Sunday, 22 March 2009

СОЛОНГОСЖИЛТ УУ? ХЯТАДЖИЛТ УУ? буюу ГУТРАНГА ПРОГНОЗ

4 жилийн өмнө “Солонгосжилт уу, хятаджилт уу” гэдэг нэг сүртэй бичлэг бичснээ би саяхан санамсаргүй олж уншаад, засаж бичмээр санагдав. Тэр бичлэгийн санаа, бид Зүүн Xойд Азитай сүжирсээр хятаджихаас сэргийлдэг дархлаагаа сулруулж адагтаа “хужаа” болчих вий гэсэн аятай. Учир нь энэ бүс нутгийн – манайхны нуруугаа тасартал урд нь тонголздог – Япон, Солонгос[1] өлгийтэйгээсээ Хятадын соёлоор бойжсон, түүнийхээ хүчинд ч өдий зэрэгт хүрсэн. Харин бидний өвөг дээдэс эртний нүүдэлчид – яагаад ч юм бэ, бүү мэд – бөөснөөсөө салахыг хүсээгүй мэт хятадын цагаан хэрмээс дутахааргүй Хятадаас “хачигладаг их зантай” явсан юмшиг. Үүний гай (гавьяа ч юм уу), бид хөгжөөгүй, бүдүүлэг хэвээрээ.

Одоо бид Зүүн Хойд Азид шургахаар ханцуй шуун нэгэнт зүтгэсэн тул дээрх санааг оролдмооргүй л байна. Гэнэн ч сонсогдоно. Ерөнхий сайд С.Баяр хүртэл: “Монгол Улс өдгөө эдийн засаг, улс төрийн хувьд эргэлт буцалтгүйгээр Зүүн хойд Азийн орон болжээ” гэсэн байхад – бүгд тодорхой – Монголд хурдан хөгжих өөр гарц алга.

Би “Гутранга прогноз” гэж давхар гарчиглахдаа “хужаа болчихлоо” гэж гаслаагүй. Харин бид хэчнээн чармайгаад – Япон, Өмнөд Солонгос шиг болж чадахгүйгээс хойш – хурдан хөгжиж Азийн бар болохгүй байх гэж гутарсан юм.

Уламжлалт соёл, үнэт зүйлсээс харахад Зүүн Хойд Азийн хөгжсөн хоёр улс Монголоос ондоо байна. Хөгжил зөвхөн материаллаг баялаг биш тул аливаа бүс нутгийн эдийн засгийн интергацид хамрагдах нь зөвхөн эдийн засаг, улс төрийн бус мөн соёл, үнэт зүйлсийн (нийтлэг ба ялгаатай) асуудал болох нь мэдээж. Тиймд манай улс төрчид “алгасдаг” энэ асуудлыг хөндөх илүүдэхгүй. (Ер нь бид ялгаа, заагаа сайн мэдэж бусадтай харилцвал илүү ашигтай. Бүү харилц гээгүй шүү.)

Өнөөгийн байдлаар гадаадад ажиллаж, амьдардаг Монголчуудын хамгийн олон буюу 32206 монгол иргэн[2] Солонгост ажиллаж, сурч; хамгийн их мөнгө тэр зүгээс цутгаж байна. Манай нийгэм Өмнөд Солонгос, Япон, Хятадын соёлыг памбалзуур шиг л ховх сорон; энэ улсуудын олон ангит кино Монголчуудын амьдрах хэв маяг, хувцас, хоол, ааш зан, хэл яриаг өөрчлөж, манай өсвөр үеийнхэн тэдний өсвөр үеийнхнээс дутахгүй соёл, түүхийг нь мэдэж байна... Кимчигүй хушуур амттай юу? Японы сумогийн хоёр их аварга хэн бэ? Хэдийгээр монгол залуус ч – Японы соёлын том импортлогч нар бөлгөө... УИХ-д Японтой харилцаа холбоог сайжруулах гол зорилготой Д.Кекүшюзан сонгогдож; Дархан, Эрдэнэтэд явж байгаа юмшиг Токио, Киото нисэн зөвөлгөө, заавар өвөртлөн Ардчилалын орноос ард түмэндээ хэрэгтэй зүйлийг бүтээхээр буцан ирдэг[3]. Энэ бүхэн бол факт. Гутарч, гуних ч зүйл биш. Болоод л байна. ХXI зуунд Монгол улс амжиж хөгжихийн тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байна…

Хэд хоногийн өмнө Орчин цагийн Солонгосын товч түүх (A short history of modern Koreo. David Rees) гэдэг ном би уншлаа. Уншаад “товч түүхтэй” юм гэсэн сэтгэгдэл анх төрлөө. Товч түүх уншсан тул аргагүй л дээ. Мөн гадны улсуудыг дайpдаг манайхтай харьцуулвал Солонгосчууд “ганц газартаа гадсаа зоогоод” өдий хүрсэн нь над “товч” санагдав. Солонгосчууд гадагш дайтсангүй ч, харин харийн зандалчдаас болж их зовжээ. Хятад, Монгол, Манж, Япон гээд есөн шидийн нөхөд ёстой л нэг Солонгос орныг тахалжээ.

Солонгосын хойг үүдний өрөө шиг л байж. Хэн дуртай нь ирж л байдаг, явж л байдаг. Ихэвчлэн хувь заяаг нь гаднаас шийддэг. Үүний шалтгаан нь байгалийн баялаг бус газарзүйн байршил: стратегийн чухал ач холбогдолтой тул хөршүүдийнхээ хорхойг их хүргэдэг аж. Орос, Хятад, Японтой хиллэж; Номхон далайгаас их газрын Азийн бусад улсууд руу очиход “байгалийн гүүр” болдог улс юм байна. Хубилай хаан Японыг эзлэхээр оролдохдоо (1274, 1281 онуудад) Солонгосоор дамжсан. Япончууд мөн эхэлж Солонгосыг эзлээд Хятад руу довтолсон. 1950 онд Хойд Солонгос, Өмнөд рүү довтлоход Америк, Хятад үзэлцсэн…

Япончууд “Зүрхэнд заасан хутга”, Хятадууд “Тархин дээр хэзээд ч буухад бэлэн лантуу” гэдэг Солонгосын хойгыг өвөл Сибирийн хүйтэн агаар, зун Номхон далайн агаар хоёр дайрч, цаг агаарыг нь хувьсгана.

Хэдийгээр Солонгосчууд Төв Ази, Манжуураас гаралтай; Монгол, Турк хэл шиг Урал-Алтайн хэлний бүлэгт багтдаг; Хятад хэлнээс ялгаатай ч олон зууны туршид утга зохиолоо сонгодог хятад хэлээр бичсэн; үгсийн сангийнх нь тал хувь нь хятадаас зээлсэн үгс гэнэ. Бидний хувьд Хятадаас зээлсэн үгс арай тал хувийг эзлэхгүй. Шийгуа, бууз, интоор гэх мэт үгс хятад гаралтай; голцуу Юан улсын үед л Монголчууд утга зохиолоо хятадаар бичсэн санагдана. (Өвөр Монгол ондоо байгаа нь мэдээж.)

Хятад, Солонгосын харилцаа маш дотно бөгөөд эртнийх. Хэрэв бидний өвөг дээдэс бүдүүлгээрээ дуудуулсаар өдий хүрсэн бол Солонгосчуудын өвөг дээдэс Дундад Улсаас байнга үлгэр дуурайлал авч, бүр Хятадуудаас, Күнзийн сургаалыг дотор хүнээс илүү чанд мөрдөж сахидаг гэсэн үнэлгээг хүртжээ. (МӨЭ 108 оны үед Хятадын Хан династи Солонгосын Эртний Жусон улсыг эзэлснээс хойш Хятадын нөлөө эрчимжиж, өнөөг хүртэл тасалдаагүй.)

Хятадын нөлөө гурван маягаар хэлбэржин, Солонгосын нийгэм, соёлд үүрдийн ул мөрөө үлдээж. Хамгийн чухал нь Хятадын дүрс үсгийг хэрэглэсэн явдал. XV зуунд Солонгосын 28 үсэгтэй Хангул бичгийг зохиохоос өмнө бичгийн хэл нь хятад байжээ. Гэхдээ XIX зууны шинэчлэл өрнөтөл Хангул бичгээ дорд үзэн идэвхтэй хэрэглэлгүй, Баруун европынхон латин бичгийг хэрэглэдэг шиг ханзаар албан хэргээ хөтөлсөөр ирж.

Хоёр дахь Хятадын импорт бол Буддын шашныг авсан явдал. Буддын шашин Солонгосын бөө мөргөл, зан заншилтай холилдож, нийгмийн бүх давхаргад нь хүрчээ. Мөн Солонгосоор дамжин Японд Хятадын соёл, нөлөө анх очжээ. (Монголчуудын хувь Төвдөөс Буддын шашныг авсан.)

Гурав дахь Хятадын соёлын довтолгоо бол Күнзийн сургаал мөөн. Күнзийн сургаалын нөлөөгөөр Солонгосын төр, нийгмийн тогтолцоо, үнэт зүйлс нь бүрэлдсэн. Нэгдсэн Шилла улсын үед (676-935)[4], хэдийгээр тэд хятадуудыг хөөсөн ч, 735 онд Хятад албан ёсоор Солонгосын Вант улсыг хүлээн зөвшөөрч; Хятадаар толгойлуулсан олон үндэстний Күнзийн дэг, системийн хүрээнд Солонгос “бүрэн эрхэт гишүүн” болжээ. Тэр цагаас хойш Солонгос, Хятад хоёр эцэг, хүүгийн дотно харилцаатай байсан. (XVII зуунаас хойш энэ харилцааг ах дүүгийнх гэж томьёолох болжээ.) Үүний хүчинд ч Дундад улс Солонгосчуудыг зэрлэгүүд гэж үзэхээ больж, Күнзийн соёл Солонгост нэвтрэх тусам хаадууд нь Тэнгэрийн Хөвүүнд бэлэг сэлт, татвар өгч захирах эрхээ зөвшөөрүүлдэг байжээ. Энэ заншил 1895 он хүртэл буюу Барууны жишгээр тусгаар улс болтол нь үргэлжилсэн байна.

Шиллагийн дараа гарч ирсэн Курёо улс (936-1392) нь Күнзийн сургаалыг улс төрийн баримтлалаа болгож, Буддын шашныг төрийн шашнаа болгосон байна. Энэ Курёогийн улс шавар ваар болох Сангамчонжаг урлаж, дэлхийд анх удаа төмөр бар зохиожээ.[5] Энэ үед Буддийн шашны эсрэг Күнзийн шинэ урсгал (Neo-Confuicianism) үүсэж, бас түүхийн oлон ном бичсэн боловч манайхан очоод яйруулчихаж.

Курёо улс Монголын дарамтанд орсныг, энэ номонд катастрофи (great catastrophes) буюу маш их гамшиг гэж бичжээ. Монголчууд зуу гаруй жил Солонгостой ураг барилдахдаа олигтой зүйл хийгээгүй боловч хятаджих явцыг сааруулсан байж магад.

Монголчуудын дараа Курёог Жусон улсаар (1392-1910) сольж, Буддын шашныг халан Күнзийн сургаалыг төрийн шашнаар өргөмжилж, Хятадын Мин улстай эцэг хүүгийн харилцаагаа сэргээсэн, харамсалтай нь, тэдний “янаг харилцаа” удаан үргэлжилсэнгүй. XVII зуунд Манжууд Мин улсыг эзлэн Солонгосын шинэ ноёдоор тодорсон байна.

Манжийн дарлалд байхдаа Солонгос Күнзийн системд багтсан улсын хувьд бүх гадаад харилцаагаа Манжид даатгаж, гадаадынхныг улс орондоо ирэхийг хориглон, сайн дураараа өөрсдийгөө гадаа ертөнцөөс тусгаарлаж Даянч улс гэгдэх болжээ.

Монголчуудад сонирхолтой нь юу гэвэл, хэрэв Манжийн дарлалын дараа манайхан “үхэх гэж байсан” (650-хан хүн амтай)[6] улс гарч ирсэн бол, харин эд хоёр зуун жилийн дараа нэлээн үржихсэн, эдийн засаг нь сайжирчихсан мултарчээ. 1657-1753 он хүртэл арвай, будаа арвижсаны хүчинд 2 сая гаруй байсан хүн ам 7 сая болтлоо үржсэн байх юм. Энэ үнэхээр хачирхалтай. Хоёулаа Манжид дарлуулж, бөглүү зэлүүд орон байсан… Манжууд маниуст хатуу хандаад байв уу? Эсвэл бид хэтэрхий удаан байлдав уу? Эсвэл ерөөсөө манайхны арчаагүй зан уу? Эсвэл муу шарын шашин ашигласан сүм хийдийн гай юу?… Бүү мэд.

Солонгосын түүхээс парадокс ч гэмээр зүйл ажиглагдлаа. Хятадын соёлыг эд их доозоор хүртэхдээ Хятадад ууссан олон үндэстэн шиг өвөрмөц шинж төрхөө алдаагүй. Гэхдээ өдий зэрэгтэй яваагын гол хүчин зүйл оргиналиараа байхдаа биш, харин хэзээд ч Күнзийн сургаалын цөмийг хадгалж, төрийн зохион байгуултаа гээгээгүйд бий.
Күнзийн сургаал бол эртний Хятадын үзэл суртал, гүн ухаан. Заримдаа шашин ч гэж нэрлэгдэг. Энэ сургаал зөвхөн Зүүн Азид ч биш Төв Азид ч нөлөөлсөн. Гэхдээ Төв Азийн нүүдэлчдийн хувьд Күнзийн сургаалыг Солонгос, Япон шиг “үхэн хатан” мөрдөж дагаагүй.

Күнз ойролцоогоор МЭӨ 500 онд амьдарч байж.[7] Түүний гол сургаал бол, энэ ертөнцөд хамаг юмс өөрсдийн зохих байр суурьтай – хүний нийгэм ч адил. Хэрэв хүн бүхэн зохих байр сууриа мэддэг, мөн хариуцлагаа хүлээж чаддаг бол амар амгалан, зохицлыг олох ажээ. Күнзийн сургаал таван харилцааг чухалчилдаг: Хаан ба сайд ноёд, эцэг ба хүү, ахмад ба залуу, нөхөр ба эхнэр, мөн анд найзуудын харилцаа тус бүр өөр өөрийн онцлох чанартай, түүнийг дагаж мөрдөх ёстой аж. Энэ сургаалд орсон улсуудын хувьд Хятад бол төв цэг харин өөрсдөө, энэ системд нарыг тойрон эргэлдэх гаригуудтай адил байр суурьтай.

Бараг 20 жилийн өмнө Кимүро Аяокогийн бичсэн Тархины тураал[8] гэдэг үнэн нийтлэлд биднийг Хятадын соёлыг судалж мэдэхгүйгээр тархины тураалаасаа гарахгүй гэдгийг сануулсан билээ. Өнөөдөр бид оройтоогүй дээрээ (оройтсон ч юм уу?) хятадын соёлыг судлахгүй бол 2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён Монголд төрийн айлчлал хийсний дараа МУ-ын Засгийн Газар хамтарсан мэдэгдэл гаргахдаа: “…хоёр орон Зүүн Хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров”[9] гэсэн билээ. (Солонгос манай хөрш болоод байна цаана чинь!… Чи мэдсэн үү? Би ёстой мэдээгүй ш дээ.)

За ямар ч байлаа, бид Зүүн Хойд Азид оршдог л юм бол, энэ бүс нутагт их нөлөөлсөн Хятадын соёлыг судлаж, дагаж мөрдөх нь зайлшгүй. Мэдээж Хятадынх гэхээр, зарим нөхөд дургүйцэнэ. Иймээс Фенг-шү Ганбаатар шиг Баруунаас оруулж ирж, тойруу замаар тэднийг Хятадын соёл, үнэт зүйлстэй танилцуулж, жаахан ч атугай сэнхрүүлмээр байна. Тэгэж л бид жинхэнэ Зүүн Хойд Ази-жиж, хөгжих магадлалтай. Хятадын соёлыг соосогдсон улсууд хятад болчихгүй, харин ч бүр хөгжөөд, бүрэн аж үйлдвэржижээ. Хэрэв хөгжвөл хаанахын соёл нь хамаагүй ч юм уу? Төвдийг хар! Oндоо шашин, соёлтой атлаа Хятадын салашгүй нэг хэсэг байхад, Күнзийн системд сайн дураар багтсан Япон, Солонгос тусгаар улсууд болчихсон л байна.

Үнэндээ Хятадыг судлах нь хятаджихдаа биш харин Зүүн Хойд Азийг таньж, манай нийгмийн үнэт зүйлсийн шилжилт, хувиралтыг зөв тодорхойлоход чухал. Тэгэж л нийгмийн сэтгэхүйг хөтлөн, бүхэлжинэ. Одоохондоо бол бид монгол хүний уламжлалт үнэт зүйлс хэрхэн хувирч өөрчлөгдөж буйг сайн судлаагүй. Гуйлгачинд сонголт үгүй гэдэг шиг хүчгүй соёлтой өнөөгийн бид юу л бол юу тархи толгойндоо цутгаж байна.

Тэр нь ч тархины тураалд орсноос дээр. Өдөр тутам далд өрнөх үнэт зүйлсийн харшилдаанд Монголчууд байнга хүчиндүүлж, Монголын улсын Ерөнхий Сайд соёлоо түгээцгээ гэхийн оронд харьд зугтаж очсон голцуу шал, шаазан угаадаг хүмүүсээс соёлыг аваад ирээчээ хэмээн доош орон гуйхдаа хүрлээ. (За хийрхэлгүй хэлэхэд, амин чухал үнэт зүйлсүүдээ өөрсдөө мэдэхгүй тавиад туучихгүй л юмсан. Одоо биднийг Оросууд шиг хүчээр нийлүүлэхгүй учраас сайхан боломж байна.)

Бодит байдлаас ажихад, орчин цагийн Солонгос ба Зүүн Хойд Азиас бид зөвхөн Хятадын соёлыг импортлоогүй. Барууны соёл, олон янзын шашин, бас бус маш олон үл анзаарагдах зүйлсийг тархиндаа хийсэн.
Өмнөд Солонгосчууд гэхэд л 2005 оны байдлаар нийт хүн амын 46.5% нь шашин шүтдэггүй. 29% нь Христын (үүнээс 18.3% нь простестант, 10.9% нь католик), 22.8% нь буддын шашин шүтдэг ба Өмнөд Солонгос гадаадад явуулсан шашны номлогч нарынхаа тоогоор дэлхийд АНУ-ын дараа 2-т ордог гэнэ.[10]

Бас нэг мэдээгээр бол, засгийн газрынх нь статистикаар, 1985 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 42.6% буюу 17 саяас илүү нь зохион байгуулалтай шашны ямар нэгэн урсгалыг дэмждэг. Дор хаяж 8 сая хүн Буддын шашинтай (нийт хүн амын 20%), ойролцоогоор 6.5 сая нь протестант (хүн амын 16%), 1.9 сая Каталок (5%), 500 000 орчим Күнзийн сургаалыг дагадаг (1%), 300 000-гаас илүү нь (0.7%) бас бусад шашны урсгалуудад хамрагддаг гэнэ. 1980 оны сүүлээр Өмнөд Солонгост гэхэд – хэдийгээр зарим нь жижигхэн, хувьсаж өөрчлөгдсөн үзэгдэлүүд байсан ч – 300 гаруй шинэ шашин тоолуулсан байх юм.[11]
(Яг тэр үед манайд Ардчилал мандсан гээд боддоо! 90-д онд Монголд шинэ нэвтэрсэн шашинг шүтдэг хүүхэд, залуус аав, ээждээ дахиж төрнө гэж зурвас бичээд өндөр байшингууд дээрээс нисэж үхсэн гэж сонсогддог байлаа. Чухам ямар шашин тэгэж сургасныг би одоо хүртэл хайгаад олдоггүй юм. Таавал, Солонгос, Японы нөхдийн “гажиг” шашны урсгалууд манайд орж ирээд бужигнуулж байсан юм болов уу.)

Мэдээж, Зүүн Хойд Азийн соёл, үнэт зүйлс Монголд нэвтрэхэд эрс эсэргүүцэх утгагүй. Солонгос түүхэндээ Монгол шиг харийн улсуудыг эзэлж их гүрэн байгуулаагүй ч өнөө үед Өмнөд Солонгос дэлхийн баян улсуудын нэг болсны хувьд дэлхийд биш юм аа гэхэд Азид эдийн засаг, улс төр, соёлын хүчтэй нөлөөтэй тул зөвхөн Монголд ч биш Ази тивд соёл, моодоо тархааж байна. Японы сумо олимпад орох хүртлээ яригддаг нь энэ үзэгдлийн бас нэг илрэл. Гол нь бид хэн бэ? Тэд хэн бэ? гэдгийг л заагтай мэдмээр.

Хятад, Солонгос, Япончуудаар Монголд хийлгэх юм ч их бий (ганцхан эд нараас ч зогсохгүй). Наад зах нь хооллолт, идээ ундааны асуудал байна. Хоолой давбал хоол гэдэг нүүдэлчдийн ухагдахууныг эрс өөрчлөхгүй бол манайхан буянтай малынхаа өөх, тосыг идсээр метр, метр харайж яваад л чадхийх юм. Гэтэл Зүүн Хойд Азийн улсууд эрүүл хоол, хүнсээрээ дэлхийд алдартай. Өвөө, эмээ нар нь мл, мл-ээр алхаад, ёстой нөгөө “үхдэггүй ээ” гэдэг шиг л амьд явдаг. Үүнийг идэж, уудаг хоол, хүнснээс нь шалтгаалдгыг хөгжсөн улсууд дүгнээд, судалчихжээ.

Мөн Оросын нөлөөг саармагжуулж, гээсэн соёл, зан заншлаа ч эднээс олж болох юм. Буддын шашинтай улсуудын хувьд. Жишээ нь, хүний өмнө бөхөлздөгийг залуу үе сурж байна. 90 градус өнцөг гаргаж, гялс тонгос гэлгүй, (цэргийн ёслол шиг), жаахан чөлөөтэй, аажуу бөхөлзвөл жинхэнэ л монгол болно.

Бас хүүхнүүдийг дардаг арга барилыг нь монгол эрчүүд суралцмаар байна. Эс тэгвээс энэ манай хүүхнүүд үнэн даварлаа. Эрчүүдтэйгээ эн зэрэгцэж зодолдоод л, архидаад л, явалдаад л адаг сүүлд нь буруу хүмүүжсэн хүүхэд шиг бухын хүзүүнээс ч илүү хатуу болох юм. Зүүн Хойд Азийн ухаантай улсууд аль болох эмэгтэйчүүдийн эрхийг элдэв, нарийн чамин аргаар боомилон, нөхөр, гэр бүлдээ үнэнч зүтгэдэг болгож чаджээ. Тэгсэн нь хэн хэнд нь өлзийтэй байдаг бололтой. Солонгос эрчүүд архи ууж агсан тавьдагаараа алдартай гэнэ. Тэднийг “Азийн Ирландууд” ч хочилдог гэнэ... Гэтэл тийм эрсийг эмэгтэйчүүд нь Чингис хаан шиг тахисны хүчинд улс орон нь "хагарталаа баяжжээ"... Манай хүүхнүүд захиргаа, замбараагүйгээсээ цаагуураа шаналлан, уяа хүссэн золбин ноход шиг явах юм. Одоо энэ монгол сумочдыг хар! Монгол хүүхэнтэй суусан нь бүгд салсан! Харин япон хүүхэнтэй суусан залуус ганц ч салалтгүй, элдэв шуугиан, зодоонгүй жаахан уйтгартай л амьдардаг бололтой.

Мөн энүүхэндээ гэж хэлэхэд, энэ янхан, нохой хоёрыг урд зүгийнхнээр янзлуулмаар. Аль эртнээс л Монголд янхны ард заавал урд газрын хүмүүс байдаг чинь, ерөөсөө манайхан янхандаа дургүйдээ биш, эд нар заваан балиартаа ч биш, зүгээр л эдний уламжлалт соёл, үнэт зүйлс нь эмэгтэй хүнийг арай анги үздэгт байгаа юм. (Цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө ч гэдэг юм уу, Күнзээр бол.) Эд монгол хүүхнүүдийг ангилж, янзлаад шилэн хоргонд хийхийг нь хийгээд, амбаардахыг нь амбаардаад журманд оруулаад өгнөө. Олон мянган жилийн туршлага цаадуулд чинь бий.

Монгол соёл, үнэт зүйлсийн хувьд бол бид эмэгтэй хүнийг эх хүн гэдэг талаас нь арай ахиу хүндэлж өргөмжлөөд, эр эмийн явдлын зэмсэг гэдгийг тэр бүр хайхардаггүй, ашигладаггүйгээрээ урд зүгийнхнээс ялгардаг. Харин одоо нийгэм өөрчлөгдөж, хүссэн хүсээгүй янхнаар дүүрсэн байхад, хэрэв өөрсдөө энэ асуудлыг янзалж чадахгүй бол чаддагаар нь хийлгэмээр.

Нохойны хувьд бол Монголчууд дангаараа золбин нохдоо янзалж чадахгүй ээ. Тэр олон золбин нохдыг винтов-дах сум хаа байнаа. Тэгэхийн оронд тарган банхар харахаараа шүлс нь гоождог Со нарт даатгачихвал тэднийг вакцинжуулж бөөснөөс нь салгаад, фермерийн болгоод “хайран амийг яйран үрэлгүй” ашиг олоод эдийн засагт нэмэр болно. Зөвхөн гадагшаа гаргах биш манай дотоодын зах зээлээс ч ашиг олно. Солонгост удаан ажиллаж, амьдарсан олон Монголчууд нохойн махаа санаж байгаа, бас нийгмийн доод давхаргынхан аль хэдийн нохой махыг иддэг нь худлаа биш.

Эцэст нь, өнөөдөр (3 сарын 17) Цагийн хүрдийн мэдээлснээр, Монголд 40 м/сек хүртэл хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, -31 градус хүртэл хүйтэрч, урд зүгийнхэн зүүдлээ ч үгүй, (дайсан дайрсан мэт) байгалийн гамшиг катастроф болж байна. Тэсгэм хүйтэнд амь тэнцэн яваа малчинд Солонгос уу, Хятад уу огт хамаагүй, урдахаа л харан, яаж мал сүргээ алдчихалгүй, өөрөө үхчихэлгүй амьд үлдэх вэ? гэж л бодогдож яваа. Хэрэв эрт цагт бол зөөлөн дулаан уур амьсгалтай Зүүн Хойд Ази руу малаа туугаад нүүх л байх. Даанч одоо хил гааль давах бичиг баримт бүрдүүлэх, виз авах гээд олон төвөгтэй асуудалтай тулгарна. Виз хэрэггүй боллоо ч гэсэн малтайгаа очих боломжгүй. Тэдэнд одоо хувь заяатайгаа эвлэрэн Монголдоо байж, “монголоороо зутран амьдрахаас” өөр аргагүй. Хотын хэд нь Зүүн Хойд Ази-жиж баяжлаа ч, нийт хүн амын 40 гаруй[12] хувь нохойн мах идэлгүй бүдүүлгээрээ дуудлан цөөрсөөр Төв Азиараа үлдэхдээ л үлдэнэ...

2009.03.17
____________________________________________________________
[1] Зүүн Хойд Ази ба глобачлал. Ю.Дэлгэрмаа. Өдрийн сонин. “Тус бүс нутагт хоёр Солонгос, Япон, Хятад, Оросын Алс Дорнод, Монгол багтдаг бөгөөд эдгээр орнууд нь уламжлалт соёл, сэтгэлгээ, эдийн засгийн хөгжил зэргээрээ их ялгаатай. Сүүлийн арван жилд Зүүн хойд Азийн орнуудын хөгжлийг эрээн бараан өнгөнөөс бүрдсэн их л эрээн мяраан дүр зурагтай зүйрлэж байв. Эдгээр орнуудын түүхийг авч үзэхэд дайн байлдаан, түрэмгийлэл тасраагүй тул энэ нь өнөөгийн байдалтай нягт холбоотой болохыг судлаач эрдэмтэд дурдаж байлаа.”
http://origo.mn/24tsag/2007/09/17/9508
[2]Б.Батболд: Нийгмийн даатгалын шимтгэлийн ашиг тусыг Солонгосын монголчууд ойлгож эхэлсэн. Үнэн сонин. 2009.03.16
http://www.ndaatgal.mn/news.php?news_id=102
[3] Кёкүшюзан Д.Батбаяр: Хэтийн зорилго гэвэл улс төр сонирхож байна. Ардын эрх сонин. http://origo.mn/24tsag/2007/08/14/8820.
УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр: Хямрал нүүрлэхийг мэдсээр байж нуух нь маш бүдүүлэг төдийгүй ардчилсан нийгэмд байж болшгүй хэрэг. Монголын мэдээ. Сонин.мн
[4]http://www.onsegye.net/mg/info/index.asp
[5] http://www.onsegye.net/mg/info/index.asp
[6] Хэлний хүчирхийлэл. Л.Түдэв. Дал сонин. Сонин.мн. 2009.03.16
[7] http://www.asia-pacific-connections.com/confucianism.html
[8] http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=480&Itemid=91
[9] Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан мэдэгдэл (2006.05.10).
http://countrystudies.us/south-korea/43.htm
“According to government statistics, 42.6 percent or more than 17 million of South Korea's 1985 population professed adherence to an organized religious community. There were at least 8 million Buddhists (about 20 percent of the total population), about 6.5 million Protestants (16 percent of the population), some 1.9 million Roman Catholics (5 percent), nearly 500,000 people who belonged to Confucian groups (1 percent), and more than 300,000 others (0.7 percent)… New religions draw on both traditional beliefs and on Christianity, achieving a baffling variety and diversity of views. It has been estimated that there were as many as 300 new religions in South Korea in the late 1980s, though many were small and transient phenomena.”
[12] Хөдөө орон нутагт нийт хүн амын 40 гаруй хувь амьдардаг.

19 comments:

A.Амарсайхан said...

Тасарч унатлаа согтчихоод, хайртай залуугаараа үүрүүлээд, мөрөн дээр нь бөөлжөөд явж байгаа сценыг хараад дургүй хүрсэн чинь "Яав, бүх л солонгос кинонд ингэдэг юм ш дээ" гэж танил минь хээв нэг өмнөөс хариулж байна.
Найзындаа зочилтол, бүгд яриагаа зогсоогоод UBS телевизээр гарч буй нэгэн киног үзээд таг болцгоочихсон. Хоорондоо энэ минь яах бол, тэр минь яах бол гэх нь садан хамаатнаа яриад буй мэт. Би гараад явахаар айлыг хүндлээгүй болчих гээд. Нэг цаг хийх байхаа олж ядсан.
Улаанбаатарын гудамжаар согтуу охиныг үүрсэн хөвгүүд нааш цааш сүлжилдэх цаг удахгүй байх аа.

hikari said...

"Зүүн-Хойд Азижих" гэдэг яагаад хөгжилтэй ижил утгатай болсныг ойлгосонгүй. Күнз соёлтой болоод хөгжинө гэжүү?
Зүүн-Хойд Азийн хөгжил-н талаар би судалж байгаа юм лдаа. Гэхдээ ердөө ийм юм толгойд орж ирээгүй юм байна. Санаж үзүүштэй санаа ч гэсэндээ. Монголын уугуул соёл чинь хойд зүгтэйгээ илүү ойр болохоос биш, күнз хятадтай ямар ч хамаа байхгүй бишүү.
Бас нэг бодол , бид хөгжөөгүй гэж бодохгүй байна. Хөгжлийн зам, хэмнэл арай ондоо гэхээс биш, өөрсдийн хэв маягаараа хөгжиж яваа. Өндөр хөгжилтэй гэгдэх АНУ Япон ч гэсэн хөгжлөөс шалтгаалах өөр өөрсдийн тулгамдсан асуудалтай. Монголын бүдүүг баарагийг гадаадын соёлоор штрихдэж хаяхыг хөгжиж байна гэж хэлмээргүй байна. Япон мөн, Мэйжи шинэчлэлийн үеэр хөгжил дэвшилтэй хөл нийлүүлнэ гээд эрчүүд нь хүрэм өмсөн хууз жирэм сахал тавихаас эхлээд хэдэн мянган жилийн түүхтэй япон соёл нимгэрсэн. Үүндээ ч тэд халаглаж суудаг.
Засах алдаагаа бусдаас суралцана гэдэг санаа байж болох ч, аль хүртэл нь засаад, альнаас эхлээд өөрсдөө сэтгэх вэ гэдэг их чухал байхаа.
Золбин ноход биеэ үнэлэгчдийг урд зүгийнхнээр янзлуулна гэдэг санаа ер таалагдсангүй. Тэднийг "төхөөрөх" биш, ийм нийгмийг бүрдүүлж байгаа нийгмийн жаахан алдааг засахад л, тэд яаж олширсон шигээ алга болох учиртай.

Хэтэрхий өөдрөг үзэл байж мэдэх ч, хөгжлийн удаан хэмнэлийг бүдүүлэг байдал гэж хэлэхгүй. Бас нүүдэлчин Монголчууд чинь нүүдлийн шувууд шиг хүйтэнд өмнийг зориод дулаарахаар "нуурандаа" эгдэг улс биш шүүдээ. Сэлгээ нутаг гэж байна. Тэр нь өвсний шим, салхины нөмрийн л ялгаатай болов уу.
уншингуутаа шууд буруутгасан аястай бичсэнд уучлаарай. Толгойд шуудхан орж ирсэн бодлуудаа л бичсэн юм шүү. Бичлэг, эссэнүүдийг чинь унших дуртай болохоор өөрийн бодлоо л цухуйлгая гэж бодлоо

Anonymous said...

Манай монгол гэж нэг тийм гэхийн аргагүй саармаг орон байхиймаа. Уламжлалт соёл нь гээд сүртэй хадгалж үлдсэн зүйлгүй, Зүүн хойд Азийнхан шиг Күнзийн суртал нэвтрээгүй. Шашны хувьд ерөнхийдөө бүгд Түвдийн мухар сүсгээр явж л байна. Нэг талаас АНУ тэргүүтэй барууныхны соёлын нөлөөнд бүрэн автсан мөртлөөө одоо нөгөө талаас Япон Солонгосын соёлыг дууриагаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Монгол гэж нэг л тийм завсрын өнгө.
Хүмүүсийн хоорондох сайхан соёл гэж байхгүй юм. Япон Солонгос шиг биеэ хүндлэх ёсон энтэр бол бүр байхгүй. Нэг тийм шалихгүй атлаа бие биендээ аархаж омгорхож байх дуртай. Урсгалаараа урсаж л явдаг хэнэггүй, тэгсэн мөртлөө ядуугаа мэдэхгүй бас их тансаглаж байх дуртай. Олсон мөнгөө бие биенээсээ илүү гарах гэж юманд хамаагүй цацна. Тэгсэн атлаа залхуу характертай. Хэдэн бөх, дуу хуурандаа амиа тавина, хамаг мөнгөө ч түүндээ гөвнө. Эцэст нь ядуугаа гайхаж суух. Хүч чадлыг биширч шүтнэ. Оюун ухаан мухааныг бол нэг их үнэлэхгүй. Хүчтэй чадалтай нэг тийм хэнэггүй мангар монгол залуу байх аваас айл хотлоороо хөл алдана. Бүгд баян болохыг хүсдэг мөртлөө хөрөнгөтэй бэлтэй хүмүүсээ сэжигтэй харцаар байнга харна. АРД ТҮМЭН, ЭРХ МЭДЭЛТЭН БА БАЯН ЦАТГАЛАН хүмүүс гээд сэтгэхүй дотроо хэдэн монголчуудаа 2 хуваачихсан. АРД ТҮМЭН гэдэг нь ядарсан мөртлөө сайхан сэтгэлтэй хүмүүс, нөгөөдүүл нь атгаг муу санаатай колоничилогч, мөлжигчид мэтээр тоймлож дүрсэлдэг. Антогонизм маш хүчтэй дэлгэрчихсэн. Эгзэг нь таарвал өндөр албан тушаалтай эсвэл баян хэн нэгнийг хөдөөнөөс орж ирсэн ажилгүй нэг залуу баян хангалууных нь төлөө зүгээр л алахад бэлэн.
ЭНэ бүгд юунаас үүдэлтэй гэвэл дундад зууны бүдүүлгүүд гэнэт оросын хүчинд автан өөрийн толгойгүй 3 үеийн турш явж. Ингэж явахдаа хөрөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийг чөтгөр мэтээр төсөөлж ирж л дээ. Ардчилал гараад бүгд сад тавьцгаасан. Эд хөрөнгө эрх мэдлийн хойноос үхэн хатан хөөцөлдөж байж зарим хэдэн хүмүүс нь бэлжээд ирж. Өөрийн арчаагүй овсгоо самбаагүйдээ хоосон хоцорсон хэд нь одоо бэлжсэн хэдээ хялайн харж байх жишээтэй. Тамын тогооны үлгэр зөвхөн монголчуудад л байдаг гэмээр. Нэгнээ гайгүй явааг нь үзэж чадахгүй. Их тийм атаархуу.
Юманд их эмзэгээр хандана. Гадны хэн нэг нь монголчуудын дутагдлыг хэлж шүүмжлэхэд эхэндээ гадны мөнгөтэй хүн гэж баахан далдагнаж нөгөө монгол хүний "зочломтгой" зангаа харуулж байснаа шүүмжлүүлээд ирэхээр гадны түрэмгийлэгч колоничлогч мэт хуучин соц үеийн сэтгэхүйгээрээ хүлээж авна. Гадаадын мөлжигч бараг л муусайн капиталистууд монголоос зайл бид өөрснөө юмаа ашиглана орд газраасаа баялгаа олж аваад 2 сая хүндээ тэв тэгшхэн хуваагаад өгчинө гэх. Санаа нь байвч сачий хүрэхгүй тэгээд л яваад байдаг.
Нөгөө ард түмэн нь өөрснөө сонгож гаргасан төлөөлөн удирдагчдаа улыг нь л шагайж суух. Сонин хэвлэл тв ээр элдвээр нь дуудаж доромжилж суух. Өөрсдийн тэнэгтээ тийм хүмүүс сонгосноо нэг их ухаарахгүй.
Дийлэнх хэсэг нь ардчилал гэж юу хэлээд байгааг ойлгоогүй. Дунд чөмгөөрөө жиргэж дураараа дургиж болдог нийгэм гэж бодно.
Бидэнд дутагдаад байгаа юм гэвэл хөдөлмөрч зан, соёолтой биенээ хүндэтгэсэн харьцаа, прагматик сэлгэлгээ (юманд туйлшраад байхгүй) л юмдаа. Эдгээр зүйл хүмүүст төлөвшсөн байхад бид дорхноо хөгжөөд ирнэдээ. Ордоос олсон ашгаа хүмүүст хувааж өгсөн ч тэдгээр хүмүүс баяжаад сайхан амьдарчихгүй л дээ. Ядуу хүнд мөнгө зарах ухаан хэрэгтэй. Мөнгөгүй ядуу айлд их хэмжээний мөнгө шидээд өгөхөд шууд дампуурдаг шүүдээ. Бид мөнгөжихөөсөө өмнө эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй юм. Хүмүүс ядуу байгаа болохоор тархины тураалд орсон биш харин тураалд орсон учраас л ядуу байгаа гэж бодож байна.

Oogii said...

Авахыг нь аваад хаяхыг нь хая гэж ойлголоо. Үгүй юм ууу /эргүүтээд гарч одов/

Oogii said...

Өөө нээрээ энэ бичлэг таалагдлаа гэдгээ хэлэхээ мартчихаж. Таалагдлаа

peakfinder said...

Эмэгтэйчүүдийн талаар бодолтой чинь санаа огт нийлсэнгүй. Хөгжил гэдэг эмэгтэй эрэгтэй хүний байр суурины төдий асуудал биш болов уу. Нийгмийн замбараагүй байдал эдийн засаг сул доройн нэг дагавар үзүүлэлт мэт. Энд эр ч бай эм ч бай бүгд хамаарах болов уу? Харин ч монгол эмэгтэйн нийгэмд эзлэх байр суурь бусад азийн орнуудыг бодвол өөр дэвшилттэй гэдэг талаасаа нүүр бардам бахархаж явдаг. Үүнээс ухарвал хөгжлөөс ухарсантай адилхан болчих юм уу гэж санах юм.

Erkhembayar said...

Huuhnuudee erchuud ni daraad og tegvel yanhangui bolno gene uu. Yanhandalt huuhnuudee daraad ogson ter Solongos, Yapond chin ch baij l baigaa shuu dee. Tegeed bidniig zugeer l eriin bool geriin zarts heveer ni uldeevel mongol hogjih yum uu tee. Orchin ueiin niigemd baij bolomgui zuil. Mongold uls orondoo ch ter orh geriinhee amidrald ch ter huvi nemree oruulj yavaa olon saihan emegteichuud baigaa tedniig hedhen yanhanaar buu tosoolol doo.

Yapon solongosuud Hyatadiin soyloor ugjuulj osson gene uu. Za Solongos ni magadgui yum. Yapon hund ene ugee heleed uz dee. Minii bodloor yaponchuudiin ertontsiig uzeh uzel ter hujaa, kunz munzees chin tes oor.

blessing_tara said...

Монгол эмэгтэйчүүдээ муулсан, хэт нэг талыг барьсан үзэл хүртэл чинь бичлэгийг чинь их сонирхон уншиж байлаа.
Би peakfinder-тэй санаа нэг байна.Тэр салаад байгаа сумогийнхоны хувьд монгол эхнэрүүд нь л буруутай мэтээр гүтгэж болохгүй ш дээ. Japan эмэгтэйчүүд нөхрийгөө юу ч муу муухай юм хийж явсан дуугүй хүлцэж байх ёстой дүрэмдээ захирагддаг бол монгол эмэгтэйчүүд тэгш эрхээ эдэлж, эрчүүдэд дарамтлагдаж явахгүй гэдэг үүднээсээ салдаг ч байж болно.

A.Амарсайхан -д хэлэхэд "согтуу охиныг үүрсэн хөвгүүд нааш цааш сүлжилдэх цаг" ирэхгүй байх гэж бодож байна. Учир нь монгол эрчүүд үүрээд явах чадалгүй өөрсдөө согтуу байдаг учраас ;-)

eebee said...

Энд би үнэт зүйлсийн харшилдаан гээч юм байнга л өрнөж, бид түүнийг нь анзаарахгүй байна гэдгийг л харуулах гэсэн юм шүү. Хэрэв бид авахыг нь аваад хаяхыг нь хаяхгүй бол нэг мэдэхэд өөрсдийн чухал эрхэм зүйлсээ, биднийг жаахан ондоо, монгол болгодог зүйлсээ гээчихэж мэднэ шүү дээ. Түүнээс би тэг ингэ гэж ерөөсөө бичээгүй... бас сайн уншиж байгаа хүүхнүүд минь та хэд уурал... би жаахан явуулсан ч байгаа, бас үнэн үг хэлэхэд үхэр хүртэл өшөөтэй гэдэг байх ааа :)

Anonymous said...

nom ynshaad bichih oor bodit amidral deer amidraad tyylaad yabj b.gaagiin hubid ednees abah sain yum ch b.gaa ch abch bolomgui yum zondoo l b.dag ldaa emegteichuudiig darah gdg ni manaid ene arga tohirohgui bolob uu daa ene talaar jaahan bodoj bichmeer tegehdee solongos orniig odii zeregtei abch yabahad ene ornii em.teichuud ehchuud ih uuregtei.erchuud ni em hun baihgui bol hooloo ch hiij idej chaddaggui sh dee.......etsgiin erht yos iluu gdg.eeree erchuud ni jaahan dabyy yum shig dur esgedeg bodit b.dal deer jaahan archaagui sh dee tegehdee manaihan oorsdoo hogjih hogjihguig hiine shdee

Anonymous said...

Eebee ah sain uu?

Ene jaahan tashaa too yum uu: [6]650 bish 650 myanga bailgui dee tee?

Solongosin huv'd KOICA gej ih huchtei baiguullaga bainaa. Gargadag setguul n' ch yamar ch ungutei chanartai yum. Ter chigeeree Solongos uls, undesten, hel us, businessee surtalchilsan.

Jinhene Kunziin surgaal' nevt unertsen, ter chigeeree gadaad nuluuguu urgutguhiin tuld uil ajillagaa yavuuldag baiguullaga. Er n' huchtei gadaad bodlogo yavuuldag ulsuud ter chineegeeree ulam ih hugjij baih shig sanagdah yum. Odoo ene Israel baina. Alga daram gazartaa neg uls baiguulchihaad odoo heden jil tsus ursgan hamgaalj bainaa.

netantrop said...

Unet zuilsiin harshildaan gedeg tal teer 3-t bichsen Anonymoustai sanal neg baina. Bid chin neg tiim zavsriin ch gemeer hachin ueiinhen yum uu daa. Gehdee ene suuld urgaj baigaa evernuud ch tsahiur hagalna daa. Etsiin etsest Mongol Mongol gej hooson tseejee deldehiin orond alag horvoogoos sain heregteigee sembeger shig shingeej avaad Mongoldoo avaachaad bazchihval ch yuhen baihav dee 3 saya hurehgui hun am. Gol n' dussan sainiig shingeeh sain hurs, ur l baigaasai bilee. Enen deer l hairan tsag hugatsaa aldah vii gej aij baina.

Mongolooroo baih tal deer bol ehleed huneeree baij, bie bienee hundeldeg bolson tsagt amarhoon, yadah yumgui.

eebee said...

Neeree tiim shyy dee 650 000 bailgyi dee, bayarlalaa

Доржзовдын ЭНХБОЛД said...

Ер нь бол нэг их хүнд бодолд оруулаад байх сэдэв биш юм аа .Бидний нөгөө нэг зан л гарч ирж байна . Ямар нэг юм руу сайн ойлгож ухааралгүй хушуурч зүтгэдэг .Орос соёл ороод ирэхээр дайраад л Дараас дэрийс гээд л бүгд Оросоор ярих гэж зүтгээд л ... Одоо Күнзийн соёл гээд зүтгэчих бололтой юмаа даа янз нь .Өдий болтол бидэнд наалдаж жигүүр ургуулаагүй болохоор тэр нөхөр манайд зохицохгүй вирус тээж яваа хэрэг юм бишүү . Тэр нь амьдралаар батлагдчихсан юм бишүү . Заавал ч үгүй төрийн бодлогодоо Күнзийг авч байж хөгжинө гэх нь бас нэг төрлийн хэтрүүлэг болох бусуу . Бид социализмыг хамгийн үнэнчээр байгуулсан . Бид Маркс Лениний сургаал ишлэлүүдийг Герман Чехүүдээс зуу гаран хувь илүү гарч цээжилсэн . Гэхдээ бид тэднээс төдий чинээ хоцрогдсон шүү дээ . Ингэхээр хэргийн гол нь өөр юманд байх шиг.

eebee said...

Өөр юманд хэргийн гол байна гэдэг зөв шүү. Энэ гол юмыг би энд хөндөөгүй. Олон бичлэгүүд дээрээ өмнө нь бичсэн болохоор орхисон байгаа. Бид одоо гэрлийн хурдаар үнэт зүйлс, эрхэмлэх юмсаа сольдогыг болиулмаар байгаа юм. Гэхдээ ч тусгаар тогтносон улс яваад байгаа юм шүү бид, бахархмаар юм нь... Санаалаа бичсэнд бүгдэнд нь баярлалаа

ganga said...

Сайн уу Эбэ, ямар урт бичлэг вэ? Ихэд тэвчээр гарган дуустал уншив. Солонгосууд олон улс амьтанд талхлуулсан, стратегийн чухал ач холбогдолтой газар байрлалтай гэдэг үнэн. 1894-1895 онд Япон-Хятад хоёр Солонгосыг булаацалдан байлдаад Япон ялсан тэр нэг бяцхан дайн дэлхий дахинд Манж Чин улсыг сул дорой гэдгийг зарлаж олон том гүрэн Хятадыг хуваан авч нөлөөллөө тогтоохоор хамцуй шамлан уралдацгаасан гэдэг. Манай Ар Өвөр Монгол Манжийн дор байж, Буриад маань Оросын дор байсан цаг үе. Сибирийн интервенц, дэлхийн 1 дайн, хятадын, монголын үндэсний эрхч чөлөөний хувьсгал, оросын хувьсгал гээд олон эрчтэй үйл явцын эхийг Солонгосын тэр нэг дайн эхийг нь тавьсан гэж бодддог.

kakadu said...

Бүгдээрээ хангүг соёлд улам шамдан орцгооё. Гэр бүлийн хоёр нэг нэгнээ "Тэрний аав аа", "Тэрний ээж ээ" гэж дуудах чинь аягүү гоё юм байна лээшт.

Anonymous said...

Blog bichigch ee!Yamar ard tumen bna ,tiim zasag baidag gej sonsson biz dee.Teren shig yamar erchuud baina,tiim emegteichuud l bna shdee.Mongol erchuud ta nart Solongos Japan emegteichuud shig humuujiltei busguichuud tohirohgui l.Chi bas HUUHNUUDIIG DARDAG argiin gej bicheed PEAK FINDER,BLESSING TARA geh met humuusiig booj uhuuleh n baina hoo.Tegsenees DARDAG ARGA gehiin orond emegteichuudedee HUNDLUULDEG argiin suraltsah yumsan geed helchihgui dee tee?

Anonymous said...

Medehguid mergen tsoohoor gegcheer Tuvdiin buddin shashin l geed baih yum unendee ter tuvdiin buddin shashin chini Mongoloos garaltai , hamgiin ert deer uyiin suudar nom bichguud n dandaa Mongoliin erdemtei merged bichij uldeesen baidag gej Dalai lam uuruu hlsen yum shuu dee!! Humuusee tuuh soyoloo medej baij daraa n yaridag bolmoor yum daa!
Busdiin tuuhiig ingej nariivchlan sudlaj baihaar Mongoloosoo ehelvel deer ch yum shig !!!

Yun ter tednii zaluus manai ohidiig surgaad uguh ve?? dandaa l ehneruudee zodoj dord uzdeg yostoi adgiin teneg yos zanshil !! Ohiduud n ch tegeed zoduulj nuduuljiihdee taarsan gadnii yumtai uyerhvel huruu humsiin hugalj agsan sogtuu tavidag Solongosuud aziin hamgiin buduuleg ard tumen!!!
Unshaad bish sudalaad bichyee agaa
Genet ineejiisen jini yu ve ene bichilgiig unshaad zagnamaar sangdav shdee !!