Thursday, 29 May 2008

Далай Ламтай уулзсан сэтгэгдэл, тэмдэглэл

Дөрөв жилийн өмнө Далай Лам Англид айлчлахдаа энд ажиллаж, амьдардаг монголчуудтай уулзаад
-За би нэг улаан утас, тууз, үрэл мэтийг та нарт тарааж байна. Гэхдээ үнэндээ, энэ бол их чухал юм биш. Харин та нар миний хэлснийг жаахан ч гэсэн ойлговол илүү өгөөжтэй шүү. За та нар битгий л зодолдож, булаацалдаарай, аятайхан шиг дарааллаад аваарай! гээд хэлж дуусаагүй байхад манайхан шууд шуугиж, тараах гэж байсан Элчин сайдыг энд тэндээс нь “барьж идэх шахсан” гэдэг онигоотой ч юмшиг, эмгэнэлтэй ч юмшиг яриа байдаг.

Өчигдөр Далай Лам монголчууд бидэнтэй уулзлаа. Далай Лам маш зав зайгүй ч гэлээ, зав гаргаж сургаалаа айлдав. Далай Ламтай уулзаад би баяр хөөр, бас гутрал бухимдлыг мэдрэв. Өчигдөржингөө л сэтгэл тавгүйтлээ. Сэтгэл уужирч баясал эдэлсэн маань энэ их хүний барааг харж үгий нь сонссоных, уурлаж бухимдсан маань Далай Ламтай уулзаж байгаа монголчуудынхаа байр байдал, ерөнхий уур амьсгалаас болов. Нээрээ тэр гээд хэлэлтгүй хэний янаагүй бид нэг л бишээ, дарга цэрэг бүгд л адилхан.

Монголчуудыг Далай Лам өдрийн 4 цагийн алдад хүлээж авсан. Харин би үдийн 2 цагт очиж, “Бодит байдлын мөн чанарыг шинжлэх нь” гэсэн цуврал айлдварынх нь нэг хэсэгт суусан юм. Энэ өдрийн сургаал нь монголчуудад хямдралтай £6.60 байлаа. Үдийн 2 цагийн сургаал бол үнэхээр хүндэтгэл, бишрэлээр дүүрэн жинхэнэ л сүсэг бишрэл гэж ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлэв. Танхим дүүрэн хүн Далай Ламыг бөхөлзсөөр, аажуухан, бараг төвөг болсонд уучлаарай гэсэн мэт намуухан орж ирэхэд нэг зэрэг босож суудалдаа залартал нь бөхийн нам жим байв. Энэ үед ямар их хүндэтгэл, бишрэл, хүнийг дээдлэх мэдрэмж мэдрэгдсэн гээч. Далай Лам шашны гүн ухааны, бас бусад асуудлуудад хариу өгөхдөө; туйлын төвшинд бол би гэж үгүй. Харин өдөр тутмын нийгмийн харилцаа, хүний амьдралын ердийн төвшинд би байх ёстой. Тэгэж байж хүн эрмэлзэл, зорилготой болно. Би бусдад туслаж чадна гэсэн залуу хүний эрмэлзэл тэр хүнд эрч хүч өгөх болно гэсэн утгатай нэг сургаал айлдсан мөн шинжлэх ухаан буруу гэдгийг нь баталсан Буддын шашны зарим зүйлийг ч хүртэл засаж залруулах хэрэгтэй гэж байна лээ.

Далай Ламаас сургаал сонссон гадаадын хүмүүсийн байр байдал, уур амьсгал хүндэтгэл бишрэл дүүрэн байсан бол, манай монголчуудын байр байдал зах дээр суугаа дамын наймаачид шиг. Энийг бичлээ гэж миний олон найз нар надад гомдохгүй байх, тэнд үнэндээ ихэнх нь миний таньдаг, найзалдаг хүмүүс явсан. Тэр дунд нь би өөрөө ч харайлгаж явсан болохоор хэн нэгнийг муулаагүй шүү. Зүгээр л надтай хамт өдрийн 2 цагийн сургаалд суусан хэсэг хүмүүст ч тэгэж санагдсан байна лээ. Миний дотроо мангар гэж боддог нэг залуу хүртэл монголчуудыгаа харчихаад “Манайхан нээрээ арай дэндүү юмаа. Зураг битгий ав гээд байхад л бүгд л утас, камераа гаргаж ирээд л яриаг нь ч сонсохгүй, хоорондоо чалчиж байгаад л зургыг нь дарах юм” гэж байна лээ. (Англи зохицуулагчид аппаратаа унтраа гэж шаардаад дийлээгүй.) Бодвол тэр 2 цагийн сургаалд сууж “хар тамхинд мансуурчихсан” гарч ирээд лантуугаар цохиулах мэт болсон юм байгаа биз, над шиг. Хэрэв голцуу шар толгойтнуудын уулзалтын уур амьсгалыг голоор зүйрэлвэл, ёстой л нөгөө сарны гэрэлд намуухан урсах Туул гол шиг, харин монголчууд бидний уулзалтын уур амьсгал үерийн ус шиг. Бид шууд монголчуудын уулзалтанд ирсэн бол үүнийг мэдрэхгүй, ийм л байдаг шүү дээ гэсэн янзтай байх байсан болов уу.

Биеэ өргөмжилсөн, би-гээ хэт тэтгэсэн хүмүүс Далай Ламын хажууд л тод харагдахгүй бол өөр хэний хажууд тод харагдах билээ. Өдөр шөнө шиг л ялгаа мэдрэгдэнэ. Манайхан яаж ч даруухан байх гээд, “би, би би” гэдгээ нууж чадахгүй юмаа. Энэ нь бидний байдал, хөдөлгөөн, үг авианаас илэрч их бүдүүлэг харагдуулах юм. Буддын шашны, миний жаахан мэдэхийн л, нэг сургаал нь хүний зовлонгийн гол шалтгааны нэг нь би-д баригдах гэж заадаг санагдана. Тийм болохоор Далай Ламтай уулзаж, зөвхөн өөртөө л юм нялж, өөрийгөө л рекламдах гэж байгаа бол буруу.

Далай Ламыг тайзан дээр гараад ирэхэд манайхан суудлаасаа босохгүй, зураг камераа тачигнуулаад эхлэсэн. (Би ч мөн хэдэн зураг татаад л авсан.) Далай Лам уулзалтыг албан ёсны биш гэдгийг тодотгож нэг модон сандал өөрөө чирж авчираад суусан. (Энд зохион байгууллагчдын алдаа байх шиг, Далай Лам гарч ирэхийг зарласан бол ондоо байх) Элчин сайдын яамны Жаргалсайхан ах үг хэлж цагаан хадаг барьсан. (Нийт гурван хүн хадаг барьсан. Уг нь нэг хүн барихад л болох мэт)

Далай Лам, яриагаа эхлэхдээ Монгол, Төвд хоёр бол ихэр хоёр үндэстэн. Бидний харилцаа бол маш өвөрмөц харилцаа. Өнгөрсөн олон зууны турш Монголд Буддизм Төвдөөр дамжиж цэцэглэж байсан. Далай багш, Далай гэдэг бол монгол үг гэж хэлсэн. Мөн хорьдугаар зуунд бид ижил зовлон амссан, шашин шүтлэг шахагдаж, сүм хийд нураагдсан. Харин одоо монголчууд эрх чөлөө эдэлж байна. Монгол ард түмэн эрх чөлөөгөө бүрэн эдлэнгүүтээ Буддын шашныг сэргээн дэлгэрүүлж байгаа. Одоо Энэтхэгт дор хаяж 400 гаруй Монгол, Буриад, Халимаг, Тувагаас ирсэн монгол туургантангууд суралцаж байна.

Монголчууд бол Буддын шашинт ард түмэн. Үүнээс гадна Монгол, Төвд хоёр ижил Наланда уламжлалыг хадгалж явдаг. Монголын Буддын шашны бүх ном судар, мөргөл төвд хэлээр байдаг. Намайг 1979 онд анх Монгол, Буриад очиход лам нар мөргөлөө төвдөөр уншдаг ч, төвдөөр ярьдаггүй байсан. Би монголоор, сайн байна уу-гаас цаашгүй байсан болохоор бид бичгээр харилцаж байлаа. Тэд төвд үсгээр бичээд надад өгнө, би эргүүлээд л бичнэ. Энэ нь, олон зууны турш монголчууд Буддизмыг Төвдөөр дамжин суралцаж, хөгжүүлж байсныг харуулахаас гадна бид ямар өвөрмөц харилцаатайг ч батална.

Уламжлалт Буддын шашны үнэт зүйлсээ хадгалж үлдэхийн тулд та нар судалж, суралцах хэрэгтэй. Хэдхэн маани унших хангалттай биш. Та нар Буддын шашны гүн ухаан, концепсыг судлах ёстой. Англи хэлтэй хүүхэд, залуучууд та нар англи хэлээр хэвлэгдэж байгаа энэ олон сайхан номнуудаас унш. Одоо англи хэлээр Буддизмын тухай маш олон сайхан ном гарж байна. SO, PLEASE READ.

Хэрэв тэгээд боломж байвал жижиг бүлгэм байгуулаад зав чөлөөгөөр Буддын шашны гүн ухаан, ухагдахуунуудыг хэлэлцдэг, маргадаг бай. Хоорондоо хэлэлцэж ярилцах маш чухал. Энэтхэгт байгаа төвдүүд, мөн энэтхэгчүүд ч гэсэн одоо бүлгэмүүд байгуулж байна, их ашигтай юм байна лээ.

Буддын шашинтаны хувьд уламжлалаа хадгалж үлдэхийн тул мэдлэг бол амин чухал. /full of knowledge is essential/ Яагаад гэвэл Буддын шашны зам бол оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглахыг хэлж байгаа юм. Тиймээс Буддын шашны судалж мэдэх нь маш чухал. Эс тэгвээс шүтлэг сохор сүсэг байх болно. (Орчин цагийн бид мэдэхгүй байж шүтдэгийг, өвдөхөөрөө ламд очиж, сүм хийдэд мөргөдгийг Далай Лам ойлгохгүй толгойгоо сэгсэрч байна лээ.)

Далай Лам Буддизмын ухагдахуун, гүн ухааныг судлах хамгийн чухал гэдгийн тодотгож хэлж байсан. Тэрээр би та нараас гуйя, Буддын шашны судлах, суралцах тал дээр их анхаараарай, мэдлэгтэй Буддизм хамгийн чухал гэж олон хэлсэн. Та нарын ажил мэргэжилд ч гэсэн Буддын шашны бодох арга, ухагдахуун тус болно. Тархи хөгжүүлнэ, ажил үйлс чинь илүү үр дүнтэй, бодитой байх болно гэхдээ заавал шашин шүтэх албагүй гэх мэт олон зүйлсийг үнэн сэтгэлээс бидэн айлдлаа.

Монгол орчуулга товч тодорхой болсон ч ярианых нь дундуур тасaлсан. Миний анзаарснаар Далай Лам орчуулуулах дургүй байсан. Яагаад гэвэл тэрээр ярихаасаа өмнө хэд нь англи хэлгүй вэ гэж асуусан, манайхан ичээд ч тэрүү, олон хүн гараа өргөөгүй. Далай Лам үүнийг хараад тэгвэл үг хэлэхэд амар юм байна гээд англиар ярьсан.

Хугацаа давчуу болохоор тэрээр хэлье гэснээ түргэхэн хэлээд авъя гэж санасан бололтой. Далай Лам жаахан уцаарангуй харагдсан. Хэлсэн үг нь чихэнд биш шалан дээр унаад байгааг мэдэрсэндээ ч тэгсэн байж магад. Эрдэмтэд байна уу гэж асуухад нь, өөдөөс нь асуулт асууж болох уу гээд бараг хүчиндээд асуулт асууж бас нэг яриаг нь тасалсан. Ямар сонгуулийн уулзалтанд хэрэлдэж байгаа биш, зөвшөөрөлгүй асуух хэрэггүй байлаа. Манайхан яг л хичээл дээр үймүүлдэг салхилгагүй хүүхдүүд шиг байсан.

Манай монголчууд олуулаа Далай Ламдаа ирж мөргөлөө. Энэ нь үнэхээр сайхан, өлзийтэй учрал. Тэнд очсон бүхний ажил, үйлс амжилттай, өөдрөг байх нь гарцаагүй. Хамгийн гол нь бидний хүмүүжлээс болоод ч тэрүү, энэ сайхан боломжоор сэтгэлээ ариусгаж, хүнийг яаж хүндэлдгээ харуулж чадсангүй. Хүндэтгэлээс хүндэтгэл эхлэдэг шүү дээ.

Далай Ламыг гараад явахад манайхан суудлаасаа босоогүй. Уул нь зэрэг босоод хүндэтгэл үзүүлсэн бол соёлтой харагдах байлаа. Харин гарав уу үгүй юу, улаан утас, туузны тулаан дөрвөн жилийн өмнөх шиг эхлэх шахсан. Азаар зохион байгуулж байгаа нэг том биеэтэй англи эр чанга дуугарч зохицуулсан. Их дуутай хүнээс л манайхан айдаг юм байна лээ.

За ямар ч байсан би дөрвөн утас, үрэлтэй боллоо. (Нэг улаан туузыг харин алдчихсан шүү. Арайхийн нэг тууз зуураатахсан чинь бас нэг хүн атгачихав. Яадаг новш вэ гээд өөр лүүгээ чангаасан чинь харин миний танил, нэлээн өндөр боловсролтой хүүхэн зогсож байдаг байгаа, ичсэн нүүрэндээ түүнд улаан туузаа алдсан. За тэр ч яахав.) Бидэнд сүсгийн хөрөнгө, сүсэг бишрэлийн хэрэгцээ байна. Одоо жаахан мэдлэгээр тэтгэвэл монголчууд бид соёлтой болох ч амархан байна даа. Үнэндээ манай залуус хэчнээн ганган дэгжин хувцаслаад ч нэг нэгнээ хүндэлж, соёлтой, боловсон харилцаж чадахгүй байна шүү дээ. Бүр улаан тууз, утас булаалдахыг нь гадныхан хажуунаас нь камерт бичээд байхад тоохгүй юм. Улаан тууз, утас харахаараа л мал шиг зүтгэх юм. Энэ нь шашинд байна уу, маниусдаа байна уу.

28/05/08
6:47pm

Saturday, 3 May 2008

Ардчилал "ам бариулчих" вий

"Толбогүй монгол" номноос, дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр зориулав.

Ам барих ачтай боллоо гэж монгол өвөгчүүд бэлгэшээдэг байжээ. Орчлонг орхих цаг ирэхээр ачаараа сансрын хүлээсийг тайлуулдаг заншилтай байж. Харин одоо ам барих гэдэг нь ихэс дээдэс эвгүй этгээдийн амыг үдэх гэсэн утгатай болсон. Нам, дарга, алт мөнгө, албан тушаалаар аль хориотой бүхнийг ярьж буй амнуудыг тагладаг есөн шидийн арга манай нийгэмд дэлгэрээд ардчиллыг боомилов. Ерөнхийлөгч асан Багабандийн хэлснээр, эрх дархаа хадгалан үлдэхийн төлөө чөтгөр шуламтай ч нөхцөхөд бэлэн дарга нар ардчиллын хөгжилд үнэхээр хамгийн их гай тарьж(1), олон амыг үдэж байгаа энэ үед бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хариуцлагатай сэтгүүлзүй, чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй сэтгүүлч, сурвалжлагч нар ардчиллын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэг гарцаагүй. Гэвч манай хэвлэл мэдээллийнхэн хэн нэгнийг дан сурталчлах багаж болдог нь гашуун үнэн. Чөлөөт сэтгүүлзүй Монголд хөгжиж байгаа нь бахархалтай. Гэм нь чөлөөт сэтгүүлзүй маань ''чөлөөт ёс суртахуунтай'' болохоор өлөн ходоодныхоо хэмжээгээр монголчуудын ''тархийг баздаг''. Хэн мөнгөтэй нь худалдаж авдаг ёс зүйгүй сэтгүүлзүй гай болно уу гэхээс гавьяа байгуулахгүй. Мөнгө өгвөл гэмгүй хүнийг ''алж'', гэмтэй хүнийг ч хаацайлж чадна. Хэрэв цаашдаа ийм явбал шар, цагаан сонин гээд ялгарах ямар шаардлага байна? Бүгд л адилхан шар нохой мэт шарвадаг өөдгүй төрхтэй юм биш үү.

Уг нь яаж ч бодсон эрүүл сэтгүүлзүй хөгжилд тустай. Эрүүл сэтгүүлзүй бол бурууд халтай, зөвд ээлтэй. Далай Ламын хэлснээр хэвлэл мэдээлэл бол заан шиг урт хошуутай байж дарга, цэрэг хэнийг ч ялгалгүй шиншилдэг байх ёстой. Улсын мөнгийг завшдаг албан тушаалтныг ярзайтал үнэнийг нь бичдэг, ядарч зүдэрсэн ард түмний цуглуулсан мөнгөөр тэднийг ''тансаглуулдаггүй'' хянах чадвартай баймаар. Албан тушаал хөөж буй хүнд золиослох зүйл байдгийг мэдрүүлэх л хэрэгтэй шүү дээ. Энэ үүргийг сэтгүүлчид л сануулна.

Нэг ийм явдал болжээ. Нэгэн томоохон тушаалтан ''хүрд эргүүлэх боломж олдлоо'' гэдэг шиг татварын мөнгөөр тансаглах боломж олдохоор нь хөөрхөн хүүхэн сугавчлан нисэж өгч. Дараа нь харин энэ ''нислэг'' нь сонин дээр ''харайж явжээ''. Үгүй, яадаг ийдэг билээ гээд л манай дарга тэвдэж эхэлж дээ. Хүн амьтны нүүр царай харахаас ч ичээд эвгүй байдалд орсон гэдэг жигтэйхэн. Уул нь хэд хоногийн өмнө үл таних этгээд ''шантаажлахад'' нь тоогоогүй өнгөрсөн юмсан ч. Харин эцэст нь азаар шахам нэгэн хашир бурхи олдож хаана очиж ''ам таглахыг'' зааж өгөхөд чацга алдах шахсан дарга танилынхаа заасан газар луу нь утас цохив. Бага зэрэг даруулгатай, тэгсэн хэрнээ намба алдахгүйхэн шиг өөрийгөө танилцуулж учир начраа тайлагнаж л дээ, хөөрхий. Шингэвтэр хоолойтой, бөөрөнхий хэлтэй үл таних нөхөр утасны цаанаас ''4 саяыг өгчих, тэгвэл нам'' гэжээ. Дарга ч сандарч ''Надад хаанаасаа тийм их мөнгө байх билээ. Би ч мөнгөгүй хүн шүү дээ'' хэмээн учирлав. Нөгөөдөх нь ч утсаа өөр шиг нь тасалсангүй. Зөвшилцөл өрнөж, даргыг дарамтлахгүй, сониныг эцээхгүй тохироонд хүрэн энэ явдал амар сайхандаа жаргажээ. Тэр цагаас хойш нэг ч үг, үгүүлбэр сайн эрийг сандаргаагүй гэдэг. Харин хаяа халчхаараа хар дарсан зүүд шиг явдлаа дурсан мар, мар хийн малилзаж суудаг юм гэнэ. Энэ түүхийн морал юу вэ? Явдалтай сайд бол явдлаа зас, засаж чадахгүй бол сониныг ''баярлуул'' гэсэн сургамжтай ажгуу. Өнөөдөр өөрийгөө аргалсан дарга маргааш өрөөлийг ''хийхийг'' хэн байг гэх юм бэ.

Хэрэв хүний мөч аминд хүрэхээр хөлдөж, түлэгдэж, гэмтэж, бэртсэн бол тасалдаг. Гар хөлгүй болгох гэсэндээ хяргаж байгаа юм биш харин амийг нь аврах гэсэндээ тасалдаг билээ. Үүнтэй адил нийгмээ цэвэрлэх зэвсэг байх үүрэгтэй сэтгүүлчид ардчилал, эрх чөлөө, шударга ёсны манаанд сэрэмжтэй зогсож, эх орны эрх ашгийг хөсөрдүүлсэн аливаа үйлдлийг илчлэхэд нэмэр болох ёстой болохоор XXI зууны Монголын сэтгүүлзүй ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн төлөөх тэмцэлд манлайлбал бахархууштай.

Экс ерөнхий сайд Элбэгдорж нэгэнтээ, одооноос эхлээд өөр дүрмээр тоглоё, урьдын явдлыг өршөөе гэсэн утгатай аргаа барсан үг хэлж билээ. Бодоод байхад энэ санаа хэзээ ч бүтэхгүй бололтой. Учир нь аливаа үйлдэл үр дагавартай. Өчигдөр авсан авилгалын хариуг өнөөдөр өгч амжаагүй, олон томчууд амьд яваа. Хариугаа нэхсэн олон ''гар цайлгалт'' ар, араасаа цувсаар авсанд ортол нь салахгүй. Багабандийн илчилснээр үндсэн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар өөрсдийнхөө ноёлох байр суурийг бэхлэх гох дэгээнүүдийг урлах эрдэмд мэргэшиж, өвлөн залгамжлагчдаа бэлтгэхэд гаршсан улс төрчид сурсан зангаа амархан тавихгүй. Дарга нарынхаа үгийг хэлбэрэлтгүй дагаж ''зарим хэрэгт зарц мэт хүлцэн явахаа'' сүрхий сайн биелүүлж байгаа нөхөд томорсоор байхад, хэрхэн шинэ дүрмээр тоглох билээ. Тиймээс бидэнд нийгмээ хэрэв цэвэршүүлье гэвэл ангал рүү үсрэх мэт зоримог үйлдэл хийх ёстой.

Ер нь та бүгд анзаарсан уу. Монголын төрд ганцаардсан, тойргоос гарсан хүмүүс хаяа үнэн үг хэлж нийтийг цочоох юм. Элбэгдорж хусагдсныхаа дараа Монголын нийгэм авилгалд живсэн гэж хэлсэн. Багабанди жилийн өмнө үнэнийг сонсохыг хүсч байвал чөлөөтэй ярих боломж олго. Хориг, хязгаар, утгагүй хяналтаа зогсоо хэмээн ''зандарсан'' билээ. Хэрвээ саарал ордныхон өдөр болгон ингэж үнэнийг айлддаг байсан бол юу гэж бид хэлэх үгнээсээ айж суух вэ. Гэвч үнэндээ тойрогт нэгэнт л орсон хүмүүст итгэх зориг алга. Ямар ч шударга, ёс суртахуун, мэдлэгтэй байгаад нэмэргүй. Баабарын бичсэнээр төрийн шинэ хүчин, шинэ хууль, шинэ логик, шинэ дүрэм буй болж байж Монгол орон сүйрэлгүйгээр чөтгөрийн тойргоос гарна. Энэ чөтгөрийн тойрог бол сансрын хүрд юм. Сансар хорвоод аврал үгүй билээ. Ганц аврал бол тойрог, хүрднээс гадна зогсох… Тойргийн цаана олон хүн бий юу?
2006.03.16
1. Монгол улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтийн хуралдаан дээр Монгол улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн хэлсэн үг. 2005 он. ''Үндсэн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар өөрсдийнхөө ноёлох байр суурийг бэхлэх гох дэгээнүүдийг урлах эрдэмд мэргэшиж, өвлөн залгамжлагчдаа бэлтгэхэд гаршсан улс төрчид, ард түмнээсээ тасарч долдой бялдуучдаар тойрон хvрээлүүлсэн “удирдагчид”, урт удаан хугацаанд эрх дархаа ямар нэг аргаар хадгалан үлдэхийн төлөө чөтгөр шуламтай ч нөхцөхөд бэлэн дарга нар ардчиллын хөгжилд хамгийн их гай тарьж, саад учруулах нигууртай…Олон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн үнэнийг илтгэн үзүүлж, энэ талаараа өөр хоорондоо өрсөлддөг чөлөөт, бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хариуцлагатай сэтгүүл зүй, чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй сэтгүүлч, сурвалжлагч нар ардчиллын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна… “Үнэнийг сонсохыг хүсч байвал чөлөөтэй ярих боломж олго”. Хориг, хязгаар, утгагүй хяналтаа зогсоо!.. Сүүлийн үед эрх баригчдын зүгээс хэвлэлийн эрх чөлөөг хааж боох үйл ажиллагааг эрээ цээргүй хийх боллоо. Албан тушаалтны авилга, хээл хахуулийг илчлэн бичсэн сонин хэвлэлийг хэвлүүлэхгүй байх арга ядсан арга хэмжээг далдуур хуйвалдан авч байгаа тэр хүмүүс Монгол дахь ардчиллын үнэт ололт болох хэвлэлийн эрх чөлөөнд ичгүүр сонжуургүй халдаж байгаа хэрэг мөн. Монголын ардчиллыг боомилон, ирээдүйд очих бидний зам дээр бул хар чулуу овоолж буй ийм хүмүүстэй манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн эв санааны нэгдэлтэйгээр эрс шийдвэртэй тэмцэл хийх хэрэгтэй.''