Tuesday, 15 January 2008

Чоно жил

Соёлын хувьсгалын үед Монголын хил дээр өрнөсөн үйл явдалтай зохиол олон улсад хит боллоо. Зарим нь ч энэ номыг Хятадын удирдагч намын шүүмжлэл ч гэж үзэж байна. Клиффорт Коонан ингэж бичжээ.

Хятадын хэвлэлийн түүхэнд ойрын жилүүдэд гараагүй шуугиан дэгдээж буй Чонын шүтлэг (Wolf totem) номыг та яаж уншихаас их хамаарна, энэ бол Монголын тал дээр амьдарч буй суурьшигч, нүүдэлчид, тэдний чонотой харилцах байдлын тухай сэтгэл хөдлөм зохиол, мөн шинэ Хятадад хэрхэн бизнес хийх удирдамж, байгаль орчныг хамгааллах гарын авлага, эсвэл цэргийн стратегийн бүтээл юм.

Монгол улстай хил залгаа Хятадын муж Өвөр Монголын хязгаар тал нутаг дээр үйл явдал нь өрнөдөг энэ зохиолд, тэнд амьдарч буй суурьшигч, нүүдэлчид, тэдний чонотой хэрхэн харилцдаг тухай үгүүлдэг.

Хятадын түүхэнд Соёлын хувьсгал (1966-1976) гэж нэрлэгдсэн хүнд бэрх үед, Бээжингийн их сургуулийн профессор байсан Жианг Ронгын амьдралын туршлага дээр энэ бестселлер тулгуурлаж. 2004 онд хэвлэснээсээ хойш Хятадад олон сая хүн уншсан Чонын шүтлэгийг Penguin хэвлэлийн газар гурван сард Нэгдсэн Вант Улсын номын тавиурууд дээр тавихад английн олон уншигчид чонын заль сурна гэж найдацгааж байна. Тус хэвлэлийн газар гүн ухаан, бурхадын далд түүх, мөн эртний их гүрнүүдийн тухай, хэрхэн чоноос сурах арга гэх мэт олон зүйлс багцлагдсан энэхүү номыг тун удахгүй хэвлэхнээ.

Чонын шүтлэгт 50000-с илүү паунд төлж рекорт эвдэлсэн хэвлэлийн газрынхан, энэ ном хятадын уран зохиолын нэр хүндийг Англид дээшлүүлж, нийтэд өргөн тархсан ном болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ зохиолд барууны уншигчид танихгүй, Хятадын өөр олон өнгө төрхийг гаргаж. Барууны уншигчид ихэвчлэн Мао-гийн үеийн гунигт амьдралыг дүрсэлсэн зохиолуудад дасал болсон. Жунг Чангийн Зэрлэг хун, Вэй Хуйгийн Шанхайн хүүхэн гэх мэт...

Соёлын хувьсгалын үеийн коммунист залуу сэхээтнүүдийн адил Жианг Улааныг хамгааллагч болж итгэл үнэмшлээ хөдөө нутагт дэлгэрүүлэхээр 1967 онд Говьд очжээ. Тэгэж тэрээр өргөн уудам бэлчээр нутгаар дураараа сэлгүүцсэн чонотой ойр амьдарсан байна.
“Би гучин жил бодож, зургаан жил бичсэн. Миний ганц найдлага бол сонирхол татсан ном бичих л байсан” гэж 62 настай зохиолч бүтээлээ тодорхойлсон.

Жараад оны сүүлчээр монголчууд таван хошуу малаа маллан тал нутгаар нүүдэлж, байгаль дэлхийтэйгээ зохицон нүүдлийн амьдралаар амьдарсаар байв. Тэд мал сүрэг, хүн рүү нь ч халддаг чоныг үзэн ядаж, хайрлаж, бас дахин шүтнэ. Жиан 4000кв миль газар хэдхэн зуухан хүн амьдардаг нутагт очиж суурьшжээ. 1990 онд Кевин Костнер кино хийсэн Чонотой бүжиглэсэн нь гэдэг зохиолтой зарим ижил зүйлс бий.

Зохиолын баатар Чен Цен амиа хамгааллахын тулд чонотой тулалддаг. Тэрээр хонь руу халдсан аварга том чонотой тэмцэж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хардаг. Чен нүхнээс нь сугалсан бяцхан бэлтрэгтэй тун дотносно; зохиолч Жиан энэ бол үнэхээр болсон явдал гэж нэг ярилцлаганд хэлсэн.

Бяцхан бэлтрэгнээс тэрээр чонын жинхэнэ мөн чанарыг ойлгож, мөн Монголын нохойг дээдэлсэн шашин шүтлэгийн зан заншлаас сүсэг бишрэлийн онгод ордог.

Жиан 1978 онд Бээжинд буцаж ирсэн ч ном бичих талаар харин нэлээн хожуу шийджээ. Баруун тийшээ Виена хүртэл довтолж, Ази, Европын том хэсгийг эзэлсэн XIII зууны Чингисийн цэрэг чонын тактикийг хуулбарласан гэдгийг зохиолч хүлээн зөвшөөрч.

Хувь хүний эрх чөлөө, хувийн хариуцлагыг дээдлэх тухай ном гэж тайлбарлаж болох энэ ном Хятадын тун няхуур хэвлэлийн ценцурт дарагдаагүй нь үнэхээр гайхмаар. Энэ ном мөн Күнзийн сургаалд ч шүүмжлэлтэй хандсан -сүүлийн жилүүдийн гүзүү хугармаар хурдтай эдийн засгийн өсөлтээс үүдсэн сүсэг бишрэлийн хоосролыг дүүргэх гэж уламжлалт Күнзийн сургаалын үнэт зүйлсийг Хятадын Коммунист нам дэмжиж байгаа билээ.

Хэвлэгдснээсээ хойш улс орон даяар интэрнэтийн чаaт (chat) саитуудаар нягт хэлэлцэгдэж, Хятадын чөлөөлөх армийн генералуудын хятадын шинэ жилээр нэгэндээ өгөх дуртай бэлэг болсон энэ ном тун хурдан зарагдсан байна. Хятадын хэвлэгчдийн итгэж байгаагаар олон сая хулгайгаар хэвлэсэн ном гадуур зарагдаж байгаа аж.

Зарим хүмүүс ч энэ номыг шүүмжилсэн, германы нэртэй утга зохиолын шүүмжлэгч, хятад судлаач Wolfgang Kubin “фашист”, “Хятад нэр нүүрээ алдах шалтаг болно” гэж энэхүү номыг хэлжээ.

Мөн өөдрөг дэмжигчид ч олон бий. Өнгөрсөн жилийн 11 сард их газрын зохиолчдод дэлхийд дуу хоолойгоо сонсгох боломж олохоор Man-ын зохион байгуулж байгаа анхны азийн утга зохиолын гол шагналыг Чонын Шүтээн хүртсэн юм.

Хятадад байнгын төлөөлөгчөө байршуулсан Penguin-ы анхны англи хэлний хэвлэл хэвлэгдэн гарснаас хойш энэ ном дэлхийг тун хурдан байлдан дагууллаа. Хятадаас англи руу хөрвүүлдэг орчуулагчдын дунд хамгийн нэр хүндтэй Howard Goldblatt Чонын Шүтлэгийг орчуулсан нь хэвлэлийн газрынхны их санааг илтгэнэ.

Хятадын ард түмэн эзэрхэг, дарангуйлагч соёл буюу хятадын “лууны” доор хонь шиг номхон болчихсон тул тэд удаан дарагдсан зөн билгээ сэрээж сурах хэрэгтэй гэсэн санаа энэ номын гол санаа юм. Хятадын Penguin-ы захирлын үзэж байгаагаар энэ ном үндсэрхэг үзлээс огт анги харин ч дэлхийн өнцөг булан бүрт хүрэх уриа ажээ. Тэрээр хэлэхдээ “Гол санаа нь хүмүүс хонь шиг бус чоно шиг араншинтай болох ёстой. Гэхдээ энэ нь дэлхийг эзэл гэсэн үг биш л дээ.”

‘Жиан Ронг олон давхрагатай ном бичсэн. Та үүнийг энгийн төвшинд уншиж болно. Энэ ном бол жинхэнэ эрх чөлөө, байгалийн жамаар амьдрах тухай юм.’

Тус ном Италид маш сайн зарагдаж байна. Жианы найз, Wuhand байрладаг нэгэн хэвлэлийн газрын редакторын хэлснээр бол хүмүүс эрх чөлөөний тухай унших дуртай тул хятадуудын сэтгэлийг татсантай адил тус ном английн уншигчдад таалагдах аж.

“Чонын цусанд шингэсэн эр зориг, эрх чөлөөг эрхэмлэх төрлөх чанарыг харахад, номонд л байдаг, францын гүн ухаанч Виктор Хюгогын мэтийнхний маргадаг эрх чөлөөнөөс илүү бидний сэтгэлийг хөдөлгөнө” гэж тэр бас хэлсэн.

Монголын ёс заншил, чонын тахилга шүтээний тухай их урт бүлгүүд Чонын Шүтээний хятад хувилбарт бий боловч англи орчуулганд нь барууны уншигчдад ойлгомжтой байлгахын тул ихэнхийг нь хассан ажээ.

The year of the wolf
THE INDEPENDENT
Monday 7 January, 2008


Х.Эрдэмбилэг
Товчлон орчуулав.

Monday, 7 January 2008

Владимир Путин: “хvйтнээс” ирсэн тагнуулч

Жилийнхээ цалин хөлснөөс давсан үнэтэй цаг зүүдэг хүн ховор ч Владимир Путин тэр ховор хүмүүсийн тоонд орно. Улс төрчдийн зүүсэн бугуйн цагуудыг харьцуулсан саяхны нэг судалгаагаар Ерөнхийлөгчийн зүүсэн алтан шаргал Patek Philippe цаг 43,000 паундаар үнэлэгдэв. Бэлэг ч байж магадгүй, бүр хуурамч ч байж болох (Москвагийн хар зах дээр £350, гэхдээ дэлхийн удирдагчдын нэг оюуны өмчийн хулгайг дэмжих нь ухаантай явдал биш ч), ямар ч байлаа сонирхол татах нь гарцаагүй.

Тime сэтгүүлийн 2007 оны хүнээр тодорсон Путин, Кремльд байсан долоон жилийнхээ дараа эрх мэдлээ шилжүүлэхээр бэлтгэж байх энэ үед түүний хувийн хөрөнгө чинээний талаар олон асуулт сөхөгдлөө.

Хэдэн долоон хоногийн өмнө Москвагийн улс төр шинжээч Станислав Белковски гайхширмаар зүйлсийг мэдэгдсэн билээ. Үүнд Путин санхүүгийн аадармаатай үйл ажиллагаагаар Оросын эрчим хүчний салбарт £20 тэрбум хүрэх хөрөнгө эзэмшсэн ажээ. Түүний мэдэгдсэнээр, Путин, Сургутнефтегазын 37 хувь буюу £9 тэрбум хөрөнгө; Газпромын £6,5 тэрбумтай тэнцэх 4,5 хувь; мөн Шведийн газрын тосны Гунвор компаний хөрөнгийн тал, £5 тэрбумыг эзэмшжээ. Энэ их хөрөнгө түүнийг дэлхийн хамгийн баян 10 хүний тоонд багтаана. Харин өчигдөр Guardian сонин дээр хэвлэгдсэн Гунвор группын ил захианд Путин тус компанийн хувийг эзэмшдэг ба үйл ажиллагааг нь тэтгэдэг болохыг үгүйсгэсэн.

Албан ёсоор бол Путины хөрөнгө чинээ тун даруухан. Парламентад өрсөлдөхөөр бүртгүүлснийхээ дараа Ерөнхийлөгч улс орныхоо удирдагчийн хувьд жилийн орлого нь 2 сая хүрэхгүй шахам рубль (£41,000) хэмээн зарласан. Түүний гурван банкны дансанд нийлээд 1,000 орчим паунд бий. Тэрээр ердөө л, Санкт Петербург банканд цөөхөн хувьцаа, Москвагийн ойролцоо багашиг газар, Петербургад даруухан байр, хоёр жараад оны Волга хөнгөн тэрэгтэй аж.

Хамгийн сонирхолтой нь юу вэ? гэвэл, Белковскийн мэдэгдэл худал үнэндээ биш (дурдагдсан компаниуд эрс үгүйсгэцгээсэн. Тиймээс үнэнийг олох бараг боломжгүй болжээ). Харин Путин хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, ирэх таван сард суудлаа суллахаар бэлдэж буй энэ үед шуугиан дэгдсэнд байна.

Оросоор компромат буюу улс төрийн харилцан буулт хийсэн заваан тоглоом энэ орны улс төрийн мөнхийн үзэгдэл. Путин өөрөө КГВ-ын залгамжлагч Холбооны Аюулгүйн Албаны (ФСВ) толгойлогч байхдаа Кремлийн хээл хахуулийг хэт улайран шалгасан Оросын Ерөнхий прокурорыг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхий прокурор хоёр янхантай наргиж байгаад нууц бичлэгт орсон билээ. Саяхан гэхэд л, Михаил Касяанов (£9,000 үнэтэй Breguet Classique бугуйн цагтай) Кремлийн эсрэг байр суурь илэрхийлэхэд, эх сурвалж сайтай угсараа хэдэн нийтлэлүүд сонин хэвлэлд гарч хуучин Ерөнхий сайдыг, улсын өмчийн тансаг зуны байшинг жинхэнэ үнэлэгдсэн үнээс нь багаар авсан гэж буруутгацгаалаа.

Саяхан шахам л, Кремлийн сөргөлдөгч талууд, олон оросууд үндэстний сэргэн бадралын баталгаа гэх, Путины арыг малтахгүй гэсэн бичигдээгүй нэгэн дүрэм мөрдөцгөөж байв. Харин одоо энэхүү дуугүй зөвшөөрөл хүчингүй болсон бололтой. 12 сарын эхээр Путин Ерөнхий сайдын орлогч Дмитри Медведевийг өөрийнхөө залгамжлагч гэж зарласан билээ. Газпромын нарийн бичиг, нэрт гараагүй хуульч Медведевийг Ерөнхийлөгч дэмжихээ олны өмнө зарлана гэдэг бараг Ерөнхийлөгчөөр түүнийг сонгосонтой тэнцэнэ. Ерөнхийлөгч Путины наян хувийн рэйтинг, мөн зохион байгуулттай сонгуулийн хүчтэй аппарат Медведевийг гурван сард болох хэлбэр төдий сонгуулиар дээш гаргаж ирэх нь гарцаагүй.

Медведев Путины ерөнхий шугамаар улс орноо удирдаж, эдийн засгийн хөгжил, энх тайвныг баталгаажуулна гэж амлаж байна. Энэ нь ямар ч гэлээ, Путинд өлзийтэй болох нь ойлгомжтой. Харин Кремль доторх зарим тал энэ явдалд сэтгэл дундуур байна. Медведев бол, зарим нь Путины төрөлх хот Санкт Петербургаас гаралтай, Ерөнхийлөгчийн хүрээллийн “либерал омгийнхийн” төлөөлөгч юм. Тиймээс ч “хүчнийхэн” буюу “силовики” (Кремлийн КГВ ба цэргийн ветерануудын омог) түүнийг мандахад эвгүйцэв. Шинжээчдийн итгэж байгаагаар Путины эд хөрөнгийн талаарх дэгдсэн шуугиан нь, эрх мэдэл, эд хөрөнгөнд хүрэх замаа самардан хороож буй “хүчнийхний” сэрэмжлүүлсэн буудалт ажээ.

Ямар ч байлаа, Кремль дотроос муу цууриа дэгдсэн нь шинэ үзэгдэл боллоо. Борис Елцин Путиныг далд байдлаас татаж, ерөнхийлөгчийн суудлыг өгснөөс долоон жилийн дараа ч, 2000 онд асуугдаж байсан асуулт дахиад л тавигдав. Владимир Путин гэж хэн бэ?

Тэр үед Баруунд, Путиныг дүгнэсэн дүгнэлтүүд энгийн байлаа. Путин бол КГВ-гийн тагнуулч, жудогийн мэргэжилтэн, мөн ЗХУ-г оршин тогтноход гол үүрэгтэй, 1917 онд Лениний Чекагаас үүсэлтэй улсын аюулгүйн системийн үе руу эргэн тэмүүлэгч гэж үзэцгээж байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам нилээн популист болсон Путин, Елцингийн үед ноёрхсон эмх замбараагүй байдал, цус урсалтыг эцэс болгосон хүн гэж тодорхойлогдох болов. Оросын анхны Ерөнхийлөгчийн засаглалын үед бизнесийн олигархиуд төрийн өндөр төвшинд нэвтрэн, улс төрийн байр сууриа ашиглаж хуйвалдаантай хувьчлал хийцгээж, хуучны цагдаагийн дэглэмтэй улсын хамаг хүчээр өөрсдийнхөө дайснуудыг ниргэсэн билээ. Ихэндээ согтуу, эсвэл өвчтэй Елцин анархизмийг зогсоож чадаагүй. Харин Путин бол залуу: ‘Улс хүчтэй байх тусам, хувь хүн чөлөөтэй байна’ гэсэн шинэ уриатай эрүүл эх оронч байлаа.

‘Хэрэв бид Елцины засаглалыг “байнгын хувьсгал” гэж ойлговол, Путин эвлэрүүлэн зохицуулагч, Наполеон болох билээ’ гэж Путин: Oросын сонголт номондоо Ричард Саква бичжээ. ‘[Тэрээр] илүүц зүйлсыг хаяж, нийгмийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй хувьсгалын эриний дэвшилт элемэнтүүдийг шинэ дэгэнд эвлэрүүлж, улс орноо дахин босгосон.’ Ричард Саквагийн бичснээр бол Путин “либерал чекист”- хэдийгээр ядмаг үндэстэй ч ардчилсан хандлагатай, карьер хөөсөн улсын тагнуулч аж.

Путины үзэл бодол харьцангуй элбэг дэлбэг Брежневийн үе, залуу насанд нь бэхжиж. Тэрээр 1952 онд Ленинградад төрсөн. Түүний эцэг, эх нь тэр үед, урьд нь Олег, Виктор гэдэг хоёр хүүгээ алдсан, аль хэдийн дөчийн хэвийсэн хүмүүс байв. Путины аав 1942 онд Ленинградын хамгаалтын үед хэд шархдсаныхаа дараа үйлдвэрт ажилсан ажилчин хүн байв. Ээж Мариа нь, германчууд хотыг 900 хоног эзлэхэд арайхийн амьд үлджээ. Тэрээр ээжийгээ ба том ах нараа дайнд алджээ. Аав ээжийнх нь эмгэнэлт амьдрал Путин төрөхөд шинэ утга учиртай болсон мэт санагдана. Том Владимир намын гишүүн болж, хэдийгээр тэдний гэр бүл нийтийн байранд амьдардаг байсан ч амьдрал тогтворжив. Багадаа Путин найзуудтайгаа хамт харх агнадаг байжээ.

Тэрээр суралгандаа сайн, хүсэл зорилготой залуу болон өссөн аж. Спортын авьяас нь ч илэрч 1976 оны Ленинградын жудогын аварга болсон байна. Тэрээр хожим нь дурсахдаа: ‘Би бол Зөвлөлтийн эх оронч хүмүүжлийн цэвэр, амжилтай бүтээгдэхүүн байсан’ гэжээ. Путин 1983 онд Людмилатай гэрлэж хоёр охинтой болсон байна. Катья 23, Маша 22 настай.

Хэдийгээр Зөвлөлтийн амжилтай бүтээгдэхүүн ч Путин өмнөх үеийнхнийгээ бодвол, Михаил Горбачёвийг залсан хүсэл зорилго болох, хэрхэн Зөвлөлтийн системийг аажим шинэчлэлээр хадгалах вэ гэдэг маргааныг төдийлөн ойшоогоогүй. Саква бичихдээ, Путины хүсэл зорилго бол гадны түрэмгийлэгчдийг няцаасан хүчтэй ЗХУ-коммунист үнэт зүйлсийг төвийлгөөгүй зөвхөн эх орныг бүсэлсэн гадаадын дайснуудыг дийлэх “харьцангуй хийсвэр суртал ухуулга багатай эх оронч үзэл” ажээ. Түүний дуртай кино нь нацистуудын дунд орсон зөвлөлтийн тагнуулчийн тухай Хаврын арван долоон учрал гэдэг телевизийн олон ангит кино аж.

Аугаа Оросыг дахин сэргээх Путины төсөө түүнийг хуулийн сургуулиар хөтлөж, КГВ-д оруулжээ. Тэндээс тэрээр туйштай дэвшиж, Холбооны Аюулгүйн Албаны дарга, дараа нь Ерөнхий сайд болсон. Ерөнхийлөгч болоод тэрээр эрх чөлөө, эдийн засгийн хөгжлийн тусын тулд төрийн хүчийг төвлөрүүлэхийг уйгагүй зүтгэв. Энэхүү явцын дунд, түүний өрсөлдөгчид болох Михаил Ходорковский мэтийн хүмүүс хайр найргүй бут ниргүүлж, зарим нэг олигархиуд гадаад руу зугтаж, сөрөг хүчний намууд бүрэлдэж амжилгүй даруулжээ. Хэвлэл мэдээлэл түүний хүчтэй суртал ухуулгаар хахах болсон байна.

Баруунд сэжиглэнгүй хандах хандлага идэвхжив. ‘Оросын дотоод хэрэгт хутгалдсан гадаадын хөрөнгө мөнгө ихсэж байна’ хэмээн Путин Холбооны Зөвлөлд 2007 оны 4 сард хэлж байв. ‘Зарим нь хуучин руугаа очин улс орон, ард түмнийг дээрэмдэж, байгалийн нөөцийг цөлмөж, манай орны эдийн засаг, улс төрийн тусгаар байдлыг үгүйсгэхийг хүсэж байна.’

Иймэрхүү шүүмжлэл бол сонгогчдийн сэтгэлийг амархан татна. Гэхдээ л эдийн засгийн дэвшлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Олон сая оросууд нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, тэтгэвэр цагтаа тавигдаж, цалин хөлс нэмэгдсэн болохоор Путиныг дэмждэг. Гэвч Путин 90-д онд дэвэрч байсан Кремлийн доторх тэмцлийг дарж тагласан гэдэг цуу худлаа болох нь нотлогдоно. 12 сарын эхэнд болсон Парламентын сонгуульд Путины Нэгдсэн Орос нам давамгайлж, ерөнхийлөгчийн эрхээ хураалгасны дараа ч эрх мэдлийн оргилд байх түүний хүслийг бататгасан ч Путины ирээдүй нээлттэй асуулт хэвээр.

Ерөнхийлөгчийн сонгууль ойрдох тусам тэрээр Кремлийн дайсагнасан талуудыг эвлэрүүлэх гэж ядсан “энхийг сахиулагч” шиг харагдах боллоо. Путин өөрийн гарсан чекистүүд, өөрөө багтмаар байгаа либералуудын алийг сонгох вэ? Аль нэгийг нь сонгох шаардлага гарах болов уу. Гэвч нөмөр нөөлөгтэй ерөнхийлөгчийн нөмрөггүй Путин эрх мэдэл, хүч чадлаа хадгалж чадах эсэх нь асуудлын гол юм шүү дээ.

THE OBSERVER PROFILE by Tom Parfitt
http://www.guardian.co.uk/russia/article/0,,2231717,00.html#article_continue
The Observer 23.12.2007

Х.Эрдэмбилэг, 2008.01.02-ны, 23.05-нд орчуулав.

Wednesday, 2 January 2008

“Бидний араншин” нээрэн нэг л биш ээ!

Нийтэлсэн: 2006-01-11 11:41:58
Olloo.mn-ээс


Эрvvл саруул сэтгэлгээтэй, хатуу чанга vнэн vг сонсох ямар сайхан юм бэ? Сvvлийн арваад жилд хоосон магтаалын нялуун vгс, хар хєх оч сvvмэлзvvлсэн хов жив, худал гvтгэлгийн завхай vгсийн vер Монголын радио телевизийн эфир, хэвлэл сонины хуудсаар сад тавин урсах болсноор юу ч уншмааргvй, юу ч сонсмооргvй чихээ бєглєєд нvдээ аниад хэвтэж баймаар санагдах болсон.

Тєрийн толгойд суугаа томчууд нь дуугарахаараа “тэр маань”, “энэ маань”, “та нар маань” хэмээн єнгєн дээрээ бvхнийг энэрэгчийн дvр эсгэсэн vг хэлэх мєртєє, нэдэр дээрээ бидний тухай бус зєвхєн хар амиа бодсон єнгє мєнгєний шоу тоглохоос єєрийг хийхээ больсон Монголын энэ “хємєрсєн тогоон” доторх шиг мєнгє цагаан, нvд улаан амьдрал олон хvнийг адган зовж тарчлахад хvргэж байна. Огт юу ч бодож сэтгэхгvй, юу ч идэж уухгvй суугаад байж болдог тийм “диваажин” –гийн амьдрал байдаг болоосой гэж хvсэх єдєр олон байлаа.

“Бидний араншин: Гурван Монгол зодолдоно” гэсэн нэртэй нийтлэлийн ном (“Адмон” компани “Монсудар” хэвлэлийн газар 2005 он УБ) саяхан гарчээ. Азтай учралаар тэр номыг уншсанаар нэг их цангаж яваад булгийн хvйтэн ус залгилах шиг боллоо! Ямар сайхан юм бэ, vнэн vг сонсох!

Ухаалгаар шvvн бодож, єнєєгийн аж амьдрал, ирээдvйн зорилго хvслээ нэгтгэн нийтгэж эргэцvvлэн vгээ хэлнэ гэдэг эрvvл саруул улс vндэстний ухаантай сэхээтэй бичгийн мэргэдийн эх орон улс vндэстэндээ єгч байгаа юугаар ч орлуулшгvй оюуны том хєрєнгє оруулалт юм даа. Номд орсон нийтлэл болгон доод тал нь ямар нэг шинэ агаад ашигтай санаа дэвшvvлжээ.

Олон нийтлэл “ – Энэ тухай аль хэдийн ярьж, маргаж, шийдэж ажил хэрэг болгохгvй юугаа хийж байваа бид чинь!… Ер нь бидний Монголчууд ерээд оны ардчиллын ачаар сая цайсан vvрээр сэрэх аядсан атал єнєєг хvрч бvр нар vд дунд голлочихоод байхад орноосоо дєнгєж єндийж нойрмог нvдээр орчноо сая л харж байгаа юм биш биз!” гэх ч сэтгэл тєрvvлж байна.

“Хонх”-ны дуугаараа бvхнийг сэрээж бидний дунд гялалзаж явсан намхан биетэй, номхон зантай ч эмзэг галзуу сэтгэлгээтэй, єндєр эх оронч vзэлтэй С.Цогтсайханы “Зєвхєн Монголдоо”, “Зарц бол нарийн мэргэжил”, “Монголоор сэтгэнэ гэдэг модон толгойн хэрэг”, “Гурван Монгол зодолдоно”гэсэн амьдралыг огт єєрєєр харж эрvvлээр сэтгэсэн хэдэн сайхан нийтлэл оржээ. С.Цогтсайхан гэдэг тэр сайхан залуу дэндvv эрт биднийгээ орхин одож дээ! Лавтайяа диваажинд тєрсєн биз ээ! Ум ма ни бад ма хум. “Хамтаараа, эв нэгдэлтэй нэг юмны тєлєє зvтгэж чаддаггvй нvvдэлчний цусны зан чанар…” энэ нээрэн аймшигтай. “Нэг Монгол унтаад л байна, хоёулаа болбол хэрэлдэнэ. Гурвуулаа болбол зодолдоно”. Энэ С.Цогтсайханы vг тєдийгvй нvvдэлчин Монголчуудын тєрєлх чанар юм. Гомдолтой атлаа бодмоор vг шvv!

Энэ номд орсон олон єгvvлэлд ийм бодмоор, бvр бодохгvй байж болмооргvй олон санаа байна. Номыг эмхэтгэсэн Д.Баярхvvгийн “Одон медаль ба галзуугийн больницийн vлгэр” , “Монголоор дvvрэн сонин хачин”, “Урлагийн их хур юу ёрлоно вэ?” зэрэг хурц асуудал дэвшvvлсэн, зоримог vнэн санаатай сайхан єгvvлэл номын vнэ цэнийг єргєж байна. “Тєр засгийн тэргvvн нь Манжийн амбаны шар хамбан дээлээр гоёж, Манжийн хааны ээтэн гутал жийж, тэгснээ Чингисийн жанжныг санагдуулам тємєр тольтой лут бvс зvvсэн гэхчлэн яг л хятад кинонд гардаг баатар мэт. Нєгєє л ядуугийн цаадахын гоёж гоодох єнгєний євчин явж байна” гэж Д.Баярхvv “Монголчуудын наадам” нийтлэлдээ ёстой нэг голоор нь хэлжээ.

Їнэнийг хэлэхэд сvvлийн жилvvдэд “наадам”, “шоу” хоёрын сургийг дуулахаар л дотор муухай оргидог боллоо! Бялуурна гэдэг л энэ байх! Энэ 2006 он нэг сарын нэгний ємнєх шєнєєс л шоугаар эхэллээ. Ирэх 12 сарын 31-ний шєнє хvртэл шоудах юм гэсэн! Улс орон маань тэсэж vлддэг болов уу яадаг бол! Бурхан тэнгэр эрхбиш харж, хамгаалах байгаа! Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх комиссын ажлын хэсгийн дарга нь социализмын сонгодог vед ЗХУ-д техникийн талын сургууль тєгсєж орос эхнэр (Гvрж тэр vед Орост харьяатай байсан) авчирсан, Монголоороо муухан ярьдаг, юм юм руу хошуу дvрэх атал юуны ч тухай бvрэн мэддэггvй, тэр дундаа Монгол соёлоос хєндий Д.Гарамжав сайдтан. (Социализмын жилvvдэд холбооны яамны сайд хийж биднийгээ аймагтайгаа ярихын тулд хоолойгоо сєєж, хошногоо эргэтэл “байна уу” гэж орилуулж явсан гавьяатай тэр эр) Ажлын хэсгийн нэгэн хариуцлагатан нь Говь-Алтай аймгийн залуу зохиолч (нэг зохиолы нь цээжээр мэдэх Монгол хvн бий болов уу даа?) Нагаанбуу.

Энэ их хариуцлагатай том гээд байгаа ойн ажлын хэсгийг удирдан залчих тvvх, угсаатны зvйч, соёл судлаач эрдэмтэн доктор академич Монголд маань байхгvй билvv!? Энэ ажлын хэсгийн байн байн телевиз радиогоор ярьж бичээд байгаа зvйлийг сонсож, уншиж байхад Монгол орон энэ жил малаа маллахгvй, тариагаа тарихгvй, оюутан сурагчид нь хичээлээ хийхгvй, хувь хувьсгалын vйлдвэр нь ажиллахгvй, ердєє л шоу наадам хийж л 365 хоногийг єнгєрєєх бололтой юмаа, янз нь !?

Уншсан хvнд бодол ухаарал цааш залгуулаад хийж бvтээх урам зориг сэтгэлийн тэнхээ єгєх нийтлэл гэдэг олон юмыг шинээр ойлгох хийж бvтээхэд хvргэдэг увидастай билээ. “Хvн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггvй” гэдэг vг дэмий л нэг гараагvй болов уу?
Монголын сэтгvvл зvй, нийтлэлийн єнгє аясыг социализмын vеийн хэн нэгэнд бялдуучилж долигносон, хэн нэгнээс айж ширвээтсэн, хэн нэгэн амьсгаатай тєдий хуурай саарал албаны бичлэг найруулгын єнгє аясаас хагацуулж, амьд агаад хєгжил хєдєлгєєнтэй заримдаа хошигнож шоглосон, заримдаа аазгай хєдєлгєм битvv далдаар ухаж тєнхсєн хатуу vнэнийг сэтгэл зvрхэнд удтал хадагдахаар дvр дvрсэлгээтэй бичдэг Баабарын бичлэг найруулгын арга манайд шинэчлэл болсон билээ. Хорьдугаар зууны дундуураас Єрнє дахинд ЭССЭ бичлэгийн бvх арга мэдлэг ухааны салбарын хуучин арга зарчмыг халан vнэн агаад уран, уншицтай амьд хэл найруулгыг бий болгон хvчээр гарч ирсэн Баабарын нийтлэл, уран сайхны болоод тvvх, судалгааны зохиолуудын хэл найруулга олон юмыг шинээр ухаарахад Монголчуудыг сургасаар ирлээ. Санаагаа оновчтой, цєєн vгээр сэтгэлд хадагдтал илэрхийлэх чадвар гэдэг vзэг цаас нийлvvлдэг хэний ч бол эзэмшвэл зохих тэргvvн зэргийн зvйл. Баабар энэ салбарт нэг ноймер гэдэгтэй хэн ч маргахгvй биз.

Тvvний бичсэн “Бидний араншин”, “Цэвэр цусны Монгол”, “Шудрага ёсны тєлєєх алалдаан” зэрэг єгvvллvvд урдахь бvтээлvvдийн адил Монгол оронд нvvрлээд, идээд байгаа гэм нvглvvдийг илчилж сэрэмжлvvлсэн, ухаан сэхээтэй тєр засгийн удирлага, улс тєрчид бол шууд барьж аваад бодлого болгоод хийж гvйцэтгэмээр, засч залруулмаар зvйлсийн тухай юм.

1999 онд буюу єнєєгєєс 5-6 жилийн ємнє бичсэн “Шудрага ёсны тєлєєх алалдаан” гэдэг єгvvлэлд дурдсан хэрэг явдал, нєхцєл байдал яг єнєєгийн манай амьдралд шийдэх ёстой хоолой дээр хутга тавьсан асуудал хэвээрээ л байж байна. Энэ номд орсон олон нийтлэл 2-3, зарим нь тав зургаан жилийн ємнє бичигдсэн ч дэвшvvлсэн асуудал, санаа зорилго нь яг одоо л хийхгvй бол оройтмоор тийм л зvйлс байгаа нь энэ номын vнэ цэнэ болоод хэрэгтэй чухлын эн далайцыг шууд єргєж єгч байна.

Уг номонд Б.Батчулуун, Д.Батбаяр, Р.Энхбат, Х.Эрдэмбилэг, Ж.Мягмарсvрэн нарын шинэ санаа дvгнэлт ажиглалт эргэцvvлэл бvхий содон гvнзгий санаа дvгнэлттэй сайхан нийтлэл орсонд ихэд олзуурхан уншив. Б.Батчулууны орчуулсан “Либертарианизм” (Д.Боазын бичсэн) гэдэг ном “тєрийн минь сvлд єршєє” гэж гэнэн агаад марзан маягаар залбирч ирсэн бидний Монголчуудын vзэл ухааныг тэлмээр чухал хэрэгтэй ном байлаа.
Энд орсон Б.Батчулууны “Сэтгэлгээ”, “Тєрийн сvлд биднийг ивээдэг vv” єгvvлэл єнєє цагт Монголчууд ухаантай, ухамсартайгаар бодон тунгааж, ангижран салмаар оюун сэтгэлгээний хоцрогдмол гэм нvглийн талаар ёстой голоор нь бичжээ. “Одоо манай улсад нэг их ухаантай, сэтгэгч, гvн ухаантан болж харагдах гэдэг моод дэлгэрээ юу даа гэсэн бодол тєрдєг. Сvрхий бодолд дарагдсан, сэтгэгч дvр тєрх хаа сайгvй тааралдах болж …”, “мэдэхгvйгээ мэдэхгvй байгаа …” тэр хvмvvс, “зvvн хойш харсан нvхэнд нар хэзээ ч тусахгvй” –тэй адил vнэн vг, зєв санааг хvлээж авах чадваргvй атлаа єєрийн тэнэг мулгуу тєрх, бодол санаагаа хvнд тулгаад байдаг тийм “сэхээтэн-эрдэмтэд” нээрэн Монголд маань борооны дараахь мєєг шиг “ургаж байна”. Сvvлийн vед Монголд эрдэмгvй эрдэмтэн доктор, авьяас билиггvй яруу найрагч, зохиолчид, сэтгэлгээний хоцрогдолд орсон сэтгvvлчид гурав ёстой нэг “Ургаж” байнаа. Энэ хvмvvс тав арван жилийн дараа дэмий алдсан цаг, мєнгєє яаж нєхєж авна даа хєєрхийс! Хєдєлмєр нь ч яах вэ? Тэртэй тэргvй vнэ багатай зvйл.
Єнєєгийн сэтгvvлчид гэгдэж байгаа хvмvvсийн бараг 80-90 хувь нь охид бvсгvйчvvд болж. Эмэгтэй хvн тєрєлх мєн чанараараа сониуч бєгєєд хов жив хєєцєлдєх хоббитой улс. Їvнээ дагаад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хов живээр ёстой нэг vерлэж байна. Хэвлэл мэдээллийнхэнд итгэснээс хадны цуурайнд итгэх нь хамаагvй бодитой зvйл.

Телевизvvдээр гар хєлєє доёлзуулан, толгойгоо урагш хойш дохилзуулан элдвийг “донгосох” vс толгой, ер юу байдгаа улаан, хєх, шараар будсан залуухан сэтгvvлч охидын яриад эхлэхээр л босоод явахаас аргагvйд хvрдэг болсноо олон хvн vнэнээсээ ярьж байна. Залуу сэтгvvлч охид маань “Бидний араншин: Гурван Монгол зодолдоно” (Энэ номын маань нэр нь л нэг оновчтой болсонгvй санагдана. Дэндvv урт мєртєє утга бvдэг) номыг тогтвортой сууж, бодлоготойхон уншвал одоо бичиж байгаагаасаа арай єєрєєр дуугарах ёстой гэдгээ ойлгож мэдэх юм шvv!

Дурдан буй номд Ц.Доржготов, Б.Цэнддоо хоёрын бичсэн “Хормойгоо чирсэн Халанбуу”, “Миний Монгол миний нvдээр”, “Ямар ч гоё эмээл vхэрт зохидоггvй” (Ц.Доржготовын) “Соёл ба иргэншил”, “Марко Поло Монголд байсан нь”, “Ард тvмэн гэж байдаг уу” (Б.Цэнддоогийн) гэсэн ур ухаан тэгш, ёгтлол, vнэмшил, учирлал тєгєлдєр сайхан нийтлэлvvд оржээ. Хоёр зохиолчийн шог хошин аяс шvvмжлэл, шvvн тунгаах сэтгэлгээ хосолсон эдгээр бvтээл сонирхолтой, сургамжтайн дээр егєє зугаа нь дотор загтнуулж байна. Монголд хоёр гараараа ажил хийж байгаа хvн хайгаад олоогvй явсаар эцэст нь согтуу эр хашаан дотроо хамгийгаа гаргаад шээж байгааг vзээд “энэ хvн єєрийнхєє ємнєєс бусдаар шээлгээгvй хойно ажил хийж буй хэрэг мєн” гэж хэлж байгаа гадаад ноёны vг юу шивнэж байна вэ?! Б.Цэнддоогийн “Соёл ба иргэншил” эссэний сайн жишээ болохуйц бvтээл юм. Бодол, бясалгал, vнэн баримт уран бичлэг нийлээд эссэ гэж єрнєдийн постмодернизмын онолчид дэмий нэг хэлээгvй байхаа!

Ер нь энэ номд орсон єгvvлэл бvрийг задлан шинжилж, магтан тэмдэглэмээр байна. Даанч “Сайхан єєрийнхєє сайхныг нотлох шаардлагагvй” гэсэн мэргэдийн vгийг бодоод эрхэм уншигч Та бvхнийг энэ номыг гартаа бариад нvдээрээ хараад єєрєє уншихыг л зєвлєе!
Нэрд гараагvй нийтлэлч Д.Батбаяр, М.Тулгат, Б.Очир ер хэн нь ч сайхан зохиол бичжээ. Уран зохиол гэхээр уран гоёор бичсэн худлаа юм байдаг гэж социалист реализмын утга зохиолын єв ойлгуулсан нь оргvй зvйл байж. Уран гоё бичсэн vнэн хатуу vг, мэргэн санаа, гярхай ажиглалт уран зохиол мєн юм байна. Гал цогтой агаад дээдсийн жогорхойг байж ядтал нь vнэнчээр илчилдэг Г.Дашренчингийн “Манай сумын намууд” бvтээл манай vеийн Монголын сонгодог уран зохиол биш гэж vv!?“Сумо маамуу” (Ж.Гангаагийн)-ийн євєрмєц атлаа vнэн дvр єнєєгийн амьдралын нэг л уран дvр мєнєєс мєн дєє! Номд орсон хэд хэдэн шинэлэг нийтлэлийг бичсэн эзэн Д.Батбаяр нь зохиолч Дарамын Батбаяр биш бололтой. (Энэ тухай номын ємнєтгєлд “нэр нь танигдаагvй Д.Батбаярын анхны єгvvлэл …” хэмээн дурджээ. Тvvний “Їлгэр яриад єгєєч” гэдэг vнэхээр орчин vеийн шилдэг vлгэр болжээ. Нээрэн л “Сэрvvлэг бол хєгжим биш” билээ. (Ийм нэртэй нэг хурц нийтлэл энэ номд мєн оржээ)

Монголчууд “Ганцхан ухардаг араа нь ажилладаг” цаг хугацааны машин зохион бvтээчихээд тэр чиг рvvгээ зvглээд хурдлаад байгаа мэт сэтгэгдэл тєрєх боллоо. Ерєєсєє л байгаагаараа, тєрмєлєєрєє Монгол хvн улам жинхэнэ Монгол хvн болохын тулд 15,14,13,12 дугаар зуунд хvрч байж, тэндээс юм онгичин байж хориннэгдvгээр зуунд авчраад дэлхийн чихийг дэлдийлгэх шаардлагатай болж байгааг ердєє сая энэ 2005 онд ойлголоо. Ингэж чадаад зорьсон зорилгоо нээрэн биелvvлчихвэл бид урагшаа хєгжих гээд ч нээрэн хэрэггvй юм биш vv дээ !? Еэ арай л vгvй болов уу даа.

Ийнхvv энэ номд орсон нийтлэл бvхэн бидэнд асуулт, анхаарлын тэмдэг тулгаж, байн байн сэтгэл доторх дохионы улаан гэрлийг анивчуулж, тvргэн тусламжийн юм уу галын дуудлагын тэргэний сигналыг хангинуулан зовоож байна. Зовлон жаргал ээлжилдэг энэ хорвоод зовлонгоо мэдрэх тусам туулж давах зориг, омогшил тєрєх биш vv!

Эцэст нь хэлэхэд:- “Ийм ухаалаг сайхан ном уншчихаад хар амиа бодоод дотроо дэвхцэн баярлаад дуугvй єнгєрєх сэтгэлийн зориг дутсанаас энэ жижиг єгvvллийг бичлээ. Эх орноо, Монголоо, єєрийн гэх бодолтой хэн боловч “Бидний араншин: Гурван Монгол зодолдоно” хэмээх энэ номыг уншиж нэг удаа ч болов сэтгэл оюуны єлсгєлєнгєє тайлаарай. Ухаантай vг, бодол санаа таны амьдралыг бvр огт єєрєєр, сайнаар эргvvлчихэж ч мэднэ шvv!

Ч.Билигсайхан (МУИС доктор (Sc.D) проф )
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=19347