Sunday, 6 June 2010

ЦУЦАШГҮЙ ЧОЙ

2010 оны 6 сарын 4. Баасан гариг. East London, Bethnal Green, York hall. Боксын өлгий нутаг Английн боксын өлгий танхим—York hall.

1929 онд нээгдсэн энэхүү танхимд Их Британийн бүх боксын дэлхийн аваргууд тулалджээ: Lennox Lewis, Ricky Hatton, Joe Calzaghe, Nigel Benn, Chris Eubank, Nasim Hamed, Amir Khan… Товчхондоо Бэтнал Грийнийн Иок хоулд тулалдаж, ялалт байгуулсан цагт л английн боксчид өөрсдийгөө жинхэнэ боксчин боллоо гэж үздэг.

Харин өнөөдөр английн биш монголын мэргэжлийн боксын дэлхийн аварга, монгол баатар Цэвээнпүрэв (Mongolian warrior) промотер Spencer Fearon-ын Hardknocks boxing рromotion-ын далбаа дор Таkeover буюу боксын өлгийн нутаг aнглийн рингийг эзэгнэх эзэн гэдгээ батлахаар ээлжит тулаанаа хийх гэж байна.( http://www.youtube.com/watch?v=2U7oztrMgew - эндээс үзээрэй )

Чойжилжавын Цэвээнпүрэв (Англид Чой гэж алдаршсан) 1971 онд 10 сарын 6-нд Улаанбаатарт төрсөн. 22 наснаасаа боксын спортоор хичээллэж эхлээд гурван жилийн дараа мэргэжлийн боксын анхны тулаанаа хийсэн. Харин гурав дахь тулаандаа тайландын домогт халз тулаанч, WBC, WBA-гын дэлхийн аварга Veerapel Sahaprom-той 10 үе яс үзэж, онооны зөрөөгөөр ялагдсан. 32 удаа халз тулалдаж, 4 ялагдаж (нэг ч унаагүй), 20 удаа өрсөлдөгчөө нам цохисон. 57 кг-ын жинд тоглодог. Монголын хоёр дахь мэргэжлийн боксын дэлхийн аварга. 2006 оны 4 сарын 2-нд WBF-ын дэлхийн аварга болж, аваргаа хамгаалсан хоёр тоглолт хийгээд 2008 оны 4 сарын 5-нд дэлхийн аварга Derry Mathews–ыг нам цохин WBU-гын дэлхийн аварга болсон.

Тухайн үеийн английн найдлага, нэг ч ялагдаагүй залууг олон сая хүний нүдний өмнө нутгийнх нь дэвжээн дээр ялахад Чойд ашиг орлогын үүд нээгдлээ гэж олон хүмүүс үзэж байсан ч тэр цагаас хойш түүнтэй тулалдах өндөр зэрэглэлийн боксчид олдоогүй.

Boxing news гэдэг нэр хүндтэй сэтгүүлд Чойг өрсөлдөгчгүй удаасныг гэмт хэрэг гэж бичсэн байдаг. Бүгд Цэвээнпүрэвээс зугтах боломж олдож байгаагын гол шалтгаан нь тэрээр английн иргэн болоогүйд бий. Хэрэв тэр английн иргэн болсон бол Английн ба Хамтын Нөхөрлөлийн орнуудын аваргын төлөө тоглоод (жиндээ ялах нь гарцаагүй учраас) аварга болчихсон цагт английн боксчид хүссэн хүсээгүй түүнтэй тоглохоос замгүй болох ажээ. Энэ тухай Цэвээнпүрэв, Шинэбаяр хоёрыг дасгалжуулж байсан Jack Doughty ярьжээ.

Өрсөлдөгч олдохгүй байсан учраас Цэвээнпүрэв аргагүй эрхэнд зодог тайлахаар шийдээд, Япон руу гарч MMA буюу холимог тулааны урлагт урвахаар бэлдэж байтал нь английн мэргэжлийн боксынхон ихэд сандралдан Чой ММА-д орох гэж байна, юу болж байна таминь ээ гэсээр (youtube дээр бий радиогийн бичлэг сонсоорой) шуугицгаажээ... Цэвээнээг бараг зодог тайлчихаад төрсөн нутаг Яармагтаа ээжийндээ байж байхад нь Спенсер утасдаж, Чи бол мэргэжлийн боксын дэлхийн аварга...Чи заавал буцаж ир! Танай улсын наадмаар чиний comeback тэмцээнийг зохионо…Чамд гадаадаас өрсөлдөгч олж ирнэ гэсээр түүнийг 2009 оны 7 сарын 11-нд Лондонд дахин тоглуулсан. 15 сарын дараа Чой буцаж ирсэн нь ийм учиртай. ( http://www.youtube.com/watch?v=2U7oztrMgew )

Харин өнөөдөр тэр буцаж ирснээсээ хойш хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. (Эний өмнө Америкад нэг тоглолт хийх гэж байсан боловч, хөлөө хугалаад болиулсан. Энэ бол түүнд хүндээс хүнд цохилт болсон. Учир нь түүнд мэргэжлийн бокс тоглох цаг хугацаа бага—удахгүй 40 хүрлээ.)

Алдарт аваргууд тулалдсан танхимд, олны уухиа, хашгираан дунд, боксын рингний хажууд, дээрээс нь харч суухад (хоёр давхарын тавцан дээр суух их зүгээр юм байна) надад сонин мэдрэмж төрж байна. Англид 19-р зуунд ирээд бокс үзэж байгаа ч юм шиг, эсвэл Хөдөлмөр нийгэмлэгт (би багадаа тэмцээн үздэг байсан) тэмцээн үзэж байгаа ч юм шиг…

Чой гарч ирлээ! Танхим нүргэлсэн чимээ. Хэдийгээр хориодхон монголчууд байгаа ч, Чойгийн англи балиашигууд бидэнтэй хамт түүнийг галзуу дэмжив.

Тоглолт эхнээсээ л сонирхолтой өрнөв. Бүх үзэгчид монгол баатрын ур чадварт урхидуулчихсан мэт санагдаж байлаа. Толгойгоо ил задгай байлгаад, чөлөөтэй довтлох түүний тоглолт үзсэн хүнийг гайхшируулах увдистай. Яаж ийгээд өрсөлдөгчдөө цохиулахгүй, өөрөө оновчтой цохиж байгаа зэрэг нь үнэхээр Чой бол дэлхийд жиндээ тэргүүлэх шилдэгийн нэг гэдгийг батлана...

Олны бишрэл, хүндэтгэлийн дунд Чой өрсөлдөгчөө гуравдугаар үед элгээр нь хэвтүүлж ялав. Түүний тоглолт тэмцээнийг чимсэн хамгийн үзүүштэй тоглолт болсныг хүн бүхэн хэлж байлаа. BBC-гийхэн түүнээс ярилцлага авч, шүтэн бишрэгчид нь тойрон хүрээлнэ. Миний хажууд суусан алдар Шоулины ушугийн их мастер, Чой үнэхээр мундаг юм байна гэж надад толгой дохин хэлэхэд Цэвээнээгээр улам бахархах сэтгэгдэл төрөв.

Дашрамд, 2012 оны Олимпын боксын тэмцээн энэ танхимд болох сурагтай. Тэр утгаараа Цэвээнпүрэвийн энэ ялалт монгол боксчдын 2012 оны Олимпын алтан медалийг зөгнөсөн уухиа боллоо.

Дээр би хэлсэн: Цэвээнпүрэвтэй тоглох хүн Англид олдоггүй...гол шалтгаан нь тэр английн иргэн биш гэж... (Гэхдээ хэрэв тэр хүссэн бол Английн иргэн болох шиг амархан юм түүнд байхгүй.) Үүнээс гадна (Хамгийн том шалтаг бол!) Цэвээнээ жингийнхээ болон түүнтэй тоглох бололцоотой бүх өрсөлдөгчтэйгээ зааланд тоглож, бүгдийг нь өөрөөсөө үргээчихсэн юм. Английн мэргэжлийн боксын найдвар Амирхаантай гэхэд тав, зургаан удаа тоглосон. Чойг Англид club legend буюу клубын домог гэж нэрлэдэг. Английн нэрт боксын тайлбарлагч Стийв Вансэ (Steve Bunce) зурагтын нэвтрүүлгээр Цэвээнээтэй ярилцахаасаа өмнө "Чой Шэвээнпурэв эргэж ирлээ. Энэ бол онцгой үйл явдал" гээд Монголын төрийн дуулалт босож зогссон нь Цэвээнээгийн английн боксын ертөнц дэх нэр хүндийг илтгэнэ.(Мөн английн нэг нөлөөтэй промотер Шинээгийн тоглолтын үед Цэвээнээтэй хальт уулзаад, "Английн паспорттой болчихоод надтай холбогдоорой" гэж олон монголчуудын өмнө хэлж байсан.)

Мэргэжлийн боксын тамирчдыг (зөвхөн мэргэжлийн бокс ч биш зах зээлийн нийгмийн бүхий л урлаг, спорт) амжилтанд хүргэдэг нэг нөхцөл бол хэр олон үзэгчид татаж чадаж байгаад оршдог. Тиймээс харьцангуй цөөхөн ч гэсэн төрсөн нутаг нэгт монголчуудынх нь дэмжлэг түүнд хэрэгтэй. Англид байдаг 10-н мянган монголчуудаас 100-хан хүн тасалбарынх нь бүтэн үнээр түүний тоглолтыг үзэхэд л хангалттай байгаа юм. Тэгэх юм бол одоо Цэвээнээгийн промотер Спенсер илүү зоригтой хөөцөлдөж Цэвээнээгээс зугтаагаад байгаа өрсөлдөгч нартай нь тоглуулах боломж нээх магадлалтай...

Гэхдээ унаган англи хэлгүй гээд Чойгийн нэр хүнд унаагүй. Зохиолч ярих биш бичих л ёстой гэж Хэмингуай хэлсэн шиг жинхэнэ халз зодоонч ярих биш цохих л ёстой. Үүнийг английн мэргэжлийн боксын мэргэжилтэнгүүд биднээр хэлүүлэхгүй мэднэ. "Чой бол Manny Pacquiao-д барих Их Британийн хариу” гэж алдарт боксын тайлбарлагч John Rawling нэгэнтээ хэлсэн. Хөнгөн жингийн хамгийн алдартай дэлхий аварга Манни Пакиог Чойтой тулалдуулах гэсэн олон хүн Англид бий. Чой ч түүнтэй тулалдах бүрэн бололцоотой. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол Амирхаан. Тэр Цэвээнээтэй хэд хэд хамт бэлтгэл хийхдээ тулалдаад үзсэн. Харин одоо Манни Пакиотой Америкад хамт бэлтгэл хийж байгаа.

Одоо Чойг Америкад гаргах асуудал яригдаж буй. Мөн сая их аварга Асашёорюү Лондонд ирэхдээ Цэвээнээтэй уулзаж хамтарч ажиллах тухай ярилцсан. Хэрэв энэ хоёрын ажил үйлс бүтвэл Цэвээнээ Японы дэлхийн аваргатай тоглох магадлалтай. Миний хувьд бол энэ хоёрыг хамтарч ажиллаасай гэж маш их хүсэж байна. Хоёулаа л монголоороо байна гэж гүрийсэн аваргууд шүү дээ.

Би саяхан Цэвээнпүрэвт:
—Чи одоо эртнээс л английн иргэн болж байхгүй. Одоо чамд Монголд хоосон нэр, шалдан гуяаас өөр юу ч байхгүй ш дээ. Хэрэв английн иргэн болоод дэлхийд цуурайтсан хэдэн хэдэн том тоглолтууд хийчихсэн бол өдийд чи хагартлаа баяжчихсан гэж хэлэхэд тэр надад юу ч хариулаагүй, хоолой нь зангираад өнгөрсөн.

Би арай хатуу үг хэлсэн байж магадгүй. Монголын иргэн Цэвээнпүрэвт, Английн иргэн Цэвээнпүрэвээс бага боломж байх албагүй. Английн монголчууд түүнийг дэмжвэл боломж, нөхцөл бүрэлдэнэ... Одоо түүнд үеийн үед дуурсагдах Монголоо мандуулсан ганцхан халз тулаан хэрэгтэй. Хэрэв тийм боломж нээгдвэл цутрашгүй Чой домог болон үлдэнэ гэдэг би итгэлтэй байна. Хөх тэнгэр ивээж үнэнч хүүгээ тэтгэнээ.


2010. 6. 05

6 comments:

Sui said...

Sain uu Ebbe?
Nomiig chin avch unshih gesiin, yamar unetei ve? Post-r yavuulahad yamar unetei ve?
Bi germand surdag fan chin bnaa,..
hariugaa suvdaa247@googlemail.com

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Баяртай байна. Бахархаж байна. Тэнгэр ивээх болтугай.

Бум said...

Ийм хөвгүүдээрээ л бахархахгүй бол өөр яах ч билээ. Эд маань эх орон,эх орон гээд л байдаг. Гэтэл эх орон маань яаж угтах юм бол?

eebee said...

Англид байдаг монголчууд ч гэсэн нэг нэгнээ дэмжихгүй байна. Гэтэл гадныхан ёстой аймаар дэмждэг.Жишээ нь саяны Албаны дэлхийн аваргыг нутгийнхан нь дэмжиж, бидний цөөхөн монголчууд ичих шиг болж байгаа юм даа. Манайхан чинь архи уух болохоороо юу ч харамлахгүй мөртлөө нэгнээ дэмжих болохоор хоосон магтаал, архиар дайлахаас өөр юу ч хийхгүй юм. Гэхдээ Цэвээнээ Англид нэртэй болохоор түүнийг дэмжих англичууд л маш олон.

Anonymous said...

Eebee ah harin promoter boloochee. Odoo heliig n' medej baina. Odoo toglolt n' bolchihson uu? Hedeer yalsan be?

Anonymous said...

Сүрхий юм аа, сайхан юм. Бодож төлөвлөж байх ч хэрэгтэй юм даа.
Хүний амьдрал гэдэг, аз жаргал гэдэг...
Цэвээнпүрэв ах өөрийнхөө сонгосон, өөрийнхөө бодож шийдсэн зөв замаараа шантралгүй яваасай. Сэтгэл зүрхээрээ дэмжинээ, монголчууд.

Сайхан блог хөтлөдөг Эрдэнэбилэг ахад ч мөн баярлаж байна.