Monday, 25 October 2010

АНХ УДАА 650 САЯ ДОЛЛАР БОСГОЛОО

“JP Morgan”, “Citi Bank” хоёрын “давхиулсан” монголын уул, уурхайн компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа амжилттай арилжигдлаа. “2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр. Өглөөний 9 цаг 30 минут. Энэ цаг хугацаа монголын санхүүгийн ертөнцөд анхдагчийн түүх болон үүрд үлдэх тамгаа дарав” гэж “Монголын уул, уурхайн сэтгүүл”-ийн сурвалжлагч Н.Ариунтуяа Хонконгоос мэдээлж.

Хувийн хөрөнгө оруулттай “Энержи ресурс корпораци”, Хонконгийн хөрөнгийн биржид “Mongolian Mining Corporation” буюу “Монголын уул, уурхайн корпораци” нэрээр хувьцаагаа худалдаж монголын эдийн засгийн амьдралд шинэ хуудас эргүүлэв. 975 гэсэн арилжааны дугаартай үнэт цаас шинээр “мэндлэнгүүтээ” ханш нь өсөж захиалга ихтэй байжээ. Захиалга төвлөснөөс тав дахин илүү ирсэн нь “олон улсын анхаарлыг татаж чадлаа” гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Эхний компани ямар байдалтай гарна, дараа дараагийнх нь түүнийгээ дагаад амжилт нь ахиж, буурах болно” гэж арилжаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Энэ мөчийг бид хорин жил мөрөөдсөн” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

“600-700 сая ам.доллар олохыг төлөвлөж байсан, зорилгодоо хүрсэн” гэж “Монголын уул, уурхайн корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал ярьсан байна.

2010 оны 9 дүгээр сарын 20-нд, Рейтер агентлагийн мэдээгээр бол, “Монголын уул, уурхайн корпораци” 681 сая ам.доллар босгохийг төлөвлөж байж. Тэр үед 719.4 сая хувьцаа гаргаж нэгж бүрийг 6.29-7.34 хонконг доллароор буюу 0.810-0.945 ам.доллароор зарахыг тооцоолж. Харин 9 дүгээр сарын 27-нд нэг хувьцааг 6.48-7.56 хонконг доллароор үнэлсэн нь өмнөх тооцооноосоо гурван хувь өссөнийг харуулна. Хар нүүрстэй харьцуулвал коксжих нүүрсний нөөц бага тул анхны арилжаа амжилттай болно гэж тухайн үед гадаадын нэгэн мэргэжилтэн таамаглажээ.

Ийнхүү Лхагва гарагт буюу 10 дугаар сарын 13-нд олон улсын хөрөнгийн бирж дээр анх удаа IPO хийсэн монголын компани 650 сая ам.доллар босгожээ. Харин Монголд бас хамааралтай “Винсвэй коксжих нүүрс” гэдэг компани хоёр хоногийн өмнө Даваа гарагт гараагаа сул эхэлсэн байна. Тэд “Deutsche Bank AG”, “Goldman Sachs Group Inc.”, “Bank of America Corp.’s Merrill Lynch & Co.” гурвыг хөлсөлж үнэт цаасаа арилжижээ.

Хонконгийн хөрөнгийн биржид 650 сая ам.доллар босгосон нь, 1999 оноос хойш, Монголын компаниудын хувьд хамгийн дээд амжилт. “Moнголын уул, уурхайн корпораци” дэлхийн хамгийн том төмөр үйлдвэрлэгч Хятадын хэрэгцээг хангахыг тулд хөрөнгийн сан хуримтлуулж байгаа гэж Блүмбергийн сайтад мэдээлсэн байна.

Ж.Оджаргал “Хөрөнгө оруулалтаар босгосон мөнгөө дэд бүтцийн ажилд зарцуулна. Ялангуяа төмөр замын төсөл байна” гэсэн бол “Энержи Ресурс”-ын Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Хөрөнгө оруултаар босгосон мөнгөний 50 хувь нь дэд бүтэц хөгжүүлэх, 40 хувь нь эрэл хайгуул, олдворт зориулна” гэж хэлжээ.

Ухаа Худгийн уурхайгаас тус компани 2009 онд 1.8 сая тонн нүүрс гаргасан бол энэ жил 3.8 сая тонн нүүрс олборлох төлөвтэй байгаа аж. 2013 он гэхэд нүүрс олборлолтоо 15 сая тоннд хүргэж Хятадын төмөр үйлдвэрлэгчдийн өсөж буй хэрэгцээг хангана гэж Г.Батцэнгэл мөн хэлсэн байна.

Өнгөрсөн жил Хятадын засгийн газар амь насанд аюултай уурхайнуудаа хааснаас болж Хятадын төмөр үйлдвэрлэгчдийн коксжих нүүрсний хэрэгцээ тав дахин өссөн аж.

IPO хийхэд Хонконгийн хөрөнгийн биржийн босго өндөр байсан. Бид далан булчирхайгаа тоочсон. Санхүүгийн, хуулийн, компанийн үзүүлэлтүүдийн, үйл ажиллагааны бүх л тайлан, шалгуурыг тайлагнах ёстой болсон гэж Д.Оджаргал “Монголын уул, уурхайн сэтгүүл”-ийн сурвалжлагчад бас ярьжээ.

2005 онд байгуулагдсан “Энержи ресурс” компани Хятадын хилээс 240 км-ын зайд орших Таван Толгойд 2962 га талбай коксжих нүүрсний ордыг ашигладаг. Таван толгойн нь 6 тэрбум гаруй нүүрсний нөөцтэй дэлхийн томоохон нүүрсний орд газар билээ.

Монголын үндэсний компани үнэт цаасаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр амжилттай арилжиж манай санхүү, эдийн засагт шинэ үүд нээлээ. Энэ үйл явдал “булган сүүлтэй” байхад мэдээллийг чөлөөтэй урсгаж, ололт амжилтаа бусадтай хуваалцах нь ашиг тустай.

Үйл ажиллагаа тогтвортой, бусдын итгэлтийг олж чадахуйц байвал үнэт цаас, хувьцаагаа зараад хөрөнгө босгох сайхан үе дэлхий эдийн засгийн сэргэлттэй давхцаад монголын компаниуд ирж байнаа…

Дашрамд сонирхуулахад, “Энержи Ресурс”-ын үнэт цаасны арилжааг Хонконгийн бирж дээр “сойсон” “JP Morgan”, “Citi Bank” хоёр бол АНУ-ын дөрвөн том банкны нэг бөгөөд энэ арилжааг гардан хийсэн хоёр багийн нэг болох “JPMorgan Chase & Co.” гэхэд л 2010 оны гурав дахь улиралд 4.4 тэрбум ам.долларын цэвэр орлого олжээ.
Монцамэ

3 comments:

A.Амарсайхан said...

Өөрсдөө хөрөнгө босгоно гэдэг аштай юу даа. Фрийдланд босгож болсон юмыг

Anonymous said...

Монцамэд ороо юу? Номинчимэд сайн блогчдоор баг бүрдүүлж ирэх сонгуулиар баллах гэж байгаа гэдэг нь үнэн юм байж л дээ. Эрдэмбилэг, Сэгсгэр, Идей гээд л. Та нарыг хуучинсаг хувьсгалт намынхаа талд л ажиллуулах байх даа, харин сайхан залуучууд.

Anonymous said...

If you constitute my internet site helpful please purchase one of the tierce programs act through and through
the obstacles and have got the happiness you sincerely merit
in your aliveness. If you've caused marriage counseling don't disagree and both be proper.


Here is my site counseling for married couples