Wednesday, 24 June 2009

Гавъяат гэдэг гай юу?

Өглөө 9 цагийн үед Амарсайханы блогыг уншин баахан инээлээ. Элбэгдорж, Энхбаяр, Сосорбарам гурвын онигоо үнэн тасархай. Элбэгдорж уйлж байх юм гэнэ. Сосорбарам очоод:
—Миний найз яагаад уйлав гэсэн чинь:
—Энхбаяр хамаг хүнийг шагнаад шагнах хүн үлдээсэнгүй. Сөөнгө Бат-Эрдэнэ хүртэл гавъяат болчихсон байна гэж Элбэгдорж хариулжээ. Тэгэхээр нь Сосорбарам:
—Санаа зоволтгүй миний найз, төрийн тахилга хий гэсэн чинь:
—Тасганы овоо л үлдсэн гэж Элбэгдорж хариулав. Сосорбарам:
—Тэгвэл ууланд авир гэсэн чинь, Элбэгдорж:
—Зайсан толгой л үлдсэн шүү дээ гээд л хэнгэнэтэл ийн ийн гэжээ. Сосорбарам үүнийг сонсоод:
—Нээрээ тийм байна ш дээ. Миний найз юугаа хийж дөрвөн жилийг барна даа, ийн, ийн гэжээ. Хахахаха...

Би 30 сэтгэгдэлийн доор: “Хэхэ Сөөнгө Бат-Эрдэнэ ч байхдаа яахав дээ. Амараа ах нээрээ дэндүүлэх юмаа. Би дуулж байсан бол арай гавъяат авч гайтсан юм биш биз дээ. Хахаха...” гэж бичлээ.

Дараа нь сонин.мн лүү орж мэдээ унштал, нөгөө Энхбаяр чинь дахиад баахан хүн гавъяат болгочихож, би “ТВ-9” телевизийн захирал Ц.Энхбат, дуучин Б.Дашдондог, жүжигчин У.Урнаа, сагсчин Ц.Шаравжамц нар гавьяат боллоо гэсэн гарчиг үзээд л, утга нь ойлгомжтой тул шууд л уншигчдийн санаа оноог уншихаар доош гүйлгэлээ.

Хамгийн эхний хүнд хэлэх үг олдохгүй: “Бүр инээд хүрчихлээ” гэсэн байна.

2 дахь уншигчийн уур хүрсэн бололтой: “Шараваад яасан гэж өгч байгаа юм. Эрүүл хүн мөн үү?” гэж асуусан байна.

3 дахь зочин: “Ёстой нэг үеэрлэж байна даа” гэж ёжолжээ.

4 дэхь монгол, монголчууддаа хандаж: “Шагналын үнэ цэнийг бүүр навс унагалаа даа. Ийм хорон санаат хүнээр Монгол улсаа удирдуулж байсан бид их азгүй хүмүүс юм. Эдгээр хүмүүсээс хэн нэг нь шагнал авахаас татгалзвал тэр жинхэнэ баатар болно доо” гэж сануулсан байна.

5 дахь уншигч: “Хахахаха”.

6 дахь саналаа бичигч: “ТВ9 шагнал авч алдаг юм байна” гэж бүр гайхжээ. Түүнд миа ТВ9 авч байгаа юм чинь өөрийнх нь шагнал тун ойрхон санагдсан биз.

7 дэхь хүн: “Яандаа Энхбаяр ах минь! Та юу л хийгээд байна даа” гэж ихэд санаа зовон зөвлөжээ. Нээрээ, энэ Энхбаяр ах, эрүүл л байгаа даа.

8 дахь саналаа бичигч Сүрэн тун омогтой хүн бололтой: “Солиорсон пизда вэ! Энэ муу монголын төрийг бузарлаад дууслаа” гэж хаа холын Японоос бичиж.

9 дэхь хүн тамын тогооны үлгэрийг сануулж тун философлог зүйл бичсэн байна. “Тамын тогооны эзэн улангасч байна. Дараагийн 4 жил Ерөнхийлөгч болохоороо өгнө гээд өөрсдийг нь ашиглачихсан эсвэл мөнгий нь завшчихсан болохоор одоо 7 хоногийн дотор нөөцөө шавхаад хэл амгүй салахын түүс болсон. Тэгээд Элбэгээг ямар ч одонгийн нөөцгүй болгоод арилах гэж байх шив. Элбэгээ хэнд ч шагнал өгөх боломжгүй болж байгаа тул горьдох хүн бараг байхгүй байлгүй дээ. Хэхэхэ”. Энэ Энхбаяр ямар зальтай новш вэ? Нээрээ хамаг медалыг нь дуусгах гэж байна шүү дээ...

10-д бичсэн хүн Энхбаярыг хочилжээ. “Ёоё шагчин авгай баахан найруулсан архиа өгч байх шив дээ. Шараваа ёоё. Бөгс бөөр яриад явдаг балай тэнэг бацаанд юу өгчихөв дөө. Хор уу?” гэж тэр асуужээ. Хоржин нөхөр бололтой...

11 дэхь, байж ядан, хмм гэж өмхийгөө зууж байгаад: “Энэ муу авилгач Энхбаярыг хурдан зайлуулаач, өөртөө үйлчилсэн хүн бүрийг гавьяат болгож улсын мөнгөөр үхэн үхтэл нь тэжээх нь. Новшийн Шаравжамц мэтийн миа гарууд арай ч дээ!” гэсэн байна.

12 дахь, горимын санал оруулжээ. “Бид энэ гавьяат, ардын гэдэг шагналуудаа өгөхөө больж, хуульчилвал яасан юм бэ? Энэ шагнал нь ямар ч үнэ цэнэгүй болчихлоо шүү дээ!”

13 дахь бичигч Сүрэнхор Элбэгдоржид бүр ажлыг нь зааж өгчээ. “Элбэгээ ерөнхийлөгч өө! Ажлаа юуны өмнө энэ балай шагнал урамшууллын тогтолцооноос эхлэх хэрэгтэй. Ерөөсөө шууд үгүй болгочиход ард түмэн баярлана уу гэхээс биш, гомдож үгүйлэхгүй. Хүн өөрийн шударга зүтгэлээр л нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай, нэр хүндтэй явах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Баабар гавьяат энэ тэр гэлгүй нийгэмдээ танигдчихсан; дуучин Бат-Эрдэнэ, Оюунтүлхүүр, Ц.Энхбат энэ тэрээс илүү нэр хүндтэй явна шүү дээ. Ерөөсөө Баабар гэдэг нэр нь л чимэг, шагнал, брэнд болчихоод байна. Үүнээс ажлаа зоримог эхлэвэл зүгээр шүү.” Үнэн нь л дээ. Гэхдээ Баабараас асуусан болов уу. Мэдээж Баабар Энхбаяраас шагнал авна гэдэг гонжийнжоо, нөгөөдөх нь ч өгөхгүй. Харин найз нь Ерөнхийлөгч болчихоод гавьяат өгөхөд Баабар татгалзах болов уу?... Шараа болно. Боль! гэж Баабар Элбэгээг болиулж болох ч... Элбэгдорж Баабарт юу ч өгөхгүй дөрвөн жилийг барвал бас сонин шүү дээ. Монголын хамгийн их уншигчтай, ардчилалын төлөө гал цогтой тэмцэгч нийтлэгчид ардчилсан Ерөнхийлөгч медал өгөхгүй бол хэн өгөх юм бэ? За харч л байяа...

14 дэхь Германаас:“[Хэрэв] шагнал олгосноор ажлыг нь дүгнэдэг бол Ерөнхийлөгч огцрохоосоо [өмнө] сайн ажиллаж байна шүү. Ямар инээдтэй юм бэ? За арга ч үгүй биз дээ. Өөр хийх ажил байх биш. Баахан хүмүүс л шагнал авч баярлаж байх шив дээ. Тэгээд ч эдгээр шагналууд нэр хүндээ алдаад удаж байгаа. Болсон болоогүй зөндөө л хүмүүс авсан даа” гэж.

15 дахь: “За за ер нь Монголын хүн ам хэд билээ, бараг тал нь ардын болон гавьяат шагналтангууд болж байх шив дээ. Инээдтэй ч юмшиг, солиотой ч юмшиг санагдчихлаа гэж. Наад тэнэг социализмын үеийн балай үнэ цэнэгүй шагналаа одоо болио за!” гэсэн байна.

16 дахь шоологч: “Шагналаа гэж үнэн инээдтэй. 2.6 сая иргэдийнхээ нэрсийг бүгдийг нь биччихмээр юм даа. Ёстой чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л энэ байх даа. Энхбаяр дараагийн сонгуульдаа л бэлдэж байгаа юм байгаа биз” гэсэн байна. Яг үнэн Энхбаяр дараагийнхаа сонгуульд бэлдэж байгаа байхгүй юу!

Арай дэндсэнийг мэддэг 17 дохь нөхөр: “Тэр Н.Болормаа ганц цаг хичээл хичээл зааж үзсэн болов уу? Гавьяат эмч болсон Ж.Цолмон гээд байгаа нөхөр нөгөө Эрүүл мэндийн дэд сайд мөн үү? Хэрэв мөн бол Монголын бүх эмч нарт гавьяат өгөхийг шаардаж байна. Бас тэр хэлний хүрээлэнгийн Болд Энхбаярын ивээлээр монгол хэлний тайлбар толь бичсэнийхээ шанг хүртэж байгаа бололтой. Ц.Энхбат, Д.Цоодол, Шаравжамц, Б.Дашдондог, У.Уранчимэг, бас дээр нь тэр улстөрчдөд шагнал нь үнэхээр ахдаж байна даа” гэжээ.

18 дахь, гэмт хэрэг үйлдэх гэж байгаа нэг нөхөр: “Наад гичийгээ болиочээ! Наад малаа цааш нь харуулаачээ! Шууд бууд! Манай ажлын энүүгээр ирэхээр нь би шууд буудаж орхино!” гэсэн байна. Энэ ч арай дэндэнээ. Шагнал авлаа гээд хүнд буудуулчихвал гөөмөн тусгүй еэ. Дээрхийг бичигч хэрэв үүнийг уншвал, “Больсон нь дээр шүү!”

За энэ мэтчилэн өчнөөн л юм бичиж. Зочин гэсэн нэг нөхөр: “Гавьяат гэсэн шагналтай хүнийг хараад сүр доор нь бөхийгөөд, Энэ хүнээс юу сурах вэ? гэж боддог байсан бол харин одоо танил талтай мөнгөтэй хүн гавьяат болдог гэдгийг хэн хүн бүхэн мэддэг болжээ. Гавьяат авмаар бол 6 сая төгрөгтэй байхад л шууд өгдөг болсон гэнэ шүү. Нэртэйгээр нь дэлгүүрээр худалддаг болмоор юм. Ичээд нүүр хийх ч газар алга... За даа өгч авч байгаа нь ичээгүй байхад юундаа ч ичих вэ? ” гэжээ. Хэрэв гавьяатын шагнал 6 сая бол алдаг юм байна, хөөш!

Арай дэндлээ! Ичиж үхлээ! Шагнал ихдээд хор боллоо! Монгол солиорлын туйл руу явж байна! Шар дээлт үнэн тэнэг пяхлуу! Болиочээ! гээд л есөн шидийн сэтгэгдэл зөндөө. Би хүний мууд дуртайгаараа бүгдийг нь уншиж хорхойгоо дараад 82 дахь болж ингэж бичлээ шүү.

“Үнэн өрөвдөлтэй юм аа. Энэ бол эмгэнэл! Энхбаяраа Элбэгдоржийг бодоочээ! Хамаг шагнал дуусгалаа ш дээ! Болиочээ! Нэртэйгээр нь надад өгчих за юу! Монголын бүх ард түмнийг гавьяат болгочих мэдэв үү! Элбэгдоржид хийх ажил олдохгүй бол давхар гавъяатуудыг төрүүл! Наад шагналаас чинь болоод ард түмэн боож үхэх нь… Бүр хүн ална гэсэн ч хүн байна. Хэрэв хүн алуулвал чиний л буруу шүү! Энхбаяраа за юу! Баахан хүнийг гавъяат болгож архичин болгох нь...” гээд л бичээд тавьчихлаа. Ганцхан л хүн аавыгаа өмөөрч: “Энхбаяр Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний аавын хийсэн хөдөлмөрийг олж харсан тань баярлалаа... Энхбаяраас шагнал авч байгаа хүн болгон түүний бууны нохой биш гэдгийг би ААВААРАА хэлнэ” гэсэн байхад би хүний олныг л дагана шүү дээ.
*
Хоёр цаг шахам компютерийн ард дэмий сууснаас нүд чилээд, гал тогоонд орж цай ууж, печень идээд эргэж өрөөндөө ороод орон дээр хэвттэл нэг мэдсэн дугхийчихэж... Утас дуугарч, би сэрч, цаг хартал 11.30 болж байна. Миний найз Ганболд залгажээ. Би:
—За сайн уу залуу?
—За юу хийж байна?
—Аан, өнөөдөр амарч байна. Чи юу хийж байгаа юм.
—За баяр хүргэе.
—Юу!
—Аав чинь гавьяат болсон биз дээ?
—Юу яриад байгаа юм бэ?
—Юу юу ярих гэж! Аав чинь гавьяат болсныг мэдээгүй юм уу?
—Хэн тэгж солиороод байгаа юм! Манай аав яалаа гэж гавьяат болдог юм.
—Бямбажавын Хүрэлбаатар мөн биз дээ?
—Мөн
—Монголын үндэсний олон нийтийн радиогийн хариуцлагатай редактор, сэтгүүлч, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар мөн биз дээ.
—Мөн байлгүй яадаг юм...
—Тэгээд! Баяр хүргэе
—Миний муу аав уу даа!... Гэнэт дотроос нэг юм огшоод явчихлаа. Би догдолсон сэтгэлээ нуухыг хичээн:
—Хэн тэгж байна? Гэж асуув.
—Сонин.мн дээр л байна шүү дээ... Би гэнэт, Миний муу аав гавьяат болчихсон юм байна ш дээ!... Зүгээр л хэвтэж байгаад ГАВЬЯАТЫН ХҮҮ болчихдог байна ш дээ. Ямар сонин өдөр вэ? гэж бодтол найман жил уулзаагүй муу аавыгаа хичээн их санав аа...
—Үнэн үү?
—Үнэн байлгүй яадаг юм, малаа!...
*
Өрөөнөөсөө гараад гал тогоонд байсан найзынхаа гэргийд:
—Манай аав гавьяат болчихож гэтэл:
—Өө тийм үү! Ямар гоё юм бэ! гээд биширсэн харцаар харахад нь, би гавьяатын хүү болно гэдэг ямар бахархалтайг мэдрэв…
—Хэзээ авсан гэнэ?... Ээбээ! Би юм бодоод сонсоогүй бололтой.
—Аан, өнөөдөр гардуулсан гэсэн.
—Чамд өмнө нь хэлээгүй юм уу?
—Үгүй огт хэлээгүй.
—Өө чи тэгвэл зүгээр л хэвтэж байгаад гавьяатын хүү болчихсон байна шүү дээ.
—Хахаха харин тэглээ. Надад эрт хэлэхгүй. Тэгсэн бол гоё костюм пиджаак явуулахгүй юу.
—Харин тийм. Чи одоо шагнал мялаах бийский ч гэсэн явуулах хэрэгтэй шүү!
—Харин тийм. Хувцас л муутай байсан байхдаа. Муу аав минь...
—Чи аавтайгаа утсаар ярьсан уу?
—Карт байхгүй. Одоо гарч авахаас гэв.
Би хоол хийж идээд гарах гэсээр өдрийн 2 цаг хүргэж, банк орж төлөвлөсөн ажлаа амжуулаад, Шефэртбушид очоод карт автал 4 цаг болсон байлаа. Паркт сууж байгаад залгатал ээж авав. Монголд шөнийн 1 цаг болж байгаа тул ээж нойрмогдуу ярилаа.
—Аав шагнал авсан юм уу?
—Аав нь Соёлын Гавьяат болсон. Өнөөдөр Төрийн Ордонд очиж аваад, орой баахан хамаатан садан, ажлын газрынхан, зохиолчид ирээд явцгаасан. Одоо согтуу унтаж байна.
—За тэгвэл аавдаа баяр хүргэе. Намайг утасдсан гэж хэлээрэй.
—За за тэгье. Миний хүү маргааш аавтайгаа ярь.
—За, за баяртай. Маргааш ярья.
*
Үнэхээр аав маань Соёлын гавьяат болжээ. Тэгээд би бодлоо. Ямар хүн болохоор аав шагнуулаа вэ? Ерөнхийлөгчийн зарлигт МҮОНР-ийн хариуцлагатай редактор, сэтгүүлч, яруу найрагч гэж аавыг тодотгожээ. Мэдээж, үүнд ажлынх нь газар, хамт олных нь ач тус, өгөөж бий.

Залуугаасаа л орчуулагч, сурвалжлагч, сэтгүүлчээр Монцамэ, Радио, Телевизэд ажилласан, яруу найрагч миний аавд их алдаа бий; би ч шүүмжэлдэг. Гэхдээ өнөөдөр гавьяат болсон тул, муу аавыгаа муулаад яахав. Аав шагнал, нэр хүндийн хойноос бялдуучилж хөөцөлддөг хүн биш. Архи жаахан наадаг, хувийн амьдралдаа жаахан арчаагүй, ганц хүүтэй гэхэд ганц өрөө байр ч бэлдээгүй, “Аав минь намайг алт мөнгө хураасан уу? гэж асуугаагүй харин ажил төрөлдөө ямар байна, хамт олонтойгоо хэр эвтэй явна гэж сурагладаг хүн байсан” гэсэн утгатай шүлэг хүртэл биччихсэн... Тийм л нэг хэнхэг, тухай үеийнхээ нийгмийн бүтээгдэхүүн, эрхэлсэн ажилдаа чамбай, (яаж ч архи уусан маргааш нь ажилдаа явдаг), дундаж сэхээтэн. 90-д онд нэг удаа:
—Надтай адилхан хүн байдаг юм байна. Яг 9.10-д Шилмэл загварын ордны булангийн тэнд надтай зөрдөг, нэг нөхөр бий. Таарах болгондоо л бид хоёр, Чи бид хоёр л ажилдаа яс явах юмаа гэж бие биеэндээ хэлдэг гэж надад ярьж билээ.
Аавын амьдралын зорилго бол улс орондоо хэрэгтэй, гэр бүлээ дээдэлсэн, жирийн нэг Монголын сэхээтэн байх; дуртай ажлаа хийгээд, дуртай шүлгээ зохиогоод, хорхойд хоргүй, хүнд муу юм хийхгүй амьдрах.
Би аавын ажлыг сайн мэдэхгүй харин яруу найраг талаас нь жаахан гадарлана. Сайн иргэн байх эрмэлзэл нь түүнийг сайн сэтгүүлч, орчуулагч болгосон ч яруу найрагчийнх нь хувьд дотоод нөөц, авьяасаа бүрэн дайчилж гаргахад—нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, ухамсар нь түүнийг уран бүтээлдээ бүрэн орж бүтээж, туувирахад—саад болсон гэж би таамагладаг. Шүүмжлэгч Билэгсайхан нэг удаа:
—Миний муу найз дотоод зөрчилгүй хүн гэж хэлсэн нь тун оносон үг шиг санагддаг. Дотоод сэтгэлийн зөрчил байж байж, уран бүтээлч хурцлагдан, олон бүтээл туурвидаг болов уу. Нэлээн хожуу, намайг нааш гарахаас өмнөхөн аав надад:
—Би авьяасаа бүрэн дайчилж гаргаж чадалгүй, үхэх нь дээ гэж согтуу уйлж билээ. Аав маань ихэнх сайн шүлгүүдээ залуудаа бичиж, үе тэнгийнхэндээ үнэлэгдэж, цойлж гараад, давхихаа больсон, хожим нь архины магтаалд мансуурч би-д баригдсан, одоо жар гарсан эр бий дээ.
За гэхдээ, миний аав муу яруу найрагч биш. Монголын утга зохиолд 70-д онд гарч ирсэн нэгэн үеийн төлөөлөгч. Б Лхагвасүрэн, Д.Урианхай, Т.Очирхүү, Б.Догмид, Л.Лувсандорж, Д.Цоодол, Д.Батбаяр, Т.Баасансүрэн, Х. Сампилдэндэв, Л.Дашням, Б.Төмөртогоо, С.Пүрэв, С.Лочин, С.Оюун, Ч.Билэгсайхан, Б.Ганбат, З.Дорж нартай аав нэг үе.
Тун ч олон нэр төртэй, шагнал медалтай яруу найрагч, зохиолч, шүүмжлэгчид:

Сутай хайрхан уул
Суусан ч боссон ч харагдана.
Харагдах гэж өндөлзөхгүй
Харанхуй манан дундаас ч харагдана.

гэсээр манай гэрт орж ирсэн дээ. Энэ шүлгийг би хар багаасаа л сонсож, өөрийн эрхгүй цээжилж, утга чанарыг нь өсөж томрохын хэрээр олон янзаар ойлгож, тусгаж явлаа. Багад, атмааны тухай юмшиг надад санагддаг байлаа. Тэгээд л би багадаа, өөрийгөө атмаан, атмаан гэж дэрвэж явдаггүй, байгаагаараа л байдаг, харин өдөөд, сөдөөд ирвэл, нам цохиж унагачихаад өндөлзөлгүй сууж байдаг намхан, туранхай хүүхэд байсансан. Би өөрийгөө атмаан явсан гэж томрохгүй ч намайг очсон газар нэг ч атмаан л байдаггүй байсан юм.
Харин одоо шүлгийн утга надад гүнзийрч байна. Энэ шүлгийг тухай үеийн нийгэм, сэтгэхүйтэй холбовол ойлгоно. Үзэл бодлын хатуу шүүлтүүрийг молигодож чадсан. Эсвэл анзаарсан ч гэлээ анзаараагүй мэт өнгөрчмөөр санагдсан тийм л нэг чадварлаг шигтгэсэн, гүнзгий утгатай, сөрж бус дагаж урсаад монголоороо байхын бэлэгдэл, жинхэнэ монгол шүлэг юм. Монголын олон яруу найрагч, зохиолчид согтуудаа л энэ дөрвөн мөрийг манайд цензургүй уншиж, уйлцгаасан нь ийм учиртай. Уг шүлэг нь бол нуршуудуу, Алтай өндөр оргилд тэмүүлэх хүсэлтэй өссөн бага насаа дурсаж бичсэн гэмгүй шүлэг. Тэр дотроо л гүнзгий санаагаа шигтгэсэн нь аавын маань насаараа архи уух нэг том шалтаг болсон доо. Шашингүй, хатуу үзэл сурталтай нийгэмд монголоороо байхыг кодолчихсон Ховдын Цэцэгийн юм үзээгүй, алаг нүдэн, жижигхэн залуу аархаж, сагах нь ч аргагүй юм уу даа. Мөн “Сутай хайрхан уул, суусан ч боссон ч харагдана” гэсэн 2 мөрөнд хэлэх нэг зүйл бий. Энэ нь Сутай хайрхан уул, суугаад босоод байгаа юм уу, эсвэл Сутайг холоос харсан хүн сууж, боссон ч харагдаад байгаа юм уу? гэж асуумаар. Үүнийг алингаар нь ч ойлгож болно. Үүнд л энэ 4-н мөртийн бас нэг увдис байгаа юмшиг.
Гал, цогтой залуу насандаа бичсэн хэдэн бор морь шиг шүлгүүд нь тухай үеийн монголын яруу найрагт байр сууриа эзэлж, шинэчлэл хийсэн гэж судлаач, шүүмжлэгчид мэр сэр бичдэг юм байна лээ. Тиймээс ч Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол авсан байх. Монгол нүүдэлчин ахуй, зан заншил, өвөг дээдэс, эцэг эх, Алтай нутаг бол аавын шүлгийн гол сэдэв. Хамаагүй шүлэг бичвэл ажил, амьдралгүй болчих нийгэмд зориг гаргаж бичсэн хэдэн мөртүүд нь түүнийг монголын зарим яруу найрагч, зохиолчдын магтаалын бай болгодог. Одоо өөх өгвөл өглөө босоод хэрэлдэхээр болсон мань мэтэд арай л хөндий сонсогдох ч гэлээ,
Том улаан нарны доорх
Тос даасан Дарьганга

гэж хэн хэлсэн юм! Би хэлээгүй. Мэнд-Ооёо хэлээгүй. Дашбалбар хэлээгүй. Хөх Алтайн хөх хүү Хүрэлбаатар хэлсэн юм! гэж яруу найрагч Эрээнцавын Нямсүрэн нэг удаа манайд нанчид хүртэж суухдаа хэлж билээ. Тэрбээр, Хүрэлбаатарын шүлгүүдийг уншиж, өөрийгөө хөгжүүлсэн гэж нэг хэлсэн санагддаг юм, согтуудаа!
Нямсүрэн, аав хоёрын харилцаа сонин содон, өвөрмөц. Нямсүрэн Нацагдоржийн шагнал авчихаад, Чи минь аваагүй байхад би авчихлаа гээд уйлж байсан гэдэг. Харин дараа жил нь аав авчихаад хөдөө Нямсүрэнгийнд зочлоход тэрээр, Ямар сайхан юм бэ? Бөгшсөн хатиг суга татаад авчих шиг боллоо гэж хэлжээ. Тэгээд яруу найрагч Нямсүрэнгийн сэтгэл нь хөдлөөд гэрийнхээ хамаг юмыг өгөх гээд дайрчихсан гэнэ. Аав авахгүй гээд зүтгэхэд бүр дагаад байхаар нь аргагүй эрхэнд ууц засдаг хутга, ногоон пүйсүү гаанс хоёрыг нь авчээ. Ногоон пүйсүү гаансыг нь хоёр жилийн дараа Улаанбаатарт ирээд Дарь.Сүхбаатартай манайд зочлоход нь буцааж өгөөд, харин ууц засдаг хутгыг:
—Чи Оросын хилийн хажууд амьдардаг болохоор хутга сайн байж таараа, ууц засдаг хутгыг чинь авлаа гээд үлдээсэн гэж аав ярьдаг.
Аав Нямсүрэнг амьд байхад нь түүнд зориулж нэг уран санаатай, уянгын шүлэг бичсэн. Хөдөө томилтоор яваад Нямсүрэнгийн нутагт очсон боловч Эрээнцав их хол тул цаг заванд баригдан уулзалгүй хот руу буцаж байгаа энгийн агуулгатай шүлэг.
Гэгээн өглөөний дууч
Гэртээ суусан Даянч
Эрээнцавын Нямсүрэн
Их хол, ихээ хол суух юм даа.
Гэж төгсдөг энэ шүлэг нь Нямсүрэнг уран бүтээлээрээ бусдаас тасарсаныг жинхэнэ уран бүтээлчээс гарах гэгээхэн хор шараар бичиж, хүлээн зөвшөөрсөн учиртай. Нямсүрэнд зориулсан шүлэг, магтаал их байдаг ч аавынх шиг ингэж уран санаатай амьдад нь бичсэн шүлэг ховор байх шүү.
Мөн, миний хайртай яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн гэгээн дурсгалд аавын бичсэн уянгын шүлэг санаанд орч байна.
Хот сэрч, хот сэрч байна.
Хорвоод миний хамгийн дуртай зүйл
Хот сэрэх чимээ байдаг гэж
Хол явчихсан юмшиг санагдах
Хонгор ах минь шүлэглэжээ...

Энэ шүлгийг унших тоолонд Цэдэндорж яруу найрагчийн номын гэгээн дүр нүдэнд харагддаг.
Бас, аавын бичсэн Дэгдмэл хонгор салхи... гэдэг шүлэг нь Монголын анхны имперсонист шүлэг байх гэж би таадаг. Би судлаач хүн биш, гэхдээ ямар ч гэлээ тэр шүлгийн дүрслэл нь тухай үеийнхээ шүлгүүдээс дүрслэл, сэтгэлгээний хувьд тун ялгаатай шүү.
Уулын голын хөвөө нь
Дэгдмэл хонгор салхитай...
Учран танилцсан охин минь
Дэгдмэл хонгор ааштай...
Тэнгэрийн сарны туяа ч
Дэгдмэл хонгор өнгөтэй...
Тэр нэгэн үдшийг
Мартаж яасан ч чадахгүй...
Дэгдмэл хонгор нас минь...
Дэгдмэл хонгор учрал минь...
Дэгдмэл хонгор уруул минь...
Дэгдмэл хонгор салхи минь...

Гэж. [Би сайн санахгүй тул зарим зүйлийг нь өөрийнхөөрөө бичсэн байж магадгүй.] Надад бол энэ шүлэг нэг л мөнхийн шинэлэг мэдрэмжтэй имперсонист зураг шиг харагдаад байдаг. Хүүхэд насаа ардаа орхиж байгаа барин тавин тэр нэгэн мэдрэмжийг дэгдмэл хонгор гэдэг шинэ үгээр дүрсэлсэн нь Монголын утга зохиол оруулсан аав маань жаахан хувь нэмэр. Олны ярьдаг бас нэг шүлгийн 2 мөр санаанд орлоо.
Торгууд нутгын жороо морьдын
Тоос нь хүртэл угалзан хээтэй...
Аавын уран бүтээлийн гол сэдэв нь монгол ахуй, монгол зан заншил гэж би дээр бичсэн. Энэ нь үзэл бодлын дарамттай нийгэмд хүч нөлөөтэй, утга учиртай ч, тэр сэдэвтээ хэт гацахаар нийгмийнхээ бодит байдлыг олж харахаа байдаг талтай юм байна лээ. Ер нь ганцхан миний аав гэлтгүй, Монголын нийт утга зохиол ийм байдалтай байгаа. Монгол, монгол гэсээр нүдээ сохолж, туйлширах өвчин бол өнөө цагийн бид л эдгээх ёстой эмгэг юм шүү дээ...
Тун олон согтуу яруу найрагчид намайг, үнсүүлэхгүй гээд л байхад: “Архи үнэртүүлсэн хошуугаараа аав маань намайг үнсдэгсэн” гэж хэн хэлсэн юм! Хүрэлбаатар хэлсэн! гээд өмхий хошуугаараа үнссэндэг. Би занаж байгаад сүүлд нь нэг нийтлэлдээ “Монголын яруу найрагчдын үмхий хошуугаар өчнөөн л үнсүүллээ” гэж бичиж доош нь хийж билээ. Энэ шүлгийн үнэ цэнэ нь мөн л Чингис, Монгол ч гэж зоригтой хэлж чаддаггүй үед бичсэнд л байгаа юм. Түүнээс биш өдий ингэж бичсэн бол бүдүүлэг, бүр “өмхий сонсогдоно” биз дээ. Талийгаач Тоомойн Очирхүү их шүлсдэж үнсдэг хачин хүн байж билээ. 90-д онд шар Мийгаа ах, Хүрлээ ахаа! Хүрлээ ахаа! Гэж хашгирч уйлж, харанхуй шөнөөр хаалга балбаж, гөөмөн ч их нойр хагаслан, хацар шүлсдүүлсэн дээ. Одоо харин Америк яваад ирсэн хүн соёлжсон байлгүй...
*
Гурван хоног дараалан утасдаад аавтайгаа ярьж чадсангүй. Утасдах тоолонд согтоод онхолдчихсон байв. Харин өнөөдөр аавтай яриллаа. Шал согтуу тасрахын өмнөхөн байна.
—За миний хүү юу?
—За ааваа баяр хүргэе. Цаана нь хүмүүс “Цэцэг нуурын хөвөөнөөс...” гээд л зад найрлаж байнаа.
—За миний хүү юу. Бүр хэл нь орооцолдоод, ээжийн хэлдгээр даль, даль болчихож.
—Баяр хүргэе
—Юунд баяр хүргэдэг юм.
—Медал авсанд баяр хүргэе.
—Чи ямар медал яриад байгаа юм.
—Гавъяат
—Хахахаха... Аав нь авч л байгаа биз дээ?
—За ааваа тэгээд архиа бага уугаад биеэ бодоорой
—Би архиа ч ууна, амьдрахаа ч амьдарна. Би бол мөнх настай байхгүй юу. (Согтоод солиорч байгаа нь...)
—Наад медал яах вэ? Биеэ л бодно шүү. Медал аваад л архи уугаад үхдэг шүү! Та нар. Ямар медалын төлөө амьдарч байгаа биш —
—Би үхэхгүй за! Би мөнх настай! Өнөөдөр манай зохиолчид ирээд сайхан байна. Гэнэт миний аллерги хөдлөөд:
—Хэдэн тонн архи ууж байгаад наад медалиа авав аа? Гээд асуучихлаа.
—Юу гэнэ?
—Хэдэн ТОНН архи ууж, наад медалиа авсан бэ?
—Битгий хуц! Би чамтай ярихгүй... Дүүд, дүүд, дүүд...
За би ийм л хүндээ. Аавдаа баяр хүргэх гэсэн биш, уурыг нь хүргээд... Би уул нь хэдэн шүлгүүдийг нь лавлаж асуугаад дахиад жаахан юм бичье гэж санасан, одоо дутуу орхихоос...
Манай аавын дүү нар, хамаатан садангууд бөөн баяр. Миний авга эгч Агаагийн хүү Болдоо хүртэл надад “Жажа гавьяат болсон. Би Болдоо байна. Бид бүгд сонсоод бөөн баяр” гэсэн имэйл бичих вэ дээ. Найман жилд надад ганц ч имэйл бичээгүй. Намайг явахад жаахан хүүхэд байсан, одоо ч том эр болоо биз дээ. Тэдэнд энэ шагнал баяр баясал авчирч, амьдрал, нийгэмдээ итгэх итгэл өгчээ. Харин охин дүү маань бүр үгээ хэлчихсэн, баахан хүний баас шээс цэвэрлээд ёстой гайтай юмаа, есөн шидийн яруу найрагч, зохиолчид цуваад, гавьяат Цэрэнжамц ах 6 саяар л найр хийхгүй бол юм горьдсон хүмүүс татардаггүй юм гэж хэлсэн гэж над хэлэв. Ёоё 6 сая, хаа байна тэр чинь!... За, за тэгээд, одоо үнэхээр медалын найр хийгүй бол болдоггүй юм бол би нэг хэдэн цаас нэмэрлэхээс дээ! Өөр яах билээ би, Гавъяат гэдэг гай юу?

ЖИЧ. Ерөнхийлөгч Н.Энхбаярт баярлалаа. Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2009.06.22

Monday, 15 June 2009

Хамбын араас шидсэн чулуу

Ээбээг Ерөнхийлөгч болохоос өмнө, Харамафужиг түрүүлэхээс урд манай Англид өнгөрсөн 5 сарын 3-нд тун сайхан оюуны цуглаан боллоо. 5 дахь удаагаа зохиогдсон Монголын хөгжилд чуулган урьдах жилүүдийнхээсээ өргөн далайцтай, тохилог, зориултын байр саванд, (өмнө нь ЭСЯ-нд болдог байсан), зохион байгуулалт сайтай, хар цагаан олон хүмүүст хүртээлтэй болов. Энэ нь ЭСЯ-ны шинэ бүрэлдэхүүн, Монголчуудын холбоо хоёр хамтарсаны үр дүн л дээ. Бүр тодруулвал, МХ-ны тэргүүн Цэндийн таван жил уйгагүй зүтгэсний үр өгөөж. Энэ жил анд маань нас нь намбыг нь гүйцээд (дандаа бага насны залуус дундаас надад тэгж санагдсан ч байж магад) индэр дээр суулгаад байвал суулгаад л баймаар харагдана лээ. Бүр ч өндөр индэр дээр залаад, үг хэлүүлэхэд хөнгөдөхөөргүй нас, намба, өнгө зүс, дуу хоолой, костюм пиджак (нөгөө дээлээ өмсөөгүй байна лээ) үзэгдэж, сонсогдож, мэдрэгсэн шүү. За энэ ч яахав, үнэгүй рекламдчихлаа…

Миний бие энэ тухай сарын өмнөөс бичих гэсээр өдий хүрлээ. ЭнДүүрэл ба бусад үгүүллэгүүд гэдэг богино үгүүллэгийн номоо, яг хэвлүүлэхийн даваан дээр гурван удаа больж, засаж янзлан, бүр сүүлдээ, өчигдөр, бүгдийг нь delete-лээд унтдаг юм билүү гэж бодогдов. Тэгж бодогдохоор нь залхсанаа мэдээд болсон болоогүй хэвлүүлэхээр шийдэв. Гэхдээ та бүхэнд би номоо зарахдаа нүүр улаахгүй. Их ч юм сурч, хөдөлмөрлөж бичсэн номоо миалах эрх над үгүй. За, энэ ч яахав, номоо бас рекламдчихлаа...

Чуулганы хүрээнд өрнөсөн хамгийн том үйл явдал бол Гандантэгчэлин хийдийн тэргүүн хамба Чойжамц Лондонд ирж, монголчуудтай төдийгүй Английн иргэд, улстөрчид, эрдэмтэдтэй уулзсан явдал: чуулганы төгсгөлт түүний хэлсэн үг, өгсөн даллага хамгийн олон хүн цуглуулсан...
Хамба, За та хэд түрүүвчээ ил гаргаж бариад, сайхан юм бодоод сууцгаа (би яг юу төсөөлж, бодоорой гэснийг нь мартчихаж). Би мөнгөтэй болгодог ном уншина гэхэд мань мэт нь машид долигонон банк картуудаа гартаа барьчихаад л баянжих юм биш байгаа гэж шуналтан, даллага авчихдаг азтайдаа дотроо баясаж суусан. (Зарим азгүйчүүд ажилтай таараад ирж чадаагүй.) Цэнд бүр хамгийн урд нүдээ аниад цомбойгоод сууж харагдсан. За тэр ч бүр баяжсан байхаа... Харин би сахил авсан биш шал дордов гэхчээр даллага аваад гарлага гаргаад, тэр оройдоо зуугаад паунд салхинд хийсгэчих вээ. Хамбын даллага дуусав уу, үгүй юу? Нэг хүүхэн:
Хөгжил паартийндаа очоорой. Өнөө орой Sound клабад болно. Такс 15 паунд гээд л зарлаад эхэлсэн. Дөнгөж даллага аваад, За одоо ч суга баяжих ч баараагүй гэж бодсон надад паартий нэг л ёозгүй сонсогдов. Хэдийгээ зохион байгуулж буй Холбоогоо дэмжмээр, мөн Индраа над ганц, хоёр үнэгүй тагш юм амласан ч гэлээ би даллага аваад гэрээсээ юу ч гаргадаггүй монгол заншлаа санаж зуурсан сэтгэлээ чирж сунгасаар автобусны буудал дээр арайхийн таслан гэрийн зүг шуудлаа—уул нь эхэндээ өөрийгөө дийлсэн л байгаа биз дээ. Даанч гайтай юмшиг замд монгол пааб тааралдаад, орохоос өөр аргагүйдээд ортол, таньдаг хүмүүс тааралдаад...тэгээд, тэгээд, тэгээд зуугаад паунд будаа! Гэхдээ энэ миний л буруу. Олон хүн даллага аваад баяр хөөртэй гэр лүүгээ явж харагдсан. Тэд лав мөнгөө дэмий үрэлгүй, цулайсан байх аа.

Дашрамд, Индрадаа их баярлалаа. Индра надад: Ноён Эрдэмбилэг таны бичсэн юмс Монголын хөгжилд оруулж буй бас нэг хувь нэмэр...та чуулга уулзалтанд морилон ирж, залуу оюутан, эрдэмтдийн илтгэлийг таалж соёрхоно уу гэсэн имэйл бичсэн. Тэгэхээр нь би томроод “Ходоод дүүргэх хоол, хоолой зайлах дарс байхгүй бол би очихгүй!” гэсэн чинь “Байлгүй яах вэ. Байлгүй яах вэ” гэж дор нь над хариулсан. Тэгээд л би очсон байхгүй юу! Харин таалж соёрхох оюутан охин олдоогүй шүү, нуулгүй хэлэхэд—за энэ ч яахав, миний овсгоогүйнх... Тэгээд очсон чинь Индра надад Эрдэмбилэг гэсэн энгэрийн тэмдэг зүүлгэж, тусгай өрөөнд оруулаад үнэгүй зууш, хоол, ундыг ид, уу гэсэн. Би ёстой амаа олохгүй хуссандаа: бараг шарсан тахианы хөлийг бүгдийг нь би наасан байх. Ховлоход, тэр ширээний ард үйлчилсэн хар палаажтай хүүхэн над руу муухай, муухай хараад байсан шүү! Тэр өрөө рүү чинь би эхлээд тэмдэггүй орох гэж нэг үзсэн юм. Тэгсэн тэр хүүхэн:
—Зөвхөн тусгай хүмүүс л орно гээд намайг танихгүй хөөж гаргасан байхгүй юу! Бас Цэндийн танилцуулсан TВ9-ын Будда-Ертөнцийн шар дээлт надаас ярилцлага аваагүй! Цэнд намайг дуудаад түүнтэй танилцуулахаар нь, Зиак ингээд зурагтаар гардаг байж дээ гэж мань чинь бодоод хажууд нь сууж байгаад:
—Чамд хэлэх над хоёр мэдээ байна. Нэг нь сайн мэдээ. Нөгөөх нь муу мэдээ. Сайн мэдээ нь гэвэл, Монголчууд бусадтай л адилхан хүн! Муу нь гэвэл, Монголчууд бусадтай л адилхан хүн!... Яагаад сайн мэдээ гэвэл зарим нөхөд гадаадад гарсан бидэнтэй уулзангуутаа л, Та нар яаж байна? Гадаадад амьдарч болж байна уу? гэж асуудаг. Тэдний сэтгэлийн мухарт мал шиг бүдүүлэг монгол хөгжилтэй газар амьдарч чадахгүй гэсэн айдас байдаг юмшиг. Тэгэхээр энэ бол тиймэрхүү хүмүүст сайн мэдээ... Харин муу мэдээ нь бол Монгол хүнийг бусдаас илүү, авъяастай, ухаантай, хүчтэй гэж туйлширдаг хүмүүст зориулсан. Нэг монгол залуу нэг дэлгүүрийн менежэр болсон нь гайхуулах зүйл биш шүү дээ. Тэр бүү хэл манайхаас ч ядуу орныхон том том дарга хийгээд л явдаг. Дээл өмсөж худлаа хэлбэрдэн, хөдөлгөөн удааширсан, үгээ зөөж маяглаж ярьдаг юмнууд зөвхөн Монгол, Монгол гэж маниусын тархийг угааж байна! Тийм юмс— гээд л гараа сарвалзуулан өөрөө ч юу яриад байгаагаа мэдэхгүй ам халж эхэлтэл, шар дээлт нэг уртаар амьсгалснаа, ширээн дээрээс микрофоноо заналтай гээчийн удаашруулан аваад үг дуугүй босоод намайг орхиод яваад өгсөн. Тэр савлуулсан микрофоны даажигнаж байгааг:
—Яг чамаас ярилцлага авч харагдаач! гэж байна лээ ш дээ. За яах вэ! Хамбын зурагтаар гарч болдоггүй юм бол ондоо зурагтаар би гарахдаа л гарна даа! Харч л байгаарай та нар!

За, би чинь одоо, сүртэй гарчиг тавьчихаад юу бичээд унав аа. Шал дэмий хоол, унд, хүүхэн шуухан бичих нь шив дээ. Гарын арван хурууны товшилт, тархины хэлбэлзлээс түрүүлэхээр ингэдэг: халчихаар зогсдоггүй муу зуршилтай. Үнэндээ мань шиг амьтан хамбын араас чулуу чулуудаад юу шалих вэ дээ. Чулуу чулуудсан ч чалхгүй юм нисэж очоод бөгсөн дээр нь дон, эсвэл тоож уурлаад эргэж харвал гэдсэн дээр нь пөд гэх биз. Би гэхдээ хамбыг хэлээгүй шүү! Бузарбаани бадни хум. Монголын Бурханы шашны тэргүүн их хамба гэдэг утгаар бичиж байна. Дээр, нэг том ламбугай Лондон ирээд янхан зочид буудлаасаа захиалж үйлчлүүлснийг би хүний амнаас сонссон. Тэгээд л ховлож байна. Энэ бол Хамбад хамаатай. Наад захын жишээ нь, надад дээрхийг хэлсэн хүн, хамбыг ирнэ гэхэд янхандсан ламбугайтай адил бодоод очоогүй... Би зүгээр л Хамбатай уулзсан сэтгэгдлээ л бичье гэлээ. Монголын Бурханы шашны хөгжлийн эгзэгтэй үед хүнд ачааг үүрч яваа түүхэн том хүн шүү дээ. Түүнтэй уулзаж, үг яриаг нь сонсож, хамтдаа оройн зоог барина гэдэг азтайгаар барахгүй бэлэгшээлтэй. Мөн тэргүүн хамбын яриа хөөрөө, дүр төрхийг бичвэл түүхэнд үлдэх магадлалтай тул би чармайна аа. Харин бүтэх нь үү, үгүй юу. Энэ янзаар бол оодтой юм гарахгүй нь дэгээ. Ш.Баатар ахынх шиг сайхан ярилцлага бичиж чадах болов уу даа...

Морьтны хишиг явганд гэхчээр би энэ Цэндийн хишгийг хүртэж олон томчуултай уулзаж, танилцлаа. Жилийн өмнө намайг Оксфортод аваачиж Далай Ламын сургаалыг сонсгосон. Сая, бас хамбатай хамт ресторанд орохдоо намайг урьсан. Чуулганаас хэд хоногийн өмнө Цэнд над руу утасдаж, Хүрээд ир гэхэд би жаахан жийрхэв. Хамба шиг том хүнтэй ресторанд хамт хооллож үзээгүй тул би санаа зовоод больдог ч юм билүү гэж бодсоор хоцорч Хай стрийт Кэнсингтоны TK∙Махх-ын урдах зам хөндлөн гараад, цаашаагаа чиглэсэн гудам дахь итали ресторан руу ороход манай хамба доод давхарт, буландуулж тавьсан Г хэлбэрийн ширээний хойморт, нэвтрүүлэгч Доржбат гуайгаас эхсүүлээд эр, эм хэдэн залуучуудаар хүрээлүүлээд, улаан шарыг хослуулан, дээлээ сугалдаргалж өмсөөд, хамрын тамхиа татасхийн, чихэнд наалцтай тод намуун хоолойгоор энгийн, дотно яриа өрнүүлээд сууж байлаа. Би ороод л ирсэндээ баярлаж, биеэ барихаа больсон. Хамба хэнтэй ч яриа хөөрөө өрнүүлж чаддаг нь илэрхий. Энэ ч бас том хүний л шинж: эртний нүүдэлчдийн удирдагчдын нэг нийтлэг шинж нь илүү дутуу маяггүй, амьдралын аар саарханг айхтар анзаарч, номоор бус бодит байдлаар сэтгэдэг чанар. Дээр үеэс л ийм байсан. Хүннүгийн Атиллаг, зочиддоо алтан аягаар хоол унд идүүлээд, харин өөрөө модон аягаар хоол хусдаг гэж бичсэн байдаг...

Манай хамба ч буддын том лам, хувилгаадын адил логик, цэгцтэй яриатай, яриагаараа бусдыг татах увдистай, сэтгэлгээний цар хүрээ уужуу хүн байна лээ. Би ойрын жилүүдэд ийм чадалтай монгол хүнтэй огт уулзаагүй. Насаараа Буддын ном үзсэн хүн ийм байхаас ч өөр яах билээ. Хамба энэ завшааныг ашиглаад мань мэтийн хэдэн залуучуудад хэдэн юм хэлээд өгье, бодуулаадхая гэсэн хүсэл өвөртөлсөнд нь би их баярласан. Бүгд л баярласан. Надаас хоцорч ирcэн хүүхэн бүр ч их баярласан байх. Хамба түүнийг орж ирэхэд:
—Тийшээ, тийшээ суу гээд л гараараа заагаад намба алдаад байсан. Намайг бол тэгээгүй. Баруун талд, хажууд нь насаар Хамбаас ах Доржбат гуай сууж байхад манай хамба голцуу зүүн тийшээгээ хүүхнүүд рүү харж ярьсан. Тэрбээр надад нэг л сайхан гүндүүгүй, жинхэнэ мужик шиг санагдсан.
—Би багын л алиа хошин зантай хүүхэд байсан. Намайг Шашны дээд сургуульд сурч байхад буриадууд хамт сурдаг байв. Тэгээд би нэг удаа, буриад нөхөр рүү очоод Здраст-ххххх-ТҮЙ гэсэн чинь:
Ой быляа гээд л өөдөөс хэлж билээ гэж Хамба нүүрний хувиралтай, бүдүүн нарийн хоолойгоор ярихад бүгд нирхийтэл инээж харин би түүний өмнө тавагтай хоол дөнгөж тавиад эргэсэн үйлчлэгч шар залууг харчихаагүй байгаа гээд хартал, анзаараагүй шинжтэй цаашаагаа явж байсан; хэрвээ тэгсэн бол цэрээ татаж гаргаад хоол руугаа нулимчихлаа гээд шоконд орох биз.

Доржбат гуай тэр хоёр анхны ардчилсан Үндсэн Хууль хамт баталцаж явж. Анх АИХ-д депутатаар сонгогдож ороход Хамбад тохиолдсон хэдэн хөгтэй явдлуудаас талийгаач Дашбалбарын онигоо үнэн тасархай. Үүнийг онигооны тэмцээнд түрүүлэхээр гоё ярьсан. Би түүний ярьсныг яг бичиж чадахгүй тул өөрийнхөөрөө биччихье:

Ерөнхий сайд буурал Бямбасүрэнг Дашбалбар үзэж чаддаггүй байж. Бямбасүрэнг Дашбалбар, Энэ муу буриадын өгөр толгой Монголыг худалдана гэж дандаа занадаг байж. Тэгээд Ерөнхий Сайдыг танхимд орж ирэнгүүт нь л:
—Пизда! гээд л ширээ ганцхан дэлсээд л босоод ирдэг байж л дээ. Чойжамц гуай түүнээс бүр залхаад нэг удаа:
—За хө, чи бас залуу хүн байна. Байнга тэгж настай хүнийг хараагаад, зүхээд байх зохисгүй. Бямбасүрэнг ороод ирэхэд нь мааниа уншаад, хамрын тамхиа татаад заримдаа сууж бай гэж гэнэ.
—Хамрын тамхиа татаад, мааниа уншаад дуугүй суух уу? гэж Дашбалбар лавлаж гэнэ.
—Тиймээ. Мааниа уншаад, эрхээ эргүүлээд, хамрын тамхиа татаад дуугүй суу! гэж Чойжамц гуай толгой дохин зөвлөжээ. Дашбалбар дагаж толгой дохин:
—За гэж гэнэ.
Тэгээд Бямбасүрэнг Хурлын танхимд нэг өдөр орж ирэхэд, Дашбалбар бувар бувар мааниа уншаад л, эрхээ хурдан хурдан эргүүлээд л, хамрын тамхиа гялс гялс татаад л, нүд аниастай дэлбэрэх гэж буй мэт сууж байна гэнэ—гэхдээ тэсчихжээ... Хоёр дахь удаагаа мөн бувар бувар мааниа уншаад л, эрхээ хурдан хурдан эргүүлээд л, тамхиа гялс гялс татаад л минжийтэл улайгаад л сууж байна гэнэ. За энэ маань ч одоо л засрах нь байна, яамай даа гэж Чойжамц гуай бодож л дээ... Тэгээд гурав дахь удаагаа Бямбасүрэн гуайг Танхимд орж ирж үг хэлэхэд Чойжамц гуай Дашбалбар депутатыг хальт хартал тэр өмнөхийн адил мааниа уншаад л, эрхээ эргүүлээд л, тамхиа татаад л, нүдээ аниад л сууж байна гэнэ. За энэ маань тэсэх нь шиг байна гэж бодоод Ерөнхий сайдын үгийг анхааралтай сонсож суутал ширээ пэдхийтэл ганцхан нүдээд:
—Пизда! гээд л Дашбалбар босоод ирж дээ. Гэтэл нэг гишүүн араас нь:
—Хөөе, хөөе Дашбалбараа! Наад маанид чинь пизда орчихлоо гэж баргил хоолойгоор сануулсан гэнэ лээ...

Хамба бидэнтэй, алба ёсны бус энгийн уулзахдаа зөвхөн онигоо яриагүй: түүх, нийгэм, улстөрийн тухай дүгнэлт, ажиглалтаа тэр сэтгэл харамгүй хуваалцсан. Түүнээс сонсох зүйл ч их байна лээ шүү! Жишээ нь:
—Хөдөөнийхөн малаа дагаад мал болчихлоо гэсэн. Хүн болох санаатай хот руу орж ирсэн чинь гахай болчихсон. Одоо таниус хараарай, Улаанбаатарт очиж байгаад хараарай. Цөмөөрөө хөдөөнөөс хүрч ирээд захын хорооллуудаар суурьшсан... Малаа зараад машин авсан. Хөдөө айлд тавьсан мал нь дуусаад ирэхээр машин нь эвдрээд ордог орлогогүй болохоор хог түүж эхэлж байгаа юм. Гахайнаас дор болчихож байгаа биз дээ. Уул нь мал байсан хүмүүсийг адгийн гахай болгочихож байгаа юм даа...гэж нэг удаа ярьсан.

Одоо манай улстөр, засгийн газар харьцангуй төлөвшиж цэгцтэй, ажил хэрэгч болсныг тэр дурсаад авна лээ. Анх түүнийг депутат болоод Засгийн газарт ороход архи, тамхины үнэр нэвт шингэсэн, 400 гаруй депутатууд хаа сайгүй дэмий холхисон, хувийн наймаа панз үсэргэсэн газар байж. Харин одоо 19 жил төрийн тогоонд чанагдсан улстөрчид гадаадын хэнтэй ч гэсэн үзэлцэх хэмжээнд хүрсэн гэнэ. Мөн энэ ИХ-ын гишүүд түрүүчийнхийг бодвол арай гайгүй гэнэ. Заримыг нь шоронд хийсэн нь юм бодогдуулсан юмшиг байгаа юм гэж Хамба хэлсэн. Түрүүчийн УИХ-ын гишүүдийн өрөөгөөр Хамба албаар хаалгыг нь огил татаж, хоолойгоо шахан:
—За сайна уу? гээд л ороход утас чихэндээ наачихаад:
—За дараа яръя, дараа яръя гээд л хулжисхийн дуугаа намсгаж хэлээд утсаа таслан түүнтэй уулздаг байсан бол одоо хэнийх нь ч өрөөгөөр ороход ажил хэрэгч, нээлттэй болсон гэнэ.

Мөн Монголын сүүлчийн хаан Богдын тухай сүүлд архиваас олдсон баримт, бичгүүд дээр тулгуурласан шинэ соргог мэдээ сэлтийг Хамбаас сонсоход надад их таашаалтай байлаа. Ер нь Монголын тусгаар тогтнолд энэ хүний үзүүлсэн гавъяа, зүтгэл их бий гэж би таамаглаж явсан. Толбогүй монгол номондоо ч гэсэн энэ тухай дурссан. Бидний туулсан далаад жилийн коммунизмын түүх худлаа бичигдсэн гэдэгт би түүнтэй санал нэг. Та нар түүхээ эргээд сайн нягталж, уншаарай! гэсэн захиасыг нь би та нарт дамжуулъя...

Чойжамц гуай бол гарцаагүй эх оронч хүн: өнөөгийн нийгмийн байдалд тэр санаа зовж, шаналж явдаг нь илт. Өвөг дээдсийн үеэс эрхэмлэсэн тусгаар тогтнолоо одоо л харин алдчих гээд байна шүү! Яандаа! гэж тэр нэг санаа алдсан.
Жоохон нарны гэрэл тусахаар бүр сагачихаад засаг нь ч болхи, хүн ард нь ч юм бодохоо больсон... Ихээ мангар гэнэн байгаа шүү... 90 оны үед хашаагаа их гоё болгоод л, цэмцийлгээд л, зүлэг ургуулаад л, мод тариад л эхэлсэн; тэгтэл, Энэ муу гэр хороолол хэрэг алгаа, цөмөөрөнг нь байшинд оруулна гээд [засаг] хэлчихсэнээс болоод хүлээлт үүсээд, хашаа хороогоо хайхрахгүй, хөгшин хүний шүд шиг арзайлгаад, хэзээ орон сууцанд орох бол гээд хүлээгээд суучихсан. Дандаа тэгж энэ засгийн юу ч мэдэхгүй юмнууд [ард түмнийг] үймүүлээд байгаа байхгүй юу!

Тэрээр гадаадад амьдарч буй бидэнд хандаж, Хэрэв улс орон чинь хөгжихгүй бол та нар ч үнэ хүндгүй. Гадаадад гарч байгаа бол ухаантай гарах хэрэгтэй. Гэтэл зарим нь очоод сэтгэлээ худалдчих юм. Хэл, соёл, ажил сураад, мэдээд ирэхийн оронд биеийн амрыг хараад назгайраад хэвтэж байх юм гэж ярихдаа Солонгост Христын шашинд орсон монголчууд цуглаанаа:
—Гандан шаттугай! Гандан сөнөтүгэй! гэдэг мөргөлөөр дуусгадаг юм байна лээ гэж бидэнд ховлосон. Соёлын дархлаагүй, ядуу хүмүүсийг яахаас ч буцахгүй болгож харьд бэлдэж байна гэдэг осолтой. Төр засгаас үүнийг анхаарч, хойч ирээдүйгээ бага сургуулиас нь олон шашны мэдлэгтэй (Буддын шашныг бүр түлхүү) болгож хүмүүжүүлэхгүй бол оройтох нь байна даа.

Нээрээ, тэнд би шпагетти л идэх шив дээ. Би Хамбатай адил үхрийн махан шпагетти идсэн ч усанцар, сул амттай, жижиг порцтой—нэг л таалагдаагүй. Дээрээс нь Хамба яг хоол идэхийн өмнө модон жорлон, баас маас яриад аппетитгүй болгоод хаясан. Гэхдээ амтгүй хоололсон ч амттай яриа сонссон юм чинь, энэ яах вэ...

Уг нь ч яг баас яриагүй юмаа, хөөрхий. Монгол хүний байгалиас заяасан сэргэлэн, овсгоотойг магтах гэж байгаад халтирчихсан юм. Манай монголчууд байгалиас заяасан сэргэлэн, ухаантай хүмүүс тул өвөл даардаггүй аж. Гадаадын тэнэгүүд өвөл даараад л гэртээ бээрч суухад, манайхан гудамжны модон сандал эвдээд л гал түлээд дулаацчихна…

Гадныхан бас хүн, малын баасыг ялгаж чаддаггүй маанагууд. Хэдэн япончууд хөдөө очоод амаа олохгүй хорхог хусаж л дээ. Хэдийгээр амттай ч, харин шөнө нэг нь чацга алдаад баларч. Илүү гэртээ хонуулсан гэрийн эзэн түүнийг:
—Санаа зоволтгүй. Хол явалгүй бие засчих гэж гэнэ. Япон эр ч аргагүй эрхэнд:
—За гэж дээ; за гэхээс ч өөр яах вэ дээ. Тэгээд тэр шөнөжингөө чацгадаад үүрээр унтахад нь малчин эр, Энэ золиг өглөө босоод чацгаа заавал шалгана. Тэгж хөөрхийг эвгүй байдал оруулахаас очоод шороогоор булчихъя байз гэж бодоод гэрээсээ гараад хүрз аваад очтол хүний урманд баас гэчихээр зүйл алга. Үгүй, энэ чинь ямар ходоодтой болохоороо ингэж чацгаддаг золиг вэ? гэж чамалсан эр шороогоор булсан ч үгүй, зүгээр л хажууханд нь хэвтсэн тугалын хатсан баас хүрздээд дээрээс нь тавьчихаж. Өглөө эртлэн босоод малчин эр, японыг яах нь уу гээд холоос илүү гэрээ бараадаад юм хийж байтал, үнэхээр л нөгөөх япон гэрээс гараад шууд л чацга тавьсан газраа очжээ. Очоод тонгойсноо гайхаж буй бололтой, гэдсээ дарж үзээд, толгойгоо хаялаад зогсоход нь малчин дөхтөл япон эр санаа алдаад хачин байсан гэнэ... Энэ жинхэнэ болсон явдал шүү.

За энэ бас гайгүй модон жорлонд бааж сураагүй мангарын онигоо тун өрөвдөлтэй. Хамбад нэг залуу бүр гайхширчихсан ирээд ингэж ярьжээ.
—Өчигдөр гадны нэг нэлээн том хүнийг хөдөө дагуулж явлаа. Бие засъя гэхээр нь модон жорлон зааж өгөөд явуултал, өнөөх чинь бүр таг...байдаггүй. Аргаа ядаад очиж банзаны завсраар хартал нөгөө муу тэнэг чинь шалдан бөгсөөрөө модон тавцан дээр хаалганы бариулаас бариад, босож чадахгүй, хөлс нь цувчихсан, салтаа самбаанаас нь баасны хар ялаанууд дүнгэнэн нисээд л ойчих шахсан юм сууж байв!... Яг тэр үед би захиалсан хоолоо авсан юм аа, гайтай нь... (Ерөөс, энэ Буддын шашны томчууд хүний хэвшмэл сэтгэлгээнээс хальсан хачин, хачин юм ярьж, үйлддэг хүмүүс! Миларепа гэхэд л боовоо унжуулаад эмэгтэй хүнд дуу дуулж өгсөн удаатай.)

Энүүхэндээ хэлэхэд, хамба монгол хоолонд л дуртай юм байна лээ шүү. Хэдэн жилийн өмнө Оксфортод бадарчлахдаа нэг англи нөхрөөр тогоо шанага бариулсан чинь нөгөөх нь жинлэж, граммлаж байгаад л хийсэн атлаа олигтой хоол огт хийдэггүй гэнэ. Тэгээд манай хүн, За энэ нөхрөөр ч тогоо шанага бариулаад хол явахгүй нь, яая даа гэж бодож, бясалгаж байтал ашгүй харин гудамжинд хэдэн монгол хүүхнүүд тааралдахад хамба шууд л:
—За та хэд минь ээлж, ээлжээрээ очиж хоол хийж өг гэж гуйсанд нөгөөдүүл ч дуртай нь аргагүй зөвшөөрөөд орой бүр ирж хоолыг нь хийж өгсөн гэнэ. Тэгээд хамба монгол хоолоо нөгөө хоол хийж чаддаггүй англидаа идүүлээд:
—Монгол хоол сайхан байгаа биз. Ямар байна гэтэл нөгөөх нь амаа жимийн толгойгоо хаялаад:
—Сайхан байна гэсэн гэнэ.

Хамба бүдэг гэрэлтэй, ширээн дээр хэдэн лаа асаасан, хуучны эд хэрэглэлээр гангарсан, биднээс өөр хүнгүй нам гүм рестораны доод давхарт Буддын, Христын шашин гээд л бусад олон зүйлийн тухай бидэнд ярьсан ч хэт нуршихаас эмээгээд одоо орхиоё. Түүнийг Цэнд хажууханд буй ЭСЯ-нд хүргэчихээд буцаж ирсний дараа Монголчуудын Холбооныхны ярилцсан ганц асуудал бол хамбыг хэн хэн нь гэртээ аваачиж хоол идүүлэх үү гэдэг асуудал байлаа. Хүүхнүүд гайхцгаан зэрэг шахам, Мах иддэг юм байна ш дээ гэцгээхэд Цэнд:
—Өө тэгдэг юм байна лээ. Намайг өрөөнд нь ороход өөхтэй хавирга хөшиглөөд сууж байсан гээд ихэд дөвүүлгэн хариулахад бүгд л нэг нэгнээсээ өрсөн, Хамбатай хам болохыг хүсцгээж:
—Тэгвэл би гэртээ аваачъя, би гэртээ аваачъя гэцгээв. (Гэхдээ балиар утгаар биш шүү.) Би гэсэн өглөөний хоолыг даана гэж зүтгэсэн ч хожимдсон. Би бас хамбыг мах иддэгт анх хараад гайхсан. Харин сүүлд интернэтээр шалгатал мах иддэгийн хувьд бол Буддын шашны лам нар иддэг юм байна. Будда хүртэл иддэг байсан гэнэ. Учир нь лам нар хүмүүсийн өглөгөөс хамаардаг, өөрсдөө хоол хийж болдоггүй тул юу өгснийг гололгүй иддэг ба Монголын нөхцөлд мах идэх нь бүр ч аргагүй бөгөөд зөвхөн ламд л зориулж мал нядалж болдоггүй аж. Гэхдээ манайхан арай л махсаг бололтойдог, Далай Лам өнгөрсөн жил Оксфортод олон том эрдэмтдийн өмнө Монголын лам нарыг доош хийж, онигоонд оруулсан шүү! Тэрбээр, Монголчууд аймаар мах иддэг. Би тэдэнд алж идсэн малынхаа хойтохыг уншдаг өдөр бий болгоож гэж зөвлөсөн гэж хэлсэн.

Би Чойжамц гуайтай Толбогүй монгол номоо урдаа бариад зураг даруулахад хонины мах нялхийтэл үнэртэж байна лээ. Би энд удсан болоод тэгсэн үү? Үнэхээр муухай үнэр. Заваан бохир хирний үнэр үү гэхээр бас биш юмшиг байгаа. Хонины өөх тосны үнэр юм болов уу даа. Монголоос манай гэрийнхэн жижиг сажиг юмс баглаад явуулахад, багласан сониноос хүртэл энэ муухай үнэр үнэртдэг. Гэхдээ энэ үнэр монгол хүний төрөлхийн үнэр биш—би Хамбатай ресторанд хоол идсэнээ ил далангүй бичиж байгаа нь бас үүнтэй холбоотой. Одоо би удахгүй эх орондоо очиход энэ үнэрийг ганц хоёрхон хоноод л мэдрэхээ болих тул холоос аливаа юмс ялгарч, тод харагдаж буй дээр нь бичиж үлдээе гэсэн юм. Энэ нь надад ашиггүй юмаа гэхэд хэн нэгэнд нь сэрэмж өгч магад...

Чуулганы үед хамба Чойжамц хэлсэн үг, мөн гавж Нямбасамбуугийн илтгэлийн талаар бичсэнгүй. Тэртэй тэргүй цахим өртөө болон английн монголчуудын вэбсаит дээр байна лээ. Харин хамбаас нэг хүүхэн гоё асуулт асуусан тэрийг биччихье. Тэрээр:
—Би нэг охинтой. Охин маань надаас хоёр жилийн өмнө, Ээжээ нүгэл гэж юу вэ? гэж асуусан. Би тэгэхээр нь нүгэл гэдэг балиар заваан, соёлгүй бүдүүлэг байхыг хэлнээ гэж хариулсан... Нондин зун би охинтойгоо Монголд очоод Ганданд мөргөж явтал охин маань, Ээжээ та яагаад энэ нүгэлтэй газар мөргөөд байгаа юм бэ? гэж асуув. Би гайхаад, Үгүй миний охин тэгж болохгүй, энэ чинь сүм хийдийн газар гэтэл, Та өөрөө балиар заваан байхыг нүгэл гэж надад хэлээ биз дээ. Энд чинь дүүрэн баастай юм байна ш дээ гэж хариулсан... Яагаад Гандан баасгүй байж болдоггүй юм бэ? гэж асуухад Хамба, мөнгө төгрөггүй болохоор л тийм байна гэсэн утгатай хариулсан нь надад таалагдаагүй. Баас шээснээсээ салаад цэвэрхэн байх чинь мөнгө төгрөгний асуудал биш шүү дээ. Эртний Японд “Зэнгийн хийд шиг цэвэрхэн” гэж ярьдаг байж. Тэртээ дундад зуунд Японы Зэн Буддизмынхэн Монголын XXI зууны Бурханы шашинтангуудаас баян л байв гэж... Тэд ядуу атлаа ард түмнийхээ дунд цэвэр цэмцгэрээрээ гайхуулагдан зүйр цэцэн үг болсон байхад бид яагаад цэвэрхэн байж болдоггүй юм болоо! Одоо чинь XXI зуун шүү дээ.

Бас би түгдрэн байж:
—Та нар Бурхан байхгүй гэлээ. Бурхан бүхнийг бүтээсэн бол Бурханыг хэн бүтээсэн вэ? гэж асуулаа. Гэтэл яахаараа та нар өөрсдийгөө Бурханы шашин гэдэг юм бэ? гэж асуухад гавж Нямбасамбуу хариулаад, дараа нь Хамба хариулахдаа:
—Бурхан байдаг юм шүү! Би зүгээр байж байгаад Засгийн Газрын ордноор ормоор санагдаад ороход шашны холбогдолтой хууль батлах гээд байцгааж байдаг юм гэхэд нь, гэнэт миний дургүй хүрч, Өө муу шар фиадал! Чиний бурхан Засгийн газрын ордноор л хэснэ дээ!... He is a cunning politician. No wonder I couldn’t translate ‘spiritual man’... Cuz simply, we don’t have them!...I’ll never give them soft cushion...! гэсээр very disappointed суулаа. Би уг нь асуух далимандаа Толбо монгол гэдэг номоо дурсчих, рекламдуулчих санаатай байв. Гэтэл олигтой ч хариу авалгүй доошоо ороод, бүр худлаа юм бичсэн болоод, юу ч мэддэггүйгээ бусдад гайхуулж, bullshit-дэг болоод таарлаа. Муухай ууртай суутал ашгүй баяжуулах даллага уншина гэхээр нь шуналтаад дорхноо цайрчихаж байгаа юм... Гэхдээ л Бурхан, Бурхан гэж маниусыгаа мангартуулаад, мэдлэг өгөхгүй, гарлага уншаад шатаагаад байгаа нь шар пийдалтай адилхан л байгаа биз дээ...






Жич: Хэрэв Хамбатай уулзвал доорхи асуултуудад хариулт авч надад өгөөч.
—Бурханы шашин хэзээ Буддатай болох юм бэ?
—Монголын Бурхан энэтхэгийн Буддатай адилхан уу?
—Христийн шашныхан манай Бурханыг булаачихсан уу?
—Бурханы шашныхан Бурханаа хуулиараа өмчилж болдоггүй юм уу?
—Бурханы шашин Бурханаар рекламдахаа хэзээ болих юм бэ?
—Та нар Буддын шашин уу? Бурханы шашин уу?
—Ээбээгийн танд бэлэглэсэн Толбогүй монгол гэдэг номыг уншсан уу? Алдаа оноо нь юу байна? гэх мэт...



2009 оны 6 сарын 7-10
01.06