Sunday, 22 March 2009

СОЛОНГОСЖИЛТ УУ? ХЯТАДЖИЛТ УУ? буюу ГУТРАНГА ПРОГНОЗ

4 жилийн өмнө “Солонгосжилт уу, хятаджилт уу” гэдэг нэг сүртэй бичлэг бичснээ би саяхан санамсаргүй олж уншаад, засаж бичмээр санагдав. Тэр бичлэгийн санаа, бид Зүүн Xойд Азитай сүжирсээр хятаджихаас сэргийлдэг дархлаагаа сулруулж адагтаа “хужаа” болчих вий гэсэн аятай. Учир нь энэ бүс нутгийн – манайхны нуруугаа тасартал урд нь тонголздог – Япон, Солонгос[1] өлгийтэйгээсээ Хятадын соёлоор бойжсон, түүнийхээ хүчинд ч өдий зэрэгт хүрсэн. Харин бидний өвөг дээдэс эртний нүүдэлчид – яагаад ч юм бэ, бүү мэд – бөөснөөсөө салахыг хүсээгүй мэт хятадын цагаан хэрмээс дутахааргүй Хятадаас “хачигладаг их зантай” явсан юмшиг. Үүний гай (гавьяа ч юм уу), бид хөгжөөгүй, бүдүүлэг хэвээрээ.

Одоо бид Зүүн Хойд Азид шургахаар ханцуй шуун нэгэнт зүтгэсэн тул дээрх санааг оролдмооргүй л байна. Гэнэн ч сонсогдоно. Ерөнхий сайд С.Баяр хүртэл: “Монгол Улс өдгөө эдийн засаг, улс төрийн хувьд эргэлт буцалтгүйгээр Зүүн хойд Азийн орон болжээ” гэсэн байхад – бүгд тодорхой – Монголд хурдан хөгжих өөр гарц алга.

Би “Гутранга прогноз” гэж давхар гарчиглахдаа “хужаа болчихлоо” гэж гаслаагүй. Харин бид хэчнээн чармайгаад – Япон, Өмнөд Солонгос шиг болж чадахгүйгээс хойш – хурдан хөгжиж Азийн бар болохгүй байх гэж гутарсан юм.

Уламжлалт соёл, үнэт зүйлсээс харахад Зүүн Хойд Азийн хөгжсөн хоёр улс Монголоос ондоо байна. Хөгжил зөвхөн материаллаг баялаг биш тул аливаа бүс нутгийн эдийн засгийн интергацид хамрагдах нь зөвхөн эдийн засаг, улс төрийн бус мөн соёл, үнэт зүйлсийн (нийтлэг ба ялгаатай) асуудал болох нь мэдээж. Тиймд манай улс төрчид “алгасдаг” энэ асуудлыг хөндөх илүүдэхгүй. (Ер нь бид ялгаа, заагаа сайн мэдэж бусадтай харилцвал илүү ашигтай. Бүү харилц гээгүй шүү.)

Өнөөгийн байдлаар гадаадад ажиллаж, амьдардаг Монголчуудын хамгийн олон буюу 32206 монгол иргэн[2] Солонгост ажиллаж, сурч; хамгийн их мөнгө тэр зүгээс цутгаж байна. Манай нийгэм Өмнөд Солонгос, Япон, Хятадын соёлыг памбалзуур шиг л ховх сорон; энэ улсуудын олон ангит кино Монголчуудын амьдрах хэв маяг, хувцас, хоол, ааш зан, хэл яриаг өөрчлөж, манай өсвөр үеийнхэн тэдний өсвөр үеийнхнээс дутахгүй соёл, түүхийг нь мэдэж байна... Кимчигүй хушуур амттай юу? Японы сумогийн хоёр их аварга хэн бэ? Хэдийгээр монгол залуус ч – Японы соёлын том импортлогч нар бөлгөө... УИХ-д Японтой харилцаа холбоог сайжруулах гол зорилготой Д.Кекүшюзан сонгогдож; Дархан, Эрдэнэтэд явж байгаа юмшиг Токио, Киото нисэн зөвөлгөө, заавар өвөртлөн Ардчилалын орноос ард түмэндээ хэрэгтэй зүйлийг бүтээхээр буцан ирдэг[3]. Энэ бүхэн бол факт. Гутарч, гуних ч зүйл биш. Болоод л байна. ХXI зуунд Монгол улс амжиж хөгжихийн тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байна…

Хэд хоногийн өмнө Орчин цагийн Солонгосын товч түүх (A short history of modern Koreo. David Rees) гэдэг ном би уншлаа. Уншаад “товч түүхтэй” юм гэсэн сэтгэгдэл анх төрлөө. Товч түүх уншсан тул аргагүй л дээ. Мөн гадны улсуудыг дайpдаг манайхтай харьцуулвал Солонгосчууд “ганц газартаа гадсаа зоогоод” өдий хүрсэн нь над “товч” санагдав. Солонгосчууд гадагш дайтсангүй ч, харин харийн зандалчдаас болж их зовжээ. Хятад, Монгол, Манж, Япон гээд есөн шидийн нөхөд ёстой л нэг Солонгос орныг тахалжээ.

Солонгосын хойг үүдний өрөө шиг л байж. Хэн дуртай нь ирж л байдаг, явж л байдаг. Ихэвчлэн хувь заяаг нь гаднаас шийддэг. Үүний шалтгаан нь байгалийн баялаг бус газарзүйн байршил: стратегийн чухал ач холбогдолтой тул хөршүүдийнхээ хорхойг их хүргэдэг аж. Орос, Хятад, Японтой хиллэж; Номхон далайгаас их газрын Азийн бусад улсууд руу очиход “байгалийн гүүр” болдог улс юм байна. Хубилай хаан Японыг эзлэхээр оролдохдоо (1274, 1281 онуудад) Солонгосоор дамжсан. Япончууд мөн эхэлж Солонгосыг эзлээд Хятад руу довтолсон. 1950 онд Хойд Солонгос, Өмнөд рүү довтлоход Америк, Хятад үзэлцсэн…

Япончууд “Зүрхэнд заасан хутга”, Хятадууд “Тархин дээр хэзээд ч буухад бэлэн лантуу” гэдэг Солонгосын хойгыг өвөл Сибирийн хүйтэн агаар, зун Номхон далайн агаар хоёр дайрч, цаг агаарыг нь хувьсгана.

Хэдийгээр Солонгосчууд Төв Ази, Манжуураас гаралтай; Монгол, Турк хэл шиг Урал-Алтайн хэлний бүлэгт багтдаг; Хятад хэлнээс ялгаатай ч олон зууны туршид утга зохиолоо сонгодог хятад хэлээр бичсэн; үгсийн сангийнх нь тал хувь нь хятадаас зээлсэн үгс гэнэ. Бидний хувьд Хятадаас зээлсэн үгс арай тал хувийг эзлэхгүй. Шийгуа, бууз, интоор гэх мэт үгс хятад гаралтай; голцуу Юан улсын үед л Монголчууд утга зохиолоо хятадаар бичсэн санагдана. (Өвөр Монгол ондоо байгаа нь мэдээж.)

Хятад, Солонгосын харилцаа маш дотно бөгөөд эртнийх. Хэрэв бидний өвөг дээдэс бүдүүлгээрээ дуудуулсаар өдий хүрсэн бол Солонгосчуудын өвөг дээдэс Дундад Улсаас байнга үлгэр дуурайлал авч, бүр Хятадуудаас, Күнзийн сургаалыг дотор хүнээс илүү чанд мөрдөж сахидаг гэсэн үнэлгээг хүртжээ. (МӨЭ 108 оны үед Хятадын Хан династи Солонгосын Эртний Жусон улсыг эзэлснээс хойш Хятадын нөлөө эрчимжиж, өнөөг хүртэл тасалдаагүй.)

Хятадын нөлөө гурван маягаар хэлбэржин, Солонгосын нийгэм, соёлд үүрдийн ул мөрөө үлдээж. Хамгийн чухал нь Хятадын дүрс үсгийг хэрэглэсэн явдал. XV зуунд Солонгосын 28 үсэгтэй Хангул бичгийг зохиохоос өмнө бичгийн хэл нь хятад байжээ. Гэхдээ XIX зууны шинэчлэл өрнөтөл Хангул бичгээ дорд үзэн идэвхтэй хэрэглэлгүй, Баруун европынхон латин бичгийг хэрэглэдэг шиг ханзаар албан хэргээ хөтөлсөөр ирж.

Хоёр дахь Хятадын импорт бол Буддын шашныг авсан явдал. Буддын шашин Солонгосын бөө мөргөл, зан заншилтай холилдож, нийгмийн бүх давхаргад нь хүрчээ. Мөн Солонгосоор дамжин Японд Хятадын соёл, нөлөө анх очжээ. (Монголчуудын хувь Төвдөөс Буддын шашныг авсан.)

Гурав дахь Хятадын соёлын довтолгоо бол Күнзийн сургаал мөөн. Күнзийн сургаалын нөлөөгөөр Солонгосын төр, нийгмийн тогтолцоо, үнэт зүйлс нь бүрэлдсэн. Нэгдсэн Шилла улсын үед (676-935)[4], хэдийгээр тэд хятадуудыг хөөсөн ч, 735 онд Хятад албан ёсоор Солонгосын Вант улсыг хүлээн зөвшөөрч; Хятадаар толгойлуулсан олон үндэстний Күнзийн дэг, системийн хүрээнд Солонгос “бүрэн эрхэт гишүүн” болжээ. Тэр цагаас хойш Солонгос, Хятад хоёр эцэг, хүүгийн дотно харилцаатай байсан. (XVII зуунаас хойш энэ харилцааг ах дүүгийнх гэж томьёолох болжээ.) Үүний хүчинд ч Дундад улс Солонгосчуудыг зэрлэгүүд гэж үзэхээ больж, Күнзийн соёл Солонгост нэвтрэх тусам хаадууд нь Тэнгэрийн Хөвүүнд бэлэг сэлт, татвар өгч захирах эрхээ зөвшөөрүүлдэг байжээ. Энэ заншил 1895 он хүртэл буюу Барууны жишгээр тусгаар улс болтол нь үргэлжилсэн байна.

Шиллагийн дараа гарч ирсэн Курёо улс (936-1392) нь Күнзийн сургаалыг улс төрийн баримтлалаа болгож, Буддын шашныг төрийн шашнаа болгосон байна. Энэ Курёогийн улс шавар ваар болох Сангамчонжаг урлаж, дэлхийд анх удаа төмөр бар зохиожээ.[5] Энэ үед Буддийн шашны эсрэг Күнзийн шинэ урсгал (Neo-Confuicianism) үүсэж, бас түүхийн oлон ном бичсэн боловч манайхан очоод яйруулчихаж.

Курёо улс Монголын дарамтанд орсныг, энэ номонд катастрофи (great catastrophes) буюу маш их гамшиг гэж бичжээ. Монголчууд зуу гаруй жил Солонгостой ураг барилдахдаа олигтой зүйл хийгээгүй боловч хятаджих явцыг сааруулсан байж магад.

Монголчуудын дараа Курёог Жусон улсаар (1392-1910) сольж, Буддын шашныг халан Күнзийн сургаалыг төрийн шашнаар өргөмжилж, Хятадын Мин улстай эцэг хүүгийн харилцаагаа сэргээсэн, харамсалтай нь, тэдний “янаг харилцаа” удаан үргэлжилсэнгүй. XVII зуунд Манжууд Мин улсыг эзлэн Солонгосын шинэ ноёдоор тодорсон байна.

Манжийн дарлалд байхдаа Солонгос Күнзийн системд багтсан улсын хувьд бүх гадаад харилцаагаа Манжид даатгаж, гадаадынхныг улс орондоо ирэхийг хориглон, сайн дураараа өөрсдийгөө гадаа ертөнцөөс тусгаарлаж Даянч улс гэгдэх болжээ.

Монголчуудад сонирхолтой нь юу гэвэл, хэрэв Манжийн дарлалын дараа манайхан “үхэх гэж байсан” (650-хан хүн амтай)[6] улс гарч ирсэн бол, харин эд хоёр зуун жилийн дараа нэлээн үржихсэн, эдийн засаг нь сайжирчихсан мултарчээ. 1657-1753 он хүртэл арвай, будаа арвижсаны хүчинд 2 сая гаруй байсан хүн ам 7 сая болтлоо үржсэн байх юм. Энэ үнэхээр хачирхалтай. Хоёулаа Манжид дарлуулж, бөглүү зэлүүд орон байсан… Манжууд маниуст хатуу хандаад байв уу? Эсвэл бид хэтэрхий удаан байлдав уу? Эсвэл ерөөсөө манайхны арчаагүй зан уу? Эсвэл муу шарын шашин ашигласан сүм хийдийн гай юу?… Бүү мэд.

Солонгосын түүхээс парадокс ч гэмээр зүйл ажиглагдлаа. Хятадын соёлыг эд их доозоор хүртэхдээ Хятадад ууссан олон үндэстэн шиг өвөрмөц шинж төрхөө алдаагүй. Гэхдээ өдий зэрэгтэй яваагын гол хүчин зүйл оргиналиараа байхдаа биш, харин хэзээд ч Күнзийн сургаалын цөмийг хадгалж, төрийн зохион байгуултаа гээгээгүйд бий.
Күнзийн сургаал бол эртний Хятадын үзэл суртал, гүн ухаан. Заримдаа шашин ч гэж нэрлэгдэг. Энэ сургаал зөвхөн Зүүн Азид ч биш Төв Азид ч нөлөөлсөн. Гэхдээ Төв Азийн нүүдэлчдийн хувьд Күнзийн сургаалыг Солонгос, Япон шиг “үхэн хатан” мөрдөж дагаагүй.

Күнз ойролцоогоор МЭӨ 500 онд амьдарч байж.[7] Түүний гол сургаал бол, энэ ертөнцөд хамаг юмс өөрсдийн зохих байр суурьтай – хүний нийгэм ч адил. Хэрэв хүн бүхэн зохих байр сууриа мэддэг, мөн хариуцлагаа хүлээж чаддаг бол амар амгалан, зохицлыг олох ажээ. Күнзийн сургаал таван харилцааг чухалчилдаг: Хаан ба сайд ноёд, эцэг ба хүү, ахмад ба залуу, нөхөр ба эхнэр, мөн анд найзуудын харилцаа тус бүр өөр өөрийн онцлох чанартай, түүнийг дагаж мөрдөх ёстой аж. Энэ сургаалд орсон улсуудын хувьд Хятад бол төв цэг харин өөрсдөө, энэ системд нарыг тойрон эргэлдэх гаригуудтай адил байр суурьтай.

Бараг 20 жилийн өмнө Кимүро Аяокогийн бичсэн Тархины тураал[8] гэдэг үнэн нийтлэлд биднийг Хятадын соёлыг судалж мэдэхгүйгээр тархины тураалаасаа гарахгүй гэдгийг сануулсан билээ. Өнөөдөр бид оройтоогүй дээрээ (оройтсон ч юм уу?) хятадын соёлыг судлахгүй бол 2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён Монголд төрийн айлчлал хийсний дараа МУ-ын Засгийн Газар хамтарсан мэдэгдэл гаргахдаа: “…хоёр орон Зүүн Хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров”[9] гэсэн билээ. (Солонгос манай хөрш болоод байна цаана чинь!… Чи мэдсэн үү? Би ёстой мэдээгүй ш дээ.)

За ямар ч байлаа, бид Зүүн Хойд Азид оршдог л юм бол, энэ бүс нутагт их нөлөөлсөн Хятадын соёлыг судлаж, дагаж мөрдөх нь зайлшгүй. Мэдээж Хятадынх гэхээр, зарим нөхөд дургүйцэнэ. Иймээс Фенг-шү Ганбаатар шиг Баруунаас оруулж ирж, тойруу замаар тэднийг Хятадын соёл, үнэт зүйлстэй танилцуулж, жаахан ч атугай сэнхрүүлмээр байна. Тэгэж л бид жинхэнэ Зүүн Хойд Ази-жиж, хөгжих магадлалтай. Хятадын соёлыг соосогдсон улсууд хятад болчихгүй, харин ч бүр хөгжөөд, бүрэн аж үйлдвэржижээ. Хэрэв хөгжвөл хаанахын соёл нь хамаагүй ч юм уу? Төвдийг хар! Oндоо шашин, соёлтой атлаа Хятадын салашгүй нэг хэсэг байхад, Күнзийн системд сайн дураар багтсан Япон, Солонгос тусгаар улсууд болчихсон л байна.

Үнэндээ Хятадыг судлах нь хятаджихдаа биш харин Зүүн Хойд Азийг таньж, манай нийгмийн үнэт зүйлсийн шилжилт, хувиралтыг зөв тодорхойлоход чухал. Тэгэж л нийгмийн сэтгэхүйг хөтлөн, бүхэлжинэ. Одоохондоо бол бид монгол хүний уламжлалт үнэт зүйлс хэрхэн хувирч өөрчлөгдөж буйг сайн судлаагүй. Гуйлгачинд сонголт үгүй гэдэг шиг хүчгүй соёлтой өнөөгийн бид юу л бол юу тархи толгойндоо цутгаж байна.

Тэр нь ч тархины тураалд орсноос дээр. Өдөр тутам далд өрнөх үнэт зүйлсийн харшилдаанд Монголчууд байнга хүчиндүүлж, Монголын улсын Ерөнхий Сайд соёлоо түгээцгээ гэхийн оронд харьд зугтаж очсон голцуу шал, шаазан угаадаг хүмүүсээс соёлыг аваад ирээчээ хэмээн доош орон гуйхдаа хүрлээ. (За хийрхэлгүй хэлэхэд, амин чухал үнэт зүйлсүүдээ өөрсдөө мэдэхгүй тавиад туучихгүй л юмсан. Одоо биднийг Оросууд шиг хүчээр нийлүүлэхгүй учраас сайхан боломж байна.)

Бодит байдлаас ажихад, орчин цагийн Солонгос ба Зүүн Хойд Азиас бид зөвхөн Хятадын соёлыг импортлоогүй. Барууны соёл, олон янзын шашин, бас бус маш олон үл анзаарагдах зүйлсийг тархиндаа хийсэн.
Өмнөд Солонгосчууд гэхэд л 2005 оны байдлаар нийт хүн амын 46.5% нь шашин шүтдэггүй. 29% нь Христын (үүнээс 18.3% нь простестант, 10.9% нь католик), 22.8% нь буддын шашин шүтдэг ба Өмнөд Солонгос гадаадад явуулсан шашны номлогч нарынхаа тоогоор дэлхийд АНУ-ын дараа 2-т ордог гэнэ.[10]

Бас нэг мэдээгээр бол, засгийн газрынх нь статистикаар, 1985 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 42.6% буюу 17 саяас илүү нь зохион байгуулалтай шашны ямар нэгэн урсгалыг дэмждэг. Дор хаяж 8 сая хүн Буддын шашинтай (нийт хүн амын 20%), ойролцоогоор 6.5 сая нь протестант (хүн амын 16%), 1.9 сая Каталок (5%), 500 000 орчим Күнзийн сургаалыг дагадаг (1%), 300 000-гаас илүү нь (0.7%) бас бусад шашны урсгалуудад хамрагддаг гэнэ. 1980 оны сүүлээр Өмнөд Солонгост гэхэд – хэдийгээр зарим нь жижигхэн, хувьсаж өөрчлөгдсөн үзэгдэлүүд байсан ч – 300 гаруй шинэ шашин тоолуулсан байх юм.[11]
(Яг тэр үед манайд Ардчилал мандсан гээд боддоо! 90-д онд Монголд шинэ нэвтэрсэн шашинг шүтдэг хүүхэд, залуус аав, ээждээ дахиж төрнө гэж зурвас бичээд өндөр байшингууд дээрээс нисэж үхсэн гэж сонсогддог байлаа. Чухам ямар шашин тэгэж сургасныг би одоо хүртэл хайгаад олдоггүй юм. Таавал, Солонгос, Японы нөхдийн “гажиг” шашны урсгалууд манайд орж ирээд бужигнуулж байсан юм болов уу.)

Мэдээж, Зүүн Хойд Азийн соёл, үнэт зүйлс Монголд нэвтрэхэд эрс эсэргүүцэх утгагүй. Солонгос түүхэндээ Монгол шиг харийн улсуудыг эзэлж их гүрэн байгуулаагүй ч өнөө үед Өмнөд Солонгос дэлхийн баян улсуудын нэг болсны хувьд дэлхийд биш юм аа гэхэд Азид эдийн засаг, улс төр, соёлын хүчтэй нөлөөтэй тул зөвхөн Монголд ч биш Ази тивд соёл, моодоо тархааж байна. Японы сумо олимпад орох хүртлээ яригддаг нь энэ үзэгдлийн бас нэг илрэл. Гол нь бид хэн бэ? Тэд хэн бэ? гэдгийг л заагтай мэдмээр.

Хятад, Солонгос, Япончуудаар Монголд хийлгэх юм ч их бий (ганцхан эд нараас ч зогсохгүй). Наад зах нь хооллолт, идээ ундааны асуудал байна. Хоолой давбал хоол гэдэг нүүдэлчдийн ухагдахууныг эрс өөрчлөхгүй бол манайхан буянтай малынхаа өөх, тосыг идсээр метр, метр харайж яваад л чадхийх юм. Гэтэл Зүүн Хойд Азийн улсууд эрүүл хоол, хүнсээрээ дэлхийд алдартай. Өвөө, эмээ нар нь мл, мл-ээр алхаад, ёстой нөгөө “үхдэггүй ээ” гэдэг шиг л амьд явдаг. Үүнийг идэж, уудаг хоол, хүнснээс нь шалтгаалдгыг хөгжсөн улсууд дүгнээд, судалчихжээ.

Мөн Оросын нөлөөг саармагжуулж, гээсэн соёл, зан заншлаа ч эднээс олж болох юм. Буддын шашинтай улсуудын хувьд. Жишээ нь, хүний өмнө бөхөлздөгийг залуу үе сурж байна. 90 градус өнцөг гаргаж, гялс тонгос гэлгүй, (цэргийн ёслол шиг), жаахан чөлөөтэй, аажуу бөхөлзвөл жинхэнэ л монгол болно.

Бас хүүхнүүдийг дардаг арга барилыг нь монгол эрчүүд суралцмаар байна. Эс тэгвээс энэ манай хүүхнүүд үнэн даварлаа. Эрчүүдтэйгээ эн зэрэгцэж зодолдоод л, архидаад л, явалдаад л адаг сүүлд нь буруу хүмүүжсэн хүүхэд шиг бухын хүзүүнээс ч илүү хатуу болох юм. Зүүн Хойд Азийн ухаантай улсууд аль болох эмэгтэйчүүдийн эрхийг элдэв, нарийн чамин аргаар боомилон, нөхөр, гэр бүлдээ үнэнч зүтгэдэг болгож чаджээ. Тэгсэн нь хэн хэнд нь өлзийтэй байдаг бололтой. Солонгос эрчүүд архи ууж агсан тавьдагаараа алдартай гэнэ. Тэднийг “Азийн Ирландууд” ч хочилдог гэнэ... Гэтэл тийм эрсийг эмэгтэйчүүд нь Чингис хаан шиг тахисны хүчинд улс орон нь "хагарталаа баяжжээ"... Манай хүүхнүүд захиргаа, замбараагүйгээсээ цаагуураа шаналлан, уяа хүссэн золбин ноход шиг явах юм. Одоо энэ монгол сумочдыг хар! Монгол хүүхэнтэй суусан нь бүгд салсан! Харин япон хүүхэнтэй суусан залуус ганц ч салалтгүй, элдэв шуугиан, зодоонгүй жаахан уйтгартай л амьдардаг бололтой.

Мөн энүүхэндээ гэж хэлэхэд, энэ янхан, нохой хоёрыг урд зүгийнхнээр янзлуулмаар. Аль эртнээс л Монголд янхны ард заавал урд газрын хүмүүс байдаг чинь, ерөөсөө манайхан янхандаа дургүйдээ биш, эд нар заваан балиартаа ч биш, зүгээр л эдний уламжлалт соёл, үнэт зүйлс нь эмэгтэй хүнийг арай анги үздэгт байгаа юм. (Цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө ч гэдэг юм уу, Күнзээр бол.) Эд монгол хүүхнүүдийг ангилж, янзлаад шилэн хоргонд хийхийг нь хийгээд, амбаардахыг нь амбаардаад журманд оруулаад өгнөө. Олон мянган жилийн туршлага цаадуулд чинь бий.

Монгол соёл, үнэт зүйлсийн хувьд бол бид эмэгтэй хүнийг эх хүн гэдэг талаас нь арай ахиу хүндэлж өргөмжлөөд, эр эмийн явдлын зэмсэг гэдгийг тэр бүр хайхардаггүй, ашигладаггүйгээрээ урд зүгийнхнээс ялгардаг. Харин одоо нийгэм өөрчлөгдөж, хүссэн хүсээгүй янхнаар дүүрсэн байхад, хэрэв өөрсдөө энэ асуудлыг янзалж чадахгүй бол чаддагаар нь хийлгэмээр.

Нохойны хувьд бол Монголчууд дангаараа золбин нохдоо янзалж чадахгүй ээ. Тэр олон золбин нохдыг винтов-дах сум хаа байнаа. Тэгэхийн оронд тарган банхар харахаараа шүлс нь гоождог Со нарт даатгачихвал тэднийг вакцинжуулж бөөснөөс нь салгаад, фермерийн болгоод “хайран амийг яйран үрэлгүй” ашиг олоод эдийн засагт нэмэр болно. Зөвхөн гадагшаа гаргах биш манай дотоодын зах зээлээс ч ашиг олно. Солонгост удаан ажиллаж, амьдарсан олон Монголчууд нохойн махаа санаж байгаа, бас нийгмийн доод давхаргынхан аль хэдийн нохой махыг иддэг нь худлаа биш.

Эцэст нь, өнөөдөр (3 сарын 17) Цагийн хүрдийн мэдээлснээр, Монголд 40 м/сек хүртэл хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, -31 градус хүртэл хүйтэрч, урд зүгийнхэн зүүдлээ ч үгүй, (дайсан дайрсан мэт) байгалийн гамшиг катастроф болж байна. Тэсгэм хүйтэнд амь тэнцэн яваа малчинд Солонгос уу, Хятад уу огт хамаагүй, урдахаа л харан, яаж мал сүргээ алдчихалгүй, өөрөө үхчихэлгүй амьд үлдэх вэ? гэж л бодогдож яваа. Хэрэв эрт цагт бол зөөлөн дулаан уур амьсгалтай Зүүн Хойд Ази руу малаа туугаад нүүх л байх. Даанч одоо хил гааль давах бичиг баримт бүрдүүлэх, виз авах гээд олон төвөгтэй асуудалтай тулгарна. Виз хэрэггүй боллоо ч гэсэн малтайгаа очих боломжгүй. Тэдэнд одоо хувь заяатайгаа эвлэрэн Монголдоо байж, “монголоороо зутран амьдрахаас” өөр аргагүй. Хотын хэд нь Зүүн Хойд Ази-жиж баяжлаа ч, нийт хүн амын 40 гаруй[12] хувь нохойн мах идэлгүй бүдүүлгээрээ дуудлан цөөрсөөр Төв Азиараа үлдэхдээ л үлдэнэ...

2009.03.17
____________________________________________________________
[1] Зүүн Хойд Ази ба глобачлал. Ю.Дэлгэрмаа. Өдрийн сонин. “Тус бүс нутагт хоёр Солонгос, Япон, Хятад, Оросын Алс Дорнод, Монгол багтдаг бөгөөд эдгээр орнууд нь уламжлалт соёл, сэтгэлгээ, эдийн засгийн хөгжил зэргээрээ их ялгаатай. Сүүлийн арван жилд Зүүн хойд Азийн орнуудын хөгжлийг эрээн бараан өнгөнөөс бүрдсэн их л эрээн мяраан дүр зурагтай зүйрлэж байв. Эдгээр орнуудын түүхийг авч үзэхэд дайн байлдаан, түрэмгийлэл тасраагүй тул энэ нь өнөөгийн байдалтай нягт холбоотой болохыг судлаач эрдэмтэд дурдаж байлаа.”
http://origo.mn/24tsag/2007/09/17/9508
[2]Б.Батболд: Нийгмийн даатгалын шимтгэлийн ашиг тусыг Солонгосын монголчууд ойлгож эхэлсэн. Үнэн сонин. 2009.03.16
http://www.ndaatgal.mn/news.php?news_id=102
[3] Кёкүшюзан Д.Батбаяр: Хэтийн зорилго гэвэл улс төр сонирхож байна. Ардын эрх сонин. http://origo.mn/24tsag/2007/08/14/8820.
УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр: Хямрал нүүрлэхийг мэдсээр байж нуух нь маш бүдүүлэг төдийгүй ардчилсан нийгэмд байж болшгүй хэрэг. Монголын мэдээ. Сонин.мн
[4]http://www.onsegye.net/mg/info/index.asp
[5] http://www.onsegye.net/mg/info/index.asp
[6] Хэлний хүчирхийлэл. Л.Түдэв. Дал сонин. Сонин.мн. 2009.03.16
[7] http://www.asia-pacific-connections.com/confucianism.html
[8] http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=480&Itemid=91
[9] Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан мэдэгдэл (2006.05.10).
http://countrystudies.us/south-korea/43.htm
“According to government statistics, 42.6 percent or more than 17 million of South Korea's 1985 population professed adherence to an organized religious community. There were at least 8 million Buddhists (about 20 percent of the total population), about 6.5 million Protestants (16 percent of the population), some 1.9 million Roman Catholics (5 percent), nearly 500,000 people who belonged to Confucian groups (1 percent), and more than 300,000 others (0.7 percent)… New religions draw on both traditional beliefs and on Christianity, achieving a baffling variety and diversity of views. It has been estimated that there were as many as 300 new religions in South Korea in the late 1980s, though many were small and transient phenomena.”
[12] Хөдөө орон нутагт нийт хүн амын 40 гаруй хувь амьдардаг.