Thursday, 12 June 2008

Бүсгүйчүүдэд хийх юм их бий

Түүх, соёл, шашин, уламжлалаас харахад монголчууд эр, эм хүйсний эрхийн асуудалд харьцангуй хүлээцтэй ханддаг үндэстэн. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай ухагдахуун гүехэн байсан Чингис хааны үед ч төрийн хэрэгт олон бүсгүйчүүд (шууд оролцохгүй ч гэлээ), зөвлөгөө өгдөг байсан нь МНТ-д тэмдэглэгдсэн. Ганцхан жишээ дурдахад, Чингис хаанд залгамж халаагаа сонгох цаг ирснийг Хулан хатан анх сануулдаг; энэ бол монгол эрчүүд эртнээс хараагүй өнгөрснөө, ажаагүй умартснаа ухаантай цэцэн эмэгтэйчүүдээр хэлүүлж ухаарч, мэдэрдэг байсны нотолгоо.

XXI зууны монголчууд бид ч дэлхий нийтийн чихийг сэртийлгэж, нүдийг бүлтийлтэл эмэгтэйчүүдээ хавчиж, даралсангүй. Өнөөдөр манай эмэгтэйчүүд аажим аажмаар говийн элс шиг нийгмийн бүхий л салбар, ажил төрөлд өөрсдийн эзлэх байр суурьтай болцгоож, улсын хөгжилд эрчүүдээс ч дутахгүй хувь нэмрээ оруулж байна. Ерээд оноос хойш өндөр мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд, эрчүүдийг давах хэмжээнд хүрсэн байх. Эрүүл мэнд, боловсрол гэх мэт олон салбарт боловсон хүчний ихэнх хувийг эмэгтэйчүүд эзлэж байгаа нь манай улс нэгэнт сонгосон ардчилсан нийгэм байгуулах үйлсдээ эргэлт буцалтгүй зүтгэсний “баллахааргүй амьд гэрчүүд” билээ.

Харин өндөр мэргэжил, боловсрол эзэмшсэн монгол бүсгүйчүүд харьцангуй олон ч хууль тогтоох байгууллага болох УИХ-д цөөхөн эмэгтэйчүүд байдаг нь ардчилсан нийгэм байгууллахаар зүтгэж буй бидний засаж залруулах зүйлсийн нэг гарцаагүй мөн. Өнөөгийн ИХ-д 76 гишүүнээс зөвхөн 5 нь л эмэгтэйчүүд байдаг нь үнэхээр чамлахаар тоо. Нэгэнт л мэдлэг боловсролтой боловсон хүчин бэлдчихээд, түүнээ ашиглаж чадахгүй байна гэдэг манайх шиг хөгжөөгүй, хүн ам цөөхөн улсад эдийн засгийн хувьд ч, хүний нөөц бололцоог ашиглахын хувьд ч тун харалган явдал болох нь ойлгомжтой. Мэдлэг, боловсролоор төдийлөн товойхооргүй зарим хүмүүсийг бид УИХ-даа сонгодог нь нууц аль хэдийн биш. Улс төрд өнөөдөр мөнгөөр зодож хүч үзэх үү, мэдлэгээр зодож хүч үзэх үү гэдэг үнэндээ ганцхан улс төрчдөөс биш сонгогчдоос бас хамаарах зүйл ээ.

Сургууль, соёлын мөрийг үнэн сэтгэлээс хөөж дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд мэдлэгээ зузаатгаж, ухаанаа тэлсэн олон бүсгүйчүүд бий. Тэдний хэн нь ч УИХ-д нүүр бардам, сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллаж чадна гэдэгт итгэдэг хүн олон. Магадгүй, “арай ч дээ гэмээр зүйлс ярьдаг” (ИХ-ын дарга тэгэж халаглаж байсан санагдана) хоёр ч гишүүний бүтээх хэргийг нэг мэдлэгтэй эмэгтэй гишүүн хийж чадна.

Дэлхий нийтээр улс төрд оролцох эмэгтэйчүүдийн тоо, чанар өсөх чиг хандлагатай байна. (АНУ Ерөнхийлөгчийн сонгууль тод жишээ). Эмэгтэй хүний зүгээс гарсан хандлага, бодлого агаар мэт хэрэгтэй байгаа нь мэдрэгдэж эхлэлээ. Ядуурал, байгаль орчин, гэр бүлийн үнэт зүйлс гээд л “илүү эмэгтэйлэг асуудлууд” XXI зууны дэлхийн улс төрд давамгайлах янзтай. Монголын улс төрд гэр бүлийн хүчирхийлэл, хээл хахууль, биеэ үнэлэх явдал, хүний наймаа гээд олон асуудалд эмэгтэйчүүдээс гарсан ухаалаг шийдэл зайлшгүй шаардлагатай байна. Дэлхийн банкны нэгэн судалгаа “улс төрд хэр олон эмэгтэйчүүд оролцоно, төдий чинээ хээл хахууль багасана” гэсэн дүгнэлт хийжээ. Бидний сонгосон улс төрч бүсгүйчүүд эдгээр асуудалтай уйгагүй тэмцсээр ирснийг ч хүн бүхэн мэднэ.

Үнэндээ, өнөөдөр манай улс төрчдийн нэр хүнд ард түмнийхээ дунд мууджээ. Бид луйварчин, хахуульчин ч гээд ярихад яагаад ч юм улс төрчдийг эхэлж боддог зуршилтай болчихож. Гэхдээ муу улс төрч гэхээр эмэгтэй улс төрчдөө бараг хэлдэггүй. Энэ бол монголчууд эмэгтэй улс төрчдөө хүндэлдэгийг харуулна. Тэд ч ард түмнийхээ итгэлийг дааж, эмэгтэйчүүд илүү үүрэг, хариуцлагаа мэдэрдэгийг батлана. Тоо цөөхөн учраас улс төрд эмэгтэйчүүдийн нэр муугаар хэллэгдэггүй гэж хариулах хүн гарах байх. Тэгвэл нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж монголчууд ярьдаг. Хэрэв үхэр цөөхөн бол, нэг үхрийн эвэр доргиход бүр ч хурдан л бусад үхрийн эвэр доргино шүү дээ. Тиймээс өнөөгийн ороо бусгаа үед, эрчүүдийн ноёрхол харьцангуй чанга цагт, нэр хүндээ алдалгүй, үүрэг хариуцлагаа умарталгүй зүтгэж яваа манлай бүсгүйчүүдээ бид үнэлдэг - энэ бол манай ардчиллын том ололт. Монголын нийгмийг эрүүлжүүлэх, соёлжуулах, хөгжүүлэхэд монгол эхчүүд, бүсгүйчүүдэд хийх зүйл их байна даа. Тэд бидний итгэлийг дөрвөн жил байтугай л дааж чадах нь гарцаагүй ээ.
2008.04.26
Х.Эрдэмбилэг