Monday, 18 October 2010

ИРГЭН БҮР ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

Нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшүүлэх, мөн 10 хувийг дотоодын татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр ижил хэмжээгээр арилжих, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжин, үлдсэн 50 гаруй хувийг нь төр эзэмших “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Эрдэнэс МГЛ” компаний охин компани бөгөөд дүрмийн сангаа бүрдүүлэх шаардлагатай хөрөнгөө “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулах ажээ. “Эрдэнэс МГЛ” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн ордуудыг эзэмшиж ашиглахад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх үүрэгтэй төрийн өмчит компани.
"Эрдэнэс МГЛ" ерөнхий бодлогоо хариуцах бол Тавантолгой нь гүйцэтгэх ажлыг хийх аж. Үүнд: Төсөл хэрэгжүүлэх хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компаний хувьцааг арилжаалах; иргэд, аж ахуйн нэгжид компаний хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах гэх зэрэг багтах ажээ. Жилд 15 сая тонн нүүрс олборлох хэдийн төлөвтэй, энэ оны төсөвт л гэхэд 12 тэрбумыг тушаах төлөвлөгөөтэй байгаа (ЗМ сонин) “Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах юм байна.
“Эрдэнэс тавантолгой” компани нь 15 тэрбум хувьцаа эзэмшинэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ. Энэ хувьцааныхаа 10 хувиас л ашиг олохгүй болохоос (иргэддээ үнэгүй эзэмшүүлээд) үлдсэн хувьцаанаас тодорхой хэмжээний ашиг олох бололтой. Төр эзэмшсэн 50 хувиа тодорхой хэмжээнд гүйлгээнд оруулах нь цаг хугацааны асуудал байх. Ямартаа ч эхний ээлжинд 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжина. Харин 30 хувийн хувьцаагаа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр арилжиж хөрөнгө босгох зорилготой байгаа юм байна. Саяхан Монголын үндэсний “Энержи Ресурс” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр 650 сая ам.доллар анх удаа босгосон нь олон хүнд итгэл найдвар төрүүлсэн бололтой. Ч.Сүхбаатар “Монголын үндэсний компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч, хувьцааныхаа 25 хувь дээр 700 орчим сая ам.долларыг босгосон. Тиймээс ‘Эрдэнэс тавантолгой’ компаний бүх бэлтгэл ажил хангагдаад ирэхээр хөрөнгийн зах зээл дээр гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан аж ахуйн нэгж болох боломжтой болно” гэж итгэлтэй хэлжээ.

Мөн түүний ярьснаар бол иргэний шинэчилсэн бүртгэл, бас арваннэгдүгээр сарын дундуур болох “Хүн ам, орон сууцны тооллого” дуусны дараа Монголын улсын хэдэн иргэнд “Эрдэнэс тавантолгой” компаний хувьцааг эзэмшүүлэх вэ гэдэг чиглэл гарах аж. Тэрээр цааш хэлэхдээ “Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажил үүргийн чиглэл өгсөн. Мөн Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлж байсан үндэсний аж ахуйн нэгжүүдийг байгуулагдсан он сараар нь бүртгэж, байршлыг нь тогтоож бэлэн болгохыг Сангийн сайдад үүрэг болгосон” гэжээ.

Ямартаа ч засгийн газар ард иргэддээ үнэгүй тарах хувьцаагаа үнэ цэнэтэй болгохыг эрмэлзэж байна. “Мэргэжлийн уул уурхай, хөндлөнгийн хараат бус банк, санхүүгийн байгууллагаар эдийн засгийн бүх тооцоо судалгааг хийлгэсний дараа ‘Эрдэнэс Тавантолгой’ компаний үнэлгээ тодорхой болно. Тэгж байж үнэ цэнэтэй хувьцаа бий болно” гэж Ерөнхий сайд С.Батболд өдөр тутмын нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ. Мөн түүний хэлснээр бол Монгол улсын иргэн бүрт тус компаний хувьцааг олгох учраас шинээр төрсөн хүүхэд ч хувьцаа эзэмших юм байна. Харин ирээдүйд шинээр төрсөн хүүхэд бүхэн хувьцаа эзэмшигч болох юм уу? Эсвэл тодорхой цаг хугацааны зааг байх юм уу гэдгийг тэрээр тодорхой хэлсэнгүй.

2010 оны 6 сарын 1-нээс өмнө бүртгэгдсэн, татвар төлөгч үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрхээр, ямар ч нөхцөлгүйгээр, маш тодорхой мэдээллийн дагуу, “Эрдэнэс Тавантолгой” компаний үнэлгээг тогтоосны дараа хувьцааг арилжана хэмээн Ерөнхий сайд С.Батболд бас ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, Хонконгийн биржид 25 хувь хувьцаагаа амжилттай арилжсан хувийн хөрөнгө оруулттай “Энержи ресурс” компани Ухаа Худгийн уурхайгаас 2009 онд 1.8 сая тонн нүүрс гаргасан бол энэ жил 3.8 сая тонн нүүрс олборлох төлөвтэй байгаа аж. 2013 он гэхэд тус компани 15 сая тонн олборлох төлөвлөгөөтэй байгаа.

Хэрэв иргэд өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийвэл (иргэний шинэчилсэн бүртгэл, хүн ам, орон сууцны тооллого хоёрт хамрагдвал) “Хүний хөгжлийн сан”-гаар дамжин “Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааны эзэмшигч болоход саадгүй болох нь ээ.

No comments: