Friday, 13 November 2009

Дусал...

Таван одтой ROYAL GARDEN HOTEL-ын газар доорх гарааж руу хөтөлдөг хонгилоос (ажилчдын хаалга тэнд байдаг) намрын налгар өдөр 4.20-д ганган Сээгий гарч ирлээ. Hyde park-ын хажуудах, баруун Лондонгийн худалдааны баян гудамжуудын нэг, дэлгүүр хоршоо дүүрэн High street Kensington-д орших энэ арван давхар, том зочид буудалд одоо эр, эм хориод монгол ажилладгын нэг нь Сээгий бөгөөд тэр өнөөдөр бусдаас арай эрт ажлаа дуусгаад тарсан нь энэ.

Сээгий ядарсангүй. Ганцхан departure-тай зургаахан өрөө цэвэрлэснээс гадна өнөөдөр түүнд бүх юмс өнгөц, өчүүхэн санагдсанаас тэр үү, биеэ хүчлэлгүй хий үзэгдэл адил хөдөлсөөр нэг мэдэхнээ хувцас солих өрөөнд ганцаар байв... Гоолиг сексий харагдуулдаг, нарийнхан бүсэлхийтэй, M&S-ын цайвар цуваа өмсөх мөчид, Хэрэв хүн ганцхан удаа бүх амьдралаа алган дээрээ тавиад хардаг бол гарын хурууны завсараар жинхэнэ амьдралаа дэмий урсгаж байгааг анзаарах болов уу?... Хэрэв төрсөн эцэг эх гэж үгүй бол хайр гэдгийг бид мэдэх болов уу? гэж тэр өөрөөсөө асуусан...

*
Араб хосын хөлсөлсөн, парк руу харсан цонхтой хамгийн дээд давхарын deluxe өрөөг цэвэрлэж байхдаа Сэлэнгээ (aав нь ингэж дууддаг) урдах ажлаа умартаад Лондонг дээрээс харж зогсов…

Торойх үүлгүй цэлийсэн цэлмэг хөх тэнгэр; цаас шиг хийсэн цагаан толбонууд тэнгэрээс унаж, тэнгэр лүү дэгдсэн мэлтийсэн бөөрөнхий цөөрөм; навчис нь алаг цоог шарласан модод; тэртээд цайрах барилга байшингууд—хэрэв зурдаг бол зурмаар намрын шаргал өглөө—Сэлэнгээ яг ийм өглөө аавынхаа Зил-130 машины бүхээгний цонхоор толгойгоо цухуйлган хөдөө хээр давхиж явснаа гэнэт санаад санаа алдав.

Аавынх нь машины бүхээгнээс айраг, бензин, тамхины утаа холилдсон түүний хорвоогийн хамгийн дуртай үнэр ханхалж, радиогоор Адарсүрэн “Алтан Намрыг” дуулаад л:
Амуу тариа найгасан; арвин сүрэг налайсан; айргын амт чимчигнэсэн; aлтан намрын өнгө юм аа… Сэлэнгээ цааш үгийг нь сайн санахгүй учир амандаа аялан зогсов.
Мхмхм....мхмхм....мхмхм... Гоёхон намрын өнгө юм аа; галуун цуваа хөвөрсөөн
бүсгүй санаа алдсанаа—амуу тариа найгасан; айрагын амт нь чимчигнэсэн… Тэгэхэд аав нь баяр бахархалтай жолоо мушгингаа:
—Миний охин том болоод тариачин бүсгүй болох уу? гээд тажигнатал инээж байсан нь нүдэнд үзэгдэхэд, салхи дутсныг мэдэрсэн хүүхэн цонх онгойлгов. Харамсалтай нь энэ цонх Монголынх шиг дэлгэгдэж онгойдоггүй харин дээрээс хазайн жаахан нээгддэг тул салхи хүчтэй салхилахгүй. Сэлэнгээ бачимдсан сэтгэлээ хянаж, гүнзгий санаа алдаад тэртээд тоглоом шиг жижигхэн харагдах барилга байшингуудын орой дээврийг бүртгэн өөрийгөө саатуулав.
—Тэнд Battersea Power station байна. Би тэнд амьдардаг шүү дээ. Та мэдэхгүй билүү? Дэлхийн хамгийн том тоосгоор барьсан нүүрсний цахилгаан станцын барилга байхгүй юу!...Хэдэн жилийн өмнө нураана гээд бөөн юм болсон. Тэгээд нураахгүй харин үзэсгэлэн болгохоор шийдсэн байгаа...
—Тэгээд наашаа харах юм бол Royal Albert hall гэдэг манайхаар бол дуурийн театр байна. Охин нь өглөө, орой болгон хажуугаар нь автуусаар өнгөрдөг байхгүй юу!...
London Eye, Centre Point тэнд байна. Тэр, тэр! Та харж байна уу? Та намайг жаахан байхад хүүхдийн паркын алсын харагч дээр суулгаж үзүүлснээ санаж байна уу? Миний аав тэгэхэд ямар гоё залуу байсан гээч... Охин нь тань шиг золбоо, жавхаатай залууг одоо хүртэл хайгаад олоогүй ш дээ… Таны тас хар халимаг салхинд хийсээд л…цав цагаан шүд яралзтал инээгээд л… Залуудаа та тажигнатал инээдэг байж билээ… Аав намайг жоохон байхад “Миний гөөгөөнөө” гэж дууддаг байснаа санаж байна уу? Сургуульд орсон хойно хүүхдүүдийн хажууд тэгж дуудаад намайг та нэг уйлуулснаас хойш тэгж дуудахаа больсон шүү дээ. Тэрнээс хойш та намайг хэзээ ч уйлуулаагүй. Миний аав охиноо хэзээ ч зодож, уйлуулдаггүй сайн аав байсан... Тэр Centre Point-ыг харж байна уу? Хамгийн өндөр шахам байшин. Лондонгийн төв цэг болохоор тэгж нэрэлсэн байхгүй юу!… Би тэр хавьцаа бас ажиллаж байсан…
—Энэ хажуухан доор байгаа шигтгээнийг Диана гүнжийн шигтгээн гэдэг байхгүй юу! Kensington palace гэдэг. Охин чинь англиар бас ярина шүү дээ!... Сэлэнгээ олон газрыг таньж мэдэж байгаадаа их урамшиж байлаа...

*
Машин тэрэгний шуугиан, олны авиа чимээ нүргэлсэн их хөлийн гудамж угтахад, ардаа орхисон ажлаа хоромхон зуур ор тас мартсан бүсгүй Chanel-ын шар цүнхээ гялалзуулан олны дунд намрын шаргал нарны цацраг шиг уусаж, баруун гар тал руугаа эргэн яаралгүй аажуу алхлаа.

Түүнд бүх хүний амьдрал ижилхэн санагдана. “Хар, шар хамаагүй бүх хүний амьдралыг алган дээр тавиад харахад ямар эмзэг, шаралсан навч шиг харагдах бол... Хорвоогийн амьдрал үнэхээр эмээгийн маань хэлдгээр үзэгдээд л өнгөрөх юм даа. Байсан, байхгүй. Одоо байна, дараа байхгүй—”
Excuse me! Бодолд автан алхаж яваад гудамжаар гүйсэн шар өвгөнтэй арай л мөргөлдсөнгүй.
Sorry гээд дугарга цагаан нүүрэнд гэмшингүй инээмсэглэл тодруулж зам тавьж өгөөд, биеийн тамирын хувцастай, аав шиг нь эрийн араас далд ортол бахархан харч зогсов…

Massimo Dutti-ын хажуугаар өнгөрөхдөө өнгөрсөн Шинэ жилийн хямдралаар аавдаа өвөл өмс гээд ноосон цамц авч явуулсанaa гэнэт саналаа!
—Өмсөж амжсан болов уу? Санамсаргүй өөрөөсөө асуусан энэ асуулт “нар хиртүүлж, хүйтэн сүүдэр татуулав”... Бүсгүй өөрийн эрхгүй зүрхээ даран зогтусав…
—Аавдаа бэлэг авах хэрэггүй гэж үү!? Тэр бачуурч галзуурмаар болов... Бүхий л дотоод хүчээрээ биеэ барьж чадсан бүсгүй, хүн анзаарчих вий гэж эргэн тойрноо хараад цааш алхав...

Гэнэт—сүүдрээс ургасан—хувцас хунар нь дэндүү гоёдсон; хуурай нүдтэй, цонхийсон царайтай; өндөр өсгийтэй гутал, хар торкотой нарийхан шилбэн дээрээ даахааргүй хүнд гуниг тээж бөгтийсэн; эр хүнийх шиг баруун сарвуу нь дэмий унжсан; намхандуу биеэтэй, ганцаардлын вирус тээгч монгол хүүхэн алхаж явав... Түүнд олон юм бодогдоно: Шинэ жилээр авсан ноосон цамцаа, хайрцаг дүүрэхгүй болохоор хүүдээ playstation авч дүүргээд, гурван сарын газрын ачаагаар явуулсан нь, ачаа таван сард Монголд очсон нь бүдэг бадаг санагдана. Аав өмссөн гэлүү, өмсөөгүй гэл үү? тэр санахгүй байлаа. Бараг зургаан жил болохдоо аавдаа юу явууллаа? Зээ хүүтэй болгосон нь их юм гээд орхиод ирчихээгүй билүү?...

High street-ын Tesco-гоос хоёр цагаан талх, нэг лонхтой устай худалдан авч байхад түүний сэтгэл арай тайвширлаа. Тэндээс гарч ажлынхаа зүг эргээд алхах гэснээ нэг л зүрхлэлгүй автобусанд сууж Hyde Park руу очихоор шийдээд буудал дээр усаа балган зогсож байтал нэг таньдаг монгол залуу тааралдав: дээр нэг удаа энэ залууг согтосныг далимдуулан монгол паабанд хэдэн найз хүүхэнтэйгээ баахан шатаасан билээ. Сээгий бүр худлаа ханд өгч хамгийн их шатаасан нь, түүнийг хараад л шахам Сээгий цүнхээ уудлан 10 паунд гаргаж өгөв.
—Үгүй чи яах нь вэ?
—Май аваа, би бүр чамд өгнө гэж бодоод явж байсан гэж хүүхэн худлаа хэлэв.
—Юу вэ?
—Дээр чи намайг баахан дайлаа биз дээ. Би чамд өгнө гэж хэлээ биз дээ.
—Би санахгүй байнаа.
—Чи яаж санадаг юм бэ! Май ав! Залуу бүр гайхаж орхив.
—Өө энэ чинь харин сонин юм биш үү. Автобусны буудал дээр ирээд л 10 паундтай болчихдог. Баярлалаа...

Сээгий тэр шөнө энэ залуугаас бултаж, найз нартаа онгирч, Иймэрхүү царай муутай монгол залуучуудыг шатаах л хэрэгтэй! гэж хэлж байснаа санаад өөрөөсөө ичэв: харин өнөөдөр түүнд авах биш өгөх сайхан байлаа.

Монгол залуутай ганц хоёр үг сольтол автобус ч ирж, тэд нэг автобусанд ч суув... Сээгий яриандаа сатаараад Massimo Dutti-гын хажуугаар өнгөрснөө ч анзаарсангүй. Ажлынхаа хоёр буудлын цаана ганцаар буугаад Hyde Park руу орлоо.

Тэр, шувуу хооллох сайн гэж хэзээ ч билээ, хэн нэгнээс сонссон тул өнөөдөр шувуу хооллохоор ирсэн нь энэ аж.

Сэр, сэр салхилсан намрын жихүүн үдэш түүнийг цөөрмийн эрэгт угтав: нар хэзээдээ амжаад байшин барилга, үүлний ардуур шургасныг тэр анзаарсангүй. Цөөрмийн эрэг дээр зогсоод талхны үүрмэг газар руу шидэхэд хун, галуу, тагтаа, хэрээ, бүсгүй нэрийг нь мэдэхгүй болжмор шиг жижиг биеэтэй гэхдээ аягүй өнгөлөг шувуу хүртэл идэх гэж цугларсан. Шувуу хооллох тусам түүний сэтгэл онгойж, амар амирлангуй болж, өчигдөр шөнө Монголоос ах нь түүн рүү утсаар залгасан яриа зүүд зэрэглээ шиг санагдаж байлаа. Гараас нь талх идсэн хунд Сээгий бүр нэр өгсөн: Гөөгөөнөө...

Цөөрөмд хөвөх хун шувуудыг бүсгүй зэлүүд эрэг дээр харж зогслоо. Хун шувуу цөөрөмдөө хөвөх нь ямар эрхэмсэг, амирлангуй юм бэ? Салхинд үрчлээтэн босох давалгааны аясаар, сэр сэр салхины хэмнэлээр сэтгэлийн ямар ч зовиургүй, атаа жөтөө, өчүүхэн бодолгүй амьдралын нууцыг хүнээс түрүүлж олоод, одоо зөвхөн цөөрмийн аашаар, тэнгэрийн мэдлээр биеэ зөнд нь орхин хун шувууд хөвнө. Хун шувуу урьд хүн байсан гэдэг үнэн байхаа. Гэхдээ тэд хараал тусаж хун болоогүй харин өөрсдөө сонгож...

Сээгийд амьдрал ганцхан агшинд багтсан мэт санагдана.

Агаарт будрах цасан ширхэг шиг аясаар хөвөх нэг цагаан хун уран хүзүүгээ нумруулан усны мандал тоншоод гэдийхэд хунгийн хошуунаас цөөрмийн ганц дусал ойчив... Хунгийн хошуунаас ойчсон дусал цөөрмийн мандалд цагираг үүсгээд оргүй замхрахыг үзээд, бүсгүй харснаа сэрхийтэл мэдэрч ааваа гэнэт санав: оргүй алга болсон дусал шиг аав нь оджээ!
—Ааваа!... Хүүхэн ингэж шивнээд зүрхнээс огшин гарах нулимсаа барин хөмхийгээ зуун, бүрэлзсэн нүдээр үдшийн бүрхэг тэнгэр лүү харахад хацраар нь доголон нулимс урсав.
—Би удахгүй очих гэж байсан шүү дээ! Намайг хүлээхгүй—
2009.11.11
05.01

Monday, 19 October 2009

Бурханизм

ОХУ-ын субъект Республика Алтайд 100 гаруй жилийн өмнө нэг шинэ шашин үүсэж дэлгэрсэн нь өдгөө Оросын болон бусад улсын судлаач, эрдэмтдийн анхаарлыг татаж, олон тооны судалгаа, шинжилгээний материалууд бүрджээ. Энэ чухам бүрэн бие даасан шашин уу? Эсвэл дэлхийн хоёр том шашин—Буддизм, Христ хоёрын нөлөө/сөргөлдөөнөөс үүссэн орон нутгийн шинжтэй шүтлэг үү? Үндэстний үзэл, үзэл суртал/идеологи уу? Монголын Бурхaн шашны (шарын шашин/ламаизм) сект үү? гэх мэт тун сонирхолтой асуудлууд дэгдэн гарч.

Энэ шашны нэр—Бурханизм. 1904 оны 5 сард Кырлык голын хөндий Теренгэд (одоогийн Усть-Канский район) алтайчууд цугларан, хамтдаа мөргөж шинэ шашнаа зарлажээ. Энэхүү мюргюль-ийг анх сэдсэн хүмүүс бол ядуу малчин Чет-Челпан ба түүний арван хоёр настай өргөмөл охин Чугул. Нийтийн мөргөлөөс хэд хоногийн өмнө нэг цагаан морьтон Чугул охин руу давхиж ирээд:
—Бөөгийн бүх зүйлийг устгаж шатаа! Нар, Саранд мөргө! гэж аавдаа дамжуул гэжээ. Үүний дараа Чет-Челпанд цагаан морьтой, цагаан хувцастай хүн шинэ шашны үндсийг заажээ. Нэг эх сурвалжид тэмдэглэснээр, Чет-Челпаны айл руу гурван морьтон ирсэн бөгөөд эхнийх нь үл ойлгогдох хэлээр ярьж, араас нь ирсэн хоёр морьтон орчуулжээ. Цагаан морьтон:
—Би зуун зуун жил амьдарна, амьдарсаар ч ирлээ. Би ойрадуудын хаан тул та нарт хэлж байна. Учир нь цаг болсон…гээд—Чет, чи нүгэлтэй хүн. Харин чиний охин нүгэлгүй. Түүнээр дамжуулан би алтайчууд та нарт сургаал айлдана. Миний сургаал бол:
—Тамхи бүү тат. Хэрэв энэ зуршлаас салж чадахгүй бол хусны үндэстэй хольж тат.
—Бүх муурыг алж, гэрийн босго бүү давуул.
—Нялх залуу ой модыг бүү цавчиж унага.
—Залуу малыг хоол хүнсэнд бүү хэрэглэ.
—Малын цус бүү ид.
—Нэг нэгэнтэйгээ уулзахдаа: “Иакши” (сайн) гэж мэндлээд өөр юу ч бүү асуу, урьд цаг шиг.
—Өглөө, орой дөрвөн зүгт сүү цац.
—Гэртээ, гэрийнхээ үүдэнд, мөн үүднийхээ гадна дөрвөн хусаар хийсэн бойпор, дөрвөн хус мод тавь.
—Бойпорт даль шатаа. [вереск, Callúna vulgáris]
—Нэг нэгнээ тамхиар бүү дайл. Мэндлэхдээ гаансны оронд далийн мөчир өгч “Иакши” гэцгээ.
—Хэнгэрэг болон бөө [камов] нарыг шатаацгаа, яагаад гэвэл тэд бурханаас биш эрлэгээс [Ерлика] ирсэн.
—Христианчуудтай (шинээр загалмайлагдсан алтайчуудтай) нэг аяганаас хоол бүү ид.
—Оросуудтай бүү нөхөрлө. Тэднийг орус гэлгүй чичке пут (нарийхан хөлт) гэж нэрлэ.
—Хойд зүгийн өндөр цагаан уул! Та нар тун удаан түүний өмнө толгойгоо бөхийлгөлөө. Цагаан уул биднийг одоо захирахгүй.
—Эрт цагт бүгд Ойрадын захиргаанд байсан. Одоо ганцхан түүнийг л хүндэл.
—Оросуудыг дайсан мэт үз. Удахгүй тэд сүйрнэ. Газар дэлхий тэднийг тэвчихгүй ан цав гарч тэд бүгд газар дор орох болно. Харин бид бол нар, сарыг ахан дүүс шигээ харна.
—Дэлхийн таван том омог, шашныг бэлэгдэж хус модонд таван өнгийн тууз зүү.
—Манай туг цагаан, шар өнгөтэй. Энэ өнгийг малгайндаа зүү.
—Хэрэв та нарт орос мөнгө байвал бараа, дарь, тугалга оросуудаас худалдаж аваад үлдсэнийг нь над авчирч өг.
—Надаас нэг ч зоос бүү нуу. Нуусан хүмүүс оросуудтай хамт газрын гав руу унана. Гэж хэлээд гурван морьтон явжээ.

Чет-Челпан хамаатан садан, ойр дотны хүмүүстээ энэ тохиолдлын тухай даруй ярьснаар элч нар Алтайгаар давхиж Теренгийн хөндийд Цагаан Бурханд (Ак-Бурхан) мөргөх нийтийн мөргөлд бүгдийг дууджээ. Найм хоногийн дараа ойролцоогоор дөрвөн мянган хүн эд бараа, дарь, хар тугалга зөөн ирж цуглажээ. Олон янзын эх сурвалжийн мэдээгээр бол 3-аас 30-н мянган хүн цугласан байна. (Л. П. Мамет. “Ойротия”. Изд-во “Ак-Чечек”. Горно-Алтайск, 1994, с.10-15).

Уулын ойролцоо, өндөрлөг газар таван өнгийн туузаар гоёсон хус мод тавьж, даль/хонины арц шатаан утаа май тавин гурван өдөр мөргөж Цагаан Бурхныг хүлээсэн байна.

Арван хоёр настай Чугул охин өдөр бүр Цагаан Бурхантай ярилцахаар уулын орой дээр гараад, голдуу орой бууж ирэхдээ шинэ шашны сургаалыг цугласан олонд номолдог байж.

Гурван өдрийн дараа цугласан олон руу бага бурхадын нэг нь залуу сайхан бүсгүй дагуулан хүрч иржээ. Зайсан, ноёдууд руу дөхөж очоод гурван удаа тэр “Иакши” гэж мэндэлсэн байна. Үүний дараа бүгдэд сонсогдохоор:
—Итгэгсэд нар, сарыг харалгүй, харин Ойрадын хаанаа шүт. Тэр байсан, байгаа, байх ч болно. Тэр мөнх настай. Хэрэв та нар түүнд итгэж, миний хэлснийг биелүүлвэл, Ойрадын хаан та нар луу ирнэ. Хамгийн гол нь дундаасаа эзнээ сонго. Та нарт үнэнчээр зүтгэх болно гэдгээ тэр тангаргалах болтугай. Мөнгө ба дарийг надад өгч устгуул. Та нар ондоо мөнгө хэрэглэх болно. Хэрэв миний мөнгөнд итгэхгүй байгаа бол энэ бүсгүй та нарт жинхэнэ мөнгийг үзүүлнэ гэжээ.

Бурхны дохиогоор бүсгүй гурван удаа гөрмөл ташуураар чулуу тоншоод, чулуун доороос лууны зурагтай мөнгөн зоосууд гаргахад:
—Та нарын мөнгө энэ байна гэж бага Бурхан хэлжээ. Тэнд цугларагсад бүгд бөхийн тонгойход харин шинээр загалмайлагдсан зарим ард бөхийлгүй, оросын жүжигчид үүнээс ч илүү гайхалтай зүйл хийж чадна гэжээ. Ингэж хэлснийх нь төлөө тэднийг бусад нь барин авч модонд хүлэн Бурхныг хүлээн зөвшөөрч, Христын шашнаас татгалзтал нь тарчлаасан байна.

Үүний дараа бүх ардууд баян халимаг Кыйтык Елбуд-иныг эзэн/ноёноор сонгожээ.

Үйл явдлын гэрч оросууд ярьснаар, тэр мюргюль-ээс хойш нүүдэлчин алтайчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн байна. Тайлга—дэлгэж тавьсан морьны арьс—алга болсон байна. Бөөтэй холбоотой бүх зүйл үгүй болж, бөө нарыг маш хатуу мөшгин хөөх болж. Айлууд орос бараа, хувцас гэх мэт тэдэнтэй холбоотой бүх зүйлийг гэрээсээ гаргаж хаясан байна. Гэрийн хажууд хус модноос шар, цэнхэр тууз уяж, алтайчууд шар захтай дээл, цэнхэр залаатай (цацагтай?) цагаан малгай өмсөх болжээ.

5 сарын 23-нд алтайчууд орос тосгоноос нүүн, худалдаа наймааг зогсоосон байна. Олны хөлд дарагдаж бужигнаж байсан газар дорхноо эл хул болжээ.

Эл бүх үйл явдал оросын засаг захиргааныхныг үндэсний бослого боллоо гэж их сандраасан байна. Горный Алтайн орос оршин суугчид айж эмээснээс зэвсэглэж эхэлжээ. Томскийн амбан захирал шийдвэртэй арга хэмжээ авахыг Петербургын засгийн газраас хүссэн тул Николай II Томскийн амбан захиралд асуудлыг шийдэх зөвшөөрөл өгч, тэрээр зэвсэглэсэн орос, загалмайлагдсан алтайчуудыг нийтийн мөргөлийг тараахаар явуулжээ. Тэд 6 сарын 21-нд Теренгийн хөндийд цугласан ардыг бүслэн тарахыг шаардахад ардууд татгалзсан тул бүгдийг нь нэг нэгээр нь зоджээ.

Энэ арга хэмжээний дараа оросын эсрэг уриа лоозон намдсан ч, Бурханизмын хөдөлгөөн хөгжсөөр ирж. Бурханизмын сургагчид (ярлык-чи) Алтай даяaр аялан шинэ шашнаа зарлан, бөөгөөс татгалзаж Бурханд мөргөж, Ойрадын хааныг хүлээхийг ятган шаардажээ. Бурханчууд бөөгийн хэрэгсэл, эд зүйлсийг хайр найргүй устган, бөө нарыг бөөгөөс татгалзахыг тулгаж. 1908 онд бөө нарыг төрийн хамгаалтанд авсан байна.

1906 онд Чет-Челпановыг 34 хамтрагчтай нь хамт баривчлаад шүүхээр шүүж гэмгүйд тооцжээ. Оросын засаг захиргааныхныг сандраасан өөр нэг асуудал бол, бурханчууд Япон хааныг ирэхийг зөгнөж, хүлээсэн явдал. Энэ нь орос-японы дайн ид өрнөж байсан үед! Тэд:
Манай нутагт Япон хаан, Ойрад хаан олдсонгүй
Эрт цагаас чи бидэнд ирсэнгүй
Төрөлхийн Ойрад, бидний жинхэнэ хаан гэсэн утгатай дуу дуулж байжээ.

Алтай-кижи
Өдгөөгийн оросын алтайчууд бол түрэг, монгол гаралтай. XVII зууны төгсгөл, XVIII зууны эхээр Зүүнгарын улс Манжид бут цохиулан ниргүүлэхэд одоо оршин суугаа газраа нүүн ирсэн ойрадууд ажээ. Мөн алтайн урианхайчууд, халимагууд гэж нэрлэгддэг байж. Алтайд нүүн ирснээс нь хойш XVII-XVIII зуунд хятадууд болон казакууд байнга довтлон тэднийг түвээж байсан байна. XVI-XVII зуунд Буддын шашны гелугпа урсгал голчлон дэлгэрч, Төвдийн Буддизмд нийтээр орсон ч Алтайд суурьшсанаас хойш Төвдтэй холбоо тасран бөө мөргөл эргэн дэлгэрсэн байна.

Хятад, казакуудаар хүйс тэмтрүүлэхээс айн болгоомжилж 1756 онд Оросын империйн бүрэлдэхүүнд багтахыг өөрсдөө хүссэн байна. Тэр цагаас эхлэн Үнэн алдартны шашинд алтайчуудыг оруулах үйл ажиллагаа тууштай идэвхчсэн ч алтайчууд—бидний адил—христ, лал, хятадын соёлын хүрээнд нийтээр орохоос татгалзан өдийн хүрсэн—үүний нэг илрэл Бурханизм.

Алтайн ойрадууд өөрсдийгөө алтай-кижи гэдэг. Алтай-кижи буюу Алтайн хязгаар, БН Алтай улсын хүн ам мөн Казакстан, Узбекстанд оршин сууж байгаа алтайчууд, алтай язгуурын түрэг хэлний өмнөд сибирийн дэд бүлгийн хэлээр ярьдаг гэнэ.

Бурханизм буй болсноос хойш алтайн ойрадууд өөрсдийгөө алтай-кижи (алтайн хүн) гэж улам тодотгосон бололтой. Оросын судлаач Л.И. Шерстова, ХХ зууны эхээр үүссэн Бурханизм нэгдмэл үндэстэн бүрэлдүүлэх шашны [этнообразующая религия] үүрэг гүйцэтгэж, шинэ угсаатан алтай-кижигийн идеологи болсон гэсэн санаа гаргасан байна. Үүнээс үүдэн Бурханизмын орон нутгийн, хаагдмал шинж чанарыг тайлбарлаж болно гэж судлаач Д.В. Арзютов бичжээ. Хэт оросжсон зүүн алтайчуудыг бурханчууд хүрээндээ оруулаагүй байна.

Сүүн шүтлэг
Бурханизмыг алтайчууд мөн сүүн шүтлэг буюу цагаан шүтлэг (Ak jaнг) гэж нэрлэдэг. Энэ нь хар шүтлэг буюу бөөтэй (Кара jaнг) сөргөлдүүлж өгсөн нэр. Буддизмыг тэд шар өнгөөр төлөөлүүлдэг. Сүүн шүтлэг үүссэн цаг үе, орон зай, нөхцөл байдлаасаа хамааран өвөрмөц онцлог шинжтэй ч, олон шинж чанараараа өдгөөгийн Монголын Бурхны шашныг санагдуулна: Бурхны шашны нөлөө илт.

Сүүлийн зуун жил алтайчуудын нийгэм, улс төр, сүсэг бишрэл—бүгдийг хамарсан энэхүү үзэгдлийг улс төрийн нөхцөлөөс хамаарч тайлбарласан эсрэг тэсрэг үзэл санаанууд гарсан байна. Нэрийн хувьд гэхэд л, хэдийгээр ихэнх судлаач, эрдэмтэд бурхан үг гэдэг Буддаг нэрлэсэн монгол үг гэсэн ч, алтай-кижичүүдийн үндэсний шашныг буй болгох хүсэл эрмэлзэлтэй зарим нь ондоогоор тайлбарлажээ.

Н.К.Рерих бурхныг Будда гэсэн монгол үг гэжээ. Тэрээр 1926 онд Трансгималайн экспедицид явж байхдаа, Алтайд сүүлийн хэдэн жил бүдүүлэг бөө мөргөл, ид шидтэнгүүд дэлгэрч байтал гайхамшигт зүйл болж 1904 онд нэгэн малчин охин Цагаан бурхны элчтэй уулзаж энэ оронд шинэ зан заншил дэлгэрэн аз жаргалын замд гарав гэсэн утгатай тэмдэглэл бичжээ.

Харин А.М.Сагалаев Бурханизмыг Буддизмын алтайн хувилбар гэж үзэхгүй байна. Түүнийхээр бол алтайчууд Буддын шашны гаднах хэлбэр, мөргөл зэргийг хуулан авсан ч энэ нь систем, дэс дараагүй байсан тул бурханчуудын Бурхан, Буддаг биш харин зөвхөн тодорхой бус тэнгэрлэг хүчийг хэлсэн; өөрчлөгдсөн шинэ түүх-соёлын нөхцөл байдалд аман зохиолын баатар “амилсан” аж.

Н.А.Тадина Бырхан jанг гэдгийг ондоогоор тайлбарлажээ. Бырхан гэдэг бол Будда гэсэн үг биш, харин быркырып jангаар буюу “ёслолын дараа [сүү] цацах” гэсэн утгатай үг. Үүнийг нөгөө нэр Ак jанг улам бататгах ажээ. Jанг гэдэг зөвхөн “шүтлэг” биш “эрх мэдэл, дэг журам” гэсэн бас нэг утгатай, харин ак гэдэг цагаан гэхээс гадна “ариун, цэвэр, үнэнч, зөв” гэсэн утгатай гэнэ. Бусад нэрс болох—Цэвэр журам, Үнэн хууль, Ариун итгэл зэрэг нь Н.А.Тадинагийн тайлбарыг батлах аж.

Бас Христын шашин, Бурханизм хоёр олон адил шинжтэй аж. Ганц Бурханд итгэх (monotheistic) үзэл улам хүчтэй дэлгэрсээр иржээ. Н.О.Тадышева таван адил шинжийг нь бичжээ.
—Үнэн алдартны шашинд шинэ загалмайлагдсан хүнд шинэ нэр өгдөг бол бурханчууд ч мөн шинээр даган орогсодод шинэ нэр өгдөг.
—Үнэн алдартны шашныхан босож зогсоод уншлагаа уншдаг бол бурханчууд ч мөн босоогоороо мөргөлөө уншдаг.
—Христын шашны элч нар шашнаа сурталчилсан үйл ажиллагааг их явуулдаг бол бурханчууд ч гэсэн айлуудаар явж шинэ шашныхаа мөн чанарыг тайлбарлан бөө нарыг ятган шашиндаа оруулах үйл ажиллагааг эрчимтэй явуулсан байна.
—Алтайд христийн шашныхан өөр шашинтай хүмүүстэй гэрлэхийг хориглосон бол бурханчууд ч мөн христийн шашинтан ба бөө мөргөлтөнтэй гэр бүл болохыг хориглосноос гадна тэднээс харилцаагаа бүрмөсөн таслахыг шаардаж байсан байна.
—Христын шашны элч нар ариун усаар ариутгал хийдэг—бурханчууд ч мөн арцтай усаар ариутгал хийдэг гэнэ.
—Мөн зарим гэрчүүд алтайчуудын гэрт христын шашны хөрөг харсан байна.
Ер нь Бурханизм Христын шашинтай олон адил шинжтэй байх нь аргагүй. Аливаа зүйлс эсэргүүцэн сөрсөн зүйлийнхээ зарим шинж чанарыг шингээж авдаг. (Ерөнхийдөө Бурханизмыг оросын колонизмын эсрэг үүссэн реакци гэж үздэг.) Жишээ нь, саяхан хамба лам Чойжамц, Христын шашныхан шашнаа их сурталчилдаг. Бид одооноос л жаахан дуугарч эхлэж байгаа гэж ярьж байна лээ. Энэ нь Монголын Бурхны шашин 100 жилийн өмнөх Бурханизмын нэгэн адил Христын шашныхан шашнаа сурталчилдаг аргыг хуулж байгааг батлана.

Цаг төр
Тухайн үед Оросын хаант засаг Алтайд амьдардаг орос тариачдын эрх ашигт илүү нийцсэн газрын эзэмшлийн тухай хууль гаргасан нь уугуул нүүдэлчин ойрадуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. 1896 оны 5 сарын 28-нд оросын тариачид, уугуул иргэдийн газар хувиарлалтын тухай хууль, 1899 оны 5 сарын 31-нд Алтайн нутгийн хүн амын сууршилтын тухай хууль тус тус гарчээ. Дээрх хоёр хууль уугуул иргэдийн “илүүдэл” газрыг авч шинээр суурьших тариачдад өгөх зорилготой байж. Энэ байдал нь улс төрийн ямарваа нэг эрх мэдэлгүй ойрадууд Бурханизмыг үүсгэх нэг шалтаг болж.

Мөн Орос-Японы дайн нөлөөлсөн бололтой. Японтой анх байлдаад ялагдсан Оросын засаг захиргаа Азийн бүсэд оршдог уугуул нутгийханд сэжиглэнгүй хандаж байсан байна. Тиймээс ч зарим судлаачид Бурханизмыг шашны хэлбэртэй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж тодорхойлжээ. Бас нэг сонирхолтой дүгнэлт бол, хятадын худалдааны ашиг сонирхолыг төлөөлсөн монголын ламаизмын Алтайд нэвтрэх гэсэн оролдлого гэсэн дүгнэлт байна.

Монголын ламаизм гэснээс…Бурханизмын үүслийг Богд Жавзандамбын сэдэж, санаачилж байсан бодлого, үйл ажиллагаатай холбож гүнзгийрүүлж судалмаар санагдана. Учир нь Монголын тусгаар тогтнол, бүр цаашлаад хамаг монголыг нэгтгэх үзэл санаа хүчийг авч байсан цаг үе бөлгөө…

Мөн бурханчууд “Дөрвөн Ойрадыг дурсаж, малгайдаа дөрвөн цацаг/залаа. Алтан Ойрадыг санаж дээлэндээ цагаан молцогтой” гэсэн мөргөлийн дуу дуулдаг байжээ. [На шапке четыре кисти - память о Тербен-Ойроте. На шубе белая кисточка - память о золотом Ойроте]

Монголын Бурхан шашны нөлөө
Дээрх түүхийг цухас харахад алтайчуудыг лууны дүрстэй зоосоор хулхидаж орос мөнгө, дарь, хар тугалга авах гэсэн монголчуудын молиго байсан юм бол уу гэмээр сэжиг төрнө. Манайхан баян байсан биш—Оросын цагаан хаанаас мөнгө гуйгаад зэвсэг авах гээд явч байсан хүмүүс алтайчуудаас цуглуулсан мөнгө, дарь, тугалгыг газрын гаваар унагачихаагүй нь мэдээж… За энэ яахав, тоглоом шоглоомыг орхиход…

Бурханизм бол яах аргагүй Монголын Бурхaн шашны нөлөө, хатгалгаар үүссэн, шашин ба улс төрийн шинжтэй үзэгдэл. Нэр нь хүртэл Бурханизм. (Энэ нэрийг оросын үнэн алдартны шашны дэлгэрүүлэгчид өгсөн аж). Mонголд Буддын шашныг Бурхaн/Бурхны шашин гэдэг бөгөөд бид бүр Бурханч ламтай. (Энүүхэндээ хэлэхэд бурханч лам гэдэг утгагүй нэр—барималч лам, зураач лам, эсвэл урлаач лам гэвэл илүү оновчтой санагдана.)

ХХ зууны эхэнд тухайн үйл явдлын гэрч болсон Үнэн алдартны миссионерүүд ба оросын засаг захиргааныхан бурханчуудын ард монголын лам нар бий гэдэгт итгэлтэй байжээ. Усть-канскийн Үнэн алдартны шашны пастер Лука Кумандин Теренгийн хөндийд болсон мөргөлийг “ламаизмд орох мөргөл” гэж үзсэн бол дурдсан явдлын дараа Теренгийн хөндийд очсон губерний захиргааны ахмад зөвлөх барон Бруннов Томскийн амбан захирагчид бичсэн захидалдаа “Судалгаа хийсний дараа [нүүдэлчин] Четын сургаал нь Горный Алтайгаар тэнүүчилсэн монголын лам нараас эхтэй гэдэг дүгнэлтэнд би хүрлээ” гэжээ.

Нэг Үнэн алдартны шашныг дэлгэрүүлэгч “Бурханизм бол алтайчуудын үндэсний шашин болж байгаа бөгөөд, монголын ламаизмын тусгай сект. Одоо халимагуудын нийгмийн амьдралд бурханизмын сургаал айлдагч ярлык-чи нар их үүрэг гүйцэтгэж байна. Тэд нэг зүйлд бүгд санал нийлдэг: бүх халимагууд Бурханд итгэх ёстой бөгөөд Алтайд алтан зуун ирэхэд чөлөөлөгч Ойрадын хаан ирнэ гэдэгт.” гэж нэг бичсэн байна. Мөн тухайн үед амьдарч байсан судлаач В.И.Верещагин “...бөөгөөс ламаизмд шилжих үйл явц нууц боловч, маш түргэн өрнөж байна.” гэсэн аж.

Зарим судлаачид монголын нөлөөг шууд зөвшөөрөөгүй ч “бурханчуудын ертөнцийг үзэх үзэл бодолд ламаизмын нөлөөг үгүйсгэж болохгүй, гэхдээ хэрэв манай халимагуудын зүрх сэтгэлд ойр дотно шинжийг агуулаагүй бол ламаизм дангаараа Алтайн уугуул халимагуудын зүрх сэтгэлийг татаж чадахгүй” гэх мэт бичжээ. Энэ ойр дотно шинжүүдийн нэг нь Алтайн хаан, Ойрадын хаан буцаж ирэх домог ажээ.

Оросын Алтайд монголын лам нар очдог тухай үнэн алдартны шашныг дэлгэрүүлэгчид анх Алтайд очсон цагаасаа тэмдэглэж, ховлож байжээ. Монголоос Чуйскийн хоолойгоор мөн Тарвагатай уулын талаас лам нар чөлөөтэй зорчдог тул үнэн алдартны шашныхан “Монголын ламаизмын аюулаас” эмээж “алтайчууд монголын лам нарт их зочломтгой бөгөөд сургаалыг нь таашаан сонсож, өвчин анагаах эм тан дуртайяа тэднээс авдаг” тухай олон гомдол дээшээгээ бичжээ...

Мөн, Евангелийн сургаалыг дэлгэрүүлэх явцад өмнөд хөрш Монголын лам нар багагүй саад болж байна. Есөн шидийн хутагт, хувилгаан, гэгээнтнүүд манай хилийг даван халимагуудыг Ойрадын хаан ирнэ гэж молигодон шашиндаа оруулж байна гэсэн утгатай нэг гомдол байхад, судлаач В.И.Верещагин “Монгол омгийн хүмүүсийн номлодог, Төвдөөс гаралтай ламаизм нь бүдүүлэг харанхуй ард түмэнд хажууд нь байхдаа ч гэсэн ичиж зовдог харийн оросуудын дэлгэрүүлж байгаа Христын шашнаас илүү дотно билээ” гэж бичжээ. Товчхондоо, Евангелийг дэлгэрүүлэгчид “хэрэв одоо л хатуу арга хэмжээ авахгүй бол алтайчуудтай нэг гарал үүсэл, хэлтэй, амьдрах ахуй, ёс заншил нэгтэй Монголын ламаизм бидэнд томоохон гай тотгор болно” гэж үзээд, тухай үеийн төр засагтаа сануулж байсан байх юм.

Алтайчуудыг Христын шашинд оруулахаар үхэн хатан зүтгэж байсан оросуудад Бурханизм нь “Монголын зүгээс заналхийсэн аюулыг” улам сануулж бажигадуулах нь ойлгомжтой. “Үнэндээ, энэ шинэ итгэл үнэмшил нь Буддын шашин мөөн” гэж Томский епархиальные ведомости сонинд бичээд “харин манай алтайчууд арай гүнзгий ойлгох болоогүй байна. Энэ итгэл үнэмшлийн ертөнцийг үзэх үзэл нь буддын шашных. Жишээ нь Ойрадын хааныг дахин ирэхийг хүлээнэ гэдэг юу гэсэн үг вэ? Хэрэв дахин төрөхөд итгэхгүй бол үүнд итгэх хэцүү шүү дээ. Одоо шинээр орогчид үүнийг ухаж ойлгохгүй байгаа боловч буддизмын метафизикад гүнзгий орвол тэндээс эд бүх зүйлийн тулгуурыг авах болно. Тэгсэн цагт манай алтайчуудыг Христод итгүүлэх бүр ч хэцүү болно” гэдэг дүгнэлтийг тэр цагт гаргасан байх юм.

Хэдийгээр Бурханизмын албан ёсны удирдагч нь ядуу малчин Чет-Челпан гэж үздэг ч—олон мянган хүний зуун зуунаар мөрдөж ирсэн зан заншлыг нь өөрчлөн удирдаж чадсан түүнийг—Теренгийн хөндийд болсон мөргөлийн жинхэнэ зохион байгуулагч нь биш гэж оросын судлаачид бичсэн байна. Чет-Челпаны ард тухайн үеийн алтайн баячууд байсан тухай Бурханизмыг анх судалсан судлаачдын нэг А.Г.Данилин дурджээ. Тэдний нэрсийг бичвэл: Манди Кульджин, Аргымай Кульджин, Кыйтык Елбудин, Сапок Баинкин, Кыргыз Саманов, Чапыяк Юдуев нар.

Эдгээр баячуудын ихэнх нь Монголтой худалдаа наймаа хийдэг, нягт сайн харилцаа холбоотой байж. Гол наймаа нь алтайн ангын үсийг монгол мал сүргээр солилцдог байж. Монголоос тэд мөн цай, торго давуу гэх мэт хятадын барааг бас зөөдөг байсан бололтой. (Буддын шашны эд зүйлсийг ч мөн орон нутагтаа авчирдаг байжээ.)

Кульджиныхан Монгол, Хятад, Төвд рүү бугын эвэр [маральих рогов] гаргадаг байсан гэнэ. Аргымай Кульджиныг угсаатан судлаач Л.Э.Каруновская: “Тэр шашны үнэнийг олохын тулд буддын шашны хятад, япон, төвд болон бусад олон ном уншсан. Монголын лам нартай олон удаа шашны асуудлаар ярилцаж хэлэлцдэг байсан” гэж өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Аргымай Кульджин ирээдүй хойчынхоо төлөө санаа тавьдаг, сургууль хүртэл байгуулж байсан байна.

Манди Кульджин ч мөн хойч үеийнхээ боловсрол, мэдлэгт санаа зовж соён гэгээрүүлэх үйлс хийж байжээ. Манди бусдаасаа илүү Монголын лам нартай холбоо сүлбээтэй байсан бололтой. Орост хувьсгал гарахад, 1919 онд Монгол руу нүүсэн гэнэ. Дам яриагаар бол, 1921 онд Монголд хувьсгал гарахад болж галзуурч, дөрвөдүүдийн дунд амьдарч байгаад үхсэн гэнэ.

Гэх мэт алтайн баячууд ямар нэг хэмжээгээр Монголтой холбоотой, Монголын Бурхны шашныг дэмждэг, шүтдэг хүмүүс байжээ. 1910 онд бурханчуудын урилгаар Улиастайгаас Алтайд нэг том лам ирж Кыйтык, Юстука, Улачи, Штопа, Марлушки гэх зэрэг ярлык-чи нарынд зочилсон тухай миссионерууд дээш ховлосон байна.

Үүний дараа Манди Кульджин, Кыйтик Елбудин нар Ховдоос Аксак-чодчи (тэдний дуудлагаар), Улиастайгаас Дондог гэдэг хоёр ламыг урьсан байна. Эдгээр ламыг алтайчууд маш зочломтгой хүлээн авч, бэлэг сэлт их өгчээ.

Мөн Чет-Чеплан, түүний өргөмөл охин Чугул, олонд алдартай бурханч Тырыем нар 1906 онд Монголд Цагаан нуурын хавьцаа нэг ламын гэрт хэсэг хугацаанд амьдарч байжээ. Энэ ламыг алтайчууд Гэгээн гэж дууддаг байсныг харахад том лам байсан бололтой.

Бурханчууд монгол лам нартай сайн харилцаа холбоотойгоос гадна тэднээс суралцдаг байсан талаар олон мэдээ сэлт байдаг аж. Нэрт алтай судлаач А.В. Анохин, ихэнх нь худалдаа наймаа хийнэ гэдэг халхавчин доор Монголд амьдрах хугацаандаа шинэ шашныхаа суурийг судалж, суралцсан нь гарцаагүй гэсэн утгатай зүйл бичсэн байна.

Дан бурханчууд биш, нийт алтайчууд Монгол руу олноороо явж мөргөл үйлдэж, Бурхны шашинд орж байсан нь тэдний нутагтаа авчирч үлдээсэн Буддын шашны судар, эд зүйлс давхар батлана. Жишээлбэл, 2002 онд Онгудайский районы Каракольский хөндийд чулуун дунд нуусан авдар олжээ. Түүн дотор торгонд ороосон төвд судар, хоёр очир, хонх (конк), эрх, ясаар сийлсэн хоёр арслан, Жавзандамба хутагтынх гэмээр хөрөг зэрэг бас бус бурханчуудын онцлогтой зүйлс байсан байна. Монгол бичгээр биш төвд бичгээр бичсэн судар байгаа нь үүнийг эзэмшигч жирийн нэг бурханч биш, харин нэлээн мэдлэгтэй, Монголд очиж буддын сүм хийдэд шавилан суусан хүн байсан болохыг харуулах аж.

Теренгийн хөндий бурханчууд цуглахаас өмнө алтайчуудын хөрш зэргэлдээ Монголын сүм хийдэд шавилан суудаг байжээ. Алтайчуудын дунд судурчы гэдэг Буддын шашны судруудыг уншиж, түүгээрээ мэргэ төлөг хийдэг бүлэг хүмүүс бий болсон байна.

Чет-Челпаны хажууд баячуудаас гадна Монголд олон жил амьдарч, Монголын Буддизмыг сайн мэддэг болсон Тырый Яшитов гээч товарищ байнга байсан тухай мэдээ сэлт бас бий гэнэ. Судлаачид, энэ нөхрийн бурханчуудын үйлсэд оруулсан хувь нэмрийг нэлээн даацтай гэж үзжээ. Тэрээр ярлык-чи нарыг жилд хоёр удаа уулзахад нь сургаж зөвлөдөг байсан байна. Үнэн алдартны шашныг дэлгэрүүлэгчид түүнийг “буддын шашныг гүнзгий ухамсарласан номлогч” гээд, түүний бидэнтэй харилцах нь эелдэг боловсон, номхон дөлгөөн жинхэнэ буддын шашинтны төрхтэй [в принципе буддийское: ласковость, услужливость] гэж тодорхойлсон байна.

Гэх мэтчилэн Бурханизм Монголоос гаралтайг батлах олон баримтууд буй бололтой... Ганцхан жишээ, Бурхныг (Буркан/Быркан/Пыркан) Ак Буркан (Цагаан) гэдгээс өөр Кок Буркан (Хөх) гэдэг байж. Бас Багша/Пагша гэдгийг нэмж хэлдэг байсан байх юм. Кулада тосгоны өвөгчүүд “Багша-Буркан баш болзын” (Бурхан багшдаа мөргөе) гэж олон янзын тохиолдолд хэлдэг байж. Найтаахдаа ч юм уу…

Өнөөгийн байдал
ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлснээс хойш алтайчууд, одоогийн ОХУ-ын бүрэлдэхүүнд багтсан бусад үндэстний адил угсаа гарал, шашин соёлын өвөрмөц дүр төрхөө сэргээн хөгжөөх эрмэлзэл дүүрэн байжээ.

Үндэсний шашин, соёлтой байх тэдний эрмэлзэл цэвэр алтай-кижигийн Бурханизмыг сэргээх нэг чиг хандлагыг бий болгосон бол Бурханизмыг судлах, танилцах явцдаа Буддын шашныг нээж Алтайн хязгаарт гэгээрэлд хүрэх зам мөрийг тавьсан нөгөө нэг чиг хандлага бас буй болжээ. Доор энэ хоёр чиг хандлагыг задлан үзнэ.

Хэдийгээр алтайчууд цөөхөн ч шашин, соёлоо сэргээн хөгжөөх олон чиглэлийн эрэл хайгуул хийхэд—Үнэн алдартны шашин, Бөө мөргөл хоёр хамгийн мэдээжийн сонголт байсан гэнэ. Гэхдээ тун цөөхөн хүмүүс Үнэн алдартны шашныг сонгожээ. Үндэсний сэргэн мандалтын хөдөлгөөнийхний хувьд бол Христын шашин “оросжуулах”, “үндэстний хувьд амиа хорлох шашин” тул үндэс, угсаагаа авч үлдэх зорилгод нь яавч нийцээгүй бололтой.

Харин Бөө мөргөл дахин сэргэхэд зураач Владимир Чекуева ба түүний хамтран зүтгэгчид их үүрэг гүйцэтгэж. Тэд Тэнгэр (Тенгре), Алтай (Алтай-Кудай/Бурхан-Алтай), Газар дэлхий (Двер-Суу), Умайд (Умай-эме) мөргөдөг аж. Ерөнхийдөө, монголын Бөөтэй адил бүх л уул ус, мод, гол горхи, байгаль дэлхийдээ мөргөдөг гэнэ. Тэд Чет-Челпаныг Хаант Оросын цагдаа нартай адил японы тагнуул гэж үздэг… Хэдийгээр Бөө мөргөл алтайчуудын уугуул шүтлэг ч Чекуевагийн шаманизмыг багашиг тооны алтайн сэхээтнүүд дэмжсэн гэнэ.

Алтайский Бурханизм гэдэг эрдэм шинжилгээний нийтлэлдээ Сергей Филатов цааш бичихдээ, өнөөгийн өрнөж буй сүсэг бишрэлийн хөдөлгөөн нь анх 1991 онд нийгмийн зүтгэлтэн, зохиолч Бронтоев Бедюровын алтайн сэхээтнүүдийг цуглуулж, хуралдсанаас хойш бүрэлдэж, олонд танигдаж эхэлсэн гэжээ. Энэхүү цуглааны гол зорилго нь үндэс угсаагаа хадгалж үлдэхийн тулд шашны харъяалалаа тодорхойлоход оршжээ. “Ард түмний хувь заяанд нөлөөлөхүйц геополитикийн шийдэл гаргах” анхны шашны харъяалалаа тодорхойлох оролдлого нь бөө бүхэн өөр өөртөө эзэн, зохион байгуулалтгүй алтайн Бөө мөргөл ард түмнийг нэгтгэх үүрэг гүйцэтгэх идеологи болж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүргэсэн аж. Харин Христын шашин, дээр дурдсан шиг, оросжуулах шашин тул амиа хорлохтой адил ажээ. Лалын шашин ч мөн “үндэстний соёлыг бүрмөсөн устгахаас” гадна “Казакстанаас довтлох сүсэг бишрэлийн дайралтыг гааруулах” [спровоцировать духовную экспансию Казахстана] аж. Тиймд тэд асуудлыг хэлэлцэх явцдаа “Хэрэв бид хөрш зэргэлдээ ард түмнээс ялгарах зохион байгуулттай догматик шашны байгууллагагүй [духовенством] бол үнэн алдартан, лалын шашныхан манай жижиг ард түмнийг уусгаж, үгүй болгоно” гэж үзээд санамсаргүй шахам Бурханизмыг сэргээх, алтайн гол шашин болгох, суурь чиг хандлага гаргажээ.

Зөвлөлт засгийн үед нийт алтайчуудын 26% дээд боловсрол эзэмшсэн байна. Эдгээр алтайчууд олон төрлийн дээд мэргэжил эзэмшихийн хажуугаар Оросын сэхээтнүүдийн үзэл бодлыг мэдэж, тэр дундаа рерихийн хөдөлгөөнийхөнтэй танилцсан байна. Төрсөн нутаг Алтайд нь, бүр тодруулбал, Уймонский хөндийн Усть-Кокса тосгонд Шамбалын орон бий гэсэн сургаалыг мэдээд Рерихийн Цагаан Бурхны элч—Ойрад гэдэг зургийг хаа сайгүй ханандаа өлгөдөг болжээ.

Николай Рерихийн үзэл бодол, гүн ухаан, сургаалтай танилцаж, судлах явцдаа өөрийн ард түмний итгэл үнэмшил нь оросын сэхээтнүүдийн дэвшилт үзэл санаатай нийцэж буйг мэдээд алтайн сэхээтэн залуус Буддын шашныг судалж эхэлсэн аж. Н.Рерих Бурханизмыг магтан дуулж, үүнийг Буддизм гэж үзсэн нь ч нөлөөлжээ. 1926 онд Төв азийн экспедицээр явж байхдаа Усть-Коксед Н.Рерих хоёр долоо хоног хоножээ. Одоо тийшээ Шамбалыг эрэгчид цуварч, нэг музей байдаг гэнэ. 1970-д оноос Рерихын сургаалыг дагагсад Алтай руу цувран Шамбалыг хайхынхаа хажуугаар алтайчуудын зан заншил, ардын мэргэн ухааныг сонирхсон нь алтайчуудыг өөрсдөө сүсэг бишрэлээ хайхарч, анзаарахад түлхэц болжээ.

Буддист бурханчууд pерихийн сургаалын тэдэнд их нөлөөлснийг хүлээн зөвшөөрдөг аж. Б.Бедюров гээч хүн “Рерихийн сургаалыг дагагчид бидэнд Буддын шашныг заасан” гэж Сергей Филатовт хэлсэн байна. Гэхдээ үндэстний шинж чанарыг төвийлгөх эрмэлзэлтэй буддист бурханчууд оросын рерихын нийгэмлэгүүдтэй, хэдийгээр ойр дотно харилцаатай ч нэгмөсөн нэгдэж бас чаддаггүй аж.

Буддист бурханчуудын лидерүүд Бурханизмыг Буддизм гэж үзээд, 1904 оныг Зүүнгарын улс мөхөснөөс хойш тасалдсан уламжлалт буддын шашинд буцаж орсон он гэж тайлбарлажээ.

1991 онд анхны буддын шашны нийгэмлэг байгууллагдан, уг хөдөлгөөний лидерүүд Далай Ламтай уулзсан байна. Далай лам Бурханизмыг “алтайн буддизм” гэж хүлээн зөвшөөржээ. Түүний төлөөлөгчид хэд хэдэн удаа Горно-Алтайскид ирсэн байна. Мөн гурван хүүхдийг Буриадын Ачинский дацанд сургахаар явуулсан байна. Харин Алтайд очсон буриад лам нар зохих хүндэтгэл үзүүлээгүй алтайчуудад нэлээн сэтгэл дундуур буцсан бололтой.

Үүнээс гадна (Япон хааныг хүлээж байснаас болоод ч тэр үү) “үндэстний итгэл үнэмшлийг” (синтоизм) багтааж, мөн буддын шашинт улсууд дотроос хамгийн хөгжсөн улс тул Японы Буддизм алтайчуудын сонирхолыг их татсан бололтой. Япон лам Дэюнсэй Тэрасаво Алтайд хэд хэдэн удаа айлчилж, 1992 оноос Бадамлянхуан судар гэдэг сангхаг толгойлох болжээ. Тэрээр Горно-Алтайскийн нэгэн уулан дээр хэдэн сар бясалгал хийсэн байна. Гэхдээ Петербургын дацангын оросын лам нартай алтайн буддистууд бусдаас илүү дотно харилцаатай гэнэ. Дөрвөн хүүхдийг маш идэвх, санаачлагатай петербургын дацанд сургахаар явуулжээ.

Буддизм—сөрч, өрсөлддөггүй шашин болохоор, алтайн сүсэг бишрэл: Алтай-Кутайд мөргөх нь Буддизмд багтаж, шингэх боломжтой тул, мөн байгаль орчин, үндэстний зан заншлыг хүндэлдэг тул (алтайчууд экологийн буддизм гэдэг хэллэгийг ч хүртэл бий болгосон байна) Буддын шашныг сонгосон гэж буддист бурханчуудын лидерүүд хэлдэг гэнэ. Алтайчууд буддын шашинтан болохыг эрмэлзэж буй ч ардын итгэл үнэмшлээсээ татгалзахыг хүсэхгүй байгаа ажээ. Буддын шашны нийгэмлэгүүдийн лидерүүд нирван хүрэхийг хүсдэггүй, хойд насанд итгэдэггүй гэж өөрсдөө хэлсэн ч нэг л зүйлд харин бат итгэлтэй байдаг гэнэ: Буддизм алтайн ард түмнийг оросуудад уусахаас аварна гэж. “Бид биш гэхэд бидний хүүхдүүд нирван болохыг хүснэ”.

Хэдийгээр Бөө мөргөлийг сөрч гарч ирсэн боловч Сүүн шүтлэгт, Хар шүтлэгээс олон зүйл нэвтэрч орсон бололтой. Нэгдүгээрт, бөө нар Бурханизмд орж, шинэ шашны “дээвэр доор” хуучин сүсэг бишрэлээ хадгалан үлджээ. Хоёрдугаарт, уламжлалт ардын зан заншил, итгэл үнэмшлийн нэрийн доор эргээд, хэдийгээр Бурханизмаас Буддын шашинд шилжиж байгаа ч, Хар шүтлэг буюу Бөө мөргөл Бурханизмын нөлөөнд сэргэж байгаа бололтой. Учир нь алтайн Буддист бурханчуудын ганц зорилго бол үндэс угсаагаа аварч үлдэх билээ. Мөн алтай-кижигийн үндэстний шашныг буй эрмэлзэлтэй хүмүүс бурхныг Монголтой хамааруулахгүй байгаа бололтой…

Дүгнэлт
Энэхүү ээдрээ, зөрчилтэй үзэгдлийн өнөөгийн байдлыг дүгнэж зүрхлэлгүй дутуу орхиод хэдхэн зүйл хэлэхэд…

Шашны зарим үүрэг зорилго—тэр тусмаа Монголын Бурхан шашны—Бурханизмын түүхээс тод харагдана. (Хэдийгээр Алтайд бурхан дутуу төрсөн гэлээ ч.)

Монголын эцсийн соёлын экспанси/довтолгоо гэж нэрлэж болох энэхүү үзэгдэл, монголчууд Буддын шашинд нэгмөсөн орсон нь манжууд маниусыг мангартуулсан биш харин цэргийн хүч буурч, эрх мэдлийн төлөө тэмцсэн, омог болгон өөрийн уулс ус, мод чулуунд мөргөдөг, нутаг аймгаар хуваагдсан нүүдэлчид “ард түмний хувь заяанд нөлөөлөхүйц геополитикийн шийдэл гарган” Бурхан шашны доор нэгтсэн үйлдэл байжээ гэдгийг, мөн харанхуй буурай нүүдэлчдэд Буддизм Бурхангүй бол түгэхгүйг бас батлана...

Ганц асуулт! Чухам яагаад 1904 онд, хэрэв ойрадууд үндэс угсаагаа авч үлдэхийг хүссэн л юм бол, үеэс үед шүтсэн Бөө мөргөлөө өргөмжлөн шүтэлгүй, Бурханизмыг үүсгэж Бөөгийн эсрэг “дайн зарлаж” эцэг өвгөдийнхээ (Чингэс хааны!) шүтэж байсан шүтлэг, мөргөлийг Оросын цагаан хааны ивээлд ортол мөшгиж, шахаж хавчсан юм бэ? (Бүр зарим Бурханизмыг монотеизм гэж үздэг бурханчууд Бөө нарыг Христын шашинтангуудаас дорд үзээд, Христын шашинтай алгуур ижилсэн, икон гэртээ тавьдаг байжээ. Яагаад?)

Эдийн засаг, улс төр, Монголын хатгалгыг энд орхиод зөвхөн үндэс угсаагаа үлдээх гэсэн ойрадуудын эрмэлзэлийг хөндвөл дээрх асуултанд ганц хариу бий: Христын шашин дэлгэрч, оросжиж эхлэхэд хоцрогдсон буурай Бөө мөргөл мөхөлд хүргэх аюултай тул Үнэн Алдартны шашныг сөрч зогсож чадах, дэвшилд идеологи, шашин зайлшгүй шаардлагатай болж. Бараг зуун жилийн дараа ерөөд оны өөрчлөн байгуулалтын үед “необходимостью принимать геополитические решения, могущие повлиять на судьбу народа”, гэж тодорхойлоод хуралдахад нь хүртэл Бурханизм ганцхан сонголт байсан нь нэгийг хэлнэ. (Далайд живэх мэт барьцгүйдэхэд нь БУРХАН гэдэг монгол үг Буддизмд амлуулж түүхэн үүргээ гүйцэтгэжээ.)

Гэхдээ, Бурханизм алтайчуудыг шашин, идеологи болж оросжихоос хамгаалж чадах уу? (Сергей Филатов Бурханизмыг [алтайчуудын] шашинтай болох гэсэн мөрөөдөл, шашны хий үзэгдэл гэжээ.) Бурханизмыг сэргээхэд Монголын Бурхан шашин чигчий хурууны ч нэмэргүй байсан шиг үндсэрхэг үзэлтнүүдийн бий болгох “алтайн цэвэр шашин”, “цэвэрших” тусмаа, Сергей Филатовын бичсэн шиг, хөрш зэргэлдээ улсуудаасаа зээлдэх хэрэг гарч, тэгэх тусмаа оросын нийтийн соёл, оросын new age, оросын рерихын хөдөлгөөнийхөнд автан оросжих болно.

Харин баруунаас ирэх Буддын шашны давалгаанд автан Бурханизм Бурхангүй Буддизм болон хувьсаж чадвал оросын соёлыг сөрөлгүй, түүнээс төлжсөн, түүнийг төлжүүлсэн гэгээрсэн, соёлтой, дэвшилт ард түмэн Алтайн хязгаарт буй болно...

Х.Эрдэмбилэг
2009 оны 10 сарын 17-ны 16.50 цаг…


Эмхэтгэж бичсэн орос материалууд.
Бурханизм: североалтайский периферия, Д.В.Арзютов http://web1.kunstkamera.ru/siberia/Texts/Arzyutov-Burkhanizm.pdf
Алтайский Бурханизм, Сергей Филатов http://www.archipelag.ru/authors/filatov/?library=1828
Бурханизм – новая духовная доктрина Алтая, И.А.Жерносенко http://mustagclub.ru/blog/burhanizm_doktrina_altaya/
Ойрат-монголы http://www.hamagmongol.narod.ru/oyirad/index_m.htm
Бурханизм. Движение бурханистов на Алтае в 1904 - 1905 г., Екеев А.А.
http://studlib.ru/article/a-1051.html
Влияние монгольского буддизма на формирование и развитие бурханизма на Алтае, В.К.Косьмин http://www.bestreferat.ru/referat-92453.html

Saturday, 17 October 2009

Бурханизм (зургууд)



Зургийн тайлбар:
Цагаан бурхны элч Ойрад, Н.Рерих. 1924 он
Чет-Челпан эхнэрийн хамт
Монголоос авчирсан судар
Бурханчуудын мөргөлийн газар
Бурханчуудын эд зүйлс
Өнөө цагийн алтай кижи-үүд

Tuesday, 22 September 2009

Ном зарж байна

Ном зарж байна. Туранхайвтар, цагаан хавтастай, нүүрэн дээрээ Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд гэж дээр нь бичээд, доор нь Х.Эрдэмбилэг гэсэн бичигтэй ном зарж байна. Лондонд цагаан марлборо блок нь 25 паунд бол (Монголоос авчирсан нь, хэрэв дэлгүүрээс авбал зүүдлээгүй их үнэтэй байх нэг хайрцаг нь бараг 6 паунд байдаг тул), миний энэ ном үүнээс бараг гурав дахин бага үнэтэй. Хэрэв та ном авахыг хүсвэл 07898746671 тоот утсаар холбогдож, эсвэл миний имэйл рүү захиа бичээрэй. ebi21@hotmail.com
Харин Монголд маш хямдханаар та 3, 4-р хорооллын Мир, Ачлал, Эрдэм, Билиг зэрэг дэлгүүрүүдийн номын тасгуудаас аваарай. Их дэлгүүрийн Интер номын дэлгүүрт ч удахгүй тавина.
За тэгээд номоо аваад санал хүсэлтээ хэлээрэй.

Sunday, 26 July 2009

Пөөх, Паах, Пээх... Ёох...

—Эрдэм алтан медалтай төгссөн хүн шүү дээ, би!
—Пөөх!
—Бас авъяас алтан медалтай!
—Паах!
—Хими, физик, тоогоороо эрдэм алтан медал аваад, сагсан бөмбөгөөрөө мундаг байсан болохоор арван жилээ төгсөхдөө авъяас алтан медал авсан.
—Пээх!
—Намайг чинь манай сургуулийн бүх багш нар булаацалддаг. Багш болгон олимпиадад бэлдэх гээд л гуйгаад, сургуулиа төгсөөд химиэр яв, физикээр яв, бие тамирын багш болохоор сагсаараа яв гээд л гуйгаад байдаг байсан.
—Ёох! Aлчих юм аа чи!...Чиний тухай тэгвэл бичнээ...
—Тэгэхгүй юу? Та тэгэхдээ өөрийгөө бас бичээрэй. Хамуутай юмшиг шилбээ маажаад л...
—За, за, за.... Ийнхүү маягаар Минжээ бид хоёр наадмын өмнөхөн нэгэн паабанд ярилцаж суулаа. Их халуун өдөр байсан тул би шоорт өмссөн байв. Тэгээд пөөх, паах, пээх...ёох гэсээр би нүцгэн шилбээ маажиж зөөлөн буйдан дээр сууж байсан юм.
—Бичсэнийг нь уншихаар нүд бүлтийлгэж, ам ангайлгачихдаг байж, уулзахаар маанаг хүн шиг ёох, ёох алчих юмаа гэхээс өөр юм хэлдэггүй хүн байна ш дээ.
—Хэхэхэ...би ярихдаа муу—
—Тэгвэл бичээрэй
—За
—Эсвэл ах жаахан бишүүрхээд байна уу? Анх уулзаад жаахан бишүүрхээд байх шиг байна даа, тийм үү?
—Хм...
—Ахаар жаахан юм яриулья гэсэн чинь, би л яриад байх юм. Жаахан бишүүрхээд л байх шиг байна даа...
—Хэхэхэ...
—Би уул нь таньтай уулзаж монголын нийгэм, улс төрийн талаар жаахан ярилцъя гэсэн юм.
—Яая!... Алчих юмаа! гээд би толгойгоо маажтал ширүүн харцтай тулгарав!
*
Тэр өдөр над руу Минжээ залгаад уулзая гэхэд нь би шууд за гээгүй юм. Бараг танихгүй жаахан охинтой чинь би юу ярих билээ дээ.
—Үгүй ахын дүү, ах нь жаахан завгүй байна гэтэл
—Би таньтай өнөөдөр л уулзая гэсэн юм. Гэж нэлээн гомдонгуй хэлэх шиг болоход нь бас айлын охиныг гомдоочих юм болов уу гээд уулзсан маань энэ. Очоод уулзтал тэр гялалзсан хар гутал, шугам шиг индүүдсэн хар өмд, офиссын шоотой цамц өмссөж, лаг чамин бугуйн цаг зүүж, лаг гоё үнэртэй ус ханхлуулчихсан зогсож байдаг юм байна. Хамуутай нохой шиг хувцасласан өөрөөсөө би ичсэн гэж. Энэ хүүхнүүд үү киноны баатар шиг, эршүүд хоолойгоор:
—За та сайн байна уу? гээд Минжээ гараа сунгахад нь би:
—За сайн гээд, гялс гараа сунгаад, гялс буцааж авлаа.
—Хоёулаа ийшээ зугаалах уу? Гараа тосон заагаад, Эсвэл нэг газар орж суух уу? гэж байна. Нэг газар орж сууя гэж би дуун дээр нь хэллээ.
—Тэгвэл би ийшээ гэр лүүгээ ороод мөнгөө авчихаад гараад ирье
—Өө тэрэнд санаа зоволтгүй. Ганц ганц пийв уухад ах нь даачихна гэтэл:
—Ганц ганц болохоор нь дааж байгаа юм уу? гэж байна.
—Хэхэхэ... Ямар хэгжүүн охин бэ гэж би дотроо бодов.
*
Пийв уунгаа ярилцтал Минжээ нэлээн айхтар, эрдэм номын араас явсан охин болох нь илтээ. Бизнесын чиглэлээр суралцаж байгаа, бас part-time-аар нэг офисст ажилладаг тун сүрхий охин аж. Мөн 8 сарын 5-наас Shepherd bush-ын Argos-ын хажууд Лхагва, Пүрэв гарагт ажилладаг монгол хоолны зоогын газар ажиллуулах гэж байгаа гэнэ. Тэнд нь үйлчлүүлэгчид нь гаднаас архи, дарсаа авч орж болох юм гэнэ.
—Ах Хамбын араас чулуу шидээд л гэхэд нь би түүнийг надтай яагаад уулзсан болохыг таасан юм. Тэрбээр өөрийн блогтой юм байна.
—Надад сайхан санагдсан болохоор би бусадтай хуваалцая гээд одоо нэг ном орчуулж байгаа. Түүнийгээ блог дээрээ тавьдаг. Нэр хүнд, карьер хөөсөн юм байхгүй ээ дүү чинь...
—Ёоё...
—Уншсан хүмүүс хоосон магтахаас биш, ганц ч олигтой шүүмж бичихгүй шүү.
—Паах... Чи одоо хэдтэй билээ?
—Хорин хоёртой, хорин хоёр ч бараг хүрээгүй яваа хүн шүү дээ би чинь... Пөөх...хорин нэг... Одоогийн бацаанууд аймаар сүрхий юмаа...

Салахдаа тэрээр эр хүн шиг гар барьснаа:
—Ахтай би л эхэлж утасдаж, уулзъя гэхгүй бол ах ямар надтай уулзах биш дээ гэнэ байна.
—Хэхэхэхэ... I felt very privileged.
*

Гэртээ ирээд Минжээгийн блогоор орж орчуулгыг нь үзэж сонирхов. Үнэхээр надад хэлэх алга—алчих юмаа, лаг юмаа гэхээс өөр... Хорин нэгэн насандаа би чинь яаж хүн цохиж унагах вэ гэж өдөр шөнөгүй бодож, айлын охиныг орцонд хоргоон айлгаж зогссон болохоос англи хэлнээс ном орчуулах нь байтугай а, б-гүй явлаа шүү дээ...

Хэрэв Минжээ надаас зөвөлгөө авъя гэж байгаа бол би түүнд бичээд, орчуулаад л бай гэхээс өөр юу хэлэх вэ дээ. Байнгын давталт л чухал. Хэн нэгнээс сайшаал, урамшуулалт хүсэлгүй, давтаад байхад л болчих юмшиг байгаа юм. Ер нь тэгээд зүгээр суухаас зүлгэж суу гэдэг шиг нэгэнт л орчуулаад эхэлсэн юм чинь би-гээ тоож хэнхэг болж, шатчихгүйхэн шиг зүтгүүлээд байхад л болно.

Харин гадаад хэл сурах тухай бол надад нэг үнэмшил байдаг: эх хэлээ зэрэг хөгжүүлвэл саад биш түлхэц болно гэж. Мөн гадаад хэлийг сайн сурвал төрөлх хэлээ эзэмших чадвар ч гэсэн цаагуураа хөгжөөд байдаг юмшиг ээ. Тэртэй тэргүй тархи нь ганц юм чинь, аргагүй ч юмуу. Англи хэл сурахдаа монголоор яаж хэлвэл зүгээр үү гээд л бодоод явбал цаагуураа хөгжөөд байдаг юмшиг.

Би заримдаа ингэж боддог юм гадаа хэлийг төрөлх хэл шигээ, төрөлх хэлээ гадаад хэл шиг шамдан сураад эхэлвэл жинхэнэ хос хэлийг эзэмшлээ гэж хэлж болох юм гэж... (Гадаад хэл сурчихаад, монгол хэлээ мартчихвал, нэгийг нөгөөгөөр солиод ямар тус байх билээ. Ажиглаад байхад манайхан ингэж их алддаг.)

Бичгийн монгол хэлийг эзэмшсэн байхад, гадаад хэл сурсантай л адилхан. За босоо монгол бичгийг уншаад, бичээд сурчихсан байхад ч жинхэнэ гайхамшиг. Даанч би чадахгүй л дээ.

Би бол англи хэлийг сайн сурч чадаагүй. Жаахан уншиж сураад л, шууд л том том номууд бариад хүчиндээд эхэлсэн. Гэхдээ дандаа нэг чиглэлийн олон ном уншсан нь ойлгоход дөхөм болсон. Мөн кассеттай номнууд их уншсан маань чихний бөглөө жаахан онгойлгосон. Харин би бичих дадлага хийгээгүй зөвхөн уншсан болохоор тэр тал дээрээ муу. Одоо жаахан бичдэг л болмоор санагдаад байгаа юм даа. Уг нь энд гурван жил болоод гэв гэнэт л би цоороод англиар шүлэг бичээд эхэлсэн юм. Гэтэл нэг л өөртэй итгээгүй юу? Эсвэл үндсэрхэг зан маань хөдөлсөн үү? Чи англиар бичээд хаа холдох юм бэ? гээд бодсон чинь татарчихсан. (Тэгэхээр энэ бас сэтгэлзүйн асуудал байж таарна.) Уул нь тэр эрчээрээ л яваад байсан бол англиар шүлэг бичиж гавьдаггүй юмаа гэхэд бичгийн хэл маань сайжрах байсан даа...

Үүнтэй адил орчуулга хийж эхэлсэн хүн бол эргэлзэлгүй зүтгээд л бай. Алдаа дутагдлаас айвал хөгжихгүй. Харин ч алдаагаа харах тусмаа баярладаг, би хөгжиж байна гэж бодвол улам л сайжирна л даа... Нээрээ японы нэг каратэ хэлсэн байдаг ш дээ. Хувьсахгүй бол ухралт гэж. Би энэ үгийг байнга л оролдлого хийх нь зүгээр сууснаас л дээр гэж тайлбарладаг юм... За, за нэг иймэрхүү, дутуу орхисон яриаг гүйцээхэд...

2009.07.25
23.01

Tuesday, 7 July 2009

Сайн үйлсийн зар

“Эрдэм Mэдлэг, Үлгэрийн Ордон” Төсөл
Монгол дахь Хүүхдийн Эмнэлгүүдийн сургалт болон тоглоомын өрөөнүүдийг тохижуулах, эмчлүүлж байгаа хүүхдүүдийн оюун санаанд хувь нэмэр оруулахаар Их Британи Улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд та бүхнээс хэрэгцээ хангахуйц илүүдэл хүүхдийн тоглоом, ном, хувцас, CD, DVD, кассет, хичээлийн хэрэглэл болон мөнгөн хандиваар хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Их хэмжээний ачааг хаягаар очиж авна.
Идэвхитэй оролцсон хүмүүсийн овог нэрийг тохижуулсан өрөөний талархлын самбарт тавих болно.
Та бүхнийг энэ ариун үйлсэд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.
Төслийг хэрэгжүүлэгчид: Одонгэрэл утас 07766588058, Эрдэнэтуяа утас 07914000791, Отгонбаатар утас 07534960202 Мандахцэцэг утас 07518116446, Энхбаатар 0097696685479, Цэрэнчимэд 0097699993308
Төслийг хэрэгжилтийг www.orloo.com/84600 Бүтээлч 3алуус http://www.mongolchuud.co.uk/ тавигдана.

Monday, 6 July 2009

Хөлбөмбөг, теннисны тэмцээний зураг

Зуны нарлаг өдөр 7сарын 5нд. Энэ жилийн наадмын хүрээнд хөлбөмбөг, ширээний теннис, сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдож өнгөрлөө.

Хамгийн ганган шар хувцастай Лондонгийн баг. Арга ч үгүй юм. Жинхэнэ Челсийгийн бэлтгэлийн хувцасыг авчираад өмсчихсөн юм чинь. Тоглочихоод угаагаад, буцаагаад тавьчих юм чинь яадаг юм. Ажил, амралтаа ингэж л зохицуулах хэрэгтэй дээ.
Манчестерийн баг Лондонгийн хөгшчүүлийг ялсан ч хөвгүүдэд ялагдав. Тэгэхдээ цоглог залуус шүү.
Цагаан хувцастай ялсан бацаанууд










Хөлбөмбөгийн тэмцээний заменээр ирсэн Малыш, теннис тэмцээн болж байгааг дуулаад шагайгаад ирье гээд явахад нь би цугтаа очлоо.




Шагайх гэсэн хүнийг энд тэндээс тоглоё, тоглоё гээд хүмүүс гуйгаад, мэргэжлийн өвчнийг нь хөдөлгөв.









Цагтаа японы шигшээгийн 2т байсан, мэргэжлийн тамирчинтай, Монгол улсын олон удаагийн аварга мастер Ма цохиж гарлаа. Том гэдэстэй ч зогсолт, хөдөлгөөн, мэдрэмж, техник нь харагдаад байгаа муу Ма-гаараа би чинь бахархлаа.













Энд алдсан ч Малыш ялсан. Сурсан юм гэдэг сайхан юмаа.






Шагайгаад ирнэ гэсэн хүн чинь аварга болоод хөлбөмбөгийн тэмцээн үзүүлсэнгүй. Төгсгөлд нь ирлээ.



Тэмцээний дараа...