Tuesday, 29 July 2008

Ц.ДАВААЦЭРЭН: Олимпийн медалиас атгаад алдсандаа харамсдаг

Энэ өдрүүдэд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Олимп, дэлхий, тивийн болон олон улсын тэмцээнүүдэд Монголынхоо нэрийг мандуулж, Төрийнхөө далбааг өргүүлж явсан манай олон боксчин Америкт амьдарч байгааг та бүхэн мэдэх байх. Тэдний нэг болох ОУХМ Цэен-Ойдовын Даваацэрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулья.

НЭРИЙН ХУУДАС: Цэен-Ойдовын ДАВААЦЭРЭН. 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 10 жилийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн. Боксын спортын ОУХМ цолтой. Боксын спортоор 1984 оноос эхлэн хичээллэсэн. 1989-1999 онд Улсын шигшээ багийн тамирчин байсан. Улсын АШТ-ий 9 алт, нэг мөнгөн медальтай. ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. Олимпийн болон дэлхийн аваргын шагналт байрт шалгарч байсан.

-Юуны өмнө Танд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе!
-Баярлалаа! Би ч бас Монголынхоо үе үеийн бүх “ширэн бээлийтнүүддээ” баярын мэндчилгээг дэвшүүлье!
-Боксын спортоор анх хичээллэсэн болон яагаад заавал боксын спортыг сонгох болсон тухайгаа уншигчдад сонирхуулахгүй юу?
-Миний төрсөн ах Ц.Цэрэннямыг манай спорт сонихогчид сайн мэдэх байхаа. Боксын ОУХМ цолтой , шигшээ багт олон жил тоглосон сайн боксчин байдаг юм. Ах маань л намайг бокст хөтөлж оруулсан хүн. Ахыгаа хараад бахархаад л ийм мундаг тамирчин болох юмсан гэж боддог байлаа. Тэгээд л боксчин болно гээд шийдчихсэн юм. 1984 онд анх Спорт сургалтын төвд гавьяат багш Мишигдоржийн шавь болж байсан. Миний анхны багш бол Мишгээ багш маань. Дараа нь шигшээ багийн тамирчин болоод В.Батбаяр багш, тэгээд Ганбат, Бумансахьяа, Энхтөр, Алтанхуяг, Мөнхжаргал гээд олон багш нарыг дамжсан даа.
-Анхны тэмцээн, анхны ялалт, анхны медалийн дурсамж их гоё байдаг даа?
-Хамгийн анх Монголын пионерын байгууллагын тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Алтан медалийн төлөө Ж.Наранбаатар гэдэг хүүхдэд хожигдсон. Анхны медаль болохоор их тодхон санадаг юм. Анхны медаль гэдэг чинь тамирчин хүний хамгийн нандин зүйлийнх нь нэг л дээ. Найзууддаа, гэрийнхэндээ, ахдаа үзүүлэх гээд л их л яарч байлаа.
-Тэгээд шигшээ багт хэдэн онд орсон бэ?
-1989 онд улсын шигшээ багийн тамирчин болсон. 1999 онд хамгийн сүүлд шигшээ багт тоглосон гэхээр Монгол Улсынхаа нэрийн өмнөөс 10 жил тоглосон юм байна. Гэхдээ би тийм мундаг боксчин байгаагүй л дээ.
-Улсын аваргаас Та есөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Нэг үгээр хэлбэл нэгэн арван жилд Монголдоо жиндээ тасархай байж. Олон улс, тив, дэлхийн хэмжээнд ямархуу амжилт гаргаж байсан бэ?
-Би чинь Азийн аваргад болон Азийн наадамд тус бүр хоёр хоёр ороод юм зүүж чадаагүй тааруухан боксчин шүү дээ. Олон улсын тэмцээнд бол нилээд хэд түрүүлж байсан л даа. Тухайлбал Унгар, ОХУ-д болдог тэмцээнүүдээс алтан медаль авч, Болгар, Польш, Финландын ОУТ-ээс мөнгө, Казахстан , Румыний “Алтан бүс”-ээс хүрэл медаль гэх мэт. Мөн “Интернациональ”-д дөрөв билүү тав түрүүлсэн. Бидний үед өрсөлдөөн маш ширүүн, шүүгчдийн булхай их, ер нь медаль авна гэдэг бас л хэцүү байсан.
-Дэлхийн аваргад хэдэн удаа оролцсон бэ?
-1993 онд Финландын Тампере, 1995 онд Германы Берлин, 1999 онд АНУ-ын Хьюстон хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. 1993 онд медалийн төлөө Сөүлийн олимпийн мөнгөн медальт, Болгарын Александр Христовтой тоглож хожигдоод шагналт байрт орж байсан. Христов цаашаа амжилттай тоглоод дэлхийн аварга болсон. Яагаад медаль авч чадаагүй вэ гэвэл янз янзын л шалтгаан бий л дээ. Тэр бүхнийг тоочоод хэрэггүй байх, нэгэнт өнгөрсөн юмыг. Болдоггүй юм болдоггүй л юм билээ. Гэхдээ нэг их харамсаад байдаггүй юм. Энэ дэлхийн эр зоригтой сая сая аавын хүүхдүүдээс шалгараад ирж байгаа орон орны шилдгүүдтэй өгөөтэй аваатай явна гэдэг амар юм биш. Хүн болгонд олимп, дэлхийн медаль авах хувь тохиолддогүй шүү дээ. Надаас өчнөөн мундаг мөртлөө дэлхий , олимпийн медальгүй Монголын ч тэр, бусад орны ч тэр маш олон боксчин байдаг гэхээр хүний хувь тавилан л юм гэж боддог доо.
-“Атланта-96” Олимпийн наадамд Монголын боксчдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь Та. “Алтан” олимпод хэрхэн оролцсон тухайгаа дэлгэрүүлж ярихгүй юу?
-1996 онд АНУ-ын Атланта хотод болсон “Алтан” Олимпийн наадамд оролцох эрхээ Филиппиний ОУТ-д мөнгөн медаль хүртэж авсан юм. Атлантад Монголоос гурван боксчин тоглосон л доо. 57 кг-д Ж.Наранцогт маань тоглоод эхний тойрогт Узбекистанд ялагдсан. 60 кг-д Т.Үйтүмэн маань эхний тойрогт Доминиканыг ялаад хоёрдугаар тойрогт АНУ-ын боксчинд ганцхан онооны зөрүүгээр илт булхайгаар хожигдсон . Үүеэгийн энэ тоглолтын тухай хэвлэл, мэдээллээр ихээхэн шуугиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Миний хувьд 54 кг-ийн жинд хүч үзсэн. Эхлээд Замби улсын боксчин Оскар Чонгог 13:7 оноогоор ялсан. Хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ки Вун Баэ гээд маш ширүүн өрсөлдөгчтэй таараад бас л оноогоор 11:10-аар хожсон. Ингээд шилдэг наймд үлдээд хүрэл медалийн төлөө Европын болон дэлхийн аварга ОХУ-ын Раймкуль Малахбековтай оноолт таарсан юм. Эхний хоёр раундад бол тун тэнцүү тоглосон. Сүүлийн раундад бол үнэхээр бараагүй ээ. Ингээд 9:21 оноогоор ялагдаад шагналт дөрөвдүгээр байрт орсон. Олимпийн медалийн үзүүрт хүрээд л алдсан гэх үү дээ. Гэхдээ Олимп гэдэг тамирчин хүний оролцож үзэх юмсан гэж мөрөөддөг зүйл болохоор үнэхээр агуу юм билээ.
-Тамирчин хүнд хэзээ ч мартагддаггүй ялалт, ялагдал байдаг даа?
-1990 онд Унгарт болсон ОУТ-д алтан медаль авч, аварга болоход тун их баярлаж байсан санагдана. Анх удаагаа олон улсын тэмцээнд түрүүлж байсан болохоор тэр байх. Бас 1995 онд Бээжингийн ОУТ-д түрүүлсэн маань мардагддаггүй. Бас харамсмаар, харамсмаар хожигдол бий бий. Хамгийн их харамсдаг нь Олимпийн медалийн төлөө тоглоод ялагдсан маань юм даа.
-Таны жинд ямар ямар хүчтэй өрсөлдөгчид байв?
-Оросын Малахбеков ( Раймкуль Малахбеков-Олимпийн мөнгө, хүрэл медальтай, Дэлхийн хошой аварга, Европын хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай), Унгарын Ковач (Иштван Ковач-Олимпийн алт, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга), Кубын Меса ( Арналдо Меса-Олимпийн мөнгө, Дэлхийн гурван хүрэл медальтай) нар ямар ч тэмцээний медальт байраас бараг л салдаггүй байлаа. Олимп, дэлхийгээс медаль авахын тулд энэ хэдийн нь аль нэгнийг заавал ялах хэрэгтэй болдог байсан гэсэн үг. 1996 оны олимпийн наадмын алтыг Ковач, мөнгийг Меса, хүрэлийг Малахбеков, бас нэг Тайланд аваад эдний ард би орж байсан.
-Монголын боксын “алтан үеийнхэн” гэгддэг 80-аад оны үед Та бокс тоглож эхэлсэн. Тэр үеийн тамирчдын тухайд юу өгүүлэх вэ?
-Бидний дээд талын үеийнхэн бол үнэхээр Монголын сор болсон боксчид байлаа. Би хувьдаа ахыгаа (Ц.Цэрэнням) болон Р.Отгонбаяр, “том” Н.Энхбат, Ц.Амаржаргал нарыг их шүтдэг байсан. Тэдний тоглолтыг үзэхэд урамтай, маш гоё техниктэй л дээ. Тоглолтын арга барил, стилийг нь их дуурайна. Ер нь ах тамирчдыгаа их хүндэлнэ. Ах нарын үг бол “намын даалгавар” л гэсэн үг. Манай боксынхон ах захаа мэддэг, эрэмбэ дараагаа хүндлэх талаараа маш сайн. Ах нар маань ч бидэнд чаддаг мэддэг бүхнээ зааж сургана, тусална. Шигшээгийн ах нар биднийг нэг нэгээр нь дааж аваад долоо хоногийн нэг бэлтгэлийг хариуцаад хийлгэдэг байсан.
-Тэгвэл хамт тоглож явсан нэг үеийнхэн хэн хэн байна?
-Үндэсний бөхөд 1964 оны “луу жилтнүүд” гээд л олон мундаг бөх байлаа даа. Манай бокст бидний үеийнхнийг “гахай жилтнүүд” гэдэг байсан. 1971 оны гахай жилтэй олон сайн боксчин тоглож байсан юм. Тухайлбал гавьяат тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Т.Үйтүмэн, гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цогтжаргал, за тэгээд ОУХМ Эрдэнэбат, Батнасан, Саранхүү, Эрдэнэбаяр гээд л бий. Би бас 1971 оны “гахай” жилтэн. Үнэхээр 90-ээд онд бокст гахай жилтнүүд хүчтэй байсан. Би Э.Цогтжаргалтай хүүхэд байхдаа өгөө, аваатай л тоглодог байсан. Бас гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Дорнодын Саранхүү нартай чамгүй олон тоглосон, харин энэ хоёрт бол хожигдож үзээгүй ээ.
-Танай үеийн шилдэг боксчид болох Т.Үйтүмэн, Э.Цогтжаргал, Д.Лхагва нарт 1991 оны ДАШТ-ий үеэр мэргэжлийн бокст орох санал тавьж байсан гэдэг. Сүүлд нь Лхагва, Цогоо хоёр мэргэжилд орж, нэг нь дэлхийн хошой аварга , нөгөө нь Пан Америкийн аварга болж байсан. Танд ер нь мэргэжлийн бокст тоглох санал, урилга ирж байв уу?
-1991 онд мэргэжлийн бокст орох саналыг Югославын багш нар тавьж байсан юм. Тэр үед Батлий багш маань загнаад мэргэжилд орохыг зөвшөөрөөгүй л дээ. Бас миний тоглолтын арга барил мэргэжлийн бокст тохирохгүй байсан байх. Тэгэхээр мэргэжилд өндөр амжилт гаргах магадлал бага гэсэн үг. Тиймээс ч бэлтгэлээ сайн хийгээд Олимпод л тоглохыг багш нар зөвлөсөн. Сүүлд нь ч олимпийн дараа мэргэжилд ороод үздэг ч юм бил үү гэж бодогдсон ч нас бас нилээд явчихсан байсан болохоор больсон доо.
-1999 онд АНУ-д болсон ДАШТ-ий дараа бокс тоглохоо болих үед Та 28-хан настай байсан байна. Харьцангуй эрт зодог тайлсан юм биш үү?
-Сонирхогчдын бокст 34 нас хүртэл тоглох боломжтой байдаг л даа. Яахав Монголдоо бол дахиад хэдэн жил аргалаад тоглоод, түрүүлээд байж болох л байсан. Гэвч залуу хүүхдүүдэд зайгаа тавьж өгье гэж бодсон.
-За тэгээд түүнээс хойш Америкт амьдраад бараг 10 жил болжээ. Энэ хугацаанд юу хийж, юунд суралцав даа. Амьдралын зорилго чинь ер нь биелэж байна уу?
-Манай нийгмийн тогтолцооны хамгийн том золиос болж байсан хүмүүс бол тамирчид шүү дээ. Хамаг залуу нас, эрүүл саруул биеээ спортод зориулж, улсынхаа нэрийг гаргаж гаргаад ар тал, амьдрал нь ямар үлддэг билээ манай тамирчид. Одоо харьцангуй өөр болж байгаа юм шиг байна лээ. Хэрэв төр засаг нь тамирчдынхаа ахуй амьдралынх нь бололцоог бүрдүүлээд өгдөг байсан бол энэ олон тамирчин хүний газар хүнд ажил хийгээд явж байхгүй биз дээ. Манай дээд талын үеийнхэн, бидний үеийнхэн жинхэнэ сэтгэлтэй, дуртай болохоороо л спортдоо үнэнч явсаар дууссан. Тэрнээс эдийн засгийн ч юм уу ямар нэг ашиг байхгүй байлаа ш тээ. Энд ирээд яахав 10-аад жил боллоо. Амьдралын “их сургуулийг” дүүргэлээ дээ. Хүнтэй ярьж, хөөрч, харилцаж сурлаа, хүний газар ямар байдгийг мэдлээ, хөдөлмөрийн үнэ цэнэ, хөлс ямар байдгийг мэдлээ. Амьдрал бол оньсого гэж би боддог. Тэгэхээр элдвийг урьдчилан төлөвлөх дургүй ээ. Өнөөдрийнхөөрөө л байхыг хүсдэг. Гэхдээ мэдээж бас бодож явдаг зүйл байж л таараа. Сэтгэл тэнүүн амьдралыг хүсч, боксын хувийн клубтээ болно гэж боддог. Түүндээ хүрэхийг хичээж явна.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Ер нь чөлөөт цаг бага гардаг даа. Спортын уралдаан тэмцээн үзэх дуртай. Ялангуяа бэйсбол, сагсанбөмбөг, америк хөлбөмбөг их үзнээ. Урьд нь Бэй Айриэд амьдарч байхдаа тэр хавийн сагсанбөмбөгийн “Уорриорз”, бэйсболын “Жиантс”-ийг хөгжөөн дэмждэг байсан. Одоо бол Чикагод байгаа болохоор эндхийн бэйсболын “White Sox”-ын улаан фэн болоод байна. Ер нь аливаа тэмцээнийг “амьдаар” нь үзэх маш гоё. За тэгээд дуу хөгжим , интернет гээд залуу хүн юу сонирхдог вэ тэр бүхнийг л сонирхоно доо.
-Ноднин болсон боксын ДАШТ-ий үеэр Монголынхоо боксчдыг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-1997 онд манай Үүеэ ДАШТ-ээс мөнгөн медаль аваад л Монголын бокс нэг хэсэг зогсонги байдалд орсон. 2000, 2004 онд Монголоос олимпод ганц, ганцхан боксчин орсон. ДАШТ-ээс медаль авсангүй. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Монголын боксчин мөнгөн медаль, гэхдээ бүүр миний тоглож байсан жинд авсанд маш их баярлаж, бэлгэшээсэн. 2008 оны олимпод Монголын дөрвөн боксчин оролцох эрхээ авлаа. Ер нь Монголд бокс буцаад зөв зам руугаа явж эхэллээ гэж бодож байгаа. Манай холбооныхон үе үеийн бүх тамирчин, дасгалжуулагчтайгаа эв нэгдэлтэй , маш сайн ажиллаж байгааг хэлэх ёстой.
-Монголоос нэг супер боксчин төрүүлэе гэвэл хэн хэнээс ямар зан чанарыг авах вэ?
-Р.Отгонбаяр ахын ухааныг, “том” Энхбат ахын хөлийн ажиллагааг, Алтанхуяг, Цэрэнням ахын техникийг, Ц.Амаржаргал ахын мэдрэмж, бяр хүчийг, О.Дэмбэрэл ахын дайчин чанарыг, Жамган ахын эх оронч занг нийлүүлбэл ёстой л супер боксчин төрөх байхаа.
-Таны амьдралд тань аз жаргал хүсч, хурдан Монголдоо буцаж очоод боксын клуб байгуулан олон шилдэг тамирчин төрүүлж гаргаарай хэмээн ерөөе!
-Баярлалаа, ерөөл бат оршиг! Өнөөдөр өдий дайтай явж буй маань боксын буян гэдгийг хэлэхгүй бол болохгүй. Мөн төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн аав, ээждээ үргэлж баярлаж явдагаа энэ завшааныг ашиглан хэлье! Аав, ээж, ах дүү, төрөл садан, найз нөхөд, бүх Монголчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, өөдлөн дэвжихийн ерөөлийг өргөе!
Ярилцсан Ц.Энхтүвшин (“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)
www.dayarmongol.com

Friday, 25 July 2008

Юмс хоёр талтай...

Ажаад байхад юмс хоёр талтай юм байна... Би өмнө нь ганцхан миний л зөв, бусдын буруу гэж ганц намдаа гадас шиг үнэнч гозойдог байлаа. Гэтэл миний буруутгах зүйл зөвдөх магадлал бас байна. Магадгүй би хөгшрөөд хулчгар болж байгаа юм уу, манай тал дандаа зөвддөггүйг гадарлах болов. Та нар бод л доо. Ардчилсан сонгууль хийгээд ардчилагчид хулхидуулжээ. Мэдээж хулхидуулсан юм чинь хулхидсан хулгайчуудыг илчлэх хэрэгтэй. Харин ингэж илчлэхэд манай муу авга ахын бага банди ямар гэмтэй юм бэ. Саяны үймээнээр тэрээр нэг нүдээ сохлуулаад, одоо нэг элий балай юм эмнэлэгт хэвтэж байна. Дөнгөж арван жилээ төгсөв үү үгүй юу, цагдаагийн курс шиг юманд явч цагдаа болсон ухаантай юм шүү дээ. Ард түмнээ буудсан хулгайч нь тэр юм гэнээ. Тэгээд болоогүй ээ, цагдаагийнхан нүдийг нь сохолсон гэмт этгээдийг барьсаан. Гэтэл тэр нь нэг жаахан банди. Арван тав ч хүрээгүй, нусаа хацартаа наасан шар банди. Энэ шар банди миний муу дүүгийн л нүдийг сохлох гэж ардчиллын төлөө тэмцсэн хийсэн хэрэг үү. Үгүй нээрээ хэлэх үг алга. Алийг нь шийтгэж, алийг нь зөвтгөх вэ.

Би бол ясны ардчилсан хүн. Хэдийгээр төсвийн байгууллагад ажилладаг ч, муусайн хүнд сурталтангуудыг үнэн голоосоо үзэн яддаг. Тиймээс ч би хэний ч шахалтгүй АН-д элсэж, залуучуудыгаа дэмжиж балиашигладаг. Харин саяны явдал намайг эргүүтүүлчихлээ. Сонин хэвлэлээр бичсэн бүхнийг алгасалгүй уншиж бүр залхлаа. Өдөр хоног өнгөрөх тусам үнэн бүдгэрч авгай нөхөр хоёрын явган хэрүүл шиг юм боллоо. Хэн нь ч буруугаа хүлээгээд, ял шийтгэлээ авах зориг зүрх алга. Бүгд л толгойгоо гашилган “сайхан сонсогдох” хувилбар сонгож сууцгаана. Та нар уншсан бол Магнай сэтгүүлч Уянгатай чаатлаж байгаад “алдарт үг” хэлсэн шүү дээ.
Уянга: ...Элбэгээ чамайг маш тодорхой өмөөрсөн. Үймээнийг зогсоох гэж очоод Магнай өөрөө гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсан гэж ярьсан
Магнай: Сайхан сонсогдож байна.

Үгүй нээрээ юу хэлэх вэ дээ. Ямар архи ууж завхайрч яваад авгайдаа азаартсан би биш сайхан муухай сонсогдох яах вэ. Үнэн явдал юу билээ. Магнай үймээн самууныг зогсоох гэж очоод гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсныг би үзээгүй. Элбэгдорж хажууд нь явж байгаад харсан юм бол, мэдэж байгаа биз. Харин хоёр нүдэндээ итгэвэл Магнай манлайлаж очоод анхны “баатарлаг давшилтыг” хийснийг бол бичлэгээр зөндөө харлаа. “Энэ хүүхнүүд үү” кинонд гардаг шиг нүдээ нухаж байгаад л нүдний шилгүй, нүдний шилтэй харлаа. Яах аргагүй л Магнай мөн л байна лээ. Одоо үүнийг хэллээ гээд би ардчиллагч биш болох уу. Ардчилал гэдэг маань үзсэн харснаа биш зөвхөн “ардчиллын юмыг” ярихаар л ардчилал байдаг юм уу. Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай “энэ залуус тэртэй тэргүй түүхэнд үлдэнэ” гэж хэлсэн гэнэ. Надад ерөөсөө падлий алга. Харин нүдээ сохлуулсан дүү маань маргааш баталгаатай амьдарч чадах болов уу. Аав нь гэж насаараа жолооч хийсэн хар бор хүн бий. Тэднийх ямар сайд дарга нар шиг эд хөрөнгөтэй биш хужаад очоод нүд хийлгэх буянгүй шүү дээ.

Эрүүл сэтгэдэг шинэ үе гарч хувьсгал хийн Монголыг мандуулна гэж би үргэлж итгэж явлаа. Гэтэл энэ “хувьсгалын анхны дохио” дүүг маань сохолчихно гэж би яаж таах вэ... Үнэндээ үхсэн баасных нь хувьсгал байх вэ дээ. Хэдэн жаахан хүүхдүүдийг урдаа тавьчихаад зодоон үүсгэсэн атлаа одоо зарим нь бүр ардчиллын төлөөх тэмцэл, хувьсгал ч гэх шиг солиорох юм. Ичдэггүй муу новшнууд вэ... Бүр дургүй хүрчихлээ ёстой. Гэдэн хөдлөх гэж байна ш дээ, харин... Үнэхээр л ардчиллын төлөөх тэмцэл юм бол удирдагчид нь баатарлагаар үнэнээ хэл л дээ.

Үгүй нээрээ юмс хоёр талтай юмаа. Би дөч шүргэж яваа гэхэд урьд нь ерөөсөө ингэж бодоoгүй. Магадгүй юмс хоёр ч биш бүр олон талтай байх л даа. Гэхдээ бүр олон талтай сэтгэвэл олон үзүүртэй юмс тархи толгой цоолоод гараад ирэх байх. Иймээс дөч хүртлээ ганцхан талаас сэтгэдэг миний монгол тархинд бол хоёр байхад л хаваатит. Та нар бод л доо. АН-ыг хамгаалсан “Иргэдийн бухимдал эцэстээ тулж дэлбэрчээ” гэсэн нэг нийтлэлд иш татсан аль диваангарын (1892) нэг “суурь бүтээлд” ингэж бичсэн гэнэ. “Ямарваа нэгэн улс төрийн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг”. За бухимдлаас үүссэн гэдэг ойлгомжтой. Харин “бүдүүрсэн эрх баригч, дарга даамлууд” гэдэгт хэнийг багтаах вэ. Нийгэм эрс өөрчлөгдснөөс хойш ардчиллынхан ч, хувьсгалт намынхан ч дарга даамлууд болсон. Ер нь таван удаа сонгууль болоход хоёулаа өгөө аваатай л байсан. Мөн бүдүүрсэн эрх баригчид гэвэл хоёулаа л бүдүүнчүүдтэй. Тэгэж ярих юм бол Элбэгдорж, Магнай нар чинь хэрээсээ хэтэрсэн бүдүүн, Баяр чинь харин тэдний хажууд гоолиг юм байна лээ. Тэгэхээр өнгөрсөн явдал хэрэв үнэхээр л иргэдийн бухимдал эцэстээ тулж дэлбэрч буй бол өрөөсгөл дэлбэрчээ. Одоо АН-ын байрыг ч шатаах хэрэгтэй. Тэгвэл л ард түмэн стрессээ тайлж нэг тайвширна даа. Уг нь бол нам мам гэхээс шууд л Засгийн газрын ордон руу довтлох байсан юм... (За ер нь миний хэлэх гээд байгааг ойлгож байна уу. Өөрсдөө бүдүүрч эрх барьж, дарга даамал болоогүй байж байгаад “суурь бүтээлээс” иш татах байж л дээ. Над 20 жилийн өмнө энэ онол гоё сонсогдох байсан байх, одоо бол үгүй)

Мөн энэ “суурь бүтээлд” нэгэнт л улайрсан ард түмнийг зогсоох аргагүй. Харин ингэж цуглуулж, хүч хэрэглүүлэхгүй байх арга замыг л хайх хэрэгтэй гэжээ. Энэ бол ойлгомжтой. Хэрэв хоёр бух мөргөлдөж байвал хэн дундуур нь орж салгаж чадах юм бэ. Мөн мөргөлдүүлсэн хэргийн эзэд мөргөлдөж байхад нь болиулах гэж оролдлоо ч зөвдөхгүй. Анхнаасаа л хоёр малыг алалцуулсан эзэд л “цугларах овоо”-г босгохгүй байхад л ухаанаа зарах байсан юм. Энэ утгаараа ч “ухаан зараагүй” Элбэгээ “Магнай үймээнийг зогсоох гэж очоод гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсан” гэж өмөөрч ярих утгагүй. Тэгсэн байлаа ч Магнай малын эзэн шиг зөвдөхгүй. Энэ залуу урьд хэчнээн гавъяа байгуулсан ч, үймээн дэгдээхэд “оруулсан хувь нэмрээ” шудрага хүлээх ёстой шүү дээ. Ганцхан Магнай ч биш бүх оролцсон хүмүүс. Түүнийг ийм тийм гавьяатай гээд хариуцлагаас мултаруулах ч утгагүй. Би түүний гавьяаг огт үгүйсгээгүй. Хамгийн гол нь анх дайрснаа л хүлээн зөвшөөрөг л дөө. Бид ямар социалист түүхчид шиг Сүхбаатарын амьдралыг бичиж байгаа биш. Үнэнийг л мэдье. Монголд тустай.

За, за нуршилгүй, ганцхан зүйлийг л би хэлмээр байна. Тэр хүний нүд сохолдог арван тавтай банди чинь Монголын ирээдүй. Учраа олоогүй жаахан хүүхдүүдийг ийм хэрэг төвөгт татах ямар шаардлага байна. Хүүхдийн эрхийг энд ноцтой зөрчсөн байна. Яагаад энэ тухай хэн ч дурсахгүй байна. Тэд үнэхээр шудрага ёсны төлөө тэмцсэн бол хүүхдүүдийг бамбай болгохгүй л байсан байхгүй юу. Ирээдүйгээ хамгаалахын оронд “галын шугам руу” түлхэж байдаг. Намайг нэг найздаа үүнийг хэлтэл харин нөгөөтөх чинь өөдөөс “Тэнд хүүхэд их оролцсонд чи арай хүүхдийн эрх, тав тух энэ тэр гэж ярих гээд байгаа юм биш биз дээ? Төр нь энэ талаар ярихгүй болоод удаж байгаа шүү. 18 жилд монголын хүүхдүүдийн хагас нь амьдаараа өнчирч, хагас нь ерөөсөө гудамжинд өлсөж цангаж, хог түүж өссөн учраас тэд юунаас ч айхгүй болсон. Тэдэнд ингэж яваад үхэх нь аз жаргал” гэж солиордог байгаа. Дэндүү харгис байгаа биз. Хэн ч тоохоо больсон юм гээд энэ хүүхдүүдээр золиос хийх гэж үү. Эсвэл хүүхдээ тэврээд чулуу шидсэн “зоригт” ээж шиг бүгд л хүүхдүүдээ авчирч чулуу шидүүлэхгүй яасан юм. (Хөгжингүй оронд бол ийм эхийн эх байх эрхийг хасна) Гэтэл зарим дарга нарын хүүхэд гэртээ тоглож суусан биз дээ. Арай л ард түмний хүүхдүүдийг дээрэлхсэн юм биш үү. Би тэр арван тавтай бандийг одоо яах вэ. Түүний оронд насанд хүрсэн хар юм сууж байгаасай даа. Тэгсэн бол ёстой дүүгий маань нүдийг сохолсон баастай нэгийгээ үзэхгүй юу…

Нээрээ ядарсан ард түмнээр дураараа тоглож болдог юм байна. Саяны үймээн бол хэсэг нөхөд ард түмнийг ашиглах гэсэн боловч, хяналтнаасаа алдаж ардын хүүхдүүдийг хооронд нь алалцууллаа. Одоо ард түмний бухимдлыг өрсөлдөгч тал руугаа онилуулж, биеэсээ зайлуулдаг арчаагүй аргаа улс төрчид ашиглахгүй байх нь хамгийн хүнлэг явдал. Үгүйчүүдийн уур хилэн аль нэг намд биш харин хоолыг нь булааж идсэн хүн бүхэн рүү чигэлсэн. Гоё үгээр молигдож ходоодоор нь тогловол харин ч улам их хараал зүхлийг өөр дээрээ хураана.

Та нар Ху намаас нэр дэвшигч мөнгө тарааж байгаа бичлэг үзээрэй*. Тэр эмээ өвөө нар мөнгө яаж мөргөж авч байна. Үнэхээр зүрх зүсмээр. Эд чинь нөгөө дуунд гардаг уужим саруул ухаантай, жинхэнэ монгол аав ижий нар шүү дээ. Тэгэхээр бид бол ийм л ард түмэн. Хэдийгээр бөөснөөсөө салж, жийп унадаг болсон ч тархи толгой маань спиртэнд хатчихсан, мухар сүсэгтэй ард түмэн. Ардчилал, хүний эрх гэдэг цаасан дээр байна. Харин гавалд даанч алга. Ардчилал бидэнд дэндүү ахдаж байна. Бид ийм л мухар сүсэгтэй, тэнэг ард түмэн болохоор хөгжихгүй, хэдхэн хувиа хичээсэн хүмүүст маллуулж, сонгуулиа ч шудрага цэвэрхэн хийж чадахгүй ядуу амьдарч байгаа юм. Одоо бид өөрсдийгөө л зүхэхгүй, өөр хэнийг зүхэх юм бэ.... За больё бүр уур хүрчихлээ. (Тайвшир, тайвшир юмс хоёр талтай шүү, хоёр талтай шүү!)

Үнэндээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй бялдуулч юм бичсэнгүй. Ардчилал хөгжихөөр ардын хүүхдүүд нэг нэгнээ алдаг гэж би итгэхгүй учраас миний дүүгийн нүдийг сохолсон арван тавтай хүүг уучлах сэтгэл над бий. Харин хийсэн, ярьснаа булзааруулж хариуцлагаа хүлээхгүй байгаа улс төрчдийг уучлаж чадахгүй юм. Хэрэв тэд зоригтой үнэнийг ярьвал магадгүй би уучилж мэднэ. Бас ч гэж уужуу сэтгэлтэй монгол хүн шүү би. Эцэст нь боловч хамгийн гол нь сохорсон дүүд маань гадаадад очиж эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байнаа. Хандивыг бол дарга, цэрэг, АН, ХУ гэлтгүй өгсөн бүхнээс нь авна шүү. Буянтай хүмүүс минь гараа сунгаачээ.

Баянгол дүүргийн иргэн Гадас овогт Д. Галсанжав.
2008. 08. 20
*http://video.google.com/videoplay?docid=5999798477113436222&hl=en

Wednesday, 16 July 2008

Болжморын жиргээ

Дуулснаа давтдаггүй
Туулснаа дүгнэдэггүй
Илүүг хүсдэггүй
Өөрсдөө сонгодоггүй
Тэнгэрийн тааллаар
Бид амьдарцгаадаг.
Алдар мөрөөсөж
Тайз голдоггүй
Амьдын чимэг
Сэтгэлийн илч минь
Саранд хүрэхгүй ч
Зүлгэнд шингэдэг.
Жиргэх хүслээ
Зүрхэндээ тээсээр
Саргүй шөнийг
Бутны ёроолд үдэхдээ
Жавартай үдшийг
Мандах нарнаар умартан
Өөрт байснаа
Бусдад түгээсэндээ
Бид харамсдаггүй.
Өнөөдөр бид
Зүрхэндээ эргэлзвэл
Маргааш жиргэхээ болино.
Өнөөдөр бид
Жиргэхээ боливол
Маргааш эндээс явцгаана.
Дуугаан зохиодоггүй
Дуундаа сонгогддог
Дуулснаа давтдаггүй
Туулснаа дүгнэдэггүй
Тэнгэрийн тааллаар
Бид амьдарцгаадаг.

1996.7-