Friday, 13 November 2009

Дусал...

Таван одтой ROYAL GARDEN HOTEL-ын газар доорх гарааж руу хөтөлдөг хонгилоос (ажилчдын хаалга тэнд байдаг) намрын налгар өдөр 4.20-д ганган Сээгий гарч ирлээ. Hyde park-ын хажуудах, баруун Лондонгийн худалдааны баян гудамжуудын нэг, дэлгүүр хоршоо дүүрэн High street Kensington-д орших энэ арван давхар, том зочид буудалд одоо эр, эм хориод монгол ажилладгын нэг нь Сээгий бөгөөд тэр өнөөдөр бусдаас арай эрт ажлаа дуусгаад тарсан нь энэ.

Сээгий ядарсангүй. Ганцхан departure-тай зургаахан өрөө цэвэрлэснээс гадна өнөөдөр түүнд бүх юмс өнгөц, өчүүхэн санагдсанаас тэр үү, биеэ хүчлэлгүй хий үзэгдэл адил хөдөлсөөр нэг мэдэхнээ хувцас солих өрөөнд ганцаар байв... Гоолиг сексий харагдуулдаг, нарийнхан бүсэлхийтэй, M&S-ын цайвар цуваа өмсөх мөчид, Хэрэв хүн ганцхан удаа бүх амьдралаа алган дээрээ тавиад хардаг бол гарын хурууны завсараар жинхэнэ амьдралаа дэмий урсгаж байгааг анзаарах болов уу?... Хэрэв төрсөн эцэг эх гэж үгүй бол хайр гэдгийг бид мэдэх болов уу? гэж тэр өөрөөсөө асуусан...

*
Араб хосын хөлсөлсөн, парк руу харсан цонхтой хамгийн дээд давхарын deluxe өрөөг цэвэрлэж байхдаа Сэлэнгээ (aав нь ингэж дууддаг) урдах ажлаа умартаад Лондонг дээрээс харж зогсов…

Торойх үүлгүй цэлийсэн цэлмэг хөх тэнгэр; цаас шиг хийсэн цагаан толбонууд тэнгэрээс унаж, тэнгэр лүү дэгдсэн мэлтийсэн бөөрөнхий цөөрөм; навчис нь алаг цоог шарласан модод; тэртээд цайрах барилга байшингууд—хэрэв зурдаг бол зурмаар намрын шаргал өглөө—Сэлэнгээ яг ийм өглөө аавынхаа Зил-130 машины бүхээгний цонхоор толгойгоо цухуйлган хөдөө хээр давхиж явснаа гэнэт санаад санаа алдав.

Аавынх нь машины бүхээгнээс айраг, бензин, тамхины утаа холилдсон түүний хорвоогийн хамгийн дуртай үнэр ханхалж, радиогоор Адарсүрэн “Алтан Намрыг” дуулаад л:
Амуу тариа найгасан; арвин сүрэг налайсан; айргын амт чимчигнэсэн; aлтан намрын өнгө юм аа… Сэлэнгээ цааш үгийг нь сайн санахгүй учир амандаа аялан зогсов.
Мхмхм....мхмхм....мхмхм... Гоёхон намрын өнгө юм аа; галуун цуваа хөвөрсөөн
бүсгүй санаа алдсанаа—амуу тариа найгасан; айрагын амт нь чимчигнэсэн… Тэгэхэд аав нь баяр бахархалтай жолоо мушгингаа:
—Миний охин том болоод тариачин бүсгүй болох уу? гээд тажигнатал инээж байсан нь нүдэнд үзэгдэхэд, салхи дутсныг мэдэрсэн хүүхэн цонх онгойлгов. Харамсалтай нь энэ цонх Монголынх шиг дэлгэгдэж онгойдоггүй харин дээрээс хазайн жаахан нээгддэг тул салхи хүчтэй салхилахгүй. Сэлэнгээ бачимдсан сэтгэлээ хянаж, гүнзгий санаа алдаад тэртээд тоглоом шиг жижигхэн харагдах барилга байшингуудын орой дээврийг бүртгэн өөрийгөө саатуулав.
—Тэнд Battersea Power station байна. Би тэнд амьдардаг шүү дээ. Та мэдэхгүй билүү? Дэлхийн хамгийн том тоосгоор барьсан нүүрсний цахилгаан станцын барилга байхгүй юу!...Хэдэн жилийн өмнө нураана гээд бөөн юм болсон. Тэгээд нураахгүй харин үзэсгэлэн болгохоор шийдсэн байгаа...
—Тэгээд наашаа харах юм бол Royal Albert hall гэдэг манайхаар бол дуурийн театр байна. Охин нь өглөө, орой болгон хажуугаар нь автуусаар өнгөрдөг байхгүй юу!...
London Eye, Centre Point тэнд байна. Тэр, тэр! Та харж байна уу? Та намайг жаахан байхад хүүхдийн паркын алсын харагч дээр суулгаж үзүүлснээ санаж байна уу? Миний аав тэгэхэд ямар гоё залуу байсан гээч... Охин нь тань шиг золбоо, жавхаатай залууг одоо хүртэл хайгаад олоогүй ш дээ… Таны тас хар халимаг салхинд хийсээд л…цав цагаан шүд яралзтал инээгээд л… Залуудаа та тажигнатал инээдэг байж билээ… Аав намайг жоохон байхад “Миний гөөгөөнөө” гэж дууддаг байснаа санаж байна уу? Сургуульд орсон хойно хүүхдүүдийн хажууд тэгж дуудаад намайг та нэг уйлуулснаас хойш тэгж дуудахаа больсон шүү дээ. Тэрнээс хойш та намайг хэзээ ч уйлуулаагүй. Миний аав охиноо хэзээ ч зодож, уйлуулдаггүй сайн аав байсан... Тэр Centre Point-ыг харж байна уу? Хамгийн өндөр шахам байшин. Лондонгийн төв цэг болохоор тэгж нэрэлсэн байхгүй юу!… Би тэр хавьцаа бас ажиллаж байсан…
—Энэ хажуухан доор байгаа шигтгээнийг Диана гүнжийн шигтгээн гэдэг байхгүй юу! Kensington palace гэдэг. Охин чинь англиар бас ярина шүү дээ!... Сэлэнгээ олон газрыг таньж мэдэж байгаадаа их урамшиж байлаа...

*
Машин тэрэгний шуугиан, олны авиа чимээ нүргэлсэн их хөлийн гудамж угтахад, ардаа орхисон ажлаа хоромхон зуур ор тас мартсан бүсгүй Chanel-ын шар цүнхээ гялалзуулан олны дунд намрын шаргал нарны цацраг шиг уусаж, баруун гар тал руугаа эргэн яаралгүй аажуу алхлаа.

Түүнд бүх хүний амьдрал ижилхэн санагдана. “Хар, шар хамаагүй бүх хүний амьдралыг алган дээр тавиад харахад ямар эмзэг, шаралсан навч шиг харагдах бол... Хорвоогийн амьдрал үнэхээр эмээгийн маань хэлдгээр үзэгдээд л өнгөрөх юм даа. Байсан, байхгүй. Одоо байна, дараа байхгүй—”
Excuse me! Бодолд автан алхаж яваад гудамжаар гүйсэн шар өвгөнтэй арай л мөргөлдсөнгүй.
Sorry гээд дугарга цагаан нүүрэнд гэмшингүй инээмсэглэл тодруулж зам тавьж өгөөд, биеийн тамирын хувцастай, аав шиг нь эрийн араас далд ортол бахархан харч зогсов…

Massimo Dutti-ын хажуугаар өнгөрөхдөө өнгөрсөн Шинэ жилийн хямдралаар аавдаа өвөл өмс гээд ноосон цамц авч явуулсанaa гэнэт саналаа!
—Өмсөж амжсан болов уу? Санамсаргүй өөрөөсөө асуусан энэ асуулт “нар хиртүүлж, хүйтэн сүүдэр татуулав”... Бүсгүй өөрийн эрхгүй зүрхээ даран зогтусав…
—Аавдаа бэлэг авах хэрэггүй гэж үү!? Тэр бачуурч галзуурмаар болов... Бүхий л дотоод хүчээрээ биеэ барьж чадсан бүсгүй, хүн анзаарчих вий гэж эргэн тойрноо хараад цааш алхав...

Гэнэт—сүүдрээс ургасан—хувцас хунар нь дэндүү гоёдсон; хуурай нүдтэй, цонхийсон царайтай; өндөр өсгийтэй гутал, хар торкотой нарийхан шилбэн дээрээ даахааргүй хүнд гуниг тээж бөгтийсэн; эр хүнийх шиг баруун сарвуу нь дэмий унжсан; намхандуу биеэтэй, ганцаардлын вирус тээгч монгол хүүхэн алхаж явав... Түүнд олон юм бодогдоно: Шинэ жилээр авсан ноосон цамцаа, хайрцаг дүүрэхгүй болохоор хүүдээ playstation авч дүүргээд, гурван сарын газрын ачаагаар явуулсан нь, ачаа таван сард Монголд очсон нь бүдэг бадаг санагдана. Аав өмссөн гэлүү, өмсөөгүй гэл үү? тэр санахгүй байлаа. Бараг зургаан жил болохдоо аавдаа юу явууллаа? Зээ хүүтэй болгосон нь их юм гээд орхиод ирчихээгүй билүү?...

High street-ын Tesco-гоос хоёр цагаан талх, нэг лонхтой устай худалдан авч байхад түүний сэтгэл арай тайвширлаа. Тэндээс гарч ажлынхаа зүг эргээд алхах гэснээ нэг л зүрхлэлгүй автобусанд сууж Hyde Park руу очихоор шийдээд буудал дээр усаа балган зогсож байтал нэг таньдаг монгол залуу тааралдав: дээр нэг удаа энэ залууг согтосныг далимдуулан монгол паабанд хэдэн найз хүүхэнтэйгээ баахан шатаасан билээ. Сээгий бүр худлаа ханд өгч хамгийн их шатаасан нь, түүнийг хараад л шахам Сээгий цүнхээ уудлан 10 паунд гаргаж өгөв.
—Үгүй чи яах нь вэ?
—Май аваа, би бүр чамд өгнө гэж бодоод явж байсан гэж хүүхэн худлаа хэлэв.
—Юу вэ?
—Дээр чи намайг баахан дайлаа биз дээ. Би чамд өгнө гэж хэлээ биз дээ.
—Би санахгүй байнаа.
—Чи яаж санадаг юм бэ! Май ав! Залуу бүр гайхаж орхив.
—Өө энэ чинь харин сонин юм биш үү. Автобусны буудал дээр ирээд л 10 паундтай болчихдог. Баярлалаа...

Сээгий тэр шөнө энэ залуугаас бултаж, найз нартаа онгирч, Иймэрхүү царай муутай монгол залуучуудыг шатаах л хэрэгтэй! гэж хэлж байснаа санаад өөрөөсөө ичэв: харин өнөөдөр түүнд авах биш өгөх сайхан байлаа.

Монгол залуутай ганц хоёр үг сольтол автобус ч ирж, тэд нэг автобусанд ч суув... Сээгий яриандаа сатаараад Massimo Dutti-гын хажуугаар өнгөрснөө ч анзаарсангүй. Ажлынхаа хоёр буудлын цаана ганцаар буугаад Hyde Park руу орлоо.

Тэр, шувуу хооллох сайн гэж хэзээ ч билээ, хэн нэгнээс сонссон тул өнөөдөр шувуу хооллохоор ирсэн нь энэ аж.

Сэр, сэр салхилсан намрын жихүүн үдэш түүнийг цөөрмийн эрэгт угтав: нар хэзээдээ амжаад байшин барилга, үүлний ардуур шургасныг тэр анзаарсангүй. Цөөрмийн эрэг дээр зогсоод талхны үүрмэг газар руу шидэхэд хун, галуу, тагтаа, хэрээ, бүсгүй нэрийг нь мэдэхгүй болжмор шиг жижиг биеэтэй гэхдээ аягүй өнгөлөг шувуу хүртэл идэх гэж цугларсан. Шувуу хооллох тусам түүний сэтгэл онгойж, амар амирлангуй болж, өчигдөр шөнө Монголоос ах нь түүн рүү утсаар залгасан яриа зүүд зэрэглээ шиг санагдаж байлаа. Гараас нь талх идсэн хунд Сээгий бүр нэр өгсөн: Гөөгөөнөө...

Цөөрөмд хөвөх хун шувуудыг бүсгүй зэлүүд эрэг дээр харж зогслоо. Хун шувуу цөөрөмдөө хөвөх нь ямар эрхэмсэг, амирлангуй юм бэ? Салхинд үрчлээтэн босох давалгааны аясаар, сэр сэр салхины хэмнэлээр сэтгэлийн ямар ч зовиургүй, атаа жөтөө, өчүүхэн бодолгүй амьдралын нууцыг хүнээс түрүүлж олоод, одоо зөвхөн цөөрмийн аашаар, тэнгэрийн мэдлээр биеэ зөнд нь орхин хун шувууд хөвнө. Хун шувуу урьд хүн байсан гэдэг үнэн байхаа. Гэхдээ тэд хараал тусаж хун болоогүй харин өөрсдөө сонгож...

Сээгийд амьдрал ганцхан агшинд багтсан мэт санагдана.

Агаарт будрах цасан ширхэг шиг аясаар хөвөх нэг цагаан хун уран хүзүүгээ нумруулан усны мандал тоншоод гэдийхэд хунгийн хошуунаас цөөрмийн ганц дусал ойчив... Хунгийн хошуунаас ойчсон дусал цөөрмийн мандалд цагираг үүсгээд оргүй замхрахыг үзээд, бүсгүй харснаа сэрхийтэл мэдэрч ааваа гэнэт санав: оргүй алга болсон дусал шиг аав нь оджээ!
—Ааваа!... Хүүхэн ингэж шивнээд зүрхнээс огшин гарах нулимсаа барин хөмхийгээ зуун, бүрэлзсэн нүдээр үдшийн бүрхэг тэнгэр лүү харахад хацраар нь доголон нулимс урсав.
—Би удахгүй очих гэж байсан шүү дээ! Намайг хүлээхгүй—
2009.11.11
05.01