Thursday, 4 November 2010

ИЛҮҮДСЭН МӨНГӨ ХАА БАЙНА?

Илүүдсэн мөнгө байхгүй ээ! Монголын эдийн засаг 400 мянган хүн ажиллаж буй албан бус сектор, 62 мянган компанийхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа... Валютын нөөц ихэслээ, одоо бараг хоёр их наяад төгрөг болох гэж байна гэж яриад байх юм. Тэр хаана байдаг юм, хаана хадгалдаг юм, хаана байршуулчихсан байгаа юм. Яагаад эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа юм. Яагаад Монгол улс мөнгө эрж даян дэлхийгээр гүйгээд байгаа юм. Яагаад ийм уялдаа замбараагүй байна. Яагаад баялаг бүтээдэг сектортээ өгөхгүй байгаа юм. Мөнгө гэдэг чинь эдийн засгийн эргэлтэнд орж байж л амилдаг. Түүгээр баялаг бүтээдэг. Хоёр гурван жилийн өмнө, эдийн засгийн хямралын үед, хувийн хэвшлийг зөнд нь орхие, золиосонд гаргая, яаж ийж байгаад эдийн засгаа авч үлдэе гэж худлаа үнэн ярьж байгаад, одоо бүр архагшсан өвчтэй болсон байна. Ханиад тусаад эмчлэхгүй удахаар цэр гардаг шиг өвчнөө архагшуулчихлаа. Төрийн мөнгөний бодлого ийм л эдийн засагтай болгоод хаячихлаа хэмээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл надад ярьж сууна. Би түүнээс 2011 оны төсөв, мөнгөний бодлогын талаар асуухаар уулзаж байгаа минь энэ.

2011 онд хэрэгжих төрийн мөнгөний бодлогод МҮХАҮТ-аас санал дэвшүүлжээ. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах гол зорилтыг УИХ-аас Төв банкинд өгөх; Төв банк инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг утга учиргүй зорилгоо болих; Арилжааны банкуудын өрсөлдөөнийг өөгшүүлэх бодлого барих; Валютын нөөцийг бодит эдийн засгийг дэмжихэд ашиглах; Төв банкыг институцын хувьд УИХ, Засгийн газрын давхар харьяалалд өгч “бие даасан байдал” гэсэн шалтгаанаар бодит эдийн засгийг дэмждэггүйг нь таслан зогсоож, хөгжиж буй орнуудын санхүү, мөнгөний бодлогын сайн жишээнүүдийг дагах гэсэн 5 санал.

“Сүүлийн хорин жилийн монголын эдийн засгийн бодлого тэр тусмаа төсөв, мөнгөний бодлогыг ерөнхийд нь аваад үзэхэд хоорондоо уялдаа муутай байсан. Монгол улсын төсөв хэрэгцээн дээр үндэслэж байлаа. Өөрөөр хэлбэл ядуу. Ядуу учраас төсвийн алдагдлаа олон улсын байгууллагуудын тусламжаар хаах байдлаар л явж ирсэн. Нөгөө талаас төсвийн орлогыг бүрдүүлэх, зардлыг хувиарлахдаа оновчгүй байсан. Гэхдээ ахиц дэвшил гараагүй гэсэн үг биш. Орлого бүрдүүлэх талаасаа ч, зардлыг хувиарлах талаасаа ч дэвшил гарсныг үгүйсгэж болохгүй. Татварын тодорхой реформуудыг хийлээ... Гэвч бүхэлд нь аваад үзвэл Монгол улсын төсөв бол монголын эдийн засгийн өрөөсгөл бүтцийн тодорхой илэрхийлэл, нөлөөт толь мөн” гэж С.Дэмбэрэл Монгол улсын төсвийн байдлыг ерөнхийд нь товч тодорхойлов.

Мөнгө их үзээгүй эдийн засагт уул уурхайн гэнэтийн орлогууд ороод ирэхэд зөв зохистой байрлуулах механизм бүрдээгүй ажээ. Тийм учраас 2011 оноос эхлээд төсвийн зохицуулалтын тухай хууль, төсвийн хариуцлагын тухай хууль гэх мэт шинэ хуулиудыг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа юм байна. Мөн орон нутагт эрх мэдлийг илүү олгох тухай их яригдаж байгаа гэнэ.

Тэрээр улс төрийн намуудын хэт харалган популист амлалтуудаас болж төсөвт гажиг үүссэнийг “Улс төрийн хэтэрхий их популист амлалтаас болоод төсөв сангийн бодлого хэрэгжүүлэхээс гажаад Сангийн яам бондын нярав, Монгол банк мөнгөний нярвын үүрэг гүйцэтгээд байна” гэж цухуйлгаад “Одоо харин улсын төсөв, засгийн газрын төсвийг баталдаг УИХ нь, төсвөө оруулж ирж байгаа Засгийн газар нь ч, энэ асуудлыг анхаарч эхэлсэн нь дэвшил” гэж хэлэв.

Төр эдийн засагт хэтэрхий их оролцож, төсвийн хувиарлалтанд нөлөө үзүүлээд байгаа тул төсвийн хөрөнгө оруултын үр ашигт муугаар нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс улбаалаад хээл хахууль, муу тендер мэтийн төвлөрсөн хувиарлалтын сөрөг үзэгдэлүүд сүүлийн үед их гарч буй ч төсөв эдийн засагт сайн оролцсон зүйл ч бий гэнэ. Тухайлбал зөв шударга тендерүүд, жижиг дунд бизнесийг дэмжих зориултаар олгосон төсвийн хөрөнгө оруулалтуудыг дурдаж болно.

2011 оны төсөвт бүтээгч секторт оруулах хөрөнгийг нэмэгдүүлсэн дэвшил бий боловч урьдах он жилүүдийн улсын төсөвт манай засаглалын ба хөрөнгө оруултын бүтэц, эдийн засгийн өрөөсгөл гажуудал гэх мэт илэрсэн шиг 2011 оны төсөвт ч энэ бүгд илэрчээ. Гэхдээ энэ доголдолуудыг өргөс авахын дайтай бушуухан хийдэг зүйл биш аж.

Засгийн газрын тавьж байгаа хувийн хэвшил, дунд ангийг эрчимтэй хөгжүүлэх, ядуурлыг арилгах, ажлын байрыг бий болгох гэсэн зорилтуудтай мөнгөний бодлого таарч тохирдоггүй гэнэ. С.Дэмбэрэл төсөв, мөнгөний бодлогыг шүүмжлэхдээ “Аль ч улсад төсөв, мөнгөний бодлого уялдаатай явж ирсэн... Гэтэл өнгөрсөн хорин жилд Монголд хэрэгжиж ирсэн мөнгөний бодлогын монитарист хандлага бодит секторыг урамшуулах, эдийн засгийн нөхцлийг хангах, бүтээлч капиталд хөрөнгө оруулах, өрсөлдөөнийг өрнүүлэх, хувийн хэвшлийг хөл дээр нь баттай зогсооход тохирохгүй байсан. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөний бодлого Монголын эдийн засгийн бодит байдалд уялдалгүйгээр мөнгийг их бага болгох, эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг гол төлөв татаж авах замаар, эдийн засгийг хөдөлгөдөг цусыг сорч, архаг цус багадалтай болгож эдийн засгийг саажуулжсан” гэв.

Түүний хэлснээр бол төрийн мөнгөний бодлогоор инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг огт үндэслэлгүй. Төв банкнаас өөрөөс нь хамаарахгүй, нийт эдийн засгийн хөгжлийн үр дагавар, маш олон хүчин зүйлээс хамаардаг үзэгдлийг Төв банканд хариуцуулах нь утгагүй, салхин тээрэмтэй байлдах Дон Кихоттой адилхан: ийм байдлаар мөнгөний бодлого хэрэгжигдсэн учраас төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялддаггүй ажээ.

“Инфляцийг онилж, нэг оронтой тоонд барина гэж утгагүй зүйл ярихынхаа оронд зээлийн хүүг л нэг оронтой тоонд болгочих. Ингэхийн тулд банкуудын дунд өрсөлдөөн явуул. Яагаад гэвэл аливаа, бодит секторт, өрсөлдөөн явж байгаа цагт л, бүтээгдэхүүний үнэ буурах, зах зээлд оролцогчдод илүү хандсан үйлчилгээ хүргэж эхэлдэг. Банк бол өөрөө үйлчилгээний байгууллага. Тэр талаас нь бодож Төв банкны мөнгөний бодлогыг өөрчлөх ёстой. Зарим хүн хөрөнгийн бирж хөгжөөгүй болохоор өрсөлдөөнийг өрнүүлж болохгүй байна, хүмүүст сонголт алга гэж яриад байна. Үнэндээ бол хөрөнгийн бирж байхгүй, дөнгөж хөгжиж байгаа ч гэсэн банк санхүүгийн байгууллагынхаа дунд өрсөлдөөн өрнүүлэх боломж бий. Төв банкны мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд зориулж болноо... Үүнийг хийсэн үлгэр жишээ болох олон орнууд бий.”

Харин валютын нөөцийг бодит эдийн засгийг дэмжихэд ашиглах гэсэн саналаа тэр ингэж тайлбарлалаа. “Өнөөдөр монголын эдийн засагт мөнгө хэрэгтэй. Өнөөдөр монголын бодит сектор буюу жижиг, дунд секторт; энэ эдийн засгийг авч явдаг, ажлын байр бий болгодог хүмүүст банкны зээлийн зохистой орчин хэрэгтэй... Үйлдвэр байгуулах гэж байгаа, үйлчилгээ эрхлэн явуулах гэж буй хүмүүст мөнгөний бодлого таардаггүй учраас шоргоолжны үүр шиг бужигнаж байх процессыг мөнгөний бодлогоор саармагжуулаад, зогсоогоод байна.”

“Шоргоолжны үүр шиг бужигнаж байдаг, бүтээлч, бодит секторыг хөл дээр нь бат босгохын тулд валютын нөөцийг эргэлтэнд оруулж ашигла гэж бид хэлж байгаа... Тэгэхийн оронд ашигт малтмалын орлого орж ирэхэд инфляци үүснэ гэж зарим хүн ярьж байгаа нь утгагүй. Орж ирсэн мөнгийг шингээдэг, баялаг бүтээдэг бүтээлч секторыг түргэн босгох хэрэгтэй. Эцсийн эцэст мөнгө орж ирээд хаашаа яаж хувиарлах нь чухал шүү дээ. Ажлын байр олноор байгуулах, ядуурлыг багасгах, экспортонд бүтээгдэхүүн гаргах, импортыг орлох энэ бүхэнд зориулагдаж байна уу? Эсхүл хүн болгонд 1.5 сая төгрөг өгөөд аманд ч үгүй, хамарт ч үгүй болгоод хаяж байна уу гэдгээс их юм шалтгаална. Тиймээс манай эдийн засагт их мөнгө цутгаад ороод ирлээ гэхэд үүнийг эргүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг, бүтээлчээр ашигладаг төрийн мөнгөний бодлого хэрэгтэй байна.” Гэтэл Төв банк бусад банкуудаар өөрийнхөө үнэт цаасыг худалдаж авахуулаад бодит секторт оруулах мөнгийг бодлогоороо хаагаад байгаа аж.

Үүнийгээ Төв банкныхан “Эдийн засагт хэтэрхий их мөнгө бий болчихно”, “Эрэлтээр өдөөгдсөн инфляци үүсчихнэ” гэх мэт яриад өөрсдийгөө зөвтгөөд байгаа аж. “Энэ бүхэн бол үндсэндээ буруу... Амьдралд ойрхон биш. Энэ худлаа практикийг өөрчлөх ёстой” гэж С.Дэмбэрэл хэлээд “Засгийн газар хэтэрхий их мөнгө зараад байна гэдэг төрийн мөнгөний бодлого бол явцгүй. Өөрөөр хэлбэл амиа бодсон хэрэг. Монголын эдийн засагт улирлын шинж чанартайгаар инфляци буурангуут ‘Бидний гавьяа’, инфляци өсөнгүүт ‘Засгийн газрын буруу’ гэж хэлдэг Төв банкны системтэй байж болохгүй” гэж Төв банкны системийг шүүмжлэв.

“Иймээс Төв банкыг зохион байгуулалт, институцийн хувьд УИХ-д харьяалуулдгыг болиулж, УИХ, Засгийн газрын давхар харьяалалд оруулах асуудлыг албан ёсоор энэ жил бид тавьж байгаа” гэж тэр бас хэлэв. Урьд нь энэ асуудлыг хөндөж байгаагүй гэнэ. Энэ мэтчилэн мөнгөний бодлогонд эрс өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж С.Дэмбэрэл дахин дахин хэлж байлаа.

Тэрээр бас хөгжлийн талаарх монголчуудын алдаатай ойлголтыг ярив. Одоо монголчууд уул уурхайн томоохон ордуудаас орж ирэх орлогоор томоохон бүтээн байгуулалт хийхийг үсрэнгүй хөгжил гэж ойлгоод байгаа нь буруу. Харин хүмүүсийн амьдрал сайжраад, хүмүүс маргаашдаа итгэлтэй болохыг л үсрэнгүй хөгжил гэнэ. Хүн болгон ажилтай, хүн болгон ажил хийхийг эрмэлздэг, гундуу, ядруу биш байхыг л үсрэнгүй хөгжил гэх ажээ. Түүнээс биш энд нэг том нүүрсний уурхай байгуулаад, тэнд нэг том бүтээн байгуулалт хийхийг үсрэнгүй хөгжил гэдэггүй харин хөгжилд хүрэх нэг арга зам л гэж үзэх ёстой гэнэ. Товчхондоо, хүмүүсийн амьжиргаа дээшилж, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлвэл л зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг эдийн засгийн өсөлт заавал 10 хувь байх шаардлагагүй. Хүн рүү чиглэсэн 5 хувийн өсөлт байхад л хангалттай ажээ.

Эцэст нь тэрээр, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд бэлэн мөнгө өгч, хоосон амлалтаар тэдний сэтгэлийг хуурч байгаа төр засгийн бодлогыг “янаглан хорлох” гэж тодорхойлохдоо “Засаглалаа сайжруулах ёстой. Эдийн засаг, зах зээлийн хүчийг дээд зэргээр ашиглаж зах зээлд итгэх хэрэгтэй. Хүний нөөцийн боломжийг дээд зэргээр ашиглах учиртай. Түүнээс биш хүмүүст байдаг асар их эрч хүчийг дайчилж тэднийг ажиллуулахын оронд ‘Та зүгээр сууж бай. Та бол хувьцаа эзэмшигч болно. Бэлэн мөнгө авна. Удахгүй жаргана’ гээд байвал жинхэнэ янаглан хорлох гээч болно” гэв.

No comments: