Tuesday, 25 November 2008

Бороо цутгасан намрын өдөр

Бороо цутгасан намрын өдөр
Бүүвэйлж л сууна даа, аав нь хүүгээ
Хуучин зураг адил дүр минь "бүдгэрэхэд"
Хүү нь аавыгаа дурсах л байх даа.

Намрын уйтай бүрхэг өдөр
Нярай хүүгээ ээж нь хөхүүлнэ.
Навчис шарлан он жил улирахад
Хүү нь ээжийгээ санах л байх даа.

Алсаас дэгдэх арвин үйлс
Аяны зам дээр хүүг минь угтана.
Ангаахай насаа ардаа орхичхоод
Аав, ижийгээ бодох л байх даа.

2005.09.15


Багын найзуудад

Зан зангаа авалцан
Салж нийлэн үерэхсэн
Насан багийн андууд минь
Наддаа олдохгүй эрдэнэ.

Инээд нулимсаа хуваалцан
Өсөх насанд тоглосон
Балчир үеийн найзууд минь
Бодлоос салахгүй гэгээ.

Тэртээд хоцрогдсон дурсамжыг
Тээж явдаг андууд минь
Нутгийн борхон чулуу шиг
Сэтгэлд нэг л өег.

Хэлд орохдоо л нэрийг нь
Хэлж заншиж сурсан
Хэдэн муусайн найзууд минь
Хол байсан ч бодогдоно.

Аав, ээжид минь загнуулж
Ах, эгчид минь зэмлүүлсэн ч
Надаас ерөөсөө хөндийрөөгүй
Нусгай хэдэн нөхөд минь.

Эрийн цээнд хүрсэн ч
Эргэж дотогшлон үерэхмээр.
Монгол эрсийн чанартай
Миний мундаг найзууд.

Аавууд бүгд болсон ч
Алдаагаа ерөөсөө гээгээгүй
Алсаас утасдах тоолонд
Алаг зүрхийг догдлуулсан.

Ээжтэй, аавтай минь мэддэг
Эгчтэй, дүүтэй минь санадаг.
Энхрий багийн андууд минь
Эрх дураараа жаргацгаая.

2003.12.03

Thursday, 20 November 2008

Салалт

Баяртай гэхэд
Нэг эс үхнэ.
Эргэн харахад
Хоёр эс үхнэ.
Санаа алдахад
Гурван эс үхнэ…

Дэлбээлсэн цомирлог
Хумигдан,
Бүрхэг тэнгэр
Бүр барайн,
Бороо шаагих
Түргэсэн,
Гудамжны шуугиан
Улам чангаран,
Санаа алдах ч зайгүй
Бяцхан бүсгүй
Сүүдэрт уусна…

Наалинхай инээмсэглэл,
мөчийн дотор
бороонд цохиулан
замхарахад – алсад
бүгсэн, танихгүй
бүсгүй, сүүдрээс
тасран бүрэлдэнэ.
(хуурай нүдтэй,
цонхийсон царайтай,
ганцаардлыг тээсэн
халдвар тараагч)…

Баяртай гэхэд
Нэг эс үхнэ.
Эргэн харахад
Хоёр эс үхнэ.
Санаа алдахад
Гурван эс үхнэ…

2004.01.21-31

Лондон зүлэг

Дөрвөн
Улирал,
Нэг өдөр
Багтана.
Хавар, намар
Зун, өвөл
Араа солилгүй
Урсана.
Намар
Хагдарсан
Навч,
Хавар гудамжинд
Тэнүүчилнэ.
Өвөл
Өнжсөн
Өвс
Өөрийн
Үхлийг таана.
Шинэ оны
Өглөөг
Чийгтэй,
Чичрэн
Угтана.
Ширхэг өвс
Шарлахад
Дусал нэмэр
Үгүй.

2005.01.09


London grass

Four seasons
In a day.

Winter, summer,
Spring, and autumn
In one shot.

Last year’s
Leaves still
On the street.

A winter surviving
Grass
Guesses his
Dead.

At charismas eve
Wet and frozen.

A grass is
Gone
Can’t help
At all.

09.01.2005


Чи бид хоёр...

Чи бид хоёр
Саяхан учирсан
Шинэхэн амрагууд,
Одоо дөнгөж хавар цаг
Удахгүй зун болно.
Тэгээд намар болно.
Навчис шарлаж,
Салхи салхилна.
Дараа нь өвөл болно.
Амьдрал үргэлжилнэ.
Би чамд дуу дуулж өгнө.
Чи дуулж яваарай.
Би чамд
Орчлонг бэлэглэнэ.

Сэрүүн намрын үдэш
Сэгэлзэж найз нь гунивал
Намуун үгсээр энхрийлж
Намайг чи эрхлүүлээрэй.

Өвлийн урт шөнө
Урин хаврыг мөрөөдвөл
Урт хар гэзгэндээ
Умбуулж намайг нойрсуулаарай.

Урин хаврын цагт
Уйлаад дуулаад эхлэхэд минь
Уйлаад хайлаад чи минь
Урсгал дөлгөөн мөрөн болоорой.

Бороотой зуны үдэш
Бодол санаа минь уймарвал
Булбарай зөөлөн уруулаараа
Бодлыг минь чи сарниулаарай.

Чи бид хоёр
Саяхан учирсан
Шинэхэн амрагууд,
Одоо дөнгөж хавар цаг
Удахгүй зун болно.
Тэгээд намар болно.
Навчис шарлаж,
Салхи салхилна.
Дараа нь өвөл болно.
Амьдрал үргэлжилнэ.
Би чамд дуу дуулж өгнө.
Чи дуулж яваарай.

1994.