Tuesday, 19 May 2009

Архиа гэж...

За энэ архи дарс ч ёстой оодтой эд бишдэг ээ! Би одоо, сүүлийн үед согтосны маргааш их сэтгэлээр унаж, гуниж, гутрах боллоо: тэр чинээгээр сархадыг жигшдэг. Яагаад хүмүүс энэ балиар юмыг ууна вэ? Яагаад монголчууд идээний дээж гэдэг юм бэ?... Би тэгж их уудаг хүн биш л дээ; мэдээж насанд хүрсэн монгол эрийн хувьд сархад хааяа амсалгүй л яах вэ? Найз нөхөд, хүүхэн шуухан гээд уухад ямар шалтаг мундах биш...

Өчигдөр одоо, зүв зүгээр гэрээсээ гараад найзтайгаа уулзаж гэрийнх нь хаягаар ирсэн захиа занаагаа аваад гэртээ эргээд ирье гэсэн хүн чинь нэг мэдсэн – монгол паабанд харайлгаж явах юм. Тэгээд бас болоогүй нөгөө муу хөгжимчин, дуучин Цогоотой хэрэлдээд бараг барилцаж авахдаа тулчихсан зогсож байна шүү. Хөөрхий муу Цогоогийн буруу ч гэж юу байхав. Согтуу толгой би л олны өмнө түүний рүү агсараад: Хувалз, ашигч муу новш, хүний дуу дуулж ашиг олчихоод нэг ч мөнгө төлдөггүй хулгайч, Монголын олон сайхан авъяастай хүмүүсийн хөдөлмөрийг сорсон баас ч гэх шиг есөн шидийн үгээр доромжилсон байх юм. За ёстой соори аанн, согтуу байсан шүү!

Цогоо намайг уул нь, таарах болгондоо л их зохиолч гэж өргөмжилдөг байхгүй юу. Дууны үг өг, би ая зохиоё гэж бас дандаа гуйдаг тул би түүний их зохиолчид нь бүр итгэчихэж. Нээрээ л намайг их зохиолч гэж бодоод л их зохиолч гэж дуудаад байна гэж би бодож л дээ, хөөрхий. Тэгээд шөнө 11 цагийн үед гудамжны гэрэл цонхоор туссан харанхуй паабанд:
–За их зохиолчоор юу байна? гэсээр тааралдангуут нь, мань нь:
–За юу байхав. Их зохиолч нь одоо хоёр дахь номоо хэвлүүлэх гэж байгаа... Чи минь авна шүү дээ. Гээд хэлчихсэн юм. Гэтэл өнөөх чинь, яарсан уу? эсвэл сонсохыг хүсээгүй юу? Аан, уун ч үгүй цаашаагаа явчихлаа. Тэгсэн чинь гэнэт миний гэдэн хөдлөөд, яагаад тэгж зэвүү хүрсэн юм ёстой бүү мэд... Өмнөхөн нь, би английн амьдралын тухай ном бичсэн гэж Баагийгийн эхнэрт хэлтэл:
–Чи тийм сүрхий английн амьдралаар амьдарсан юм уу? гээд хүйтэн инээмсэглэж, тоомжоргүй дуугарлаа.
–Үгүй ээ, амьдарсан ч юу байхав. Ажиглаж, эрэгцүүлж бодоод л бичлээ, хө гэж урам хугаран би хариуллаа. Гэтэл:
–Английн амьдралаар л амьдарч байж ном бичмээр юм гэж илт дээрэнгүй, доогтой жуумалздаг байгаа. Ийм, утга зохиолын ухагдахуунгүй хүнтэй юу ярих вэ дээ гэж бодоод, Эсвэл өөрөө амьдраад намайг амьдраагүй гэх гэсэн юм уу? гэх маягын асуулт цээжиндээ асуугаад хажууд нь сууж үг өдсөндөө харамсаж суутал, ашгүй үсчин Тогосоо ширээндээ буцаж ирээд бид хоёрын голоор суусан. За энэ ч яахав, өчигдөр ерөөсөө л гайтай шөнө байлаа. Гэнэт л уурлаж, хүн амьтан загнамаар санагдаад л – анзаарахад уухгүй явж байгаад нэг уухаар заавал нэг юм тохиолддог; хэрэв байнга бага багаар уувал дасаад муу юманд өртдөггүй... За тэгээд би Цогоог жаахан цаашлуулмаар санагдаад хөгжимнийхөө хажууд зогсож байхад нь очиж:
–Хөгшин чинь ном гарах гэж байгаа! Хоёр дахь ном маань хэвлэгдэж байгаа! Чи авна биз дээ!? гэсэн чинь өнөөх чинь бүр амаа хамхиад гэдийчихлээ. Надаас хамаагүй өндөр, туранхай, шар нөхөр л дөө. Өлмий дээрээ зогсох нь холгүй болчихоод, цээжээ гэдийлгэчихээр чинь мань шиг намхан хүн чихэн дээр нь яаж хашгирах билээ дээ. Тэр чинь бас намайг тойроод юм хум хийгээд холхиод байгаа юм.

Би яах ч аргагүй болж эргэж ирээд суудал дээрээ суусан чинь бүр жинхэнэ дургүй хүрлээ. Хоёр дахь номоо хэвлүүлэх гэж байгааг минь Цогоо мэдэхийг хүсээгүй тул улаан цайм бүдүүлгээр орхиод явсан нь батлагдсан мэт санагдаад бүр уур хүрсэн байхгүй юу. Болдогсон бол чихэн дээр нь цагаан хоолойгоор, Их зохиолч Эрдэмбилэг чинь хоёр дахь номоо гаргах гэж байгаа! Эрхэм хувалз Цогоо та 10 паундаар авах уу? гэж хэнгэргийг нь цоортол хашгирмаар санагдлаа.

Нэг мэдсэн хажууд нь оччихсон:
–Чи миний номыг 10 паундаар авна биз дээ!... Авах юм уу? Авахгүй юм уу? гээд яг тонгойгоод хөгжмөө янзалж байхад нь духаараа мөргөлдөх шахаад хэлэхэд Цогоо өндийж байгаад:
–Би, би, би. Би чиний номыг худалдаж авах болж байна уу!? гээд л хоёр гараараа цээжээ дэлсээд л, кинг конг шиг, учиргүй чичирч шизотдог байна ш дээ. Баярлалаа, би энийг чинь харах гэсэн юм. Би түүнийг иймэрхүү типийн аашлахыг л мэдрээд цаашлуулсан байхгүй юу! Би уул нь тэгээд орхичих байсан...

Эргэж ирээд суудал дээрээ суусан чинь согтуу би гомдсон, бухимдсан сэтгэлээ барьж чадсангүй. Нэг мэдсэн дахиад нөгөө муу үйлийн үртэй Цогоогийнхоо ард зогсчихсон чичилж байгаад:
–Чам шиг бусдын юмаар хүүдэгнэдэг хувалзууд амьд болохоор Монгол улс хөгждөггүй юм, за! Чи дандаа л хүний зохиосон дууг дуулж мөнгө олдог ш дээ! Чи нэг ч дуу зохиогоогүй! Нэг ч мөнгө төлөөгүй! Ашигч муу новш! Чамайг ямар урлагын хүн гэдэг юм! Монголын олон сайхан авъяастай хүмүүсийг алсан хулгайч...гээд л улайраад ёстой солиорч гарсан би. Тэр авъяастай-г би олон дахин бас бүгдэд сонсогдохоор чанга хэлсэн. Авъяастай хүмүүс, авъяастай, авъяастай...ёстой солиотой...хэлэх үг ч алга. Харин ч гэж Цогоо хүлээцтэй, сайн залуу, надад юу ч хэлэлгүй дуугүй л байсан. Соoри аанн, согтуу байсан шүү!

Бүр сүүлдээ надад хэлэх үг олдохгүй, түгдэрсэн тул:
Чи муу ёстой Айзамыг ирэхэд тоглолтыг нь үзээгүй! Гэтэл чи муу дандаа л дууг нь энд дуулдаг биз дээ! Би чамайг тоглолтыг нь үзэх болов уу гээд харч байсан. Хамгийн түрүүнд ирэх байх гээд хартал чи байгаагүй! гээд л би худлаа заллаа. Гэхдээ тэр хэсэг их заналтай, давшингуй, жинхэнэ л агсарч байгаа юмшиг би бусдад харагдаж байгаа нь надад мэдрэгдсэн учир их зохиолч Эрдэмбилэг үгээ өндөрлөж ширээндээ пээдгэр эргээд иртэл хамт сууцгааж байсан хүүхнүүд, Чи энд битгий суу зайл, зайл гэдэг байна ш дээ.

Дөнгөж ялалт байгуулж ирчихээд Туул хүүхэнд ширээнээсээ хөөгдөн босох ичгэвтэр байсан ч ном авахгүй гэсэн Цогоод агсарсан бахдал маань дийлж, Эд ч ёстой яамай байнаа, харин ч шатсангүй мэтийн юм бодоод тэр ширээнээс холдлоо. Тэгээд би тэндээсээ гарсан юм. Үгүй бас зүгээр гараагүй ээ, Болдоо намайг манаач нохой шиг харгалзаж паабнаас гаргаад:
–Чи яв! Би найз охинтойгоо наргилаа! гэж маш бахархалтай тод хэлээд, ард нь тажигнасан хүүхнүүдийн инээд, эгшиглэсэн хөгжмийг бүдгэрүүлж паабны хаалгыг түжигнэтэл цоожилсон юм байна... Би тэндээс автобусны буудал руу алхахдаа, Төгсгөлийг нь л чамин гоё хийлээ мэтийн бодож явтал, хөөрхий муу Цогоо Айзамынхныг монгол паабны подвалд байдаг караокондоо суулгаж, дайлж цайлж бөнжигнөтөл гүйж явсан нь нүдэнд харагдав аа... Үгүй тэгэхээр, Цогоо маш хүлээцтэй, намайг согтуу солиорч буйг мэдээд дуугараагүй их ухаантай хүн болж таарлаа.

Автобусанд өөрийгөө би шударга шүүлээ. Цогоо хувалз болохоор нь би уурлаагүй. Цогоо хувалз ч биш. Зүгээр л миний номыг авахгүй гэхээр нь – мөнгөөр авахгүй гэхээр нь – магадгүй гарын үсгээ зураад үнэгүй өгвөл авах л байх л даа – би уурласан шүү дээ!... Цогоо миний номыг 10 паундаар худалж авах албатай юм уу? Албагүй. Тэр надаас ах, том хүн. Тэгэхээр бүр ч ном худалдаж авах албагүй. Ерөөс, хэн ч гэсэн, Май ном худалдаж ав! гэвэл уурлана. Би лав дургүй хүрнэ. Дээр нэг нөхөр надад 15 паундаар нэг номыг хүчиндээд зарахад би дотроо дургүй л байсан. Харин ч азаар сайхан ном таарч би хэд хэд ойлгох гэж уншсан санагдана. Энэтэй адил миний ном хэн нэгэнд тааллагдахгүй байж болно доо. Ямар заавал унших ёстой ном ч биш. Эхлэн бичигчийн, тэр тусмаа утга зохиолын ном бол хувь хүний л сонголт, тийм үү?...

За ерөөс, бусдыг, Ном ав! Ном авна шүү! гэж дарамтлах буруу аж. Тийм эрхтэй гэж бодоод явсан маань алдаа. Тэдний дунд миний номыг битгий хэл, амьдралдаа ном уншаагүй хүмүүс ч бий. Тэгэхээр би танилуудаа ном худалдаж ав! гэж шахах эрхгүй. Зүгээр л худалдаж авбал ав, байвал бай гээд орхих ёстой юм байна...

Гэхдээ, энүүхэндээ хэлэхэд, хэрэв уншмаар санагдвал найзынхаа номыг худалдаж авах нь жижгэрсэн биш, хүндэлсэн үйлдэл шүү. Хэрэв үнэхээр өөрийгөө том, намайг жижиг гэж үзэж байгаа бол одоо яая гэхэв... Ном маань жижигдээд байгаа хүмүүстэй би юу ч ярих билээ. Тэгээд ч миний үгүүллэгүүд томчуулд харшилтай, соори... Одоо хэвлэгдэх гэж байгаа ЭнДүүрэл ба бусад үгүүллэгүүд гэдэг номоо би монгол паабанд очиж зарах ч үгүй. Шал дэмий. Согтуу хүмүүст зарсан номнууд маань намайг шартаасан уу гэхээс шагнаагүй. Яг үнэндээ, Толбогүй Монгол гэдэг номоо би хоёрхон грушик пийваар л зарсан шүү дээ. Нэг грушик чинь 3.50 гэхээр, хоёр болохоор 7 паунд болж байгаа юм... Түй! шал дургүй хүрчихлээ – ганцхан Аагий, Боогий хоёр л 20 паундаар ном мялаасан – ерөөс, номын баяр маяр ч гэж хийх ч хэрэггүй юм байна. Архи дарснаас хол байяа...

За за ингээд төгсөе. Ерөөсөө, согтох солиорохын эхлэл гэдэг яг үнэн. Зүв зүгээр байсан хүнийг солиоруулаад, баахан балай юм бичүүлчихэж байгааг харч байгаа биз дээ... За, за нэг иймэрхүү, bye. Уншсанд маш их баярлалаа.

ЖИЧ. Намайг зохиолч, мохиолч гэдэг нөхөд одоо болиорой! Зохиолч гэдэг чинь хэдэн зуу, мянган хувь номоо төвөггүй зарчихдаг хүнийг хэлдэг болохоос над шиг ном авахгүй гэлээ гэж хүнтэй зодолддог хүнийг лав хэлдэггүй юм шүү!
2009.05.15
00.21