Sunday, 14 December 2008

У.Мөнх-Эрдэнэ Дэлхийн цомын аваргын мөнгөн медал авлаа.

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) 2008 Дэлхийн Цомын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд Монгол улсын тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ мөнгөн медал авч /2008.12.14/, Бээжингийн Олимпод “олзгүй оролцсон шархаа нөхлөө”.

Олимпын дараах бэлтгэлийн үеэр Олимпын аварга Бадар-Ууган, мөнгөн медалт Сэрдамба хоёрыг нам нам цохиж хор шар, уур бухимдлаа гаргаснаас болж хэвлэл мэдээллээр бичигдэн, багш дасгалжуулагчид бүү хэл хамаг олныг сандаргаж байсан залуу маань Их Оросын нийслэл Москва хотноо гарынхаа загтнааг тайлж, ямарч байсан Монгол улсад анх удаа Дэлхийн цомын аваргын мөнгөн медалийг авчирлаа.

Уг тэмцээнд Бадар-Ууган, Сэрдамба хоёр анх уригдсан ч Бадар-Ууган гэмтэлтэй учир очоогүй; сүүлд нь Мөнх-Эрдэнийг “чихсэн” бололтой. Олимпын мөнгөн медалт Сэрдамба маань “хөөрхөн инээж чадалгүй” тэмцээний эхний өдөр казакын боксчин Закупов Бирзанд 13:5 ялагдаж “хөөрхөн сенсаац” дэгдээсэн бол; Мөөгий “шүд зуун явсаар” хоёр ялж, үзүүр түрүүнд кубын тамирчин Бээжингийн Олимпын хүрэл медалт Иглесиас Сотолонго-той “хамаг юмаа түрүүлээд тавьчихсан” мэт сулхан өрсөлдөж 16:2 харьцаагаар "уншуулав".

Эхний хоёр тоглолтоо 18:6, 18:6 гэсэн онооны харьцаагаар ялсан Иглесиас Сотолонго-д финалын тоглолт нь хамгийн амархан ялалт байсан байх: 2-хон удаа л цохиуллаа ш дээ. Гэхдээ Мөнх-Эрдэнэд харамсах зүйл бага: Бээжингийн Олимпад хамгийн их түүнийг гомдоосон өрсөлдөгчөө 11:8 онооны харьцаагаар ялж “хожил хоёр тийшээ” байдгыг тэр батлав; зүгээр ч нэг олимпын алт, мөнгөн медалтнуудыг нам цохиж бэлтгэл дээр гарын загнаагаа гаргаагүй аж; xарамсалтай нь энэ нь Олимпын хүрэл медалт кубыг барахад хангалтгүй л байж дээ.

Мөнх-Эрдэнэ эхний учраагаа 18:3, удаах учраагаа 11:8-аар ялж — финалд 16:2-оор ялагдав. Мөнх-Эрдэнэ сая “өшөөгөө авдаг” франц түүнийг Бээжингийн олимпод 12:4 буюу 8 онооны зөрөөтэйгөөр ялж байсан бол манай тамирчин түүнийг 3 онооны зөрөөтэй яллаа.

Хэрэв Сэрдамба ганц л ялсан бол хүрэл медалын болзол хангаж, мөнгөн медалын төлөө кубын боксчин Хернандез Г Яампиертай /Hernandez G Yampier/ таарах байлаа: Бээжингийн Олимпод шүүгчдийн саналаар Сэрдамба түүнийг ялсныг бүгд мэдэж байгаа. 48 кг-ын жинд аваргалсан филиппины Танамор Харри дээрх кубын “нусыг суга цохиж” 15:7 онооны харьцаагаар илт давуу ялав.

Энэ удаа Дэлхийн Цомын тэмцээн шинэ хэлбэрээр зохиогдсон юм байна. Нэрээ хүртэл 1st AIBA World Cup гэж өөрчилжээ. Өмнө нь багуудын хооронд өрсөлдүүлдэг байсан бол энэ удаа жин жинд нь эрэмбэлж тус тэмцээнд урилгаар оролцуулжээ. Тиймээс ч Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байдлаас нь харж хэн тухайн жинд мундаглах нь уу гэдгийг тодорхойлж болмоор ч юмшиг. Тэр утгаараа Мөнх-Эрдэнэд найдвар байна. Одоо амжилтандаа ханаж, томорч, задгайралгүй, Банди багшийнхаа үгэнд орон даруухан байвал дэлхийн аваргаас медал авах боломжтой ч юмшиг.

Таван өдөр үргэлжсэн шилдэг ширэн бээлээтнүүдийн энэ тэмцээнд Куба зургаан алт, Орос гурван алт авсан байна. Түрүүлсэн тамирчин 10 мянган доллар, үзүүр түрүү 5 мянган доллараар шагнагджээ. Кубын тамирчид хоёр мөнгөн медалаа нэмээд нийт 70 мянган доллар цохисон аж. Эдийн засгийн хямралтай энэ үед Мөнх-Эрдэнэд маань ч 5 мянган ногоон их хэрэг болно доо; ажил хийвэл ам тосдоноо гэж…

АИВА-гын хамгийн нэр хүндтэй шагнал болох Оны шилдэг боксчин шагналыг Энхбатын Бадар-Ууган авлаа!!!

2008 оны шилдэг эрэгтэй боксчноор украины Европ, Олимпын аварга Василий Ломаченко аваагүйд украинчууд болон оросууд маш гайхан шуугицгааж байна. Бээжингийн Олимпоор боксын 57 кг-ын жинд хамаг өрсөлдөгчөө “азаргалж”, финалд өрсөлдөгчөө хоёрхон раунданд балбаад хаячихсан Василий Ломаченког Вэла Баркерын нэрэмжит цомыг авсангүй, Дэлхийн Цомын тэмцээнд Узбекстаны Султонов Баходиржонтой тоглоогүй болохоор нь шагналыг нь Монголын тамирчинд өгчихлөө гэж оросын вебсаитууд дээр бичжээ.

Оны шилдэг боксчин шагналыг аваагүйдээ гомдсон украины тамирчин маань мэргэжлийн бокс руу орох тухай ч дурсагдаад авав. Түүнийг дасгалжуулдаг аав нь ингэж ярьсан байна. “Бид тэмцээнд оролцох гэж Москвад ирээгүй, харин Олимпын рингэнд шударгаар авсан Вэла Баркерын цомыг гардан авах гэж ирсэн. Вася гэмтсэн гараа үзүүлчихээд саяхан Германаас ирсэн болохоор Дэлхийн Цомын аваргад оролцох ямар ч боломжгүй байсан” гэжээ. Товчхондоо, “ах нар” хүртэл аваагүйдээ тунирхаж янз бүрийн ааш гаргаж байгааг бодоход АИВА-гийн Оны шилдэг тамирчин шагнал ямар нэр хүндтэй болох харагдаж байна.

Гэхдээ дээрх явдалд үл ойлголцол үүсэн бололтой. АИВА-гийн төлөөлөгч Ричард Бейкерын тайлбарласнаар бол, Олимпын тоглолтын хамгийн ур чадвартай боксчинд олгодог Вэла Баркерын цом, Оны шилдэг боксчин гэдэг шагнал хоёр ондоо юм гэнэ. Вэла Баркерын цомыг Бээжингийн Олимпын тоглолтын дараа Василий Ломаченкод өгсөн боловч цомыг нь гардуулж өгөөгүй байсан. АИВА Олимпын өмнө цомынхоо загварыг өөрчлөхөөр шийдээд, тэгээд хугацаандаа хийж чадаагүй учраас өгөөгүй байсан гэнэ. Тиймд ойрын хугацаанд Цомыг нь гардуулах юм байх. Харин оны шилдэг тамирчны хувьд бол Ломаченко энэ шагналыг хүртэх хүмүүсийн тоонд зүй ёсоор орж байсан юм байна. Тэр бүү хэл бараг л цор ганц авах хүн нь ч гэж зарим нь үзэж байжээ. Гэвч AIBA эртнээс дагасан уламжлалтай бөгөөд энэ уламжлал нь оны шилдэг боксчин рингний дотор ч, рингний гадаа ч сайн чанараараа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой ажээ. Гэтэл Ломаченко ямар нэгэн шалтгаангүйгээр Дэлхийн Цомын аваргын тэмцээний өмнө эмчийн үзлэгт орж, жингээ үзүүлээгүй учир AIBA түүнийг дүрэм горим зөрчсөн гэж үзээд москвагийн тэмцээн дуустал тоглох эрхийг нь хассан аж.

Ричард Бейкер бас нэг ондоо ярилцлагандаа, Яагаад заавал монголын Энхбатын Бадар-Ууганд энэ шагналыг өгөх болсон юм бэ? гэсэн асуултанд хариулахдаа: “Бадар-Ууган бол ноён Ломаченкотой адил Олимпын аварга, мөн Азийн аварга. Ноён Ломаченкотой адил бас сайн боксчин. Хамгийн гол нь рингэн дотор өөрийгөө үлгэр жишээ ч авч явдаг” гэж хариулсан байна.

Эелдэг, даруухан, соёлтой болохоор нь Бадар-Ууганыг тэд сонгожээ. Энэ их итгэл найдварыг дааж явна гэдэг маш их хариуцлага даа. Одоо дэлхий нийт, ялангуяа орос, украинууд түүнээс “нүд салгахгүй” байхдаа.

Бас сонирхогчдын боксын хамгийн сонирхолтой халз тулаан бол Бадар-Ууган, Василий Ломаченко хоёрын тоглолт гэдэг нь маргаангүй. Жин нь ч ойролцоо юм байна лээ. Тиймээс бэлтгэлээ сайн хийж зүгээр л нэг 2008 оны шилдэг боксчин азаар болчихоогүй гэдгээ дэлхий нийтэд харуулах цаг болж дээ.

Баяр хүргэе Бадар-Ууганаа. Чи шүү чи. Илүү, илүү, илүү...
зургыг www.aiba.org-оос авлаа.

7 comments:

Anonymous said...

Munkherdenii talaar shar soninii medeelliig yun ch unen boditoi meteer ish tatan heregleev dee. Olimpiin daraa heden boxchid dasgaljuulagchdiin talaar taagui ongo ayastai yas hayasan met ner usgui medeelel tavigdsanii l neg shu dee. Bas Badar-Uugan ochoogui bolohoor orond ni Munkh-Erdeniig chihlee gej ta batalgaatai source-oos duulaa yu? Ugui bol ingej bichsen chini ogthon ch taalagdsangui. Munkh-Erdene sain tamirchin, amjiltandaa sagsuurch ongirood baih ch zan haraktertai zaluu bish.

meesh said...

Мөнх-Эрдэнэ финалд харин тааруу тоглож байна лээ...Гэхдээ 3 4 оноо бас дарахгүй байсан гэж бодсооон...
Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа..

A.Амарсайхан said...

Их хүний хэлдгээр ялзарсан байцаануудыг хонины хөлдүү гуяар нүдэж байгаа нь нүнэнд харагдав. Сайхан бичлэг байна.

ganga said...

Ebedee shine jiliin bayariin mend hurgeye.

Oogii said...

Шинэ оны мэнд

Зүүдний тэмдэглэл said...

Шинэ оны мэнд. Шинэ ондоо аз жаргал дүүрэг байг

Д.Цэрэнбат said...

shine ony mend. sasihan bayarlaarai ho.