Thursday, 30 October 2008

Хvн зєв тєлєвшинє гэдэг нь яахын нэр вэ

Огноо: 2008-10-30 09:29:21
Хvнийг зєв тєлєвшvvлэх, "хvн шиг" хvн болгох талаар нэг vеийг бодоход ярих болж байна. Энэ тун сайшаалтай. Ингэхийг чухам єнєєгийн нийгмийн нєхцєл байдал шаардаж байгаа юм..

Бид ингэж яриад зогсохгvй, цаг алдалгvй дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Долдугаар сарын нэгний айхавтар vйл явдлын дараагаас хэн буруутан болох, хэрхэх талаар ярьж, буруутныг олох гэж зvтгэцгээж байна. Цагдаагийнхны хvчин чадлыг нэмье, бамбай дуулгыг нь сайжруулъя, чадалтай зэвсэг хэрэгслээр хангая гэж ч ярьцгаасан. Харин хvний мєс чанар муудаж, жудгаа алдаж, "хvн биш" хvн олширч байгаа талаар, vvний шалтгаан нь юу болох, монгол хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх талаар бараг ярихгvй байна. Долдугаар сарын нэгнийх шиг vйлийг зєв хєгжилтэй, боловсролтой, соёлтой, зєв хvмvvжсэн, ёс суртахуунлаг хvн хэзээ ч vйлдэхгvй. Иймийн учир хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх, яаж хvн шиг хvн болгохыг ярихаас аргагvй, багш, сурган хvмvvжvvлэгчид, эцэг эхчvvд энэ талын мэдлэгээ дээшлvvлж, боловсрол эзэмшихээс ч аргагvй болж байна.

Хvний тєлєвшлийн асуудал нь хvнийг тєлєвшvvлэх, хvн єєрєє єєрийгєє тєлєвшvvлэх гэсэн хоёр талтай бєгєєд тухайн хувь хvн єєрєє тєлєвшилд онцгой vvрэг гvйцэтгэх ёстой. Ялангуяа нас биед хvрсэн хvний хувьд хэн намайг тєлєвшvvлэх юм бол гэж хvлээн суух нь зохисгvй юм. Хvн тєлєвших нь урт хугацаа шаардсан, тєвєгтэй vйл явц. Хvн насан туршдаа тєлєвшинє. Сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих явцдаа олж авсан бие, сэтгэл, оюуны ололт дэвшлvvдээ удаа дараагийн vйлдлээрээ дадал зуршил болгон эзэмшиж авахыг хvн тєлєвших vйл явц гэж тодорхойлж болох юм. Хvн сурсан сайн бvхнээ, зєв хєгжлєє, эзэмшсэн боловсрол, соёл, хvмvvжлээ тєлєвшvvлнэ. Хvний уураг тархин дахь 13 тэрбум гаруй эд эсийн ердєє 100 сая орчим буюу долоо, наймхан хувь нь л байнга ажилладаг бєгєєд vлдсэнийг нь бид ашигладаггvй. Энэ нь бидэнд сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих физиологи vндэс хангалттай байгааг харуулж байгаа юм. Хvн нэн тvрvvнд єєртєє тєлєвшvvлэх зvйлс бол сурсан сайн бvхэн, зєв хєгжил юм. Эдгээр нь хоорондоо салшгvй холбоотой. Сурах нь чаддаггvй зvйлээ чаддаг болох явдал бол хєгжих нь сурч олж авсан чадвараа нэмэгдvvлэх, дадуулах vйл явц юм. Хvн тєрсєн цагаасаа л аливаад суралцаж, тэр хэрээрээ чадваржин хєгжиж байдаг. Хvн зєвхєн сайныг сурч, зєв хєгжиж байж жинхэнэ хvн болж чадна.

Хєгжлийнхєє сєрєг муу талыг гээж, эерэг сайн талыг улам баяжуулан бэхжvvлж хvн дэвшилд хvрнэ. Чухам энэ утгаар нь хєгжил, дэвшил гэсэн хоёр vгийг хамт хэрэглэдэг. Хєгжиж дэвшихэд боловсрол, соёл, хvмvvжлийн тєлєвшил ихээхэн нєлєєтэй. Хvний цогц хєгжлийг бие, оюун, сэтгэлийн аль нэгний нь хєгжил vгvйгээр тодорхойлох аргагvй. Амьдралынх нь туршид бие махбодод нь гарч буй эерэг єєрчлєлтvvдийг хvний биеийн хєгжил гэдэг бол танин мэдэх vйл ажиллагааны дvнд хvний мэдэх, таних, ухаарах, сэтгэхэд тєдийгvй таньж мэдсэнээ илэрхийлэх чадвар болох сэтгэхvй, сэтгэлгээ, чадвар, дадалд гарч буй ахиц дэвшлvvдийг оюуны хєгжил гэж тодорхойлдог. Хvний цогц хєгжлийн нэг чухал бvрэлдvvн хэсэг нь сэтгэлийн хєгжил. Сэтгэл нь хvн гадаад болон дотоод ертєнц, тvvнчлэн єєрийн дотоод мєн чанараа таниж мэдэх, ухаарах чадвар юм. Эдгээр чадвараа дадуулах замаар хvн сэтгэлээ хєгжvvлнэ. Єнєєгийн бид материаллаг хєгжилд ихээхэн ач холбогдол єгч, тvvнээс эрхэм зvйл vгvй мэт туйлширч байна.

Хvнийг хvн шиг хvн, нийгмийг нийгэм шиг нийгэм болгох зvйл нь ганц хєгжил биш, тэр тусмаа материаллаг хєгжил бvр ч биш, харин сэтгэлийн боловсролыг дээдэлсэн цогц боловсрол, соёл, хvмvvжил, ёс суртахуун гэдгийг ухаарах цаг хэдийн болжээ. Хєгжил нь хуримтлуулсан эд баялаг, сvндэрлvvлсэн барилга байшин, гудамжаар сvлжилдэх машин тэрэг биш, харин улс орны зєв тєлєвшvvлсэн, єєрєєр хэлбэл сэтгэл, оюуны хувьд зєв хєгжсєн хvмvvс юм. Хvнд тєлєвшvvлэх ёстой дараагийн зvйл бол боловсрол. Ємнєх нийгмийн тогтолцоонд боловсролыг мэдлэг, чадвар, дадал эзэмших vйл явц, тvvний vр дvн гэж vзэж байсан бол єнєє vед хvн бvх талаараа зєв хєгжиж, соёлжиж тєлєвших vйл явц, тvvний vр дvн, оюуныг сэтгэлжvvлж, сэтгэлийг оюунжуулсны vндсэн дээр хvнийг оюун, сэтгэлээр нь хvн болгох vндэс гэж vзэж байна. Оюуны боловсрол нь биеийн болон сэтгэлийн боловсролын vндэс. Оюуны боловсрол нь олон талт мэдлэг, тvvнийг амьдрал, ажил хєдєлмєртєє бvтээлчээр хэрэглэх чадварын нэгдэл юм. Сэтгэлийн боловсрол бусдыг хайрлах, хvндэтгэх, єрєвдєх, энэрэх, уучлах, туслах зэрэг сэтгэлийн эерэг vйлvvдээр илэрнэ. Сэтгэл хэмээх зvйлийн мєн чанарыг танин мэдэх, єєрийн сэтгэлийн онцлогийг судлах, сэтгэлээ сайн тал руу нь єєрчлєн засах, номхотгох нь сэтгэлийн боловсролтой хvний шинж. Амиа хичээх, эд хєрєнгєнд шунах, атаархах, бардамнах, хvмvvсийг алагчлах, хов хєєцєлдєх, бусдыг vл тоомсорлох, єєрийгєє ихэд vзэх нь сэтгэлийн боловсрол доройн шинж гэдгийг ухаараач ойлгууштай. Сэтгэлийн боловсрол, хєгжлийн илэрхийлэл нь хvмvvжил, харин хэмжvvр нь ёс суртахуун юм. Энэ нь сэтгэлийн боловсрол, хєгжил хэдий чинээ єндєр байна хvн тєдийчинээ хvмvvжилтэй, ёс суртахуунлаг байна гэсэн vг.

Боловсролын тогтолцоонд бие, сэтгэл, оюуны боловсролоос гадна сэтгэлгээний боловсрол орно. Хvний сэтгэл, оюуны хєгжлєєс сэтгэлгээний хєгжил нь хамаардаг. Сэтгэлгээ нь боловсролын нэг аспект бєгєєд практик талыг нь хариуцдаг. Мэдлэг, оюун ухааныг сэтгэлгээ орлож чадахгvй ч мэдлэг, оюун тvvгээр л дамжин хэрэгждэг. Бvх юманд єєрийгєє гэсэн, нэг талыг барьсан сэтгэлээр хандах, єєрт тааруу хандсан, муу юм хийсэн хvнийг тэр чигт нь муу хvн гэж vнэлэх, хvмvvсийг єєрт хэрэгтэй хэрэггvйгээр нь ялган алагчилж vзэх, єєрийгєє дєвийлгєх, намайг дээд зэргээр vнэлэх ёстой гэж бодох буруу сэтгэлгээ єнєєгийн хvмvvст байгаа нь ажиглагддаг. Хvний боловсролыг эзэмшсэн оюуны боловсрол, тєгссєн их, дээд сургуулийн тоо, хамгаалсан эрдмийн зэргээр vнэлэх нь хангалтгvй юм. Жинхэнэ боловсролтой хvн гэдэг нь аливааг ухаарах чадвартай, зєв сэтгэж зєв ярьдаг, бурууг єршєєж зєвийг тэтгэх ухаантай, амьдралын мєн чанар (амьдралын утга учир, зорилго, зовлон жаргалын мєн чанар)-ыг ухааран ойлгодог, хамт олонтой амьдрах, бусадтай нийцэх чадвартай, тайван тогтуун байдлыг эрхэмлэдэг, амин хувиа хичээдэггvй хvн юм.

Бид боловсролыг зєвхєн оюунд хамаатай зvйл гэж vзэж, мэдлэг, чадвар тєдийгєєр дутуу ойлгож, сэтгэлийн боловсролыг орхисон єрєєсгєл боловсролыг эрхэмлэж ирж. Ийм боловсролыг хєгжлийнхєє тэргvvн vзvvлэлт болгосон нь хvний мєсгvй, хvмvvжилгvй, ёс суртахуунгvй хvн олширч байгаагийн шалтгаан гэж хэлж болох байх. Зєв хєгжиж, хvмvvжиж, ёс суртахуунлаг, соёлтой болж буй хvмvvсийн тоогоор боловсролын vр дvнг хэмжиж vнэлмээр санагддаг. Сэтгэлийн боловсролыг орхигдуулснаар л хvмvvс материаллаг ахуй, хэрэглээг шvтэж, материаллаг хєгжлийн хойноос хєєцєлдєж байна. Энэ нь хєгжлийн алдаа болохыг ойлгож эхэлсэн хvмvvс байгаа ч тийм хvний тоо цєєн байна. Хvмvvжлийг мэдлэг, сэтгэл, дадал зуршил гурвын тогтолцоо гэж vзэж, Єрнєдєд мэдлэгт, Дорно дахинд сэтгэлд суурилсан хvмvvжлийг эрхэм болгож ирсэн байдаг. Манай бvх шатны сургуулиуд ч Єрнийн мэдлэгт суурилсан боловсролыг дээдэлж, шинжлэх ухааны мэдлэг, чадварыг тvлхvv номлосоор сайн эдийн засагч, инженер, нягтлан бодогч, хуульч мэргэжилтнvvдийг тєрvvлж байгаа хэдий ч хvнийг хvн болгох, зєв тєлєвшvvлэхэд ялангуяа сvvлийн хориод жилд тун тааруу анхаарч байна.

Хvнээс єєрєєс нь гадуур орших мод ургамал, ан амьтан, уул ус, машин техник, од гариг гээд бvх зvйлийг заадаг, судлуулдаг хэрнээ хvний дотоод мєн чанар, хvн хэрхэн, жинхэнэ хvн болох талаар бараг заахгvй, судлуулахгvй байна. Хvнд тєлєвшvvлэх ёстой, дараагийн зvйл бол хvмvvжил юм. Нийгмийн орчинд сайныг сурах, зєв хєгжих, боловсрох, соёлжих замаар хvн хvмvvждэг. Хvмvvжлийн vндэс нь хєгжил. Зєв хєгжилгvйгээр хvмvvжлийг тєсєєлєхийн аргагvй. Хvмvvжил нь сэтгэлийн хєгжил, боловсролын илэрхийлэл. Хvний бие, сэтгэл, оюуны боловсролыг соёлтой шvтэлцvvлдэг тул хvмvvжил илvv хvмvvнлэг байдаг. Хvмvvжил нь хvний эрхэм нандин чанаруудыг эзэмшсэн байдал, хvн чанартай, хvнлэг энэрэнгvй болж тєлєвших vйл явц юм. Хvмvvжлийг бvрэн утгаараа зєв vзэл, зєв бодол, зєв эрмэлзэл, зєв хvсэл, зєв яриа, зєв сэтгэл, зєв vйл гэж ойлгож болно. Боловсрол, соёлын шvтэн барилдлага буюу ухаалаг зєв, сайн сайхан хоёрын диалектик нэгдлийн дvнд хvн зєв хvмvvжнэ. Хvмvvжлийг боловсролтой хослууштай. Боловсролд мэдлэг, хvмvvжилд сэтгэл болон дадал зуршил давамгайлдаг тул эдгээрийг хослуулж байж л боловс-ролын тэнцвэрт тогтолцоог бvрдvvлнэ. Боловсролыг хvмvvжилтэй эс хослуулснаар хvн зєвхєн мэргэжлийнхээ сэтгэлгээгээр явцуурах, нийгмийн амьдралд идэвхгvй хандах, vл тоомсорлоход хvрнэ.

Хvн болохын тулд зайлшгvй тєлєвшvvлэх ёстой бас нэг зvйл бол соёл. Соёл нь хvний єдєр тутмын амьдралдаа хэрэглэдэг оюуны, материаллаг болон харилцааны vнэт зvйлс, зайлшгvй дагаж мєрдєх, хэвшvvлэх хэм хэмжээ юм. Соёл хvний болон нийгмийн амьдралын бvхий л хvрээ, салбарт хамаатай тул зайлшгvй эзэмших ёстой зvйл. Соёлжино гэдэг нь соёлыг бvрдvvлж буй бvхнийг сурна, сураад зогсохгvй эзэмшинэ гэсэн vг. Хувь хvн бvрийг соёлжуулах замаар нийгмийн соёлыг дээшлvvлнэ. Хувь хvний соёлд хувийн соёл (хувцаслах, хооллох соёл, хэрэглээний соёл), хэл ярианы соёл, бичгийн соёл, ахуйн соёл, биеэ авч явах соёл, харилцааны соёл, сэтгэлгээний соёл, vйл ажиллагааны соёл орно. Сайн муу зvйл, зовлон жаргалын vед ухаан бодол, сэтгэлээ зєв удирдах, ухаалаг тэвчээртэй зєв явах, бусдад тєвєг учруулахгvй байх, бусдад туслах зэргээр илэрдэг биеэ зєв авч явах соёлыг эзэмшихэд хvн илvvтэй анхаарууштай. Соёл нь илvv гэгээлэг зvйл. Соёл хvний мєн чанарт ханддаг атал хvмvvс бид хєгжилд анхаардаг шигээ тvvнд анхаарахгvй байна. Соёлын талаар ярьдаг ч хэвшvvлэн тєлєвшvvлэх явдал хангалтгvй байна. Бvх нийтийн vйлс болж чадахгvй байна. Монголчууд хэрэглээний соёл, зєв зvйтэй ярих, бичих соёлыг нэн тvрvvн эзэмшvvштэй байна.

Олон хvн, ялангуяа залуучууд "аймаар гоё", "аймаар сайхан", гэх зэргээр ярьж, аймаар гэдэг vгийг буруу утгаар хэрэглэх болж. Дээр доргvй, хєгшин залуугvй надад гэхийг надаа, намайг гэхийг надыг, бvгдийг нь гэхийг бvгдэнгий нь гэх зэргээр ярьж хэвшээд байна. Идсэн чихрийнхээ цаас, уусан ундааныхаа сав, татсан тамхиныхаа ишийг дуртай газраа хаяж байгаа хvн олон. Хог хаягдлаа зориулалтын саванд хаях, тийм сав байхгvй vед цvнх, халаас, уут саванд тvр хадгалахыг хэвшил болгууштай байна. Ингэж чадвал ахуйн эрvvл, сэтгэл зvйн таатай орчин бvрдvvлж, хэрэглээний нэгэн соёлыг эзэмшинэ. Хvн болохын vндсийн vндэс нь эерэг сайныг сурах, хvн болохын vндэс нь зєв хєгжих, хvн болох нєхцєлийг бvрдvvлдэг зvйлс нь боловсрол,соёл, хvмvvжил аж. Энэ бvгдийг тєлєвшvvлж байж хvн зєв тєлєвшиж, жинхэнэ хvн болно.

Хvн сэтгэл, оюунаа зєв хєгжvvлж, боловсруулж байж єєрийн мєн чанарыг олно, ингэж чадвал зєв тєлєвшинє. Мєн чанараа олж авсан хvн л жинхэнэ хvн байж чадна. Сэтгэлийн боловсролыг оюуны боловсролтой нягт уялдуулах, сэтгэлд суурилсан боловсролыг зорилгоо болгохыг бvх шатны сургалтын байгууллага, багш нар зорилгоо болгууштай. Ингэж гэмээжин хvмvvжилтэй, ёс суртахуунлаг, соёлтой хvмvvсийг тєрvvлж, зєв тєлєвшсєн иргэд, мэргэжитнvvдийг бэлтгэж чадна.

Санхvv эдийн засгийн дээд сургуулийн багш, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Б.Оюунчимэг
Дугаар 260/3020/
Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар

“Дорно зүгт өвс болохуй” буюу Бавуудоржийн шүлгүүд ...

Өнөө цагт шүлэг яруу найр­гийн нэр хүнд нэлээд унах янзтай. Гэхдээ өмнө нь тийм өндөр байсан уу гэвэл хоёр талтай л зүйл.
Нэг талаас ерээд оноос өмнө зохиолч яруу найрагчид чамгүй нэр хүнд­тэй, тэдний бүтээлийн үнэ­лэмж ч боломжийн нийг­мийн нэлээд идэвхтэй хэсэгт хам­рагдаж байсан, нөгөө та­лаас тухайн үеийн тогтолцоо сис­тем нь өөрийн суртал нэвт­рүүлэгч, номлогч, тар­хааг­­чаа бүх талаар дэмжиж “харж хандаж” байх онцгой үүрэг­тэй нь уялдаж байсныг 1920-иод оноос эхэлсэн утга зо­хиолын субьектив орчин буюу зохиолч яруу найрагч­дын бүтээлийг нь хэвлэж, хү­нийг нь “анхааралдаа” авч, нэгт­гэн зохион байгуулж ир­сэн түүх хэлээд өгнө. Ерөөсөө урлаг утга зо­хио­лыг өөрөөр тайлбарлан ойл­гож, гүн ухааных нь үнд­сийг мэ­дээж нэг өнцгөөс диа­лектик ма­териализмын үүд­нээс хан­даж байсан учир өөр ар­­гагүй ч бай­сан гэлтэй. Өөрөөр хэл­бэл урлаг уран сайхны сэт­гэл­гээ, урлагийн мөн чанар ямар нэг байдлаар ор­хигдож хоёр гуравдугаар зэр­гийн асуу­дал болж байсан гэ­сэн үг. Энэ ч яахав түүх түү­хээ­рээ л үлд­дэг байж гэтэл 1990 оноос хойш су­бъектив ор­чин өөрч­лөг­дөж “түүхэн бо­ломж” гар­сан бо­ловч зарчмын хувьд бай­дал огт өөрчлөгд­сөн­гүй­гээр ба­рах­гүй бүр дор­дох ч янзтай. Шүлэг зохиол нь арилжаа, нэр хүндийн хэрэгсэлтэй хут­гал­­даж нийгмийн сэтгэлзүйд иймэр­хүү хандлага ажиглаг­дах болсныг л түүний нэр хүн­дэд сөргөөр нөлөөлсөнтэй хол­бон ярьж байгаа хэрэг. Үүний нэгэн илрэл болж Х.Эр­дэм­­билэг гэгчийн “Яруу найр­гийн элемэнтүүд” гэсэн нэгэн нийт­­лэл гарч байсныг санаж бай­­на. Тэнд өгүүлэхдээ “за­луу гэсэн тодотголыг хуссан цагт чи өөрийгөө яруу найрагч гэж үзэж болно. Хэзээ энэ то­дот­­голоосоо салах нь ту­хайн хү­­ний нас, шүлгийн чанараас ба­­раг шалтгаа­лахгүй. Харин хэр зэрэг та­нилтай, олон хүнд ар­хи авч өгснөөс хамаар­на… өнгөр­сөн алтан үеийг дур­­сан олон сэдэвгүй, хэвш­сэн сэт­гэлгээ­гээрээ үг эвлүү­лэн хөндий шүлэг бичин үхэж ча­­дахгүй байгаа нөхөд. Сог­то­­хоороо мангасын үед бич­сэн ганц хоёр нийтэд тархсан гай­­­гүй бүтээлээ дурсан өөрий­гөө магтан би, би хэ­мээн дөв­чигнөгчид… Жинхэ­нэ хөдөө­нийхөн бол нутагтаа том яруу найрагчид хотод ирээд зу­рагтаар гарчихдаг, том­чууд­тай нийлж хааяа сав­чих­даг, номынхоо өмнөх үгийг ме­дальтай яруу най­раг­чаар бичүүлчихдэг сэргэ­лэн га­­рууд… шүүгчид гэдэг ар­хи нэх­сэн цол гуншинтай ха­шир бур­хинууд бий. Жин­хэнэ хор най­руулагчид” гэх мэ­тээр бич­сэнийг бүрэн дүү­рэн хү­лээж авах боломжгүй ч ямар ч бай­сан нийгмийн сэтгэлзүйн ханд­лагыг зохих хэмжээнд илт­гэж байгааг үгүйсгэх ар­га­гүй юм. Нөгөө талаас энд зөвхөн зо­хиол бүтээлийн далд до­тоо­дод нэвтрэхээсээ илүүтэй наад талын субъектив үйл ажил­лагаа, зохиогчийн ухам­сарт “лаборатори” талаас нь илүү­тэй авч үзсэнийг ч хэлэх хэ­рэгтэй. Хамгийн товчхон­доо зохиолыг ярих, зохиол­чийг ярих хоёр нэг талаар өөр юм л даа. Ухаандаа Ц.Бавуудор­жийг аваад үзье. Монголын яруу найрагт Цогдоржийн Ба­вуу­­дорж гэдэг нэр сонсогдоод да­руй хориор тоологдох на­мар­тайгаа золгож байна. Ма­най урлаг, утга зохиолын хү­рээ­гээр тогтохгүй бүгд л түү­нийг мэднэ, танина гэх бол­жээ. Тэд ихэвчлэн хэв­лүүл­сэн бү­тээл, зурагт со­ниноос хар­сан, авсан шагнал амжил­таар нь л баримжаалан “мэ­дэж” бай­гаа гэдэгт бараг итгэлтэй бай­на. Харин түүний шүлгийг барьж, уншиж, ухаарч, мэ­дэрч, нээж, баясаж, гуньсан нь хэд л бол. Цаашилбал шү­лэг зохиолоос нь түүний до­тоод ертөнцөд нэвтэрч юунд зовж, юунд баярлаж, хэдийд хэр­хэн сэтгэл төв­дөхийг нь ан­заарч “мэдсэн нь” бүр ч хэд бол доо. Гагцхүү иймийн тул зо­хиолчийг гад­наас нь “мэ­дэх” нэг хэрэг, зохиол бү­тээ­лийг нь үзэж, хүлээж авч, сэрж, ухаарч, догдолж, тун­гааж, эргэцүүлж өөртөө тол­гой дохин “мэдэх” бас нэг хэ­рэг юмсанж. Сарны туулайн хүйтэн чихнээс Санаандгүй би атгаж үзсэн юм Яруу найраг түүнд хүр­гэж өгснөөс хойш Ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон юм Сүүлд бичсэн нэгэн шү­лэг­тээ ингэж өгүүлжээ, тэ­рээр. Эдгээр мөрөөс нэлээд олон зүйлийг харж болохоор байна. Уянгын баатраас амьд­­­ралыг, ертөнцийг тань­сан эгээрлийг харж болно. Үүний­гээ саран дээрх туу­лай­­гаар дүрсэлсэн нь сэт­гэл­гээ­ний хэв, гоо сайхны ухамс­рын үүднээс дорно дахины ер­­төн­цийн тухай үз­лийг илт­гэж, харин тэр нь хүйтэн чих­тэй байгаа нь зохиолчийн зөв­хөн зохиол­чийн бодгалийн до­тоод сэт­гэлгээний танилт, өвөр­мөц баяжуулалт, уран сайх­ны нээлттэй холбогдох ер­төн­цийн сэрэл бүхий уран сэт­­гэмж мөн. Сарны туулайн чихнээс ат­гах гэдэг үгэнд уламжлалт сэт­гэлгээг хөгжүүлэхдээ тө­лөө­лөл ёгтлол үүсгэсэн нь дор­нын уран сайхны сэтгэл­гээнд ч, өрнийн урлагийн түү­хэнд ч тохиолдож, яриг­даж, мар­гаан мэтгэлцээн, онол бод­ролыг хандуулж бай­сан дүрс­лэл түүний цаадах сэт­гэл­гээний гүн аяс, ухам­сарт амьд­ралын танин мэ­дэхүй нь ухам­саргүй бодом­жид шингэн илэрч байгаа нь энэ юм. Гэхдээ уянгын баатрын хувьд түүнд хүрэх арга зам нь өөр юу ч биш яруу найраг бай­­жээ. Яруу найраг уянгын баа­тарт саран дээр туулай бай­даг, тэр нь хүйтэн чихтэй, бүр түүнийг нь атгахад ту­салж байгаа нь бусад хү­мүү­сийн хэлдэгчлэн амьд­рал, ер­төнц байгаа нь өөр хаана ч, хэ­зээ ч давтагда­хааргүй яруу найр­гийн сэт­гэлгээ, яруу най­рагчийн мэд­рэмж гэлтэй. Харин үүний үр дүнд ял­дам гэдэг үгийг олон хэрэг­лэ­хээ больсон гэдэг нь ертөн­цийг өөртөө ухаарсан ухаар­лын баталгаа болон сонсог­дож байна. Энэ үгийг хэрэг­лэ­хээ болих нь түүний цаана хад­галагдах утга агуулга бү­хэнд сэтгэл хөдлөлөөр хан­дах­гүй байх, хуурамч хоосон нь их байдаг талаар хүүрнэж буй хэрэг. Санаандгүй ч гэ­мээр байдлаар үүнтэй хол­бог­дуу­лан хэлэхэд энэхүү сүүлд гарч байгаа ном болох “Дорно зүгт өвс болно” ном бүхэлдээ их богино, элдэв чамир­хал­гүй, энгийн шүл­гүүдээс бүтсэ­нийг анзаа­рахгүй байхын ар­гагүй. Түүний өмнөх шүлгүүдэд юмыг буй байгаагаас нь хахь он­доогоор төсөөлөх, ёгтлон гү­жирдэх, огт байж боломгүй зүйл­сийг бий болгох этгээд со­нин дүрслэл, сэтгэлгээ бага биш ажиглагддаг байсан. Энэ бол түүний уран бүтээлийн, шү­лэг найргийн нэгэн өнгө донж, хэв намба, анхнаасаа л тогтсон мэдрэмж мөн бө­гөөд энэ шинжээрээ цаг үедээ ял­гарч, өөрийгөө байгааг илэр­­хийлж чадсаныг хүлээн зөв­шөөрөхөөс аргагүй. Дашрамд дурдахад, сүү­лийн үеийн залуу шүлэг со­нир­­­­хогчид өнгөц хээнцэрлэж, гоё үг хөөцөлдөж байгаа туйл­ш­­­ралын нэгэн гол “бу­руут­ныг” Бавуудоржтой ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддогоо нуух юун. Түү­ний энэхүү “Сарны шүлгүүд” но­моос илт ажиглагдах бол­сон хэмжээний богиносолт, үгийн энгийншил, бидэнд бас л олон зүйлийг хэлэх нь шиг бай­на. Зарим биш ихэнх зо­хиол бичигчээс салах нэг л дур­­гуй байдаг үг үсгийн төдий ма­даг, илэрхий логик зөрчил, ут­гын авцалдаагүй байдал, наад захын мунгинал төдий­лөн анзаарагдаад байхаар­гүй­­гээр яруу найрагчийн хувьд өсч томорсныг хэлэ­хээс өөр арга алга. Энэ бол хэн хүний санаа­гаар болдог ч эд биш мань хүн ч өөрөө тодорхой хугацаа зар­цуул­сан гэж хэлэхэд бо­лох юм. Түүний “Сарны шүл­гүүд” номд “Харсаар байтал” хэ­мээх нэг шүлэг бий. Тэнд Харсаар байтал чиний дэргэдээс Хачин тунгалаг хүн Босоод явчихлаа Хаа хүрэхийг нь би мэ­дэхгүй ч Харин хэзээ ч эргэж ирэх­гүйг нь Халуун зөнгөөрөө мэ­дэрч байна гэж эхэлдэг бөгөөд үүнийг но­мын өмнөтгөл үгэнд “хүний амь-сүнс, цог хийморийн үнэ­тэй бүхэн үгүй болсноор бие нь үлдэх агшинг хүртэл өгүүл­сэн нь найрагчийн үх­лийн мөн чанарыг мэдрэх хийс­вэр талын илэрхийлэл” хэ­мээн агуулгын талаас нь тайл­барласан байдаг. Үүнийг арай өөрөөр авч үзэж болох мэт санагдаж байна. Жишээлэхэд Танилхан чамайг минь гэрэлтэй болгодог Тарни нь тэр байсныг Сая л цочин анзаарлаа гэ­сэн мөрүүдээс ерөөс хүний сэт­гэлийн мөн чанар, бур­таг­гүй гэгээн чанарыг юу эвддэг ту­хай өгүүлснийг харж болно. Тэр­хүү ариун сэвгүй чанарыг ха­жууд нь тунгалаг хүн бай­даг, биед нь гэрлэн бурхан оршдог, нүдэнд нь болор за­гас байдаг, алганд нь алтлаг хээ байдаг зэргээр төлөөлөн дүрс­лээд харин үүнийг хор­воогийн салхи арчдагаар бич­сэн нь хорвоо ертөнц, амьд­рал гэгч хүнийг тэр алтлаг, гэр­лэн, тунгалаг, болор чана­раас нь өөрийн эрхгүй салган од­дог тухай гашуун үнэнийг ха­руулсан байна. Яг энэ са­наа Үхэл ирэхэд би тув тун­галаг болно Үлдэж энэ орчлон ма­нан дундаа умбана Үр минь, хүү минь ха­рин тод тунгалаг төрнө Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана Хоёр тунгалагийн хоо­рон­до­хыг хорвоо гэдэг юм даа Хоёр тунгалагаас бус­дад нь Хонгор минь битгий ит­гээрэй гэсэн өөр нэгэн шү­­лэгт гүнз­гийрэн төгөлдөрж­сө­­нийг бас харж болно. Уян­гын баатар өөрөө мананд ум­ба­сан орч­лонг орхиж үхэ­хэд л тун­галаг болно, харин түүн­тэй зөрж төрөх хүү тод тунга­лаг төрж байна. Үйлийн эр­хээр буюу орчлонгийн жа­маар хүү нь амьдралд, цаг ху­га­­цааны хуулинд захираг­дах нь түү­нийг хатан болроо ал­да­­хад хүргэж байна. Энэ бол хүү­­­гээс үл хамаарах ер хэ­нээс ч үл хамаарах хор­воо­гийн жам зарлиг юм. Энэхүү энгийн үнэнийг цааш гүнзгийрүүлэн ерөөс үхэх төрөхийн хоорондохыг хор­воо гэдэг мөн ертөнцийн үнэн гэвэл үхэх төрөх л юм гэ­сэн дотоод сэтгэлийн их ухаа­рал, амьдралын мөн ча­на­рыг таньсан гэгээрлийг олж үзэж болно. Энэ хор­воогийн хуу­линд ер юм бүхэн үнэнч ариун хайр хүртэл сөхөрч бай­гааг ч өгүүлжээ. Энэ ертөнцийн өнгө зүүд­ний дарангуйлал Ихэмсэглэл, хүйтрэл дун­дуур шурган мөлхөж Чамд очоод Гагцхүү хүнд л байж болох Тийм нандин эрхэмсэг хайраар Чамайг хайрламаар байна Энд уянгын баатар амьд­ра­лын нэгэн утга учир болсон тэр их гэгээн ариун, магадгүй тун­­­галаг хайрыг амтлах хүс­лэн­гээ илэрхийлжээ. Ингэж тэ­мүүлж байгаагийнхаа шалт­гаа­ныг дотоод сэтгэлийн мөн ча­нартайгаа холбохдоо Хэн нэгийг хайрлаж ам­жилгүй бүтээд гэмтчих­вий гэж Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм Хэн нэгэнд нисч хүрэл­гүй хальчихвий гэж Хээр талын алтан ха­раацай шиг нэгэн жи­гүүрт­нийг Халагланам гэж хайр сэт­гэл гэдэг хүмүүн болж төрс­ний нэгэн утга учир, түүнийг ам­саж эдэлж сэтгэлээрээ мэд­рэх нь гагцхүү хүнд байх эр­хэм нандин зүйл гэдгийг тун­хагласан байна. Харам­сал­тай нь, Энэхэн цагийн будант инээмсэглэл Чамд ойртуулсангүй Энэ хүйтэн гилбэл­гээнт ихэмсэглэл Чамд ойртуулсангүй Чамайг би хайрламаар л байлаа нөгөө манан будант хорвоо, тун­галаг биш ертөнц, энэ ца­гийн хүйтэн амьдрал ийм сэт­гэлийн зүйлийг хүлээн зөв­шөөрдөггүй ажээ. Тий­мээс уян­гын баатар гөлгөнд хүртэл хан­даж энэ цагийн, энэ амьд­ралын тухай бодлоо хуваалц­сан байх юм. Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур Ялдамхаан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа Энэ л бид хоёрын Баяр юм шүү, гуниг юм шүү… Сүнсийг минь нэг л тэн­гэрийн шилтгээнд Зэрэгцүүлэн залах бол­но Бидэн хоёр ижилхэн Хадан гэр минь адил­хан шүү Нэг талаар тунгалаг биш энэ амьдралын бүхий л зүйл буй байгаагаараа сайхан бас муухай өөрөөр хэлбэл энд хүн болж төрсөн нь өөрөө хэдийгээр манантай ч бас сайхан юм байнаа гэсэн санааг илтгэж харин зөвхөн гөлөг төдийгүй ер хэн ч байлаа гэсэн эцсийн эцэст адилхан л мөнх бусыг үзүүлнэ, тий­мээс энэ цагт гөлөг ч бай эцсийн очих цэг бүгд ижил юм шүү гэсэн гүн ухааны гаргал­гааг хийж байна. Үүнийг лав буддын гүн ухаанд хоосон чанарын үз­лээр тайлбарладгийг санаж байна. Буддын гүн ухаан гэснээс түүний “Сарны шүл­гүүд” төдийгүй ерөөс нийт уран бүтээлд нь дорныг эр­хэмлэсэн, дорныг магтсан, дорныг биширсэн, дорныг гүн хүндэтгэсэн аяс ил далд тү­гээмэл ажиглагддаг. Гэхдээ зарим нэгний ярьдагчлан түүнийг шууд л дорнын хэ­мээн мэдэмхийрэн цоллод­гоос арай өөр жишээлэхэд “Хүмүүс түүнийг дорнын хэ­мээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хү­мүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэр­хүү хэв маяг шүлэгт нь бай­даг ч хэн хүн тийм ч амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм” хэмээн судлаач Д.Гал­баатарын бичсэнтэй санал нэг байна. Харин түүний шүлэгт ил­рэх дүрслэлийн өвөрмөц сэт­гэлгээний уламжлалыг харж, хор­воогийн мөн чана­рыг тун­гаан эргэцүүлсэн арга бил­­­гийн зөөлөн аясыг ойшоож, ахуй, уламжлал, сэт­гэлгээ хэв заншил, гэгээрэл харил­цан сүлжилдсэн байгааг ан­заа­рах нэг хэрэг юм. Хүнээс хүн зугтан гарч Шүхрэн гэрэл бөхөх бол­гонд Алтан заадас бүхнээ­рээ шархиран өвддөг би Дорнын насыг харин өм­гөөлж архирсан Арслан хөх тэнгэр юм би Ам дөрвөлжнийг энгэ­рээ­сээ тасдан байж Аяа хүн сүрэг чиний Алтан хүйг чинь би боож авсан Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би Мөнөөхөн тунгалаг биш манан будант хорвоогийн мөн чанарыг өгүүлэхдээ тэрхүү манан будан хаанаас гарч буйн учрыг нэхэн шалгааж энэ нь юунд ч биш хүнд өөрт нь л байгааг өгүүлж, дотоод сэтгэл зүрхээрээ хүмүүний мөн чанарыг ухаарсан ухаарал нь асгартал уйлж суугаа уянгын баатар буюу дорнын хүн болж байна. Яг шууд хэлээгүй ч дорно бүхэлдээ тунгалаг биш юм аа гэхэд манан будан багатай өөрөөр хэлбэл төрөлх гэгээн чанарын хэлтэрхий оршин байгаа юм шүү гэсэн санаа нуугдан байгааг харж болно. Энэ санаа “Дорно” шүлэгт нэлээд тодорхой гар­даг л даа. Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйл­даг Дэлхийн санчиганд ца­гаан сор унахад уйлдаг гэх мэтээр дорныг тун­хаг­лахын зэрэгцээ Өрнө миний түгшүүр Өрхний завсрын шар­гал гэгээ Уяхан охидын минь ичин­­гүйрлийг тэр ха­лаа­салсан юм… Мөнх бусын салхин Миний айдас бус Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал Миний агуу айдас зэргээр дорныг яагаад шүтэх болсон, дорныг яагаад эр­хэмлэх болсон, дорныг яа­гаад ийнхүү бичиглэх болсон шалтгаанаа гаргажээ. Түүнийг ингэж халаглах, цаг заваа алдахад хүргэсэн зүйл бол өрнөөс үлээх хүйтэн амьсгал хэмээн уянгын баатар хэлж байна. Гэхдээ түүнийг харааж зүхсэндээ, үзэн ядсандаа бус дорнын сонгодог соёл, түүхэн бахархал, нүүдэлчний ахуй, дотоод ертөнцийг нь бүр­дүүлэгч тэрхүү нандин эр­хэмсэг зүйлээ алдахыг үл хүссэн магадгүй түүнээ илэр­хийлсэн их сэтгэл мөн юм. Энэ бүхэн нэгэн цагт Д.Уриан­хайн бичиж байсныг эрхгүй санагдуулж байна. “Барууны уран зохиол нь бүхэлдээ хүнээс хүнийшсэн, нийгэм дэх нийтийн буюу олонхийн амьдралаас “харьс­сан” ганцаардал, гутрал, үзэн ядалт, амиа хорлолт, анархи эрх чөлөө давамгайлсан, техникийн соёл иргэншлээс төрж буй үр хөврөл болохоор тэнд уран бүтээл өөр фило­софитой, зорилго чиглэлтэй, өөр ахуй нөхцөлийн бүтээг­дэхүүн байхаас аргагүй. Ха­рин хүмүүүс хүн чанараа алдаж чухамдаа мөнгө өвөр­төлсөн “адгуусад” болж хуви­рах үйл явцын шуурганд тууг­даж буй монголын нийгмийн ахуйд, алив уран бүтээлийн иргэнлэг чанар нийгмийн “түүхэн захиалга” болон то­войсоор буй нь нүдэнд ил харагдана”. Үүнийг янз бүрээр хүлээж авч болох ч гол санаа нь хүний мөн чанар гэгч нийг­мийн давалгаанд өөрчлөгдөж, мөн чанарын хувьд өөрөөр тайлбарлагдах болж байна гэсэн тэнхлэгтэй Бавуудор­жийн дорно аяс үндсэндээ давхцаж байгаад л оршино. Энэ бол нийгмийн хийрхэл, муйхар үндэсэрхэг үзэл, бусдыг дорд үзэх хэнээрхэл биш юм шүү. Энэ бол ертөнц, хүмүүний мөн чанарыг тун­гаасан эргэцүүлэл, гүн бя­салгал, бодомж сэтгэлгээ, гүн ухааны дүрслэл юм. Үүнийг дээрх шүлэгт байх Өрнө миний эрхэм нөхөр Үргэлж намайг сэрэм­жит сэцэн болгосон юм Өрнө миний эрхэм анд Өвст тал цаст уулсаа харамлахад сургасан юм намайг гэсэн мөрүүдээс то­дорхой анзаарч болно. Ту­хайлахад тэрхүү өрнө гэгч байгаа нь дорныг илүү утга учиртай амьд болгож, өрнө байгаа нь дорныг ойлгож хайр­лахад сургаж, өрнө бай­гаа нь өөрөө дорно байх шалтгаан үр юм гэсэн ертөн­цийн тогтолцооны арга бил­гийн мөн чанар, хос ёсны зарчмыг эгэл амьдралаас, хайр сэтгэлээс, гөлөгнөөс ер юм бүгдээс ухаарсан их ухаарал, гэгээрэл харагдаж байгаа нь Бавуудоржийг Ба­вуудорж болгож байгаа юм байна гэсэн бодолд өөрийн эрхгүй хүргэж байна. “Дорно зүгт өвс болно” номонд энэ санаа харагдах хэдий ч зөв­хөн дорно биш ерөөс хүмүү­ний мөн чанарыг эрсэн, хай­сан, нэхсэн, шалгаасан, гүн ухааны хариулт нь дотроо байх асуулт олныг харж бол­но. Хүмүүний тааллаас зугат­нам Хүмүүний таалалд нийц­­сэнээс Хөх өвс болсон минь дээр… Хүн гэгч ямар нэгэн зүйлд за­­­хирагдах биш зөвхөн өөрийн­хөөрөө байж чадвал тэр амьдрал мөн болох тухай энэ сургаал Тодорхой бус одод Гуравдахь мэлмийг минь сэрээж… Тодорхой бус орчлонд Тов тодорхой амьдар­нам гэсэн өөр хуудсан дахь мөрүү­дээр баталгаажих жи­шээтэй. Хэт их ухаарал, хэ­тийдсэн гэгээрэл хүнийг юуг ч сэт­гэхэд хүргэдэг гэсэн гар­галгаа Тэнгэрийн орноод хөх­рөн алсрах Тэр зам дээр гараа өр­гөнөм Мөнх бусад догдлон зог­соход минь Мөнгөн сар араас тат­нам гэсэн мөрүүдээр илэрс­нийг хараад тэгтлээ зогтус­сангүй. Учир нь өөр нэгэн хуудаснаас Хонгортон сэрчигнэх нав­чис дээр Шүлэглэл үлдээн буца­хаар зэхнэм Даажинт замбууг мөн­хөд орхих минь гээд өн­дийтөл Дахиад чи заавал хүн болж төрнө дөө гэх Далдын нэгэн дуун Тархин дундуур ороол­гов шүү… гэсэн мөрүүдийг олж хараад уянгын баатрын ухаарал хэрхэн хөдөлгөөнтэй өрнөж байгааг мэдэж болох юм. Ийнхүү ухааран бясалгах орон зай, цаг хугацаагаа “Өдрийн тэмдэглэл” шүлэгт энгийнээр зураглаж, өдөөгдөх тэрхүү шалтгааныг “Намар” шүлэгт Өвсний үзүүрт Өндөр огторгуй бай­гаа нь мэдрэгдэнэ Өндөр огторгуйн бя­сал­галд Гуниг байвал болох нь тэр… хэмээн дорнын нүүдэлч сэт­гэлгээний намрын улирлын нэгэн төлөөлөл болсон хөнгөн уйтгарыг өвөрмөцөөр далд дүрслэл үүсгэн илэрхийлсэн нь зохиомжийн өвөрмөц ший­дэл болжээ. “Дорно зүгт өвс болно” номын “Гэрэлт цох”, “Аяа…”, “Алган дээрх нүдийг оллоо”, “Хүмүүний явдал” зэрэг шү­лэг нийт номын утгыг хураан­гуйлан төлөөлснөөрөө ч уран сайхны боловсруулалтаараа ч илүүтэй анхаарал татсаныг хэлэх нь зүй. Манант намрын Хөх салхинаас өөр цув­гүй Машид дэнслэнгүй Хүмүүний гэмээс өөр багшгүй… Өдөр өдрийн Шар нарнаас өөр бур­хангүй Өвөр дээрх Шүлгийн дэвтрээс өөр бясалгалгүй… Жишээлбэл, энд уянгын баатар өөрийн амьдралыг бүхэлд нь дүрслэхдээ бай­галийг манант намрын хөх салхиар гаргаж, нийгмийн орчин харилцааг машид дэл­гэрэнгүй хүмүүний гэмээр төлөөлүүлж, өөрийн дотоод сэтгэлийн хувьд байгалийг нүүдэлч ахуйг шүтэх мөн чанараа илэрхийлж, улмаар бясалгах, ухаарах таних, гэгээрэх арга зам нь яруу найраг болохыг хэлсэн мэт. Эндээс чамин тансаг хэллэг барагтайд олж харахгүй бө­гөөд харин уянгын баатрын сэтгэлийн өчлийг хөдөлгөөн дунд нь, харилцан хамаарал дунд нь, цаг хугацааны эрэм­бэ дунд нь, орон зайн алслалт дунд нь агуулгын гүнзгийр­лээр гаргасныг бүхэл шүл­гийнх нь хувьд хэлж болно. Нэг талаас ганц энэ ч биш дээрх шүлэг бүтээлүүд зарим нэгэнд хэт энгийн хэн ч бич­чихмээр санагдаж ч болох. Урлагийн мөн чанарыг хэт хөнгөн хялбараар сэтгэдэг нэгэнд тэгж санагдахад гай­хах зүйл угаасаа биш юм. Ерээд оны босгон дээр гарч ирсэн залуус нэг талаас азтай, нөгөө талаас адармаа­тай үед уран зохиолтой хол­богдож үзэг цаас нийлсэн хүмүүс. Азтай гэдгийг энэ цаг үе өөрөө Монголын уран сайхны сэтгэлгээний түүхэнд яалт ч үгүй нэгэн шинэ үеийн үүдийг нээсэн, түүхэн то­хиолдлынхоо хувьд онцгой боломж гэсэн утгаар хэлж болно. Адармаатай гэдгийг утга зохиолын мөн чанарыг авч үзэх баримжаа нэлээд хөдөлгөөнд орж, аливаа цаг үеийн өөрчлөлтийг даган гарч ирдэг зайлшгүй эерэг сөрөг хандлага ажиглагдаж, хар таамгаар зохиол бичин, зарим нэгнийг учраа олохоо болин будилахад хүргэсэнтэй хол­богдуулан хэлж болно. Гэхдээ л энэ үед хэсэг залуус гарч ирэн утга зо­хиолын нэгэн үеийг төлөөлж, уран сайхны сонирхолтой төвөгтэй асуудлыг араасаа дагуулан, онож алдсан алин боловч өвөрмөц туршилт оролдлогыг өрнүүлэн, түү­хийн нэгэн хуудсыг бичилцэж байгаа нь маргаангүй үнэн юм. Чухам л энд онцгойрон ялгарч, өөрийн гэсэн яруу найргийн өнгө төрхийг нэ­гэн­тээ бий болгож чадсан, яруу найргийг дотоод сэтгэлээ илэрхийлэх, ертөнц юмсыг сэрэн таних хэрэгслээ болгож чадсан нэгэн хүн бол яригдан бүхүй Цогдоржийн Бавуудорж мөн юм гэдгийг одоо бүр ч итгэлтэй хэлэх байна. Гэхдээ энэ зам тодорхой төлөвш­лийн түүхийг агуулсан, тодор­хой орон цагийн хөгжлийн үр дүн гэдэг нь төсөөлөгдөж буй биз. Өөрөөр хэлбэл их биш ч бага биш хугацааны туршид бичсэн шүлэг зохиолуудын энгийн жижиг дүрслэлээс эхлээд хөндсөн агуулгынх нь хувьд буюу бүхэл тогтолцоо системээр нь харьцуулан үзэхэд иймэрхүү дүр зураг тодрох учиртай. Үүнээс улбаалан хэлэхэд түүний зохиолыг өмнөх шү­лэгтэй нь бүх л бүтцээр нь харьцуулан үзэх, дорнын нүүдэлч сэтгэлгээ буддын гүн ухаантай холбон тайлбарлах, хүний сэтгэлийн зөрчил амьд­ралын хуулийн тухай гэгээ­рэл бясалгалыг нь уран сайх­ны сэтгэлгээний түүхийн үргэлжлэл дунд нь харах зэрэгт тухай бүр сонирхолтой байна гэдгийг лавтайяа хэлж чадах хийгээд энд зөвхөн зах зухаас нь хөндөхийг оролд­сон хэрэг. “Сарны шүлгүүд” номоос илүүтэй эрчимжиж “Дорно зүгт өвс болно” номд хандлага болох шинж ажиглагдаж бай­гаа агуулгын гүнзгийрэл, өм­нөх шүлгүүдээс нэлээд өөр хэлбэрийн шийдэл, бясалгалт шинжийг талархан хүлээн авч байна. Нэг талаар хувь уран бүтээлчийнхээ хувьд ч бүтээлч эрэл хайгуул, онцлог шилжилт, уран сайхны бая­жилт анзаарагдаж, нөгөө та­лаар энэ цаг үеийн яруу найргийн сэтгэлгээнд ч то­дорхой төлөөлөл болон ха­рагдаж, бүхий л байдлаараа ялгарч байгааг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Хүнийг, амьдралыг, ертөн­цийг өөрийнхөөрөө бясалгаж, таньж, ухаарч гүн ухааны мөнхийн асуудлыг хөндөн дэлгэж эргээд бодгалийн дотоод ай саваар тайлан гэгээрч ингэхдээ нүүдэлч энгийн ахуйгаас эхлээд сэт­гэлгээний өргөн багтаамж бүхий урлахуйн өвөрмөц хэлбэрийг бүтээж уран сайх­ны сэтгэлгээний нэгэн тө­лөвш­лийг харуулж байгаа нь түүний царааг илтгэнэ. Товч­хондоо түүнээс илүү ихийг хүлээж, харж байгааг сануу­лахын хэрэг юун билээ.
А.МӨнх-Оргил доктор (Ph.D)

Sunday, 19 October 2008

Соёлжих шоoт-кат /short-cut/

Гадаад байгаа Монголчуудад хандаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Ерөнхий сайд С.Баярын бичсэн “Та нар маань”, “Та нар маань”, “Та нар маань” гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа.

Шоовдорлогдсон хүүхэд тоогдохтой адил – Ерөнхий сайдыгаа ‘доош орон’ ‘хар’ голцуу хүмүүсийг “соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн ‘түүчээ’...манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай хэсгийн төлөөлөл” г.м. магтахаар – Монголоос зугтсан олон монголчууд магнай нь хагартлаа баярлаж биеэ тооцгоов.

Урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог, эсвэл монгол хүн огт хүрээгүй оронд Та бид нар ядуу, шударга бус, хээл хахуульд баригдсан нийгмийнхээ “ачаар” бараг өөрсдөө ч сонголгүй хүрч иржээ. (Хэрэв Монгол баян бол бид ингэж харьд хавчигдан амьдрахгүй шүү дээ.)

Монголоос зайлцгаасан бид одоо том хүч болсон болохоор бүр “үнэд орж” Ерөнхий сайд маань хүртэл “Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ” гэж бидэнд санууллаа.

Нээрээ л, Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та бид нар жинхэнэ эр зориг гаргаж, зарим нь бүр зодоон цохиондоо хүрч, хэрэлдэж уралдаж байж Монгол гэдэг нэрийг “гадаад чихний хэнгэргэнд” хадаж өглөө шүү дээ.

Одоо Нью-Иоркийн тэнгэр баганадсан байшин дотор ч, Лондонгийн Хай Стрийт гудамжинд ч, Токио, Сөүлийн төвд ч, “Монгол гэж улс байдаг юм уу?” гэж хэнбугай ч асууж тэнэгтэхгүй байхаа (Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 10-д жилийн өмнө анх Лондонд ирэхэд онгоцны буудал дээр нь ингэж асуусан гэсэн).

Энэ бол яах аргагүй Монгол улсыгаа амьд биеэрээ рекламдсан Та бид нарын гавьяа. Энэ гавьяаг хойч үе маань мартахгүй бa Ерөнхий сайдын бичсэнээр, монгол хүн бүр үр хойчдоо үлгэр сургаал болгон үлдээх учиртай аж.

Та бидний бас нэг гавьяа бол (Ерөнхий сайд бичсэн) хөгжингүй улсуудыг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж, өнөөгийн монголчуудынхаа “нүд” нь болсон явдал. Энэ утгаараа ч бид Монгол руу материаллаг болон материаллаг бусаар “их хөрөнгө орууллаа”. Наад зах нь нутаг руугаа моодонд орсон шинэ загварын Дийзель жинс, гар утас, хуучраагүй жийп машин г.м явуулдаг маань манай улсын өнгө үзэмж, хөгжилд их нэмэр болжээ.

Нэрт нийтлэгч Баабарын бахархан ярьснаар, өнөөдөр УБ-т 130 мянган машин явж, сая гурван зуун мянган гар утас ажиллаж байна. Энэ гар утаснуудын хэд нь та бидний явуулсан гар утас бол; даатгалын компаниудыг хулхидан байж бидний явуулдаг үнэтэй цайтай гар утаснууд санаснаас ч өндөр хувийг эзлэнэ дээ.

Хэдийгээр 18 жилийн өмнө 5$ (дундаж) байсан цалин өдгөө 100$ (доод хэмжээ) болсон ч дарга, сайд болоогүй, боос эзэн хийгээгүй жирийн дундаж иргэн, тэнгэрт хадсан үнэтэй гар утсыг хэрэв та бид үгүй бол барьж, хэрэглэж чадах билүү; xэрэв та бид байгаагүй бол “будагных нь үнэр арилаагүй” шинэхэн электрон барааг нутагтаа үлдсэн монгол ах дүүс маань хэрхэн хэрэглэж, гангарч явах билээ. Тиймээ, Та бид нар их гавьяатай!

Энэ гавьяа амархан олдоогүй ээ. Үүнийг Ерөнхий сайд маань мэдэхийн дээдээр мэдэж байна, “Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугаа…буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрч байгаа…ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг амсаж яваа… Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугаа…” гээд л өөрөө амссан мэт бүгдийг тоочлоо. Ерөнхий сайдын ерөөснөөр эх орон, өрх бүлээ тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг маань монголын тэнгэр Чингис хааныг ивээсэн шиг ивээх аж. Хурай, хурай, ерөөл бат орших болтугай.

(Ерөөс л, бидний ариун үйлсийг Хөх тэнгэр тэтгэдэг нь батлагдаад байна. Бээжингийн Олимпын анхны мөнгөн медалыг хар! Хэрэв Гүндэгмаагийн ээж Солонгост ажиллаагүй бол Монголчууд “булган сүүлтэй” медалиа аваа ч уу, үгүй ч үү; Гүндэгмаа олимпад оролцоо ч уу, үгүй ч үү; өлбөрөөд үхчихсэн ч байх юм билүү хэн мэдлээ... Хөөрхий ээж нь охиноо медал авсныг мэдсэн ч баригдахаас эмээн олигтой ч баярлаж чадалгүй ажиллаж байсан биз дээ. Ийм л зовлон, зүтгүүрийг туулж байж бид Ерөнхий сайдаар магтууллаа.)

Гэвч шударга яривал – бид гавьяатай ч бас гайтай. Гадаадад гарч чадаагүй олон шударга залуусыг толгой хорогдох байртай болж, эхнэр авах боломжийг нь хаачихлаа -“үнийг нь өсгөөд” шүү дээ. Мөн ар гэрийнхэндээ энэ тэндээс мөнгө, эд хөрөнгө явуулсаар цамаан зантай болгож, өөрсдөө очоод ч “доошоо орохоор” байдлыг бий болгочихов. Бас “Монголд тогтдоггүй сэтгэлийг” моод болгочихлоо…

Та нар монголын замбараагүй машин замын хөдөлгөөн юунаас үүдэлтэй гэж бодно… Та биднээс шүү дээ. Дарга нар идэж уугаад завгүйг, замын багтаамж нь жижгийг, монголчууд онгироо, бүдүүлэг, машин жолоодох соёлгүйг мэдсээр байж баахан “төмрийн хог” явуулсны л гай шүү дээ. Хэрэв бид, гадаадаас очсон хүн заавал машин унах ёстой гэж боддоггүй бол, бөөнөөр нь машин явуулаагүй бол, манайд ямар “машин ургах биш” ихэнх нь автобусаараа зорчин Хотын даргаа баалсаар ажил хийлгэн нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулах ч байсан юм билүү?

Одоо монголчууд нийтийн тээврийн унаанд “миа хүн” л суудаг гэсэн ойлголттой болж. “Дуу султай” хүмүүс автобусанд суудаг болохоор Хотын дарга тайван ажлаа хийгээд өдрийн од шиг хэдэн ямбий автобусаа толгой өвдөх юмгүй яажийтал нь мацуулаад сууж байна даа, цаана чинь... Иймд гадаадаас очсон Та бид нар ганц гомдолж болохгүй зүйл бол машин замын хөдөлгөөн. ХЭРЭВ ЧИ МОНГОЛД ЯПОНООС ОЧООД ЯПОН ТЭРГЭНД ДАЙРУУЛСАН БОЛ ХОХЬ ЧИНЬ!

Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн дипломыг хэлэхгүй харин байшин шавардахаас эхлээд технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл бидэнд хэрэгтэй. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс ба Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн. Чухамдаа тэд л соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн ‘түүчээ’ болсон. Тэднийг үе тэнгийнхэн нь хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсээн. Харин өдгөө та нарын ээлж ирлээ гэж Ерөнхий сайд бичсэн нь алс суугаа та бидэнд хариуцлагыг мэдрүүлж, улс орны хөгжлийн ачааг жаахан ч атугай үүрүүлж буй хэргээ.

Нийтлэгч Баабар ч мөн адил, “Та нарын тэр диплом зиплом чинь өөрсөндөө л хэрэгтэй байдаг юм байгаа биз. Энд ажил хийх чадвартай болоод, тодорхой ажлыг хийж чаддаг болоод, сахилга батжаад, иргэншээд, соёлжоод ирж байгаа чинь л Монгол улсыг авч явах хамгийн үнэт зүйл” хэлсэн билээ. Энэ бол яах аргагүй үнэн.

Гадаад буй монголчууд Та бид нарын хамгийн том ГАВЬЯА, ҮНЭТ ЗҮЙЛ бол ажил хийж сураад монгол хүн залхуу биш гэдгийг “нээсэн” явдал. Харь газар ажиллаж, хатуу хүтүүг амссан хүн бүхэн надтай адил ажлын амт шимтийг мэдэрч, монгол хүн залхуу гэдэг онол худлаа болохыг яс махаараа мэдэрдэг... Гэртээ бандаашгаа ч угаадаггүй 19-төй хүүхэд, хоёрхон сар Англид байхдаа л жигтэйхэн ажилсаг болоод нойр хоолоо хасан хоёр ажил хийгээд, хажуугаар нь сураад явж байна. Энэ юуных вэ?... Мөн Монголд ажилд гологдоод, ажил голоод 30 хүртлээ архидаж явсан аав, харьд очихоороо л сая, сая төгрөг сард хийгээд л архи, тамхиа бага хэрэглээд эхлэдэг нь бас юуных вэ? /Эргээд нутагтаа очихоор дахиад архидаад, дампуураад эхлэдэг нь бас юуных вэ?/

Хэрэв бид төрөлхийн залхуу бол ингэж Ерөнхий сайдаараа үнэлэгдэж, магтуулах түвшинд хүртлээ ажиллаж Монгол руу мөнгө явууллах уу? Үгүй шүү дээ. Тэгээд ч гадаадад хамгийн шилдэг монголчууд нь гарчихаагүй, зөвхөн хотын ухамсартай залуус нь ч дүрэвчихээгүй билээ.

Баян-Өлгийгийн онгоц андуураад Heathrow-д буусан гэж английн монголчууд хошигнодог. Үгүй тэгээд ажиглаад байхад үнэн ч юм шиг. Нэх л ядарсан, царай алдсан, турсан, майга хөлтэй, хацарных нь улаан арилаагүй юмнууд л харайлгаж явах юм байна шүү дээ /надаас авахуулаад л/. Би тэгээд заримдаа боддог юм, “Дан ганцхан хөдөөний хөөсөн мантуунууд ирээгүй л байх. Бид зүгээр л, энэ бие хаа, зүс царай, бөгс, нуруу түрүү сайтай хар, цагаан есөнд шидийн хүмүүсийн дунд орохоороо л хөдөөнийх мэт тодорч харагдаж байгаа юм” гэж…

Товчхондоо, хөдөөнийхөн Англид олон. Харин ч хотынхныг бодвол ажилд шаргуу, мал шиг зүтгэдэг, илүү дутуу юманд мөнгөө бага үрдэг юмшиг надад санагдсан. Тэд бас их хамаатан садансаг /ах эгч, дүүс арвин/ болохоор нэг нэгнээ хурдан татаж бөөгнөрч амьдран амархан хөлөө олдог.

Ер нь, харьд ажиллаж, амьдарч буй монголчуудыг эх орондоо үлдсэн хэсэг маань арай л хэт өргөмжлөх аж. Бид ямар дайлаар мордсон Чингисийн баатрууд биш биднийг “риск хүлээх чадвартай шилдэгүүд”, “монгол үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх хэсгийн төлөөлөл” гэх мэт магтах нь арай л ахдаж байна ш дээ. (За тэр, өчигдөр надад агсан тавьдаг нөхөр яг шилдэг байж харагдаач.) Хот, хөдөөний сайнтай, муутай бүх л давхаргын монголчууд эх нутагтаа амьдрах хөл гараа олоогүй учраас гадаад гарсан билээ. Монголд амьдрах нь харьд амьдрахаас ч илүү рисктэй учраас л зарим нь бүр “ум хумгүй зугтсан” шүү дээ, тийм биз дээ?

Гэхдээ биднийг хэн ч буруутгаагүй. Ерөнхий сайд маань хүртэл ойлгож хүлээн зөвшөөрчээ. Бас тэгэх ч учиртай. Та бидний зарим нь залуу насаа хань ижлээсээ “харамлан байж”, үр хүүхдийнхээ өсөж торниж буйг хажууд нь харалгүй, өндөр настай эцэг эхээ амраалгүй үр хүүхдээ харуулсаар, хэдэн бор цаасаар л “хамаг гэмээ цайруулж” явааг хэний төлөө гэх үү. Монголын төлөө гэхэд болохгүй гэж үү.

Хэдийгээр Та бид нар жирийн нэг жижиг гарууд ч харин ажлыг урамтай сайхан хийж байнаа. Төрөлхийн залхуу монголыг л ёстой би энд харсангүй. Английн монголчууд ажлыг бол жинхэнэ Чингисийн баатрууд шиг “гялалзуулдаг” гэдгийг хаа ч гэсэн би бардам хэлнэ. Манайхны ганц дутагдал нь хэт сэтгэлээсээ ажиллаад бие, сэтгэлээ дарамталсаар сүүлдээ тэсэлгүй “шатчихдаг” зантай. Үүнийг би ёстой хар архичингаас нь ч харлаа; хар тамхичингаас нь ч харлаа. Бусад орны хүмүүсийг хараад байхаар манайхан шиг тэгэж улайрч ажилладаггүй; биеэ нөөн аажим ажилладаг – энэ нь олон шалтгаантай, гол шалтгаантай та бид хөдөлмөрөө үнэлүүлэх мэдрэмж сул. Тэхээр ганц “мөнхийн асуудлыг” асууя: АЖИЛЧ, ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУС ЭХ ОРОНДОО ЯАГААД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЮМ БОЛ?

Мэдээж, Монголд 3 жил – хөгжилтэй оронд 3 жил амьдрах асар ялгаатай. Та бид харьцангуй ихийг сурж, нүд тайлж, ажиллаж, соёлжиж, нийгэмшдэг. Энэ утгаараа харин Ерөнхий сайдынхаа магтаалыг хүлээж авч болох.

Та бидний нутгаа орхиx нэг шалтгаан нь ганцхан мөнгө ч биш, харин нүд тайлж, юм үзэх гэсэн, намгийн мэлхий болохгүй гэсэн эрмэлзэл. Энэ эрмэлзэл залуу хүн бүхэнд байгаа нь манай өнөөгийн нийгэм соёлгүй /өргөн утгаар нь/, иргэдээ тогтоох, хөгжүүлэх үнэт зүйлсгүйг давхар харуулна. Тиймээс ч монгол Монголоосоо зугтдагийн нэг шалтгаан нь монголын нийгэм өөрөө, бүр тодруулвал нийгмээ бүрдүүлсэн монгол хүмүүс бид юмаа. /Харьд амьдарч байгаа хүмүүсийг монголчуудаасаа зугтаж байгаа гэж бас хэлж болно шүү дээ./

Үүний бурууг ганцхан төр засаг, дарга сайд, нэгж хүнд тохож болохгүй. Ядуу болохоор зугтаж байгаа нь бүгдийн мэддэг шалтгаан. Ядуу учраас л соёлжиж, иргэншээгүй, нэгтгэх хүчин сул, үнэт зүйлс чадавхигүй, шударга, хүнлэг ёс тогтохгүй байна.

Ерөнхий сайдын бичсэнийг уншихад Монголд иргэнших, соёлжих, хотжих “дотоод их хэрэгцээ” байгаа нь харагдлаа. Энэ хэрэгцээг хангахын тулд яагаад ийм болов гэдэг шалтгааныг эхлэж эрмээр. Миний дүгнэлтээр бол бидэнд ерөөсөө итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хоосон орон зай буй болсон байна (энэ бол социализмын шууд үр дагавар). Тийм учраас нэгтгэх хүчин зүйлс буюу үнэт зүйлс чадавхигүй байгаа; үнэт зүйлс чадавхигүй болохоор соёл үгүй (эсрэгээр ч байж болох). Энэ байдлаас болоод монголчууд өөртөө итгэлгүй: өөртөө итгэлгүй учраас бусдад бүр ч итгэдэггүй. (Монголчууд “тамын тогооны үлгэр” гээчийг өөртөө их тусгаж авдаг нь үүний нэг жишээ. Гэтэл оросууд, коммунист дэглэмтэй байсан Зүүн Европын улсууд хүртэл өөрсдийгөө бас ингэж дүгнэдэг юм байна лээ.)

Ерөнхий сайд Та бид нарт соёлжиж, иргэншээд бусдадаа үлгэр дуурайлал бол гэсэн даалгавар өглөө. Энэ бол том хариуцлага. Харин харийн соёлыг “хаман” Монголд аваачихдаа бид ямар хэмжүүр, үнэлэмж, шалгуураар шүүн тунгааж Монголын хөрсөнд соёолуулах вэ? Бидэнд тийм шалгуур, хэмжүүр, үнэлэмж бий юу?

Үнэндээ, XXI зууны Монголд дан гаднаас соёл авчрах бүтэхгүй болов уу. Одоо гаднаас хамаагүй авчирсан соёл, иргэншил (С.Баяр, Баабар нар “иргэншээд”, “иргэншсэн” гэсэн үгс хэлснийг би хотын иргэн гэж ойлгож байгаа) ямагт “гадаадын” байж нэг бол нийгмийн шинэ давхаргыг бий болгоно, эсвэл алс ирээдүйдээ тухай үндэстэн өөрийгөө тодорхойлоход /cultural identity/ будлиан болж салж сарнихад хүргэнэ.

Мэдээж өнөөгийн хөгжилтэй орнуудын соёл, хөгжлийг мэдэрсэн монголчуудын хувь нэмэр их. “Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл ‘монголчлоод’ буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна.” Гэж Ерөнхий сайд бичжээ.

Гэхдээ, энэ бүгдийг ямар нэг шалгуур, шүүлэггүй Та бид нар энэ тэндээс аваад очвол асар том зөрчил бий болноо. (Ил харагдаггүй юмаа гэхэд дотоод сэтгэлд өрнөх зөрчил.) Хэрэвзээ, аливааг “зөв монголчлох тогоогүй” бол гаднаас импортолсон үнэт зүйлс, зан характер, дадал, санаа оноо, итгэл үнэмшил хоорондоо зөрчилдөнө. Өөрөөр хэлбэл соёл зөрчилдөнө.

Жишээ нь, английн монголчууд нутагтаа очоод ирэхээрээ “Манайхан ёстой аймаар өөрчлөгдсөн, бидний мэддэг Монгол биш болсон. Бөөн л хятад, япон, солонгосууд” гэж харамссан ч юмшиг ярьцгаадаг; cоёлын зөрчил эндээс илэрдэг; нэг хэсэг нь англижаад, нөгөө хэсэг нь солонгосжоод... Бас саяхан би Монголын нэг шинэ кино үзтэл монгол залуус солонгосоор дурлаад, убаадаад, алхаад, хувцаслаад, товчхондоо, маяглаад бүр дургүй хүргэсэн шүү. Бүр өмнөөс нь ичсэн гээч...

Мөн Ерөнхий сайд сая 10 сарын 16-нд Солонгост манай улсыг эргэлт буцалтгүй Зүүн хойт Азийн улс болжээ гэж хэлсэн. Монголд байгаа хүмүүс үүнийг анзаарахгүй, тоохгүй байгаа бололтой. Харин Төв Азийн орон байхад нь яваад Зүүн Хойд Азийн улс болсон хойно нь очиж буй над мэтийн зарим нөхдөд их хэцүү байна.

Тэгэхээр бидэнд заавал өөрийн хөрснөөс соёолуулсан соёл чухал. Тэгэж л бид нэгдэж, өөртөө итгэлтэй, үнэт зүйлсээ хамгаалах чадвартай болно. Харийн соёлуудыг дагаж далдганаад байвал монголчууд Монголдоо бүр тогтохоо байж, тусгаар тогтнол ч хэврэгшинэ.

Ерөнхий сайд удахгүй бүх монголчууд буцна гэдэгт итгэдэг ч соёлын ялгаа ба амьдрах хэв маягаас болж олон хүн буцахгүй ээ. (Азаар ихэнх нь хар юмдаа, тэгэхдээ бүгдийг барьж аваад буцаана гэдэг ч бас ярвигтай асуудал.)

“Одоо бидэнд чанарын аягүй том дэвшил хэрэгтэй болчихоод байна. Энэ чанарын дэвшлийг та нар олж ирэх учиртай юм л даа” гэж Баабар Та бид нарт захилаа. Гэвч, олон янзын харийнхнийг сармагчин мэт өнгөц дууриаснаар энэ чанарыг дэвшлийг бид олохгүй байх.

Гадаадад буй Та бидний нэг давуу тал бол өөр өөр соёлтой, хөгжсөн улсуудыг дотроос нь ажиглаж байгаа явдал. Эндээс бид хөгжил - ганцхан загваргүй, ямар ч соёлын хөрсөн дээр цэцэглэдгийг анзаарлаа. Харин ч бүр соёл нь өвөрмөц байх тусам хөгжил нь баттай байх тал бий. Америк хүн, Англид ирээд соёлын шоконд хүртэл орж байна шүү дээ. Тэгэхээр ийм олон янзын соёлыг хэрэв бид зөвхөн “усыг нь уувал ёсыг нь дага” гэсээр, өөрийн соёлыг умартан дагавал хэзээ ч эх нутагтаа “чанарын дэвшлийг” аваачихгүй. (Хараалаас өөр шинэчлэл хийж чадахгүй: пиздаг л фаак болгох байх.)

Гэвч бидэнд одоо тэр соёл нь байна уу даа? Уг нь бол байсан байх. Монгол бол хүчтэй үндэстний ухамсар, шашин, соёлтой улс учир цөөхөн тоотой ч хоёр талаасаа хоёр “мангасаар” идүүлсээр байхад л өдий зэрэгтэй явна. Харин одоо бол байхгүй. (Гоёлын дээл шиг авдранд хадгалж байгаад хаяа нэг өмсдөг соёл маань үхээнцэр хүчгүй байна.)

Ганцхан жишээ, ноднин жил Монголоос өндөр боловсрол, соёлтой нэг танил маань ирлээ. Ирэхээр нь дагуулаад “хэдхэн метр” хоёр зээрдээр нь явуулчихсан чинь “Монголд би ингэж алхдаггүй; xөдөөний л майга юмнууд л гудамжаар алхдаг; манай хот чинь ёстой хөдөөний хөөсөн мантуунуудаар л дүүрсэн ш дээ; xотынхон гадаадад гарчихсан; гайгүй хэд нь машинаар л зорчдог” гэж надад учирлав. Тэгээд танил маань надад нэлээн соёл заасан ч, яагаад ч юм бэ? Би түүнээс их ичсэн юмдаг. Хаалгаар хүмүүстэй зөрөх, зуушын газар үйлчлүүлэх нь “яс хавталзуулж” байлаа. (Унаган англитай анд маань мэдлэг, боловсрол, өмссөн зүүснээрээ биш дээрэнгүй, бардам, сэхүүн зангаараа намайг ичээсэн юм.) Харин 3 хоногийн дараа ажил үйлсээ бүтээгээд дахиж уулзахдаа сэтгэл нь зовсон аятай надад ингэж ярилаа, “Би уул нь Монголдоо бол соёлтой, боловсролтой хүмүүсийн тоонд ордог; xарин энд нэг л биш… Манайд чинь хаалгаар хүнийг эхлэж гаргахгүй, зөрөөд л орно; лифтэнд эхлэж орсон бол хойноос ирж байгаа хүнийхээ хамрын урдуур л лифтнийхээ хаалгыг хаадаг шүү дээ” гээд юу нь болохгүй байнаа гэсэн аятай над руу харж билээ...

Тэгээд би ингэж дүгнэсэн билээ. Хэрэв Улаанбаатар эвдлүүлсэн шоргоолжны үүр шиг биш, хот шиг хот байсан бол, өнөөдөр хөдөөнийхөндөө эзлэгдэхгүй; xотод ирсэн хүн бүхнийг дор нь хотжуулаад, соёлжуулаад хаячих байсан. Жишээ нь, манай танилд алдаагаа ухамсарлахад 3-хан хонох л хангалттай байна. Бүр жинхэнэ хөдөөний хүн Англид жил болсныхоо дараа УБ очоод ирэхээрээ “Пүй, пай УБ чинь ёстой бүдүүлэг газар байна. Дахиж л очихгүй юмдаг” гэсээр буцаж ирдэг юм шүү дээ. Өөрийн ёс, соёл, дэг, амьдралын хэв маягтай жинхэнэ хот гэдэг хүнийг ингэж хурдан хотжуулдаг аж. Гэтэл Лондонд дэлхийн өнцөг булан бүрээс нэг өдөр ирж байгаа хүнийх нь тоо манай нийт хүн амаас ч илүү гарах биз.

Хот шиг хот байгуулж чадаагүй нь манай түүх, гаднах хүчин зүйлстэй холбоотой байх л даа. Гэхдээ хувь хүнээ хөгжүүлж чадаагүйгээс бас шалтгаалжээ. Хүний хөгжил нийгмийн хөгжилтэй уялдаа холбоотой учир одоо Монголд хүний хөгжлийг бүх л аргаар хурдасгах шаардлага байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд маань Та бид нараас соёл, иргэншлийг авчраачээ гэж бэлэнчлэн гуйлаа шүү дээ.

ХЭРЭВ монголчууд Буддийн шашин гэхээр бөөс бодоод явчихдаггүй бол бидэнд маш богино хугацаанд иргэнээ соёлжуулах шоот-кат бий. Буддын шашныг ашиглаж, мухар сүсгийг тас хяргаад, богино хугацаанд иргэнээ соёлжиж, иргэншсэн улсын хэмжээнд хүргэх боломж байна. Гэхдээ заавал шашинд орох шаардлагагүй!

Эдүгээ дэлхийн соёл, иргэншилд зайлшгүй хэрэгтэй болохоор нь хөгжингүй улсын эрдэмтэн, судлаачид Буддизмын ёс зүй, ёс суртахуун, үнэт зүйлс/үнэлэмжийг судлан нийгэм, соёлдоо нэвтрүүлэхийг оролдож байна. Энэ хавар Оксфортод английн эрдэмтэн, профессорууд Далай Ламтай уулзаж түүнээс ёс зүйн удирдамж авч байна лээ.

Хөгжсөн улс орны эрдэмтэд Буддын шашны ёс зүй, үнэт зүйлс өнөөгийн дэлхийд хэрэгтэйг чухалчлаад байхад, бид тэртэй тэргүй, монголчуудын зан заншилд нэвт шингэсэн үнэт зүйлсээр (гажсаныг нь янзлаад) хүнийхээ хөгжлийг яагаад хурдасгаж болохгүй гэж.

Хүчирхийллийг буруушаадаг; эзэн хичээвэл заяа хичээнэ; аливаа зүйлс уялдаа холбоотой, тиймээс бусдыг хайхарна гэдэг бол өөрт тустай; шунал хүсэл, жаргал авчрахгүй учир хэт хувиа хичээсэн үзэл бодлыг хязгаарлаж сурах хэрэгтэй гээд л Буддын шашны олон чухал эрхэмлэх үнэт зүйлс бий.

Баялаг бүтээх орчин цагийн шинжлэх ухааныг эзэмшихийн зэрэгцээ сэтгэл санаагaa тэлэх, ариусгах дотоод хөгжлийг эзэмшснээр Монголчууд илүү ихийг хийж, бүтээх билээ. Чухам энэ дотоод хөгжлийн үндсийг тавих хүчин зүйл нь манай нийгэмд үгүйгээс болж, бид соёлгүй, юманд өнгөц хандаж зөвхөн материаллаг хөгжил хангалттай гэж андуурч байна. Энэ андуурлаас болоод өөрийн эрхгүй хүсээд, үгүйлээд буй “чанарын дэвшлээ” буруу газраас эрээд байгаа юм биш үү.

2008/10
www.mongolchuud.blogspot.com
*http://www.orloo.info/readfull/politics/3544-gadaadad-suugaa-irgeddee#comments
*http://www.orloo.info/videos?task=videodirectlink&id=467

Sunday, 5 October 2008

Аавын найзуудыг дурсахуй буюу сэтгэлийн өрийг өгөхүй

Аавыг Бээжинд ажиллаж байхад Сампиа ах /ээж тэгэж дууддаг/ ирээд найргиж суухдаа аавд,
-Би Болор цомын талаар юм бичих гээд материал цуглуулсан. Энд нэг сүрхий бичдэг залуу гараад ирлээ гээд “Өдрийн сонинд” гарсан; зохиолчдыг “доромжилсон” миний нэг нийтлэлийг үзүүлжээ. Аав тэгэхэд нь дуу алдан,
-Өө наадах чинь манай Ээбээ шүү дээ гэхэд Сампилдэндэв ах гайхан
-Өө тийм үү, Ээбээ ийм том болчихсон юм уу? Би бүр ''халаасандаа хийчихсэн'' хүүхэд байсан юм гэж хариулсан гэдэг. Энэ тухай хоёр жилийн өмнө би Бээжин рүү утасдахад,
-Бид бүр бөөн инээд хөөр болоод байж байна. Сампиа ах нь ирээд... гэсээр ээж над ярьсан.

Аав Сампиа ахад,
-Цаадах чинь болсон болоогүй юм бичээд, одоо ном гаргана гээд байгаа гэхэд
-Гаргалгүй яадаг юм. Номыг нь гарга. Би өмнөх үгийг нь бичье гэж аавыг “загнасан” гэдэг.

Хэрэв Сампилдэндэв гуай тэгэж над урам өгөөгүй бол хоёр жилийн өмнө анхны номоо би зориглож хэвлүүлсэн эсэхийг тааж мэдэхгүй байна. Би ном хэвлүүлсэндээ одоо ч ичиж, зовж, харамсдаггүй болохоор Сампилдэндэв ахад улам л талархдаг.

Тэгээд, номоо эмхэтгээд Монгол явуулахад Сампилдэндэв ах ном мялаах сайхан үгс бичиж өгсөн билээ. “...Эрдэмбилэг дүүгийнхээ уран бүтээлийн нь замд сүүн цацал өргөж, мялаалга үг нэмэрлэв” гэж бичсэн тэр сайхан үгс надад урам зориг хайрлаж “уран бүтээлийн замд гарчихсан” ч юмшиг гайхалтай сонин мэдрэмж төрүүлж, өөрийгөө тоох нэг шалтаг болдог.

Харамсалтай нь, миний ном хэвлэгдэн гарахаас өмнө; миний номыг үгээр мялааснаасаа хойш хэдхэн хоногийн дараа энэ сайхан сүрлэг хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсээн.

Тэр үед би талийгаачийг таньдаг байсан нэг хүнтэй би тааралдаж, түүнээс би талийгаачийг ямар шударга, зарчимч, хатуу хүтүү үгтэй, өөрийн бодолдоо тууштай, тэр болгонд өмнөх үг бичиж өгөөд байдаггүй хүн болохыг мэдсэн.

Түүний ярьснаар, Сампилдэндэв ах номных нь өмнөх үгийг нь бичиж өгнө гээд архийг нь уучихсан нэг нөхрийг шалгаагаад байхаар нь
-За чи ямар олигтой ч юм хийсэн биш. Тэгэж их архиндаа харамсаад байгаа бол дагаад явахгүй юу. Би чамайг архидуулъя гэсэн гэдэг...

Би азтай хүн. Монголын өв соёл, уламжлалыг судалж, амийг нь хамгаалж явсан нэг том хүнээр анхныхаа номыг “амжиж” мялаалгасан. Үүндээ ч их билэгшээдэг.

Ингээд бодоход, номынхоо өмнөх үгийг ганц хундага ч архи гарздалгүй би бичүүлжээ. /Аав хамт уусныг нь би тооцдоггүй юм/. Магадгүй тийм болохоор ч, тэр сайхан хүнд би өртэй хоцорсон мэт надад санагддаг байж болно. Намрын энэ үдэш талийгаачийг ийнхүү дурсан суугаа минь үүнтэй ч холбоотой байх.

Үнэндээ, тэнгэрт одсон хүнтэй яаж ч, сэтгэлийн өрийг барагдуулах билээ дээ. Бид зөвхөн дурсаж, санаж, амьд байхдаа хийсэн бүтээснийг нь үргэлжлүүлж л; талийж одсон нэгнээ дэргэд байгаа мэт санаа бодолдоо “амьдруулж” чадна. Амьд бидний үхсэндээ төлөх өр шир хэзээ ч барагдашгүй мэт...

*
Саяхан би Монгол руу бас ярилаа. Ааваас,
-Нямаа ах юу хийж байгаа юм бэ гэж асуухад
-Өө Нямаа ах нь нас бараад удаж байна. Бид хоёр муудчихсан байсан юм. Би ч очиж чадаагүй. Тэр хүн надад гомдсоор үхлээ дээ гэж аав надад хариулав. Миний сэтгэл эзгүйрэх шиг болсон. Очоод уулзана даа гэж би дотроо найдаж байсан юмшиг байна. Магадгүй, шил архи авч өгнө ч гэж бодож явсан байх.

Нямаа ах над их сайн байсан. Согточихоод хаяа уйлна. Уйлах нь согтуугийн солиорол биш, сэтгэлд хурсан зовлонгоо гаргах гэж байгаа мэт уйлна; миний сэтгэлд хоногшжээ. Би бүр хар багаасаа, комбинатын нийтийн байшинд байхаасаа л, Нямаа ахыг бүдэг бадаг санадаг болохоор аав тэр хоёр нэлээн эрт үерхсэн юмшиг байна. /Ховд аймгийн Буянт сумд төрсөн хүн учир арга ч үгүй юм уу даа; аав Ховдын Цэцэг сумынх/. Нямаа ах их л цэвэр цэмцгэр гоё залуу байсан санагддаг. Харин хожим оюутан байхдаа, намрын нэг хүйтэн, зэвхий, бүрэнхий орой, 4-р хорооллын автобусны буудлаас, өмссөн хувцас нь хуучирсан, барьсан дипломат цүнх нь моодноос гарсан шал согтуу түүнийг Ялалт руу автобусанд суулгаж өгөх гээд зогссож байхад өөрийнх нь насны нэг гоё эгч харж, харж байгаад надаас жаахан эмээн
-Эгч нь наад хүнийг чинь хүргээд өгье гэж гуйсныг мартдаггүй юм. Тэгэхэд би тэр эгч Нямаа ахыг өмссөн, зүүснээр нь биш харин Монголын нэг боддог сэтгэдэг сэхээтэн явж байна гэж хүндэлсэн болохыг гадарласан. Хэдийгээр Нямаа ах тэр хүүхнийг танихгүй байсан ч “тархиараа” хүүхэнд тоогдсон ахаараа би их бахархсан юмдаг.

Хэд хоногийн өмнө зохиолч Готовын Нямаагийн хоёр богино үгүүллэгийг би бийрбэх вэбсайтаас уншив. Уншиж байхдаа би өөрийн эрхгүй “Ээбээ чинь бас үгүүллэг бичиж байгаа шүү дээ” гэж түүнд хэлмээр санагдсан...

Хэрэв тэртээх тэнгэрт миний үгийг сонсдог бол Нямаа ах лав уйлна даа. Архинд нь гүйдэг, архи үнэртүүлсэн хошуугаар нь үнсүүлдэг, харанхуй шөнө Гандангын ноходыг хуцуулсаар жалганд нисгэчилгүй согтуу гэрт нь хүргэж өгдөг жижигхэн бандийг тэрбээр лав танина даа. Таниад лав уйлна даа...

Толбогүй монгол гэдэг ном хэвлүүлж гаргасандаа би сэтгэл хангалуун байдаг; xарин Монголын зохиолчдыг архичид гэж бичсэнээ эргэцүүлж бодож байна.

Үнэндээ, монгол хэл өдий зэрэгтэй байгаа чинь энэ л архичин зохиолч, яруу найрагчдын гавьяа шүү дээ. Хэрэв эд байгаагүй бол кирилл үсэгтэй монгол хэл хөгжөөгүй, бид өнөөдөр харь хэлээр хоорондоо харилцаж, ойлголцдог байхыг хэн үгүйсгэх билээ. Дэлхийн олон жижиг улсууд төрөлх хэлээ мартчихсан шахам байдгыг алийг тэр гэхэв. Тэгээд ч, бодол санааг боомилсон бялдууч нийгэмд хэрэв солиорохгүй л гэвэл архи уухаас ч өөр аргагүй л байдаг байх л даа, хөөрхийс…
2008.10.03
21.26

НОМ МЯЛААХ ҮГ

Энэ 2006 онд “Бидний араншин” цувралаар гарсан “Гурван монгол зодолдоно” ном уншлаа. Уг номонд манай нэрт нийтлэлч Баабар, Баярхүү нарын зэрэг хүмүүсийн улс орныхоо өнөөгийн дүр төрхийг өөр өөрийн үзэл бодлоор харсан бүтээлүүд багтасны дотор Х. Эрдэмбилэгийн “Толбогүй Монгол” нийтлэл орсон байв. Уг нийтлэлээс би түүний авъяас билгийн очийг олж харлаа.

Дараа нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн “Эх оронч үзлийг эргэцүүлж үзэхүй” өгүүллийг олж уншаад, эх оронч үзлийг дэвэргэсэн хүмүүс бол яруу найрагч, зохиолчид гэж бичсэнтэй нь санал нийллээ. Тэрээр энэхүү нийтлэлдээ олон яруу найрагчдын сахалтай, сахалгүй хушуугаар үнсүүлж явснаа дурсан бичээд яруу найрагчид, зохиолчдыг хөөрхөн “чимхсэн” байлаа. Тэр “чимхүүлсэн” хүний нэг нь яах аргагүй би мөн гэж бодогдоод “алдаагаа” ухаарлаа.

Одоо Эрдэмбилэг харь холын Лондонгоос интернэтээр санаа, бодлоо дэндүү гэмээр эрх чөлөөтэй илэрхийлэн бичсэн эссе өгүүллүүдээрээ өөрийн гэсэн уншигчтай, танил найз нөхөдтэй болсон байна. Саяхан миний шавь, бас миний үл таашаадаг модернист урлагийн онолч Мөнхбаяртай уулзахад Эрдэмбилэгийн интернэтэд оруулсан бүтээлүүдийг сонирхон уншдаг, танилцсан гэдгээ хэлж байна лээ.

Монголчууд бид өв соёлоо, уламжлалаа мартаж байна гэж залуучуудаа зэмлэх дуртай болсон шүү дээ. Гэхдээ бас монголын өв соёлыг мартаагүйгээр барахгүй, эдүгээгийн даяаршлалын эринд эх орныхоо, түүний утга соёлын төлөөнөө авъяас билгээ зориулж буй хойч үе маань өсөн өндийж байгааг бахархан тэмдэглэх ёстой юм. Тийм соёлтой, боловсролтой олон залуусын нэг нь миний эрхэм дотно анд Хүрэлбаатарын хүү Эрдэмбилэг мөн бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгийн үнэнээр “тэмцэж” буйд талархах хэрэгтэй гэж бодном.

Уншигч та бидний заримын нь тогтсон таашаал, хэвшсэн ойлголтод нийцэхгүй ч байж /бас нийцэж ч байж/ болох “Толбогүй Монгол” хэмээх энэхүү оюун бодролын номоо уншигч танаа толилуулж буй Эрдэмбилэг дүүгийнхээ уран бүтээлийн нь замд сүүн цацал өргөж, мялаалга үг нэмэрлэв.

Монголын улсын гавъяат зүтгэлтэн, Монголын шинжлэх ухааны академич, утга зохиол судлаач, доктор профессор Хорлоогийн Сампилдэндэв
Улаанбаaтар хот, 2006.10.07