Thursday, 18 December 2008

Богдын лүндэн

Ум сайн амгалан болтугай!

Сугабадийн орноос бууж ирсэн Баруун газрын Далай ламаас зарлигтай, Ванчин богдоос сундагтай, 75 махгалын дүртэй, мянган мэлмийтэй, түмэн сонортой, Бодьсад гэгээн гэж ар халхын 4 аймаг, шавь долоон хошуу, өвөр 49 аймаг хошуудын та нарт залагдаж, ирсэн билээ. Амьтныг жаргуулж шашны алтан тамгыг түмэн эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг билээ.
Ар халх та нар минь ээ.
Гэрийн чинь доторхи хэрүүл тэмцэл, хэл ам, аюултай тангараг, гал голомт үүдний шороо хог чинь орж ярьж болохгүй байна шүү.
Ар халх та нар минь ээ.
Миний бие өвлийн сүүл сарын 29 нд 140 Очирдарийн Их Лаврын хийдэд балгасыг өгч ар халх та нарынхаа алтан сайхан амь биеийг чинь хэлэлцэж буцааж авсан билээ.
Ар халх та нар минь ээ.
Татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарны гэрлийг бүрхэж харанхуйлах цагт хүрч байна шүү. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй байна. Энэ цэвүүн цагт зургаан цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгө, арван цагаан буян, үр хүүхдээ өгч татна. Хойд төрөлдөө 3000 галвыг үзтэл Очир тамын зовлонг эдэлнэ.
Ар халх та нар минь ээ.
Хийсэн хилэнц үйлдсэн нүгэл чинь миний зүүн баруун алган дээр эрлэгийн толинд тусах мэт илхэн харагдана. Та нарын минь хийсэн 10 хар нүгэл хар улаан хараал чинь цэвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж өөрсдийг чинь хорлоно. Тэр муу цагт аливаа муу бүхнийг амаршуулахын тулд өрх дараалан Сундуй, Жадамба, Лүмбэнгарав, Таравчимбо ядуу бага шиг айл бүр Дашзэвэг найман гэгээн, Доржзодов, Дэвжид сэржим, Жамбалсанжид, Жанлавцогзол, Дарьэхүүд, Маани мэгзэм, Базарсад эдгээрийг түм бумаар нь уншаарай.
Ар халх та нар минь ээ.
Гурван настай балчираасаа дээш ажил төрөл, арилжаа наймаа , архи тамхи 10 зүйлийн нүгэлтэй явдлыг хийж мэдэж чадаж байдаг. Гэтэл эрдэм номыг болохоор сурч уншиж яагаад болохгүй байна.
Ар халх та нар минь ээ.
Миний 5,6,7,8-р Богд гэгээн гэгч олон төрөлдөө энэ сургаалийг тараасан билээ. Та нар үзэвч үзээгүй мэт, сонссон ч сонсоогүй мэт тоомсоргүй өнгөрдөг шүү та нар минь. Алт мөнгийг хэтрүүлэн зүүж эдэлбээс амны хишиг, буян чинь зайлан хойд насандаа тамын хадаас хүзүүнд чинь гинжтэй болж байна шүү. Цэвүүн цагт алт мөнгийг 5 цэнгээс дээш бүү эдэл. Цэвүүн цагийн эхнэрүүдийн шар улаан алаглуулан эдэлж байгаа хувцаснууд, хээ угалз гаргасан үс гэзэг, цацаг чимэг зүүлт, шувууны хөл мэт гутал өмсөөд харцуулынхаа мэдлийг булаагаад өрх гэрээ толгойлоод мөнгөний ихийг өвөртлөөд гадны хэл буруутантай наймаа арилжаа хийгээд өгөөжгүй этгээдийн өлзий бус юманд дурлаад толгой бөгсөөрөө савчаад ирж байгаа чинь миний нүдэнд 3 толгойтой жигүүртэн шувуу эрлэгийн элч адил үзэгдэж байна шүү. Аав ээжийн хайрласан халиу хонгор үсээ байгаа байдалд нь байлгалгүй, гадны өлзий бусын өгөөжгүй юмыг эдэлж хэрэглэж байгаа чинь биеийг чинь бүслэн ороосон шар эрээн могой болж миний нүдэнд харагдана. Хойд насандаа тамын чагтага хоёр хөлд чинь тушаатай болж Очир тамын уяанд орооцолдож байна.
Ар халх та нар минь ээ.
Гадны хэл буруутан ирэхэд ширээ шүүгээ тавьж өгөөд идээ будаагаар хүндлэн зочлоод бүүр сүүлдээ тэднийхээ эрхшээлд зарим ихэс дээдсүүд чинь ороод өөрийн мэдэлгүй болоод та нарын минь алтан өлгий нутгийн чинь газар шороо эд баялагтай нь, арав таван малыг чинь хошуу цорвойж өгөөд амь насаа даатгаж, бурхан шашнаа дуган сүмтэй нь хамх цохилон хаяад түмэн хуврагуудаа, төрийнхөө зүтгэлтэн эрдэмтэн мэргэдээ золионд гаргаад цэвүүн цагт зарим нь хагартлаа баяжаад зарим нь өлсгөлөнгийн туйлд хүрэхэд та нарыгаа үнсэнд хаясан шалзын чинээ бодохгүй нүүрээ буруулах цаг ирнэ. Тэр цэвүүн цагт хувиа хичээсэн хувалз хачиг гарч ирнэ. Тэд хулгана зурам мэт мэрнэ, хувалз хачиг мэт сорно. Тэд дээр дооргүй идээд дэл сүүлгүй зулгаагаад хаях нутгийг юутай үлдээх билээ. Харин тэд 3000 галвыг үзтэл очир тамын оронд сууна.
Гэлэн , гэцэл түмэн хуврагууд минь ээ.
Хурал номынхоо газраас хөөгдөж орхимжоо бүслээд цавираа хийгээд улаан шар эдийг алаглуулан эдлээд морио унаад худалдаа наймаа хийгээд, авгай дагуулан явдаг чинь миний нүдэнд шарын шашныг үүлэн сүүдэр дайрч өнгөрөх ба устаж байгаа нь илхэн үзэгдэнэ.
Ар халх та нар минь ээ.
Баян гэж бүү бард.
Хоосон гэж бүү гомд.
Баячууд довон дээр, баатрууд бууны суманд гэж үг бий. Ядуу хүмүүст өглөг их өгч бай. Энэ сургаалд эс орвоос цэвүүн цагийн тэнгэрийн дууны гал ус, нэртэй нэргүй ямар нэгэн аюул нөмрөн дайрна шүү. Далай ламаас заалгасан зарлигтай, Ванчин богдоос өршөөгдсөн шашны алтан тамгыг орой дунд чинь адис болгон дарж өгье гэтэл санавч ер болохгүй байна. Улаан хүрэн ташуур бариваас гар хуруу чинь огтлуулахын дохио,
Улаан хүрэн хуйтай хутга зүүвээс иртэй мэсэнд хорлогдохын дохио.
Улаан хүрэн гутал өмсвөөс хонго борвиноос чинь цус асгарч цусан дундуур туучихын дохио. Цэвүүн цагийн бүсгүйчүүд хар улаанаар хараагаад дураараа туйлдаг чинь бурхан шашнаасаа уйдаж эрлэг тамын газар очихын дохио.
Ар халх та нар минь ээ.
Бар туулай жилийг үзвээс жаран жилийн жаргалыг үзнэ. Арван хуруу тэгш жаргана. Төр улс чинь төвхнөнө. Түүнийг хүртэл аюултай дараалсан хэдэн жил байна шүү. Түүнийг хүртэл миний сургаалийг гэрийнхээ дотор нэг удаа уншихад гэрийн доторхи гай барцад түйтгэр арилна. Хоёр удаа дуудаж уншвал хот доторхи гай барчид арилна. Гурван удаа дуудаж уншваас гурван муу заяанд үл унана. 33-н төрөлдөө бурханы оронд надтай дахин учирч төрнө. Энэ сургаалийг дагаж яваа хуврага хүмүүсийг би өөрийнхөө багш мэт санаж Гандантэгчлэнгийн орон хийдэд гэлэн гэцэл болгож төрүүлье. Миний сургаалийг дагаж яваа авгайчуудыг би өөрийн эцэг эх шиг санаж бурханы оронд түмэн хуврага болгон төрүүлье. Сугабадийн оронд 77 төрөлдөө дахин шавь хүмүүс болгон төрүүлье. Цэвүүн цагт миний сургаалд орвоос аливаа муу хортон дайсантай үл учирна. Ямар нэгэн гэнэтийн аюулыг гэтэлж гарна. Миний хойноос агт морио цуцаагаад атан тэмээгээ хүчийг нь барж хөөцөлдөхийн хэрэггүй.
Цэвүүн цагт лам багштайгаа багшийгаа сайн шүтэж явбаас бурханы оронд очиход холгүй. Миний сургаалийг дуудуулан уншиж сонсвоос 15 жилд сар нарны гэрэл мэт оюун цэцэн мэргэн ухаантай болж, Ганжуур, Данжуур хоёрыг орчуулгаар нь тайлбарлан уншиж сонссонтой адил. Мунхаг хүмүүс сонсвоос харанхуй шөнө хар усыг асгасантай адил шүү .
Аав ээжийгээ сайн хүндэлж өргөмжилж явбаас хойд насандаа амны хишиг заяа чинь дэлгэрч явна.
Ар халх та нар минь ээ.
Би нэг зуун хорин нас наслах түүхтэй. Наслах өдөр шөнийн цагт эх болсон зургаан зүйлээ эргэнэ. Та нар минь өглөө эрт босож бай. Орой бүр маани мэгзэм хөгжөөн сан үүсгэж бай.
Ар халх та нар минь ээ.
Мянган хонийг худалдаад мянган лан мөнгөө өвөрлөөд буян номыг үйлдэхгүй, бусдын буян номыг үйлдэхэд дагаж бишрэхгүй бол хойд төрөлдөө эрлэг тамын газар очиход мянган хонио тууж мянган лан мөнгөө өвөрлөөд явахгүй. Хүмүүс бүгд үхэхийн цагт чөлөө олдохгүй шүү. Эрлэгийн элч түймэрийн гал мэт улбалзан огторгуйн салхи мэт ширүүн ирэхийн цагт алтан сайхан биеэ завсарлахын тулд буяныг үйлдэж нүгэлийг тэвчиж яваа хүмүүсийг аюултай дайсан хүрээлэн довтлон дайрахын цагт хамгаалахын мөнийн тулд бурханы гурван хүлэг морийг зогсоож байна шүү.
Ар халх та нар минь ээ.
Ум сайн амгалан болох болтугай. Миний сургаалийг уншсан, уншуулсан, сонссон олон хүмүүс төрөл бүртээ сайн төрлийг олоод эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг түргэн тэтгэх болтугай.

Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум сарваа мангалам.

No comments: