Tuesday, 2 December 2008

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна

Монгол улсын Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа үе үеийн найрагчдын дунд “Чамбай” гэсэн ганцхан үгээр нэрлэгдэх өвөрмөц онцлогтой хүн билээ. Түүний шүлгүүд богинохон атлаа тун их уран сэтгэмж, зохиомж хосолсон давтагдашгүй бичлэгтэй.

Энгийн чулуунаас ч юм уу, тэмээчний дүрээр дэлхийн цараатай шүлгээ амилуулчихна. Оюутан залуусын унших дуртай шүлгүүдээрээ дал, наяад оныхны “Од” болсон найрагч түүнээс өөр байхгүй. Тиймээс ч тэрбээр ная, ерээд он хүртэл “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр тасралтгүй ажиллаж, монголын залуучуудын дуу хоолойг яруу найрагчийн ч, сэттүүлчийн ч хувиар хошуучлан уриалан дуудаж олон сайхан сэтгүүлч, яруу найрагчдыг өсгөн бойжуулсан хүн. Түүний гараас сэтгүүлч Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шагналт Б.Хатанбаатар, МХЗЭ-ийн шагналт Т.Даваадорж, Төрийн шагналт яруу найрагч, зохиолч Д.Төрбат, нэрт шог зураач Чулуун..гээд залуучуудын сонины гэгдэх олон сэтгүүлч ажил, амьдралын гараагаа нэр төртэй эхлүүлсэн байдаг.
Миний бие ч МУИС-ын оюутан байхдаа сэтгүүлчийн дадлагаа Д.Нямаа эрхлэгчтэй “Залуучуудын үнэн” сониноос эхэлснээрээ бахархдаг. Сургууль төгсөөд уг сонинд ажиллах хүсэлтэй байсан ч тэр үеийн том даргын охинд мөргүүлчихсэн. Гэвч Д.Нямаа эрхлэгч маань марталгүй “Архангайн үнэн” сонинд ажиллаж байхад минь “Залуучуудын үнэн” сонины “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, хөдөөнөөс бичсэн сурвалжлага, нийтлэлийг эх барьж авдаг байв.
Дараа нь Д.Нямаа эрхлэгчтэйгээ “Ардын эрх” сонинд ирээд гар нийлэн эжиллах аз бас тохиосон юм. Д.Нямаа эрхлэгч маань “Ардын төр” сэтгүүлийг эрхлэхийн хажуугаар “Ардын эрх”-ийн нарийн бичгийн дарга болсон надад чимхлүүр зөвлөмж байнга өгдөгсөн. Чамбай түүний нямбай, бузгай байдал үлгэр дууриал авмаар. Энгийн даруу атлаа эрхэмсэг, ихэмсэг ньч их гоё. МЗЭ нэг үө даргалах хүн олдохгүй хөл алдахад Д.Нямаа ах минь дуугүйхэн хүлээн авч, хэн хүн хошууран дагадаг дуутай шуутай болгон босгоод өгснийг мартаж болохгүй.
Долгорын Нямаагийн араас Ломбын Нямаа, Готовын Нямаа, Данзангийн Нямаа.. гээд босоо Нямаанууд цоролзсоор буй. Тэгэвч Долгорын Нямаа шиг гэрийн тэн дарах чулуу шиг, оюуны жин дарах алмаз шиг бүтээл туурвигчид өнөө хэр үгүйлэгдсээр байна. Эл удаа түүнтэй уран бүтээлийн тухай цухас хөөрөлдсөнийг нийтэллээ. Сэтгүүл зүйн тухай асуудал хөндсөн яриа үргэлжлүүлнэ гэдгээ дуулгая.

Д.Нацагдоржийн төрсөн өдрийг эс дурсвал өөр хэнийхийг дурсах вэ дээ?

-Саяхан их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр тохиосон. Дээр үед энэ өдрийг тэмдэглэж олон арга хэмжээ зохион байгуулдаг байсан юм билээ. Энэ жилийн хувьд чимээгүйхэн өнгөрч байна уу?
-Гадарлаж байсны хувьд их зохиолчийнхоо төрсөн өдрийг яаж дурсах нь вэ гэж би ч гэсэн харж л суулаа. Гэтэл хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” гэж тачигнасаар байгаад өнгөрөх шиг болсон. Уг нь энэ жилийн хувьд бүр ч чимээгүй өнгөрч болохооргүй жил байсан юм. Нэг сар гаруйхны дараа МЗЭ-ийн 80 жилийн ой болох гэж байхад, шинэ утга зохиолыг үндэслэгч гэж хэлэгддэг Нацагдоржийнхоо төрсөн өдрөөр “мацаг барьсан нь” харамсалтай явдал боллоо. Ядахнаа Олон нийтийн үндэсний телевиз “Цагийн хүрдээр” нэг удаа Нацагдорж гэж ярьж болох байсан. Би андуураагүй бол удирдах зөвлөлийг нь МЗЭ-ийн гүйцэтгэх захирал тэргүүлдэг байсан, одоо хэвээр эсэхийг нь бүү мэд л дээ. Үүгээрээ би нэг газрыг эсвэл нэг хүнийг буруутгах гээд байгаа юм биш. Ер нь өнөө үеийн манай соёлын амьдрал ийм нэг үхээнц дорой байдагтай болчихоод байгаагийн илэрхийлэл гэж үзэхээс аргагүй. Хоёр жилийн өмнө их зохиолчийн 100 жилийг тэмдэглэсэн. Аягүй бол одоо 200 жилийн ой хүртэл чимээгүй явж болох царайтай юм шиг байна. Нацагдоржийн торсон өдрийг эс дурсвал өөр ямар зохиолчийн ой, төрсөн өдрийг ярих вэ дээ. Яривал ичмээр болж орхино биз дээ, тийм үү?
-Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Пагма нар охинтой байсан тухай таны бичсэн нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншлаа. Энэ тухай та анх хаанаас олж мэдсэн юм бэ?
-Зүгээр Пагма гэж яривал Нацагдоржийн эхийн нэр болчихно. Пагмадулам гэвэл эхнэр нь болно. Адилхан нэр учир салгаж ойлгох ёстой л доо. Тийм ээ, би “Өдрийн сонин”-д Пагмадуламын тухай хоёр гурван дугаар дамжсан том ном бичиж 2007 оны арванхоёрдугаар сард нийтлүүлсэн юм. Тэр нь бас учиртай. Миний ойлгосноор 2005 онд юм уу, эсвэл 2007 онд Пагмадуламын 100 жилийн ой таараад өнгөрчих шинжтэй байсан болохоор тэр хугацаанд багтаж чимээ гаргах ёстой юм шиг санагдсан. Түүнээс би Д.Нацагдоржийг судалсан хүн болох гэсэнгүй. Ер нь гэвэл, Нацагдорж, Пагмадулам нар охинтой байсныг дээр үеэс хэвлэл мэдээллээр там тум хэлсэн.
Тэр байтугай их зохиолчийн охиноо тэвэрсэн зураг Нацагдоржийн музейд байгаа гэдэг байх шүү. Харин ноднин жил Пагмадуламын тухай бичиж нийтлүүлсний дараа охиных нь хүүхдүүдээс надад хандаж баяр хүргэхийн хамт “Энэ нь зөв, тэр нь ташаа” гэхчилэн баримтаар ярьж, зураг хөрөг үзүүлж, мэдэх хүнээр баталгаажуулж, аль аль тал нь илүү ойлголттой болсон. Саяны бичлэг бол түүний л үр дүн гаж хэлэхэд болно.
-Энэ талаар та судалгааны ном хүртэл гаргах гэж байгаа юм уу даа. Энэ тухай тодруулахгүй юу?
-Судалгааны ном гаргая гэсэн юм байхгүй. Сүүлийн арав гаруй жил би монгол хэл, уран зохиолын багш бэлтгэдэг сургуульд хичээл заасан. Ингэж явахад зохиолчийн намтар судлалын асуудал анхаарал татах боллоо. Оюутнууд ч сонирхдог сэдэв нь юм. Намтар судлалаар дагнаж ажиллаж байгаа багш, эрдэмтэд ч бий. Жишээ нь “Улаанбаатар” их сургуулийн багш Д.Цэвээндорж гэдэг хүн энэ чиглэлээр сонирхолтой ном бичиж гаргалаа. Зохиолчдын дурсамжууд гараад эхэлчихлээ. Тийм учир би XX зууны үеийн хориод зохиолчийн намтар судлалтай холбоо бүхий ховор сонин мэдээ баримтууд голлосон ном бичиж байгаа юм. Миний тэр номын нилээд томоохон хэсэг нь Д.Нацагдоржийн намтар судлалд хамаарна гэж бодож байгаа. Түүний анхны гэргий Пагмадуламын хэсэг байх юм.
-Тэдний охины тухай мэдээлэл хэдэн оны үед анх дуулдаж эхэлсэн байдаг вэ?
-1956 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 50 жилийн ойг тэмдэглэсэн. Тэр үед би техникумын оюутан байсан учир радиогоор ойн ёслолыг хэрхэн дамжуулж байсныг мартдаггүй. Ой тэмдэглэх гээд хөл болж байх үед энэ охины тухай мэдээ чимээ дуулдсан юм билээ. Тэр үеийг сайн мэдэх Б.Бааст гуайн нэгэнтээ надад ярьснаар, МЗЭ-ийн дарга байсан Д.Сэнгээ гуай уг мэдээг Цэдэнбал даргад хүртэл танилцуулсан гэдэг юм. Цэдэнбат дарга ‘”Та нар юу ч гэсэн энэ удаа ойгоо тэмдэглэчих. Тэгээд ой тэмдэглэсэн хойноо уг асуудлыг ултай суурьтай сонирхож үзэх нь зүйтэй” гэсэн хариу өгчээ. 1957 оны хавиас ч юм уу Д.Сэнгээгийн бие муудаж улам хүндэрсээр 1959 оны тавдугаар сарын эхээр нас барчихсан тул энэ асуудал эзэнгүй үлдсэн юм шиг байгаа юм. Ингэж дунд нь нэг хэсэг цаг алдсан байх. 1966 онд Нацагдоржийн 60 насны ойг тэмдэглэх үед Ананда-Шри гараад ирсэн. Холын Таллинаас түүнийг урьж ойд ирж оролцсон. Ийм үед “Энд бас нэг охин байнаа” гээд зэрэгцүүлээд ярихад төвөгтэй болчихсон байсан байж магадгүй. Тэр хүн чинь сая 1993 он хүртэл аж төрж байсан болохоор хэрхэн амьдарсан нь бидний нүдэн дээр болсон явдал юм шүү дээ. Эр нөхөр нь гэвэл түүнээс ч хойно, бараг саяхан гэмээр өөд болсон байдаг.

Пагмадуламын охин Цэрэндулам 10 хүүхэд төрүүлж өсгөсөн

-Гэтэл монголчууд Нацагдорж, Пагмадулам нарыг хүүхэдтэй байсныг мэдэхгүй. Үүнийг яаж батлах вэ?
-Яаж батлах вэ гэдгийг Пагмадуламын тухай бичсэн юмандаа би энд тэнд нь хэлээд яваа. Түүнээс биш генийн шинжилгээ хийж батлах бололцоо алга болжээ. Пагмадуламын охин Цэрэндулам чинь 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Тэдний ихэнх нь одоо байна. Тэр чинь том баталгаа болно биз дээ. Пагмадулам гэдэг маань бидний хувьд манай ээжийн үе чацуутан хүн юм билээ. Тийм учир янз бүрийн домог зохиогдох болоогүй юм шиг санагддаг.
-Одоо ч гэсэн та тэдний ач, зээ нартай холбоотой байдаг гэсэн. Тэд эмээ, өвөө нарынхаа тухайн үеийн амьдралын тухай юу гэж хуучилдаг вэ?
-Охиноо дөнгөж 14,15 нас хүрч байхад Нацагдорж, Пагмадулам нарын хэн хэн нь үгүй болжээ. Тийм учраас түүний хүүхдүүд эмээ өвөөгөө үзсэн харснаа дурсах боломжгүй. Эх нь ч гэсэн Дамдины гэж овоглосноор бодоход бэрхшээл байжээ. Германд суралцаж байсан хүмүүсийг тэр үед Германы тагнуул гэж үзэх гээд байж шүү дээ. Тийм учир “Миний аав Нацагдорж” гээд хэлчихэд төвөгтэй байсан бололтой юм билээ.
Харин Дамдин мужааны аягач гэгдэх Балжид гэдэг эмэгтэй 1960 оныг хүртэл энх тунх байсан учир хааяа түүний “Үг алдсанаас” ч юм уу авсан мэдээлэл байдаг.
-Их зохиолчийг орос эхнэрээсээ л ганц охинтой гэж хүмүүс боддог. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Бид 1966 оноос хойш зөвхөн Ананда-Шрийн тухай ярьж, бичиж ирсэн. Тийм. болохоор хүмүүс “Ганц охинтой” гэж бодохоос аргагүй. Тэр нь хүмүүсийн буруу биш. Түүнээс гадна гэргий хүүхэд нь нутаг руугаа буцаад явчихсан хойно тэдний хойноос санаашран гансарч суух үедээ “Ганц охиноо бодохуй дор хайрлах сэтгэл ундарна” гэж шүлэгтээ бичсэн. Уг шүлэг нь “Гэргий хүүхдээсээ хагацахуй” гэсэн гарчигтай. Зөвхөн Нинад хандаж хэлсэн үг. Тэр хоёр ганц охинтой байснаа хэлж байгаагаас бус ер нь хүүхдүүдийнхээ тухай гэж ойлгох аргагүй. Хүмүүс түүнийг уншчихаад “Ганц охиноо…” гэсэн байна шүү дээ, өөр хүүхэд байх учиргүй гэж боддог тал бий. Тэгж яривал Нацагдорж ер нь хэдэн хүүхэдтэй байв гэдгийг хэлэх цаг үе, хэлэх хүмүүс байсан байж таарна. Бид өөр цаг үеэс өндийж ирээд түүнийг хэлэх, таахад төвөгтэй болчихоод байгаа юм л даа.
-Их зохиолчийн амьдрал тодорхой байдаг бол Пагмадуламын тухай нэлээн бүрхэг байдаг. Хүрээний хятадтай суутаад хар тамхинд орж өөд болсон гэж ярьдаг шүү дээ?
-Пагмадуламын тухай туйлын бүдэг бүрхэг байгаа нь үнэн. Гол нь манай утга зохиолын судлатд зохиол бүтээлийг нь тасалж аваад зохиолчийг нь хаячихдаг, тэр зохиолчийн товч намтар байвал гүйцээ гэсэн хандлага олон жил ноёлжээ. Харин Нацагдорж судлалаар онол эрдэмтэй олон хүн ажилласны ач ивээлээр зохиолчийг нилээн сайн тодосгож өгсөн нь харагддаг. Тэгэхдээ гэр бүлийн амьдралыг нь хаячихсан. Тийм учир Нацагдоржийн Пагмадуламтай амьдарсан үе нь их бүрхэг үлдсэн. Харин Нинагийн хонноос бол арай түлхүү хөөцөлдсөн юм билээ. Дан зохиолд нь анхаарлаа тавьдаг байсан болохоор бодит хүн Пагмадуламыг ярихаасаа уран сайхны “хүн” Хоролмааг илүү сонирхдог байсан гэхэд хэтрүүлэг болохгүй.
Би Пагмадуламын данжаадтай суусан, хар тамхинд орсон гэх мэтийг нэг их сонирхдоггүй. Миний сонирхож байгаа гол зүйл нь Нацагдоржийн гэргий байх үеийн Пагмадулам. Зөвхөн тэр үеийг тодосгох юмсан гэж бодоод яваа хэрэг. Зарим судлаачид Пагмадуламыг Германаас ирэхээр нь шоронд хийсэн, түүнд гутраад тамхи татах болсон гэх маягийн бичсэн байдаг. Тэгэхдээ сайн хүний тухай муу цуурхал дэгдээх сонирхол аль ч үед оршин тогтнож ирснийг мартаж болохгүй биз. Өөд болохын тухайд гэвэл Пагмадулам чинь Германд суралцаж байхдаа өвдөж бэтэг өвчнөөр сүрхий шаналж байсан тод баримтууд бий. Харин ч тийм хүнд өвчин туссан хэр нь эмнэлэг тааруу үед арваад жил тэсээд явчихдаг нь сонин юм даа гэж бодогддог юм.
-Д.Нацагдоржийн үхлийг ч янз бүрээр л ярьдаг. Харин ач, зээ нар нь юу гэж ярьдаг юм бол?
-Их Нацагдоржийн амь насаа алдсаныг хэвлэл мэдээлэлд гарснаас илүүгээр хэлэх юм байхгүй . Харин өдрийн хувьд 1937 оны долдугаар сарын 13 биш 10-ны өдөр байх гэсэн нэг яриа л тэдний дунд байдаг юм билээ.
-Их зохиолчийн маань үр удам өдийг хүртэл үргэлжилж байна гэдэг сайхан хэрэг. Таны судалгааны ажлын ач холбогдол юу байх вэ?
-Тийм ээ. Пагмадуламын үр садантай уулзах, танилцах боломж сонинд юм бичиж гаргасны хүчинд олдлоо. Тэгээгүй бол дахиад л нэг хэсэг цагийн алдагдал гарч, нэг хэсэг юм улам бүдэг бүрхэг болохыг үгүйсгэх аргагүй. Үүнд гол ач холбогдол байж магадгүй. Эцсийн үр дүн гэвэл “хуулийн цоорхой” гэж яриад байгаа шиг Нацагдорж судлалд арай илүү сиймхий гэмээр харагдаад байгаа нэг орон зайг нөхөхөд тус болох гэсэн санаа. Түүнээс судлаачид ямар мундсан биш. Надаар дутаад байсан ч юм байхгүй шүү дээ.

Шүлэг уншихад таван удаа дахиулж байсан цаг үе бий

-Та тэгвэл өөрийн эрхгүй зохиолчдын намтар судлалын асуудалд анхаарлаа хандуулж яваа юм байна. Харин таны уран бүтээлээр сонин юутай байна вэ?
-Миний уран бүтээлээр сонин их байнаа. Би уг нь яруу найрагч хүн. Сэтгүүлч гэвэл гэнэ. Нэг насаараа сонин хэвлэлийн ажил хийлээ шүү дээ. Түүнийг маань харин сэтгүүлчдийн байгууллага мартан санан явдаг болов уу гэж боддог. Суддаач биш хэрнээ утга зохиолын судлалын юманд хуруу дүрэх гээд байгаагаа нэг сонин гэж хэлж болох юм. Таны судалгааны ажил гэж хэлээд чи түрүүнд юм асуух шйг болно билээ. Яруу найрагч байсан хэрнээ одоо болохоор дандаа үргэлжилсэн үгээр бичдэг болчихоод байна. Ялангуяа утга зохиолын баримтат төрөл зүйлийг илүүтэй сонирхож байна. Говь.баганас, сургуулийн жилүүдийнхээ амьдрал, залуу насаа голлосон дурсамжийн ном хэвлүүлээд хэдэн жил боллоо. Хүмүүс гайгүй сонирхлоо. Оюутнууд эрэл сурал болоод над руу ирэх ч явдал гардаг. Түүнээс гадна Америкад зорчсон тухай зохиолчийн тэмдэглэлийн ном гаргалаа. Ер нь сонин хэвлэлд бичих, ярилцлага өгөх юм тасрахгүй л байдагюм. Ажил амьдралын маань ихэнх хэсэг нийгмийн хуучин тогтолцооны үед багтсан болохоор хойч үеийнхээ мэдээгүй, бодоогүй, хойшдоо улам бүр мэдэгдэхгүй болох янз янзын асуудлаар энэ бүхэндхондогдөж байдаг юм л даа. Энэ мэт цагийн гэрч болох янзын баримт, мэдээлэл, дурсамжаас хожмын өдөр их бага түүх бүрддэг гэж ойлгочихоод болж өгөхгүй байгаа юм.
-Тухайн үеийн монголын яруу найрагт таны шүлгүүд уянга, хэмнэлээрээ их өвөрмөц аяс оруулж байсан гэдэг. Энэ тухай дурсан ярихгүй юу?
-1960-аад оны Монголын яруу найрагт Б.Явуухулангийн уянгын аяс гол өнгө төрхийг тодорхойлно. Түүнд нэг хэсэг яруу найрагчид багтана. Тэдний нэг нь болж байж магадгүй. Түүнээс биш миний шүлгүүд дангаараа уянгын аяс оруулсан гэвэл худал болно. Харин уран санааны талд анхаарал тавьсан гэвэл илүү дөт санагдаж магадгүй.
-Тухайн үеийн яруу найргийн ертөнцийн уур амьсгалыг мэдрүүлсэн дурсамж яриа сөхвөл сонин байх болов уу?
-Тэр үеийнхэн яруу найрагт гойд анхаарал тавьж, сонирхож байсан шүү дээ. Яруу найрагчдад урилга их ирнэ. Албан, үйлдвэрийн газар, их, дээд сургуулиуд үдэшлэг наадамдаа урина. Одоогийнхоор бол Сарантуяа, Ариунаа, Жавхлан зэрэг дуучдыг тэгж урьдаг байж магадгүй. 1965 оны хавар бидний хэдон залуус явж байгаад номын дэлгүүрт орсон чинь миний шүлгийн ном хүрээд ирж. Цөмөөрөө дугаарлаж зогсож байгаад өнөө номноос чинь авлаа. Номоо авчихаад эргээд харахад бидний хойноос тав, зургаан хүн оочер болоод зогсчихсон ном авах гэж байсан юм. Ямар нэг чухал ном гарлаа гаж ойлгосон хэрэг. Яруу найрагт уншигчид, зачуучууд ингэж л анхаарч байсан үе. Одоо бол энэ тухай ярихад үнэмшихгүй байх л даа. МУИС-ийн нэг үдэшлэгт би уригдаж шүлэг уншсан чинь таван удаа дахиулж байсан гээд бодчих. Сонин байгаа юм шүү. Яруу найргийг тийм их сонирхож байсан цаг үе бол 1960-аад оныхон.
-Яруу найрагчид бие биетэйгээ уулзан утга зохиол, яруу найргийн тухай яриа өрнүүлэх дуртай байдаг. Та ямар ямар зохиолчидтой нөхөрлөж явсан бэ?
-Зохиолчид дундаа яруу найрагчид аль ч үед их хөдөлгөөнтэй, илүү бүлсэг хамт олон юм уу гэхээр харагддаг. Тэд аливаа уулзалт, аялал, наадамд их оролцдог. Аян зам тэднийг улам ойртуулж нөхөрлүүлж өгдөг. Миний хувьд гэвэл Д.Пүрэвдорж, Н.Нямдорж, Д.Гармаа, П Лувсанцэрэн зэрэг зохиолчидтой нэгэн үед суралцаж байсан болохоор том, бага гэлтгүй оюутнууд ямар байдаг билээ, тийм л байлаа. Миний үерхэж явсан нөхөд маань П.Пүрэвсүрэн, П.Бадарч, П.Шагдарсүрэн, Н.Очирбат, Ш.Дулмаа зэрэг манай үеийнхэн. Ахмадаас хамгийн ойр байсан нь Чойжилийн Чимэд, Б.Явуухулан, С.Дашдооров зэрэг зохиолчид байна.
-…Шөнийн талд адуу янцгаана…гэсэн зөн билэг, далд санаа бүхий шүлэг тань энэ үед л мэндэлсэн болов уу? Ямар сэрэл мэдрэмжээс үүдэлтэй нь их сонин санагддаг юм?
-Өөр шүлгүүд бий шүү дээ. Нэг шүлэг яриад байхаар уншигчдад би шинэ юм хэлж чадахгүй болчих гээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Хотын хүнд болохоор “Ямар нэг ховор сэрэл мэдрэмжээс үүдэлтэй” гэх маягийн юм бодогдож болох биз. Би чинь хөдөөний хүн. Тийм учир өдөр тутмын сэрэл мэдрэмжээс үүдэлтэй гэж хэлэхэд болно. 1960-аад онд манай хөдөө гэр нэгдлийн олон адуу маллаж байсан. Зуны амралтаар хөдөө гэртээ гүү барьсан, айраг шуугисан, адуу янцгаасан орчинд амардаг байлаа. Хожим гэрээ санах үед тэр бүхэн бодогдоно. Ер нь талын шөнө их гоё шүү дээ. Оддоос өөр харагдах юм байхгүй. Тийм шөнийн нам гүмийг эвдэж гэв гэнэт адуу янцгаахаар од хараад янцгааж байгаа юм шиг санагдаж болох уу гэвэл болно. Харин надад огт санаанд ороогүй нэг зүйлийг хэлсэн хүн бий. Адуу толгойгоо өөд нь өргөж янцгаадаг нь ододтой харьцаж байгаа шиг санагдаж болно гэнэ. Түүгээрээ их оновчтой болсон гэж хэлсэн юм. Тийм ч байж магадгүй. За ингээд товчлоё. Нэг шүлгийн тухай олон юм ярьвал “Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч” гэдгийн үлгэр болчихож юун магад.

Бидний үеийнхэн хүний сэтгэл рүү жагсаалаараа орж ирсэн

-Энэ жил Монголын зохиолчдийн эвлэл байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Монголын утга зохиолын энэ түүхэн хугацаанд таны үеийн уран бүтээлчдийн оруулсан хувь нэмэр их. Үе үеийн зохиолч, яруу найрагчдын өнгө гэдэг юм уу, аяс гэж байдаг. Танай үеийнхэн тухайн үед монголын утга зохиолыг ямар өнгө, аясаар баяжуулсан гэж та бодож явдаг вэ?
-Би МЗЭ-ийн 40, 50, 60, 70 жилийн ойг тэмдэглэхэд оролцож явсан. 1969 онд 40 жилийн ойг тэмдэглэсэн нь МЗЭ-ийн анхны тэмдэглэлт ой байсан болов уу. Тэгэхэд Сүхбаатарын одонгоор шагнагдсан. Түүнээс өмнө 20,30 жилийн ой гэж тэмдэглэж байсан баримт харагддаггүй. Дөчин жилийн ойг гь анх тэмдэглэхэд С.Удвал гуай дарга байсан. Тэр ойгоор бүх зохиолчдод одоогийн “Өргөмжлөл” гэдэг шиг гоё хэвлэмэл бичиг гардуулж байсан. Тэр бичиг дээр ‘”Та Монголын утга зохиолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан учир” гэсэн сайхан үгтэй. Тэгэхэд би дөнгөж 30 хүрэх гэж явсан болохоор тэр “Хувь нэмэр” гэсэн үгэнд их хөөрч баярлаж, хүн хүнд үзүүлж явснаа мартдаггүй. Дараа нь 50, 60 жилийн ойгоор бас тийм талархлын бичиг бүх зохиолчдод өгснийг одоо хүртэл хадгалж явдаг. Хорьдугаар зууны монголын утга зохиолд 1950-иад оныхон онцгой байр суурьтай харагддаг. Тэд утга зохиолын бүх төрөл зүйлд шинэчлэл хийсэн. Яруу найрагт Ц.Гайтав, Б.Явуухулан, П.Пүрэвдорж, С.Дашдооров, өгүүллэгт С.Эрдэнэ, туужид Д.Мягмар, романд Л.Түдэв, утга зохиол судлалд Ц.Хасбаатар гээд тоолвол аяндаа харагдана. Тэдний дундаас олон ардын зохиолч, гавьяатан, төрийн шагналтан, хөдөлморийн баатар хүртэл тодорсон нь “Нэг юм хэлээд байгаа” биз дээ. Ийм үе гарч ирэхэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгд гэвэл Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Д.Сэнгээ, Ч.Лодойдамба, Д.Намдаг, Б.Бааст, Ч.Чимэд зэрэг түрүү үеийнхний бий болгосон уран бүтээлийн баялаг сан дараа үеийнхэндээ туршлага, сургууль болсон, хоёрт гэвэл, тэдний уран сайхны авъяас билэгхөгжих үе их дээд сургуульд суралцаж эрдэм боловсрол эзэмшихтэй нь давхцаж таарсан, гуравт, 1940-өөд оноос эхлээд манайд Орос зонлөлт төдийгүй дэлхийн сонгодог утга зохиолыг өргөн орчуулж эхэлсэн зэрэг таатай орчий нөхцөл тэдний үеийнхнийг угтаж авсан нь” Зам дээр шар тос” гэдэг шиг азтай тохиол байжээ. Тийм хүчтэй үеийнхний дараа 1960-аад оныхон буюу манай үе таарсан нь нэг талаас тэднийг давж гарахад төвөгтэй, бэрхшээлтэй боловч ногөө талаас тэднээс дутуугүй бичиж байж барианд хүрэх шахалт шаардлагад орсон. Тэр нь олон хүнтэй бүхэл бүтэн арми гарч ирсэн боловч замд үлдэх нэг нь үлдсээр, шигшигдсээр яваад эдүгээ Д.Гармаа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, П.Бадарч, Д.Шагдарсүрэн, Д.Цэдэв, Ш.Дулмаа П.Лувсанцэрэн, Ж.Лхагва зэрэг төлөөлөгчидтэй манай үеийнхэн болж байгаа юм. Ийм олон яруу найрагчид байгаа хэрнээ арга барилын хувьд тус тусдаа өөр, бие даасан ертөнц. Аливаа уран бүтээлд бие даах чадвар сууна гэдэг хамгийн гол зүйл. Манай нөхөд бие дааж чадсаны хувьд цагийн шүүлтүүрийг давж өнөөдрийг хүрч ирсэн. Тийм учир манай үеийнхний хамгийн онцлог зүйл гэвэл, Моиголын утга зохиолыг олон онгө, дуу хоолойгоор баяжуулсан гэхэд нэг их хэтрүүлэг болох юм байхгүй. Харин бүхэлд нь нэгтгэж хэлбэл, тэд жагсаалаараа хүний сэтгэл рүү орж ирсэн. Монголын яруу найрагт, хүний сэтгэлийн тэр “Хаалгыг” нээж өгөөд “Морилогтун” гэж урьсан эрхэм нь Б.Явуухулан байсан юм.
-Та нарын дараагийн үе ямар уран бүтээлчид байсан бэ? Шинэ үе гэдэг үргэлж л хүч түрдэг хойно. Ямар ямар бүтээлүүд шинэ үеийг зарлаж байсан гэж та бодож явдаг вэ?
-Бидний дараагийн үе гэвэл Б Лхагвасүрэн, Д.Урианхай, Т.Очирхүү, Б.Догмид, Л.Лувсандорж, Д.Цоодол, Д.Батбаяр, Т.Баасансүрэн Б.Хүрэлбаатар, Х.Сампилдэндэв, Л.Дашням, Б.Төмөртогоо, С.Пүрэв, С.Лочин, С.Оюун, Ч.Билэгсайхан, Б.Ганбат З.Дорж гээд үргэлжлэх байх. Яг энэ үед нэр нь санаанд ороогүй хүмүүс байгаа нь мэдээж, битгий гомдоорой гэж хэлье.
“Шинэ үеийг зарлаж байсан бүтээл” гэж хэлэх шиг боллоо. Тийм бүтээлийн тоонд Б.Лхагвасүрэн, Б.Цоодол нарын шүлэг, С.Пүрэв, Б.Догмидын өгүүллэг, Д.Батбаярын тууж, С Лочингийн роман, Х.Сампилдэндэвийн судалгааны ажил гээд олон бүтээлүүд гараанаас эхлээд хурдтай яваа нь түрүү үеийнхэнд харагдаж байсан. Хэрэв манай үеийнхнийг уяачид юм гэвэл, худрагатай морь унаж хусуур бүсэндээ хавчуулсан “Амьтад” энд тэндээс нь тосон харж байсан хэрэг шүү дээ.
-Ахмад уран бүтээлчийн хувьд утга зохиолын ертөнцөд ямар шинэчлэлийн ажлууд хийгдээсэй гэж хүсч байна вэ?
-”Ахмад уран бүтээлч” гэж чи хэллээ. Насаар гэвэл яах аргагүй “Ахмад” гэхээс яах билээ. Гэхдээ Намдаг, Лодойдамба, Бааст, Чимэд, Тарва гээд олон ахмад нөхдийн нэр ойрхон сонсогдсон хэвээр байхад “Би ахмад” гэсэн маягийн үг миний амнаас гарч өгдөггүй юм. Харин эиэ дашрамд хэлэхэд, өнөөгийн нийгмийн бүх салбарт залуу үе нь ахмадыг хэрэгсэхгүй болсон нэг муухай явдал бий. Энэ бол ардчилалын буянаар бий болсон нэг сүрхий нүгэл. Утга зохиолд ч гэсэн энэ нь бий.
“Утга зохиол байгаагүй, одоо л бид түүнийг бий болгож байна” гэж ярьдаг, бичдэг хэсэг хүмүүс бий. Энэ нь “Аав байгаагүй, одоо л би аав болох гэж байна” гэсэнтэй ав адилхан. Багадаа хоийны нэхийд өлгийдүүлж өсчихөөд том болсон хойноо мөнөөх өлгийгөө хараад “Ямар муухай юманд би өссөн юм бэ” гэж хэлэх хүн байх уу, байвал түүнийг “Яасан ухаантай юм бэ” гэхгүй биз дээ.
Ийм учир ахмад болоод залуу уран бүтээлчдийн хооронд бөөгнөрөн хуралдсан энэхүү “Хүйтэн агаарыг” зохиолчдын танхимаас хөөн зайлуулах нь хамгийн тулгамдсан шинэчлэлийн нэг байх болов уу гэж бодож яваагаа “Ахмад уран бүтээлчийн хувьд” гэхээр нь санаанд ороод ам алдчихаж байна.
Ярилцлага авсанд баярлалаа, дүү минь.
-Танд ч гэсэн баярлалаа.

С.Оюунтөгc sonin.mn

1 comment:

Oogii said...

сайхан ярилцлага байнааа.