайх нийт 5 га газартай ч одоо дөнгөж 1 га газартаа ногоо, 2 га газартаа малын тэжээл тарьсан. Техник тоног төхөөрөмжгүй болохоор юм болгон дээр хүний гар харж, энэ тэндээс гуйх юм. Машин техникүүдийн хэрэгцээ их болсон учраас оочер дараалал үүсэж, заримдаа цаг хугацаанд нь ажлаа амжуулж чадахгүй байна. Дараа жилээс хэрэв тоног төхөөрөмжтэй болчихвол талбайгаа өргөсгөнө.”

Наранчимэг аваарт орсныхоо дараа юу хийх үү гэж их боджээ. Тэгээд арваад жилийн өмнө зээл аваад жижиг үйлдвэрлэл эрхэлье гэж санатал банкууд түүнийг “Чи хуулийн хариуцлага хүлээх этгээд биш” гээд халгаагаагүй аж. “Харин сүүлийн үед Нийгмийн хамгааллын яам, халамж үйлчилгээний газруудаас янз бүрийн төсөл хэрэгжээд сайхан болжээ. Юм хийж байгаа хүнд буцалтгүй тусламж хүртэл өгдөг. Манай газар тариалангийн ажил ч гэсэн төсөлд хамрагдаж, тусалцаа авсан. Одоо барьцаалах хөрөнгөтэй л бол банкнаас зээл авах боломжтой болсон. Цаашдаа улам сайхан болох байх” гэж ирээдүйн сайн сайхныг зөгнөн хэллээ.

Ирээдүйн сайхныг тэр зөгнөсөн ч түүнд бас айдас бий. Хоёр хөгшнөө өнхөрөөд өгөхөөр би яана даа гэж зовнин явдаг нь түүний ярианаас мэдрэгдсэн. “Хоёр хөгшин өнхөрөөд өгвөл би ганцаараа хэцүүдэх л байх. Хүүхэд шуухад өсөөд ажил төрөл, сургууль соёлд яваад өгнө. Ах дүү амраг садан ч ажил төрлөө хөөцөлдөөд намайг гэхгүй байх. Тус тусын амьдралтай хүмүүсийг энэ тэндээс нь чангаагаад байх боломжгүй юм байна лээ. Надад хөөрхийс бүгд чадах ядахаараа тусалдаг л даа. Гэхдээ бусдад дарамттай амьдармааргүй байна. Чадалтай дээрээ ганц байрны мөнгө хийчихье гэж санавч мөдгүй янзтай. Уг нь би аль 92 оноос ус нь бэлэн, дулаахан байранд орчих юмсан гээд өргөдлөө бариад л Хотын захиргаагаар явлаа. Олон ч жил явж байна.”

“Нүд анихаас өмнө энэ гурав маань ганц өрөө байртай болчихоосой гэж эмээ нь залбирдаг. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөөд, төрийнхөө сүлдэнд залбирах юм байна шүү дээ. Ээж, аав хоёр нь өнхөрөөд өгвөл энэ хүн хэцүүднэ. Олон жил ингээд явчихаар чинь сүүлдээ бүр ах дүү нартайгаа ч таарахаа больдог юм байна. Нэг гэрт олуулаа шавааралдахаар аргагүй ч юм уу” гэж намайг сүүтэй цайгаар дайлангаа ээж нь хэлэв.

Зарим хөгжингүй улсад тахир дутуу хүнийг асарсан хүн ч тэтгэмж авдаг. Тэгэхээр суумгай охиноо орхиод мөнх бусыг үзэх вий гэж эмээн боддог монгол эхийн сэтгэлийг ойлгоход амархан. Мөн тэднийг энэ сэдвээр ярихад нэг зүйлийг сайн ухамсарлав. Сонгуулиар ард иргэдийн итгэлээр тоглож, худлаа амладгаа улстөрчид болих хэрэгтэй гэж. “Сонгууль болохоор л бүгд л ‘Өө тэр асуудлыг шийдээд өгье’, ‘Сонгуульд гардаг л юм бол тусална’, ‘Та дараа нь ирээд уулз, заавал тусална’ гэж долигонон гүйцгээж байгаад сонгуулийн дараа бол уулздаг ч үгүй юм байна лээ. Би уулзах гээд л амьхандаа зарлага гаргаад л явж байгаа ш дээ. Гэтэл жижүүр, туслахууд нь халгаадаг ч үгүй. Туслахуудаас нь цаг авах гээд баахан утасдана. Утасны мөнгө ч гүйнэ. Гэтэл бүгд тийм ч Засгийн газрын хуралтай, ийм ч дотоод хуралтай гээд л… Ерөөсөө хуралгүй өдөр байдаггүй юм уу, хаашаа юм… Гэхдээ л горьдлого тасрахгүй юм даа” гэж Наранчимэг гомдолсон.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг магтсан. “Ерөнхийлөгч их гоё үг хэлсэн. ‘Энэ төрийн албаны байр чинь иргэдэд үйлчилдэг байр шүү! Та нарын суудаг байр биш! Иргэдэд үйлчилдэг байр гэдгийг ойлгоорой!’ гэсэн. Хүн ойлгохоор бол ойлголгохоор гоё хэлсэн. Тэгэхэд энэ засаг захиргааныхан ‘Оруулахгүй, байхгүй’ гээд л... Энэ төрийн албаныхан чинь Ерөнхийлөгчийнхөө үгийг ойлгодоггүй юм уу, хаашаа юм.” Түүний хэлсэн Ерөнхийлөгчийн үг, Ерөнхийлөгчөөс сонсноос ч илүү надад сэтгэгдэл төрүүлсэн. Улстөрчдийн хэлсэн ухаалаг үг иргэдийнх нь амнаас гарахдаа л илүү их үнэ цэнэтэй болдог ажээ.

Наранчимэгтэй хэдэн хоногийн өмнө Төв талбайн ойролцоо нэг албан газрын өмнө анх тааралдсан юм. Тэр өргөөд довжоо давуулаад өгөхийг гуйсан. Нэг залуутай хамжиж довжоо давуулахад “Би гэсэн бас амьдармаар байна. Би чинь бас хүн ш дээ. Алийн болгон хүний гар харах вэ. Өөрөө наашаа, цаашаа явмаар байна. Гэтэл энэ зам харгуйд дандаа довжоо, саад. Үгүй ядаж нэг театрт орж үзэхсэн. За тэрийг байг гэхэд хоол хүнсээ өөрөө цуглуулахсан. Жаахан яваад л довжоо, хашлаганд тулж ирчихээд хүн амьтан хараад зогсчихно... Сая Барилгын яам орлоо. Лифтгүй, налуу шат ч алга. Би бүр гурван давхар луу хоёр залууг гуйж өргүүллээ. Эрх бүхий нэг албан тушаалтанд нь ‘Танай барилгын яам чинь налуу шатаа шийдээгүй байгаа юм уу? Танайх ийм байхад бусад газар нь арга ч үгүй байж уу’ гэсэн чинь марсайтал инээгээд зогссон” гэж тэр ярьж билээ.

Тэгээд түүнийг Хотын захиргаанд бас хүргэж өгсөн. Хажуу талдаа амаа ангайсан хоёр арслантай таван гишгүүртэй чулуун шатанд тулж зогсчихоод, илтгэл тавьдаг индэр гэмээр жижүүрийн постны араас цухуйх цагдаатай тээр холоос ярилцчихаад Наранчимэг эргээд гарсан. Харахад элэг эмтэрмээр...

Ер нь тэргэнцэртэй хүн бүү хэл, эрүүл хүн ч алхаж явахад бэрх явган хүний замыг тэнгэрлэг заяатай монголчууд хэрэв анзаардаг бол ноцтой асуудал. Хаа сайгүй онгорхой нүх, “дэгээ тавьсан” хашлага, довжоог харсан хөндлөнгийн хэнд ч монголчууд нэг нэгнээ хайхардаггүй, хорлон санаатай юм байна гэж шууд бодогдоно… 3, 4 дүгээр хорооллын хоёр чиглэлийн машин замын дундах явган гарцны яг голоор зүлэг услах зориулттай нарийхан хоолой байдгийг та анзаардаг уу. Хориод жилийн өмнө татсан энэ төмөр хоолой хэдэн хөл хугалсан бол.

Наранчимэг өөрийн хөл болсон, унаж буй тэргэнцэрээ 70 мянгаар хүнээс авчээ. Уг нь халамжаар таван жилд нэг удаа тэргэнцэр өгдөг ч түүн шиг “нааш цааш” явдаг хүнд юу ч болдоггүй аж. Тэр нэг жилд хоёр тэргэнцэр эдэлдэг гэнэ. Америкаас уг нь нэг ТББ тэргэнцэр оруулж ирж үнэгүй тараадаг байсан чинь энэ жил гааль дээр гацчихсан аж: манай гаалийнхан татвар нэхээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихжээ.

“Надад үнэхээр тэрэг тэсдэггүй. Манай нөхцөл байдал ямар билээ. Явган хүний зам ямар билээ. Үнэхээр гэртээ хэвтээд л, гэртээ л тэргэнцэрээ унавал ганцханаар таван жилийг барах байх. Монголд нэг эрүүл хүн таван жилд ганцхан гуталтай явна гэж байх уу. Байхгүй ш дээ. Ядахнаа нэг өвлийн, нэг зуны гуталтай байж л таван жилийг барна. Гэтэл биднийг гэрийн хорионд оруулах гэж байгаа мэт таван жилд ганцханыг өгдөг нь үнэхээр доромжлол байгаа биз” хэмээн Наранчимэг учир байдлыг ухуулав.

Түүний хэлснээр Монголд 6000 гаруй тэргэнцэртэй хүмүүс бий гэнэ. Харин Улаанбаатарт цөөхөн л газар налуу шаттай ажээ. Наранчимэгийн хувьд хамгийн сайхан нь Хүүхдийн ордны налуу шат гэнэ. “Бусдад нь бол хүний нүд хуурсан үзэмжийн төдий юмнууд. Дандаа стандарт бус шатнууд. Түүгээр нь явах юм бол бараг гэмтэж бэртэж мэднэ. Хэрэв сэтгэл байвал стандартны шат хийчих байх. Налуу шатанд их мөнгө шаардагдахгүй. Гэтэл манайханд сэтгэл байхгүй…Хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ!”

Эцэст нь газрын татварын тухай тэр ярилаа: Яг ингээд юм хийх гэхээр дэмжих ёстой улсууд нь дэмжихгүй юм аа. Би 5 га газраа 2008 онд авсан. Газар аваад л тэр жилдээ ашиг олно гэж байхгүй шүү дээ. 2008 онд газраа аваад бид уринш хийгээд орхисон. Мөн газраа тойруулаад хашаа барих гээд л бөөн зардал гарч байгаа юм чинь. Гэтэл Газрын албаныхан “Газрын тушаал гарсан л бол, маргаашнаас нь татвараа төл” гээд зүтгэчих юм. “Татвараа өг, өгөхгүй бол газрыг чинь хураана, авах хүн зөндөө байна” гээд дарамтлаад байх юм. Одоо надад хоёр жилийн татварын нэхэмжлэг байна. Газрын албанаас намайг шүүхэд өгнө гэнээ. Өчнөөн жил зэлүүд, ямар ч ашиг орлогогүй байсан газрыг нь аваад ашиглах гэж байхад арай ондоо байж болдоггүй юм уу, энэ чинь. Бодит нөхцөл байдлаасаа харгалзаад эхний гурван жил татвараас чөлөөлж болдоггүй юм уу?...

Эднийхээс гараад пад харанхуй гэр хорооллын гудмаар автобусны буудал руу дөхүүлж өгөх хүүгийн тохойноос атган нүхэнд уначих вий гэж эмээн алхахдаа Наранчимэгийн сэтгэлийн тэнхээг бишрэв. Хоёр хүүгийнхээ пүүзний үнийг дийлэхгүй нь гэж тэр ярьсан ч түүнд амьдралын хатуу хүтүү бартааг давах сөхөршгүй эр зориг бий… Ийм л хийе, бүтээе гэсэн хүмүүсийн бүтээлч, дайчин, дэврүүн сэтгэлийг газрын гаваар унагачихгүй л юмсан даа, бид…

5 comments:

oyunaa said...

Minii muu ah yag l ene egch shig 20-iod jil bolloo doo, ooroo l ooriigoo avch yavj bgaa, bi guij l bsnuu gehees iluuchilsen biluu dee muu ahdaa. Mongold uneheer tahir dutuu humuust zoriulsan yamarch niitiin uilchilgeenii nohtsol bhgui shuu. Haramsmaar !!!!!...

dao said...

mundag hun bna ehnees guilgej harsnaa teselgui dahiad nuhatstai unshla

Anonymous said...

sain bnuu? ta yu hiideg um be? tahir dutuu humuust tusladag um uu? manaihan tur zasag gj bsnaas tuul bicheed ter tahir tatuu humuusyn ded butets geechiig sanaachlaad hiij boldoggui um uu? arai l yavdal chiregdelgui shuurhai bolno doo. ulsaas gevel tiim ch tusuvt suulgana geseer 100 jil boloh baih.

Tungaa

Лхагва said...

Mundag busgui bnaa, tsaashdiin ajild n ulam amjilt husye! Setgeliin tenheetei ymaa;.

Anonymous said...

2 xuuxded nn gutal yabuulax yomsan