Monday, 12 January 2009

Миний тухай шүүмж

Ээбээг Ээбээ гэдгээр нь Английн төдийгүй дэлхий даяар тархсан монголчууд маань интернэтээр андахгүй. Ээбээ маань 2006 онд анхны номоо хэвлүүлж үрээ харсан эцэг шиг баяр хөөртэй явсан. Би түүний номоо бэлдэж байгаа, номоо хэвлүүлэх гэж байгаа, ном гарсан, ном ирсэн, номын баяраа хийнэ, номын баяраа хийлээ (яагаад ирсэнгүй!) гэх мэт товч имэйлүүдээр эл номын мэндлэх үүх түүхийн цаг хугацааны үечлэлийг ерөнхийд нь барагцаалана.

Түүний Толбогүй монгол бол манай Английн эгэлхэн монголчуудын маань дундаас бие даан бярдаж төрүүлсэн анхны ном тул одоо Англидаа ховор үнэт зүйлсийн тоонд ороод нэг нэгнээсээ хулгайлан гар дамжин уншдаг ганц ном болоод байна. (Арга ч үгүй юм уу даа, ганцхан ном нь юм чинь.)

Энэ бодол ухаан нь богино үгүүллэг, шүлэг найраг, эргэцүүлэл эссэний их давалгаанд байнга хөвж, шумбаж олз олдог Ээбээ андыгаа бусдад танилцуулахдаа би итгэлгүй байдаг. Учир нь их бүрхэг нөхөр шүү дээ. Би түүнтэй 5,6 жил үеэрхчихээд одоо хүртэл хаана юу хийж, амьдарч явааг нь бас сайн мэддэггүй юм. Заримдаа томрохоороо сургуульд сурч байна гэх, заримдаа ажлаа хийгээд л явж гэдэг юм. Осолгүй л бид хоёр ажил, амьдралын зав чөлөөнөөс шалтгаалж ганц хоёр аяга тагш шар айраг хамтдаа ууж суусан нь үнэн. Хэдийгээр би түүний бие махбодь хаана яаж сахилгагүйтдэгийг сайн мэдэхгүй ч харин ямар сэдвээр юу бодож бичиж туурвиж явдагыг нь бол нилээн сайн гадарлана. Хэрэв бидний нөхөрлөлийг энэ хүрээнд нь хумивал би ч түүнийг тодорхойлохдоо нэх алзахгүй байх. Яагаад гэвэл би бараг Цахим өртөө дээр бичсэн нийтлэлийг нь анх тавьж байсан гэвэл арай гайхуулсан болчихгүй болов уу.

Хэдэн жилийн өмнө Английн Монголчуудын сонин гаргана гээд хэсэг нөхдийн хамт хөөрцөглөж явахад монгол паабны Батбаяр:
–Энд нэг сэтгүүлч залуу бий. Эрдэмбилэг гэдгийн. Чи танилцаад ав. Сонины тухай би түүнд хэлсэн гээд гар утасных нь дугаарыг өгч билээ. Нэг залгалаа: аанх тийм байна, би мөн байна…аанн за…сонин зөв шүү…гээд хэг ёг гэсэн хачин яриатай этгээд байв. Яасан хэг ёг хийсэн, хэгжүүн гар вэ? Юм хум бичдэг юм бол яриа хэл нь цэгцэрсэн баймаар юм. Гэтэл цэцэрлэгийн хүүхдээс ч долоон дор хачин юм байх юм. За эний бичдэг гэж хаашаа юм гэсэн маягийн анхны сэтгэлдэл над энэ ярианаас үлдсэн билээ. Гэхдээ хаширсангүй имэйл хаягыг нь аваад захиа бичив. Хариу нь бас л үгээ харамласан товч захиа ирэв. Ер нь үг цөөтэй залуу юм байх даа. Эсвэл мань мэтээ голоод байгаа их зантай лүд юм болов уу гэж уулзаж учраагүй хүнийг мэдэмхийрэн би эцэслэн дүгнэв. За яршиг тоохгүй хүнийг оролдож суух гэж гэсэн шүү юм бодогдоод дахиж би түүнтэй холбогдолгүй орхисон билээ.

Гэтэл тун удалгүй Цахим Өртөө сүлжээгээр Танилгүй Нийгэм гэсэн тун содон бичлэгтэй нэгэн нийтлэл цацагддаг юм байна. Имэйлийнх нь хаягаар “Та нийтлэлээ кирилл үсгээр болгоод ирүүлвэл Цахим Өртөөний веб хуудсан дээр залж болох юм. Тэгвэл сүлжээний гишүүн биш өөр олон хүмүүсд хүрэх боломж бүрдэнэ” гэсэн санал үл таних хүнд тавьтал дор нь кирилл болгоод ирүүлж билээ. Тэгээд Англид байдгийг нь мэдээд яриад байсан чинь харин өнөө дуу цөөтэй Эрдэмбилэг маань мөн болж таарав аа. (Ээбээ хоёр имэйлийн хаягтай учраас би бас шууд анзаараагүй юм байна лээ.) Ингээд нөгөө үгээ харамлаад байсан залуу харин өөрийн үзэл бодолтой, сэтгэлгээний орчинтой, бодол сэтгэлгээ нь задгай нэгэн болж таарав. Тэр гацаж ярьдаг ч гацаагүй сэтгэдэг гэж би лав баттай тодорхойлж чадна.

Өдгөө бид нэг нэгнээ олж нөхөрлөх боломж суваг арвин цаг үед амьдарч байна. Ээбээ бид хоёр өдөр болгон уулзаад байхгүй ч интернэтээр байнга харилцаж үзэл санаагаа солилцон дотносчээ. Ер нь царай зүс хараагүй хүнтэй нөхөрлөх, цагийн урсгалд биесээ мэдрэн ойлголцож хамтран ажиллах боломж бүрдсэн цаг эринд бид амьдарч буй нь сайхан.

Бас блог гэж нэг сайхан ертөнц байна. Ээбээ маань хоёр жилийн өмнөөс блогчин болоод гэнэт зохиолч болчихсон. (Би түүнийг зохиолч гэж явуулдаг юм; xаяа заримдаа бүр дургүй хүргээд байвал чөлөөт уран бүтээлч гэдэг гэж байгаа.) Тэгээд амны билгээс амны билгээс ашдын билэг гэдэг шиг Ээбээ маань удахгүй богино үгүүллэгийн Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд гэдэг ном гаргана гэнээ. Үүнийг би түүний блогыг уншдаг фэнүүдэд нь анхалж дуулгаж байгаадаа их баяртай байна.

Энэ номонд балай юмс байгаа учраас зохиолч маань үе тэнгийнхэндээ, шинэ үеийнхэнд зориулж байгаа гэнэ. (Гэхдээ балайрах нь их учиртай гэж өөрөө над аминчлан хэлж байна лээ.) Хэдийгээр тэрээр хаяа жаахан балайраад байдаг ч би дээр нэг үгүүллэгийнх нь доор “Манай Ээбээгийн үгүүллэгүүд давхар санааг агуулж байдаг” гэж лут дүгнэснээ сайн санаж байна. Тиймээс түүний хоёр дахь ном эхний ном шигээ уншууртай, сонирхолтой байна гэдэг би бат итгэлтэй байна.

Дашрамд дурдахад блогноос уншчих юмнуудыг худалдаж аваад яах юм гэж гэнэн нэг нь бодох вий. Тэгвээс тийм биш гэдгийг туршлагатай хүний хувьд би хэлье. Толбогүй монгол гэдэг номыг аваад интернэтээр тархсан бичлэгүүдтэй нь харьцуулахаар шал ондоо, илүү амттай болчихсон байсан. (Гэхдээ хоёр дахь ном бүр амттай болох учраас эхний номыг нь нэг нэгнээсээ хулгайлж унших бараг хэрэггүй байхаа, нөхдөө.)

Мөн Ээбээ над, Шинэ номонд олон сюрприз бий гэж хэлсэн шүү. Барууны үргэлжилсэн үгийн зохиолын уламжлалыг судалж байгаад хусан гэж надад ам алдсан. Одоо тэр номоо эмхэтгэж дуусаад ямар хэвлэлийн компаниар хэвлүүлэхээ судалж байгаа гэсэн. Бас ажлаа хийгээд номоо хэвлүүлэх мөнгөө олохоор чартайж яваа гэсэн. За ямар ч байсан муу найздаа номоо хурдан гаргаад, бас хурдан зараад баяжаарай гэж ерөөе. Англид ном чинь ирэхээр 10 паундаар авна гэдгээ бас андгайлъя. Дансныхаа дугаарыг явуулаарай, зохиолч гуай.

Д.Цэрэнбат
2009.01.12

10 comments:

ganga said...

Blog duugiin nom garch buid bayartai baina, bayar hurgeye Eebee.

eebee said...

Bayarlalaa, Gangaa egchee

Бум-Эрдэнэ said...

За сайхан мэдээ бна. Хэдийгээр блог анд ч гэлээ ном худалдаж авах тал дээр харин тал тохой татахгүй шүү хө.
Цэрэнбат маань харин хүнийг "зохиолч" гэж ёгиогоод байх хэрнээ өөрөө харин нилээн шүүмжчин нөхөр үү үгүй юү хэ хэ.

Д.Цэрэнбат said...

he he Ene Eebee bas bichsen yum nevt redaktorlood erliiz bolgoson baina shuu. Chamaig daa. :)

Oogii said...

Баяр хүргэе. монголд суугаа би мэт яаж худалдаж авах вээ.

Oogii said...

Аан заа ойлгосон. хэхэ монголоос авч болохын байна ш дээ Дутуу сэтгэнээ гэж

eebee said...

odoohondoo hevlyyleegyi baigaa shyy, hevleheeree helnee,

blue fire said...

good luck eebee, taalagddag shuu

hezee MGL yabah gej bna?

Anonymous said...

http://g84.blogmn.net/19572/

өөрийн чинь энэхүү нийтлэлийг эх сурвалжийг дурдаж хуулбарлан тавьлаа
миний блогоос 5 хүн ч болов илүү уншиг гэж саналаа
зорьсон үйлс бүхэнд чинь сэтгэгчлэн бүтэх, амжилт хүсэн ерөөе

eebee said...

aninymous-t баярлалаа