Wednesday, 24 June 2009

Гавъяат гэдэг гай юу?

Өглөө 9 цагийн үед Амарсайханы блогыг уншин баахан инээлээ. Элбэгдорж, Энхбаяр, Сосорбарам гурвын онигоо үнэн тасархай. Элбэгдорж уйлж байх юм гэнэ. Сосорбарам очоод:
—Миний найз яагаад уйлав гэсэн чинь:
—Энхбаяр хамаг хүнийг шагнаад шагнах хүн үлдээсэнгүй. Сөөнгө Бат-Эрдэнэ хүртэл гавъяат болчихсон байна гэж Элбэгдорж хариулжээ. Тэгэхээр нь Сосорбарам:
—Санаа зоволтгүй миний найз, төрийн тахилга хий гэсэн чинь:
—Тасганы овоо л үлдсэн гэж Элбэгдорж хариулав. Сосорбарам:
—Тэгвэл ууланд авир гэсэн чинь, Элбэгдорж:
—Зайсан толгой л үлдсэн шүү дээ гээд л хэнгэнэтэл ийн ийн гэжээ. Сосорбарам үүнийг сонсоод:
—Нээрээ тийм байна ш дээ. Миний найз юугаа хийж дөрвөн жилийг барна даа, ийн, ийн гэжээ. Хахахаха...

Би 30 сэтгэгдэлийн доор: “Хэхэ Сөөнгө Бат-Эрдэнэ ч байхдаа яахав дээ. Амараа ах нээрээ дэндүүлэх юмаа. Би дуулж байсан бол арай гавъяат авч гайтсан юм биш биз дээ. Хахаха...” гэж бичлээ.

Дараа нь сонин.мн лүү орж мэдээ унштал, нөгөө Энхбаяр чинь дахиад баахан хүн гавъяат болгочихож, би “ТВ-9” телевизийн захирал Ц.Энхбат, дуучин Б.Дашдондог, жүжигчин У.Урнаа, сагсчин Ц.Шаравжамц нар гавьяат боллоо гэсэн гарчиг үзээд л, утга нь ойлгомжтой тул шууд л уншигчдийн санаа оноог уншихаар доош гүйлгэлээ.

Хамгийн эхний хүнд хэлэх үг олдохгүй: “Бүр инээд хүрчихлээ” гэсэн байна.

2 дахь уншигчийн уур хүрсэн бололтой: “Шараваад яасан гэж өгч байгаа юм. Эрүүл хүн мөн үү?” гэж асуусан байна.

3 дахь зочин: “Ёстой нэг үеэрлэж байна даа” гэж ёжолжээ.

4 дэхь монгол, монголчууддаа хандаж: “Шагналын үнэ цэнийг бүүр навс унагалаа даа. Ийм хорон санаат хүнээр Монгол улсаа удирдуулж байсан бид их азгүй хүмүүс юм. Эдгээр хүмүүсээс хэн нэг нь шагнал авахаас татгалзвал тэр жинхэнэ баатар болно доо” гэж сануулсан байна.

5 дахь уншигч: “Хахахаха”.

6 дахь саналаа бичигч: “ТВ9 шагнал авч алдаг юм байна” гэж бүр гайхжээ. Түүнд миа ТВ9 авч байгаа юм чинь өөрийнх нь шагнал тун ойрхон санагдсан биз.

7 дэхь хүн: “Яандаа Энхбаяр ах минь! Та юу л хийгээд байна даа” гэж ихэд санаа зовон зөвлөжээ. Нээрээ, энэ Энхбаяр ах, эрүүл л байгаа даа.

8 дахь саналаа бичигч Сүрэн тун омогтой хүн бололтой: “Солиорсон пизда вэ! Энэ муу монголын төрийг бузарлаад дууслаа” гэж хаа холын Японоос бичиж.

9 дэхь хүн тамын тогооны үлгэрийг сануулж тун философлог зүйл бичсэн байна. “Тамын тогооны эзэн улангасч байна. Дараагийн 4 жил Ерөнхийлөгч болохоороо өгнө гээд өөрсдийг нь ашиглачихсан эсвэл мөнгий нь завшчихсан болохоор одоо 7 хоногийн дотор нөөцөө шавхаад хэл амгүй салахын түүс болсон. Тэгээд Элбэгээг ямар ч одонгийн нөөцгүй болгоод арилах гэж байх шив. Элбэгээ хэнд ч шагнал өгөх боломжгүй болж байгаа тул горьдох хүн бараг байхгүй байлгүй дээ. Хэхэхэ”. Энэ Энхбаяр ямар зальтай новш вэ? Нээрээ хамаг медалыг нь дуусгах гэж байна шүү дээ...

10-д бичсэн хүн Энхбаярыг хочилжээ. “Ёоё шагчин авгай баахан найруулсан архиа өгч байх шив дээ. Шараваа ёоё. Бөгс бөөр яриад явдаг балай тэнэг бацаанд юу өгчихөв дөө. Хор уу?” гэж тэр асуужээ. Хоржин нөхөр бололтой...

11 дэхь, байж ядан, хмм гэж өмхийгөө зууж байгаад: “Энэ муу авилгач Энхбаярыг хурдан зайлуулаач, өөртөө үйлчилсэн хүн бүрийг гавьяат болгож улсын мөнгөөр үхэн үхтэл нь тэжээх нь. Новшийн Шаравжамц мэтийн миа гарууд арай ч дээ!” гэсэн байна.

12 дахь, горимын санал оруулжээ. “Бид энэ гавьяат, ардын гэдэг шагналуудаа өгөхөө больж, хуульчилвал яасан юм бэ? Энэ шагнал нь ямар ч үнэ цэнэгүй болчихлоо шүү дээ!”

13 дахь бичигч Сүрэнхор Элбэгдоржид бүр ажлыг нь зааж өгчээ. “Элбэгээ ерөнхийлөгч өө! Ажлаа юуны өмнө энэ балай шагнал урамшууллын тогтолцооноос эхлэх хэрэгтэй. Ерөөсөө шууд үгүй болгочиход ард түмэн баярлана уу гэхээс биш, гомдож үгүйлэхгүй. Хүн өөрийн шударга зүтгэлээр л нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай, нэр хүндтэй явах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Баабар гавьяат энэ тэр гэлгүй нийгэмдээ танигдчихсан; дуучин Бат-Эрдэнэ, Оюунтүлхүүр, Ц.Энхбат энэ тэрээс илүү нэр хүндтэй явна шүү дээ. Ерөөсөө Баабар гэдэг нэр нь л чимэг, шагнал, брэнд болчихоод байна. Үүнээс ажлаа зоримог эхлэвэл зүгээр шүү.” Үнэн нь л дээ. Гэхдээ Баабараас асуусан болов уу. Мэдээж Баабар Энхбаяраас шагнал авна гэдэг гонжийнжоо, нөгөөдөх нь ч өгөхгүй. Харин найз нь Ерөнхийлөгч болчихоод гавьяат өгөхөд Баабар татгалзах болов уу?... Шараа болно. Боль! гэж Баабар Элбэгээг болиулж болох ч... Элбэгдорж Баабарт юу ч өгөхгүй дөрвөн жилийг барвал бас сонин шүү дээ. Монголын хамгийн их уншигчтай, ардчилалын төлөө гал цогтой тэмцэгч нийтлэгчид ардчилсан Ерөнхийлөгч медал өгөхгүй бол хэн өгөх юм бэ? За харч л байяа...

14 дэхь Германаас:“[Хэрэв] шагнал олгосноор ажлыг нь дүгнэдэг бол Ерөнхийлөгч огцрохоосоо [өмнө] сайн ажиллаж байна шүү. Ямар инээдтэй юм бэ? За арга ч үгүй биз дээ. Өөр хийх ажил байх биш. Баахан хүмүүс л шагнал авч баярлаж байх шив дээ. Тэгээд ч эдгээр шагналууд нэр хүндээ алдаад удаж байгаа. Болсон болоогүй зөндөө л хүмүүс авсан даа” гэж.

15 дахь: “За за ер нь Монголын хүн ам хэд билээ, бараг тал нь ардын болон гавьяат шагналтангууд болж байх шив дээ. Инээдтэй ч юмшиг, солиотой ч юмшиг санагдчихлаа гэж. Наад тэнэг социализмын үеийн балай үнэ цэнэгүй шагналаа одоо болио за!” гэсэн байна.

16 дахь шоологч: “Шагналаа гэж үнэн инээдтэй. 2.6 сая иргэдийнхээ нэрсийг бүгдийг нь биччихмээр юм даа. Ёстой чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л энэ байх даа. Энхбаяр дараагийн сонгуульдаа л бэлдэж байгаа юм байгаа биз” гэсэн байна. Яг үнэн Энхбаяр дараагийнхаа сонгуульд бэлдэж байгаа байхгүй юу!

Арай дэндсэнийг мэддэг 17 дохь нөхөр: “Тэр Н.Болормаа ганц цаг хичээл хичээл зааж үзсэн болов уу? Гавьяат эмч болсон Ж.Цолмон гээд байгаа нөхөр нөгөө Эрүүл мэндийн дэд сайд мөн үү? Хэрэв мөн бол Монголын бүх эмч нарт гавьяат өгөхийг шаардаж байна. Бас тэр хэлний хүрээлэнгийн Болд Энхбаярын ивээлээр монгол хэлний тайлбар толь бичсэнийхээ шанг хүртэж байгаа бололтой. Ц.Энхбат, Д.Цоодол, Шаравжамц, Б.Дашдондог, У.Уранчимэг, бас дээр нь тэр улстөрчдөд шагнал нь үнэхээр ахдаж байна даа” гэжээ.

18 дахь, гэмт хэрэг үйлдэх гэж байгаа нэг нөхөр: “Наад гичийгээ болиочээ! Наад малаа цааш нь харуулаачээ! Шууд бууд! Манай ажлын энүүгээр ирэхээр нь би шууд буудаж орхино!” гэсэн байна. Энэ ч арай дэндэнээ. Шагнал авлаа гээд хүнд буудуулчихвал гөөмөн тусгүй еэ. Дээрхийг бичигч хэрэв үүнийг уншвал, “Больсон нь дээр шүү!”

За энэ мэтчилэн өчнөөн л юм бичиж. Зочин гэсэн нэг нөхөр: “Гавьяат гэсэн шагналтай хүнийг хараад сүр доор нь бөхийгөөд, Энэ хүнээс юу сурах вэ? гэж боддог байсан бол харин одоо танил талтай мөнгөтэй хүн гавьяат болдог гэдгийг хэн хүн бүхэн мэддэг болжээ. Гавьяат авмаар бол 6 сая төгрөгтэй байхад л шууд өгдөг болсон гэнэ шүү. Нэртэйгээр нь дэлгүүрээр худалддаг болмоор юм. Ичээд нүүр хийх ч газар алга... За даа өгч авч байгаа нь ичээгүй байхад юундаа ч ичих вэ? ” гэжээ. Хэрэв гавьяатын шагнал 6 сая бол алдаг юм байна, хөөш!

Арай дэндлээ! Ичиж үхлээ! Шагнал ихдээд хор боллоо! Монгол солиорлын туйл руу явж байна! Шар дээлт үнэн тэнэг пяхлуу! Болиочээ! гээд л есөн шидийн сэтгэгдэл зөндөө. Би хүний мууд дуртайгаараа бүгдийг нь уншиж хорхойгоо дараад 82 дахь болж ингэж бичлээ шүү.

“Үнэн өрөвдөлтэй юм аа. Энэ бол эмгэнэл! Энхбаяраа Элбэгдоржийг бодоочээ! Хамаг шагнал дуусгалаа ш дээ! Болиочээ! Нэртэйгээр нь надад өгчих за юу! Монголын бүх ард түмнийг гавьяат болгочих мэдэв үү! Элбэгдоржид хийх ажил олдохгүй бол давхар гавъяатуудыг төрүүл! Наад шагналаас чинь болоод ард түмэн боож үхэх нь… Бүр хүн ална гэсэн ч хүн байна. Хэрэв хүн алуулвал чиний л буруу шүү! Энхбаяраа за юу! Баахан хүнийг гавъяат болгож архичин болгох нь...” гээд л бичээд тавьчихлаа. Ганцхан л хүн аавыгаа өмөөрч: “Энхбаяр Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний аавын хийсэн хөдөлмөрийг олж харсан тань баярлалаа... Энхбаяраас шагнал авч байгаа хүн болгон түүний бууны нохой биш гэдгийг би ААВААРАА хэлнэ” гэсэн байхад би хүний олныг л дагана шүү дээ.
*
Хоёр цаг шахам компютерийн ард дэмий сууснаас нүд чилээд, гал тогоонд орж цай ууж, печень идээд эргэж өрөөндөө ороод орон дээр хэвттэл нэг мэдсэн дугхийчихэж... Утас дуугарч, би сэрч, цаг хартал 11.30 болж байна. Миний найз Ганболд залгажээ. Би:
—За сайн уу залуу?
—За юу хийж байна?
—Аан, өнөөдөр амарч байна. Чи юу хийж байгаа юм.
—За баяр хүргэе.
—Юу!
—Аав чинь гавьяат болсон биз дээ?
—Юу яриад байгаа юм бэ?
—Юу юу ярих гэж! Аав чинь гавьяат болсныг мэдээгүй юм уу?
—Хэн тэгж солиороод байгаа юм! Манай аав яалаа гэж гавьяат болдог юм.
—Бямбажавын Хүрэлбаатар мөн биз дээ?
—Мөн
—Монголын үндэсний олон нийтийн радиогийн хариуцлагатай редактор, сэтгүүлч, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар мөн биз дээ.
—Мөн байлгүй яадаг юм...
—Тэгээд! Баяр хүргэе
—Миний муу аав уу даа!... Гэнэт дотроос нэг юм огшоод явчихлаа. Би догдолсон сэтгэлээ нуухыг хичээн:
—Хэн тэгж байна? Гэж асуув.
—Сонин.мн дээр л байна шүү дээ... Би гэнэт, Миний муу аав гавьяат болчихсон юм байна ш дээ!... Зүгээр л хэвтэж байгаад ГАВЬЯАТЫН ХҮҮ болчихдог байна ш дээ. Ямар сонин өдөр вэ? гэж бодтол найман жил уулзаагүй муу аавыгаа хичээн их санав аа...
—Үнэн үү?
—Үнэн байлгүй яадаг юм, малаа!...
*
Өрөөнөөсөө гараад гал тогоонд байсан найзынхаа гэргийд:
—Манай аав гавьяат болчихож гэтэл:
—Өө тийм үү! Ямар гоё юм бэ! гээд биширсэн харцаар харахад нь, би гавьяатын хүү болно гэдэг ямар бахархалтайг мэдрэв…
—Хэзээ авсан гэнэ?... Ээбээ! Би юм бодоод сонсоогүй бололтой.
—Аан, өнөөдөр гардуулсан гэсэн.
—Чамд өмнө нь хэлээгүй юм уу?
—Үгүй огт хэлээгүй.
—Өө чи тэгвэл зүгээр л хэвтэж байгаад гавьяатын хүү болчихсон байна шүү дээ.
—Хахаха харин тэглээ. Надад эрт хэлэхгүй. Тэгсэн бол гоё костюм пиджаак явуулахгүй юу.
—Харин тийм. Чи одоо шагнал мялаах бийский ч гэсэн явуулах хэрэгтэй шүү!
—Харин тийм. Хувцас л муутай байсан байхдаа. Муу аав минь...
—Чи аавтайгаа утсаар ярьсан уу?
—Карт байхгүй. Одоо гарч авахаас гэв.
Би хоол хийж идээд гарах гэсээр өдрийн 2 цаг хүргэж, банк орж төлөвлөсөн ажлаа амжуулаад, Шефэртбушид очоод карт автал 4 цаг болсон байлаа. Паркт сууж байгаад залгатал ээж авав. Монголд шөнийн 1 цаг болж байгаа тул ээж нойрмогдуу ярилаа.
—Аав шагнал авсан юм уу?
—Аав нь Соёлын Гавьяат болсон. Өнөөдөр Төрийн Ордонд очиж аваад, орой баахан хамаатан садан, ажлын газрынхан, зохиолчид ирээд явцгаасан. Одоо согтуу унтаж байна.
—За тэгвэл аавдаа баяр хүргэе. Намайг утасдсан гэж хэлээрэй.
—За за тэгье. Миний хүү маргааш аавтайгаа ярь.
—За, за баяртай. Маргааш ярья.
*
Үнэхээр аав маань Соёлын гавьяат болжээ. Тэгээд би бодлоо. Ямар хүн болохоор аав шагнуулаа вэ? Ерөнхийлөгчийн зарлигт МҮОНР-ийн хариуцлагатай редактор, сэтгүүлч, яруу найрагч гэж аавыг тодотгожээ. Мэдээж, үүнд ажлынх нь газар, хамт олных нь ач тус, өгөөж бий.

Залуугаасаа л орчуулагч, сурвалжлагч, сэтгүүлчээр Монцамэ, Радио, Телевизэд ажилласан, яруу найрагч миний аавд их алдаа бий; би ч шүүмжэлдэг. Гэхдээ өнөөдөр гавьяат болсон тул, муу аавыгаа муулаад яахав. Аав шагнал, нэр хүндийн хойноос бялдуучилж хөөцөлддөг хүн биш. Архи жаахан наадаг, хувийн амьдралдаа жаахан арчаагүй, ганц хүүтэй гэхэд ганц өрөө байр ч бэлдээгүй, “Аав минь намайг алт мөнгө хураасан уу? гэж асуугаагүй харин ажил төрөлдөө ямар байна, хамт олонтойгоо хэр эвтэй явна гэж сурагладаг хүн байсан” гэсэн утгатай шүлэг хүртэл биччихсэн... Тийм л нэг хэнхэг, тухай үеийнхээ нийгмийн бүтээгдэхүүн, эрхэлсэн ажилдаа чамбай, (яаж ч архи уусан маргааш нь ажилдаа явдаг), дундаж сэхээтэн. 90-д онд нэг удаа:
—Надтай адилхан хүн байдаг юм байна. Яг 9.10-д Шилмэл загварын ордны булангийн тэнд надтай зөрдөг, нэг нөхөр бий. Таарах болгондоо л бид хоёр, Чи бид хоёр л ажилдаа яс явах юмаа гэж бие биеэндээ хэлдэг гэж надад ярьж билээ.
Аавын амьдралын зорилго бол улс орондоо хэрэгтэй, гэр бүлээ дээдэлсэн, жирийн нэг Монголын сэхээтэн байх; дуртай ажлаа хийгээд, дуртай шүлгээ зохиогоод, хорхойд хоргүй, хүнд муу юм хийхгүй амьдрах.
Би аавын ажлыг сайн мэдэхгүй харин яруу найраг талаас нь жаахан гадарлана. Сайн иргэн байх эрмэлзэл нь түүнийг сайн сэтгүүлч, орчуулагч болгосон ч яруу найрагчийнх нь хувьд дотоод нөөц, авьяасаа бүрэн дайчилж гаргахад—нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, ухамсар нь түүнийг уран бүтээлдээ бүрэн орж бүтээж, туувирахад—саад болсон гэж би таамагладаг. Шүүмжлэгч Билэгсайхан нэг удаа:
—Миний муу найз дотоод зөрчилгүй хүн гэж хэлсэн нь тун оносон үг шиг санагддаг. Дотоод сэтгэлийн зөрчил байж байж, уран бүтээлч хурцлагдан, олон бүтээл туурвидаг болов уу. Нэлээн хожуу, намайг нааш гарахаас өмнөхөн аав надад:
—Би авьяасаа бүрэн дайчилж гаргаж чадалгүй, үхэх нь дээ гэж согтуу уйлж билээ. Аав маань ихэнх сайн шүлгүүдээ залуудаа бичиж, үе тэнгийнхэндээ үнэлэгдэж, цойлж гараад, давхихаа больсон, хожим нь архины магтаалд мансуурч би-д баригдсан, одоо жар гарсан эр бий дээ.
За гэхдээ, миний аав муу яруу найрагч биш. Монголын утга зохиолд 70-д онд гарч ирсэн нэгэн үеийн төлөөлөгч. Б Лхагвасүрэн, Д.Урианхай, Т.Очирхүү, Б.Догмид, Л.Лувсандорж, Д.Цоодол, Д.Батбаяр, Т.Баасансүрэн, Х. Сампилдэндэв, Л.Дашням, Б.Төмөртогоо, С.Пүрэв, С.Лочин, С.Оюун, Ч.Билэгсайхан, Б.Ганбат, З.Дорж нартай аав нэг үе.
Тун ч олон нэр төртэй, шагнал медалтай яруу найрагч, зохиолч, шүүмжлэгчид:

Сутай хайрхан уул
Суусан ч боссон ч харагдана.
Харагдах гэж өндөлзөхгүй
Харанхуй манан дундаас ч харагдана.

гэсээр манай гэрт орж ирсэн дээ. Энэ шүлгийг би хар багаасаа л сонсож, өөрийн эрхгүй цээжилж, утга чанарыг нь өсөж томрохын хэрээр олон янзаар ойлгож, тусгаж явлаа. Багад, атмааны тухай юмшиг надад санагддаг байлаа. Тэгээд л би багадаа, өөрийгөө атмаан, атмаан гэж дэрвэж явдаггүй, байгаагаараа л байдаг, харин өдөөд, сөдөөд ирвэл, нам цохиж унагачихаад өндөлзөлгүй сууж байдаг намхан, туранхай хүүхэд байсансан. Би өөрийгөө атмаан явсан гэж томрохгүй ч намайг очсон газар нэг ч атмаан л байдаггүй байсан юм.
Харин одоо шүлгийн утга надад гүнзийрч байна. Энэ шүлгийг тухай үеийн нийгэм, сэтгэхүйтэй холбовол ойлгоно. Үзэл бодлын хатуу шүүлтүүрийг молигодож чадсан. Эсвэл анзаарсан ч гэлээ анзаараагүй мэт өнгөрчмөөр санагдсан тийм л нэг чадварлаг шигтгэсэн, гүнзгий утгатай, сөрж бус дагаж урсаад монголоороо байхын бэлэгдэл, жинхэнэ монгол шүлэг юм. Монголын олон яруу найрагч, зохиолчид согтуудаа л энэ дөрвөн мөрийг манайд цензургүй уншиж, уйлцгаасан нь ийм учиртай. Уг шүлэг нь бол нуршуудуу, Алтай өндөр оргилд тэмүүлэх хүсэлтэй өссөн бага насаа дурсаж бичсэн гэмгүй шүлэг. Тэр дотроо л гүнзгий санаагаа шигтгэсэн нь аавын маань насаараа архи уух нэг том шалтаг болсон доо. Шашингүй, хатуу үзэл сурталтай нийгэмд монголоороо байхыг кодолчихсон Ховдын Цэцэгийн юм үзээгүй, алаг нүдэн, жижигхэн залуу аархаж, сагах нь ч аргагүй юм уу даа. Мөн “Сутай хайрхан уул, суусан ч боссон ч харагдана” гэсэн 2 мөрөнд хэлэх нэг зүйл бий. Энэ нь Сутай хайрхан уул, суугаад босоод байгаа юм уу, эсвэл Сутайг холоос харсан хүн сууж, боссон ч харагдаад байгаа юм уу? гэж асуумаар. Үүнийг алингаар нь ч ойлгож болно. Үүнд л энэ 4-н мөртийн бас нэг увдис байгаа юмшиг.
Гал, цогтой залуу насандаа бичсэн хэдэн бор морь шиг шүлгүүд нь тухай үеийн монголын яруу найрагт байр сууриа эзэлж, шинэчлэл хийсэн гэж судлаач, шүүмжлэгчид мэр сэр бичдэг юм байна лээ. Тиймээс ч Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол авсан байх. Монгол нүүдэлчин ахуй, зан заншил, өвөг дээдэс, эцэг эх, Алтай нутаг бол аавын шүлгийн гол сэдэв. Хамаагүй шүлэг бичвэл ажил, амьдралгүй болчих нийгэмд зориг гаргаж бичсэн хэдэн мөртүүд нь түүнийг монголын зарим яруу найрагч, зохиолчдын магтаалын бай болгодог. Одоо өөх өгвөл өглөө босоод хэрэлдэхээр болсон мань мэтэд арай л хөндий сонсогдох ч гэлээ,
Том улаан нарны доорх
Тос даасан Дарьганга

гэж хэн хэлсэн юм! Би хэлээгүй. Мэнд-Ооёо хэлээгүй. Дашбалбар хэлээгүй. Хөх Алтайн хөх хүү Хүрэлбаатар хэлсэн юм! гэж яруу найрагч Эрээнцавын Нямсүрэн нэг удаа манайд нанчид хүртэж суухдаа хэлж билээ. Тэрбээр, Хүрэлбаатарын шүлгүүдийг уншиж, өөрийгөө хөгжүүлсэн гэж нэг хэлсэн санагддаг юм, согтуудаа!
Нямсүрэн, аав хоёрын харилцаа сонин содон, өвөрмөц. Нямсүрэн Нацагдоржийн шагнал авчихаад, Чи минь аваагүй байхад би авчихлаа гээд уйлж байсан гэдэг. Харин дараа жил нь аав авчихаад хөдөө Нямсүрэнгийнд зочлоход тэрээр, Ямар сайхан юм бэ? Бөгшсөн хатиг суга татаад авчих шиг боллоо гэж хэлжээ. Тэгээд яруу найрагч Нямсүрэнгийн сэтгэл нь хөдлөөд гэрийнхээ хамаг юмыг өгөх гээд дайрчихсан гэнэ. Аав авахгүй гээд зүтгэхэд бүр дагаад байхаар нь аргагүй эрхэнд ууц засдаг хутга, ногоон пүйсүү гаанс хоёрыг нь авчээ. Ногоон пүйсүү гаансыг нь хоёр жилийн дараа Улаанбаатарт ирээд Дарь.Сүхбаатартай манайд зочлоход нь буцааж өгөөд, харин ууц засдаг хутгыг:
—Чи Оросын хилийн хажууд амьдардаг болохоор хутга сайн байж таараа, ууц засдаг хутгыг чинь авлаа гээд үлдээсэн гэж аав ярьдаг.
Аав Нямсүрэнг амьд байхад нь түүнд зориулж нэг уран санаатай, уянгын шүлэг бичсэн. Хөдөө томилтоор яваад Нямсүрэнгийн нутагт очсон боловч Эрээнцав их хол тул цаг заванд баригдан уулзалгүй хот руу буцаж байгаа энгийн агуулгатай шүлэг.
Гэгээн өглөөний дууч
Гэртээ суусан Даянч
Эрээнцавын Нямсүрэн
Их хол, ихээ хол суух юм даа.
Гэж төгсдөг энэ шүлэг нь Нямсүрэнг уран бүтээлээрээ бусдаас тасарсаныг жинхэнэ уран бүтээлчээс гарах гэгээхэн хор шараар бичиж, хүлээн зөвшөөрсөн учиртай. Нямсүрэнд зориулсан шүлэг, магтаал их байдаг ч аавынх шиг ингэж уран санаатай амьдад нь бичсэн шүлэг ховор байх шүү.
Мөн, миний хайртай яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн гэгээн дурсгалд аавын бичсэн уянгын шүлэг санаанд орч байна.
Хот сэрч, хот сэрч байна.
Хорвоод миний хамгийн дуртай зүйл
Хот сэрэх чимээ байдаг гэж
Хол явчихсан юмшиг санагдах
Хонгор ах минь шүлэглэжээ...

Энэ шүлгийг унших тоолонд Цэдэндорж яруу найрагчийн номын гэгээн дүр нүдэнд харагддаг.
Бас, аавын бичсэн Дэгдмэл хонгор салхи... гэдэг шүлэг нь Монголын анхны имперсонист шүлэг байх гэж би таадаг. Би судлаач хүн биш, гэхдээ ямар ч гэлээ тэр шүлгийн дүрслэл нь тухай үеийнхээ шүлгүүдээс дүрслэл, сэтгэлгээний хувьд тун ялгаатай шүү.
Уулын голын хөвөө нь
Дэгдмэл хонгор салхитай...
Учран танилцсан охин минь
Дэгдмэл хонгор ааштай...
Тэнгэрийн сарны туяа ч
Дэгдмэл хонгор өнгөтэй...
Тэр нэгэн үдшийг
Мартаж яасан ч чадахгүй...
Дэгдмэл хонгор нас минь...
Дэгдмэл хонгор учрал минь...
Дэгдмэл хонгор уруул минь...
Дэгдмэл хонгор салхи минь...

Гэж. [Би сайн санахгүй тул зарим зүйлийг нь өөрийнхөөрөө бичсэн байж магадгүй.] Надад бол энэ шүлэг нэг л мөнхийн шинэлэг мэдрэмжтэй имперсонист зураг шиг харагдаад байдаг. Хүүхэд насаа ардаа орхиж байгаа барин тавин тэр нэгэн мэдрэмжийг дэгдмэл хонгор гэдэг шинэ үгээр дүрсэлсэн нь Монголын утга зохиол оруулсан аав маань жаахан хувь нэмэр. Олны ярьдаг бас нэг шүлгийн 2 мөр санаанд орлоо.
Торгууд нутгын жороо морьдын
Тоос нь хүртэл угалзан хээтэй...
Аавын уран бүтээлийн гол сэдэв нь монгол ахуй, монгол зан заншил гэж би дээр бичсэн. Энэ нь үзэл бодлын дарамттай нийгэмд хүч нөлөөтэй, утга учиртай ч, тэр сэдэвтээ хэт гацахаар нийгмийнхээ бодит байдлыг олж харахаа байдаг талтай юм байна лээ. Ер нь ганцхан миний аав гэлтгүй, Монголын нийт утга зохиол ийм байдалтай байгаа. Монгол, монгол гэсээр нүдээ сохолж, туйлширах өвчин бол өнөө цагийн бид л эдгээх ёстой эмгэг юм шүү дээ...
Тун олон согтуу яруу найрагчид намайг, үнсүүлэхгүй гээд л байхад: “Архи үнэртүүлсэн хошуугаараа аав маань намайг үнсдэгсэн” гэж хэн хэлсэн юм! Хүрэлбаатар хэлсэн! гээд өмхий хошуугаараа үнссэндэг. Би занаж байгаад сүүлд нь нэг нийтлэлдээ “Монголын яруу найрагчдын үмхий хошуугаар өчнөөн л үнсүүллээ” гэж бичиж доош нь хийж билээ. Энэ шүлгийн үнэ цэнэ нь мөн л Чингис, Монгол ч гэж зоригтой хэлж чаддаггүй үед бичсэнд л байгаа юм. Түүнээс биш өдий ингэж бичсэн бол бүдүүлэг, бүр “өмхий сонсогдоно” биз дээ. Талийгаач Тоомойн Очирхүү их шүлсдэж үнсдэг хачин хүн байж билээ. 90-д онд шар Мийгаа ах, Хүрлээ ахаа! Хүрлээ ахаа! Гэж хашгирч уйлж, харанхуй шөнөөр хаалга балбаж, гөөмөн ч их нойр хагаслан, хацар шүлсдүүлсэн дээ. Одоо харин Америк яваад ирсэн хүн соёлжсон байлгүй...
*
Гурван хоног дараалан утасдаад аавтайгаа ярьж чадсангүй. Утасдах тоолонд согтоод онхолдчихсон байв. Харин өнөөдөр аавтай яриллаа. Шал согтуу тасрахын өмнөхөн байна.
—За миний хүү юу?
—За ааваа баяр хүргэе. Цаана нь хүмүүс “Цэцэг нуурын хөвөөнөөс...” гээд л зад найрлаж байнаа.
—За миний хүү юу. Бүр хэл нь орооцолдоод, ээжийн хэлдгээр даль, даль болчихож.
—Баяр хүргэе
—Юунд баяр хүргэдэг юм.
—Медал авсанд баяр хүргэе.
—Чи ямар медал яриад байгаа юм.
—Гавъяат
—Хахахаха... Аав нь авч л байгаа биз дээ?
—За ааваа тэгээд архиа бага уугаад биеэ бодоорой
—Би архиа ч ууна, амьдрахаа ч амьдарна. Би бол мөнх настай байхгүй юу. (Согтоод солиорч байгаа нь...)
—Наад медал яах вэ? Биеэ л бодно шүү. Медал аваад л архи уугаад үхдэг шүү! Та нар. Ямар медалын төлөө амьдарч байгаа биш —
—Би үхэхгүй за! Би мөнх настай! Өнөөдөр манай зохиолчид ирээд сайхан байна. Гэнэт миний аллерги хөдлөөд:
—Хэдэн тонн архи ууж байгаад наад медалиа авав аа? Гээд асуучихлаа.
—Юу гэнэ?
—Хэдэн ТОНН архи ууж, наад медалиа авсан бэ?
—Битгий хуц! Би чамтай ярихгүй... Дүүд, дүүд, дүүд...
За би ийм л хүндээ. Аавдаа баяр хүргэх гэсэн биш, уурыг нь хүргээд... Би уул нь хэдэн шүлгүүдийг нь лавлаж асуугаад дахиад жаахан юм бичье гэж санасан, одоо дутуу орхихоос...
Манай аавын дүү нар, хамаатан садангууд бөөн баяр. Миний авга эгч Агаагийн хүү Болдоо хүртэл надад “Жажа гавьяат болсон. Би Болдоо байна. Бид бүгд сонсоод бөөн баяр” гэсэн имэйл бичих вэ дээ. Найман жилд надад ганц ч имэйл бичээгүй. Намайг явахад жаахан хүүхэд байсан, одоо ч том эр болоо биз дээ. Тэдэнд энэ шагнал баяр баясал авчирч, амьдрал, нийгэмдээ итгэх итгэл өгчээ. Харин охин дүү маань бүр үгээ хэлчихсэн, баахан хүний баас шээс цэвэрлээд ёстой гайтай юмаа, есөн шидийн яруу найрагч, зохиолчид цуваад, гавьяат Цэрэнжамц ах 6 саяар л найр хийхгүй бол юм горьдсон хүмүүс татардаггүй юм гэж хэлсэн гэж над хэлэв. Ёоё 6 сая, хаа байна тэр чинь!... За, за тэгээд, одоо үнэхээр медалын найр хийгүй бол болдоггүй юм бол би нэг хэдэн цаас нэмэрлэхээс дээ! Өөр яах билээ би, Гавъяат гэдэг гай юу?

ЖИЧ. Ерөнхийлөгч Н.Энхбаярт баярлалаа. Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2009.06.22

17 comments:

Anonymous said...

za zailaa eebee chinii bichlegiig eruusuu oilgoxgui umaa

Pearle Deppsu said...

Хэхэ

За аавд нь баяр хүргэе.

Аав нь их ажиллаж байж энэ шагналыг авсан бололтой. Гэтэл энд нэг харамсалтай юм байнаа. Тэр хүн насаараа ажиллаад, улс орондоо юм хийгээд энэ шагналыг авч байхад Шараваа мэтийн сагсчин нэртэй гозон биет зэрэгцээд түүнтэй адил шагнал авахад ямар нэгэн сэтгэгдэл төрж байна уу

kakadu said...

За энэ бол асуудал биш юм байна өө. Элбэээгдорж ерөнхийлөгч маань ирэх 4 жилдээ нэг ч хүндээ шагнал өгөхгүй л байчих. Тэгээд л болоошт. Тэрний оронд нөгөө зарлан тунхаглаад байсан "Антиолигархи" кампаанит ажлаа явуулах хэрэгтэй. Хувьсгалт нам, ардчилсан намаас хэдэн олигархи аавынх руу явахыг харж сууя. Энэ талаар би бас Амарсайханы блогийн дурдагдсан бичлэгийн коммент дээр сэтгэгдлээ хэлсэн байгаа.

Misheel said...

Bi ene blgoiin unshigch, harin negch setgegdel uldeej bgaagui. Ene udaad bichmeer sanagdaad uuriin erhgui.
Bi tanii aaviig Hurelbaatar guai gedgiig say l medlee, manai aav neg nutag us, angi geed bainga yaridag. Tuunees gadna mongoliin yaruu nairagt ooriin gesen zam moriig uldeej chadsan hun gej bi boddog yuma. Tand bolon tanii aavd az jargal husey.

Misheel said...

Bi ene blogiin unshigch, negch setgegdel bichij bgaagui. harin ene udaa bichmeer sanagdaad. Tanii aaviig Hurelbaatar guai gedgiig say l medlee, minii aav tanii aavtai neg nutag us, bagiin naiz gej suid boldog. Ter hun hezee ch uuriiguu duviilguj, bi gej yavdaggui hun, harinch ene shagnal nudee olchihov uu daa gej bodoj bna. tand bolon tanii aavd az jargal husey.

Misheel said...

Bi ene blogiin unshigch, negch setgegdel bichij bgaagui. harin ene udaa bichmeer sanagdaad. Tanii aaviig Hurelbaatar guai gedgiig say l medlee, minii aav tanii aavtai neg nutag us, bagiin naiz gej suid boldog. Ter hun hezee ch uuriiguu duviilguj, bi gej yavdaggui hun, harinch ene shagnal nudee olchihov uu daa gej bodoj bna. tand bolon tanii aavd az jargal husey.

eebee said...

За Мишээлдээ их баярлалаа. Чи бид хоёр чинь баруун монгол юм байна ш дээ.

Ойлгодоггүй хүнд:Аливаа юмыг бусдын хараагүй талаас харах нь миний нэг зорилго.Инээж л байвал миний бичлэгийг ойлгож байгаа гэсэн үг дээ.

battur.s said...

nerguid:
hoinoos ireed hot manaih gedeg bil uu

eebeed:
unuudur chamaas bolj huuhdee salhind gargah tsagaas 30 minute alga bolson shuu :)

chi angliar bichdeg uu. angliar bichdeg zohiolch bolj toglooch
oird bi ene angliar bichdeg hyatad huuhend durlachihaad baigaa chi zavandaa haraarai. ene huuhnii tuuh ni bas sonirholtoi yum bilee.

http://www.newyorker.com/fiction/features/2008/10/13/081013fi_fiction_li

eebee said...

Battur-d
30 minut saatuulsand uuchlaarai. Syyliin yed eroosoo l urt bicheed baidag bolloo. Jaahan yum bichne geed l urt yum bicheed baih yum. Neeree saya ogson hayagaar chin orson chin ih goe yum baina. sanaanii muhart angliar bicheh hysel baigaad baigaa... neg l odor garcg magadgyi.. Bi uul n' angliar bicheed ehlesen chin bi angliar bichsenees mongolooroo bichne geed bodchihson chin bolichihson...

bolor7erdene said...

Одоо гайгүй нүд амаа олоод өгдөгтөө өгч, өгсөн нь ялгарах байлгүй дээ. Ер нь ч тэгээд шагнал дагаж ирсэн алдар хүндийг идэж болдог цаг нэг үе байсан бол одоо үзүүлэндээ хадгалж, түүхийн олдвор болгон дурсгал хэмээн үзэх цаг ирж дээ. Тэр дурсгалаас нь хожим хүүхдүүддээ үзүүлсэн шигээ "Маний үед ийм юмаар хуурчихдаг байлаа ш дээ" гээд инээлгэж суух юу ч муу байх уу дээ, хэхэ.

bolor7erdene said...

Хэхэ, жоохон уртыг эс тооцуул тархиндаа хадаад авахаар юм арвин бичлэг болжээ. Шагнал ч яахав удахгүй түүхийн олдвор болох биз дээ.

ganga said...

За дүүдээ баяр хүргэе, аавыг чинь мэдэхгүй учир чамд баяр хүргэчихлээ. Ирээдүйд монголын нэрийг дэлхийд гарга гэсэн утгаар нь шүү дээ. Англиар бич ээ, зах зээл том бас монголчууд чинв ингэж бичиж сэтгэдэг гэдгийг харуулахгүй юү.

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

Idea said...

Холбоос дамжиж явсаар энэ бичлэгийг санаандгүй уншлаа. Сэтгэлд цаанаа дотно, сайхан санагдаж байна.

Шагнал тойрсон шар бор амьдралын талаар сайхан бичиж. Чухам голыг нь олж донжийг нь тааруулж, нэг зоосыг хоёр талаас нь халж цоортол харьцуулжээ. Нээрээ л энэ гавьяат цол авсан хүндээ бай, ар гэрийнхэнд нь гай болдог байх даа. Гуйж авдагууд нь 6 саяаар хахуулдаж, гуядаж авснууд нь 6 саяаар мялаадаг гэж ч үнэн. Гэлээ гээд наанаа бүгд дургүй ч цаанаа биүүхэндээ харж, хүлээж байдаг нь дургүйгээсээ олон. Энэ бүхэнд ганц Энхбаярыг буруутгаад ч яах билээ. Ямар нэг юм хэм хэмжээнээсээ хэтрэхээр аяндаа үнэ цэнээ алдаад, жамаараа зайгаа тавих байх. Тэр хүртэл нь авах нэг аваад, өгөх нэг нь өгөөд, горьдох нь горьдоод шардах нь шардаад явж л байг гэж боддог шүү.

Хамгийн гол нь энд хамаг хайртай хүмүүсийн маань нэр гарч Монголын яруу найргийн жинхэнэ гал тогоо төсөөлөгдөх шиг болов. Тэнд буцалж буй хоол нь үргэлж түлэгдэж, эсвэл түүхийрч байдаг байх. Дашбалбар, Эрээцавын Нямсүрэн, Шар Мийгаа ах гээд л ёстой өөрийн чинь хэлдгээр үзэл суртлын хайрцагнаас хальж гарсан бүтээлүүдийг уншиж хүн болсноо хаа ч хэлнэ. Үзүүлж харуулах, үлдэж хоцрох юмтай хүмүүс яадгийн авахаа ч авч, уухаа ч ууна биз. Б.Хүрэлбаатар гуайд баяр хүргэе. Хүү нь бас мундаг юмаа :-)

Anonymous said...

Bayar hurgeie!

Tsagaan Saraar Ebe ahiind ochij Aavd n' bas "shulsduulj" baisan yum. Saihan dulguun hun baidag. Mongoliin Yaruu Nairgiin Deej biluu neg zuzaan nomond shuleg n' zuragtaigaa baidag yum.

Bayaraa

sales said...

Энэ бас марзан нийтлэл байна шүү.

Аагийгийн 16 фаак бас гое_ Эндүүрэлб ас гоё юмаа Оросын Шукшин нэг тэгж бичдэг дээ

Anonymous said...

2012 оноос...
Та дахиад нэг эргээд хардаа. Өнгөрсөн 4 жилд элбэгээ ерөнхийлөгч хичнээн олон баагийг бас шагнаваа